Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 139

 

 

 

 

М.Лгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч З.Бт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2018/01034 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Лгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: З.Бт холбогдох,

Зээлийн 950.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Л, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч М.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн З.Б нь 2017 оны 07 дугаар сард М.Л надаас 950 000 төгрөг зээлж 1 сарын дараа 1 800 000 төгрөг болгон өгнө гэж итгүүлж авсан. Уг мөнгийг юунд зарцуулах вэ гэхэд хуучны эд зүйл худалдан авч зарж борлуулдаг гэх ба намайг 1 удаа Хантайн нуруу руу дагуулж явсан удаа байгаа билээ. Би машин тэргээ эвдэн явж ирсэн удаатай. 1 сарын дараа мөнгөө авъя гэтэл удахгүй төмрийн наймаа ГОК-д хийж байгаа гэсээр өдийг хүрсэн. Намайг бэлэн мөнгөтэй байгааг мэдээд мөнгө өгчих гэсэн. 750 000 төгрөг өгөхөд 1 000 000 төгрөг болгоод өгөөч гэсэн тул байсан 200 000 төгрөгийг нэмж нийт 950 000 төгрөг өгснөө авмаар байна. Манайд ажиллахаар ирсэн 3 залууд элдэв зүйл хэлсэн байсан. Тэгэхээр нь би шоронгийнх гэсэн чинь чамайг мөнгөө олж авахыг харъя гээд байсан. Иймд Бт өгсөн 950 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

З.Б би хантай нуруу руу Лгийн хүргэн хүү Л би гээд зургуулаа явсан. Бодонт хара гэдэг газарт хэдэн зуун жилийх юм мэдэгдэхгүй тийм хэрэгсүүр, булш байдаг гэж хэлтэл тэрлүү чинь явъя заагаад өг гэж явсан. Бид яваад тэр юм аа олоогүй. Гэхдээ Л хоол, хүнс бүх юм аа би гаргана гэж хэлсэн. Б би Лгаас сохор зоос аваагүй, өөрөө согтуу явж байгаад машинаа чулуу мөргүүлэн бага зэргийн эвдрэл гарсан. Ор үндэсгүй юмыг би хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа :

Хариуцагч З.Бын шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж байна. 950 000 төгрөгийг зээлж аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Харин М.Л нь З.Бын гар цүнхийг булаан авч түүн дотор байсан гарын үсэг, утасны дугаар бүхий цаасыг ашиглан мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2018/01034 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д заасныг баримтлан хариуцагч З.Боос 750 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 27 350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Боос 22 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Лд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хариуцагч З.Боос 750 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ нотлох баримтаар хавтаст хэргийн 16 дахь талд авагдсан М.Лгийн зохиомлоор бүрдүүлсэн, эргэлзээтэй баримтыг урьд өмнө 750 000 төгрөгийг М.Л З.Бт өгсөн мэтээр үнэлсэн байна. Нэхэмжлэгч М.Л нь шүүх хуралдаан дээр З.Бтой хамт хантай нуруу руу өмнө явж байгаагүй З.Б Хантай нуруу руу явж байх үедээ автомашинаа эвдэж тухайн эвдрэлтэй холбоотой зардлыг нэхэмжилсэн учир зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа нь худал" гэх тайлбарыг өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд гаргаж буй нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргаж буй тайлбарууд нь хоорондоо эрс зөрүүтэй худал тайлбар өгч бодит байдлыг худлаар тайлбарласан. Ийнхүү шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг анхаарч үзсэнгүй. Тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр явагдсан бөгөөд шүүх хуралдаанд Ч.Буяндэлгэр гэдэг нарийн бичгийн дарга оролцсон байтал шүүхийн шийдвэрт Б.Сэр-Оддамба гэдэг нарийн бичгийн дарга оролцсон гэж бичсэнийг ойлгохгүй байна.Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1034 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.Л нь хариуцагч З.Бт холбогдуулан 950.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д заасныг баримтлан хариуцагч З.Боос 750.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд авагдсан нийт 750 000+200 000 төг 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан Б 94134380, гэсэн баримтанд хариуцагч гарын үсэг зураагүй гэж тайлбарлаж байгаа боловч дээрх баримтанд хариуцагч гарын үсэг зурсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 6273 дугаар шинжээчийн дүгнэлт, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 5029 дугаар шинжээч нарын дүгнэлтээр тус тус тогтоогджээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж, хариуцагч З.Боос 750.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр нь давж заалдсан гомдолдоо ...шүүхийн шийдвэрт Б.Сэр-Оддамба гэдэг нарийн бичгийн дарга оролцсон гэж бичсэнийг ойлгохгүй байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1034 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2018 оны 10 дугаар сарын 26 ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр бичиж баталгаажуулжээ./х/х-ийн 133-142 дугаар хуудас/,

2018 оны 10 дугаар сарын 26 ны өдрийн шүүхийн шийдвэрийн Удиртгал хэсэгт ... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба... оролцсон гэж бичиж хайхрамжгүй алдаа гаргасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2018/01034 дугаар шийдвэрийн Удиртгал хэсэгт шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов... гэснийг, ...шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нар оролцов... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.000 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР