Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 00115

 

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2018/00115

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Төрийн банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Т.С

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Б.Ц нарт холбогдох

Зээлийн үүргийн гүйцэтгэлд 12,726,789 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхлан, А.Мөнхчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Төмөрчөдөр овогтой Соёлбат нь анх 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн банкны Орхон салбарын Зэст тооцооны төвөөс №1307-98 тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийн гэрээт цалингийн зээл авсан. 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Төрийн банкны Орхон салбарын Зэст тооцооны төвөөс №130700069608 тоот зээлийн гэрээ байгуулан 1,140,000 /Нэг сая нэг зуун дөчин мянган/ төгрөгийн нэмэлт зээл авч нийт 13,440,000 /Арван гурван сая дөрвөн зуун дөчин мянган/төгрөгийг жилийн 21,6% хүүтэй, 36 сар /3 жил/-ын хугацаагаар авсан.

Зээлийн барьцаанд цалин болон өөрийн эзэмшлийн гэрийн тавилга эд хогшил, хөдлөх хөрөнгө бүгдийг тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.3 заалтыг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй, зээл төлөх мэдэгдэл удаа дараа өгсөн боловч зээлд огт төлөлт хийхгүй байна. Иймд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

1.Зээлдэгч ажлаас гарсан тул хамтран зээлдэгч Б.Ц-ийн тэтгэвэрийн орлогоор зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

2.Зээлийн үндсэн төлбөрийн өр 11,489,064.97 төгрөг, зээлийн хүүгийн өр 1,237,724.10 төгрөг, нийт 12,726,789.07 төгрөг /Арван хоёр сая долоон зуун хорин зургаан мянга долоон зуун наян есөн төгрөг долоон мөнгө/

3.Улсын тэмдэгтийн хураамж 218.580 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийн банкийг төлөөлж Төрийн банк Орхон салбар Зэст тооцооны төвийн захирал Э.Жавхлангийн гаргасан зээлийн үндсэн төлбөрийн өр болон зээлийн хүүгийн төлбөр 12.726.789 төгрөгийг нотариатын зардал 7500 төгрөг нийт 12.734.289 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад итгэмжлэгдсэн төлөөлөгч би дараах тайлбарыг гаргаж байна.

1. Т.Снь анх 2014 оны 11 сарын 27-ны өдөр Төрийн банкнаас 15000000 /арван таван сая төгрөгийн цалингийн зээлийг авахдаа хамтран зээлдэгчгүйгээр авсан байдаг. Хариуцагч Б.Цгийн хувьд Т.С-ын цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр 2016 оны 10 сарын 27-ны өдөр №130700069608 тоот гэрээ байгуулан 1140000 /нэг сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийн нэмэлт зээл авахад нь гарын үсэг зурсан нь үнэн боловч тухайн үед банкны зүгээс манайх зээл гаргахын тул заавал хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулдаг юм гэж хэлээд Б.Ц-р гарын үсэг зуруулсан байдаг. Зээлийн гэрээнд гарын үсэг зурахдаа ирээдүйд гарах үр дагаврын талаар тайлбарлаагүй бөгөөд банк болон үндсэн зээлдэгч 2-ын хооронд үүссэн зээлийн гэрээний үр дүнг бий болгохын тулд гарын үсэг зуруулж тухайн цалингийн зээлийг зээлдэгч Т.С-д тус банкны салбарсаас гаргаж өгсөн байна. Зээлдэгч Т.Стухайн цалингийн зээлийг өөрийн дансруугаа шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ ашигласан. нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 12.726.789.07 төгрөгийн зээлийг хариуцагч Б.Ц захиран зарцуулаагүй бөгөөд нэхэмжлэгч төрийн банк тухайн зээлийг Б.Цд өгөөгүй мөн хариуцагч Б.Ц аваагүй гэдэг нь Төрийн банкны нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн гэрээ, зээл зээлийн хүүгийн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга зэргээр нотлогдож байна. Мөн үндсэн зээгдэгч нь өнөөдрийн байдлаар хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд зээлийн төлбөрөө төлөх боломжтой. Зээлийн төлбөрийг хамтран зээлдэгчийн тэтгэврийн орлогоос гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлага нэхэмжпэгчийн зүгээс гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул зээлийн төлбөрийг үндсэн зээлдэгч Т.Соёлбатаас гаргуулах нь зүйтэй байна.

2 Хариуцагч Т.Снь Төрийн банк Орхон салбар Зэст тооцооны төвөөс цапингийн зээлийг өөрийн дансаар шилжүүлэн авсан болон зээлийн үндсэн төлбөр/йн өр болон зээлийн хүүгийн төлбөр 12.726.789.07 төгрөг, нотариатын зардал 7500 төгрөг нийт 12,734,289 төгрөгийн төлбөрийг өөрөө хариуцан төлөхийг хүлээн зөвшөөрдөг. Харин хариуцагч Б.Ц-гаар төлүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд Төрийн банкийг төлөөлж Төрийн банкны Орхон салбар Зэст тооцооны төвийн захирал Э.Жавхлангийн гаргасан зээлийн үндсэн төлбөрийн өр болон зээлийн хүүгийн төлбөр 12,726,789.07 төгрөг, нотариатын зардал 7500 төгрөг нийт 12,734,289 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн Т.Соёлбатаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Орхон аймаг дахь салбар нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 3107-98 тоот зээлийн гэрээ, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 130700069608 тоот барьцаат зээлийн гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 130700069608 тоот зээлийн гэрээг үндэслэн хариуцагч Т.Соёлбат, Б.Ц нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 12,726,789 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг нийт 12,734,289 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд маргаагүй, харин төлбөрийг Т.С барагдуулахыг зөвшөөрсөн тайлбар гаргасан байх бөгөөд хариуцагч Т.Снь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1307-98 тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар зээлж авсан, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 130700069608 тоот зээлийн гэрээ байгуулан нэмж 5,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 130700069608 тоот зээлийн гэрээ байгуулан нэмж 1,140,000 төгрөгийг зээлж, нийт зээлийн хэмжээ 13,440,000 төгрөг болсон, зээлийн гэрээн дээр Т.С, Б.Ц нар гарын үсэг зурсан, Зээлдэгч Б.С зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, зээлдүүлэгч төлбөрөө биелүүлэхийг шаардсан мэдэгдэлийг удаа дараа хүргүүлсэн, хариуцагч нар тухай бүрт мэдэгдлийг хүлээн авч, гарын үсэг зурж байсан болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээгээр нотлогдож байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Төрийн банкны зээл олгох гэрээгээр 13,440,000 төгрөгийг тодорхой хугацаатайгаар зээлдэгч Т.Соёлбат, Б.Ц нарт шилжүүлэх, зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Хариуцагч Т.Соёлбат, Б.Ц нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Б.Ц нь зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан боловч мөнгийг зарцуулаагүй гэж тайлбарлаж байгаа боловч зарцуулсан эсэхээс үл хамааран зээлийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Т.Соёлбат, Б.Ц 12,734,289 төгрөг гаргуулан Төрийн банкны Орхон салбарт олгохооор шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Төрийн банкны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 218,580 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.Соёлбат, Б.Ц нараас 218,580 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбарт олгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Т.Соёлбат, Б.Ц нараас 12,734,289 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Орхон салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 218,580 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.Соёлбат, Б.Ц нараас 218,580 төгрөг гаргуулан Төрийн банкны Орхон салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН