Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2020/0539/З |
Дугаар | 128/ШШ2020/0716 |
Огноо | 2020-11-03 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2020/0716
2020 оны 11 сарын 03 өдөр Дугаар 128/ШШ2020/0716 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.Б,
Хариуцагч: НМХГД,
Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Б.Б болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б******* тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас халсан. Уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй учир хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тушаалын зорилгын тухайд гэвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А05 дугаар тушаалаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлаад, уг тушаалын хавсралт хоёр дээр эм бил бэлдмэлийн улсын байцаагчийн орон тоог гурав гэж баталсан. Гэтэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч н.Сыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн эм био бэлдмэлийн улсын байцаагчаар томилж батлагдсан орон тоо 3 байтал н.Сыг авснаар нэгээр илүү орон тоотой болсон. Уг тушаалд 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн н.Сыг ажилд томилсугай гэсэн байсан. Нэхэмжлэгчийг 04 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас халсан, үүнээс юу харагдаж байна вэ гэхээр батлагдсан орон тоо 3 байхад хууль зөрчиж батлагдсан орон тооноос хэтрүүлсэн байсан. Үүнтэй холбоотойгоор н.Быг орон тоогоо гурав болгох зорилгоор ажлаас халсан байна. Энэ нь төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5-т зааснаар “ажлаас халагдсан маргаан шүүхээр хэлэлцүүлэгдэж байхад тухайн албан тушаалд ямар нэгэн томилгоо хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байдаг. Нэхэмжлэгчийн ажлаас халахдаа Авлигатай тэмцэх газрын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 05/3078 тоот албан бичгийг үндэслэсэн байдаг. Уг албан бичгээр юуг тодруулсан бэ гэхээр Б.Быг эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн улсын байцаагчийн албан тушаалд нэр дэвшүүлсэнтэй холбоотойгоор хөрөнгө орлогын мэдүүлэг болоод ашиг сонирхлын мэдүүлгийг авсан. Энэ нь шинээр нэр дэвшсэн албан тушаалд томилоход энэ хүн тохирч байгаа эсэх талаар болохоос одоо хийж байсан буюу экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагчийн албан тушаалд Авлигатай тэмцэх газраас ямар нэгэн байдлаар хөрөнгө орлогын мэдүүлэг болон ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх талаар албан бичиг гараагүй. Гэтэл ажил олгогчийн зүгээс шинээр нэр дэвшсэн албан тушаалд нь үндэслээд ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Нөгөө талаараа *******8-*******9 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг тухайн үед Авлигатай тэмцэх газар хянаад, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар руу явуулаад хянаад ямар нэгэн зөрчил байгаа талаар дурдаагүй. Авлигатай тэмцэх газар хуулийн дагуу шалгаж үзээд энэ талаар ямар нэгэн асуудал байгааг дурдаагүй. Авлигатай тэмцэх газрын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн бичиг нь урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай хамааралгүй юм. Гэтэл ажил олгогчийн зүгээс *******8, *******9 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт ашиг сонирхлын мэдүүлэг дээр чухам юуг зөрчсөн гэдгийг хаанаас яаж мэдээд ямар тушаал, шийдвэрийн үндсэн дээр энэ дээр шалгалтаар оруулаад, шалгалтаар тогтоогоод байгаа үйл баримт, үндэслэл тодорхойгүй нь хууль бус болохыг харуулж байна. Тушаалын хууль хэрэглээ болон хууль зүйн үндэслэлийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.11-т заасан “ашиг сонирхлын болон хөрөнгө оруулгын мэдүүлгийг зохих байгууллагад мэдүүлэх” заалтыг зөрчсөн байна гэж үзсэн. Хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлээгүй мэтээр хуулийг буруу хэрэглэж ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар *******8, *******9 онуудад хөрөнгө орлогын мэдүүлгээ зохих журмын дагуу гаргаж байсан. Б.