Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00839

 

 

П.Мий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 133/ШШ2020/00006 дугаар шийдвэр,

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 215/МА2020/00010 дугаар магадлалтай,

 

П.Мий нэхэмжлэлтэй

Говь-Алтай аймгийн ЗДд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор, ээлжийн амралтын олговор, урамшуулал хангамж олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч П.Мий гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Мэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.Мэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн ЗДын 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/72 тоот захирамжаар Говь-Алтай аймгийн “Э-У”ОНӨААТҮГ-ын захирлаар томилон, Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар контрактын гэрээ байгуулан ажиллаж байсан. Намайг 2014-2016 оны хооронд захирлаар ажиллах хугацаанд 5 нягтлан бодогч, 6 нярав солигдон ажилласан, 4 нягтлан бодогч, 6 нярав өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, 1 нягтлан бодогчийг ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсөн. “Э-У”үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт тавих явцдаа тус үйлдвэрийн газрын ахлах нягтлан бодогч Т.Дарханбаатарын мөнгө, хөрөнгийн дутагдал гаргасныг олж илрүүлж, тухайн үеийн аймгийн ЗДд өөрийн биеэр хандан хүсэлт гаргаж, улмаар аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын салбараар 2015 оны 10, 11 дүгээр саруудад шалгуулж, 2016 оны 04 дүгээр сард хийгдсэн аймгийн Аудитын газрын хяналт, дүгнэлтийн дараа 2016 оны 05 дугаар сарын 05-нд Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан юм. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар нь Говь-Алтай аймгийн “Э-У”ОНӨААТҮГ-ыг төлөөлөн миний өгсөн гомдлыг хянан шалгаж байгаад хэргийг АТГ-т шилжүүлсэн. Нягтлан бодогч асан Т.Дарханбаатарын мэдүүлгийг үндэслэн 2016 оны 11 сард уг хэрэгт намайг сэжигтнээр татан холбогдуулсан. АТГ-ын мөрдөгч, комиссар Х.Нямдоржийн шийдвэрээр 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар татаж, уг мөрдөгчийн саналаар Говь-Алтай аймгийн “Э-У”ОНӨААТҮГ-ын захирлын албан тушаалаас намайг түр түдгэлзүүлсэн. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 23/А тоот захирамжаар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс би цагдан хоригдсон. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн ЗД АТГ-ын мөрдөгч Х.Нямдоржийн ажил албан тушаалаас түр түдгэлзүүлэх шийдвэр, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 заалтыг үндэслэн Б/100 тоот захирамж гаргаж, намайг эрхэлж байсан ажил, албан тушаалаас түр чөлөөлж, үүрэг орлон гүйцэтгэгчийг түр томилсон бөгөөд уг томилогдсон этгээд нь үүрэг түр орлон гүйцэтгэгч статустайгаар өнөөг хүртэл ажиллаж миний бие түр чөлөөлөгдсөн хэвээр байна. Би 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 461 дүгээр ангид 60 хоног цагдан хоригдоод, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 тоот захирамжаар суллагдсан. Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 301 тоот тогтоолоор намайг сэжигтэн, яллагдагчаар татсан шийдвэрүүдийг хүчингүй болгосон. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нийслэлийн прокурорын газрын уг хэргийг хянан шийдвэрлэсэн прокурортой уулзахад П.