Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 277

 

                                                             О.Б, Ж.Э нарт холбогдох

                                                               эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Ж.Э-ны өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгч Б.Оюунбилэг, Ш.Мягмарцэрэн, Э.Туул, хохирогчийн өмгөөлөгч Ц.Энхболд, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 652 дугаар магадлалтай О.Б, Ж.Э нарт холбогдох эрүүгийн 201626011114 дугаартай хэргийг шүүгдэгч Ж.Эы өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ний Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газарт харуул ажилтай байсан  А овогт О.Б

2. Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, мөн газарт харуулын албаны ээлжийн ахлах ажилтай байсан Ч овогт Ж.Э,

О.Б нь 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ний харьяа Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын хашаанаас төмөр хулгай хийлээ гэх зүйлээр шалтаглан иргэн Д.Д-ийг сагсны шийтний шонгийн төмөртэй хоёр гарыг нь ард нь холбож гавлан, хууль бусаар хорьж хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн үед Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ний харьяа Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын хашаанаас төмөр хулгай хийлээ гэдгээр шалтаглан иргэн Д.Д-ийг сагсны шийтний шонгийн төмөртэй хоёр гарыг нь ард нь холбож гавлан, юүдэнтэй цамцны малгайнаас нь нохойны оосроор холбож сагсны шийтний кольцооноос дээш татаж уян амьсгалын замын бүтэлтэд оруулан санаатай алсан гэмт хэрэгт, Ж.Э нь хамгаалагч О.Б-д 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн үед Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ний харьяа Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын хашаанаас төмөр хулгай хийлээ гэдгээр шалтаглан талийгаач Д.Д-ийг хууль бусаар хорих талаар утсаар үүрэг чиглэл өгч, хүнийг хууль бусаар хорих гэмт хэрэг үйлдэхэд бусдыг өдөөн түлхсэн, зоригжуулсны улмаас бусдад хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолоор: ...шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Ж.Э-ыг цагаатгаж, шүүгдэгч О.Б-ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ыг 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан, мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 652 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Б, Ж.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаажээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.Э-ын өмгөөлөгч Б.Тэнгис гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүх нь ямар үндэслэлээр анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй, хуульд нийцээгүй, агуулгаас нь өөрөөр дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Магадлал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна... Хэргийн нөхцөл байдлаас харахад хамгаалж байсан объектод нь буюу байгууллагын хашаанд нэвтэрч хулгай хийсэн этгээдийг барьж байгууллагын дотоод журамд заасны дагуу түр саатуулсан үйлдэл харагддаг. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт зааснаар “Хүнийг хууль бусаар хорих” үйлдэл нь “хүнийг орон байранд хорих, түгжих, хүлэх, гадагш явахыг нь хориглож хүч  хэрэглэхээр сүрдүүлэх  зэрэг чөлөөтэй байхад нь хориг тавьсан ямар ч хэлбэрээр байж болно” гэсэн боловч хэргийн үйл баримтаас харахад хүнийг орон байранд ямар нэгэн хэлбэрээр хорьсон болох нь тогтоогдоогүй байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинж байхгүй байгаа нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс Ж.Э хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, хэргийн бодит байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгч Б.Оюунбилэг, Ш.Мягмарцэрэн нар шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: О.Б бусдыг санаатай алаагүй, харин түүний үйлдэл нь бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийн шинжтэй тул хэргийн зүйлчлэлийг зөвтгөж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэв. 

Шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгч Э.Туул шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: 2015 оны Эрүүгийн хуульд гэм буруугийн холимог хэлбэрийг заасан тул энэ шинжээр нь хэргийн зүйлчлэлийг тогтоож, мөн хуулийн 10.3 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Энхболд шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

Оролцсон прокуророос:  Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.                     

