| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 187/2019/0092/Э |
| Дугаар | 304 |
| Огноо | 2019-04-04 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 304
Б.Г, Д.Ц нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Мөнгөнсүх,
шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг,
шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч Д.Оюунбаатар,
нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Г, Д.Ц нарт холбогдох 21802 00462 0284 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Б-н Г, 19.. оны ... дугаар сарын ..-ны өдөр ......... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “З” дээд сургуулийн .........2 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт ............ дүүргийн .. дугаар хороо, ............ дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;
2. Б овгийн Д-н Ц, 19.. оны .. дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “O G” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт ......... дүүргийн .. дугаар хороо, ......... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;
Б.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 97-32 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,
Д.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 97-32 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Г, Д.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Г, Д.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г, Д.Ц нарыг тус бүрийг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г, Д.Ц нарт тус бүр оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г, Д.Ц нарын хойшлуулшгүйгээр сэжигтнээр баривчлагдсан 48 цагийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан JN3255227 сери дугаартай хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, AV7260096 сери дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг тус тус Монгол банкинд шилжүүлж, шинжилгээнд хүргүүлсэн бор өнгийн түлхүүрийн оосор дотор талд наалдсан бор өнгийн 0.5х0.5 см хэмжээтэй шавар мэт зүйл, шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн Б.Г гэж засварласан, хар үүргэвчнээс илэрсэн гялгар ууттай, 58.7 грамм жинтэй өвс мэт зүйл, 97-32 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээс илэрсэн 2018.11.19 гэж хаягласан зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийгдсэн, гялгар уутанд наасан, шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн, гялгар ууттай жинлэхэд 1.3 грамм, уутнаас гаргаж жинлэхэд 0.2 грамм жинтэй бор өнгийн шавар мэт зүйл, шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн, №11 гэж дугаарлагдсан цэнхэр өнгийн “Байгаль” гэх нэртэй хуванцар саванд хийсэн 232.7 грамм жинтэй өвс мэт зүйл, шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн, /хоргодол үүссэн/ №9 дугаартай шаргал өнгийн “Fuze tea” гэх хуванцар саванд хийгдсэн 102.2 грамм жинтэй өвс мэт зүйл, шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн №7 дугаартай, “Coca cola” гэх хуванцар саванд хийгдсэн 74.4 грамм жинтэй өвс мэт зүйл, шинжилгээгээр дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илэрсэн №10 гэж дугаарлагдсан хар өнгийн дөрвөлжин хайрцагт хийгдсэн 10 хэсэг базсан тугалган цаас зэрэг эд зүйлсийг тус тус зохих журмын дагуу устгаж, уг ажиллагаанд прокурор, мэргэжилтнийг оролцуулан тэмдэглэл үйлдэн устгасан, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Ц, Б.Г нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагийн үед Г-тэй уулзаад манай ахын гэрт очихоор миний 97-32 УБЧ улсын дугаартай, “Тоyota alphard” загварын машинтай явж байхдаа Г-н гаргаж ирсэн өвснөөс нь 1-2 удаа сорж үзсэн. Харин миний машины урд хайрцагнаас гарсан 0.2 грамм өвсийг машины урд хайрцагт хийснийг би мэдээгүй. Цагдаад баригдахдаа болон Г-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтэй танилцахдаа мэдсэн. Миний машины урд талын хайрцагт байсан манай хоёр ихэр охины хэрэглэдэг маскнуудын дунд хийсэн байсан өвсийг намайг хадгалсан гэж прокурор дүгнэсэн. Уг нь тухайн бодис нь минийх биш юм. Цэг, морок, жамбага гэдгийг шавар гэж ойлгосон. Цэгийг хойноос нь уншихад “киcел” гэсэн үг болдог. “Кисел” гэж шаварыг хэлдэг.