Мэ танд хамаарах зүйл байхгүй тул 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 301 тоот тогтоолоос өөр шийдвэр гарахгүй, хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдэгдлийг хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагад хүргүүлнэ гээд 301 тоот тогтоолын хуулбарыг анх удаа надад өгсөн. Эрхэлж байсан ажил, албан тушаалаас түр түдгэлзүүлсэн шийдвэр цуцлагдаж, аймгийн ЗД намайг ажлаас түр чөлөөлсөн шалтгаан нөхцөл үгүй болсон байхад түр чөлөөлсөн шийдвэрийг цуцлан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд буцаан томилохгүй, түр чөлөөлөгдсөн хэвээр байлгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр цагдаагийн байгууллагад анх хандан гомдол гаргаснаас хойш Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэс, АТГ, ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дамнуулан шалгасан. Намайг холбогдуулан шалгасан эрүүгийн хэрэгтэй би анх удаа танилцсан, эрүүгийн хэрэг шалгах явцдаа холбогдсон байж магадгүй гэж үзээд цагдаагийн газраас болоод авилгатай тэмцэх газраас татан шалгасан байгаа тэгээд 3 удаагийн шинжээчийн дүгнэлтийг үндэслээд намайг буруугүй юм байна гээд гаргасан. Тийм учир хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар надад танилцуулаагүй, танилцуулах шаардлага ч байхгүй байсан байх. 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гарсан шийдвэр бол прокурорын байгууллагаас хууль бус гаргасан зүйл бол биш 2017 оны 07 дугаар сарын 01-нээс шинээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой асуудал, би оролцогчоор шалгуулж явж байгаад 2017 оны 12 дугаар сард шалгаж дууссан. Хэргийн материалтай танилцсан, танилцаад үзэхэд намайг сэжигтэн яллагдагчаар тогтоох тушаалууд байсан, хуулбарлаж авсан, ажил албан тушаалаас түдгэлзүүлэх тушаал байгаагүй. Шүүхэд хүсэлт гаргасан эрүүгийн хэргийн материалаас ажил албан тушаалаас түдгэлзүүлэх тушаал байгаа эсэхийг шүүлгэж өгөөч, Говь-Алтай аймгийн ЗД намайг Б/100 тоот тушаалаар ажлаас түр чөлөөлөхдөө мөрдөгчийн шийдвэрийг үндэслэсэн боловч 40 гаруй хоног боллоо сая байхгүй гэж хэлж байна тэгэхээр энэ шийдвэрийг гаргахдаа намайг хууль бусаар түдгэлзүүлсэн байх магадлалтай гэж үзэж байна. Прокурорын газарт очсон байгаа намайг эрүүгийн хэрэгт холбогдуулж шалгаж байгаа хэрэг байхгүй, тийм болохоор миний хэргийг хурдан шийдэж өгнө үү гэж хүсч байна. Надад 97.000.000 төгрөгний хохирол учруулсан гэдэг зүйл бол байхгүй. Эрүүгийн хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой, намайг 60 хоног хорьж хохироосон. Аймгийн Цагдаагийн газраас, Орон нутгийн өмчийн албанаас, ЗДын Тамгын газраас, Санхүүгийн хяналтын газраас, Жаргалсайхан дарга өөрөө ахлаад надаас ажил хүлээж авсан. Ажил хүлээж аваад намайг бөөн юм идсэн юм шиг санаж байснаа сүүлд нь бүх эд хөрөнгөө тоолж хүлээж авсан. Наад зүйлүүд чинь бүгд тоо тоогоороо явж байгаа 97.000.000 төгрөг дутсан зүйл бол биш шүү хардах эрх бол хэнд ч байгаа. Харин хүнийг гүтгэх эрх ашгийг нь зөрчих эрх хэнд ч байхгүй. Харин ч би 238.000 төгрөг шиг санагдаж байна би авлагатай байгаа Ж.Гаваа гуай ч мөн мэдэж байгаа. Хэрвээ намайг татан шалгах гэж байгаа бол эхлээд эхний асуудлаа шийдээд тэгээд дахиад татаж болно би шалгуулж болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттайван, өмгөөлөгч Ж.Дорждэрэм нар шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Мэ нь 2018 онд аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШЗ2018/01073 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. П.Мэд холбогдох хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй гэж үзэж байгаа. “Э-У”ХХК-д ажиллаж байхдаа 97.000.000 төгрөгний хохирол учруулаад өөрийнхөө болон эхнэрийнхээ дансаар 97.000.000 төгрөг оруулж гаргасан байгаа, тэгээд шүүгчийн захирамж гараад яллагдагчаар татаад цагдан хорьсон. Сая П.Мэ хэлэхдээ хэрэгт бол татан шалгаагүй холбогдогчоор шалгагдсан гэж байна, Ж.Гаваа дарга ч мөн хэлээд байгаа П.Мэд холбогдуулаад гомдол гаргана энэ асуудлыг зүгээр орхихгүй. Хэрэг хуучрахгүй П.Мэ бол “Э-У”орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга байсан. Санхүүгийн бүх баримт бичиг дээр гарын үсэг зурдаг. Аудитын газраас шалгалт хийсэн материалууд бүгд цагдаагийн газарт байгаа энэ бүгдийг манай зүгээс татан аваад дахин шалгуулна гэжээ.

