Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 223/МА2017/00028

 

Р.Гэрэлсайханы нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар  сарын 29-ны өдрийн 151/ШШ2017/00664 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Р.Гэрэлсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төв аймгийн засаг даргад холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, нэмэгдлийн зөрүү гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүү гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Гэрэлсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Гэрэлсайхан би төрөлх сургуульдаа ажил амьдралын гараагаа эхэлж боловсролын салбарыг хөгжүүлэх ариун үйлсэд чин сэтгэлээсээ хүчин зүтгэсээр даруй 22 жилийг ардаа орхижээ.

2010 оны 11 сарын 18 өдөр Төв аймагт Сүмбэр сумын ЕББДС-ийн захирлын сонгон шалгаруултанд 1-р байранд орж 2011 оны 01 сарын 05-нд захирлын үүрэгт ажилд томилогдсон.

Төв аймгийн засаг дарга, сумын засаг дарга, сургуулийн захирал нар 2017 оны 01 сарын 16-нд гурвалсан гэрээ 1 жилийн хугацаагаар байгуулсан мөртлөө 2017 оны 03 сарын 06-нд Сүмбэр сумын орлогч дарга А.Баасанхүү ажил хүлээлцэх гишүүдтэй ирж Төв аймгийн засаг даргын 2017 оны 02 сарын 23-ны өдрийн Б/12 тоот захирамж, Сүмбэр сумын ажил хүлээлцэх, ажлын хэсэг байгуулах тухай 2017 оны 02 сарын 24-ний өдрийн Б/34 ажил хүлээлцэх захирамжийг танилцуулан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлыг шууд хүлээлцсэн.

Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,

40.1.5 дахь хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлсөн байна. Уг захирамжийг надад 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр танилцуулж, миний ажлыг шууд хүлээн авсан болно.

Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй байтал намайг давтан зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй хууль бус бөгөөд миний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Миний гаргасан гэх зөрчлийн талаар нэхэмжлэгч надад огт танилцуулаагүй бөгөөд ямар зөрчлийг хэзээ, хэрхэн гаргаснаа миний бие өөрөө ч мэдэхгүй байгаа болно. Миний бие одоо тус сумын ерөнхий боловсролын багшийн ажил хийж байгаа болно.

Би 2017 он хүртэл сургуулийн захирал, багшаар ажиллаж байсан. 2011 онд Төв аймгийн Сүмбэр сумын сургуулийн захирлаар томилогдсон байдаг. Хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээг хавтаст хэрэгт өгсөн. Мөн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр алтан гадас одонгоор шагнуулсан. 2016 оны 01 дүгээр сард гурвалсан гэрээ байгуулсан. Надад Сүмбэр сумын засаг даргын тушаалыг танилцуулаагүй. Миний бие удирдах албан тушаалд ажиллаж байхдаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Би захирлын ажилд эргүүлэн томилуулах, цалин хөлс нэмэгдлийн зөрүүг гаргуулах, нийгмийн даатгалын зөрүүг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргаж байгаа  

Иймд нэхэмжлэгч намайг Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эргүүлэн тогтоож, нэмэгдлийн зөрүүг гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Гэрэлсайхан нь Төв аймгийн Сүмбэр сумын ЕБС-ийн захирлын албан тушаалд ажиллаж байсан. Нэхэмжлэлийн шаардлагад хэд хэдэн ойлгомжгүй зүйл байна. 2016 онд 5.525.900 төгрөгийн төлбөрийн акт тавигдсан. Эдгээр санхүүгийн зөрчлийг гаргаж, 2016 оны 06 сарын 22-ны өдрийн б/27 гэх захирамжаар сануулах шийтгэл авсан. 2016 оны үр дүнгийн гэрээ 71 хувьтай урамшуулал олгогдож байгаагүй. Хамгийн сүүлд үндэсний аудитын газраас ирсэн бичгийг хавсаргасан. 5.5 сая төгрөгийн төлбөрийг хугацаанд нь барагдуулаагүй тул Сүмбэр сумын засаг даргын 2017 оны 06 сарын 22-ны өдөр ирүүлсэн албан бичигт дээрх зөрчлийг дахин тавигдаж, өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй гэсэн бичгийг ирүүлсэн. 2017 оны 03 сарын 06-ны өдөр ажил хүлээлцсэн өдрөө албан бус насан туршийн багш гэсэн албан тушаалд томилогдож 03 сарын 06-ны өдрийн 30 дугаартай тушаал, 04 сард тус тус ур чадварын нэмэгдлийг 25-30 хувиар авч байсан. Яагаад ур чадварын нэмэгдэл өгснийг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар дагуу нэхэмжлэгч Р.Гэрэлсайханы Төв аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, нэмэгдлийн зөрүү гаргуулах,

ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Р.Гэрэлсайхан давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлэх, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг хэрэгжүүлээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээр шийдвэрлэсэн байх тул Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 151/ШШ2017/00664 шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд: Төв аймгийн 19 сумдын захирал нарт "Зарим албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай Төв аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/27 дугаартай захирамж гарсныг өмнө нь надад огт мэдэгдээгүй, харин миний бие хэргийн материалтай танилцах үед анх удаа уг захирамжийг харж, мэдээд маш ихээр цочирдон, гайхсан. Шүүх хуралд ч энэ талаар ярьж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс танилцуулсан эсэхийг нотлохыг тодруулж, шаардсан боловч, хариуцагч: “шуудангаар эсвэл эмайлээр явуулсан байж таараа” гэсэн хариултаас өөр тайлбар гаргаагүй, нотлоогүй. Төв аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/355 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 19-т “Р.Гэрэлсайхан үнэлгээ 89 %, Засгийн газрын 2013 оны 393 дугаар тогтоолын хавсралтын 2.2 дахь заалтын дагуу 39% урамшуулал олгохоор гуравдугаар улиралд шийдвэрлэсэн байхад шүүх үнэн зөв, шударга дүгнэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. /шүүхэд нотлох баримт бий/.

Мөн Сумын Засаг дарга С.Мөнхтүвшин нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Р.Гэрэлсайханыг 98%-иар үнэлэн 2017 оны эхний улиралд сар бүр ур чадварын нэмэгдлийг 20%-иар олгохоор шийдвэрлэн 2017 оны 1-2 дугаар сард олгосон байдаг.

Сумын Засаг дарга С.Мөнхтүвшин нь дээрх үр дүнгийн үнэлэгээг мөн үндэслэн Засгийн газрын 2013 оны 393 дугаар тогтоолын хавсралтын 2.2 дахь заалтын дагуу урамшуулал олгуулахаар Төв аймгийн Засаг даргад хүргүүлсэн байдаг. Гэтэл дээрх захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан Аудитын дүгнэлтийг дахин үндэслэж, мөн хуулийн дагуу Боловсрол Соёл, урлагийн газартай зөвшилцөлгүй Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/12 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хуулиуд зөрчиж, эрх ашгийг хохироосон билээ.

Төв аймгийн Аудитын газраас 2015 оны 4 дүгээр сард өмнөх оны буюу 2014 оны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэсэн албан тоот ирүүлсэн байдаг /нотлох баримт шүүхэд бий/.

2015 оны 10 дугаар сард Төв аймгийн Аудитын газраас шалгалт ирээд явсан боловч, Төв аймгийн Аудитын газрын дүгнэлтийг он дамжин 6 сарын дараа буюу 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр сумын төрийн сангийн мэргэжилтэн Д.Мөнхжаргал өгч, надад 5.525.9 төгрөгийн актыг тавьсан байсан бөгөөд уг шийдвэрийг надад огт танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй, гомдол гаргах хугацаа аль хэдийн өнгөрсөн байсан. Иймд сумын ИТХ-ын даргад 2 удаа /2016.06.06-ны өдрийн 09/63. Төв аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэгт /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/ 2016.12.16-ны өдрийн 09/63 дугаар албан бичгийг тус тус хүргүүлэн төлбөр барагдуулах болон аудитын дүгнэлттэй холбогдох асуудлыг шийдвэрлүүлэх албан тоот тус тус хүргүүлсэн боловч хэн нь ч удирдлагаар ханган ажиллаагүй, хариу ирүүлээгүй билээ.

