Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00789

 

Б.Бямбаринчингийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 363 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр магадлалтай,

 Нэхэмжлэгч: Б.Бямбаринчин

Хариуцагч: Майндтэч ХХК

 3,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаагийн гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батзориг /цахимаар/, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие Сэлэнгэ аймаг Баянгол суманд үйл ажиллагаа явуулдаг Майндтэч ХХК-н ургамлын тосны үйлдвэрт 2018-11-11-ний өдөр сэрээт өргөгч буюу ачигч жижиг оврын өөрөө явагч техникийг ажиллуулж байгаад зүүн гарын сарвууны 2-5-р хурууны 3-р шивнүүр ясны ил хугарал гэмтэл авсан. Одоогийн байдлаар хөдөлмөрийн чадвараа алдаж байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Энэ үйлдвэрлэлийн осолд компани буруутай гэж шүүхээр тогтоосон. Намайг осолд орсны дараа ерөнхий захирал Мөнхжаргал бүрэн эмчлэх боломж олгоно гэсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой тусламж эмчилгээний мөнгө өгөөгүй байна. Хагалгаанд ороход 1 сая төгрөг өгсөн. Би энэ гэмтлийн улмаас хөдөлмөрлөх чадваргүй болсон. Мөн гар маань байнга өвдөж хатангаршиж байгаа, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай ба би эдийн засгийн хувьд маш хүнд байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 97-д заасны дагуу нөхөн төлбөр 6 сарын цалин буюу 3,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Б.Бямбаринчин нь Майндтэч ХХК-д 2018-09-01-ний өдөр дадлагажигч операторчин-р ажилд орж 2018-09-04-с эхэлж ажилласан. 2018-11-11-ний өдөр ажиллаж байх явцдаа үйлдвэрийн осолд орсон, холбогдох хүмүүс нь шүүхээр шийдвэрлүүлсэн. Б.Бямбаринчинг эмнэлэгт хүргэх зэрэг шаардлагатай бүх ажиллагааг хийсэн. Майндтэч ХХК-н зүгээс Бямбаринчингийн гарын зургийг Герман улсын эмнэлэгт хандаж үзүүлж харуулахад гэмтэл нь нөхөн сэргээгдэх боломжтой гэсэн. Бид компьютер бичиг хэрэг юм уу бичиг хэргийн туслахаар ажилд авъя гэж санал болгоход өөдөөс баахан мөнгөн төлбөр нэхдэг. Шүүхээр орж шийдвэрлүүлээд гарсан бүх зардлыг төлж, нийт 4,256,606 төгрөг олгосон. Бямбаринчин гэмтэл авсныхаа дараа токарь-н курст суралцсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1-г 2006-07-03-ны өдрийн №33 дугаар тогтоолоор тайлбарласан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 363 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Майнд Тэч ХХК-с 3,600,000 төгрөг гаргуулж Б.Бямбаринчинд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 72550 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр магадлалаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 363 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас гомдол гаргахдаа төлсөн 72.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

/Магадлалд нэхэмжлэгчийн нэрийг буруу бичсэн/

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэгмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Майндтэч ХХК-иас 3,600,000 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн магадлалыг эс зөвшөөрч байна. Иймд Майндтэч ХХК-с Б.Бямбаринчинд олгосон 2,200,000 төгрөгийг нөхөн төлбөрт суутгуулан тооцуулж өгч, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Бямбаринчин 2019-08-14-ний өдөр шүүхэд хандаж, ...үйлдвэрлэлийн осолын улмаас хөдөлмөрийн чадвар алдсан... гэсэн үндэслэлээр Майндтэч ХХК-с 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 3,600,000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Анхан шатны нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Б.Бямбаринчин нь Майндтэч ХХК-д туслах ажилтан операторчноор ажиллаж байхдаа 2018-11-11-ний өдөр үйлдвэрлэлийн осолд орж улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд энэ талаар зохигч мараагүй тул шүүх уг үйл баримтыг тогтоогдсон гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт нийцжээ.

 Учирсан гэмтлийн улмаас Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс 0181824 дугаартай актыг гаргаж, Б.Бямбаринчин хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар 2019-06-01-ний өдрөөс 2020-06- 01-ний өдөр хүртэл 12 сарын хугацаагаар тогтоосон байна.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 31-50 хувь алдсан ажилтанд 7 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно.

Иймд шүүх хариуцагчаас 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 3,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 2. Хариуцагч нь ...нэхэмжлэгчид 2,200,000 төгрөг өгсөн... гэсэн үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрсөн боловч энэ нь хяналтын гомдлыг хангах хуулийн үндэслэл болохгүй байна.

 Тухайн үйлдвэрлэлийн осол гарсанд ажил олгогч байгууллагын буруутай үйл ажиллагаа байсан нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019-07-08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогджээ.

Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Түүнчлэн, ажил олгогч нөхөн төлбөр олгох нь хохирогч нийгмийн даатгалын болон бусад хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж авахад нөлөөлөхгүй.

 Иймд хоёр шатны шүүх нэхэмжлэлээс Б.Бямбаринчингийн авсан 2,200,000 төгрөг хасаж тооцоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 505 дугаар зүйлд нийцсэн байна.

 3. Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ.

Нэхэмжлэлийг хангасан нөхцөлийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.

Ноцтой зөрчилд хамаарахгүй буюу магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй хэдий ч давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг Б.Бямбаренчин гэж буруу бичсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 363 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж,хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 50,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН            Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                          Б.УНДРАХ