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 133/ШШ2020/00006 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Олохнууд овогт Пүрэвдоржийн П.Мийг “ГН-ЦУ”ОНӨААТҮГ-ын даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГазраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 30.009.798 /гучин сая есөн мянган долоон зуун ерэн найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Мэд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар П.Мийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГазарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Гэгээн нуур цэвэр ус ОНӨААТҮГазраас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 30.009.798 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 307.999 төгрөг, нийт 378.199 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 215/МА2020/00010 дугаар магадлалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 133/ШШ2020/00006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378.199 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч П.Мэ хяналтын гомдолдоо: ...Намайг холбогдуулан шалгасан 201607000168 эрүүгийн хэргийн хавтаст хэргийн материалтай би 2019 оны 09-р сарын 13-нд анх танилцсан бөгөөд намайг албан албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоолыг хавтаст материалаас эрээд олоогүй юм. Энэ тухайгаа анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ тодорхой дурьдаж Нийслэлийн прокурорын газрын архиваас шүүхийн журмаар гаргуулан авах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хангахаас татгалзсан. Мөн П.Мийг ажлаас түр чөлөөлсөн тухай Говь-Алтай аймгийн ЗДын 2016 оны Б/100 тоот захирамжийг гаргахад эрх бүхий байгууллагаас ирүүлсэн албан шаардлагын хуулбарыг Говь- Алтай аймгийн ЗДын тамгын газраас шүүхийн журмаар гаргуулахаар анхан шатны шүүгч захирамжлан шаардсан боловч хариу ирүүлээгүй. Хэдийгээр намайг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр хэрэгт авагдаагүй боловч тийм шийдвэрийг үндэслэн гаргасан Говь-Алтай аймгийн ЗДын 2016 оны Б/100 тоот намайг түр чөлөөлсөн захирамж болон албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 02-р сарын 19-ний өдрийн 01 тоот прокурорын тогтоол зэрэг нь намайг хөдөлмөрлөх эрхээ хөдөлмөрийн хуулийн хүрээнд бус, өөр бусад шалтгаанаар түр хязгаарлуулсан, мөн уг хязгаарлалтыг цаашид үргэжлүүлэх шаардлагагүй болсон гэдгийг хангалттай нотлож байгаа юм. 2020 оны 3-р сарын 23-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт ахин хандаж, 201607000168 эрүүгийн хэргийн хавтаст материалаас намайг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай АТГ-ын мөрдөгч Х.Нямдоржийн 2016 оны 11-р сарын 19-ний өдрийн тогтоолын хуулбарыг 2020 оны 3-р сарын 23-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын эрүүргийн хэргийн салбар архиваас авснаа танай шүүхэд гаргасан гомдолдоо хавсарган хүргүүлж байна. АТГ-ын мөрдөгчийн “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоол”-д даалгасны дагуу Говь-Алтай аймгийн ЗД гаргасан 2016 оны Б/100 тоот захирамжийг “П.Мэ намайг ажлаас чөлөөлж, контрактын гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан” мэтээр тайлбарлаж, нотлох баримтыг хариуцагчид ашигтай болгож гуйвуулан авч үзжээ. Говь-Алтай аймгийн ЗДын 2016 оны Б/100 тоот захирамжид надтай байгуулсан контрактын гэрээг цуцлах, хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгох тухай үг, өгүүлбэр бүхэл тийм агуулга, санаа, хүсэл зоргийн илэрхийлэе гэх зүйл огт байхгүй юм. Говь-Алтай аймгийн ЗДас надад ирүүлсэн 2018 оны 1-р сарын 12-ны өдрийн 1/74 албан тоотод дурьдсан “...ажил олгогчийн итгэлийг алдсан...” гэх асуудал нь үндэслэлтэй эсэх тодорхой бус, баримт нотолгоогүй, миний гэм буруугүйг цагдаа, прокурорын байгууллага шалган тогтоосон байтал давж заалдах шатны шүүх нотлох баримтаар авч үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн асуудал гэж үзэж байна. Би гэмт хэргийн шинжтэй бус, эд хөрөнгө ашигласан зүйлгүй хэрнээ сахилгын шийтгэл хүлээхүйц зөрчил гаргасан байж болох ч Говь- Алтай аймгийн ЗД Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалтын дагуу Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулан, надтай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох бүрэн эрхтэй байсан бөгөөд тухай үед хөдөлмөрийн хуульд заасан хугацаанд уг эрхээ хэрэгжүүлээгүйг шүүх харгалзан үзэх үү. Ажил олгогч хэн нэгэн иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож бичгээр шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтыг буруу заасан төдийд уг шийдвэр шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр буст тооцогдож, тухайн иргэн ажилдаа буцаан томилогдож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө авдаг шүүхийн практик жишээ байсаар байтал хөдөлмөрийн тухай хуулийн нэг ч үг өгүүлбэр ороогүй Б/100 тоот захирамжийг намайг чөлөөлсөн шийдвэр болгон “хувиргах” нь давж заалдах шатны шүүх хариуцагч талыг хэт хамгаалсан, шударга ёсны зарчимд үл нийцэх шийдвэр гаргасан гэж үзэхэд хүргэж байна. 3.Намайг сэжигтэн яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон 301 тоот тогтоол гарсан өдөр буюу 2017 оны 8-р сарын 1-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тогтоохоор Давж заалдах шатны шүүх авч үзсэн нь буруу юм. 2017 оны 7-р сарын 1-ний өдрөөс шинээр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нийцүүлэн, сэжигтэн яллагдагчаар татсан мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгох улсын хэмжээний ажлын хүрээнд надтай хамт эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байсан иргэн О.Амгаланбаатарыг 300 тоот, П.Мэ намайг 301 тоот, иргэн Т.Дарханбаатарыг 302 тоот тогтоолоор сэжигтэнээр тооцсон мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгосон юм. 2017 оны 8-р сарын 1-нд дээрх 301 тоот тогтоол гарсан хэдий ч биднийг холбогдуулан шалгасан 201607000168 тоот эрүүгийн хэргийг шалгаж дуусаагүй, намайг гэм буруутай эсэх, уг эрүүгийн хэрэгт холбогдолтой эсэх нь тогтоогоогүй байсан. Түүнчлэн 301 тоот тогтоолоор миний албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгоогүй байсан. 301 тоот тогтоол гарснаас хойш би хэргийн оролцогчоор явж, Шүүх шинжилгээний ажиллагаанд оролцож байсан маань иргэний хэргийн материалд авагдсан, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10-р сарын 30-ны өдрийн 176 тоот дүгнэлтээр нотлогдож байгаа. Нийслэлийн прокурорын газар 201607000168 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 11-р сарын 29-ний өдөр шийдвэрлэж дууссан бөгөөд энэ тухайгаа 2017 оны 12-р сарын 14-нд хэргийн хохирогч бөгөөд иргэний нэхэмжлэгч Ж.Гаваад мэдэгдэж, 2018 оны 1-р сарын 10-ны өдөр 33 дугаартай шийдвэрийг шуудангаар түүн рүү илгээсэн байсан. 201607000168 тоот эрүүгийн хэргийн хавтаст материалаас гаргуулан авсан нотлох баримтыг хяналтын журмаар дээд шүүхэд гаргасан гомдолдоо хавсаргав. Нийслэлийн прокурорын газар 201607000168 тоот эрүүгийн хэргийг шийдвэрлэж дууссаны дараа буюу 2017 оны 12-р сарын 13-ны өдөр надад 2017 оны 8-р сарын 1-ний өдрийн 301 тоот тогтоолыг гардуулж өгсөн бөгөөд түүнээс 7 хоногийн дараа би Говь-Алтай аймгийн ЗДд хандсан билээ. “Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дагуу ажлаас түр чөлөөлөгдсөн иргэний ажлаас түр чөлөөлөгдсөн шалтгаан, нөхцөл арилсан байтал ажил олгогч түүнийг буцаан томилохгүй байгаагаас үүссэн хөдөлмөрийн маргаан”-ыг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэх гаргасан байтал давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтын дагуу “ажлаас буруу халсан” тухай маргаан мэтээр тайлбарлаж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ. Намайг холбогдуулан шалгасан эрүүгийн хэргийг шалгаж дуусаад, Говь-Алтай аймгийн ЗД намайг ажил албан тушаалд маань буцаан томилохоос татгалзсан үеэс хөдөлмөрийн маргаан эхэлсэн. Говь-Алтай аймгийн ЗД 2018 оны 01-р сарын 12-ны өдрийн 1/74 тоот албан тоотдоо “шийдвэр албан ёсоор ирээгүй байна” гэж дурьдан, намайг ажил албан тушаалд буцаан томилохоос татгалзсан нь зөв бөгөөд 201607000168 тоот эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа хэргийн хохирогч бөгөөд иргэний нэхэмжлэгчид албан ёсоор хүргүүлсний дараа, мөн тухай үед үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 75 дугаар зүйлийн 75.3-д “Энэ хуулийн 75.1-д заасан арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй бол шийдвэр гаргасан албан тушаалтан түүнийг хүчингүй болгож; холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэнэ” /Энэ тухай заалт одоо шинээр хэрэгжиж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-р зүйлийн 5 дахь заалтад мөн адил бий/ гэсний дагуу Нийслэлийн прокурорын газраас Говь-Алтай аймгийн ЗДд мэдэгдсэнээс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасны дагуу 3 сарын хугацаанд би шүүхэд хандах эрхтэй юм. Миний гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 2-р сарын 19-ний өдрийн 01 тоот прокурорын тогтоолоор П.Манлай- Эрдэнийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон бөгөөд Нийслэлийн прокурорын газар дээр дурьдсан хуулийн дагуу Говь-Алтай аймгийн ЗДд мэдэгдэх үүрэгтэй. Гэвч прокурор уг үүргээ биелүүлэхгүй байх нь намайг хохироох шалтгаан болох ёсгүй бөгөөд би мэдсэн даруйд буюу 2018 оны 3-р сарын 1-ний өдөр Говь-Алтай аймгийн ЗДд хүсэлт гарган хандсан болно. Тэгэхээр хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгэзр зүйлийн 129.1 дэхь заалт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэсний дагуу би хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэлгүй шүүхийн байгууллагад хандсан болно. Хяналтын журмаар гаргасан миний гомдлыг хүлээн авч магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч П.Мэ, хариуцагч Говь-Алтай аймгийн ЗДд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа “...П.Мэд холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа, ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж байгаа тул нэхэмжлэлийг дахин шийдвэрлэх үндэслэлгүй...” гэжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж боломжтой байна.