Гэвч Сумын Засаг дарга, Төрийн сангийн дарга, төрийн сангийн мэргэжилтэн, ахлах ня-бо нарт төлж барагдуулах талаар хариуцуулсан байдаг боловч, миний бие өөрөөсөө 2 сая төгрөгийг дансанд төвлөрүүлэн төлж барагдуулж байсан билээ. /нотлох баримт шүүхэд бий/. Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2016.12.01-ний өдрийн 33-09-121 акт нь 379 108 төгрөгийн төлүүлэх эзэн тодорхойгүй, төсвөөс барагдуулахыг шаардсан байсан. Мөн тус улсын ахлах байцаагчийн 2016.12.01-ний өдрийн 33-09-122 актаар 358 732 төгрөгийг сумын багш Н.Уранцэцэг, Я.Ичинхорлоо, О.Амартайван, Я.Өнөрмаа, Д.Болорцэцэг нараар төлүүлж барагдуулах шаардлагыг бүрэн хэрэгжүүлж ажилласан билээ. Мөн 2016 оны 12 дугаар сард багтааж барагдуулах уг улсын ахлах байцаагчийн 2016.12 01-ний өдрийн 127 актаар тус шаардлагыг /сургуулийн багш, ажилтан Н.Уранцэцэг, Я.Өнөрмаа, Д.Болорцэцэг, Н.Билгүүн, Н.Буянхишиг, В.Мөнхзул, П.Майдар, Г.Болормаа, С.Дэлгэрмаа, Б.Үржинханд Ц.Болдбаатар, Д.Сэлэнгэ нарт тус хариуцуулсан 279 000 төгрөгийн төлбөрийг дээрх ажилтнуудаар бүрэн төлүүлж барагдуулсан бөгөөд харин Б.Бадамдорж, П.Пүрэвдорж, Д.Мөнхсүлд нар нь “Ану-Сервис” ХХК-д шилжсэн юм. Төв аймгийн Аудитын болон улсын байцаагчийн шаардлагыг хэрхэн төлж барагдуулсан байдлыг схемчлэн хүснэгтээр, төлсөн баримттай нь шүүхэд өгсөн байхад эдгээр нотлох баримттай танилцалгүй, намайг ажилдаа эргүүлэн тогтоолгох, даатгалуудыг төлүүлэх нэхэмжлэл гаргасан мэтээр дүгнэж, эрх ашгийг эрс буруутгаад зогсохгүй миний хэлсэн үг, нотлох баримтыг огт үнэлээгүй нэг талыг хэтэрхий баримтлан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд ёс бусаар чанга дуугаар авирлан чамайг төрийн албанд ажиллуулахгүй байж болно мэтээр шийдвэр гарган доромжилж дураараа авирласанг дурьдах нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд “2016 оны үр дүнгийн гэрээ 71 хувьтай урамшуулал олгогдож байгаагүй” мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй болохыг шүүх шударга хянан шийдвэрлээгүй болно.

