Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 3352

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 11 өдөр

     Дугаар 102/ШШ2017/03352

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: ......дүүрэг, ... дугаар хороо, Сүхбаатарын гудамж, МҮХЭХолбооны.... тоотод оршин байх “Н” ХХК /РД:...../,

 

Нэхэмжлэгч: С.М нэхэмжлэлтэй,

   

Хариуцагч: С.Т /РД:........./,

 

Хариуцагч: Ж.Б нарт холбогдох 

 

  • С.Т 320,300,000 төгрөг гаргуулах,
  • 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр зарлан хуралдуулсан ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоон, хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах,
  • Хөрөнгө оруулалт хийдэггүй хувьцаа эзэмшигчдийн хувьцааны эрхийг С.Мийн нэр дээр буцаан шилжүүлүүлэх,
  • 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гурван талт зөвшилцлийн гэрээний 1.1-т заасан “...ам.доллараас буулгахгүй байх...” болон 1.2-т заасан “...ам.доллараас багагүй байх...” гэсэн болзол нь Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т заасан хуульд харшилсан болзол тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,
  • 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гурван талт зөвшилцлийн гэрээний 1.1 болон 1.2-т заасан заасан “...ам.доллараас...” гэсэн болзол хүчин төгөлдөр бус байх тул мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т “...урьдчилгаа төлбөр хийгдсэн үед...” гэсэн болзол нь Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох  тухай үндсэн,
  • 2011-2016 оны компанийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй С.Мийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох тухай хариуцагч С.Т, Ж.Б нарын гаргасан сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, Л.З, хариуцагч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.М, “Нарийн гол гоулд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дараах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Үүнд:

1/ С.Тгийн нэхэмжлэлтэй, “Нарийн гол гоулд” ХХК-д холбогдох, хамтран ажиллах гэрээний үүрэгт 1,500,000 ам.доллар буюу 2,156,205,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хянан хэлэлцээд 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн зохигчдын эвлэрлийг баталсан 1772 дугаар захирамж гарсан. Уг захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, С.М миний бие “Нарийн гол гоулд” ХХК-ийн нэрийн өмнөөс 330,300,000 төгрөгийг С.Тд өгсөн. Миний бие Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг захирамжийг дахин хянуулахаар хүсэлт гаргасан бөгөөд тус захирамж нь илт үндэслэл муутай, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 8376 дугаар шүүгчийн захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл С.Т нь хууль бусаар надаас 330,300,000 төгрөг авсан болох нь ийнхүү тогтоогдсон. Надаас энэ мөнгийг хүлээн авч, өр төлбөртэй гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрсөн нь 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байгуулсан гурван талт гэрээний хоёрдугаар хавсралтаар бүрэн тогтоогдож байна. Иймд үндэслэлгүйгээр авсан төлбөр 330,300,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,809,450 төгрөг, нийт 332,109,450 төгрөгийг С.Тгаас гаргуулж өгнө үү.

2/ “Нарийн гол гоулд” ХХК нь 3 гишүүнтэйгээр 2009 онд шинэчлэн байгуулагдаж иргэн С.Т 33,33 хувийн хувьцааг, иргэн Ж.Б 33,33 хувийн хувьцааг, С.М 33,34 хувийн хувьцааг тус тус эзэмшиж, гүйцэтгэх захирлаар С.М миний бие одоог хүртэл ажиллаж байна. Компанийн гүйцэтгэх захирлын хувьд компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2 удаа зарласан боловч эхний удаа хуралдаа хүрэлцэн ирээгүй, 2 дахь удаа дахин зарлан хурал 100 хувийн ирцтэйгээр эхэлсэн боловч хэлэлцэх асуудлын 1 дэх хэсгийг хэлэлцэх үед С.Т, Ж.Б нар хурлыг санаатайгаар үймүүлж, хурлаа хаяж явсан. Иймээс дахин хурал хуралдуулах шаардлагагүй болсон. Гэтэл С.Т, Ж.Б нар нь Монгол улсын Компанийн тухай хуулийн 61.1.2 дахь хэсэгт “...хувьцаа эзэмшигч нар ээлжит бус хурал хуралдуулах санал шаардлага гаргах эрхтэй боловч хурлын тов зарлах эрхгүй”, мөн хуулийн 61.4-т “компанийн гүйцэтгэх удирдлага ээлжит бус хурал хуралдуулах эсэх талаар ажлын 10 хоногт багтаан шийдвэр гаргана” гэж заасныг зөрчиж 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ээлжит бус хурал хуралдуулах шийдвэр гаргаж, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, гүйцэтгэх захирлаар С.Тг томилсон байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. 

3/ Хувьцаа эзэмшигч нар хөрөнгө оруулалтаа хугацаанд нь хийдэггүй, үүнээс гарах хохирлыг мэдсээр байж төлбөрөө төлдөггүй. Удаа дараа хууль бус аргаар компанийн эрхийг авч, компанийг зарж борлуулж, иргэн миний биеийг хохироох гэж хууль зөрчиж дарамталж байгаа тул С.Т, Ж.Б нарын хувьцааны эрхийг миний нэр дээр шилжүүлж өгнө үү. 

4/ “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч миний бие болон Ж.Б, С.Т нар нь 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гурван талд зөвшилцлийн гэрээг байгуулсан байдаг. Энэхүү гэрээг байгуулах болсон үндсэн шалтгаан нь тухайн үед Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд С.Тгийн нэхэмжлэлтэй “Эрдмаш” ХХК, “Нарийн гол гоулд” ХХК-д холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 2,156,205,000 төгрөг гаргуулах, мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаан эд явагдаж байсантай холбоотой байдаг. Ингээд Компанийн тухай хуульд заасны дагуу “Нарийн гол гоулд” ХХК-ийн нэр бүхий 3 хувьцаа эзэмшигч цугларч, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж дээрх гэрээнд “...бид үүссэн нөхцөл байдал болон компанийн үйл ажиллагаанд дүгнэлт хийсний үндсэн дээр дараах зүйлийг хэлэлцэн тохиролцож, харилцан зөвшөөрснөөр энэхүү гэрээг байгуулав” гэж тодорхой тусгасан. Гэрээний гол нөхцөл нь С.Т болон Ж.Бын надад өгөх ёстой мөнгөн хөрөнгө болон компанийн хэвийн үйл ажиллагаа 2015 он хүртэл зарцуулсан мөнгөн хөрөнгийг хэрхэн барагдуулах. Учир нь 2015 он хүртэл зөвхөн миний зүгээс 6364 А, 7700А тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой бүх зардал, тэр дундаа хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөөний, байгаль орчны үнэлгээ хийсэн ажлын хөлс газрын, усны, уул уурхайн харуул хамгаалалтын бүх зардлыг өөрийн бусад хөрөнгөнөөс төлж ирсэн байдаг. Хариуцагч нар болох С.Т, Ж.Б нар нь нэг ч төгрөг төлж байгаагүйгээ бүрэн хүлээн зөвшөөрсөн байдаг ба харин тэд нар маш том хөрөнгө оруулагч хятадууд байна, хөрөнгөө оруулалтыг маш хурдан босгож болно, танил тал байна, тийм болохоор удахгүй компанийг хэвийн үйл ажиллагаанд оруулна, бид түүнийг чинь хийнэ , зөвхөн шүүх дээр байгаа маргаануудаас чинь болж дээрх ажиллагаанууд явагдахгүй байна гэж гэрээ байгуулахыг тулган шаардсан юм. Нөгөө талаас Ж.Бтай 33 жил найз нөхөд явсан, хар багаасаа хамт Эрдэнэтийн ГОК-д хамт ажиллаж, нэг нэгэндээ тушиг тулгуур болж явсан учир итгэсэн, харин С.Тгийн хувьд бол үнэхээр 500,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийснийг миний зүгээс бол үгүйсгээгүй боловч 33.3 хувийн хувьцааг уг хөрөнгөөрөө манай “Нарийн гол гоулд” ХХК-ийн худалдан авч хувьцаа эзэмшигч болсон ба бас эрүүл мэндийн хувьд хавдартай гэсэн учир бас өрөвдөж ийнхүү гэрээг байгуулсан. Хариуцагч нар нь энэхүү гэрээний нөхцөл болох 1.1-д алтны үндсэн орд газарт гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалт орох тохиолдолд хөрөнгө оруулагч талд хувьцаа эзэмшигчдийн хувьцаа нийлбэрээр нь 70-80 хувийг шилжүүлэн өгөх бол доод үнийг “...ам.доллараас буулгахгүй байх”, мөн 1.2-т “...хэрвээ хөрөнгө оруулагч талын хүсэлтээр хувьцаа эзэмшигчид хувьцаагаа 100 хувь шилжүүлэх тохиолдолд нийт хувьцааны доод үнийг “...ам.доллараас багагүй байх” гэсэн болзлуудыг тавьсан. Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т “Болзол нь хуулийн шаардлагад нийцээгүй буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш эсхүл илтэд биелэгдэх боломжгүй бол хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заажээ. Гэрээний 1.1 болон 1.2-т заасан “ам.доллараас буулгахгүй байх...” гэсэн болзлууд нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “...Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн. Гэрээ байгуулах үед үйлчилж байсан Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай /2006 он/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг...” , Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “...биет бус хөрөнгө” гэж биет шинж чанаргүй... өөрийнхөө эзэмшигчид эрх, давуу эрх, онцгой эрх олгож байгаа эдийн бус хөрөнгийг ойлгоно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-т тодорхой тусгасан байгаа. Дээрх зүйлээс үндэслэн “хувьцаа” нь бараа гэж үзэх үндэслэлтэй болно. Өөрөөр хэлбэл барааны үнийг ам доллараар илэрхийлэх нь хуульд харшилж байгаа тул энэхүү гэрээний 1,1 болон 1.2-т заасан нөхцөл болзол биелэгдэхгүй ойлгомжтой байх тул гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.-т “...Урьдчилгаа төлбөр хийгдсэн үед хувьцаа эзэмшигч нар хамгийн түрүүнд хоорондын тооцоогоо үл маргах журмаар барагдуулах..” гэсэн болзол нь Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “..Болзолд заасан үйл явдал хэзээ ч бий болохгүй нь илт болсон тохиолдолд болзол хүчин төгөлдөр бус болно...”. Хэдий Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 189.1-т “...Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй...” гэж заасан боловч гол нөхцөл нь “..талууд хуулийн хүрээнд” байхыг хуульчилсан болохыг шүүх анхааран үзнэ үү.  Иймд