 

1.Нэхэмжлэлийн үндэслэл болж буй Говь-Алтай аймгийн ЗДын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/100 дугаар захирамжаар П.Мийг “Э-У”орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын даргын үүрэгт ажлаас түр чөлөөлөхдөө Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 75 дугаар зүйлд заасан үндэслэлээр албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх тогтоол гарсан гэж дурджээ.

Авилгатай тэмцэх газрын мөрдөгчийн 2016 оны 11 сарын 19-ний өдрийн тогтоолоор Говь-Алтай аймгийн “Э-У”орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан П.Мийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн байна.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.4-т зааснаар хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож болох бөгөөд дээрх үндэслэл бий болоогүйгээс гадна хуульд заагаагүй эрх зүйн актыг буюу “ажлаас түр чөлөөлөх тухай” 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/100 дугаар захирамж гаргасан ажил олгогчийн үйлдэл Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ.

 

3.Эрүүгийн хэргийг шалгах явцад эрх бүхий этгээд албан үүргээ биелүүлэхийг  түдгэлзүүлэх тогтоол гаргасан байх боловч ажил олгогч нь ажлаас түр чөлөөлөх тушаал гаргаснаар эрх зүйн үр дагаврыг бий болгосон, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасан үүрэг үүссэн тул шүүх ажил олгогч этгээдэд холбогдох П.Мийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

4. П.Мэд холбогдох эрүүгийн хэргийг хянаад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 301, 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаар тогтоолоор тогтоогджээ.

