Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 470

 

С.Мижиддоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/05732 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Мижиддоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Туяа, Ж.Баасанханд нарт холбогдох

 

С.Туяагаас 332 109 450 төгрөг гаргуулах,  “Нарийн гол гоулд” ХХК-ийн тус бүр 33,33 хувийн хувьцаа эзэмшигч С.Туяа, Ж.Баасанханд нарын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр зарлаж хуралдуулсан ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоон хурлын шийдвэрийг хүчингүй болгох, хөрөнгө оруулалт хийдэггүй хувьцаа эзэмшигчдийн хувьцааны эрхийг С.Мижиддоржийн нэр дээр шилжүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2011-2016 оны комопанийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй С.Мижиддоржийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Мижиддорж

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Нямдорж

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Энхзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Мижиддорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Иргэн С.Туяагийн нэхэмжлэлтэй, “Нарийн гол гоулд” ХХК-д холбогдох, хамтран ажиллах гэрээний үүрэгт 1 500 000 ам.доллар буюу 2 156 205 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хянан хэлэлцээд 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн зохигчдын эвлэрлийг баталсан 1772 дугаар захирамж гарсан байдаг. Уг захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг С.Туяагийн хүсэлтийн дагуу явуулж, С.Мижиддорж миний бие “Нарийн гол гоулд” ХХК-ийн нэрийн өмнөөс 330 300 000 төгрөгийг С.Туяад өгсөн. Миний бие Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг захирамжийг дахин хянуулахаар хүсэлт гаргасан бөгөөд тус захирамж нь илт үндэслэл муутай, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 8376 дугаар шүүгчийн захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл С.Туяа нь хууль бусаар надаас 330 300 000 төгрөг авсан болох нь ийнхүү тогтоогдсон. Надаас энэ мөнгийг хүлээн  авч, өр төлбөртэй гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрсөн нь 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байгуулсан гурван талт гэрээний хоёрдугаар хавсралтаар бүрэн тогтоогдож байна. Иймд үндэслэлгүйгээр авсан төлбөр 330 300 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 809 450 төгрөг, нийт 332 109 450 төгрөгийг С.Туяагаас гаргуулж өгнө үү.

 Нарийн гол гоулд ХХК нь 3 гишүүнтэйгээр 2009 онд шинэчлэн байгуулагдаж иргэн С.Туяа 33,33 хувийн хувьцаа эзэмшигч, иргэн Ж.Баасанханд 33,33 хувийн хувьцаа эзэмшигч, С.Мижиддорж 33,34 хувийн хувьцаа эзэмшиж, гүйцэтгэх захирлаар С.Мижиддорж миний бие одоог хүртэл ажиллаж байна. Компанийн гүйцэтгэх захирлын хувьд компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2 удаа зарласан боловч эхний удаа хуралдаа хүрэлцэн ирээгүй, 2 дахь удаа дахин зарлан хурал 100 хувийн ирцтэйгээр эхэлсэн боловч хэлэлцэх асуудлын 1 дэх хэсгийг хэлэлцэх үед С.Туяа, Ж.Баасанханд нар хурлыг санаатайгаар үймүүлж, хурлаа хаяж явсан. Иймээс дахин хурал хуралдуулах шаардлагагүй болсон. Гэтэл С.Туяа, Ж.Баасанханд нар нь Монгол улсын Компанийн тухай хуулийн 61.1.2 дахь хэсэгт “...хувьцаа эзэмшигч нар ээлжит бус хурал хуралдуулах санал шаардлага гаргах эрхтэй боловч хурлын тов зарлах эрхгүй”, мөн хуулийн 61.4-т “компанийн гүйцэтгэх удирдлага ээлжит бус хурал хуралдуулах эсэх талаар ажлын 10 хоногт багтаан шийдвэр гаргана” гэж заасныг зөрчиж 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ээлжит бус хурал хуралдуулах шийдвэр гаргаж, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, гүйцэтгэх захирлаар С.Туяаг томилсон байх тул уг шийдвэрийг хүчингүй болгох, хувьцаа эзэмшигч нар хөрөнгө оруулалтаа хугацаанд нь хийдэггүй, үүнээс гарах хохирлыг мэдсээр байж төлбөрөө төлдөггүй. Удаа дараа хууль бус аргаар компанийн эрхийг авч, компанийг зарж борлуулж, иргэн миний биеийг хохироох гэж хууль зөрчиж дарамталж байгаа тул уг хүмүүсийн хувьцааны эрхийг багасгаж миний нэр дээр шилжүүлж өгнө үү.

