Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00790

 

А.Бэлэгмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/00186 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 589 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч: А.Бэлэгмаа

Хариуцагч: Хүннү шүйс ХХК

Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Р.Батболдын гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Бэлэгмаа, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /цахимаар/, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Хүннү Шүйс ХХК-д 2018-06-01-ний өдөр уллагаачинаар ажилд орж, 1 сая төгрөгийн цалинтай ажиллаж байсан. 2019-10-18-ны өдөр ажил олгогчийн 19/10/03 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2019-02 сараас өнөөдрийг хүртэл ажил хийлгээгүй. 2019-10 сард ажлаас халсан, ажиллуулахгүй гээд тушаал, хөдөлмөрийн гэрээг өгөхгүй байсан. Шаардаж байж тушаал гаргаж өгсөн ч Хөдөлмөрийн тухай хуулийн 40-д заасныг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй тушаал байсан. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 46-д заасныг зөрчиж, ажилчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл ч төлдөггүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: А.Бэлэгмааг 2018-06-01-ний өдөр ажилд ороход нь хуульд заасан хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2019-03-31-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Ажлаас үндэслэлгүй халаагүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилж байгаа бол улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой, 2019-03-31-с А.Бэлэгмаагийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, тэрээр ажилдаа тогтмол ирдэггүй, 2, 3, 7 хоногоор ажлаа таслаад явдаг байсан. 2019-10-09-ний өдрийн тушаал байдаг, нийгмийн даатгалтай холбоотой бичилт хийсэн, үүнийг А.Бэлэгмаа өөр байгууллагад ажилд орох болсон гээд гуйж байгаад бичүүлсэн, 2019-03 сараас хойш А.Бэлэгмаа ажил хийгээгүй нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно, нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгоно уу. гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 102/ШШ2020/00186 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т зааснаар Алгаагийн Бэлэгмааг Хүннү Шүйс ХХК-ийн уллагаачний ажилд нь эргүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Хүннү Шүйс ХХК-иас 10,436,000 төгрөгийг гаргуулан А.Бэлэгмаад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар А.Бэлэгмаагийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг Хүннү Шүйс ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар А.Бэлэгмаа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Хүннү Шүйс ХХК-иас 181 926 /нэг зуун наян нэгэн мянга есөн зуун хорин зургаан/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 589 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/00186 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 181,926 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Р.Батболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Түүнчлэн байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасантай нийцэж байх тул хуулийг буруу тайлбарласан гэх хариуцагчийн давж заалдах гомдол хангагдах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэп, талууд хөдөлмөрийн гэрээнд А.Бэлэгмаагийн гүйцэтгэх ажил үүрэг нь улирлын чанартай гэдгийг тодорхойлоогүй, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгдсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь дээрх байдлыг нотлохгүй байна гэж дүгнэсэн. Мөн хариуцагч Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэх хууль зүйн үндэслэлээ ИХШХШТХ-н 25.2.2, 38.1-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно гэж дүгнэсэн байна. Хөдөлмөрийн гэрээний хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуульд ажил үүргийн онцлог улирлын чанартай байх эсэхээс үл хамаарч зохицуулагдсан. Тодруулбал: Хөдөлмөрийн тухай хуулийн 23.1.Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна. 23.2. Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна: 23.2.1.байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй; 23.2.2-энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай. Хөдөлмөрийн тухай хуульд байнгын ажлын байранд Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж журамласан байхад анхан шатны шүүхээс хариуцагч буюу Хүннү шүйс" ХХК нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь буруу, хугацаагүй гэрээ байгуулах хуулийн зохицуулалттай гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15, 23.2.1-г хууль зүйн үндэслэлээ болгож хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэснийг Давж заалдах шатны шүүх зөвтгөсөн нь Магадлал хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байгааг харуулж байна. Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээний хугацааг талууд тохиролцож тодорхой тусгасан байхад нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь мөн ойлгомжгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

А.Бэлэгмаа 2019-11-05-ны өдөр Хүннү шүйс ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, ...ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, 2019 оны 2 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулах , уллагаачины ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх..-г шаардсан гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Хариуцагчийн гомдлын талаар дүгнэлт хийхэд А.Бэлэгмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой дурдах нь зүйтэй байна.

а/. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, А.Бэлэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, Хүннү шүйс ХХК-н уллагаачины ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх... /хх1/ гэсэн байх бөгөөд уг нэхэмжлэлээ өөрчилсөн, нэмэгдүүлсэн баримт хэрэгт байхгүй байна.

Түүнчлэн, А.Бэлэгмаа шүүхэд хандахдаа ... ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох... гэж бичсэн боловч энэ нь шаардлага бус, харин ...уллагаачины ажилд эгүүлэн тогтоолгох.. нэхэмжлэлийн үндэслэл нь байна.

б/. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй. Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ. Шүүх хуралдаан дээр зохигч хүсэлт гаргах эрхтэй бөгөөд энэ нь хуульд нийцсэн мөн шүүх хуралдаан дээр гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байвал шүүх хүлээн авна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, А.Бэлэгмаа нь нэхэмжлэлээ нэмэгдүүлж буй талаар дурдаагүй боловч шүүх хуралдаан дээр ...2019 оны 2 дугаар сараас 2019-10-18-ны өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулах..-г мөн шаардсан мэт нэхэмжлэлээ тайлбарлажээ.