а/ 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гурван талт зөвшилцлийн гэрээний 1.1-т заасан “...ам.доллараас буулгахгүй байх...” болон 1.2-т заасан “...ам.доллараас багагүй байх...” гэсэн болзол нь Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т заасан хуульд харшилсан болзол тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.

б/ Гэрээний 1.1 болон 1.2-т заасан заасан “...ам.доллараас...” гэсэн болзол хүчин төгөлдөр бус байх тул мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т “...Урьдчилгаа төлбөр хийгдсэн үед...” гэсэн болзол нь Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, Л.З нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаа бүрэн дэмжиж байна. 1/ С.Тгийн нэхэмжлэлтэй, “Нарийн гол гоулд” ХХК-д холбогдох, хамтран ажиллах гэрээний үүрэгт 1,500,000 ам.доллар буюу 2,156,205,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хянан хэлэлцээд 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн зохигчдын эвлэрлийг баталж 1772 дугаар захирамж гаргасан. С.М болон “Нарийн гол гоулд” ХХК-иуд нийтдээ 320,300,000 төгрөгийг С.Тд шилжүүлсэн байдаг. С.М болон “Нарийн гол гоулд” ХХК-иуд уг мөнгийг нэхэмжилж шүүхэд хандахдаа 330,300,000 төгрөг гэж буруу бичсэн байсныг залруулж байна. С.М Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх захирамжийг дахин хянуулахаар хүсэлт гаргасан ба захирамжийг дахин хянасан шүүгч захирамж нь илт үндэслэл муутай гэж үзэж 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 8376 дугаар захирамж гаргаж 1772 тоот захирамжийг  хүчингүй болгосон. Ингэснээр С.Т нь хууль бусаар, үндэслэлгүйгээр 320,300,000 төгрөг авсан болох нь ийнхүү тогтоогдсон. С.Т нь энэ мөнгийг хүлээн авч, өр төлбөртэй гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрсөн нь 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байгуулсан гурван талт гэрээний хоёрдугаар хавсралтаар бүрэн тогтоогдож байна. 1772 тоот шүүгчийн захирамжийн дагуу С.Тд иргэн Б.Мөнхбат, С.М, “Заамар хаан” ХХК, “Эрдмаш групп” ХХК-иуд зэрэг иргэд, хуулийн этгээдүүдээс 320,300,000 төгрөг шилжүүлсэн. “Нарийн гол гоулд” ХХК болон С.М нар дангаараа уг мөнгийг буцаан шаардах эрхтэй. Энэхүү шилжүүлсэн 320,300,000 төгрөгийг С.Тгаас өөрөө авахаар бусад хүмүүстэй харилцан тохирсон, энэ талаар тохирсон гэрээ, бичгийн баримтууд ч байгаа. Иймд С.Тгаас үндэслэлгүйгээр авсан төлбөр 320,300,000 төгрөгийг гаргуулж “Нарийн гол гоулд” ХХК, С.М нарт олгуулж өгнө үү.  

2/ “Нарийн гол гоулд” ХХК нь 3 гишүүнтэйгээр 2009 онд шинэчлэн байгуулагдаж иргэн С.Т 33,33 хувийн хувьцааг, иргэн Ж.Б 33,33 хувийн хувьцааг, С.М 33,34 хувийн хувьцааг тус тус эзэмшиж, гүйцэтгэх захирлаар С.М одоог хүртэл ажиллаж байна. Компанийн гүйцэтгэх захирлын хувьд компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2 удаа зарласан боловч эхний удаа хуралдаа хүрэлцэн ирээгүй, 2 дахь удаа дахин зарлан хурал 100 хувийн ирцтэйгээр эхэлсэн боловч С.Т, Ж.Б нар хурлыг хаяж явсан. Гэтэл С.Т, Ж.Б нар нь Компанийн тухай хуулийн 61.1.2,  61.4 дэх хэсгүүдийг зөрчиж 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ээлжит бус хурал хуралдуулах шийдвэр гаргаж, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, гүйцэтгэх захирлаар С.Тг томилсон. Иймд “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Т, Ж.Б нарын зарлан хуралдуулсан ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоож, хурлын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагыг бид гаргасан юм. 

3/ “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Т, Ж.Б нарын хувьцааны эрхийг С.Мийн нэр дээр буцаан шилжүүлэх шаардлагын хувьд өмгөөлөгч нарын зүгээс тухайлсан тайлбар байхгүй. Гэхдээ С.Мижидорж уг шаардлагыг гаргасан. Хариуцагч С.Т нь анх оруулсан хөрөнгө оруулалт буюу 500,000 ам долларын хүрээнд компанийн хувьцааг эзэмшихээр болсон, харин Ж.Б нэг ч төгрөг төлөөгүй компанийн 33.33 хувьцааг эзэмшсэн. “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Т, Ж.Б нар анх компанид орохдоо харилцан тохирсон ёсоор хөрөнгө оруулалтаа хугацаанд нь хийдэггүй.  Энэ байдлаас гарч болох хохирлыг мэдсээр байж үйл ажиллагааны зардал болох лицензийн төлбөр, татварын зэрэг өдөр тутмын компанийн төлбөрийг төлдөггүй, хувьцаа эзэмшигч С.Мид хүндрэл учруулдаг. Үүнтэй холбоотой компанийн санхүүгийн тайлан зэрэг баримтууд хэрэгт авагдсан байгаа. Иймд уг шаардлагаа бүрэн дэмжиж байгаа.

