Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 3282

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/03282

           Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ХС ХХк-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ЖШ ХХК-д холбогдох,

 

42,312,614 төгрөг гаргуулах үндсэн,

34,486,196 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Г/1976/, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ХС ХХкнь “Жаргал кашмер” ХХК-тай харилцан тохиролцож “Ноолууран утас худалдах” гэрээний үндсэн дээр худалдсан 344.374 кг ноолууран утасны төлбөрөөс төлөгдөөгүй үнийн дүн болох 28,208,414 төгрөг, алданги 14,104,200 төгрөг, нийт 42,312,614 төгрөгийг хариуцагч “Жаргал кашмер” ХХК-иас гаргуулж өгнө үү. ХС ХХкнь 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Жаргал кашмер” ХХК-тай 344.374 кг ноолууран утсыг нэг кг бүрийн үнэ 130,000 төгрөг, нийтдээ 44,768,620 төгрөгөөр худалдан авах тухай гэрээ байгуулан гарын үсэг зурж худалдан авагчийн хүссэн тоо, хэмжээ, чанар бүхий утсыг хүлээлгэн өгсөн.  2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр захиалагчтай харилцан тохиролцож гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулахдаа талуудын хооронд үүсэх мөнгөн төлбөрийн үүргийг юаниар зохицуулахаар болсон. Ингэхдээ 344.374 кг утсыг нэг кг бүрийг 419 юаниар тооцож бүгд 144,293 юан байхаар тохирч, төлбөр төлөх графикийг тогтоосон. Хариуцагчийн   зүгээс   2015 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар ноолууран   утасны   үнийг   бүрэн   төлж барагдуулаагүй байсан учраас 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №05/01 тоот гэрээгээр төлбөр төлөх графикийг дахин тохиролцсон.

2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт гэрээгээр 2015 оны 01 дүгээр сарын 25-нд 34,642 юан, 2015 оны 02 дугаар сарын 25-нд 34,642 юанийг тус тус ХС ХХК төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нь өнөөдрийн байдлаар 80,752.36 юанийг төлөөгүй байна. Үлдэгдэл төлбөрийг төлөх талаар “Жаргал Кашмер” ХХК-д удаа дараа мэдэгдсэн. Захирал Ц.Лхагважаргалтай тооцоо нийлж, тооцооны үлдэгдлийн баталгааг гаргасан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөхгүй байгаа нь манай компанийн бизнесийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Одоогийн байдлаар үлдэгдэл 80,752.36 юанийг Монгол банкны 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн албан ханшаар тооцож Монгол төгрөгт хөрвүүлэхэд 28,208,414 төгрөгийг төлөх дутуу байгаа юм. Мөн ЖШ ХХК-тай байгуулсан гэрээний 13.6-д худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үннйн дүнд хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “ноолууран утас худалдах” тухай №04/03 гэрээний 4.6, Иргэний хуулийн 232.4, 232.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн “Жаргал кашмер” ХХК-ийн хугацаандаа гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 14,104,200 төгрөг, нийтдээ 42,312,614 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна гэжээ.  

