| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00752/И |
| Дугаар | 130/ШШ2018/00031 |
| Огноо | 2018-01-16 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 130/ШШ2018/00031
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн П сумын “Ү” бага сургуулийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн П сумын 5 дугаар багт оршин суух, С-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З, хариуцагч С, хариуцагчийн өмгөөлөгч А, орчуулагч Р, гэрч А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Дутуу нийлүүлсэн 20 тонн нүүрсний үнэ 2000000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.
Баян-Өлгий аймгийн П сумын “Ү” бага сургуулийн захирал М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П сумын 6 дугаар багийн төвд байршилтай Б-ийн нэрэмжит “Ү” бага сургуульд Ч улсын буцалтгүй тусламжийн шугамаар “Хүүхэд ивээх сан” төсөл хэрэгжүүлж, төслийн хүрээнд тус сургуулийн хичээлийн болон дотуур байрны халаалтад зориулж 42 тоон нүүрс бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдсан билээ.
Уг гэрээний үндсэн дээр Б-н нэрэмжит “Ү” бага сургуулийг төлөөлж Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын төсвийн мэргэжилтэн Х нь жолооч С-тай гэрээ байгуулж, жолооч С нь төсөл арга хэмжээний хүрээнд 42 тонн нүүрсийг Б-н нэрэмжит “Ү” бага сургуульд 2017 оны 5 дугаар сарыг дуустал бэлтгэн нийлүүлэхээр гэрээнд тусгасан байдаг.
Гэтэл бэлтгэн нийлүүлэгч С нь 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Зил-130 маркийн машинаар хэрэглэгч Б-н нэрэмжит “Ү” бага сургуульд 5 тонн нүүрсийг аваачин хүлээлгэн өгч үлдсэн 37 тонн нүүрсийг “Ү”-ийн зам нээгдэж, цас арилсан үед тээвэрлэж буулгахаар тохиролцсон байсан юм.
Тухайн үед Ү-гийн зам хаагдаж цаснаас болж том оврын машин хүрэх боломжгүй, зам харгуй хаагдсан байсан. Бага оврын буюу Зил-130 маркийн машинаар С нь тухайн үед зовж зүдэрч, арай ядам зам гарган очсон байсан. Тухайн 37 тонн нүүрсийг Зил-130 маркийн 5 тонны даацтай машинаар тээвэрлэх нь 7-8 удаагийн тээвэрлэлт үйлдэх, тээврийн хөлс их хэмжээгээр гарах болсон тул цас арилж, зам харгуй нээгдсэн үед том оврын буюу 30-40 тонны даацтай машинаар нэг удаагийн тээвэрлэлт хийхээр “хэрэглэгч” бидэнтэй тохироод явсан байсан юм.
Гэвч тухайн үед буюу гэрээнд зааснаар 2017 оны 5 дугаар сар хүртэл гэрээгээр хүлээсэн 42 тонн нүүрсийг хэрэглэгчид нийлүүлж төслийн үйл ажиллагаа дуусвал болох ёстой байсан учир харилцагч С нь 42 тонн нүүрсийг бүгдийг нь буулгасан болгож тодорхойлолт өгөхийг тус сургуулийн захирал М надаас хүссэнээр миний бие 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 08 тоот тодорхойлолтыг хуурамчаар бичүүлж надад бэлтгэн нийлүүлээгүй байгаа 37 тонн нүүрсийг өөрөө сайн дураар буулгаж өгөхөөр тохиролцон байсан.
Гэтэл миний бие 37 тонн нүүрсийг бэлтгэн нийлүүлэгчээс удаа дараа шаардсан байсан тул 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдөр С нь “Камаз” маркийн чиргүүлтэй машинаар 17 тонн нүүрс ачиж аваачиж өгсөн. С-ыг аваачиж өгсөн 17 тонн нүүрсийг комисс томилж бүрэлдэхүүнээр хүлээн авсан байгаа.
