Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 133/ШШ2019/00176

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Үйтүмэн даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 20/2 дугаар байрны 12 тоотод оршин суух П.М-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: ГАА ЗД-д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор, урамшуулал, хангамжийг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.М-э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Мнамайг Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 он 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/72 тоот захирамжаар Говь-Алтай аймгийн Эрүүл ус ОНӨААТҮГ-ын захирлаар томилон, Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар контрактын гэрээ байгуулан ажиллуулж байсан. Намайг 2014-2016 оны хооронд захирлаар ажиллах хугацаанд 5 нягтлан бодогч, 6 нярав орж гаран ажилласан юм. Үүний 4 нягтлан бодогч, 6 нярав өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, 1 нягтлан бодогчийг ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсөн. Миний бие Эрүүл ус үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт тавих явцдаа тус үйлдвэрийн газрын ахлах нягтлан бодогч Т.Дарханбаатарын мөнгө, хөрөнгийн дутагдал гаргасаныг олж илрүүлж, тухайн үеийн аймгийн Засаг даргад өөрийн биеэр хандан хүсэлт гаргаж, улмаар аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаар 2015 оны 11, 11 дүгээр саруудад шалгуулж, 2016 оны 04 дүгээр сард хийгдсэн аймгийн Аудитын газрын хяналт, дүгнэлтийн дараа 2016 оны 05 дугаар сарын 05-нд Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан юм. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар нь “Говь-Алтай аймгийн Эрүүл ус” ОНӨААТҮГ-ыг төлөөлөн миний өгсөн гомдлыг хянан шалгаж байгаад хэргийг АТГ-т шилжүүлсэн. Нягтлан бодогч асан Т.Дарханбаатарын мэдүүлэгийг үндэслэн 2016 оны 11 сард уг хэрэгт намайг сэжигтнээр татан холбогдуулсан юм. улмаар АТГ-ын мөрдөгч, комиссар Х.Нямдоржийн шийдвэрээр 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар татаж, уг мөрдөгчийн саналаар Говь-Алтай аймгийн Эрүүл ус ОНӨААТҮГ-ын захирлын албан тушаалаас намайг түр түдгэлзүүлсэн. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 23/А тоот захирамжаар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс би цагдан хоригдсон. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ГАА ЗД- АТГ-ын мөрдөгч Х.Нямдоржийн “ажил албан тушаалаас түр түдгэлзүүлэх” шийдвэр, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 заалтыг үндэслэн Б/100 тоот захирамж гаргаж, намайг эрхэлж байсан ажил, албан тушаалаас түр чөлөөлж, үүрэг орлон гүйцэтгэгчийг түр томилсон бөгөөд уг томилогдсон этгээд нь үүрэг түр орлон гүйцэтгэгч статустайгаар өнөөг хүртэл ажиллаж миний бие түр чөлөөлөгдсөн хэвээр байна. би 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 461 дүгээр ангид 60 хоног цагдан хоригдоод, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 тоот захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгж суллагдсан. Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 301 тоот тогтоолоор намайг сэжигтэн, яллагдагчаар татсан  мөрдөгчийн шийдвэрүүдийг хүчингүй болгосон. Энэ хугацаанд намайг хамруулсан эрүүгийн хэргийн ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгасан хэвээр байсан. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нийслэлийн прокурорын газрын уг хэргийг хянан шийдвэрлэсэн прокурортой уулзахад П.М-э танд хамаарах зүйл байхгүй тул 2017 оны 08 сарын 01-ний өдрийн 301 тоот тогтоолоос өөр шийдвэр гарахгүй, хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдэгдлийг хохирогч, иргэний нэхэмжлэгч байгуулагад хүргүүлнэ гээд 301 тоот тогтоолын хуулбарыг анх удаа надад өгсөн. Эрхэлж байсан ажил, албан тушаалаас түр түдгэлзүүлсэн шийдвэр цуцлагдаж, аймгийн засаг дарга намайг ажлаас түр чөлөөлсөн шалтгаан нөхцөл үгүй болсон байхад түр чөлөөлсөн шийдвэрийг цуцлан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд буцаан томилохгүй, түр чөлөөлөгдсөн хэвээр байлгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр цагдаагийн байгууллагад анх хандан гомдол гаргасанаас хойш Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэс, АТГ, ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дамнуулан шалгаж. Өмнө нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүгчийн захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүний дараа тодорхой ажилбаруудыг хийгээд дахин шүүхэд хандсан. Би Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б72 тоот тогтоолоор эрүүл ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар томилогдсон. Ажиллаж байх хугацаанд эрүүгийн хэрэг холбогдуулан шалгах болсон учраас миний ажил албан тушаалыг Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагчийн шийдвэрээр түдгэлзүүлсэн. Үүний дагуу ГАА ЗД- 2016 оны Б100 тоот захирамж гаргаж намайг ажил албан тушаалаас чөлөөлж миний оронд үүрэг түр орлон гүйцэтгэгч томилсон. Намайг холбогдуулан шалгасан хэргийг мөрдөн байцаах газар, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Авилгатай тэмцэх газар шалгаад Аудит нэг удаа шүүх шинжилгээний комисс 3 удаа шалгаад надад хамаарах эрүүгийн гэмт хэрэгт холбогдох зүйл байхгүй байна гэдгээр надад хамаарах шийдвэрүүдийг хүчингүй болгуулж шийдвэрлэсэн. Тухайн эрүүгийн хэргийг шалгаад тодорхой хэмжээний зүйл Дарханбаатар гэдэг нягтлан дээр байна гээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл нь Өршөөлийн тухай хуульд хамруулсан. Дарханбаатараас мөнгө нэхэмжлэх эрх нь байгаа. Тэр ажлууд хийгддэг байх.  Надад хамаарах зүйл байхгүй учраас миний ажил албан тушаалыг хүчингүй болгуулж шийдвэрлэсэн байгаа. Үүний дагуу аймгийн Засаг даргад 2018 оноос өдийг хүртэл хандаад намайг буцаан томилох ёстой ажил албан тушаалаас түдгэлзүүлсэн шийдвэр цуцлагдсан шалтгаан нөхцөл арилсан тул буцаан томилох ёстой гэсэн хүсэлтийг гаргасан.  Ингээд гаргах явцад хүлээж авахгүй байсан учраас өмнө нь иргэний шүүхэд хандсан. Хандах үед шүүхээс миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь шүүхээс урьдчилан шийдвэрлэх боломжтой буюу эвлэрүүлэн зуучлахлаар хандах, мөн хоорондын хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх комиссоор орж шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй байна гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Үүнээс хойш Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар руу, Засаг дарга руу, хүний нөөцрүү удаа дараа хандаж ийм хөдөлмөрийн маргаан таслах комисс байгаа юу гэж асууж сурагласан боловч хариу өгөөгүй. Шат дараалан явсаар байгаад Говь-Алтай аймаг дахь Үйлдвэрчний эвлэлийн хорооны салбар руу хандсан. Уг салбарт хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах комисс байхгүй. Байсан комисс татан буугаагүй хэдий ч шинээр байгуулахад хугацаа орох учраас дараагийн газарт хандана уу? гэсэн үүний дараа шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч зөвшилцөлд хүрээгүй. Хуульд заасан хугацаанд амжаагүй учраас шийдвэр гараагүй. Хуульд заасан хугацаанд амжаагүй учраас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг зогсоосон. Үүний дараа иргэний шүүхэд хандсан. Одоо ажлаас түр чөлөөлсөн шалтгаан нөхцөл арилсан тул уг шийдвэрийг цуцалж ажил албан тушаалд буцаан тогтоолгож, ажлаас түр чөлөөлөх захирамж гарсан өдрөөс буюу  2016 оны 11 сарын 21-ний өдрөөс ажилдаа ортол түр чөлөөтэй байсан хугацааны цалин хөлс. Энэ хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор урамшуулал хангамж зэргийг олгох, цалин хөлс түүнтэй адилтган олгох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг нөхөн төлж холбогдох дэвтэрт бичилт хийж баталгаажуулах гэсэн шаардлага гаргасан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн иргэн П.М-ийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараахь тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч П.М-э нь 2018 онд аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 133/ШЗ2018/01073 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс нэгдүгээрт өнгөрсөн жил 2018 онд энэ асуудлаар шүүхэд хандаж шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болсон байгаа. Тэгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан байгаа. Хэргийг шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гээд өмнө нь энэ асуудлыг хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр гарсан байгаа. Үүн дээр тайлбар авмаар байна. Өнгөрсөн жилээс хойш хугацаанд хөдөлмөрийн маргаан таслах комиссоор энэ асуудлаа шийдвэрлүүлэх байсан. Эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон гэж байна. Үүн дээр хугацааны асуудал байгаа. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад хэлэх юм бол өмнөх эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй гэж үзэж байгаа. 2017 оноос хойш Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа. Хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй байна. Нийслэлийн Прокурорын газраас мэдэгдэл шийдвэр ирээгүй байна. Хэрэг нь ямар шатанд байгаа талаар одоо болтол аймгийн засаг дарга болон ГНЦУны үйлдвэрийн газрын даргад ирээгүй. П.М-э 2014-2016 оны хооронд ажиллах хугацаандаа тухайн байгууллагад их хэмжээний хохирол учруулсан. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 18-ны өдрийн захирамж байгаа. 2016 оны 9 сараас энэ асуудал үүсээд Эрүүл ус орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт санхүүгийн сахилга бат алдагдаж үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байсан П.М-э өөрийн болон хамаарал бүхий хүний данс руу нийтдээ 97.066.000 төгрөг шилжүүлсэн байсан. Энэ бол маш ноцтой асуудал. Байгууллагын санхүү хариуцаж байж энэ нь шүүгчийн захирамж гараад яллагдагчаар татаад цагдан хориод Цагдаа, Авилгатай тэмцэх газраас шалгаад Прокурор дээр хянагдаад яаж шийдэгдсэн талаар ирээгүй байгаа. Эхнэрийнхээ данс болон хувийнхаа данс руу мөнгө шилжүүлсэн баримт байгаа. Үүнийгээ өөрөө хэрэг үйлдээгүй. Хамаагүй гэж ярьж байгаа. Ийм ноцтой эрүүгийн зөрчил гаргачихаад ажилдаа орно гээд яриад явж байна. Хариуцагч Засаг дарга хатуу байр суурьтай байгаа. Хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа бол над дээр шийдвэрүүд нь яагаад ирдэггүй юм албан ёсоор ирэх ёстой гэж байгаа. Гарсан шийдвэр байгаа бол дээд шатны байгууллагад гомдол гаргах эрхтэй. Одоо болтол ийм зүйл ирээгүй. Аймгийн засаг даргаас тоот явуулахаар Дарханбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн шийдвэр ирээд байгаа. Хариуцагчийн зүгээс өөр тайлбар байхгүй. Энэ хүнтэй холбоотой эрүүгийн хэрэг шалгагдаж эцэслэгдээгүй учраас тайлбар байхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч П.М-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч П.М-э нь ГАА ЗД-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор, урамшуулал, хангамжийг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гаргажээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШЗ2018/01073 дугаартай шүүгчийн захирамжаар хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч урьдчилан шийдвэрлэх байгууллага тухайн аймагт байдаггүй болох нь баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч П.М-э нь ГАА ЭУОНӨААТҮГ даргаар ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/72 дугаартай П.М-ийг ажилд томилох тухай захирамжийн хуулбар, Орон нутгийн өмчийн албаны дарга С.ГЭрүүл-Ус ОНӨААТҮГ-ын дарга П.Мнарын хооронд байгуулсан гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/100 дугаартай “Ажлаас түр чөлөөлж, ажилд түр томилох тухай” захирамжийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Говь-Алтай аймгийн “ГНЦУ” ОНӨААТҮГ-ын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 56 дугаартай П.М-ийн цалингийн тодорхойлолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул шүүхэд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч П.М-э ажлаас түр чөлөөлсөн шалтгаан нөхцөл арилсан, надтай холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/72 дугаартай П.М-ийг ажилд томилох тухай захирамжийн хуулбар, Орон нутгийн өмчийн албаны дарга С.ГЭрүүл-Ус ОНӨААТҮГ-ын дарга П.Мнарын хооронд байгуулсан гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/100 дугаартай “Ажлаас түр чөлөөлж, ажилд түр томилох тухай” захирамжийн хуулбар, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 23/А дугаартай “Яллагдагчаар цагдан хорих тухай” захирамжийн хуулбар, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох тухай” захирамжийн хуулбар, Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 301 тоот “Мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай” прокурорын тогтоолын хуулбар, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1/74 дугаартай “ өргөдөлийн хариу хүргүүлэх тухай” албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Нийслэлийн прокурорын газрын прокурор, хяналтын прокурор Ш.Баярбилэгт гаргасан хүсэлт, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 5/204 дугаартай “хариу мэдэгдэх хуудас”-ны нотариатаар баталгаажуулсан хуулбар, ГАА ЗД-д 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрүүдэд гаргасан хүсэлт, Тооцооны үлдэгдэлийн баталгаа, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШЗ2018/01073 дугаартай захирамжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, ГАА ЗД-д 2018 оны 07 дугаар сарын 18-нд гаргасан хүсэлт, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын хүний нөөцийн ажилтан Б.Ичинхоролд 2018 оны 09 дүгээр сарын 20-нд гаргасан хүсэлт, Говь-Алтай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст 2018 оны 10 дугаар сарын 09-нд гаргасан хүсэлт, Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 803 дугаартай албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Алтайбаатарт 2018 оны 10 дугаар сарын 30-нд гаргасан хүсэлт, Говь-Алтай аймгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Л.Сумаахүүд 2018 оны 12 дугаар сарын 17-нд гаргасан хүсэлт, Говь-Алтай аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаартай албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид гаргасан хүсэлт, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрлүүлэн зуучлагчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/333 дугаартай “Прокурорын шийдвэр ирүүлэх тухай” албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Говь-Алтай аймгийн “ГНЦУ” ОНӨААТҮГ-ын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 56 дугаартай П.М-ийн цалингийн тодорхойлолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тус шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 133/ШЗ2019/00469, 133/ШЗ2019/00470, 133/ШЗ2019/00471 дугаартай захирамжийн дагуу Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаартай тогтоол, 4 хавсралтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбар, Говь-Алтай аймгийн “ГНЦУ” ОНӨААТҮГ-ын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаартай албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 11 дүээр сарын 29-ний өдрийн 33 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолын хуулбар, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 5/625 дугаартай албан бичиг, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 01 сарын 12-ны өдрийн 1/74 дугаартай “Өргөдөлийн хариу хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар, ГАА ЗД- С.Гансэлэмд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргажээ.