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ХС ХХКманай компанид нийлүүлсэн ямааны ноолууран утас нь чанарын шаардлага хангаагүй, алдагдалд оруулсан, барааны үлдэгдэл их байгаатай холбогдуулан энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. 2012 онд ХС ХХКзахирал Б.Бадамханд нь “манайх түүхий эдээ Хятад руу гаргаж, ямааны ноолууран утас ээрүүлэн оруулж ирдэг” гэж хэлээд бичиг баримтаа үзүүлж, ноолууран утас худалдан авах санал гаргасан учир тухайн ондоо 2012 оны 11 дүгээр сарын 26-нд 5,098,500 төгрөгийн, 2012 оны 10 дугаар сарын 26-нд 5,536,200 төгрөгийн утас худалдан авч, тооцоог Б.Бадамхандын Голомт банкны 1605018879 тоот дансанд 10,475,500 төгрөг шилжүүлж, тооцоог дуусгаж байсан. 2014 онд дахин гэрээ хийх саналыг ХС ХХКгаргаснаар гэрээ байгуулж, ноолууран утас их хэмжээгээр худалдан авсан. Тухайн утсаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үлдэгдэл одоо 267 ширхэг, үнийн дүнгээр гаргавал 21,923,000 төгрөг болж байна. Энэхүү үнийн дүнг олох байсан ашиг гэж үзэж нэхэмжилж байна. 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 17 кг 800 гр буюу 2,321,150 төгрөгийн утсыг бэлэн мөнгөөр худалдан авч байсан. Энэ утсыг худалдаж авах үед захирал Б.Бадамханд нь “захиалга өгч шинээр ноолууран утас ээрүүлж болно” гэж хэлснээр 344 кг 374 гр утсыг гэрээний дагуу худалдан авч, бараагаа үйлдвэрлэсэн. Тухайн үед хятад хонины ноосон утас нэг килограмм бүр нь 26,000 төгрөг байсан. ХС ХХкнь ямар ч ноолуурын хольцгүй хонины ноосон утсыг нэг килограммыг 130,000-150,000 төгрөгөөр зарж, дундаас нь 104,000-124,000 төгрөг илүү буюу хууран мэхлэх аргаар борлуулж, үндэслэлгүй ашиг олсон байсан гэдгийг гомдлын дагуу шинжилгээ хийлгэснээр мэдэх болсон. Цэвэр 100 хувь ноолууран утас бол эхний угаалтаар зөөлөрдөг. ХС ХХКавсан утас эхний угаалтаар зөөлрөхгүй байсан учир захирал Б.Бадамхандаас асуухад тэрээр “хэт их будганд орсон тод өнгийн утаснууд учраас 2-3 угаалтын дараа аяндаа зөөлөрнө” гэж хэлсэн. Манай компанийн ХС ХХКавсан утас нь тод өнгийн, хүүхдийн хувцсанд зориулагдсан өнгүүд байсан. Одоо складанд байгаа үлдэгдэл бараа нь зөөлрөхгүй, хэт ширүүн учраас зарагдахгүй байсаар байгаа. Мөн одоо дээрээс нь манай харилцагч нараас ХС ХХКутсаар хийсэн үлдэгдэл бараа эргэж ирэх бөгөад тооцоог нарийн гаргах боломжгүй учраас дахин тооцоо гаргаж сөрөг нэхэмжлэлээ  нэмэгдүүлэх болно. Манай компани “Хатан сүлжээ” ХХК-д 2014-2015 онд 10,821,150 төгрөг, мөн 36,000 юан төлсөн. Юан тухайн үед 310 төгрөг байсан тул нийт 21,981,150 төгрөг төлсөн. 2014 онд хятад хонины ноосон утас нь 26,000 төгрөгийн үнэтэй байсан. /2014 онд 2 удаагийн худалдан авалтын 362 кг 229 гр хонины ноосон утас/ Нэг килограммын 26 төгрөгийг 362 кг 229 граммаар үржвэл 9,417,954 төгрөг төлөх ёстой байсан байна. Гэвч утасны найрлагыг мэдээгүй байсан учир нийт 21,981,150 төгрөг төлсөн бөгөөд 12,563,196 төгрөг илүү тушаасан байна. Одоо “Жаргал кашмер” ХХК-ийн складанд 21,923,000 төгрөгийн үнэ бүхий барааны үлдэгдэл байна. Ийм учраас ХС ХХКилүү төлсөн утасны үнэ болох 12,563 төгрөг, үлдэгдэл барааны үнэ 21,923,000 төгрөг, нийт 34,486,196 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. ХС ХХК2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр утас худалдаж авахаас өмнө 18 кг утас авч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байдаг. ХС ХХКзахирал Бадамханд нь “Манайх Хятад руу түүхий ноолуур гаргаж, ноолуураараа утас ээрч авчирч байгаа учраас хямдхан байгаа, танайх их хэмжээгээр утас захиалж ээрүүлж авах боломжтой” гэсэн саналыг гаргаж үүний дагуу ноолууран утас худалдах худалдан авах гэрээг байгуулж, 344,374 кг утсыг бөөнөөр нь авсан. 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дахин гэрээ байгуулагдсан боловч, нэмж утас аваагүй. 