4/ Хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулагдсан гурван талт зөвшилцлийн гэрээний нөхцөл болох 1.1-д алтны үндсэн орд газарт гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалт орох тохиолдолд хөрөнгө оруулагч талд хувьцаа эзэмшигчдийн хувьцаа нийлбэрээр нь 70-80 хувийг шилжүүлэн өгөх бол доод үнийг “...ам.доллараас буулгахгүй байх”, мөн 1.2-т “...хэрвээ хөрөнгө оруулагч талын хүсэлтээр хувьцаа эзэмшигчид хувьцаагаа 100 хувь шилжүүлэх тохиолдолд нийт хувьцааны доод үнийг “...ам.доллараас багагүй байх” гэсэн болзлуудыг тавьсан. Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т “Болзол нь хуулийн шаардлагад нийцээгүй буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш эсхүл илтэд биелэгдэх боломжгүй бол хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заажээ. Гэрээний 1.1 болон 1.2-т заасан “ам.доллараас буулгахгүй байх...” гэсэн болзлууд нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “...Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн. Гэрээ байгуулах үед үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг...” , Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “...биет бус хөрөнгө” гэж биет шинж чанаргүй... өөрийнхөө эзэмшигчид эрх, давуу эрх, онцгой эрх олгож байгаа эдийн бус хөрөнгийг ойлгоно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-т тодорхой тусгасан байгаа. Дээрх зүйлээс үндэслэн “хувьцаа” нь бараа гэж үзэх үндэслэлтэй болно. Өөрөөр хэлбэл барааны үнийг ам доллараар илэрхийлэх нь хуульд харшилж байгаа тул энэхүү гэрээний 1,1 болон 1.2-т заасан нөхцөл болзол биелэгдэхгүй ойлгомжтой байх тул гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.-т “...Урьдчилгаа төлбөр хийгдсэн үед хувьцаа эзэмшигч нар хамгийн түрүүнд хоорондын тооцоогоо үл маргах журмаар барагдуулах..” гэсэн болзол нь Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “..Болзолд заасан үйл явдал хэзээ ч бий болохгүй нь илт болсон тохиолдолд болзол хүчин төгөлдөр бус болно...”. Хэдий Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 189.1-т “...Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй...” гэж заасан боловч гол нөхцөл нь “..талууд хуулийн хүрээнд” байхыг хуульчилсан. Иймд 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гурван талт зөвшилцлийн гэрээний 1.1-т заасан “...ам.доллараас буулгахгүй байх...” болон 1.2-т заасан “...ам.доллараас багагүй байх...” гэсэн болзол нь Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т заасан хуульд харшилсан болзол тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү. Мөн гэрээний 1.1 болон 1.2-т заасан заасан “...ам.доллараас...” гэсэн болзол хүчин төгөлдөр бус байх тул мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т “...Урьдчилгаа төлбөр хийгдсэн үед...” гэсэн болзол нь Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Энэ талаар шүүхэд гаргасан бичгийн тайлбараа бүрэн дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч С.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Гурван талт зөвшилцлийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.3-т заасан “Гэрээ байгуулснаас хойш хувьцаа эзэмшигч нар нь хөрөнгө оруулалт буцаах болон хувьцааны эзэмшлийн талаар маргаан гаргахгүй ба шүүх дээр байгаа нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлээсээ С.Т, С.М нар ажлын 5 хоногийн дотор татгалзах бөгөөд цаашид дахин маргаан гаргахгүй байх үүргийг хүлээнэ” гэсэн заалт, мөн гэрээний 2.1-д заасан “Урьдчилгаа төлбөр хийгдсэн үед хувьцаа эзэшигч нар хамгийн түрүүнд хоорондын тооцоогоо үл маргах журмаар барагдуулах гэсэн заалтыг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул энэ үндэслэлээр С.Мийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Компанийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, улмаар хувьцаа эзэмшигчдийн хооронд гурван талт зөвшилцлийн гэрээг байгуулж, мөрдөн ажиллах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Энэ хурлын шийдвэрийн үндсэн дээр “Нарийн гол гоулд” ХХК хувьцаа эзэмшигч нар нь энэ гэрээний 1.1 дэх хэсэгт “тус компанийн эзэмшлийн Төв аймгийн Заамар сумын нутагт орших 6364А, 7700А дугаартай лицензтэй алтны үндсэн орд газарт гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалт орох тохиолдолд хөрөнгө оруулагч талд хувьцаа эзэмшигчдийн хувьцааг нийлбэрээр нь 70-80 хувийг шилжүүлэн өгөх бол доод үнийг 3,000,000 ам.доллараас буулгахгүй байх, 1.2 дахь хэсэгт “Хэрвээ хөрөнгө оруулагч талын хүсэлтээр хувьцаа эзэмшигчид хувьцаагаа 100 хувь шилжүүлэх тохиолдолд нийт хувьцааны доод үнийг 6,000,000 ам.доллараас багагүй байх”, 1.5 дахь хэсэгт “Гэрээний 1.1, 1.2 дахь хэсэгт заасан нөхцлийн аль нэгээр нь хөрөнгө оруулагч талд хувьцаа шилжих тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 30-аас доошгүй хувийг урьдчилгаа төлбөр байдлаар хувьцаа эзэмшигч нар дундын данс нээлгэн шилжүүлэн авсан байх хатуу нөхцлийг баримталж, энэ нөхцөл хаагдсанаар хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх ажиллагааг эхлүүлнэ” гээд мөн гэрээний 2.1 дэх хэсэгт “Урьдчилгаа төлбөр хийгдсэн үед хувьцаа эзэмшигч нар хамгийн түрүүнд хоорондын тооцоогоо үл маргах журмаар барагдуулахаар тохиролцсон. Тиймээс энэ гэрээний дагуу манай “Нарийн гол гоулд” ХХК-д гадаад, дотоодын хөрөнгө оруулалт орж, хөрөнгө оруулалтын урьдчилгаа төлбөр хийгдсэн нөхцөлд л С.Т “Гурван талт зөвшилцлийн гэрээ”-ний хавсралт 1-д заасан 320,300,000 төгрөгийг төлөх нэг боломжтой. С.Мийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд Компанийн тухай хууль болон “Нарийн гол гоулд” ХХК-ийн дүрэмд заасны дагуу хувьцааны эрхээ хэнд, яаж шилжүүлэх нь зөвхөн хувьцаа эзэмшигч нарт өөрт нь байдаг эрх учир тус компанийн хувьцаа эзэмшигч хүмүүсийн хувьцааны эрхийг С.М нь хүчээр шилжүүлэн авах эрхгүй. Иймд түүний нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. С.М нь “Нарийн гол гоулд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2010 оны 6 дугаар сараас 2016 оны 7 дугаар сар хүртэл ажилласан 6 жилийн хугацаанд Компанийн тухай хууль болон тус компанийн дүрэмд заасан гүйцэтгэх захирлын эрх хэмжээг удаа дараа хэтрүүлэн, компанид маш их хэмжээгээр хохирол учруулсан, хувьцаа эзэмшигч нарт нэг ч удаа санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан тавьж байгаагүй, нэг ч төгрөгийн ногдол ашиг хуваарилж байгаагүйгээр компанийн гүйцэтгэх захирал байх эрхгүй нэгэн болсон. Бид 2016 оны 6 дугаар сард түүнд ээлжит бус хурал хуралдуулах шаардлагыг Компанийн тухай хуульд заасан журмын дагуу хүргүүлж, шаардлагыг үл хүндэтгэж, харин ч эсэргүүцсэн мэдэгдэл ирүүлсний эцэст хуульд заасан эрхийнхээ дагуу ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэр гаргаж, хурлаа хийн шийдвэрээ гаргасан. Түүний “Нарийн гол гоулд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болох ёстой. С.Мийг Компанийн тухай хуульд заасан үүргээ биелүүлж 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулах байх гэж бодож байсан боловч урьдын адил хуульд заасан журмыг зөрчсөөр явсан. Ийм маргаантай байсаар байхад 2016 оны компанийн ээлжит хурлыг ч хийхгүй явсаар хуульд заасан хугацааг дуусгасан. Хэл ам болсны эцэст хуульд заасан хугацаа дуусч байхад буюу 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 5 дугаар сарын 06-ны өдөр хийх болсныг мэдэгдэж, түүндээ хурлаар ойрын үед хийх ажлын талаар ярилцана гэсэн байсан. Ийнхүү С.Мийн хууль зөрчиж зарласан хуралд бид орж хууль ёсны шаардлага тавьснаар маргаан болж, уг хурал үр дүнд хүрээгүй. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар заавал хэлэлцэх асуудлыг тодруулж өгсөн байхад тэр асуудлыг биш зөвхөн  ойрын үед хийх ажлын талаар хэлэлцэх биш ярилцах талаар мэдэгдсэнийг компанийн ээлжит хурлын мэдэгдэл гэж үзэх учир дутагдалтай тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчийн болзол тавьсан хэлцлийн гэрээний зарим заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг зөвшөөрөхгүй. Гэрээнд заасан 3,000,000 ам доллар болон 5,000,000 ам доллар дээр ярьж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага тус бүрд тэмдэгтийн хураамж төлөх шаардлагыг тавьдаг. Тухайн хүчингүйд тооцуулах тухай хэлцэл нь 5,000,000 ам доллар байсан. 5,000,000 ам доллар нь нэхэмжлэл гаргах үеийн ханшаар ямар хэмжээтэй байсан энэ хэмжээнд тохируулж улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байх шаардлагыг хангасан байх ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас шүүх татгалзах ёстой гэж ойлгож байна. Ер нь бол бид нэхэмжлэгчийн шаардаад байгаа 320,300,000 төгрөгийг төлнө, гэхдээ уг мөнгийг хэн авах нь тодорхойгүй нөхцөлд буцаан төлөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн “Нарийн гол гоулд ХХК”-ийн ээлжит бус хурлын шийдвэрийн хувьд 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тус компанийн хувьцаа эзэмшигч нар ээлжит бус хурлыг хуралдуулах талаар саналаа гүйцэтгэх захирал С.Мид хүргүүлсэн байдаг. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2/3 нь оролцсон тохиолдолд хүчин төгөлдөр болох байсан. Хөрөнгө оруулалт хийгээгүй хувьцаа эзэмшигчдийн хувьд 33,33 хувийн хувьцааны хувьд хамтран ажиллах, компани үүсгэн байгуулна гэдэг тусдаа өөр ойлголт юм. Заавал эд хөрөнгө биш, өөрийн үйл ажиллагаагаараа хамтарч ажиллаж болно. Өнөөдрийн байдлаар 2010 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээ байдаг. Энэ гэрээ нь хүчин төгөлдөр байна. Ямар нэг байдлаар хөрөнгө оруулалт оруулаагүй гэдэг үндэслэлээр компанийн дүрэмт өөрчлөлт хийгээгүй байхад компанийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээг хүчин төгөлдөр байхад 33,33 хувийн хувьцааг авна гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм. “Нарийн гол гоулд” ХХК ямар үйл ажиллагаа явуулсан, ямар ашигтай байсан, хөрөнгө оруулаагүй гээд байгаа хувьцаа эзэмшигч нар компаниас ямар ашиг хүртсэн талаар ярих ёстой. Ашиглалтын тусгай зөвшөөрөлд 2 ашиглалтын талбайтай, энэ ашиглалтын талбайд хөрөнгө оруулсан гэдэг асуудал яригдаж байна. Энэ талбайг ашиглаад ямар ашигтай ажилласан, ямар ногдол ашиг хүртээсэн асуудал яригдах ёстой гэтэл энэ талаар баримт байхгүй байна. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд С.М гуай “Нарийн гол гоулд” ХХК-ийг төлөөлж байгаа. Өнөөдрийн асуудлыг хувьд иргэнийхээ хувьд нэхэмжлэл гаргаж байгаа. Урьд нь шүүхээс шийдсэн асуудлыг болиулахын тулд дээрх 3 хувьцаа эзэмшигч нь харилцан тохиролцож хийсэн болзолт гэрээ нь аливаа гэрээний хууль зүйн үр дагавар нь бий болсноор эрх зүйн факт үүснэ, талууд ийм нөхцөлөөр гуравдагч этгээдэд бүтнээр нь худалдахгүй, хувьцаагаа хэсэгчлэн 70-80 хувийг нь ам доллараас буулгахгүй гэсэн тооцооны асуудал яригддаг. 