Тэрээр нэхэмжлэгч нь тогтоолыг 2017 оны 12 сарын 13-ны өдөр гардаж аваад ажил олгогчид хандсан, ажил олгогч 2018 оны 01 сарын 12-ны өдөр ажилд авах боломжгүй гэсэн хариу өгсөн, ажил олгогч түдгэлзүүлсэн тогтоол хэвээр байгаа гэсэн тул нэхэмжлэгч нь... албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгосон тухай Прокурорын газрын 2018 оны 02 сарын 19-ний өдрийн 5/204 тоот албан бичгийг ажил олгогчид хүргүүлсэн боловч ажилд аваагүй тул 2018 оны 4 сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан баримтаас үзвэл нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөгүй байхад давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь хэрэгт байгаа баримтад нийцээгүй байв. /хх-29,35,37,115,/ Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т заасан журмыг баримталж, хөөн хэлэлцэх хугацаа тоолоход нэхэмжлэгч нь уг хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах учиртай. Тухайн хугацааг тоолоход ажил олгогч ямар эрх зүйн акт гаргасан, ажилтан тушаалыг хэзээ гардаж авсан, хугацааг хэзээнээс тоолох зэрэг асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх үүрэгтэй бөгөөд  давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн гэрээний талуудад хамаарахгүй баримтыг буюу хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг мэдсэн 2017 оны 8 сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хугацааг тоолсон нь хуульд нийцээгүй байна. Нөгөө талаар ажилтан эрүүгийн хэрэгт шалгагдаж, эрх бүхий албан тушаалтан албан үүргээ биелүүлэхийг нь түдгэлзүүлсэн учраас тушаал гаргасан гэж ажил олгогч үзсэн байхад давж заалдах шатны шүүх ажил олгогчийн тушаалыг ажлаас халсан эрх зүйн акт гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан зохицуулалтыг зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгоно.

 

5.Анхан шатны шүүх гэрээний төрөл, контрактын агуулга, хугацаа, олговор хариуцах субьектын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй тул залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

Талуудын хооронд 2014 оны 5 сарын 13-ны өдөр контрактын гэрээ байгуулагдсан, гэрээг 4 жилийн хугацаагаар байгуулсан, гэрээний хугацаа 2018 оны 5 сарын 11-ний өдөр дууссанаар контракт дуусгавар болсон байна. /хх14-22/

 

Контракт нь хөдөлмөрийн гэрээний нэг хэлбэр бөгөөд хөдөлмөрийн гэрээнээс агуулга болон гэрээний зүйлээрээ ялгаатай ба гэрээг дүгнэснээр гэрээг сунгах эсэхийг талууд өөрсдөө шийдвэрлэдэг тул шүүх энэ хугацааг үргэлжлүүлэн сунгах боломжийг бий болгох үндэслэлгүй, гэрээний хугацааг баримтлах учиртай юм.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан үндэслэлээр контрактыг цуцлах эрхтэй бөгөөд контрактыг цуцлахдаа хуулийн энэ хэм хэмжээг зөрчсөн тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

Иймд контрактын хугацааны хүрээнд шүүх нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэлтэй тул энэ хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж, контрактын хугацаа дууссан учир “ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Ажил олгогчийн хууль бус тушаал гарсан 2016 оны 11 сарын 21-ний өдрөөс контрактын хугацаа дууссан 2018 оны 5 сарын 11 хүртэл хугацааны олговрыг бодвол 17 сар 15 хоногийн 12 034 218 төгрөгийг хариуцагчийн ажлын алба Тамгын газраас гаргуулна. /сарын дундаж цалин 679 989 төгрөг, 1 өдрийн цалин 31 627 төгрөг/

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, хэрэгт байгаа баримтын хэмжээнд шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 215/МА2020/00010 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 133/ШШ2020/00006 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг нэгтгэж “1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсгийг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн ЗДын Тамгын газраас 12 034 218 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Мэд олгож, энэ хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Говь-Алтай аймгийн ЗДын Тамгын газарт даалгаж, нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорын үлдэх хэсгийг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Х.СОНИНБАЯР

                                                                 ШҮҮГЧ                                                                 П.ЗОЛЗАЯА