Төв аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2014 онд томилогдсон гэжээ, харин миний бие 2010 оны 11 дүгээр сарын 18 ны өдөр сонгон шалгаруулалтад 1 дүгээр байранд орж, холбогдох хууль, журмын дагуу 2011 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр томилогдсон, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016 онуудад тогтмол “А”, “В” үнэлгээтэй дүгнэгдэж, хөдөлмөрлөсөн ажлын үр дүнг тодорхойлох нотлох баримтыг хуулийн шаардлага ханган шүүхэд өгсөн боловч огт танилцалгүй “...нэхэмжлэгчийн хувийн байдлыг тодорхойлоход ач холбогдолтой байж болох..., нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд ач холбогдолгүй бөгөөд маргааны зүйлд хамааралгүй гэж үзсэн болно” гэсэн нь намайг төрийн албанд тасралтгүй 22 жил ажилласан хөдөлмөрийн үр дүн, хамт олны итгэл найдварыг үгүйсгэн, миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг дээр дурдсан нөхцөл байдал, үндэслэлээр хүчингүй болгож, ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ...үнэлнэ”, хуулийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай. ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн журмаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийсэн гэж үзэх боломжгүй. байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх бөгөөд шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлага тодорхойгүй байхад шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэстэй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа ажилд эгүүлэн тогтоолгох, нэмэгдлийн зөрүү гаргуулах ... зэрэг шаардлагууд тавьсан бөгөөд энэхүү нэмэгдэл нь ямар эрхийн актаар олгогддог, ямар хувь хэмжээтэй хэдэн төгрөг байх, мөн нийгмийн даатгалын зөрүү нь хэдэн төгрөг байхыг тодорхойлоогүй, үүнийг нотлох цалингийн тодорхойлолт нийгмийн даатгалын дэвтрийн баталгаа бүхий хуулбар хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны өмнө 29 хуудас бичгийн нотлох баримтыг шүүхэд өгснийг шүүх хүлээн авсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд хавтаст хэргийн 167-198 дугаарт хавсаргагджээ.

Шүүх нэгэнт зохигч талын нотлох баримтыг хүлээн авсан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 105 дугаар зүйлийн 105.2-т заасан журмыг баримтлан хэрэгжүүлэх ёстой.

Гэвч шүүх энд хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-д заасан шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг хойшлуулах зэрэг арга хэмжээг аваагүйгээс гадна энэхүү нотлох баримтыг талуудад танилцуулах, мэтгэлцэх боломжийг олгоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дээрх бичгийн баримтууд дотор ажлаас халах үндэслэл болсон аудитын болон санхүүгийн байцаагч нарын 2016 оны 12 сарын 01-ний өдрийн актуудын биелэлтийг хангасан тухай Cүмбэр сумын сургуулийн санхүүгийн ажилтны тодорхойлолт байхад үүнийг анхааралгүйгээр нэхэмжлэгчийн хувийн байдлыг тодорхойлоход ач холбогдолтой гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан шинжтэй болжээ.

Шүүх Р.Гэрэлсайханыг ажлаас чөлөөлөх тухай Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 сарын 23-ны өдрийн Б/12 тоот захирамжид дурдсан ажлаас халах үндэслэл болгосон гэх зөрчлүүдийг хянан дүгнэхдээ хууль болон хөдөлмөрийн гэрээнд дурдсан ноцтой зөрчил, давтан зөрчил зэргийн аль нь болохыг бүрэн гүйцэд тодруулалгүй шийдвэрлэсэн байна.

Засаг даргаас ажлаас халах үндэслэлийг захирамжиндаа “давтан” гэж томъёолсон бол шүүх шийдвэрлэхдээ ноцтой зөрчил мэтээр авч үзэн бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн байна.

Мөн шүүх зөрчил гэж үзэх үндэслэл санхүүгийн байцаагчийн болон аудитын газрын актанд дурдсан санхүүгийн зөрчлүүд 2014-2016 онд гарсан зөрчил байх бөгөөд шүүх энэ асуудалд эрх зүйн дүгнэлт өгөөгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 131.3 дахь заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчилтэй явуулсан, талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн учраас давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 151/ШШ2017/00664 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.БОЛОРМАА         

                               ШҮҮГЧИД                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                                                                                      Ш.ТӨМӨРБААТАР