Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 42

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                  Б.Батзориг

                             Шүүгчид                             С.Оюунцэцэг

                                                                        Г.Давааренчин

 

                      Оролцогчид

                                 Нэхэмжлэгч           З.Бадрал

                                 Түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ

                                           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар  оролцож,  Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гагасан, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 156 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах гомдлоор З.Бадралын нэхэмжлэлтэй Д.Бямбацогтод холбогдох “бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, компаний хувьцаа буцаан гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

       

Нэхэмжлэгч З.Бадрал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэн хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 12 дугаар сард нэхэмжлэл гаргасан. Д.Бямбацогттой 2013 онд Дархан хотод нийтийн тээвэрт том оврын автобус явуулахаар ярилцан тохиролцож, миний 100 хувийн эзэмшилтэй “Элит хөгжил” ХХК-ний хувьцааг 33.3%, 33.3 %-иар нь хувааж харилцан тохиролцож 30.000.000, 30.000.000 төгрөгний хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулахаар болсон. Уг “Элит хөгжил” ХХК-д  урьд нь миний бие 2008, 2009 онд Дархан хотод нийтийн тээврийн том оврын автобусны үйлчилгээ явуулж хийж байсан учраас энэ компаний суурин дээр Дархан хотын нийтийн тээвэрт том оврын автобус явуулъя гэж ярилцаж тохироод энэ компаний нэр дээр цаашид үйл ажиллагаа явуулахын тулд 30.000.000, 30.000.000 төгрөгний хөрөнгө оруулж хамтарсан компани байгуулахаар тохиролцож энэ компанийхаа хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн.  Анх тохиролцсон гуч, гучин  сая төгрөгийг би тухайн үед автобусаа зараад Д.Бямбацогтын нэр дээр байсан зээлийг хааж, Д.Бямбацогт дахин зээл авч компанид 30.000.000 төгрөгөө оруулсан. Ингэхдээ анх Д.Бямбацогт нь өөрийнхөө нэр дээр байсан 18.000.000 төгрөгний зээлийг хаагаад дахиж 50.000.000 төгрөгний зээл аваад 30.000.000 төгрөгийг нь компанид оруулсан. Миний бие болон Бямбацогт, Баттогтуур нар нь хамтран 2013 оны зунаас эхлээд үйл ажилгаагаа явуулсан. Бид 100.000.000 төгрөгөөр граж худалдаж авсан. Уг грашны 50 хувийн мөнгийг нь урьдчилж төлөөд үлдсэнийг нь зээл гарсаны дараа төлөхөөр болж уг гаражаа засварлаж автобуснуудаа Солонгос улсаас зээлээр авчиран 12 дугаар сарын 20-н хэднээр автобусныхаа шугамыг нээж үйл ажиллагаа эхэлсэн. 2014 оны 02 дугаар сард Худалдаа хөгжлийн банкнаас 500.000.000 төгрөгний зээл авахын тулд Д.Бямбацогтын нэр дээр байсан 50.000.000 төгрөгний зээлийг компаниас хааж, барьцаа хөрөнгөөр Худалдаа хөгжлийн банкинд тавьж 500.000.000 төгрөгний зээл авсан. Ингээд Д.Бямбацогтын хөрөнгө оруулсан гэх 30.000.000төгрөгийг компаний зүгээс буцааж 51.000.000 төгрөгөөр зээлийг нь хааж төлсөн. Энэ мөнгийг Д.Бямбацогт нь одоо хүртэл төлөөгүй байгаа.

Бид 2014 онд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулсан боловч нийтийн тээврийн ажил маань алдагдалд орж эхэлсэн. Яагаад гэвэл нийтийн тээврийн ажил улсаас тодорхой хэмжээний дэмжлэгтэй явдаг. Энэ дэмжлэгийг бид 2014 онд авч чадаагүй. Ингээд бид алдагдалд орж ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, түлш, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварын өрөнд баригдаж компани 200.000.000 төгрөгний алдагдалтай ажилласан. Хэдийгээр бид ийм алдагдал хүлээсэн ч гэсэн эхэлсэн ажлаа цааш нь үргэлжлүүлэхийн тулд миний бие гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан учраас хувь хүмүүс, ах дүү, найз нөхдөөсөө зээл авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явж байтал Д.Бямбацогт, Баттогтуур нар нь намайг хөрөнгө мөнгө идлээ гэдэг утгаар цагдаа, шүүхийн байгууллагад хандан хэрэг үүсгэн шалгаж байсан. Ингэж анх тохиролцож байснаасаа зөрчигдсөн учраас байгуулсан гэрээгээ эргэж харахаас өөр аргагүй болсон. 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ нь ямар нэгэн байдлаар хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээ биш хөрөнгө оруулалтыг хааж, нуун далдалж хийсэн гэрээ хэлцэл байсан учраас энэ гэрээ хэлцлийг хүчингүйд тооцуулж компаний хувьцааг буцаан гаргуулах хүсэлттэйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан...” гэжээ.