Нэхэмжлэгч С.Мижиддоржоос сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг өөрийнхөө нэхэмжлэлийн тайлбарт дурдсан дээрх үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Туяа өөрийн нэрийн өмнөөс болон хариуцагч Ж.Баасанхандын  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар шүүхэд гаргасан тайлбартаа: Нарийн гол гоулд ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн “Гурван талт зөвшилцлийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.3-т заасан “Гэрээ байгуулснаас хойш хувьцаа эзэмшигч нар нь хөрөнгө оруулалт буцаах болон хувьцааны эзэмшлийн талаар маргаан гаргахгүй ба шүүх дээр байгаа нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлээсээ С.Туяа, С.Мижиддорж нар ажлын 5 хоногийн дотор татгалзах бөгөөд цаашид дахин маргаан гаргахгүй байх үүргийг хүлээнэ” гэсэн заалт, мөн гэрээний 2.1-д заасан “Урьдчилгаа төлбөр хийгдсэн үед хувьцаа эзэшигч нар хамгийн түрүүнд хоорондын тооцоогоо үл маргах журмаар барагдуулах гэсэн заалтыг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул энэ үндэслэлээр С.Мижиддоржийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Компанийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, улмаар хувьцаа эзэмшигчдийн хооронд Гурван талт зөвшилцлийн гэрээг байгуулж, мөрдөн ажиллах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Энэ хурлын шийдвэрийн үндсэн дээр “Нарийн гол гоулд” ХХК хувьцаа эзэмшигч нар нь энэ гэрээний 1.1 дэх хэсэгт “тус компанийн эзэмшлийн Төв аймгийн Заамар сумын нутагт орших 6364А, 7700А дугаартай лицензтэй алтны үндсэн орд газарт гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалт орох тохиолдолд хөрөнгө оруулагч талд хувьцаа эзэмшигчдийн хувьцааг нийлбэрээр нь 70-80 хувийг шилжүүлэн өгөх бол доод үнийг 3 000 000 ам.доллараас буулгахгүй байх, 1.2 дахь хэсэгт “Хэрвээ хөрөнгө оруулагч талын хүсэлтээр хувьцаа эзэмшигчид хувьцаагаа 100 хувь шилжүүлэх тохиолдолд нийт хувьцааны доод үнийг 6 000 000 ам.доллараас багагүй байх”, 1.5 дахь хэсэгт “Гэрээний 1.1, 1.2 дахь хэсэгт заасан нөхцлийн аль нэгээр нь хөрөнгө оруулагч талд хувьцаа шилжих тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 30-аас доошгүй хувийг урьдчилгаа төлбөр байдлаар хувьцаа эзэмшигч нар дундын данс нээлгэн шилжүүлэн авсан байх хатуу нөхцлийг баримталж, энэ нөхцөл хаагдсанаар хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх ажиллагааг эхлүүлнэ” гээд мөн гэрээний 2.1 дэх хэсэгт “Урьдчилгаа төлбөр хийгдсэн үед хувьцаа эзэмшигч нар хамгийн түрүүнд хоорондын тооцоогоо үл маргах журмаар барагдуулахаар тохиролцсон. Тиймээс энэ гэрээний дагуу манай “Нарийн гол гоулд” ХХК-д гадаад, дотоодын хөрөнгө оруулалт орж, хөрөнгө оруулалтын урьдчилгаа төлбөр хийгдсэн нөхцөлд л би “Гурван талт зөвшилцлийн гэрээ”-ний хавсралт 1-д заасан 320 300 000 төгрөгийг төлөх юм.