33.33 хувийн хувьцаагаа шаардах эрх байгаа эсэх, энэ нь маргааны өөр нэг төрөл юм. Нэхэмжлэгч хувьцааг бараа гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж байна. Бараа гэдэг нь эдийн засгийн утгаараа нэмүү өртөг шингээж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ойлгодог. Хувьцааг нэмүү өртөг шингээсэн гэж ярьж болох эсэх, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд зааснаас арай өөрөөр зохигчид хоорондоо хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцсон байх ёстой гэж харж байна. Шүүхээс дээрх гурван шаардлагыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх хангагдах гэж байгаа, ямар эрх нь зөрчигдөх гэж байгаа юм бэ гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй, хариуцагч нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчсөн юм бэ гэдэг асуудлыг шүүх шийдэх ёстой байх. Зөрчигдсөн эрхийг таслан зогсоох асуудал яригдах байх. Өнөөдрийн байдлаар эзэмшиж байгаа хувьцаагаа гуравдагч этгээдэд зарах эрх нь нээгдсэн байдаг. Шүүх дээр маргаж байгаа асуудлаас болж гуравдагч этгээд нарт зарах боломж нь хаагдсан байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд Компанийн тухай хуулийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу “компанийн санхүүгийн жил дуусахаас 4 сарын өмнө компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд тухайн компанид төлөөлөн удирдах зөвлөл байхгүй тохиолдолд гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болно” гэдэг 2011 оноос хойш компанийн хувьцаа эзэмшигчид компанийн гүйцэтгэх захирал хувьцаа эзэмшигчдийн хурлыг тайлан хэлцлээр хэлэлцүүлсэн зүйл байхгүй, хуулийн хугацаа өнгөрсөн байгаа тохиолдолд тухайн компанийн бүрэн эрх дуусгавар болно гэдэг нь Татварын тухай хуульд  заасны дагуу 6 дугаар сарын 15-ны дотор компанийн хувьцаа эзэмшигчдийг хуралдуулаагүй байгаа энэ тохиолдолд гүйцэтгэх захирал нь компанийг удирдах ёстой. Гүйцэтгэх захирлын үндсэн үүрэг бол хувьцаа эзэмшигч, компанийг ашигтай ажиллуулах үүргийг хүлээдэг. Түүнээс биш би хөрөнгөө оруулсан, эд нар оруулахгүй байна гэдэг асуудал бол энэ асуудалд хамаарах эрх зүйн харилцаа биш. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч С.Т, Ж.Б нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: С.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ Ж.Б, С.Т биднийг хариуцагчаар татан “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Т, Ж.Б нарын зарлаж хуралдуулсан ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоон хурлын шийдвэрийг хүчингүй болгох, хөрөнгө оруулалт хийдэггүй хувьцаа эзэмшигч нарын хувьцааны эрхийг иргэн С.М миний нэр дээр шилжүүлж өгнө үү  гэжээ. С.М нь “Нарийн гол гоулд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2010 оны 6 дугаар сараас 2016 оны 7 дугаар сар хүртэл ажилласан 6 жилийн хугацаанд Компанийн тухай  хууль болон компанийн дүрэмд заасан гүйцэтгэх захирлын эрх хэмжээг удаа дараа хэтрүүлэн, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэргүйгээр компанийн эзэмшлийн Төв аймгийн Заамар сумын нутагт орших 6364А, 7700А лицензтэй талбайд дураараа олборлолт явуулж, олборлосон алтыг хувьдаа авах, мөн бусад аж ахуйн нэгж компанитай хамтран ажиллах гэрээг компанийн дүрэмд заасан эрх хэмжээг хэтрүүлэн байгуулж, их хэмжээний мөнгө хувьдаа авч завшсан зэрэг үйл ажиллагаа явуулж, компанид маш их хэмжээгээр хохирол учруулсан, компанийн хувьцаа эзэмшигч нарт нэг ч удаа санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан тавьж байгаагүй, хувьцаа эзэмшигч нарт нэг ч төгрөгийн ногдол ашиг хувиарлаж байгаагүйгээрээ компанийн гүйцэтгэх захирал байх эрхгүй нэгэн болсон билээ. Бид энэ олон жилийн хууль бус үйлдлийг нь тэвчсэний эцэст арга мухардахдаа 2016 оны 6 дугаар сард түүнд ээлжит бус хурал хуралдуулах шаардлагыг Компанийн тухай хуульд заасан журмын дагуу хүргүүлж, шаардлагыг үл хүндэтгэж, харин ч эсэргүүцсэн мэдэгдэл ирүүлсний эцэст хуульд заасан эрхийнхээ дагуу ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэр гаргаж, хурлаа хийж шийдвэрээ гаргасан. Энэ ажиллагааны явцад хууль зөрчсөн нэгээхэн ч алхам хийгдээгүй бөгөөд бүх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэдэг нь нэхэмжлэгч С.Мийн өөрийнх нь нэхэмжлэлдээ хавсаргасан баримтаас тодорхой харагдах байх гэдэгт итгэж байна. С.М нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Компанийн тухай хуульд заасан хугацаанд зарлаагүй энэ олон жил явсан болохоор түүний “Нарийн гол гоулд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар аль 2011 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болох ёстой. Тийм ч учраас бид 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ээлжит бус хурал хүртэл хийж гүйцэтгэх удирдлагыг сольсон бөгөөд үүнийг эсэргүүцэж С.М нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд энэ ээлжит бус хурлыг болон түүнээс гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлээсэ татгалзсаны учир Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2015/02182 дугаар захирамж гарсан билээ. Тийм болохоор өнөө хэр “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит бус хурал, түүний шийдвэр хүчинтэй хэвээр байгаа. Нэгэнт хуульд заасан хугацаа дөхөж байсан болохоор бид маргааныг аль болох сунжруулахгүй байх үүднээс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн захирамж гарахад саад тотгор болоогүй. С.Мийг Компанийн тухай хуульд заасан үүргээ биелүүлж 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулах байх гэж бодож байсан боловч мөн л урьдын адил хуульд заасан журмыг зөрчсөөр явсан. Ийм учраас компанийн хувь заяаны төлөөх маргаан бас л үргэлжилсээр, С.М хууль зөрчсөөр, эрх мэдлээ хэтрүүлсээр ирсэн. Ийм маргаантай байсаар байхад 2016 оны компаний ээлжит хурлыг ч хийхгүй явсаар хуульд заасан хугацааг дуусгасан нь түүнийг хэн болохыг харуулах нэг томоохон баримт гэж үзэж байна. Хэрүүл, тэмцэл, хэл ам болсны эцэст хуульд заасан хугацаа дуусаж байхад буюу 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 15:00 цагт, “Метробизнес” төвийн 12 дугаар давхарт 1201 тоотод хийх болсныг үүгээр хүргэж байна. Хурлаар ойрын үед хийх ажлын талаар ярилцана гэсэн мэдэгдэл ирүүлж байснаа хэрэгт хавсаргасан байна. Тийм болохоор бид С.Мийн хэлсэнчлэн хууль зөрчиж зарласан хуралд орж хууль ёсны шаардлага тавьснаар маргаан болж уг хурал үр дүнд хүрээгүй юм. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.11-д “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар энэ хуулийн 62.1.9-д заасан асуудлыг заавал хэлэлцэнэ” гэсэн байдаг бөгөөд 62 дугаар зүйлийн 62.1.9-д “Компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах” гэж хувьцаа эзэмшигчдийн хурлаар заавал хэлэлцэх асуудлыг тодруулж өгсөн байхад тэр асуудлыг биш зөвхөн ойрын үед хийх ажлын талаар хэлэлцэх биш ярилцах талаар мэдэгдсэнийг компанийн “ээлжит хурал”-ын мэдэгдэл гэж үзэх учир дутагдалтай юм. Бид тэр үед ч, өнөөдөр ч Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д заасан хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэрт “хурлын хэлэлцэх асуудал, хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт, хурлын дарга, тооллогын комиссын дарга, гишүүд”-ийн талаар заах ёстой хуулийн шаардлагыг дөвийлгөж маргалдаагүй. Гагцхүү компанийн тайлант жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг л хэлэлцэхийг хүссэн юм. Гэтэл хуульд заасан хугацаа өнгөрүүлэн байж зарласан хурал нь ямархуу байдлаар зарлагдсан нь нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргаж өгсөн баримтаас тов тодорхой харагдаж байгаа билээ. Ийм байдал удаан үргэлжлээд байсан болохоор л компанийн 33.33 хувийн хувьцаа эзэмшигч Ж.Б, 33.33 хувийн хувьцаа эзэмшигч С.Т бид хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шаардлагыг С.Мид тавьсан боловч тэрээр Компанийн тухай хуульд заасны дагуу ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай шийдвэрийг гаргаагүй. Иймд шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчид бид Компанийн тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн “ээлжит бус” хурлыг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хуралдуулахаар шийдвэр гаргаж, уг шийдвэрийг 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хувьцаа эзэмшигч С.Мид хүргүүлсэн боловч тэрээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Тиймээс “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Б, С.Т бид 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит бус хурлыг Компанийн тухай хуульд заасны дагуу хуралдуулж, хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн саналаар хувьцаа эзэмшигч С.Тг гүйцэтгэх захирлаар сонгосон. Энэ хурлын шийдвэр нь хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн саналаар батлагдан хүчин төгөлдөр болсон. Энэ бүх үндэслэлд тулгуурлаж С.Мийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-ын “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл/байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно” гэсэн заалтыг удирдплага болгон мөн зүйлийн 59.4-ийн “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл/байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна”  гэсэн заалтыг зөрчиж 2011-2016 оны компанийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй С.Мийн гүйцэтгэх захирлын “бүрэн эрх дуусгавар болсон”-ыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.М  сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Өнгөрсөн 6 жилийн хугацаанд ямар нэгэн зөрчил гаргасан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зүйлгүй болохыг тогтоосон. С.М би энэ гүтгэлэгт ямар нэгэн буруугүй болохыг тогтоож Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2015/02182 дугаар бүхий захирамж, тус шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигч нарын /С.Т нь С.Мид төлөх өрийн хавсралт, Ж.Б нь С.Мид төлөх өрийн хавсралт, С.Т болон Ж.Б нарын С.Мид төлөх өрүүдийн хавсралт №3/ баталгаажсан “Гурван талт зөвшилцлийн гэрээ”-нд тодорхой байгаа. Тус гэрээ нь компанид үүссэн сүүлийн үеийн нөхцөл байдлыг үнэн зөвөөр дүгнэж 3 хувьцаа эзэмшигч нар харилцан зөвшилцөж баталгаажуулсан, одоо хүртэл хүчин төгөлдөр баримт юм. Ж.Б нарын гаргаж буй ёс бус үйлдлүүд нь удаа дараа цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаар тогтоогдсон байхад хуулийн байгууллагуудыг ажилгүй мэтээр үзэж, төөрөгдүүлсээр байгаа нь тодорхой байна. Энэ бүх үйлдэл нь гэрээгээр хүлээсэн өр төлбөрөө төлөхгүйн тулд компаний эрх мэдлийг булаан авч улмаар зарж борлуулах санаатай байгаа юм.

