Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 00077

 

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2018/00077

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, М.Л нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, З.Б холбогдох

950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Лханаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн З.Б нь 2017 оны 07 дугаар сард М.Лханаа надаас 950,000 төгрөг зээлж 1 сарын дараа 1,800,000 болгон өгнө гэж итгүүлж авсан билээ. Уг мөнгийг юунд зарцуулах вэ гэхэд хуучны эд зүйл худалдан авч зарж борлуулдаг гэх ба намайг 1 удаа Хантайн нурууруу дагуулж явсан удаа байгаа билээ. Би машин тэргээ эвдэн явж ирсэн удаатай. 1 сарын дараа мөнгөө авъя гэтэл удахгүй төмрийн наймаа ГОК-д хийж байгаа гэхээр нь өдийг хүрлээ. Иймд Бат-Очирын өгсөн 950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Б шүүхэд гаргасан тайлбартаа: З.Б би 7 хантай нуруу руу Лханаагийн хүргэн хүү нийт 4, Лханаа, би гээд 6-уулаа явсан. Бодонт хара гэдэг газарт Лханаад би хэлсэн. Дээр үеийн хэдэн зуун жилийн юм мэдэхгүй тийм хэрэгсүүр, булш байдаг гэсэн гэсэн гэж хэлтэл тэрлүү чинь явъя би заагаад өг гэж явсан. Явсан мөртлөө тэр юм аа олоогүй. Гэхдээ Лхнаа хоол, хүнс бүх юм аа би гаргач гэж хэдсэн. Б би Л-с сохор зоос аваагүй, өөрөө согтуу явж байгаад машинаа чулуу мөргүүлэн бага зэргийн эвдрэл гарсан. Ор үндэсгүй юмыг би хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Лханаа нь хариуцагч З.Бт холбогдуулан 950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч З.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд 950,000 төгрөгийг зээлж аваагүй, харин хамтдаа булш, хэрэгсүүр олохоор явсан. Замдаа машин нь эвдэрч гэмтсэн гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оын 07 дугаар сард 950,000 төгрөгийг 1,800,000 болгон өгнө гэж зээлсэн боловч өдийг хүртэл мөнгө өгөхгүй байна гэж тайлбарлаж байна.

Ийнхүү зохигчид хэргийн үйл баримтын талаар 950,000 төгрөгийг өөр өөрөөр тайлбарлаж, хариуцагч 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн баримт дээр гарын үсэг зураагүй гэж мэтгэлцэж байгаа бөгөөд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 6273 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн мөнгө хүлээлгэн өгсөн баримт дээр зурсан гарын үсэг нь З.Бын гарын үсгийн загваруудтай тохирч байна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ бичгийн нотлох баримтаар нотлож чадахгүй байна. Харин хариуцагч нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар нэхэмжлэгчээс 950,000 төгрөг зээлж авсан болох нь нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч З.Боос 950,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Лханаад олгох үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зйүлйин 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч З.Боос 950,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Лханаад олгосугай.

2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27,350 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 27,350 төгрөг гаргулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                     Б.БЯМБАСҮРЭН