Быг халсан хоёр дахь хууль зүйн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.15-т заасныг үндэслэж “үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхлэхгүй байх” гэсэн хуулийн зохицуулалтаас аваад үзвэл эрхлэх гэдэг нь юуг тодорхойлдог вэ гэхээр ямар нэгэн байдлаар өөр ажил албан тушаалд томилогдоод ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаанд оролцсон гэж ойлгоно. “Т” ХХК-ийн захирлаар томилогдоод ямар нэгэн эрх зүйн харилцаанд орж, гэрээ хэлэлцээр хийгээгүй. Давхар ажил эрхлээд, аж ахуйн үйл ажиллагаа эрхлээд ямар ашиг олоод, хэдэн төгрөгийн цалин аваад, ямар ашиг сонирхлын зөрчил үүсгээд байгаа нь тодорхойгүй байна. Б.Быг ажлаас халсан гурав дахь үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.11 буюу “хуульд заасан бусад үндэслэл” гэсэн байдаг. Өнөөдөр хуульд заасан ямар үндэслэлийг зөрчсөн гэдгийг хариуцагчид тогтоолгүйгээр ажлаас нь халсан. Энэ хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй. Мөн төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.18-д заасан үйл баримтыг тогтоолгүй хуулийг зөрчиж хэрэглэсэн нь үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна. Дөрөвдүгээрт Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг үндэслэсэн байдаг. Уг заалтад “мэдүүлэг гаргагч нь өөрөө болон гэр бүлийн хөрөнгө орлогын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй” байдаг. Нэхэмжлэгч нь *******8, *******9 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Т“ ХХК-ийг байхгүй мэтээр мэдүүлээгүй. “Т“ ХХК-ийг байгаа эсэх талаар мэдүүлсэн нь дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу өөрт болон өөрт хамааралтай этгээдийн зээлийн талаар мэдүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна. Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг зөрчөөгүй бөгөөд зөрчсөн гэж үзвэл хариуцлагын асуудал яригдана. Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-т зааснаар “хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах, хариуцлага хүлээлгэх талаар заасан байдаг. Дээрх хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.1-д “нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, худал мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг энэ хуулийн 10.3, 10.5-д заасан хугацаанд хожимдуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах арга хэмжээ авна”, 13 дугаар зүйлийн 13.8.2-т “зургаа хүртэлх сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө орлогын мэдүүлгээ удаа дараа худлаа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэлх хугацаагаар 30 хувиар бууруулах” гэж заасан байдаг. “Т” ХХК нь хэргийн материалд авагдсан хуулийн этгээдийн лавлагаа болоод хуулийн этгээдийн бүртгэлийн асуудлаас харвал энэ компани 1.000.000 төгрөгийн дүрмийн сантай компани юм. Энэ компанийн цалин нь 1.000.000 төгрөг учир оногдуулах хариуцлага нь 6 хүртэлх сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг мэдүүлээгүй худал мэдүүлсэн гэх асуудал яригдана. Үүний хариуцлага нь цалинг 6 хүртэлх сараар 30 хувь бууруулах юм. Гэтэл энэ арга хэмжээг хэрэглэхгүйгээр ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу юм. Мөн Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-д заасныг зөрчсөн болох нь дээрх байдлаар тогтоогдож байна. Тавдугаарт 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б225 тушаал нь Төрийн албаны тухай хуулийг баримтлаагүй. Төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу ажлаас халж, сахилгын шийтгэл ногдуулах журмыг тус хуульд зааж өгсөн. Гэтэл тушаалыг үзвэл Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийг баримтлаагүй, зөвхөн журмыг баримталсан байгаа. Хуулиар биш журмаар хүнийг ажлаас нь халсан байгаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс Төрийн албаны тухай хулийн яг ямар зүйл заалтыг баримтлаад ажлаас халсан гэдэг нь тодорхойгүй байна. Тушаалд хууль зүйн үндэслэл байхгүй, танилцуулах хуудаст мөн адил дурдаагүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасны дагуу захиргааны шийдвэр үйл ажиллагаа хуульд үндэслэсэн байх гэх зарчмыг зөрчиж байгаа. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “хууль зүйн үндэслэлд эрх олгосон заалтыг тодорхой заана” гэж заасан шаардлагыг хангаагүй. Ажлаас халахдаа Төрийн албаны тухай хулийн 48 дугаар зүйлийг баримтлаагүй. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийг баримтлан ажлаас халагдаж байгаа юу? 48 дугаар зүйлийг баримтлан ажлаас халагдаж байгаа юу гэдэг нь тодорхойгүй байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн Улсын дээд шүүхийн зөвлөмж байдаг. Уг зөвлөмжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг зүйлийг заавал баримталсан байх ёстой гэсэн байдаг. Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халж байгаа бол Төрийн албаны тухай хулийг баримтлалгүйгээр ажлаас халах үндэслэл байхгүй. Зургаадугаарт уг тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг баримталсан байдаг. Уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил албан тушаал давхар эрхлэхийг хориглоно” гэж заасан. Өмнө нь нэхэмжлэлийн үндэслэлд дурдаад байгаа Авлигын эсрэг хууль болон Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.11-д заасантай давхардаж байгаа учир тухайн тайлбараар үгүйсгэгдэнэ. Мөн тус хуулийн 19 дүгээр зүйлийг ажлаас халах тушаалд давхар үндэслэсэн байдаг. Давхар ажил эрхлэхтэй холбоотой хязгаарлалтыг хэрэгжүүлэх журмыг зөрчсөн гэдэг. Гэтэл энэ хуульд заасан давхар ажил эрхлэхтэй холбоотой хязгаарлалтын журам нь хаана үйлчилдэг вэ гэхээр нийтийн албанд шинээр томилогдох үед үйлчилдэг. Өөрөөр хэлбэл 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь заалтаар зохицуулагдаж байгаа бөгөөд агуулгыг нь авч үзвэл хэрэв нийтийн албанд шинээр томилогдох гэж байгаа бол 19 дүгээр зүйлийг баримтлах талаар заасан байдаг.
*******8, *******9 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт н.Б болоод “ТЭ” гэх хуулийн этгээдийн талаар дурдсан. Энэ нь ямар нэгэн байдлаар зөрчил болохгүй. Мөн ээж н.Отэй холбоотой асуудлаар Б******* тоот тушаал гараагүй, нөхцөл байдлыг төөрөгдүүлэх зорилгоор дахин зөрчил гаргасан мэт ярьж байгаа нь зохисгүй юм. Мөн Нийтийн ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасныг удирдлага болгосон гэж хэлсэн. Тушаалд ийм хууль зүйн үндэслэл байгаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй байдаг. Сонсох ажиллагаа хийсэн гэх үндэслэлдээ танилцуулах хуудсыг яриад байдаг. Тушаалын 4 дэх заалтад байгаа танилцуулгыг энэ тушаалын хоёрдугаар хавсралтаар батална гэдэг. Тушаал 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гарсан. Ажлаас халсан тушаалаа гаргаад дараа нь сонсгох ажиллагаа буюу хавсралтаа гаргаад байгаа нь хэр зэрэг үндэслэлтэй вэ? Сонсох ажиллагаа гэдэг нь захиргааны акт гарахаас өмнө хийгдэх ажиллагаа юм. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “аж ахуйн үйл ажиллагааг гардаж эрхлэх” гээд гардаж эрхлэх гэдэг нь бодит үйл баримттай байх ёстой. Тус компанийн үйл ажиллагааны чиглэл нь экспорт, импорт хилийн хорио цээрийн улсын байцаагчийн албан тушаалтай ямар ч хамааралгүй. Ажил олгогч хөрөнгө орлогын мэдүүлгийг өөрсдөө шалгаад, дүгнээд Авлигатай тэмцэх газрын ажлыг нь өмнөөс нь хийдэг хууль зүйн зохицуулалт байхгүй. Авлигатай тэмцэх газраас *******8, *******9 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг авч үзээд Б.Бд эм био бэлдмэлийн улсын байцаагчийн албан тушаалд ажиллахад харшлах зүйл энэ байна гэсэн бичиг Авлигатай тэмцэх газраас ирээгүй байгаа.