Ингээд хариуцагч С нь нийт 42 тонн нүүрс бэлтгэн нийлүүлэхээс 2017 оны 4 дүгээр сарын 14-нд Зил-130 маркийн машинаар 5 тонн нүүрс, 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Камаз” маркийн машинаар 17 тонн нүүрс буюу бүгд 22 тонн нүүрс буулгаж, үлдсэн 20 тонн нүүрсийг одоо болтол буулгахгүй байгаа тул 20 тонн нүүрс буюу тээврийн хөлсний хамт 2000000 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд шүүхээс хүсэх нь: Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Саас 20 тонн нүүрсний үнэ буюу 2000000 төгрөг гаргуулан П сумын Б-н нэрэмжит бага сургуульд олгуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Баян-Өлгий аймгийн П сумын “Ү” бага сургуулийн захирал М шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар мэдүүлэгтээ: Миний бие Үгийн бага сургуульд 5 дах жилдээ ажиллаж байгаа. 2017 оноос Япон улсаас зуд болсон сумуудад тусламж үзүүлэх зорилгоор Хүүхэд ивээх сантай гэрээ байгуулсан. Тусламж нь малчидтай туслах, эрүүл мэндийн тусламж, халаалтын тусламж гэсэн төрөлтэй байсан. Тэр үед манайд нүүрс нийлүүлэхээр болоод надаас хэнээр явуулах вэ гэж асуухад би мэдэхгүй та нар өөрсдөө мэдээд явуул гэж хэлсэн.
Тэр үед энэ С-г сонгож гэрээ байгуулан нүүрсийг нийлүүлэхээр болсон. 5-р сард бүх нүүрсийг хүргэж өгөх ёстой байсан. 4-р сард 5 тонн нүүрс авчирж өгөөд надад одоо нүүрсний мөнгөний 20 юм уу 50 хувь нь орох ёстой үлдсэн нүүрсийг зам нээгдсэний дараа авчирж өгье гэж хэлээд явсан. Би тэрийг нь хүлээн зөвшөөрсөн. Тэгээд С “Х гэж хүн надаас албан тоот шаардаж байна, та нүүрс хүлээж авсан гэж бичээд өгөөч” гэсэн. Би тэрийг нь бичиж өгсөн. Тэрнээс хойш байхгүй алга болсон.
Би зунжингаа ярьсан. Тэгж байтал өвсний үе болоод өвс хадахаар явна гэсэн. Хадлан дууссаны дараа би одоо хүйтэрнээ, цас орно зам хаагдлаа шүү гэж бас ярьсан. Дандаа худлаа ярьдаг. Маргааш, нөгөө өдөр гэсээр байгаад нэг талыг нь л авчирж өгсөн гэв.
Хариуцагч С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Ч улсын Хүүхдийг ивээх сангийн Монгол Улс дахь суурийн газартай нүүрс нийлүүлэлтийн болон тээвэрлэлтийн гэрээ байгуулан ажиллав.
Энэ хугацаанд П сумын “Ү” бага сургууль, П сумын төвийн 10 жилийн дунд сургуульд нийт 52 тонн нүүрс буулгаж, тээвэрлэлт хийсэн.
2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Зил-130 маркийн машинаар “Ү” бага сургуульд 5 тонн нүүрсийг буулган өгч үлдсэн 37 тонн нүүрсийг Ү-гийн зам нээгдэж, цас арилсан үед тээвэрлэхээр хоорондоо тохирсон билээ. Тэгээд би 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Пау” маркийн 25 тонны даацтай, чиргүүлтэй тээврийн хэрэгслээр 34,5 тонн нүүрсийг буулгаж өгч явсан юм.
Харин 2,5 тонн нүүрсний мөнгийг тус “Ү” бага сургуулийн захирал М авна гэж хэлснээр би түүний эхнэрийн Х банкин дахь 5180855769 тоот дансанд 250000 төгрөгийг өөрийнхөө гар утсаар шилжүүлсэн болно.