Хариуцагч тал захирамжийн үндэслэлийг тайлбарлахдаа П.М-э нь Эрүүл-Ус ОНӨААТҮГ-ын захиралын үүрэгт ажлыг эрхэлж, 2014-2016 оны хооронд ажиллах хугацаандаа тухайн байгууллагад их хэмжээний хохирол учруулсан учраас ажлаас нь түр чөлөөлсөн, энэ хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй, мөн энэ иргэний хэргийг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1073 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж маргаж, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 109 дугаартай мэдэгдах хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, Хурандаа генерал Ж.Авхиагийн нэрэмжит Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 35/1695 дугаартай албан бичгийн хуулбар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 5/1013 дугаартай албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 33 дугаартай прокурорын тогтоолын канондсан хуулбар зэргийг нотлох баримтаар гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь П.М-эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 33 дугаартай прокурорын тогтоолоор Т.Дарханбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь 20160700168 дугаартай эрүүгийн хэрэгт П.М-э нь сэжигтэн, яллагдагчаар татагдаж, цагдан хоригдож байгаад Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 301 тоот прокурорын тогтоолоор сэжигтэн, яллагдагчаар татсан шийдвэрүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүх ажилтны эрх ашиг хэзээ зөрчигдсөн цаг хугацааг тогтоох ба нэхэмжлэгчийн эрх ашиг Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/100 дугаартай захирамжаар зөрчигдсөн байна.

Хариуцагч тал нь ажлаас түр чөлөөлсөн үндэслэлээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 пүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1.11 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь заалт, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсгийг тус тус үндэслэн гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/100 тоот захирамжийг гаргаж нэхэмжлэгч П.М-ийг ажлаас нь түр чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч П.М-ийг ажлаас түр чөлөөлсөн захирамжийн үндэслэл болсон шалтгаан нөхцөл арилсан буюу П.М-ийг ажлаас түр чөлөөлсөн захирамжаар зөрчигдсөн эрх нь Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 301 тоот “...Эрүүгийн 201607000168 дугаартай хэрэгт мөрдөгч Х.Нямдоржийн гаргасан П.М-ийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өпөр сэжигтнээр тооцсон, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар татсан шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгосон прокурорын тогтоолын хуулбар, Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 33 дугаартай “...яллагдагч Т.Дарханбаатарт холбогдох эрүүгийн 201607000168 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай ...” гэсэн прокурорын тогтоолын хуулбаруудаар сэргээгдэх үндэслэл болсон байна.

Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 33 дугаартай тогтоолыг шинжлэн судалхад Т.Дарханбаатарт холбогдох хэргийг П.М-эд холбогдох хэрэгтэй нэгтгэн мөрдөн шалгах шалгах ажиллагаа явуулж улмаар хэрэгсэхгүй болгосон болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “П.Маноай-Эрдэнэд холбогдох хэрэгсэхгүй болоогүй, Т.Дарханбаатарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон” гэх тайлбар үндэслэлгүй байна.