Иргэн С.М нь дураараа алт олборлолт огт явуулаагүйг хүн бүхэн мэднэ. 1 грамм ч алт тушааж үзээгүй. “Заамар Хаан” ХХК, “Нью Перл” ХХК нартай байгуулсан гэрээг хувьцаа эзэмшигч С.Т болон Ж.Б, С.М нар гурвуулаа зөвшөөрч баталгаажуулсан. Энэ тухай Төв аймгийн цагдаагийн байгууллагын шалгалтын дагуу гарсан прокурорын №870 тогтоолд тодорхой байгаа. Харин гэрээгээр ажилласан “Заамар Хаан” ХХК-иас орсон 320,300,000 төгрөгийг С.Т ганцаараа аван хэрэглэж компанийг их хэмжээний хохиролд оруулаад байгаа. Дээр нь С.Моос 10,000,000 төгрөгийг нэмж аван эмчилгээнд явж ирээд бүгдийг буцаан төлнө гэсэн боловч өдийг хүртэл төлж барагдуулаагүй байгаа болно. Тэгэхээр С.М нь компанийг их хэмжээний хохиролд оруулаагүй, харин С.Т нь их хэмжээний хохиролд оруулсан нь баримтуудаар батлагдсан байна.

Он оны санхүүгийн тайланг аудитын дүгнэлттэйгээр цаг тухай бүрт нь хүргүүлж байсан баримтуудыг С.Мийн нэхэмжлэлийн материалд оруулсан байгаа. Ер нь “Нарийн гол гоулд” ХХК нь дээрх гэрээнүүдээс өөр олборлолт явуулж байгаагүй, олборлолт явуулахын тулд их хэмжээний хөрөнгө, техник, хүн хүч, бичиг баримт бүрдүүлэлт гээд ямар их зардал гардгийг ямар ч хүн ойлгоно. Ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй байж ногдол ашиг өгөөгүй гэж байгаа хүн ямар хүн болох нь тодорхой байна. Хувьцаа эзэмшигч нь зөвхөн ашиг хараад суух бус уул уурхайн салбарын ажлын онцлогын талаарх мэдлэг, их хэмжээний хөрөнгө оруулалт зэрэг нь хэрэг болдог талаар наад захын ойлголттой байх шаардлагатай. Ямар ч хүн мэдэх нэгэн зүйл бол хөрөнгө оруулалт хийж байж үйл ажиллагаа явагдаж улмаар ашиг олох эсэх нь шийдэгдцэг хөдөлмөрийн шудрага зарчмыг ойлгохыг хүсэхгүй байгаа хүнийг яах ёстой вэ гэдэг асуудал гарч байна.

Энэ бүх хугацаанд 6364А, 7700А тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилийн төлбөрүүдийг иргэн Мижиддорж миний бие дангаараа төлж байсан. Хувьцаа эзэмшигч нар болох Ж.Б, С.Т нар нь нэг ч удаа төлбөр төлөөгүй, өөрсдөд ногдох хувьцаандаа тохирсон хөрөнгө оруулалт нэг ч удаа хийгээгүй компаниас хувь авах тал дээр байнга маргаан гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийн 2 дугаар хэсэгт С.М нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг заасан хугацаанд зарлаагүй энэ олон жил явсан болохоор түүний “Нарийн гол гоулд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх нь Компанийн тухай хуулийн 59.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болох ёстой гэжээ. Энэ нь ор үндэсгүй худал зүйл юм. Үе үеийн хурлын протоколууд байгаа. Үүнийг ихэнх тохиолдолд иргэн С.Т өөрөө бичиж хөтөлсөн байдаг. Бид хурлыг хангалттай хийдэг байсан ч хурал болгонд хөрөнгө оруулалт, төлбөр тооцооны тухай хэлэлцдэг ч хувьцаа эзэмшигч С.Т, Ж.Б нар нь төлбөр тооцоог хийдэггүй.   Ээлжит хурлыг 2016 он гарснаас хойш 3 удаа зарлаж байсан. 2016 оны 02 дугаар сарын 25-нд хувьцаа эзэмшигч нарын хурал зарласан боловч хувьцаа эзэмшигч Ж.Б хуралдаа ирээгүй, хувьцаа эзэмшигч С.Т нь үл таних 2 хүнтэй хамт ирэн хурлыг санаатайгаар үймүүлж, хурал хуралдуулахгүй байх талаар зорилгоо биелүүлээд хурлыг орхин явсан. 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр зар хүргүүлсэн боловч хувьцаа эзэмшигч С.Т, Ж.Б нар нь хуралдаа ирээгүй. 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ээлжит хурал хуралдуулах шуудан хүргүүлж 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 15 цагт хурал хувьцаа эзэмшигчидийн 100 хувийн ирцтэй эхэлсэн боловч хурлаар хэлэцэх асуудлын 1 дүгээрт заасны дагуу санхүүгийн тайлан, компанийн хэвийн үйл ажиллагаа хангах өр авлагын талаар хэлэлцэх үед хувьцаа эзэмшигч С.Т, Ж.Б нар нь санаатайгаар хурал үймүүлэн хурлыг хаяж явсан. Энэ бүхний нотлох баримтууд байгаа бөгөөд хурлын товыг мэдэгдэж байсан зар, хэлэлцэх асуудал, тайлан тэнцлийг тухай бүрт явуулж байсан шуудангийн баримтууд, цахим хэлбэрээр хүргүүлж байсан баримтуудыг хавсаргасан байгаа.