Ер нь тус сургуулийн захирал, ажилчид миний буулгасан нүүрсийг бүрэн хүлээн авсан учир би сургуулийн захирлын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа болно. Харин 2-3 сарын дараа нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна гэжээ.
Хариуцагч С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Ч улсын тусламжийн байгууллагатай гэрээ байгуулсан. Тэр гэрээг Өлгий сумаас хариуцаж байсан Хуандых гэдэг хүнтэй байгуулсан. Бид Э сумд 52 тонн нүүрний тусламж үзүүлэхээр болсон. Уг нүүрний 10 тонн нь П сумын дунд сургуульд 42 тонн нь П сумын Ү-гийн бага сургуульд очно гэсэн. 50 хувийг нь бид урьдчилж өгнө үлдсэн мөнгөө та энэ нүүрсээ 45 хоногийн дотор аваачиж хүлээлгэж өгсний дараа авна гэсэн. Тэгээд би 5 тонн нүүрсийг 5 сарын 14-ний өдөр аваачиж өгсөн.
Тэр үед Ү-гийн замд том оврын машин явах боломж байгаагүй. Тэгээд би энийг ингэж 5 тонноор зөөж чадахгүй. Би энэ аваачсан 5 тонн нүүсний мөнгөө аваад дансанд орсон байгаа 2 сая нэг зуун мянган төгрөгөөс үлдсэн мөнгөө буцаагаад өгье гэж Х гэдэг хүнд хэлсэн. Тэгээд энэ М Х гэдэг хүмүүс хоорондоо ярьж байгаад бид чамд энэ нүүрсийг бүгдийг нь хүлээж авсан гэж бичиг өгье. Чи энэ нүүрсээ зам хэзээ нээгдэнэ тэр үед аваачиж өгөөрэй гэж хэлсэн. 9-ний өдөр миний мөнгө бүгд 4.2 сая төгрөг дансанд орсон. Тэгээд зунжингаа бороо ихтэй байсан болохоор аваачиж чадаагүй. Дараа нь хадлангийн үе болоод. Би бас төвийн аймгуудаар явах ажил гараад тэрнээс ирсний дараа 9-р сарын 24-ний өдөр үлдсэн 34,5 тонн нүүрс хүргэж өгсөн. 2,5 тонн нүүрсний мөнгийг энэ хүн надаас эхнэрийнх нь данс руу шилжүүлж авсан.
Үлдсэн 34,5 тонн нүүрсийг Поу маркийн чиргүүлтэйгээ 45 тоннын даацтай машинаар хүргэж өгсөн.
Үндсэн кузовт нь 27,5 тонн, чиргүүлд нь 7 тонн нүүрс ачиж тэр үед хүргэж өгөхөөр явж байтал дахин цаас ороод чиргүүлийг нь салгачихаад өөрийг нь 27,5 нүүрс нэг аваачиж өгсөн. Дараа нь тэр чиргүүлд байсан 7 тонн нүүрсийг Зил 130 машинд нүүлгэн ачиж аваачиж өгсөн. Аваачиж өгөхөд нүүрс ирсэн байна буулгаад авъя гээд нябо А-гаа ахлуулсан комисс тэр нүүрсийг буулгаж авсан. Бид буулгачихаад явснаас хойш 7 хоногийн дараа залгаж бид тэр нүүрсийг жинлэж авах ёстой гэсэн. Тэр үед би чи надад жинлэж авна гэсэн бол би жинлэж өгөх байсан. Ийм хэмжээтэй нүүрс байгаа гэхэд за зөв байна буулга гэж өөрсдөө буулгаад авсан шүдээ. Тэр үед жинлэж аваагүй дараа нь надаас ингэж нэхэж байгаа. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн П сумын “Ү” бага сургууль нь С-аас дутуу нийлүүлсэн 20 тонн нүүрсний үнэ 2000000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ П сумын “Ү” бага сургуульд 42 тонн нүүрс бэлтгэн нийлүүлэх байтал 2017 оны 4 дүгээр сарын 14-нд Зил-130 маркийн машинаар 5 тонн нүүрс, 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Камаз маркийн машинаар 17 тонн нүүрс буулгаж үлдсэн 20 тонн нүүрсийг одоо хүртэл нийлүүлэхгүй байгаа тул уг 20 тонн нүүрсний үнэ 2000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчаас 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Зил-130 маркийн машинаар “Ү” бага сургуульд 5 тонн нүүрс, үлдсэн 37 тонн нүүрсийг Үгийн зам нээгдэж, цас арилгасан үед тээвэрлэхээр хоорондоо тохирсны дагуу 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Пау маркийн 25 тонны даацтай чиргүүлтэй тээврийн хэрэгслээр 34,5 тонн нүүрсийг буулгаж өгч явсан ба харин 2,5 тонн нүүрсний мөнгийг “Ү” бага сургуулийн захирал М-ийн эхнэрийн дансанд шилжүүлж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
П сумын “Ү” бага сургуульд Япон улсын буцалтгүй тусламжийн шугамаар Хүүхэд ивээх сан төсөл хэрэгжүүлж сургуулийн хичээлийн болон дотуур байрны халаалтад зориулж 42 тонн нүүрс бэлтгэн нийлүүлэх гэрээг С нь Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газартай байгуулсан нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээ байгуулагдаж үүрэг үүсээгүй боловч хөрөнгө олж авч байгаа этгээдийн хувьд болон ачааг хүлээн авагчийн хувьд дутсан хөрөнгийг шаардах эрхтэй гэж үзлээ. Хариуцагчаас 42 тонн нүүрсийг “Ү” бага сургуульд бүрэн нийлүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь санхүү бүртгэлийн анхан шатны баримтаар бүрэн тогтоогдохгүй байна. Тээвэрлэгчийн хувьд С нь ачааг хүлээлгэн өгөхдөө хүлээн авагч болох П сумын Ү-гийн бага сургуульд тоо хэмжээгээр, ямар байдлаар, чухам хэнд хүлээлгэж өгсөн тухай баримтгүй байна. Шүүх хуралдаан дээр хариуцагчаас гаргаж өгсөн 2017 оны04 дүгээр сарын 14-ний өдрийн нүүрс хүлээлгэн авах тухай баримтад 42 тонн нүүрс нийлүүлсэн талаар тусгасан боловч зохигчид тухайн баримтыг Хүүхэд ивээх сан төслөөс ажил гүйцэтгэсний хөлсийг бүрэн авахын тулд бүрдүүлсэн баримт болохыг тайлбарласан, мөн тухайн баримт нь он сар өдрийн хувьд тухайн үйл баримттай нийцэхгүй байгаа тул уг баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.
Шүүх хуралдаан дээр оролцсон гэрч нь “Ү” бага сургуульд 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр С-ын хамт 34,5 тонн нүүрсийг хүргэсэн” гэж тайлбарлаж байгаа боловч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, тухайн 34,5 тонн нүүрсийг Хаас, хичнээн хэмжээний нүүрсийг ачсан тухай баримтгүй, энэхүү гэрчийн мэдүүлэг нь хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа болно. Зохигчид нэг тонн нүүрсний үнийг 100000 төгрөгөөр үнэлж байгаа талаар маргаагүй байгаа тул дутуу нийлүүлсэн 20 тонн нүүрсний нийт үнийг 2000000 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь бусдад шилжүүлсэн гэх 250000 төгрөгийг өөрөө нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжилж авах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 390 дүгээр зүйлийн 390.2-т заасныг баримтлан С-аас 2000000 төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн П сумын “Ү” бага сургуульд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг тус аймгийн Төрийн сангийн Х банкин дахь 020000941 тоот данснаас буцаан олгож, хариуцагч С-аас 46950 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М