                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:          

Энэ хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд өөрийнх нь хамгаалж байсан объектод халдан, хулгай хийсэн Д.Д-ийг албан үүргийн дагуу О.Б нь саатуулахдаа сагсны шийтний шонгийн төмөртэй хоёр гарыг нь ард нь холбож гавлан, юүдэнтэй цамцны малгайнаас нохойны оосроор холбож уг шийтний цагирагнаас дээш татаж уяснаас амь хохирогч амьсгалын замын бүтэлтэд орж нас барсан үйл баримт тогтоогдсон байна.

Харин анхан шатны шүүх уг үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийхдээ гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг буруу тодорхойлон, О.Б-ын үйлдлийг хүнийг санаатай алах гэмт хэрэг гэж үнэлсэн нь үндэслэл муутай болжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн (Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэх) 27.2 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн бол хөнгөмсгөөр найдсан гэж үзнэ” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн хөнгөмсгөөр найдах төрлийг тодорхойлон заажээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг мэдсэн боловч үүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон нь хөнгөмсгөөр найдах гэм буруугийн үндсэн шинж нь байна.

 Аливаа үйлдэл, эс үйлдэхүй нь хүний ухамсартай үйл ажиллагааны илрэл болохын хувьд өөрийн хүсэл зоригийн чиглэлтэй буюу тодорхой зорилготой, сэдэлттэй байдаг бөгөөд энэ нь хөнгөмсгөөр найдахад ч хамаарна.

Үүнтэй холбоотойгоор хөнгөмсгөөр найдсан гэдэгт гэмт этгээд хор уршгийг гаргахгүй байж чадна хэмээн бүрнээ итгэснээс гадна зарим тохиолдолд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд ашигтай ч гэж тооцсон байхыг хамааруулан ойлгодог билээ.

Иймд хулгай хийсэн этгээдийг саатуулахдаа түүнийг төмөр шонгоос гавлаж, зогсоогоор нь байлгах үүднээс цамцны малгайнаас нь оосорлож сагсны шийтний цагирагнаас татаж уясан О.Б-ын үйлдлийг хүнийг санаатай алах үйлдэл гэж дүгнэх боломжгүй юм.

Учир нь хүнийг санаатай алах гэмт хэрэг бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийж, уг хор уршгийг хүсэж үйлддэг бол О.Б-ын үйлдэлд энэхүү нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Харин тэрээр хууль бус үйлдэл (хулгай) хийсэн этгээдийг саатуулахдаа хэрэглэсэн арга, хэрэгсэл нь хүний бие махбодид хохирол учруулж болзошгүйг мэдсэн боловч хор уршгийг гаргуулахгүй байж чадна гэж өөртөө хэт итгэж, найдсанаас Д.Д-ийн амь насыг хохироосон үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн (Бусдыг болгоомжгүй алах) 94.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байх тул хэргийн зүйлчлэл, ялыг өөрчлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

2002 оны болон 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиудад заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон (94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг) гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод, дээд хэмжээ адил буйн зэрэгцээ сонгон хэрэглэж болох зорчих эрхийг хязгаарлах ялыг шинэ Эрүүгийн хуулиар нэмсэн боловч уг ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар тогтоогдсон тул хуулийг буцаан хэрэглэхгүйгээр 2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн (Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаа) 11.1 дэх хэсэгт “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан О.Б-д холбогдох хэргийг мөн хуулийн 94 дүгээр зүйлийн (Бусдыг болгоомжгүй алах) 94.1 дэх хэсгээр зүйлчлэн шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Прокуророос О.Б, Ж.Э нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн (Хүнийг хууль бусаар хорих) 109.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч Ж.Э-гийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гомдлыг хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4, 1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 652 дугаар магадлалыг хүчингүй болгосугай. 

2. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

3 дахь заалтыг “...хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан...” гэснийг “...хүнийг болгоомжгүйгээр алсан...”,

4 дэх заалтыг “Прокуророос О.Б-д Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон өөрчилж, уг зүйл, хэсэгт зааснаар түүнийг 3 (гурван) жил хорих ялаар шийтгэсүгэй”,

5  дахь заалтыг  “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Б-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй”  гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.БАТЦЭРЭН

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН