| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2017/00708/И |
| Дугаар | 130/ШШ2018/00054 |
| Огноо | 2018-01-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 130/ШШ2018/00054
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн П сумын ***дугаар багт оршин суух, Т овогт Сын Кгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн П сумын Хүүхдийн ***дүгээр цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч К, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С, хариуцагч А, хариуцагчийн өмгөөлөгч С, Н, гэрч Ө, М, орчуулагч Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн П сумын Хүүхдийн 81 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 31 дугаартай, “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч К- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлэгтээ: Би хүүхдийн цэцэрлэгт 15 жил ажилласан. Захирал А-ын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 31 тоот тушаалаар миний цалинг 20 хувиар буруулж арга хэмжээ авсан байгаа. Энэ шийдвэрийг би эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Миний шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан маань би тус цэцэрлэгт туслах багшаар ажилладаг. Тэр хүүхдүүдэд хоол өгөх нь миний үүрэг биш. Би хүүхдүүдийн бааж, шээснийг болон ангийг цэвэрлэх л үүрэгтэй. Тиймээс хоол өгөх нь миний биш үндсэн багш Өнергүлийн үүрэг байгаа. Хүүхдүүдийн хоолыг гал тогоочоос өөрөө авчирж өгөх ёстой.
Манай ажилчдын хооронд 35 хүний бүрэлдэхүүнтэй хурал болсон байгаа. Тэр хурал дээр Өнергүл тэр нарийн боовыг хүүхдүүдэд хувааж өгсөн хүн би байсан гэж хүлээн зөвшөөрсөн байгаа. Тэр үед захирал цаас шийдэж чи тэгвэл ажлаас гар зөрчил гаргасан чи юм байна шүү дээ гэж хэлсэн байдаг.
Тэр нарийн боовыг хүүхдүүдэд өглөө талыг нь орой талыг нь хувааж өгч байсан хүн би байсан гэж хэлсэн байгаа. Тийм учраас би энэ шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд гомдол гаргасан байгаа. Тиймээс энэ захирлын 31 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Баян-Өлгий аймгийн П сумын Хүүхдийн 81 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сая К багш тайлбартаа худлаа хэлж байна. Яагаад гэвэл тухайн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би бүх ангиудаар ороод цонхны тавцан дээр илүү дутуу юм тавьсан байгаа багш нарт сануулж хэлээд явж байсан. Тэгээд 10 цагийн үед тус бүлэгт орж ирэхэд хүүхдийн хоолыг өгсөн байсан. Тэгээд энэ хүмүүс бас цонхны тавцанд юм тавьсан байхаар нь энэ савнуудаа яагаад хоолны шүүгээнд тавихгүй байна гээд хоолны шүүгээг онгойлгоход дотроос нь ууттай дотроо 15 нарийн боов гарч ирсэн. Энэ өнөөдрийн авсан боов байна та нар илүү боов авсан байгаа юу гэж энэ 2 багшаас асуухад ерөөсөө дуугараагүй. Тэгээд би гал тогоонд ороод тогоочоос та нар энэ К багшийн бүлэгт илүү боов өгсөн үү гэж асуухад өнөөдөр 31 хүүхэд ирсэн болохоор бид нараас 31 боов асан байгаа гэж хариулсан. Тэгээд би дахиад бүлэгт орж ирээд та нар энэ боовыг яагаад өгөөгүй вэ хүүхдүүд цөөхүүлээ ирсэн үү гэж хүүхдүүдийг тоолоход 281 хүүхэд байсан. Энэ боовыг та нар яагаад өгөөгүй вэ гэхэд Өнергүл багш өчигдөр К багшийн нэг найз нь боов өгсөн тэрийг хүүхдүүдэд өгсөн байгаа гэж худлаа ярьсан. К багш дуугүй байсан. Гэхдээ тэр хувааж өгсөн нь тухайн өдөр нотлогдсон. Хамт олны хурал хийгээд энэ хүмүүс алдаагаа хүлэн зөвшөөрсөн. Бид нар хуваагаад өгсөн гэж хэлсэн нь бичлэг дээр бас байгаа. Өөрсдөө хүлээн зөвшөөрсөн.
К багш удаа дараа зөрчил гаргасан. 4 дүгээр сард бас ноцтой зөрчил гаргаад би ажлаас халчхаад дараа нь бага насны хүүхдүүдтэй эмэгтэй хүн байна гэж дахиад ажилд авсан боловч дахиад алдаа гаргасан. Тухайн өдөр гал тогооноос боовыг энэ К багш авсан байсан. К багш өөрөө хуваагаад өгсөн гэж хэлсэн нь бичлэг дээр бас байгаа. манай цэцэрлэгт 200 хүүхэд байгаа. энэ бүлэгт 35 хүүхэд байгаа. Бага бүлгийн хүүхдүүд. Эд нар бол сүүлийн 15 хоног боовыг хүүхдүүдэд хуваагаад өгч байсан гэж өөрсдөө хэлсэн байгаа. Тухайн өдөр хүсэлтээ гаргаж өгсөн байгаа. Зөрчил гаргасан нь нотлогдож арга хэмжээ авагдсан байгаа гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К нь Баян-Өлгий аймгийн П сумын 81 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 31 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Баян-Өлгий аймгийн П сумын 81 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 31 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.2.7, 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.2, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.5, 2.2 дахь хэсгийн “А”, Цэцэрлэгийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн тус цэцэрлэгийн багш ажилтай Сын К нь 2017 оны 10 дугаар сарны 25-ны өдөр ажлын байрнаас хүүхдийн өглөөний хоол хүнсийг авахаар завдаж цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан зөрчлийг гаргасан тул үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.5-д Цэцэрлэгийн дүрэм, дотоод журам, аюулгүй байдлын дүрэм болон ариун цэвэр эрүүл ахуйн дүрмийг чанд сахин ажиллана, 2.2 дахь хэсгийн А-д Гэрээнд хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлбэл сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тус тус харилцан тохиролцсон байна.
Цэцэрлэгийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.3-т Ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр ажлын байрнаас ямар нэг зүйл /эд хогшил, техник хэрэгсэл/ гадагш гаргах, байгууллагын эд хөрөнгийг ашиглаж хохирол учруулсан ба ажлын байрнаас хүүхдийн хоол хүнсний материал болон бусад өмчийг авах, авахыг завдсан бол сахилгын ноцтой зөрчил гэж гэж үзэхээр тусгасан байна.
Хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаас үзэхэд К нь ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр ажлын байрнаас ямар нэг зүйл /эд хогшил, техник хэрэгсэл/ гадагш гаргах, байгууллагын эд хөрөнгийг ашиглаж хохирол учруулсан ба ажлын байрнаас хүүхдийн хоол хүнсний материал болон бусад өмчийг авах, авахыг завдсан зөрчил гаргасан тогтоогдоогүй гэж үзлээ.
Тухайлбал, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлд хүүхдүүдэд боовыг хувааж өгдөг талаар бичигдсэн, мөн К-гийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хүсэлтэд хүүхдүүдийг тараах боовыг өөртөө авах, авахыг завдсан агуулгатай зүйл бичигдээгүй байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн хүүхдүүдэд тараах цайны боовыг өөртөө авахаар завдаж ашиглахаар байлгасан гэж үзэх боломжгүй байна. Баян-Өлгий аймгийн П сумын 81 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 31 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар К нь 2017 оны 10 дугаар сарны 25-ны өдөр ажлын байрнаас хүүхдийн өглөөний хоол хүнсийг авахаар завдсан гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон гэрч нарын мэдүүлгээс үзэхэд тухайн өдөр 10 цагийн үед цэцэрлэгийн эрхлэгч нь хоолны шүүгээг онгойлгож үзэж 15 ширхэг нарийн боов байсныг илрүүлж хурааж авч туслах тогоочид өгснөөр тухайн өдөр хүүхдүүдэд өгөгдөөгүй хаягдсан байна. Нэхэмжлэгчээс тухайн боовыг өглөө талыг, үдээс хойш талыг нь өгдөг байсан гэж тайлбарласан, мөн гэрч Өнергүлээс тухайн боовыг өөрсдөө авах зорилго байгаагүй, хүүхдүүд унтаж сэрж эхэлдэг бөгөөд тэр үед тэр боовноосоо тэд нарт өгдөг байсан гэж мэдүүлсэн байгаа зэргээс үзэхэд К- нь уг 15 ширхэг нарийн боовыг өөртөө ашиглах, авах санаа зорилготой байсан гэж үзэх боломжгүй байна.
Хариуцагч талаар нотлох баримтаар CD бичлэгийн гаргуулж ирүүлсэн боловч энэхүү нотлох баримт нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримт гэж үзэх боломжгүй байх тул уг нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.
Иймд К-гийн нэхэмжлэлийг хангаж, Баян-Өлгий аймгийн П сумын 81 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 31 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн П сумын 81 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 31 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн П сумын 81 дүгээр цэцэрлэгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1181 дүгээр зүйлийн 1181.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М