Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00018

 

                                  Г.А-ын нэхэмжлэлтэй

                        хариуцагч Г.Ж-д холбогдох

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2017/00004 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Ж-д холбогдох,

“Гэм хорын хохирол 18.832.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Г.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Г.А нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Г.Ж-д зодуулсны улмаас дээд 4, доод 1 шүд буюу нийт 5 шүд унаж, 3 шүд суларсан. Уг гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэл бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалт тогтонги 15 хувь байна гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл би шүдээ хийлгэж чадахгүй сэтгэл санаа, гоо сайхнаараа хохирч байна. “Эмүге” гэдэг эрүү нүүрний чиглэлээр эмчилгээ хийлгэх тусгай зөвшөөрөл бүхий эмнэлэгт хандахад 21.332.000 төгрөг гэсэн бөгөөд Г.Ж-оос эрүүгийн хэргийн шийдвэрлэх өдөр өгсөн 2.500.000 төгрөгийг хасч 18.832.000 төгрөгийг эмчилгээний зардалд төлөх төлбөр болгон нэхэмжилж байна. Иргэний хуулийн 228-р зүйлд заасны дагуу өөрт минь учирсан эрүүл мэндийн зөрчигдсөн эрхийг өмнөх байдалд минь Г.Ж сэргээх үүрэгтэй Иргэний хуулийн (228.1), 228.4-т заасны дагуу зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй гэсний дагуу би шаардах эрхээ хэрэгжүүлж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, шүүхээс торгуулийн ялаар шийтгүүлсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Г.А-д бүхий л бололцоогоо ашиглаж 2.500.000 төгрөг өгсөн. Гэтэл Г.А нь надад оногдуулсан ялыг хөнгөдсөн байна. Мөн 21 сая төгрөг төлөх ёстой гэж давж заалдсан. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс түүнийг эмчилгээний зардлаа нотлох баримтыг иргэний журмаар гаргах нь зүйтэй, одоогоор Г.Ж-ын хохирогчид төлсөн төлбөр, хохирогчийн гаргасан зардлаас илүү байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Иймд би Г.А-ын гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэл нь нотлох баримтанд үндэслээгүй, бодит бус нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2017/00004 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.А-ын хариуцагч Г.Ж-оос гэм хорын хохирол 18.832.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.А давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Г.А нь 2017.06.16-ны өдөр Г.Ж-д зодуулсны улмаас дээд 4, доод 1 үүдэн шүд хийсэн 5 шүд нь унаж, 3 шүд суларсан гэмтэл авч, уг гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвар алдаль тогтонги 15% болсон хохирлыг авсан. Г.А нь үүдэн шүдгүй болсноор тэрээр гоо сайхандаа санаа зовж, үеийн хүүхдүүдтэйгээ уулзаж ярилцахаас санаа зовдог, мөн хэл ярианд нь өөрчлөлт орж, тод сайхан ярихгүй, шүлс нь үсчдэг, мөн хоол ундаа бүрэн зажилж буталж чадахгүй, бүхлээр залгих, самар ааруул гэх мэт хатуу зүйл идэх боломжгүй болсон тул унасан 5 шүдээ имплант хийлгэхээр “Эмүге” шүдний эмнэлэгт хандаж үзүүлэхэд 1 шүд 2.500.000 төгрөг буюу 2.500.000*5=13.000.000 төгрөг суларсан 3 шүд зайлшгүй авах болсон тул 2.500.000*3=7.500.000 буйлны хагалгаанд 500.000*2=1.000.000 нийт 21.800.000 төгрөгний эмчилгээний зардал гаргаж байна уг шүдийг хийлгэж, шүдтэй болох болж байгаа юм. Эрүүгийн шүүх хурлын үед 3.000.000 төгрөг өгсөн тул уг мөнгийг нь хасч 18.832.000 төгрөг нэхэмжилснийг нотлох баримт ойлгомжгүй гэдгээр хэрэгсэхгүй болголоо. Эмүге эмнэлэгийн тусгай зөвшөөрлийн хуулбар, шүдээ үзүүлсэн картны, хуулбар, шүдний эмнэлэгийн үнэ тариф зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн. Уг тарифаар 1 имплант шүд хийлгэхэд 2.600.000 төгрөг болох нь тодорхой харагдаж байгаа. Монгол улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14 дэх хэсэгт МУ-ын хууль, олон улсын гэрээнд заасан эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулхаар шүүхэд гомдол гаргах бусдыг хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй.... гэж зааснаас үзэхэд надад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргахаас татгалзах үндэслэлгүй бөгөөд энэ нь олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим хэм хэмжээнд нийцэхгүй байна. Эрүүгийн хэргийн шийдэхэд иргэний нэхэмжлэлийг хэргийн хамт шийдвэрлэх хуулийн заалтын дагуу миний нэхэмжлэлийг иргэний журамаар шийдвэрлүүл гэсэн. Гэтэл иргэний хууль тогтоомжинд заасан хуулийг шаардах эрхийн дагуу нэхэмжлэлээ гаргахад заавал өөрөө шүдээ эмчлүүлээд тэр зардлаа гаргасны дараа нэхэмжил гэсэн утга бүхий байдлаар урьдчилсан шаардах эрхийг минь үгүйсгэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Г.Ж-оос гэм хорын хохиролд 18.832.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Г.Ж нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Г.А-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримтанд үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч Г.Ж нь нэхэмжлэгч Г.А-ын бие эрх чөлөөнд халдаж зодсоноор түүний дээд 4, доод 1 шүдийг унагаж, 3 шүдийг сулруулсан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэл Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Г.Ж-ын гэм буруутай үйлдлийн улмаас унасан 5 шүд, суларсан 3 шүдийг эмчлүүлэхэд гарах зардлаа “Эмүгэ” шүдний эмнэлгээр тодорхойлуулсан нийт 21.332.000 төгрөгөөс Г.Жын урьдчилан төлсөн 2.500.000 төгрөгийг хасч тооцон 18.832.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй болно.