С.Мижиддоржийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд Компанийн тухай хууль болон “Нарийн гол гоулд” ХХК-ийн дүрэмд заасны дагуу хувьцааны эрхээ хэнд, яаж шилжүүлэх нь зөвхөн хувьцаа эзэмшигч нарт өөрт нь байдаг эрх учир тус компанийн хувьцаа эзэмшигч хүмүүсийн хувьцааны эрхийг С.Мижиддорж нь хүчээр шилжүүлэн авах эрхгүй юм. Иймд түүний нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй.

С.Мижиддорж нь “Нарийн гол гоулд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2010 оны 6 дугаар сараас 2016 оны 7 дугаар сар хүртэл ажилласан 6 жилийн хугацаанд Компанийн тухай хууль болон тус компанийн дүрэмд заасан гүйцэтгэх захирлын эрх хэмжээг удаа дараа хэтрүүлэн, компанид маш их хэмжээгээр хохирол учруулсан, хувьцаа эзэмшигч нарт нэг ч удаа санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан тавьж байгаагүй, нэг ч төгрөгийн ногдол ашиг хуваарилж байгаагүйгээр компанийн гүйцэтгэх захирал байх эрхгүй нэгэн болсон. Бид 2016 оны 6 дугаар сард түүнд ээлжит бус хурал хуралдуулах шаардлагыг Компанийн тухай хуульд заасан журмын дагуу хүргүүлж, шаардлагыг үл хүндэтгэж, харин ч эсэргүүцсэн мэдэгдэл ирүүлсний эцэст хуульд заасан эрхийнхээ дагуу ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэр гаргаж, хурлаа хийн шийдвэрээ гаргасан. Энэ ажиллагааны явцад хууль зөрчсөн нэг ч алхам хийгдээгүй бөгөөд бүх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэдэг нь нэхэмжлэгч С.Мижиддоржийн өөрийнх нь нэхэмжлэлдээ хавсаргасан баримтаас тодорхой харагдана. Түүний “Нарийн гол гоулд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болох ёстой. Тийм ч учраас бид 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ээлжит бус хурал хийж гүйцэтгэх удирдлагыг сольсон бөгөөд үүнийг эсэргүүцэж С.Мижиддорж нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд уг ээлжит бус хурал болон түүнээс гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2015/02182 дугаар захирамж гарсан. С.Мижиддоржийг Компанийн тухай хуульд заасан үүргээ биелүүлж 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулах байх гэж бодож байсан боловч урьдын адил хуульд заасан журмыг зөрчсөөр явсан. Ийм маргаантай байсаар байхад 2016 оны компанийн ээлжит хурлыг ч хийхгүй явсаар хуульд заасан хугацааг дуусгасан.  Хэл ам болсны эцэст хуульд заасан хугацаа дуусч байхад буюу 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг 5 дугаар сарын 06-ны өдөр хийх болсныг мэдэгдэж, түүндээ хурлаар ойрын үед хийх ажлын талаар ярилцана гэсэн байсан. Ийнхүү С.Мижиддоржийн хууль зөрчиж зарласан хуралд бид орж хууль ёсны шаардлага тавьснаар маргаан болж, уг хурал үр дүнд хүрээгүй. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар “заавал” хэлэлцэх асуудлыг тодруулж өгсөн байхад тэр асуудлыг биш зөвхөн “ойрын үед хийх” ажлын талаар хэлэлцэх биш “ярилцах” талаар мэдэгдсэнийг компанийн ээлжит хурлын мэдэгдэл гэж үзэх учир дутагдалтай тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч С.Туяа, Ж.Баасанханд нараас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  Бид компанийн тайлант жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг л хэлэлцэхийг хүссэн. Компанийн 33,33 хувийн хувьцаа эзэмшигч Ж.Баасанханд, 33,33 хувийн хувьцаа эзэмшигч С.Туяа бид хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шаардлагыг С.Мижиддоржид тавьсан боловч тэрээр Компанийн тухай хуульд заасны дагуу ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай шийдвэрийг гаргаагүй. Иймд шаардлага гаргасан хувьцаа эзэмшигчид бид  бүрэн эрхийнхээ дагуу “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хуралдуулахаар шийдвэр гаргаж, уг шийдвэрийг 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хувьцаа эзэмшигч С.Мижиддоржид хүргүүлсэн боловч тэрээр ээлжит бус хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Тиймээс “Нарийн гол гоулд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Баасанханд, С.Туяа бид 7 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит бус хурлыг хуралдуулж, хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн саналаар хувьцаа эзэмшигч С.Туяаг гүйцэтгэх захирлаар сонгосон. Энэ хурлын шийдвэр нь хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн саналаар батлагдан хүчин төгөлдөр болсон. Энэ бүхнийг үндэслээд, санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна гэсэн Компанийн тухай хуулийн заалтыг зөрчиж, 2011-2016 оны хооронд компанийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй С.Мижиддоржийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Туяагаас 330 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Мижиддоржийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсэгт зааснаар “Нарийн гол гоулд” ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг хүчингүй болгох, С.Мижиддоржийн “Нарийн гол гоулд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох тухай С.Туяа, Ж.Баасанханд нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 879 650 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахад төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх үүргийн харилцаа үүсээгүй хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Шүүх 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Нарийн гол гоулд ХХК-ийн ээлжит бус хурал хууль бус болохыг тогтоож, уг хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэж энэхүү шаардлагыг хангахаар заасан атлаа тогтоох хэсгийн 2 дахь заалтаар уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, илт зөрүүтэй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно. Нэхэмжлэгчийн "...хөрөнгө оруулалт хийдэггүй хувьцаа эзэмшигч нарын хувьцааны эрхийг С.Мижиддоржийн нэр дээр шилжүүлэх..." тухай шаардлагын талаар үндэслэх, тогтоох хэсэгт огт дурьдаагүй, өөрөөр хэлбэл, энэ шаардлагыг шийдвэрлэлгүй орхисон нь хуульд үл нийцэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь заалтыг зөрчсөн байна.

Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/05732 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Туяа нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзмшигчдийн "ээлжит хурал" гэсэн ойлголтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Компанийн "ээлжит хурал" санхүүгийн жил дуусснаас хойш 4 сарын дотор хуралдах ёстой, түүгээр компанийн өмнөх жилийн санхүүгийн тайланг "заавал хэлэлцэх" ёстой, зөвхөн гарсан зардалын жагсаалтыг санхүүгийн тайлан гэхгүй, ^Нягтлан бодох бүртгэлийн хууль, хууль тогтоомжийн бусад акт, олон улсын стандартын дагуу гаргасан, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батласан, баталгаажсан тайланг санхүүгийн тайлан гэнэ. Санхүүгийн жил дуусснаас хойш зарлаж байгаа хурлыг ээлжит хурал гэж ойлгож, тэр мэдэгдэлдээ хавсаргасан 2015, 2016 оны зардлын жагсаалтыг санхүүгийн тайлан гэж ойлгож, 4 cap нь өнгөрчихсөн үе буюу 2016 оны 06-р сарын 03-ны өдрийн хурлыг ээлжит хурал гэж ойлгон, уг ээлжит хурлыг хүчин төгөлдөр гэж дүгнэн шийдвэрээ гаргажээ. Хуульд 4 cap л өнгөрсөн бол гүйцэтгэх удирдлагын хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүх эрх дуусгавар болно гэдгийг ямар ч эргэлзээгүй заачихсан.

Мөн хариуцагч нарын зарласан ээлжит бүс хурлыг нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлээр, түүнчлэн ээлжит бус хурал хуралдуулах шаардлага гаргах эрхтэй болохоос биш өөрсдөө шийдвэр гаргах эрхгүй гэсэн утга бүхий дүгнэлт гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт С.Мижиддоржийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан утгатай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.                                                                                                                                                              

 

Нэхэмжлэгч С.Мижиддорж нь хариуцагч С.Туяагаас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх  330 300 000 төгрөг гаргуулах, Нарийн гол гоулд ХХК-ийн тус бүр 33,33 хувийн хувьцаа эзэмшигч С.Туяа, Ж.Баасанханд нарт холбогдууулан тэдгээр хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр зарлан хуралдуулсан ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоон, хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, хөрөнгө оруулалт хийдэггүй, компанийн зардлыг хувааж төлөлцөж хариуцдаггүй хувьцаа эзэмшигч болох С.Туяа, Ж.Баасанханд нарын хувьцааны эрхийг С.Мижиддоржийн нэр дээр шилжүүлүүлэхийг  шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж С.Мижиддоржийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч С.Мижиддорж 330 300 000 төгрөг шаардсан үндэслэлээ Эрдмаш ХХК, Нарийн гол гоулд ХХК нарын шүүхийн шийдвэрээр С.Туяад төлөх ёстой байсан өрийг тэдний өмнөөс гүйцэтгэж төлсөн боловч уг шийдвэр хүчингүй болсон бөгөөд 10 000 000 төгрөг нь С.Туяагийн Нарийн гол гоулд ХХК-иас эмчилгээ хийлгэхээр авсан мөнгө гэж тайлбарласныг хариуцагч С.Туяа нь эмчилгээнд мөнгө аваагүй, Гурван талт зөвшилцлийн гэрээний болзол бүрдээгүй байхад С.Мижиддорж дээрх мөнгөн хөрөнгийг надаас шаардаж байгаа нь үндэслэлгүйгээс гадна 320 000 000 төгрөгийг С.Мижиддорж ганцаараа төлөөгүй Нарийн гол гоулд ХХК, Б.Мөнхбат, Заамар хаан ХХК гэх мэт олон субьект төлсөн гэж татгалзжээ.

 

Анхан шатны шүүхээс дээрх мөнгөн хөрөнгийг шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах нь зүйтэй байжээ. Дээрх 320 000 000 төгрөгөөс хэдийг нь ямар хуулийн этгээд, хэдийг нь ямар иргэн төлсөн, яагаад С.Мижиддорж дээрх төлбөрийг бүхэлд нь С.Туяагаас шаардах эрхтэй гэж үзэж байгаа үндэслэл тодорхойгүй байна. Энэ талаарх хэргийн үйл баримт бүрэн тодроогүйгээс гадна бусдын төлсөн мөнгөн хөрөнгийг С.Мижиддорж буцаан шаардаж буй үндэслэл, Эрдмаш ХХК, Нарийн гол гоулд ХХК-ийн үүргийг С.Мижиддорж гүйцэтгэх болсон хуулийн болон гэрээний үндэслэл тодроогүй, энэ талаар мэтгэлцээн өрнөөгүй тул давж заалдах шатны шүүхээс нөхөж дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.   

 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй. Шийдвэрлээгүй орхигдуулсан шаардлагын талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ч мөн дүгнэлт хийгдээгүй нь шүүхийн шийдвэрт тавигдах хууль зүйн техникийг ноцтой зөрчжээ.

 

Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5-д заасан шаардлагыг зөрчсөн, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтуудыг тал бүрээс харьцуулан дүгнэх талаар хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй гэж үзнэ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/05732 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Мижиддоржоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 829 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Туяагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

                   ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛЗАЯА

                                                                       Ш.ОЮУНХАНД