2014-2015 оны дуустал дээрх утсаар бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. 2014 оны хавар байсан учраас ноолууран бүтээгдэхүүний улирал байгаагүй. 2014 оны сүүлчээр зарагдсан бараанууд нь 2015 оноос эхлээд үйлчлүүлэгч нараас гомдол ирсэн. Энэ үед Бадамханд захиралд хэлсэн. Гэтэл танай утас угаасаа тод өнгийн ноолуур будганд их орсон учраас хэд хэдэн угаалтын дараа зөөлөрнө гэсэн хариуг өгдөг. Утасны чанар дээр эргэлзээ төрөөгүй яагаад гэвэл авахдаа шинжилгээнд орсон утсыг авсан байсан. Гомдолтой холбоотойгоор 2016 онд ажилчид хурал хийсэн. Хурал дээрээс утсыг шинжилгээнд өгье гэсэн шийдвэрийг гаргасан. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шинжилгээний хариу нь гарсан. Шинжилгээний хариугаар ХС ХХКнийлүүлсэн утас нь ямар ч ямааны ноолуурын хольцгүй гэж гарсан. Энэ талаар ХС ХХКзахиралтай ярилцаж, тохиролцох гэж хандсан. Гэтэл хүлээн зөвшөөрөөгүй, нэгэнт гэрээ хийсэн учраас төлбөрөө авна гэсэн байдаг. 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гэрээний агуулгыг үзвэл ээрмэл утас гэж тусгасан байдаг. Эхний 2 гэрээ дээр ямааны ноолуур гэж байдаг, ямар нэг хольцтой гэсэн зүйл байхгүй. Анхнаасаа утасныхаа чанар, найрлага, бүтцийг мэдэж байсан нь тодорхой харагддаг. Шүүхэд нэхэмжлэл гаргана гэж бодоогүй, хоорондоо тохиролцох боломжтой байсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага бол 2014 оны байдлаар Хятад хонины ноосон утас 26,000 төгрөг байсан. Нийт 21,981,000 төгрөгийг төлсөн үүнээс 12,563,196 төгрөгийг илүү төлсөн. Учир нь нийлүүлсэн утас нь ямааны ноолуурын хольцгүй, хонины ноостой Хятад утас байсан. Хямд утсыг үнэтэй зарсан. Иймд илүү төлсөн 12,563,196 төгрөгийг нэхэмжилж байна, мөн үлдэгдэл барааны үнэ 21,923,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэл гаргаж байх үеийн тооцоогоор бодсон. ХС ХХКавсан утсаар нэхсэн зарах боломжгүй складад байгаа бүтээгдэхүүнүүд. Барааг авахыг нэхэмжлэгч талд хэлж байсан. гэтэл нэгэнт гэрээ байгуулсан учраас боломжгүй гэсэн. Гэрээний үүргээ зөрчиж, Хятад хонины ноосон утас нийлүүлсэн. Нийт 34,486,196 төгрөгийг “Х ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Гсөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХС ХХкнь 2014 онд ноолууран утас худалдах гэрээний үндсэн дээр 344,374 кг ноолууран утсыг “Жаргал кашмер” ХХК-д худалдсан. Төлөгдөөгүй 28,208,414 төгрөг, алданги 14,104,200 төгрөг, нийт 42,312,614 төгрөгийг нэхэмжилж байна. ХС ХХкнь 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 344,374 кг ноолууран утсыг 1 кг нь 130,000 төгрөгөөр нийт 47,768,620 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Тохиролцооны дагуу төлбөрийг графикийн дагуу төлөхөөр болсон. 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Лхагважаргалтай дахин гэрээ байгуулж, 344.374 кг утсыг нэг бүрийг 419 юань байхаар тохиролцож, нийт 144,293 юань байхаар тохиролцож гэрээ байгуулсан. Хариуцагчийн зүгээс 2014 оны 10 дугаар сард ноолууран утасны үнийг бүрэн төлж барагдуулаагүй учраас гэрээг сунгаж, төлбөр төлөх графикаар дахин тохиролцсон. Ингээд дээрх хугацаанд хариуцагч нь 65,540,64 юанийг төлсөн. Үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа албан бичиг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. 80,752,36 юань буюу Монгол банкны 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ханшаар тооцоход нийт 28,208,414 төгрөг болно. Гэрээгээр талууд алданги тохиролцсон. Алданги нийт 14,104,200 төгрөг болно. Иргэний хуулийн 232.4, 232.6 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн хугацаандаа гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн алданги болон үндсэн үүргийн гүйцэтгэлийг нэмж тооцвол нийт 42,312,614 төгрөгийг “Жаргал кашмер” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. 

2014 оны 4 дүгээр сарын 23-нд гэрээ байгуулахдаа эхлээд урьдчилгаа 30 хувь, үлдэгдэл 70 хувийг дараа төлөхөөр тохиролцсон. 2014 оны 8 дугаар сарын 18, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрээг шинэчлэн байгуулахдаа үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцыг хэрэглэсэн. Гэхдээ хэрэглэсэн зүйл байхгүй хэдий ч талуудын хүсэлт зоригийн илэрхийлэл тийм байсан. Хавтаст хэрэгт байгаа баримтуудыг харвал утас нь үнэхээр хонины ноосон утас байсан гэдэг нь асуудалтай байна. 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан гэрээний 1.1 дэх хэсэгт захиалагчийн захиалсан утсыг нийлүүлнэ гэсэн байдаг. 50 хувийн орцтой ноолууран утас юм. 2014 онд утас нийлүүлсэн гэтэл 2016 онд гэрээг шинэчлэн байгуулсан гэдэг. Энэ хооронд 2 жил 5 сар өнгөрсөн. Гэрч Лхамсүрэнгийн мэдүүлэгт 8 дугаар сард гомдол ирсэн, гэрч Наранцэцэгийн мэдүүлэгт 2014 оны 8 дугаар сард буцаан таталт хийсэн гэдэг. 8 дугаар сард утас асуудалтай гэдгийг мэдсэн юм бол яагаад 8 дугаар сарын 18-нд гэрээгээ шинэчилж байгуулж, дахин 2015 оны 01 дүгээр сарын 10-нд гэрээгээ шинэчилж, төлбөр төлөхөө баталгаажуулж, хавтаст хэргийн 16 дугаар талд 2014 оны 4 дүгээр сарын 23-аас 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх тооцоо 28,652,572 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан баримт нь байна. Мөн хавтаст хэргийн 17 дугаар талд утасны буцаалт байхгүй гэдэг баримт байна. Тооцоо нийлсэн акт дээр Лхагважаргал захирал гарын үсэг зурж, тамга дарсан байна. 18 дугаар талд ХС ХХК хандаж, “Жаргал кашмер” ХХК-ийн захирал Лхагважаргалын гаргасан хүсэлтдээ ХС ХХкнь 12 дугаар сарын 28-аас 12 дугаар сарын 30-ны хооронд төлөх ёстой төлбөртөө 5,000,000 төгрөг бэлнээр гаргаж өгнө” гэсэн байдаг. Утасны төлбөрийг төлнө гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан. Үнэхээр доголдолтой утас байсан бол энэ талаар хүсэлтээ өгч болох байсан. 2016 оны 11 дүгээр сард шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний зүйл нь ХС ХХКтухайн үед “Жаргал кашмер” ХХК-д нийлүүлсэн утас мөн эсэхийг нотлох баримт байхгүй. Хэн ч шинжилгээнд ямар нэг утас аваачиж өгч болно. Шүүгчийн захирамжаар 601, 602, 603 тоот шинжилгээ хийгдсэн. 601 нь шар өнгийн сүлжмэл эд, 602 нь ягаан сүлжмэл эд, 603 нь утас байдаг. Эдгээрийг хариуцагч талаас гаргаж өгсөн. Магадгүй итгэмжлэгдсэн лабораторид тухайн үеийн дээжээ хадгалуулаад түүнээсээ дүгнэлт хийлгэх гэж байгаа бол хамаагүй байх. Гэтэл хаанаас гаралтай нь тодорхой бус 3 зүйлийг авчирч өгөөд шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Мөн гэрч Лхамсүрэнгийн мэдүүлэгт жигнэж шалгасан гэдэг, утсыг хүлээж авахдаа тастаж үзэж шалгасан, ноолууран утас нь тасардаг, ноосон утас нь тасардаггүй гэдэг. Тухайн үед тасраад байсан гэдэг нь бүтээгдэхүүний шинж чанарыг тодорхойлохтой хэр нийцэж байгаа нь асуудалтай байна. 