Мөн Зөрчлөөс давсан хариуцлага хүлээлгэхийг хуулиар хориглосон байдаг. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй” гэж заасан байдаг. Төрийн албанаас халах сахилгын шийтгэн оногдуулсан. Гэтэл 48 дугаар зүйлийн 48.4-т зөрчил гаргаснаас хойш 12 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэлгүйд тооцно гэсэн байдаг. *******8 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсан асуудал нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. 29.2.4-т заасан удаа дараа гэдэг хуулийн урьдчилсан нөхцөл хангагдахгүй байхад хуулийг буруу тайлбарлаж ажлаас халсан нь буруу юм. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д “...төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл оногдуулснаас хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа асуудлаар огт сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, өмнө нь нэг удаа сахилгын шийтгэл хүлээсэн байсан нь тустаа асуудал юм. Уг сахилгын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Иймд Б******* дүгээр тушаалыг гаргасан зөрчилд нь тохироогүй, хуулиас давсан хариуцлага хүлээлгэсэн, хууль зүйн үндэслэлгүй, эрх хэмжээ оногдоогүй гэж үзэж байна.
Хоёр. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б нь *******3 оны 6 дугаар сараас эхлээд ажиллаж байгаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын экспорт, импорт хилийн хорио цээрийн газрын эм био бэлдмэлийн улсын байцаагчаар ажиллаж байсан. Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль бусад хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажиллана гэж Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан. Б.Б нь Авлигын эсрэг хууль болон болон Нийтийн ашиг сонирхлын эсрэг хуулиудыг нэг мөр хэрэгжүүлж, сахин биелүүлж ажиллах ёстой. Б.Быг Эрүүл мэнд боловсрол соёлын хяналтын хэлтэст улсын байцаагчийн албан тушаалд нэр дэвшүүлсэн. Нэр дэвшиж байгаа тохиолдолд урьдчилсан мэдүүлгийг заавал өгнө гээд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 05 дугаар тогтоолд заасан байдаг. Үүний дагуу нэр дэвшүүлээд тогтоолд заасны дагуу холбогдох материалуудыг нь бүрдүүлээд Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. Уг хүргүүлсэн материалыг шалгаж үзээд Авлигатай тэмцэх газраас мэдэгдэл ирүүлсэн. Уг мэдэгдэлд ээж А.Оийг “ТЭ” ХХК, “Б” ХХК-ийн захирлаар, Б.Б нь “Т” ХХК-ийн захирлаар бүртгэлтэй талаар мэдээллийг мэдүүлгийн нэгдмэл сонирхолтой этгээд хэсэгт мэдүүлээгүй байна гэсэн. Энэ мэдэгдлийн дагуу Нийтийн ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т заасны дагуу мэдээлэл мэдэгдлийн дагуу төрийн байгууллага нь шалгаж хариуцлага тооцох эрхтэй. Үүний дагуу дотоод хяналт шалгалт мониторингийн хэлтэст шалгуулсан. Улсын бүртгэлийн ерөнхий газар руу албан бичиг явуулаад лавлагаа авахад “Т” ХХК-ийн захирал нь Б.Б мөн байна гэсэн хариу ирсэн. Үүний дагуу нэхэмжлэгчид хариуцлага тооцсон. Хариуцлага тооцохдоо төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагч нь багшлах, эрдэм шинжилгээний ажил хийхээс өөр давхар ажил хийхийг хориглодог. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх” гэдэгт хуулийн дагуу ашиг олохыг шаардахгүй байгаа. Гардаж хувийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болохгүй багшлах юм уу, эрдэм шинжилгээний ажил хийнэ бусад зүйл хийгүй гээд заагаад өгсөн байхад зөрчиж хувиараа давхар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа. Давхар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа “Т” ХХК нь гадаад худалдаа, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний худалдаа, хүнсний дэлгүүр, барилгын засал чимэглэлийн үйл ажиллагаа явуулдаг бүртгэлтэй компани байж ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй гэж хэлж болохгүй. Мөн Төрийн албаны тухай хуулийг хэрэглэсэн үү гэсэн. Бид Б.