Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 00004

 

2017 оны 12 сарын 25 өдөр                   Дугаар 142/ШШ2018/00004                     Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгино хайрхан 31-р хороо, Г.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Г.Жд холбогдох

Гэм хорын хохирол 18 832 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, иргэдийн төлөөлөгч Б.Баттулга, нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Ань 2017 оны 6 дугаар сарын 16 ны өдөр Г.Жавхлантогтоход зодуулсны улмаас дээд 4, доод 1 шүд буюу нийт 5 шүд унаж, 3 шүд суларсан. Уг гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэл бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалт тогтонги 15 хувь байна гэсэн шүүх эмнэлэгийн дүгнэлт гарсан. 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл би шүдээ хийлгэж чадахгүй сэтгэл санаа, гоо сайхнаараа хохирч байна. “Эмүге” гэдэг эрүү нүүрний чиглэлээр эмчилгээ хийлгэх тусгай зөвшөөрөл бүхий эмнэлэгт хандахад 21,332,000 төгрөг гэсэн бөгөөд Г.Жэрүүгийн хэргийн шийдвэрлэх өдөр өгсөн 2,500,000 төгрөгийг хасч 18,832,000 төгрөгийг эмчилгээний зардалд төлөх төлбөр болгон нэхэмжилж байна. ИХ-ийн 228-р зүйлд заасны дагуу өөрт минь учирсан эрүүл мэндийн зөрчигдсөн эрхийг өмнөх байдалд минь Г.Ж сэргээх үүрэгтэй ИХ-ийн (228.1), 228.4-т заасны дагуу зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй гэсний дагуу би шаардах эрхээ хэрэгжүүлж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие өрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, шүүхээс торгуулийн ялаар шийтгүүлсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа.

Г.А бүхий л бололцоогоо ашиглаж 2 500 000 төгрөг өгсөн. Гэтэл Г.А нь надад оногдуулсан ялыг хөнгөдсөн байна. Мөн 21 сая төгрөг төлөх ёстой гэж давж заалдсан. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс түүнийг “эмчилгээний зардлаа нотлох баримтыг иргэний журмаар гаргах нь зүйтэй, одоогоор Г.Ж-ын хохирогчид төлсөн төлбөр, хохирогчийн гаргасан зардлаас илүү байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Иймд би Г.А-н гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэл нь нотлох баримтанд үндэслээгүй, бодит бус нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир шүүхэд гаргасан хариу тайлбатаа: Гэм буруугаа Жавхлантогтох хүлээж, гэм буруугаа ойлгодог. Хохирлын 2.500.000 төгрөг өгсөн. Энэ өгсөн мөнгөөр эмчилгээ хийлгээгүй. Яаж хэрхэн зарцуулсан нь ойлгомжгүй байна. Бодит гарсан зардлыг өгсөн. Одоо энэ нэхэмжилж байгаа мөнгийг бол өгч чадахгүй гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Ань хариуцагч Г.Жгэм хорын хохирол 18.832.000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч Г.Жнь  2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Г.А-г зодож  шүдийг нь унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэм хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь  Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор батлагдсан, хариуцагч нь гэм буруугын талаар маргахгүй байна.

Харин нэхэмжлэгчийн ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учраас хохиролыг төлөх боломжгүй байна гэж маргаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагынхаа гол үндэслэл болгож байгаа хавтаст хэргийн  6-р талд авагдсан “Эмүге” шүдний эмнэлгийн эмчилгээ хийсэн тухай 2017 оны 06 сарын 23-ны өдрийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. 

Учир нь дээрх баримтанд “доод үүдэн 31,32,41-р шүд 1х28.000=84.000,дээд үүдэн 4 шүдэнд имплант суулгац 1х 260.000 =1040000, доод үүдэн 4 шүд  имплант суулгац 1х26.000.000=10040000  нэмэлт үйл ажиллагаа хиймэл яс нөхөх =400.000 төгрөг,бусад холбоотой ажилбар =48.000 төгрөг нийт 21.332.000” гэж байгаа нь алдаатай, ойлгомжгүй дээрх баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

Түүнчлэн дээрх баримтанд “Цаашид тухайн хүний биеийн эсэргүүцэл эргэн нөхөн төлжилт шарх, оёдлын эдгэрэлт зэргийг хяналтаар ажиглаж байгаад хийгдэх үйл ажиллагаанаас хамаарч нэмэлт төлбөр гарч магадгүй” гэжээ.

Эдгээр байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч нь учирсан гэмтэлтэй холбоотой имплант шүдийг бодитойгоор хийлгэж,түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэгч хэдийгээр Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д зааснаар гарах эмчилгээний зардлаа урьдчилан нэхэмжлэх эрхтэй боловч энэ талаар хангалттай нотлож чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.А-н хариуцагч Г.Жгэм хорын хохирол 18.832.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН

                                                            ШҮҮГЧИД                               Л.АРИУНЦЭЦЭГ

Р.ҮҮРИЙНТУЯА