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ХС ХХК“Жаргал кашмер” ХХК-д хандаж төлбөрөө төлөх боломжгүй бол бид өөрсдөө танай ноолууран бүтээгдэхүүнийг Улсын их дэлгүүрийн өөрсдийн тасгаар дамжуулж худалдан борлуулах тухай саналыг тавьсан. Энэ үед хариуцагч байгууллага утасны чанарыг аль хэдийн мэдсэн байсан. 2015 ондоо багтааж төлбөрөө 100 хувь барагдуулна, биелүүлээгүй тохиолдолд дараагийн арга хэмжээг авахуулна гэж хүлээн зөвшөөрсөн баримт байдаг. Худалдах худалдан авах гэрээний доголдолтой холбоотой асуудалд эхлээд худалдагч талд гомдол гаргах ёстой. Гэтэл ямар ч гомдол гаргаагүй. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа ч гэсэн гомдол гаргаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа л утасны чанар шаардлага хангахгүй гэсэн асуудал яригдсан. ХС ХХКнийлүүлсэн утас нь аж ахуй эрхлэгчдийн хооронд хийгдсэн худалдааны гэрээ, ХС ХХкболон “Жаргал кашмер” ХХК-ийн гэрчилгээ, дүрэм дээр үйл ажиллагааны чиглэл нь сүлжмэл эдлэл, ноос ноолууран бүтээгдэхүүний худалдаа гэж бичигдсэн. Аж ахуй эрхлэгчдийн хооронд худалдаа хийгдсэн тохиолдолд эд хөрөнгө хүлээн авах иргэдийг анхааралтай байхыг хуулиар шаарддаг. Тиймээс Иргэний хуулийн 255.1.2 дэх хэсэгт заасны дагуу нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд гомдлын шаардлага гаргаж эрхээ алдана. Энэ чиглэлийн мэргэшсэн үйл ажиллагаа явуулдаг компани учраас бүтээгдэхүүнийхээ чанарыг шалгаж чаддаг байх ёстой. Хэрвээ шалгаагүй бол Иргэний хуульд заасны дагуу 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй байсан. Гэтэл түүнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Яг юуг үндэслэж нэхэмжлээд байгаа нь тодорхой бус, доголдолтой холбоотой манай байгууллагад учруулсан хохирол гэж нэхэмжлээд байгаа юм уу, эсвэл олох ёстой байсан ашиг гэж үзэж байгаа юм уу, үүнийг тодруулах шаардлагатай байх. Зарагдаагүй барааны хувьд ХС ХХКхудалдаж авсан утсаар нэхсэн гэдгийг яаж нотлох юм бэ, гэрчийн мэдүүлэг байгаа хэдий ч илүү субъектив хандлагатай байдаг. Мөн хавтас хэрэгт бараагаа буцаан татсан тухай орлогын баримт байдаг. Зөвхөн “Жаргал кашмер” ХХК-ийн захирал гарын үсэг зурсан байдаг. Дэлгүүрээс буцаан авалт хийсэн бол бараа хүлээлгэж өгсөн, авсан тухай акт байх ёстой. Гэтэл зөвхөн бараа буцаж орж ирж байгаа гэсэн баримтууд хэрэгт байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:  