Би өөрийн саваагүй, тоомжиргүй зангаасаа болж өвс гэх хар тамхины төрлийн бодисыг хэрэглэн, хадгалсан хэрэгт орж, ар гэрийнхнийхээ сэтгэлийг зовоож байгаадаа маш их харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хоёр ихэр охины ээж нь Солонгос улс руу ажиллахаар 3 сарын хугацаатай явах үедээ над дээр үлдээдэг бөгөөд ээж маань надтай хамт лангуу түрээслэн ажиллуулангаа хүүхдүүдийг ээлжилж хардаг билээ. Миний эзгүйд ихэр охиныг асран хамгаалах хүнгүй бөгөөд үүнд санаа их зовж байна. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан, надад нэг удаа уучлалт үзүүлж, хорих ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Д.Ц-н өмгөөлөгч Ж.Уранчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Д.Ц-г гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Прокуророос Б.Г, Д.Ц нарыг тээврийн хэрэгсэлд сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан гэж нэг үйлдлийг 2 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй. Мөрдөн байцаалтын шатанд огт шалгагдаагүй зүйлээр прокурорын төсөөллөөр анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Д.Ц-г 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 97-32 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тетрогидроканнабинолын агууламж бүхий бодисыг хадгалсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Гэтэл яллагдагч Б.Г мөрдөн байцаалтын ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт маш тогтвортойгоор “... би хоёулаа татаж явсан бор зүйлээс үлдсэн хэсгийг машинд байсан жижигхэн гялгар уутанд /маскны уут/ ороогоод Д.Ц-н машины зүүн урд талын хайрцагт хийсэн...” гэж удаа дараа мэдүүлсээр байтал Д.Ц-г уг өвсийг хадгалсан гэж үзэн, эрх зүйн байдлыг нь дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Харин Д.Ц-н “өвс” буюу сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар торгуулийн арга хэмжээ авч өгнө үү. Түүний ар гэрийн байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч Д.Оюунбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Г нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зүйлчлэлийн талаар маргаагүй. Хэдийгээр давж заалдах гомдол гаргаагүй боловч Б.Г нь гэм буруугаа ойлгон, гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.
Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц нь цэг буюу шаварыг өөрийн машиндаа хадгалсан. Харин Г нь өвсийг өөрийн цүнхэндээ хадгалсан. Яг баривчлагдах үед Г-н үүргэвч нь Ц-н машинд байсан. Тэгэхээр хоёр тусдаа үйлдэл гэж үзсэн. Нууц ажиллагааны магадлагаагаар Ц-д Г-тэй уулзахаас өмнө цэг буюу шавар гэдэг зүйл байсан болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Б.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 97-32 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үүргэвчиндээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай, 58,7 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг,
Д.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 97-32 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд хайрцагт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай, 0,2 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1 хх 12, 18/, Б.Г-н биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 15/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 19/, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 20/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 25-27/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Шинжилгээнд ирүүлсэн Г гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол илрэв. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг...” гэсэн 12666 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 44/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Шинжилгээнд ирүүлсэн хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, “Б.Г-н биеэс илэрсэн 2018.11.19” гэж хаягласан бор өнгийн түлхүүрийн гэрний дотор талд наалдсан шавар мэт зүйл, мөн гялгар уутанд наалдсан шавар мэт зүйл, гялгар ууттай ногоон өнгийн ургамал тус бүрээс тетрагидроканнабинол илэрч байна...” гэсэн 12472 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 47/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн Д-н Ц гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол илрэв. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг...” гэсэн 12476 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 52/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...№11 гэж дугаарласан “Байгаль” гэх бичигтэй 5 литрийн усны хуванцар савтай цайвар ногоон өнгийн өвс, ургамал мэт зүйл, №9 гэж дугаарласан “Fuze tea” гэх хуванцар савтай цайвар ногоон өнгийн өвс, ургамал мэт зүйл, №7 гэж дугаарласан “Coca cola” гэх хуванцар саванд хийгдсэн ногоон өнгийн өвс, ургамал мэт зүйл, АV7260096 сери дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, базсан мөнгөлөг цааснууд 10 хэсэг, “0” гэж дугаарласан гялгар ууттай цайвар ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг...” гэсэн 12473 дугаартай дүгнэлт /1 хх 55-56/,
Б.Г нь үйлдсэн хэргийн талаар сэжигтэн, яллагдагчаар удаа дараа өгсөн мэдүүлгүүд /1 хх 86-87, 92-96/, Нууц ажиллагааны магадлагаа /1 хх 190-195/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г, Д.Ц нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон гэж үзэв.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г, Д.Ц нарт тус бүр 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгч Д.Ц-н “...ар гэрийн байдлыг харгалзан үзэж, ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Хэдийгээр шүүгдэгч Д.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Мөн шүүгдэгч Д.Ц-н өмгөөлөгч Ж.Уранчимэгийн “...Прокуророос Б.Г, Д.Ц нарыг тээврийн хэрэгсэлд сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан гэж нэг үйлдлийг 2 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй, ... Д.Ц-г “өвс” буюу сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан гэж үзэн, эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Харин Д.Ц-н “өвс” гэх бодисыг хэрэглэсэн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар торгуулийн арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, ...худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар ...хадгалсан...” гэдэгт уг бодисыг орон байр болон тусгай зориулалтын байр, саванд агуулж байхаас гадна зарим тохиолдолд бусдын эд зүйлийг хадгалж байхыг хамааруулан ойлгодог.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Үзлэг эхлэхийн өмнө Д.Ц, Б.Г нараас “машинд хууль бус хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис байгаа юу” гэж асуухад ...Б.Г “машин дотор миний хар цүнх байгаа. Цүнх дотор өвс байгаа” гэж хэлээд ... өвс мэт зүйлийг жин хэмжүүрт тавьж үзэхэд “58.95 гр” гэж зааж байна... Машины зүүн урд ...хайрцагыг нээж үзэхэд “Маск” гэсэн бичиглэлтэй, цагаан өнгийн цаасан хайрцаг дотор ууттай маскууд ...гаргаж үзэхэд гялгар уутанд ороосон бор өнгийн шавар мэт зүйл байсныг хураан авав ...” /1 хх 19/ гэжээ.
Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “... гялгар уутанд боосон “шавар” гэх зүйлсээс тасдаад үлдсэн байсныгаа машины урд талын хайрцагт хийчихсэн. Тэгээд л цагдаад баригдсан. Тэр “шавар” гэх зүйл Г-нх, Г таллаж авч хэрэглээд үлдсэнийг нь миний автомашины урд талын хайрцаг дотор хийчихсэн. Дараа нь сорох гээд хийчихсэн...” /1 хх 102-105/ гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд Б.Г-н үүргэвч болон Д.Ц-н эзэмшлийн тээврийн хэрэгслээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу бэхжүүлэгдсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа бүхий баримтад дурдсанаар Д.Ц, Б.Г нар нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, 11 дүгээр сарын 1, 19-ний өдрүүдэд хоорондоо гар утсаар холбогдохдоо сэтгэцэд нөлөөт бодисыг өгч авалцах талаар ярилцсан /1 хх 190-195/,
Б.Г-н 2018 оны 12 дугаар сарын 5-ний өдрийн яллагдагчаар өгсөн “...дараа нь Ц ах утсаар яриад намайг өвсний талаар жоохон мэддэг гэж бодсон юм шиг байсан. Тухайн өдөр над руу залгаад “цэг байна уу” гээд байсан...” гэх мэдүүлэг болон мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа зэргээр сэтгэцэд нөлөөт бодисын талаар харилцан олон удаагийн давтамжтай ярилцсанаас үзэхэд тэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын талаар тодорхой ойлголттой байснаас гадна тухайн бодисоо хаана, хэрхэн нуун далдлах, хадгалах зэрэг нь шүүгдэгч нарын хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.