Хариуцагч Д.Бямбацогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бадрал би анх байгуулсан, санаачилсан гэж ярьж байна. Уг нь 2013 оны 03 сард талийгаач бид хоёр анх Дарханд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулаад нөхөн олговрын асуудал нь шийдэгдэх юм бол компани байгуулаад ажиллах юм бол болох юм байна гэж ярьж байсан. Тухайн үед Бадрал бид нар найзууд байсан. Энэ яриаг хаанаас сонссон юм мэдэхгүй ирж уулзсан. Бадрал урьд нь 3, 4 сар явуулсан гэж яриад байна. 2014 онд Улаанбаатар хотоос 2,3 хугацаа нь дууссан автобус авчраад 12 сард явуулж үзсэн. Тухайн үед нийтийн тээврийн даргаар Төмөрхүү гэж хүн байсан. Тэр хүн явж болохгүй юм байна гээд зогсоосон. Баттогтуур  гуай 2013 онд Дархан-Уул аймагт нийтийн тээвэрт том оврын автобус явж болох юм байна гэж хэлсэн. Тэгтэл З.Бадрал “Элит хөгжил” гэж 1 сая төгрөгийн дүрмийн сантай, ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй компани байна. Дахиж компани байгуулж байхаар манай энэ компани дээр  33.3 хувийг гурвуулаа тэнцүү эзэмшье гэж хэлсэн.  Энэ дээр төсөв төлөвлөгөөг аймгийн тээврийн газраас хийж өгсөн.  Үүнийг нь аймгийн засаг дарга дээр орж танилцуулаад дэмжигдсэн. Тэгээд 06 дугаар сарын 03-ны өдөр энэ гэрээ хийгдсэн. Хувьцаагаа яаж шилжүүлэх юм бэ гэхэд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлье ямар нэгэн асуудал, хөрөнгө мөнгө байх биш гэж хэлсэн. Угаасаа ямар нэгэн хөрөнгөгүй компани байсан. Тэгээд граш, автобус хэрэгтэй гээд би Солонгост байсан учраас таньдаг солонгос хүнээс 10 автобус зээлээр аваад 2013 оны 09 сараас хойш 10 автобус цувуулж оруулж ирсэн. 2014 оны 02 сард компанид Худалдаа хөгжлийн банкнаас 500 000 000 төгрөгний зээл авсан. Тэр зээл нь одоо болтол төлөгдөөгүй шүүхийн шийдвэр нь гарсан байгаа. Миний хувийн хашаа байшин банкны барьцаанд байгаа. Бид нарын анх ярьсан зүйл нь нийтийн тээврийн үйлчилгээ явуулаад тэрнээс олсон ашгаараа банкныхаа зээлийг төлнө гэж ярьж байсан болохоос биш одоо байгаа граш, обьектыг хураалгана гэж бид нар ярьж тохироогүй. Би зүгээр байж байгаад хүний компаний хувьцаа булаагаад авах гээд байгаа юм шиг зүйл шүүх дээр ярьж байна. Намайг 2014 онд 3, 4 сар компаниа удирдсан гэж ярьж байна. Би 14 хоног л удирдсан. Удирдах ч гэж тэр үед Баттогтуур гуай хурлын шийдвэр гаргаад удирдсан. Компаний тухай хуулинд жил болсоны дараа компаныхаа тайланг тавих ёстой. Энэ хүн тайлангаа тавихгүй байгаа учраас  хурлаа хийгээд чамайг гүйцэтгэх захирлаар тавъя гэхээр энэ хүн тамга, тэмдэгээ авч алга болоод ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон. Одоо тамга тэмдэг нь хаана байдаг юм мэдэхгүй. Санхүүгийн тайланг нэг ч удаа тавиагүй. Баттогтуур  гуай бид хоёр  аудит оруулсан боловч Бадрал санхүүгийн баримтыг авчирч өгөөгүй учраас санхүүгийн аудитын дүгнэлт  гаргаж болдоггүй юм байна. Зүгээр байж байгаад хүний компаний хувьцааг дээрэмдээд авах гэж байгаа юм шиг энэд тэнд очиж шүүхээр орж 3, 4 жил болж байна. Ийм үндэслэлээр би компаний хувьцааг буцаан өгөхөөс  татгалздаг...” гэжээ.

Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүх хэргийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 156 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн “Элит хөгжил” ХХК-ийн 33.3 хувь буюу 333.000 төгрөгийн хувьцааг Д.Бямбацогтоос гаргуулж З.Бадралд олгож,

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бямбацогтоос 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.Бадралд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Бямбацогт давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

          “...Д.Бямбацогт миний бие анх З.Бадралын санал болгосны дагуу Баттогтуур агсны хамт, нэг гишүүнтэй “Элит хөгжил” ХХК-н хувьцааг 33.3 хувиар эзэмших болсон. Тухайн үед мөн З.Бадралын санал болгосны дагуу хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан. Ингээд “Элит хөгжил” ХХК-н үйл ажиллагааг явуулахад санхүү мөнгөний хэрэгцээ гарсан тул З.Бадрал, Баттогтуур агсан бид хүн тус бүр 30.000.000 төгрөгийг босгон, автобусны гараж, газрын хамт худалдаж авсан. Компанийн нэрээр Худалдаа хөгжлийн банкнаас 500.000.000 төгрөгийн зээл авахад барьцаа хөрөнгө дутсан учир миний бие өөр хашаа байшин, орон сууцаа барьцаанд нь давхар тавьж, зээл авахуулсан. Гэвч З.Бадрал нь банкны зээлийг төлөөгүй учир одоо шийдвэр гүйцэтгэлийн шатанд маргаан яваа бөгөөд өнөө маргаашгүй миний хашаа байшин банкны өрөнд өгч би гэр бүлийн хамт гудамжинд гарахад ойрхон байна. Гэтэл шүүх энэ бүгдийг харгалзаж үзэлгүйгээр, Д.Бямбацогт надаас “Элит хөгжил” ХХК-ний хувьцааг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд З.Бадралын нэхэмжлэлийг хэрэгсэгүй болгож өгнө үү гэжээ.

 

    Нэхэмжлэгч З.Бадрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

      Д.Бямбацогтын гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Бямбацогт, Баттогтуур бид гурав нийлж Дархан хотод нийтийн тээвэрт том оврын автобус явуулахаар ярилцан тохиролцож, манай компаний хувьцааг хувааж харилцан тохиролцож бэлтгэл ажил хэмээн хөрөнгө босгохын тулд тус бүр 30.000.000 төгрөгний хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. Бямбацогт нь өөрийнхөө 30.000.000  төгрөг гаргахын тулд  миний оруулах мөнгийг авч банкны зээлээ төлж барагдуулан, дахин мөнгө зээлж, 30.000.000 төгрөгөө гаргаж өгсөн. Бямбацогтын ярьсан шиг зүйл болоогүй.
        Эхнээсээ бид нар хөрөнгө босгож үйл ажиллагаагаа явуулна гээд Солонгос улсаас 12 автобус захиалсан байсан. Дархан сумын 17 багт байрлах гражийг 100.000.000 төгрөгөөр авахаар болж урьдчилгаа 60.000.000 төгрөг өгч, үлдэгдэл 30.000.000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийж автобусныхаа үйлчилгээг эхэлсэн. Тухайн үед хөрөнгө оруулалтын гэрээ хийх ёстой байсан боловч бэлэглэлийн гэрээ хийсэн учир энэ гэрээг  хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлээ дэмжиж байгаа анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэв.

 

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      2013 оны 06 сарын 03-ны өдөр Бямбацогттой байгуулсан бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу Бямбацогтоос компаний хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

      Талуудын маргаан  2014 оноос эхэлж гарсан ба өдийг хүртэл үргэлжилж байна. Энэ хугацаанд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд гарсан. Энэ шийдвэрүүд нотлох баримтаар авагдсан. Энэ шийдвэр дээр юуг тогтоосон гэхээр “...Бэлэглэлийн гэрээ нь хоёр талын гэрээ биш зөвхөн бэлэглэгч ямар нэгэн үйлдэл хийх үүрэг хүлээдэг. Бэлэг хүлээн авагч ямар нэгэн үүрэг хүлээхгүй байхаар хуульд заасан байдаг. Бэлэглэлийн гэрээний үндсэн дээр зохигчид компаний хувьцааг тэнцүү хэмжээгээр эзэмшиж, тэнцүү хэмжээгээр компанид хөрөнгө оруулсан байгаа нь тогтоогдож байна” гэсэн  байдаг. Өөрөөр хэлбэл Баттогтуур, Бямбацогт нартай бэлэглэлийн гэрээ байгуулж хэлбэрийн хувьд 33,3 хувийг тус тус эзэмших эрх үүссэн хэдий ч агуулгын хувьд хөрөнгө оруулж хамтран ажиллах талуудын тохиролцоо байсан байна гэсэн дүгнэлт хийсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэсэн байдаг. Эдгээр  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байх тул хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                 Үндэслэх нь:

    

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн  байх тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  дахин шийдвэрлүүлэхээр сум дундын шүүхэд буцаахаар шийдвэрлэх  нь  зүйтэй гэж үзлээ.

 

 Хариуцагчийн давж заалдсан гомдлын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд болон уг маргааны талаар урьд хянан шийдвэрлэж байсан гэх анхан болон хяналтын шатны шүүхийн шийдвэр, тогтоолуудыг судлан үзэхэд: Нэхэмжлэгч З.Бадрал урьд нь хариуцагч А.Баттогтуур, Д.Бямбацогт нарт холбогдуулан 2013 оны 06 сарын 03-ны өдрийн “Элит Хөгжил” ХХК-ны  хувьцааг бэлэглэхээр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.

 

         Тус нэхэмжлэлийн дагуу З.Бадралын нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн улмаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 02  дугаар сарын 02-ны өдрийн 254 дугаар шийдвэрээр З.Бадралын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тухай шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 сарын 04-ний өдрийн 59 дугаартай Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаасныг эс зөвшөөрч  нэхэмжлэлгчийн өмгөөлөгчийн хяналтын шатанд гаргасан гомдлын дагуу Улсын дээд шүүх 2016 оны 06 сарын 14-ний өдрийн 001/ХТ2016/00692 дугаартай Тогтоолоор давж заалдах шатны шүүхийн 59 дугаартай Магадлалыг хэвээр үлдээснээр анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэхээр болжээ.

 

Гэтэл тухайн хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь  тодорхойгүй байхад нэхэмжлэгч З.Бадрал нь дахин  тухайн үндэслэлээр шинээр 2016 оны 12 сарын 28-ны өдөр Д.Бямбацогт нарт холбогдуулан 2013 оны 06 сарын 03-ны өдрийн “Элит Хөгжил” ХХК-ны  хувьцааг бэлэглэхээр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийж байгаад хэргийг  өөр шүүхэд шилжүүлсэн байна.

 

Тус хэргийн нэхэмжлэгч З.Бадрал нь А.Баттогтуур, Д.Бямбацогт нарт холбогдуулан гаргасан Улсын дээд шүүхийн 2016 оны 06 сарын 14-ний өдрийн 001/ХТ2016/00692 дугаартай Тогтоол бүхий иргэний хэргийг шүүгчийн захирамжаар А.Баттогтуурт холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн, энэхүү шаардлага нь урьд нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч Д.Бямбацогтод холбогдох тусгаарласан хэрэг нь хэрхэн  шийдвэрлэгдсэн болон нэхэмжлэгч З.Бадрал нь ямар үндэслэл шалтгаанаар Д.Бямбацогтод холбогдуулан  урьд гаргасан  нэхэмжлэлийн шаардлагаа дахин шинээр гаргасан  нь тодорхойгүй  энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байхад анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

З.Бадрал нь тухайн шийдвэрлэгдэж байгаа хэргийн ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж болох бөгөөд тус маргаан нь шийдвэрлэгдэж дуусаагүй байхад дахин шүүхэд тухайн үндэслэлээрээ нэхэмжлэл гаргах боломжгүй бөгөөд хэрэв  урьд хэрэг нь  шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн  бол тухайн үндэслэлээрээ дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

Иймд дээрхи нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг Сайхан  сум дахь сум  дундын  шүүхийн 2017 оны 08 сарын 23-ны өдрийн 156 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                       С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                          Г.ДАВААРЕНЧИН