ГАА ЗД- нь Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 301 тоот прокурорын тогтоол, Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 33 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол зэргийг үндэслэн “ГНЦУ” ОНӨААТҮГазрын захиралын албан тушаалд П.М-ийг томилсон шийдвэр гаргаагүйгээрээ нэхэмжлэгч П.М-ийн хөдөлмөрлөх эрхийг зөрчжээ.

 

Ажилтныг ажлаас түр чөлөөлсөн ба ажлаас түр чөлөөлсөн шалтгаан нөхцөл арилсан байхад урьд эрхэлж байсан албан тушаалд ажиллуулах тухай шийдвэр гаргаагүй байгаа нь тухайн ажилтныг ажлаас халсан гэдэг ойлголтод хамаарах тул нэхэмжлэгч П.М-ийн урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгоно гэж маргаж байгаа нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар шүүхийн эрхэм зорилгод ...шүүх нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтооно... гэж заажээ.

 

Иймд нэхэмжлэгч П.М-ийн зөрчигдсөн эрх буюу ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлүүлэх эрхийг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн урьд ажил эрхэлж байсан газар болох “Эрүүл-Ус” ОНӨААТҮГ-ын нэрийг өөрчилж “Гэгээн нуур-Цэвэр ус” ОНӨААТҮГ болгосон нь Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаартай “... “Эрүүл-Ус” ОНӨААТҮГ-ыг “Гэгээн нуур-Цэвэр ус” ОНӨААТҮГ болгон өөрчилсөн...” тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож байна. 

Иймд нэхэмжлэгч П.М-ийг “Гэгээн нуур-Цэвэр ус” ОНӨААТҮГ-ын захиралын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…олгоно”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч П.М-ийн 2016 оны 09, 10, 11, дүгээр саруудад ажилласан хугацаанаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 787.488+751.488+500.992=2.039.968 төгрөг байна. 2.039.968:3=679.989 төгрөг. Үүнээс 1 өдрийн цалинг тооцоход 679.989: 21.5 = 31.627 төгрөг байна. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт ажлын 653 хоногийн цалинг тооцож 20.652.431 төгрөгийг “ГНЦУ” ОНӨААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч гүйцэтгэхээр заасан, мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтны цалин хөлсийг олгох, нийгмийн даатгалын бичилтийг хийх үүрэг нь тухайн ажилтны ажиллаж байсан байгууллага буюу “ГНЦУ” ОНӨААТҮГазарт хамаарах тул нэхэмжлэгч П.М-э нь “ГНЦУ” ОНӨААТҮГазрын цалингийн сангаас цалин хөлсөө гаргуулах нь үндэслэлтэй байна.

 

Хэдийгээр аймгийн Засаг дарга нь хуульд зааснаар нэхэмжлэгчийг ажилд томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй боловч “ГНЦУ” ОНӨААТҮГазрын ажилтны цалин хөлсийг аймгийн Засаг даргын Тамгын газрын цалингийн сангаас гаргуулах үндэслэлгүй, мөн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч нь өөр байгууллагын ажилтны нийгмийн даатгалын тооцоог гүйцэтгэх /бичилт хийх/ эрхгүй юм.

 

Дээрх үндэслэлээр аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч П.М-ийн ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.М-ийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “ГНЦУ” ОНӨААТҮГазарт үүрэг болгох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас ээлжийн амралтын олговор, урамшуулал, хангамж зэргийг нөхөн олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Учир нь ээлжийн амралтын олговрын хувьд ажилгүй байсан хугацааны олговрыг ажилгүй байсан бүх хугацааг тооцон олгосон тул дахин ээлжийн амралтын олговрыг нэмж олгох боломжгүй, урамшуулал хангамж гэх шаардлагын тухайд ямар урамшуулал, хангамжийг ямар хугацаанд авдаг байсан болох нь тодорхойгүй тул хангах үндэслэлгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ГНЦУ” ОНӨААТҮГазраас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 20.652.431 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 261.212 төгрөг, нийт 331.412 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан П.М-ийг “Гэгээн нуур-Цэвэр ус” ОНӨААТҮГ-ын захиралын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ГНЦУ” ОНӨААТҮГазраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 20.652.431 /хорин сая зургаан зуун тавин хоёр мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.М-эд олгож, ээлжийн амралтын олговор, урамшуулал, хангамж гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар П.М-ийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “ГНЦУ” ОНӨААТҮГазарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ГНЦУ” ОНӨААТҮГазраас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 20.652.431 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 261.212 төгрөг, нийт 331.412 төгрөгийг гаргуулан улсын орлогод орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдолыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                   Ц.ҮЙТҮМЭН