Быг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлээд, хууль тогтоомжид заасны дагуу мэдүүлгээ өг” гэдэг шаардлага тавьж байгаа. Нийтийн ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасны дагуу мэдүүлгээ өгөх ёстой. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгах эрх байхгүй харин Авлигатай тэмцэх газар шалгадаг гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлсэн. Улсын Их Хурын Хууль зүйн байнгын хорооны 05 дугаар тогтоолд зааснаар үнэн зөв, хугацаандаа мэдүүлэг өгч байна уу? уг мэдүүлэг нь завсартай байна уу үгүй юу гэдгийг бид шалгадаг. Энэ материалуудаа Авлигатай тэмцэх газар руу явуулдаг тогтолцоотой. Авилгын эсрэг хууль, Нийтийн ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Аль аль дээр нь худлаа мэдүүлсэн. *******8 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Т” ХХК нь надад хамаагүй, н.О гэж миний эхнэрийн нэр дээр байдаг компани гэж мэдүүлсэн. *******9 онд бас эхнэрийн нэр дээр байгаа гээд мэдүүлсэн. Ингээд 2020 онд нэр дэвшүүлээд, тохиролцоод Б.Б нь гараараа урьдчилсан мэдүүлгээ бичээд явуулсан. Гэтэл тэр мэдүүлэгтээ ээжийнхээ компанийг бичээгүй мөн өөрийнхөө эзэмшдэг “Т” ХХК-ийг бичээгүй байсан. Энийг зөвшөөрөх боломжгүй. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр татан буулгасан. Төрийн албаны тухай хуулийн 47, 48 дугаар зүйлүүдийг баримтлаагүй байна гэсэн. Гэтэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т “Нийтийн албанд хувийн ашиг сонирхлын тухай хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл хүлээлгэнэ” гэх эрх олгосон. Төрийн албаны тухай хуульд “хууль тогтоомжид заасан бусад үүрэг” гэсэн байдаг. Энэ бусад үүрэгт Авилгийн эсрэг хууль, Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль зэрэг нь хамаарч байгаа. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь орон тооны асуудал ярьсан энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй асуудал юм. Энэ нь Б******* тоот тушаалтай ямар ч хамааралгүй юм. Давхар ажил эрхэлж болохгүй бусад хууль тогтоомжийг зөрчиж байна гэж байхад бүтэц орон тоо, н.С зэрэг нэхэмжлэлд ямар ч хамаагүй зүйл яриад байгаа. Энийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Төрийн байгууллага өөрсдөө шалгах эрх зүйн үндэслэл нь Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн болон нэхэмжлэгчийн өөрсдийнх нь гаргасан тайлбар шаардлагыг хүлээн авах боломжгүй. Б.Б нь намайг өвчтэй байхад ажлаас халсан байсан гэж хэлсэн, үнэн шударга бай, та өвчтэй байгаагүй шүү дээ. Үнэн бодит зүйлээ хэлмээр байна. Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад нь тушаал нь эрх зүйн үндэслэлтэй байна гэсэн хариулт өгсөн байсан. Энэ шаардлагыг хүлээж авах боломжгүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т зааснаар шалгаж хариуцлага тооцох нь “төрийн байгууллагын чиг үүрэг юм”, мөн Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах болон гомдол гаргах журам байдаг. Уг журамд тухайн байгууллага нь дотоод хяналтын нэгжтэй бол тэр нэгж нь шалгана гэсэн байдаг. Иймд дотоод албан бичгээрээ дотоод хяналт шалгалт мониторингийн хэлтэст шалга гэдэг чиглэл өгсөн. Сонсох ажиллагааг шийдвэр гарахаас өмнө хийх ёстой гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлсэн. Гэхдээ сонсох ажиллагааг дотоод хяналт шалгалт мониторингийн хэлтэс хийчихсэн. Аж ахуйн үйл ажиллагааг гардан эрхлээгүй гэх тайлбарын тухайд, төрийн албан хаагчийг хуулийн дагуу багшлах, эрдэм шинжилгээний ажил хийхээс бусдыг нь хориглодог. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4, 18.1, 20.1 гэх заалтуудыг Б.Б нь зөрчөөд ашиг сонирхлын мэдүүлгээ удаа дараа худлаа мэдүүлсэн байсан...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” гэж тодруулжээ.
Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дараах байдлаар дүгнэж, шийдвэрлэлээ.