 

2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч ХС ХХкболон хариуцагч “Жаргал кашмер” ХХК-иуд №04/02 тоот “ноолууран утас худалдах гэрээ”-г бичгээр байгуулжээ. Уг гэрээгээр худалдагч тал буюу ХС ХХкнь 344.374 кг ямааны ноолууран ээрмэл утсыг 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд худалдан авагч тал болох “Жаргал кашмер” ХХК-д нийлүүлэх, үүний хариуд худалдан авагч тал 1 кг бүрийг нь 130,000 төгрөгөөр тооцож нийт 44,768,620 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээжээ /хх 11-12 хуудас/.

 

Дээрх 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №04/02 тоот “ноолууран утас худалдах гэрээ”-ний дагуу ХС ХХкнь 344.374 кг утсыг “Жаргал кашмер” ХХК-д нийлүүлсэн эсэх талаар зохигчид маргаагүй.

 

2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч болон хариуцагч талууд №04/03 тоот “ноолууран утас худалдах гэрээ”-г байгуулсан. Уг гэрээгээр талууд хоорондоо төлбөр төлөх үүргийг гадаад валютийн хэлбэрээр байхыг буюу төлбөрийг юанаар төлөхийг харилцан тохирсон байна /хх 13-14 хуудас/.

2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч ХС ХХкболон хариуцагч “Жаргал кашмер” ХХК-иуд №05/01 тоот “ноолууран утас худалдах гэрээ”-г бичгээр байгуулсан. Уг гэрээгээр талууд анх байгуулсан гэрээний үлдэгдэл 90,498 юан болохыг харилцан тогтоож, төлбөрийн үлдэгдлийг хоёр хувааж буюу 2015 оны 01 дүгээр сарын 20-25-ны өдөр 45,249 юан, 2015 оны 02 дугаар сарын 20-25-ны өдөр 45,249 юаныг төлөхөөр тохирсон үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

ХС ХХкнь хариуцагч “Жаргал кашмер” ХХК-иас гэрээний үүрэгт 42,312,614 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан байна. Тодруулбал, “...344.374 кг утасны үлдэгдэл үнэ 80,752.36 юан буюу 28,208,414 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 14,104,200 төгрөг, нийт 42,312,614 төгрөгийг бид шаардах эрхтэй” гэж нэхэмжлэгч өөрийн шаардлагаа тодорхойлсон.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба өөрийн татгалзлаа “...нэхэмжлэгч тал гэрээгээр тохирсон ямааны ноолууран утас бус өөр төрлийн, чанарын доголдолтой утас нийлүүлснээс бид их хэмжээний алдагдалд орсон, бид чанаргүй утсанд зах зээлийн ханшнаас илүү үнийг төлж хохирсон” гэж тайлбарласан. Улмаар энэхүү үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.   

 

Шүүх дараах байдлаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Үндсэн нэхэмжлэл:

 

Нэхэмжлэгч болон хариуцагч талууд 344.374 кг утас нийлүүлсэн эсэх болон төлбөрийн хэмжээ, төлбөрийг төлөх ёстой байсан цаг хугацаан дээр маргаагүй, харин худалдагч талаас нийлүүлсэн утасны чанар буюу эд хөрөнгийн доголдол байсан эсэх тал дээр маргаантай байна.