Хурал зарласан үед ирдэггүй, ирсэн үедээ яаж санаатайгаар хурал үймүүлэн хаяж явсан бичлэг хэрэгт байна. Төлбөр тооцоогоо төлөхгүйгээр үл барам гарч буй бүх төлбөр тооцоог иргэн С.Моор төлүүлсээр өдий хүрлээ. Дээрх төлбөр тооцоог барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн боловч өдий хүртэл барагдуулаагүйгээр үл барам төлөхгүй байхын тулд компанийн эрх мэдлийг ямар нэгэн аргаар булаан авч зарж борлуулах зорилгоор аливаа үйлдлийг ямар нэгэн нотлох баримтгүйгээр эрээ цээргүй гүтгэлгийн шинж чанартай хийж байгааг нь анхаарна уу. Хувьцаа эзэмшигч С.Т, Ж.Б нар нь Компанийн тухай хуулийн 61.1.2-д зааснаар хувьцаа эзэмшигч нар нь ээлжит бус хурал хуралдуулах санал, шаардлага гаргах эрхтэй боловч, хурлын тов зарлах эрхгүй, мөн хуулийн 61.4-т зааснаар компанийн гүйцэтгэх удирдлага ээлжит бус хурал хуралдуулах эсэх талаар ажлын 10 хоногт багтаан шийдвэр гаргана гэж заасныг зөрчиж 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Компанийн тухай 61 дүгээр зүйлийн 61.4-т заасныг зөрчиж 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж гүйцэтгэх захирал миний шийдвэргүйгээр ээлжит бус хурал хуралдуулах талаар шийдвэр гарган хуралдаж гүйцэтгэх захирлаар С.Т өөрийгөө томилсон байх тул энэ нь хүчин төгөлдөр бус тухай Төв аймгийн прокурорын тогтоол №870-д тодорхой байгаа.

Хувьцаа эзэмшигч С.Т, Ж.Б нар нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-д заасны дагуу “хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлагад/ гаргах эрхтэй” гэж заасны дагуу санал, шаардлагыг компанийн гүйцэтгэх удирдлагад тавих эрх бүхий этгээд боловч хуралдуулах эсэх талаар шийдвэрийг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт “төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийи хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана” гэж заасанчлан компанийн гүйцэтгэх удирдлага гаргахаар хуульчилсан. С.Т, Ж.Б нар нь шаардлагаа 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн нь Сонгуулийн тухай хуулинд зааснаар бүх нийтийн амралтын өдөр байх тул 30-ны өдөр хүлээн авснаар тооцоход 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэх удирдлагын шийдвэр гаргах хуулийн хугацаа дуусах байсан. Гэтэл С.Т, Ж.Б нар нь 2016 оны 07 сарын 04 өдөр 14 цагт хууль бусаар ээлжит бус хурал хуралдуулсан нь тухайн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр нь хуульд нийцэхгүй болох нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.9 дэх хэсэгт заасны дагуу компанийн гүйцэтгэх удирдлага нь эрх бүхий хувьцаа эзэмшигчээс гаргасан санал, шаардлага хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргах, санал, шаардлага хүлээн авсан өдрөөс хойш ажлын 45 хоногийн дотор тухайн хурлыг хуралдуулах эрх нь гүйцэтгэх удирдлагад хадгалагдахаар хуульчлагдсан байхад хувьцаа эзэмшигч Ж.Б нь ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэр гаргаж, хуралдуулсан нь шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд С.Т, Ж.Б нарын хувьцаа эзэмшигчидийн ээлжит бус хурал хуралдуулах шийдвэр нь Компанийн тухай хууль болон компанийн дүрэм, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан гурван талт зөвшилцлийн гэрээнд заасан өр төлбөрөө төлөхгүйн тулд компанийн эрхийг хууль бус аргаар удаа дараа булаан авах зорилготой үйлдэл хийж байгаа тул Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-т заасныг баримтлан “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит бус хурлыг болон түүнээс гарсан шийдвэрүүд нь хүчингүй болно гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.М болон “Нарийн нол гоулд” ХХК-иуд нь хариуцагч С.Тгаас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 320,300,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч С.М “Нарийн гол гоулд” ХХК-ийн тус бүр 33.33 хувийн хувьцаа эзэмшигч С.Т, Ж.Б нарт холбогдуулан эдгээр хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр зарлан хуралдуулсан ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоон, хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, хөрөнгө оруулалт хийдэггүй, компанийн зардлыг хуваан төлөлцөж, хариуцдаггүй хувьцаа эзэмшигч болох С.Т, Ж.Б нарын хувьцааны эрхийг С.Мийн нэр дээр шилжүүлүүлэх, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гурван талт зөвшилцлийн гэрээний 1.1-т заасан “...ам.доллараас буулгахгүй байх...” болон 1.2-т заасан “...ам.доллараас багагүй байх...” гэсэн болзол нь Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т заасан хуульд харшилсан болзол тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гурван талт зөвшилцлийн гэрээний 1.1 болон 1.2-т заасан заасан “...ам.доллараас...” гэсэн болзол хүчин төгөлдөр бус байх тул мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т “...урьдчилгаа төлбөр хийгдсэн үед...” гэсэн болзол нь Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагуудыг тус тус гаргасан. 

 

Хариуцагч нарын зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь эс зөвшөөрч, улмаар С.Мийн “Нарийн нол гоулд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Үндсэн нэхэмжлэл:

 

1/ С.Тгаас 320,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.М болон “Нарийн нол гоулд” ХХК-иудын шаардлагын хувьд:

 

2009 онд С.Т нь Төв аймгийн Заамар сумын “Нарийн гол” нэртэй газарт ашигт малтмал ашиглалтын 6364А, 7700А тоот тусгай зөвшөөрөлтэй этгээд буюу С.Мийн “Эрдмаш” ХХК болон “Нарийн гол гоулд” ХХК-иудад 500,000 америк долларын хөрөнгө оруулалт хийж, бичгээр гэрээ байгуулсан байна. Улмаар өөрийн оруулсан 500,000 америк долларын хүрээнд “Нарийн гол гоулд” ХХК-д хувьцаа эзэмших болсон нь хэрэгт авагдсан 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Нарийн гол гоулд” ХХК-ийг үүсгэн байгуулах тухай хурлын протокол, мөн өдрийн “Нарийн гол гоулд” ХХК-ийг байгуулах тухай үүсгэн байгуулагчдын хооронд хийсэн гэрээ, 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын №2 тоот шийдвэр зэрэг баримтууд болон зохигчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна. 

 

С.Т 2013 онд “Эрдмаш” ХХК, “Нарийн гол гоулд” ХХК-иудад холбогдуулан, “...С.М нь миний оруулсан хөрөнгө оруулалтыг зориулалтын дагуу ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хамтран ажиллах гэрээний үүрэгт 1,500,000 ам.доллар буюу 2,156,205,000 төгрөг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрснээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн, 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1772 дугаар шүүгчийн захирамжаар “Эрдмаш” ХХК, “Нарийн гол гоулд” ХХК-иудаас 1,200,000 ам.долларыг С.Тд төлөхөөр тохирч эвлэрснийг баталсан байна.

 

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, төлбөр авагч С.Тд 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Заамар хаан” ХХК, С.М нараас 30,000,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “Нарийн гол гоулд” ХХК, С.М, Б.Мөнхбат нараас 88,000,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “Нарийн гол гоулд” ХХК болон Б.Мөнхбатаас 180,300,000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Б.Мөнхбат, “Нарийн гол гоулд” ХХК-иас 12,000,000 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Эрдмаш групп” ХХК-ийн захирал С.Моос 10,000,000 төгрөг, нийт 320,300,000 төгрөг төлөгджээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 8376/ч тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1772 тоот “Зохигчдын эвлэрлийг батлах тухай” шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг үндэслэж хүчингүй болгожээ.  