1. “нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Анх Б.Быг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилуулахаар тохиролцож, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, тус байгууллагаас 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05/3078 дугаартай албан бичгээр “... нэр дэвшигч Б.Б нь өөрийн хамаарал бүхий төрсөн эх А.Оийг үүсгэн байгуулсан эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, оношлуур ханган нийлүүлэх, импортлох үйл ажиллагаа эрхэлдэг “ТЭ” ХХК-ийн захирлаар, мөн эм найруулах, эм барих, эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх “Б” ХХК-ийн захирлаар бүртгэлтэй талаар мэдүүлгийг, мөн өөрийн үүсгэн байгуулсан, гадаад худалдааны чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ийн захирлаар бүртгэлтэй талаарх мэдээллийг мэдүүлээгүй...илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нөхцөл байдал тогтоогдсон” гэж мэдэгджээ.
Б.Бд холбогдох тус зөрчлийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтсээс шалгаж, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “танилцуулга”, “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсоныг танилцуулсан “тэмдэглэл”, 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” дотоод албан бичгийг Хууль эрх зүйн хэлтэст хүргүүлж, тус газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны ******* дугаартай тушаалаар нэхэмжлэгчид “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулжээ.
Нэхэмжлэгч “...Авилгатай тэмцэх газрын 05/3078 дугаартай албан бичиг нь нэр дэвшсэн Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд ирүүлсэн дүгнэлт байхад сахилгын шийтгэл ногдуулж Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалаас халсан нь буруу, миний захирлаар нь бүртгэгдсэн Т ХХК нь аж ахуйн үйл ажиллагаа явуулдаггүй учир татан буулгах гэж байсан...” гэж, хариуцагч “...давхар ажил эрхлэлттэй холбогдсон хязгаарлалт болон аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолтыг зөрчсөн учир үйл ажиллагаа явуулдаг үгүй эсэх нь энд ач холбогдолгүй...” гэж маргажээ.
Нэхэмжлэгч талаас “...нэр дэвшсэн нийтийн алба, байгууллагад ажилладаг түүний эрхлэх асуудал харьяалах нутаг дэвсгэрт байгаа хамаарал бүхий этгээд, мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд”-ийн талаарх мэдүүлээгүй гэдэгтэй маргадаггүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар төрсөн эх А.О нь эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, оношлуур ханган нийлүүлэх, импортлох үйл ажиллагаа эрхэлдэг “ТЭ” ХХК-ийн захирал, мөн эм найруулах, эм барих, эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх “Б” ХХК-ийн захирал, мөн өөрөө *******2 онд үүсгэн байгуулсан “Т” ХХК-ийн захирлаар бүртгэлтэй, түүнийгээ албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлээгүй, эхнэрийнхээ нэр дээр байдаг гэж мэдүүлсэн зэрэг баримтууд тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн дээрх үйлдлийг Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Төрийн албаны эрхэм зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино” гэж заасан төрийн албаны эрхэм зорилгыг зөрчсөн, 7 дугаар зүйлийн 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” зарчмыг хангаагүй, 31 дүгээр зүйлийн 31.1.4-д “хууль тогтоомжид заасан бусад тохиолдолд” гэж заасан төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахыг хориглосон заалтыг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа зөрчиж, 37 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй гэж үзэж, Б.Бд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.З-д “төрийн албанаас халах” гэж заасныг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулсан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дүгээр тушаал хууль зүйн үндэслэлтэй байна.
Төрийн жинхэнэ албан хаагч Б.Б нь нийтийн албан томилогдохдоо хамаарал бүхий этгээдээ мэдүүлэх нэгдмэл сонирхолтой этгээдээс татгалзах үүргээ биелүүлээгүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах” үүргээ биелүүлээгүй, 18 дугаар зүйлд заасан давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан “давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг хэрэгжүүлэх” журмыг зөрчжээ.
Мөн нэхэмжлэгч талаас “...тухайн зөрчилд сахилгын шийтгэл оногдуулж болохгүй хугацаа өнгөрсөн...” гэж тайлбарлаж байгаа бөгөөд Б.Бы гаргасан зөрчил Авилгатай тэмцэх газрын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05/3078 дугаартай албан бичгээр илэрч, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтсээс шалгаж тогтоон, 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр “сахилгын шийтгэл оногдуулах тухай” дотоод албан бичиг хүргүүлсний дагуу тус газрын дарга 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байх тул хүлээн авах боломжгүй, сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буцаан томилох хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 18, 19 дүгээр зүйлд заасныг баримтлан Б.Бы НМХГДд холбогдуулан гаргасан “нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