Шүүх “Эмүгэ” шүдний эмнэлгийн эмчилгээ хийсэн тухай 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй алдаатай ойлгомжгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 510, 497 дугаар зүйлд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Г.Ж-ын гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор тогтоогдсон эмчилгээ хийлгэхээр мэргэжлийн эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээний гарах зардал, үнэ тарифыг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад тухайн эмнэлгийн тодорхойлолтонд туссан тооцооны алдаатай бичвэрийг ойлгомжгүй, алдаатай нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т заасантай нийцээгүй, эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй юм.

“Эмүгэ” шүдний эмнэлэг нь эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эмнэлэг болох хэрэгт авагдсан гэрчилгээ /хх-32/-р тогтоогдож байна.

Иймд уг эмнэлгийн хиймэл шүдний үнэ тарифыг /хх-33/ үндэслэн нэхэмжлэгч Г.А-ын унасан 5 шүдний имплант шүд хийлгэх /1 шүд 2.600.000 төгрөг/ зардлыг хариуцагч Г.Ж-оос гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

/1 шүд 2.600.000*5/ төгрөгөн дээр нэмэлт үйл ажиллагаа хийх 400.000 төгрөг, бусад ажилбар 48.000 төгрөг нийт 10.848.000 төгрөг гаргуулах, суларсан 3 шүдэнд хийх эмчилгээний зардал тодорхойгүй байх тул гаргуулах боломжгүй. Эдгээр шүднүүдийг эмчлүүлсний дараа гарсан зардлаа нэхэмжлэх эрхтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2017/00004 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд “...нэхэмжлэгч Г.А-ын хариуцагч Г.Ж-оос гэм хорын хохирол 18.832.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...хариуцагч Г.Ж-оос 10.848.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.648.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч Г.А давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.БАТТӨР

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