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэхээр заажээ.

 

Хариуцагч талааc нэхэмжлэгчийн худалдсан 344.374 кг утас нь талуудын гэрээгээр тохирсон ямааны ноолууран ээрмэл утас биш харин хонины ноос, туулайн ноолуур, вискоз, найлоны орцтой, өөрөөр хэлбэл гэрээгээр тохирсон чанарт хүрэхгүй бүтээгдэхүүн гэж марган нэхэмжлэгчээс авсан гэх утсанд хийлгэсэн шинжилгээний хариуг шүүхэд нотлох баримтаар гаргасан ба улмаар шүүхээс шинжээч томилуулсан.  

 

Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд дээж ирүүлсэн байгууллага буюу хариуцагч “Жаргал кашмер” ХХК-иас ирүүлсэн ээрмэл утас нь бүтцийн хувьд 50.8 хувийн хонины ноос, 9.2 хувийн туулайн ноолуур, 23.9 хувийн вискоз, 16.1 хувийн найлоны орцтой байна. Өөрөөр хэлбэл шинжилгээнд ирүүлсэн дээж нь ямааны ноолууран утас биш гэж үзэхээр байна.

 

Хэдий тийм боловч уг шинжилгээнд өгсөн утас нь нэхэмжлэгч ХС ХХК“Жаргал кашмер” ХХК-д нийлүүлсэн утас мөн эсэх болон ХС ХХКавсан утсаар хийгдсэн бүтээгдэхүүний дээж мөн эсэх нь эргэлзээтэй гэж шүүхээс үзлээ. Иймд хариуцагчийн “...нэхэмжлэгч доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлсэн” гэх тайлбар үндэслэл муутай байна.   

 

2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар хариуцагч ЖШ ХХКнь 90,498 юанийн үлдэгдэл төлбөртэй талаар маргаагүйгээс гадна нэхэмжлэгчийн “...төлсөөр байгаад одоо 80,752.36 юанийн үлдэгдэлтэй” гэх тайлбарыг хариуцагчийн зүгээс үгүйсгээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөр 28,208,414 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал гэрээний дагуу алданги 14,104,200 төгрөгийг шаардах эрхтэй байна.    

 

Нэхэмжлэгч тал хариуцагчаас 80,752,36 юан буюу 28,208,414 төгрөгийг шаардахдаа үүрэг үүсэх үеийн ханшаар тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж заасантай харшлахгүй.

 

Сөрөг нэхэмжлэл:

 

Хариуцагч нь гэрээгээр тохирсон чанарт хүрээгүй утсанд илүү төлсөн үнэ болох 12,563,196 төгрөг, уг утсаар хийсэн барааны үнэ 21,923,000 төгрөг, нийт 34,486,196 төгрөг нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн  251 дүгээр зүйлийн 251.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг. Мөн хуулийн 253 дүгээр зүйлийн 253.1., 254 дүгээр зүйлийн 254.1.-д зааснаар худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй ба худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

 

Гэвч шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцдог ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.-д заажээ.

 

Хариуцагч “Жаргал кашмер” ХХК-ийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа байх бөгөөд гэрээний зүйл болох утсыг хүлээн авахдаа эд хөрөнгийн доголдлыг мэдэх буюу шалгах боломжтой байсан гэж үзэхээр байна. Иймд хариуцагч буюу худалдан авагчийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.д зааснаар худалдан авсан утасны талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Жаргал кашмер” ХХК-иас 42,312,614 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХС ХХК олгосугай.

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХС ХХК34,486,196 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Жаргал кашмер” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369,520 төгрөг, хариуцагчаас төлсөн 330,382 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Жаргал кашмер” ХХК-иас 369,520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХС ХХК олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                         Н.ХАНГАЛ