 

Нэгэнт талуудын эвлэрлийг баталсан 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1772 дугаар шүүгчийн захирамж хүчингүй болсон тул С.Т нь “Нарийн гол гоулд” ХХК болон “Эрдмаш” ХХК-д холбогдуулан, хамтран ажиллах гэрээний үүрэгт 1,500,000 ам.доллар буюу 2,156,205,000 төгрөгийг шаардаж Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байна.

 

Дээрх маргааныг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч С.Т болон “Эрдмаш” ХХК-иуд шүүхэд гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлээсээ “...Нарийн гол гоулд ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит бус хурлаараа гурван талт зөвшилцлийн гэрээ байгуулсан” гэсэн үндэслэлээр татгалзсаныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 1678 дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 

 

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд 320,300,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ “...С.Т нь хүчингүй болсон, хууль бус захирамжийн үндсэн дээр уг мөнгийг олж авсан”, “...2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулсан гурван талт зөвшилцлийн гэрээний хавсралтаар С.Т нь 320,300,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн” гэжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч С.Т нь 320,300,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн агуулгаар шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг  үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэнд хөрөнгө шилжүүлсэн тал нь уг зүйлийг олж авсан талаас хөрөнгөө буцаан  шаардах эрхтэй байдаг.

 

Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар буюу тус компанийн 33.34 хувийн хувьцааг эзэмшигч С.М, 33.33 хувийн хувьцааг эзэмшигч С.Т, 33.33 хувийн хувьцааг эзэмшигч Ж.Б нар “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гурван талт зөвшилцлийн гэрээ байгуулсан ба уг гэрээгээр маргаан бүхий дээрх төлбөр /320,300,000 төгрөг/-ийн талаар тохирсон байна.

 

Тодруулбал, дээрх гэрээний 1.1-д “Нарийн гол гоулд ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Заамар сумын нутагт орших 6364А, 7700А дугаартай лицензтэй алтны үндсэн орд газарт гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалт орох тохиолдолд хөрөнгө оруулагч талд хувьцаа эзэмшигчдийн хувьцааг нийлбэрээр нь 70-80 хувийг шилжүүлэн өгөх бол доод үнийг 3,000,000 ам.доллараас буулгахгүй байх” гэж,

мөн гэрээний 1.2-т “Хэрвээ хөрөнгө оруулагч талын хүсэлтээр хувьцаа эзэмшигчид хувьцаагаа 100 хувь шилжүүлэх тохиолдолд нийт хувьцааны доод үнийг 6,000,000 ам.доллараас багагүй байх” гэж,

гэрээний 2.1-д “Урьдчилгаа төлбөр хийгдсэн үед хувьцаа эзэмшигч нар хамгийн түрүүнд хоорондын тооцоогоо үл маргах журмаар барагдуулах /С.Т, С.М нарын хоорондын тооцоог 1 дүгээр хавсралтад.../-аар тусгайлан заасан байна. 

 

2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гурван талт зөвшилцлийн гэрээгээр хувьцаа эзэмшигч  С.М, С.Т, Ж.Б нар өөрсдийн хооронд үүссэн өр, авлагийн асуудлыг хэрхэн төлж барагдуулахыг харилцан тохирсон байдал нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасантай харшлаагүй, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

 

Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан. Харин нэхэмжлэгч С.М болон “Нарийн нол гоулд” ХХК-иуд нь гурван талт зөвшилцлийн гэрээний үүрэг болох 320,300,000 төгрөгийг С.Тгаас шаардах эрхгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Учир нь гурван талт зөвшилцлийн гэрээний 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар “Нарийн гол гоулд” ХХК-ийн алтны үндсэн орд газарт гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалт орсон, хувьцаа эзэмшигчид компанийн хувьцаагаа хөрөнгө оруулагчид шилжүүлсэн нөхцөл байдал үүсээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс уг мөнгийг шаардах эрх үүсэхгүй, С.Т нь хүчингүй болсон шүүгчийн захирамжийн хүрээнд 320,300,000 төгрөгийг авсан гэж үзэх үндэслэлтэй ч уг мөнгөний талаар С.М болон С.Т нар гурван талт зөвшилцлийн гэрээний хүрээнд харилцан тохирсон байна гэж шүүхээс үзлээ. 

 

Нөгөөтэйгүүр, шүүгчийн захирамжийн дагуу С.Тд иргэн Б.Мөнхбат, С.М, “Заамар хаан” ХХК, “Эрдмаш групп” ХХК-иуд зэрэг иргэд, хуулийн этгээдүүдээс 320,300,000 төгрөг шилжүүлсэн болох нь Төрийн болон Голомт банкны орлогын мэдүүлгүүд, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, зохигчийн тайлбаруудаар тогтоогдож байх бөгөөд “Нарийн гол гоулд” ХХК болон С.М нар дангаар уг мөнгийг буцаан шаардах эрхтэйг нотлох баримт хэрэгт байхгүй, С.Мийн шүүх хуралдаанд гаргасан “...би 320,300,000 төгрөгийг С.Тгаас өөрөө авна гэж бусад хүмүүстэй тохирсон, энэ талаар тохирсон гэрээ, бичгийн баримтууд ч байгаа” гэх тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

2/ 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Нарийн нол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гурван талт зөвшилцлийн гэрээний зарим заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага;

 

С.М нь 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Нарийн нол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гурван талт зөвшилцлийн гэрээний 1.1-т заасан “...ам.доллараас буулгахгүй байх...” болон 1.2-т заасан “...ам.доллараас багагүй байх...” гэсэн болзол нь Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т заасан хуульд харшилсан болзол тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Нарийн нол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гурван талт зөвшилцлийн гэрээний 1.1 болон 1.2-т заасан заасан “...ам.доллараас...” гэсэн болзол хүчин төгөлдөр бус байх тул мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т “...Урьдчилгаа төлбөр хийгдсэн үед...” гэсэн болзол нь Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж гаргасан. 

 

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шаардлагын үндэслэлээ “...Гурван талт зөвшилцлийн гэрээний зарим заалтуудад хувьцаа эзэмшигчдийн хувьцааг бусдад шилжүүлэх бол төлбөрийг ам доллараар хийх агуулга бүхий заалт, болзлууд байгаа. Эдгээр болзлууд нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4 дэх хэсгүүдийг зөрчсөн тул хүчин төгөлдөр бус юм” гэж тайлбарлажээ.

 

Дээр дурдсанчлан 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Нарийн нол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гурван талт зөвшилцлийн гэрээ нь хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах боломжгүй.

 

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно”, 4.4-т “Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно” гэж тус тус заасан.

 

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн дээрх зохицуулалт нь барааны үнэ, үйлчилгээний төлбөрийг гадаад валютаар тодорхойлон тохиролцсоныг шууд хориглосон бус харин төлбөр тооцоог гадаад валютаар биш мөнгөн төгрөгөөр хийх агуулгатай бөгөөд гурван талт зөвшилцлийн гэрээний холбогдох заалтууд бодитоор хэрэгжсэн нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй, талуудын “6364А, 7700А дугаартай лицензтэй алтны орд газарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт орох, мөн хувьцааг шилжүүлэх тохиолдолд шилжүүлэн өгөх доод үнийг гадаад валютаар тогтоосон” гэсэн агуулга бүхий тохиролцоог буруутгах боломжгүй гэж шүүх үзлээ.    

 

3/ С.Т, Ж.Б нарын хувьцааны эрхийг С.Мийн нэр дээр шилжүүлүүлэх шаардлага;

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд дээрх шаардлагын үндэслэлийг тодруулахад С.М өөрийн шаардлагын үндэслэлээ “...С.Тд түүний анх компанид хөрөнгө оруулсан 500,000 ам долларыг буцаан төлж чадаагүй учир уг 500,000 ам долларын хүрээнд компанийн хувьцааг эзэмшүүлэхээр болсон, харин Ж.Бтай найз нөхөд байсан учир тэрээр нэг ч төгрөг төлөөгүй, компанийн 33.33 хувьцааг эзэмшсэн. Тэд анх надаас хамтран ажиллахаар тохирч компанийн хувьцааг авчихаад одоо тохирсон ёсоороо хөрөнгө оруулалтаа хийдэггүй, төлөх ёстой төлбөрийг төлдөггүй, хүндрэл чирэгдэл учруулдаг тул би хувьцаагаа буцааж авна” гэж тайлбарласан.

 

“Эрдмаш” ХХК-ийн захирал С.Мтой харилцан тохирсны үндсэн дээр Төв аймгийн Заамар сумын нутаг дахь “Нарийн гол гоулд” ХХК-ийн эзэмшилд байгаа ашигт малтмалын 6364А, 7700А лицензийг ашиглах зорилгоор анх 500,000 ам долларын хөрөнгө оруулалт хийж байсан талаар гаргасан С.Тгийн нэхэмжлэл болон тайлбар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 1678 дугаар “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлах тухай” захирамжид тусгагджээ.

 

Мөн 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Нарийн гол гоулд” ХХК-ийн дүрмийн санд эзэмших хувийг өөрчлөх тухай хувь нийлүүлэгчдийн байгуулсан “гэрээ№2”-т зааснаас үзэхэд С.М, Ж.Б, С.Т нар “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцааг 33.33, 33.33, 33.34 хувиар хуваарилж, цаашид хамтран ажиллахаар тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”, 477 дугаар зүйлийн 477.1-л “Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна”, 477.2-т “Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно” гэж тус тус заасан.

 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд С.М, Ж.Б, С.Т нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, өөрөөр хэлбэл С.М, Ж.Б, С.Т нар өөрсдийн оруулсан хувь хэмжээ зэргийг харгалзан үзэж, компанийн цаашдын үйл ажиллагааг хамт хэрэгжүүлэх зорилгоор харилцан зөвшилцсөний үндсэн дээр “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцааг 33.33, 33.33, 33.34 хувиар хуваарилсан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас дүгнэхэд С.М нь С.Т болон Ж.Б нар хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн гэж үзэн өөрийн шилжүүлсэн гэх хувьцааны эрхээ буцаан шаардаж байх ба шүүхээс уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хүчин төгөлдөр гэрээний харилцаанд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх, нэг тал үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, бөгөөд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй болно.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч өөрийн шаардлагаа баримтаар нотлох үүрэгтэй болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан бөгөөд  нэхэмжлэгч С.Мийн “...С.Т нар хамтран ажиллахаар тохирч компанийн хувьцааг авчихаад одоо тохирсон ёсоороо хөрөнгө оруулалтаа хийдэггүй, төлөх ёстой төлбөрийг төлдөггүй, хүндрэл чирэгдэл учруулдаг тул би хувьцаагаа буцааж авна” гэх тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. 

 

Иймд түүний С.Т, Ж.Б нарын хувьцааны эрхийг С.Мийн нэр дээр шилжүүлүүлэх тухай шаардлагыг хангах боломжгүй. 

 

4/ “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Т, Ж.Б нарын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хууль бус болохыг тогтоолгох, уг хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгох тухай шаардлага;

 

Дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

“Нарийн гол гоулд” ХХК-ийн 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар батлагдсан дүрмээс үзэхэд тус компани нь ашигт малтмалын ашиглалт, гадаад худалдааны үйл ажиллагааны чиглэл бүхий 3 гишүүнтэй хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд С.М 33.34 хувийн, С.Т 33.33 хувийн, Ж.Б 33.33 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг байна. 

 

Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 00 минутад хийж, уг хурлаар “ойрын үед хийх ажлын талаар ярилцах”-ыг захирал С.М зарласан боловч уг хурал хийгдээгүй тул “Нарийн гол гоулд” ХХК-ийн захирал С.Мийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 05/08 тоот мэдэгдлийн дагуу “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаан зарлагдаж, уг хурлаар “2015 оны санхүүгийн тайлан”, “урд онуудад тус компанид гарсан зардлууд”, “2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээний биелэлт” зэргийг 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хэлэлцэхээр болжээ.

 

2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн ирцтэйгээр хуралдсан ч С.Т, Ж.Б нар хурлыг хаяж гарснаар уг хурлаас тодорхой шийдвэр гараагүй байна. Нэгэнт ээлжит хурлаас тодорхой шийдвэр гараагүй учир С.Т, Ж.Б нар 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Нарийн гол гоулд” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мид “Хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурал хуралдуулах тухай” шаардлагыг хүргүүлсэн байна.

 

Гэвч Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт заасан хугацаанд  хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гүйцэтгэх захирал С.М гаргаагүй гэж үзэн С.Т, Ж.Б нар мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 00 минутад хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэрийг 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гаргажээ. Ээлжит бус хурлаар “Нарийн гол гоулд” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг сонгох асуудал хэлэлцэхийг шийдвэрт тусгасан байна.

 

С.Мийн зүгээс дээр дурдсан шийдвэрийг хүлээн авч, “...хувьцаа эзэмшигч нь ээлжит бус хурал хуралдуулах санал, шаардлага гаргах эрхтэй боловч хурлын тов зарлах эрхгүй, ...ээлжит бус хурал хуралдуулах эсэх талаар ажлын 10 хоногт багтаан шийдвэр гаргахыг хуулиар зохицуулсан тул хуулийн хугацаанд хариу өгнө үү” гэсэн агуулга бүхий албан бичгийг С.Т, Ж.Б нарт хүргүүлсэн талаар зохигчид маргаагүй. 

 

Гэсэн хэдий ч хувьцаа эзэмшигч С.Т, Ж.Б нар 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 66.66 хувийн ирцтэйгээр ээлжит бус хурлыг хийжээ. Энэхүү хурлаар “Нарийн гол гоулд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус компанийн нийт хувьцааны 33.33 хувийн хувьцаа эзэмшигч С.Тг сонгож, шинээр сонгогдсон гүйцэтгэх захиралд ажлын 2 хоногт багтаан ажлаа хүлээлгэн өгөхийг С.Мид даалган, гүйцэтгэх захирал шинээр сонгогдсон өөрчлөлтийг Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэхийг шинээр сонгогдсон гүйцэтгэх захирал С.Тд даалгаж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан 16/01 тоот шийдвэр, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. 

 

С.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Т, Ж.Б нарын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хууль бус болохыг тогтоолгох, уг хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгох тухай шаардлагыг шүүхэд гаргасныг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв. 

 

Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2 дахь хэсгүүдэд зааснаар саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш  хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргаснаар төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлага хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах боломжтой бөгөөд гүйцэтгэх удирдлага нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргахыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсгээр зохицуулжээ. 

 

Дээр дурдсанчлан “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Т, Ж.Б нар ээлжит бус хурлыг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хийх тухай шийдвэрийг 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гаргаж, уг шаардлагаа компанийн гүйцэтгэх удирдлага буюу С.Мид хүргүүлсэн ба С.Мийн зүгээс 2016 оны 6 дугаар сарын 30, 7 дугаар сарын 01-ний өдрийн 06/17 тоот албан бичгээр “...Компанийн тухай хуулийн 61.4 дэх хэсэгт заасны дагуу ажлын 10 өдөрт багтаан шийдвэр гаргахыг мэдэгдэх” агуулгаар хариу өгсөөр байхад “ээлжит бус хурал”-ыг хийсэн нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7, 61.9 дэх хэсгүүдэд нийцээгүй байна.

 

Түүнчлэн “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Т, Ж.Б нарын ээлжит бус хурлыг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хийх тухай 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шийдвэр нь хэлбэрийн хувьд Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байгаа болохыг дурдав.

  

Иймд Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хууль бус болохыг тогтоож, уг хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Сөрөг нэхэмжлэл:

 

Хариуцагч нарын зүгээс С.Мийн “Нарийн нол гоулд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ “...С.Мийг 2011-2016 оныг хүртэл хугацаанд ээлжит хурал хуралдуулаагүй, хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулах үүргээ гүйцэтгээгүй учир Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар С.Мийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсон” гэж тайлбарласан. 

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 83.2-т “Компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлнэ”, 83.3-т “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна” гэж тус тус заажээ.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаас үзэхэд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд “Нарийн гол гоулд” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь С.М байсан байх бөгөөд “Нарийн гол гоулд” ХХК-ийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэх заалт байхгүй учир тус компанийн гүйцэтгэх захирал нь С.М байна.

 

Төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулах ба энэ хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд гүйцэтгэх удирдлагын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болохыг Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5 дахь хэсгүүдэд заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд С.Мийн “Нарийн гол гоулд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх бүхэлдээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Нарийн гол гоулд” ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 46 дугаар зүйлийн 46.3, 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч С.Тгаас 330,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Нарийн гол гоулд” ХХК болон С.Мийн,

2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Нарийн нол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гурван талт зөвшилцлийн гэрээний 1.1-т заасан “...ам.доллараас буулгахгүй байх...” болон 1.2-т заасан “...ам.доллараас багагүй байх...” гэсэн болзлыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, мөн гэрээний 1.1 болон 1.2-т заасан заасан “...ам.доллараас...” гэсэн болзол хүчин төгөлдөр бус байх тул мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т “...урьдчилгаа төлбөр хийгдсэн үед...” гэсэн болзол нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, С.Т, Ж.Б нарын хувьцааны эрхийг С.Мийн нэр дээр шилжүүлүүлэх тухай С.Мийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. С.Мийн “Нарийн гол гоулд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох тухай С.Т, Ж.Б нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 2,020,050 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахад төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Шүүхийн шийдвэр уншин танилцуулснаар хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                         Н.ХАНГАЛ