...2019 оны 2 дугаар сараас 2019-10-18-ны өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулах.. нэхэмжлэлийг А.Бэлэгмаа шүүхэд гаргасанг мөн уг нэхэмжлэлийг хариуцагчид гардуулж, танилцуулсан баримт хэрэгт байхгүй байна.

Иймд нэхэмжлэгч А.Бэлэгмаагийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу нэхэмжлэгч нь ....Хүннү шүйс ХХК-н уллагаачины ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх.. нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэж үзлээ.

в/. Зохигч өөрийн шаардлага, тайлбарыг нотлох баримтыг өөрөө шүүхэд гаргах үүрэг хүлээнэ. Шүүх зохигчийн гаргасан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэнэ.

Шүүх ...уллагаачины ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх.. нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, зохигч нар энэ нэхэмжлэлийн шаардлагын талаар мэтгэлцэж, холбогдох баримтыг шүүхэд гаргасан, шүүх энэ талаар дүгнэлт хийсэн байгаа тул магадлалыг хяналтын гомдлын дагуу хянаж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4., 26 дугаар зүйлийн 26.2, 116 дугаар зүйлийн 116.2. 116.3., 176 дугаар зүйлийн 176.2.2-г зөрчихгүй юм.

2. Хоёр шатны шүүх ...уллагаачины ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх.. нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

а/. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч 2019-10-18-ны өдөр 19/10/03 дугаартай тушаал гаргаж /хх9/ ..байгууллагын бүтэц зохион байгуулалтын улмаас.. гэсэн үндэслэлээр А.Бэлэгмааг ажлаас нь чөлөөлжээ.

Байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн буюу аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Ажил олгогч энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ.

Хариуцагч ..байгууллагын бүтэц зохион байгуулалт.. хийж А.Бэлэгмааг ажлаас нь чөлөөлсөн гэх боловч Хүннү шүйс ХХК нь бүтэц зохион байгуулалтыг хэний шийдвэрээр хэзээ, хэрхэн хийсэн талаарх баримт хэрэгт байхгүй тул ажил олгогчийн тушаал хуульд нийцээгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт нийцсэн байна гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй 19/10/03 дугаартай тушаалыг 2019-10-18-ны өдөр гаргаж А.Бэлэгмааг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан байх тул шүүх нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан уллагаачин-ны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх А.Бэлэгмааг уллагаачны ажилд эгүүлэн тогтоосон нь зөв байх бөгөөд энэ тухай хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Харин шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахдаа холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн ...128 дугаар зүйлийн 128.1 гэснийг ...128 дугаар зүйлийн 128.1.2.. гэж өөрчилнө.

б/. Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.

А.Бэлэгмаа нь 1,000,000 төгрөгийн цалинтай байх бөгөөд ажил олгогчоос олгож байсан цалингийн хэмжээтэй холбоотой гомдлыг ажилтан гаргаж байсан баримт хэрэгт байхгүй тул ...урьд авч байсан дундаж цалин хөлс..-г сүүлийн 3 сарын хугацаанд авч байсан цалин хөлсөөр тодорхойлох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т нийцнэ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлс нь 388,600 төгрөг /2019 оны 3-р сард 244,000 төгрөг, 2019 оны 1-р сард 898,100 төгрөг, 2018 оны 12-р сард 237,000 төгрөг = 1,165,800 төгрөг : 3/ байна. /хх67/

Иймд 2019-10-18-ны өдрөөс 2020-01-09-ний өдрийг дуустал хугацааны олговорт нийт 1,165,800 төгрөгийг ажил олгогчоос гаргуулах өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулна.

3. Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ.

Хүннү шүйс ХХК нь А.Бэлэгмааг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан нь тогтоогдсон, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа ноцтой зөрчил гаргаагүй байх тул хяналтын шатны шүүхээс хариуцагчийн гомдлын талаар дүгнэлт хийж, шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулав.

А.Бэлэгмаа нь ...2019 оны 2 дугаар сараас 2019-10-18-ны өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулах.. нэхэмжлэлийг Хүннү шүйс ХХК-д холбогдуулан гаргахад энэ тогтоол саад болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 589 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/00186 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...128.1.. гэснийг ...128.1.2.. гэж, 2 дахь заалтын ...10 436 000 /арван сая дөрвөн зуун гучин зургаан мянган/ төгрөгийг... гэснийг ...1.165.800 төгрөг.. гэж., 4 дэх заалтын ...181 926 /нэг зуун наян нэгэн мянга есөн зуун хорин зургаан/ төгрөгийг... гэснийг ...32.529 төгрөг.. гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. А.Бэлэгмаа нь ...2019 оны 2 дугаар сараас 2019-10-18-ны өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулах... нэхэмжлэлийг Хүннү шүйс ХХК-д холбогдуулан гаргахад энэ тогтоол саад болохгүйг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 181,926 төгрөгийг хариуцагчид захирамжаар буцааж олгосугай.

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                            Б.УНДРАХ