Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01693

 

З.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 59 дүгээр шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 44 дүгээр магадлалтай,

З.Б-ын нэхэмжлэлтэй,

Д.Б-д холбогдох,

Гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, компаний хувьцаа гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Б-, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч З.Б-, өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2008 оны 11 дүгээр сард өөрийн Элит хөгжил ХК-нийг өөрийн 100%-ийн хөрөнгө оруулалтаар нэг гишүүнтэйгээр байгуулсан. Улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2013 онд Бямбацогт, Баттогтуур нартай Дарханд нийтийн тээврийн том оврын автобусыг явуулах талаар санал нийлж тохиролцсон. Нийтийн тээврийн үйлчилгээг Элит хөгжил ХК-ийн нэр дээр явуулахаар болсон. Уг үйлчилгээг явуулахад шаардлагатай байгаа хөрөнгийг 3% тэнцүү оруулъя гэж тохиролцсон. Компанийн хувьцааг Баттогтуур, Бямбацогт нарт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. 07 дугаар сарын 29-ны өдөр Элит хөгжил ХК-нийн дүрмийг шинэчлэн баталж үйл ажиллагаагаа эхэлсэн. Тухайн үед би өөрт байсан мөнгийг Бямбацогтод өгч зээлийг нь хаалгасан. Төрийн банк ХХК-наас /тухайн үеийн Хадгаламжийн банкнаас/ нийт 50.000.000 /тавин сая/ төгрөгийн зээлийг авсан. Үүнээс 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр хөрөнгө оруулалт хийлгэсэн. Үлдсэн 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр өрийг нь дарсан. 2013 оны 12 дугаар сард бид нар нийтийн тээврийн үйлчилгээнд явж үйл ажиллагаа жигдэрсэн. Тухайн үед компанийн үйл ажиллагааг явуулах гэж урьд хормойгоор хойд хормойгоо нөхөж байсан. Хувь хүнээс зээл авч өдрийн шатахууны мөнгийг аргацааж байсан. Бямбацогтын өөрийн хувийн зээл байсан 20.000.000 /хорин сая/ төгрөгийг компанийн өмнөөс 2013 оны 11 дүгээр сард тухайн 50.000.000 /тавин сая/ төгрөгний банкнаас авсан зээлийг, компани ашиггүй өөрийнхөө үйл ажиллагаа эхлээгүй байхдаа төлж байсан. Одоо болтол тэр мөнгө эргэж компанид хөрөнгө оруулалт гэж орж ирээгүй байгаа. Зээлийг төлсөн 20.000.000 /хорин сая/ төгрөг ч орж ирээгүй байгаа. Компанийн хувьцааг гаргуулах хүсэлтэй байна. 2013 оны 06 сарын 03-ны өдрийн Д.Б-той байгуулсан бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу Д.Б-ос компанийн хувьцааг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.                                                  

Хариуцагч Д.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Бид нар тус тусдаа 33%-ийн хувьцаа эзэмшинэ гэж компанид бүртгүүлсэн. Эхлээд 30.000.000 /гучин сая/ төгрөг оруулна гэсэн. Энэ нь автобус баазыг оруулж ирэхэд зарцуулсан мөнгө болохоос компанийн хөрөнгө оруулалт биш. Өөрсдийн барьцаа хөрөнгийг барьцаалаад Худалдаа хөгжлийн банкнаас 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийг авсан. Маргаан үүссэн үеэс эхлээд 33%-ийн хувьцаагаа буцааж авъя гэсэн. 2008 онд 1.000.000 /нэг сая/ төгрөгний дүрмийн сантай компани байгуулсан. Одоо компани байгуулахаар их ажил болно. Манай компанийн нэр дээр нэрээ оруулаад тус тус 33% эзэмшээд явъя гэсэн. Тэгээд бэлэглэлийн гэрээг хийгээд бүртгүүлсэн. Солонгос улсаас 12 /арван хоёр/ автобусыг зээлээр авчирсан. Автобусаа тавих гэж MCS-ийн агуулахыг 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгөөр түрээслэх болсон. Түүнээс урьдчилгаа 60%-ийг гаргаж өгнө гэсэн. Тэгээд 60.000.000 /жаран сая/ төгрөгийг Баттогтуур бид хоёр гаргаж өгсөн. 40%-ийг нь манай амьдарч байгаа орон сууц болон хашаа байшин засварын газартай, Баттогтуурын хоёр өрөө байрыг банканд тавьсан. Бадрал 3 /гурван/ өрөө байраа тавьж байгаа гээд эхнэр нь ирчихсэн гарын үсэг зурж байсан. Одоо Бадрал автобусаа шугаманд явуулж байгаа. Мөнгийг нь авч байгаа. Тийм байж өрөө төлөхгүй байна. Миний барьцаанд тавьсан орон байрыг суллаж өгөөгүй байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн албанаас танайхыг дуудлага худалдаанд оруулна гэж дарамталдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 59 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн “Элит хөгжил” ХХК-ийн 33.3 хувь буюу 333.000 төгрөгийн хувьцааг Д.Б-ос гаргуулж З.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,1 Улсын тэмдэггийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ос 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З.Б-д олгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 44 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 59 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Б-, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2018.04.27-ны өдрийн 59-р шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018.06.27-ны өдрийн 44-р магадлалыг эс зөвшөөрч, хяналтын гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч З.Б- нь удаа дараа шүүхэд ямар ч утгагүй, гүтгэлгийн шинжтэй, компаниа зүгээр байж байгаад бусдад алдаж байгаа юм шиг сэтгэгдлийг шүүхэд төрүүлж, төөрөгдүүлэх гэсэн, худал нэхэмжлэл гаргаж, анх тохиролцсон тохиролцоо, зорьсон зорилго, итгэлцэл, бүх юмнаасаа буцдаг. 2013 онд З.Б-, А.Баттогтуур агсан, З.Бямбацогт нар нь Дархан-Уул аймаг, Дархан сумандаа том оврын автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх зорилгыг тавьж, аймгийн удирдлагууддаа энэ тухай саналаа хэлэхэд нааштайгаар хүлээж авсан учир, компани байгуулж, ажлаа эхлүүлэхээр болсон. Гэвч З.Б- нь “надад үйл ажиллагаа явуулж байгаагүй, 1 сая төгрөгийн дүрмийн сантай гэж бүртгэгдсэн, одоо дансандаа 0 төгрөгийн үлдэгдэлтэй, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, эргэлтийн хөрөнгө байхгүй, “Элит хөгжил” ХХК гэж байгаа: Энэ компанийнхаа 33,3%, 33,3%-ийг та 2-т бэлэглэсэн гэрээ байгуулъя" гэсэн учир А.Баттогтуур агсан бид 2 тухайн саналыг хүлээж авч, 2013 оны 06-р сарын 03-ны өдрийн “Хувьцаа бэлэглэлийн гэрээ”-г байгуулж, А.Баттогтуур, миний бие тус компанийн хувьцааны 33,3%, 33,3%-ийг шилжүүлж авч, улсын бүртгэлийн албаар баталгаажуулж, “Элит хөгжил” ХХК гэсэн хуулийн этгээдээр цаашдын үйл ажиллагаагаа явуулах суурийг тавьсан. Бадралд итгэл үзүүлж, компанийн Гүйцэтгэх захирлаар томилж ажиллуулсан боловч компанийн үйл ажиллагааг доголдуулж, санхүүгийн хүнд байдалд оруулж,компанийн хөрөнгийг үр дүнтэй, оновчтой зарцуулж чадаагүй хариуцлага алдсан. Мөн З.Б- нь 2013 оноос компанийн Гүйцэтгэх захирлаар өнөөдрийг хүртэл ажиллах хугацаандаа, компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг нэг ч удаа зарлан хуралдуулж байгаагүй. Мөн шат шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн Иргэний хуулийн 56-р зүйлийг үндэслэл болгодог, тусгайлан, нарийвчилж зохицуулсан Компанийн тухай хуулийг хэрэглэхгүй байгаа нь “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2018.04.27-ны өдрийн 59-р шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018.06.27-ны өдрийн 44-р магадлалыг хүчингүй болгож, З.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч З.Б- нь хариуцагч Д.Б-д холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, “Элит хөгжил” ХХК-ийн 33.3 хувийн хувьцааг гаргуулах шаардлага гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дах хэсгийг дурджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан. 

Нэхэмжлэгч нь 2008 онд “Элит хөгжил” ХХК-ийг үүсгэн байгуулжээ.  Тэрээр Д.Б-, А.Баттогтуур нартай хамтарч нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулахаар  харилцан  тохиролцож,  хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр  бэлэглэлийн гэрээ байгуулж, “Элит хөгжил” ХХК-ийн 330.000 төгрөгийн үнэ бүхий 33.3 хувийн хувьцааг Д.Б-д бэлэглэсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, хариуцагч үгүйсгээгүй байна.

Маргааны зүйл болох бэлэглэлийн гэрээ нь бодитоор байгуулагдаагүй,  харин  хамтран  ажиллах гэрээг халхавчилж хийгдсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3.-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн баримтад тулгуурлан үндэслэл бүхий хийж, нэхэмжлэлийг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 59 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 44 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-, өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