Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 134/ШШ2018/00025

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Наранчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Я-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г-д холбогдох

Ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Я миний бие нь Говьсүмбэр аймгийн - сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын ---ны өдөр Я-ийн ажлаас халах тухай Б/--дугаартай хууль бус захирамжаар үүрэгт ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Тус захирамжийг миний бие ажил хүлээлцэх өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан. Учир нь уг захирамжийг ажил хүлээлцүүлэх комисс авч ирж, надад хүлээлгэн өгсөн. Миний бие нь Говьсүмбэр аймгийн - сумын - цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа ямар нэг ажлын хариуцлага алдсан зүйлгүй бөгөөд ажиллаж байх хугацаандаа байгууллагын ажилчдыг зохион байгуулалтаар хангаж, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулах тал дээр бүхий л анхаарлаа хандуулж ирсэн. Засаг даргын ажлаас халсан захирамжинд заасан үндэслэлүүдийн аль нь ч надад хамааралгүй. Учир нь байгууллагын дарга, удирдлагын хувьд ажилтанд чөлөө олгох эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлснээр зөрчилд тооцогдох учиргүй. Ажил хаялт зарласан албан хаагчдыг удирдлагаар хангаж гэсний хувьд миний бие ажил хаялтанд оролцоогүй бөгөөд ажил олгогчийн хувьд оролцох боломжгүй юм. Мөн ажил хаялт болсон бол ганц миний бие ажил хаялтыг зогсоох боломжгүй бөгөөд зогсоох талаар ямар нэг алхам хийх эрх хуульд байхгүй. Ажил хаялтанд огт оролцоогүй учир ажил хаялт зохион байгуулсан гэх үндэслэлгүй юм. Багш нарын ажил хаялт нь улсын хэмжээнд энэ оны 9 дүгээр сарын 01-ээс эхлэн зохион байгуулалттайгаар удаа дараа явагдаж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэж, сонсож байна. Энэ ажил хаялтыг Монгол Улсын Засгийн газар, БСШУ-ны яам ч зохицуулж чадахгүй байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа учир олон нийт мэдэж байгаа. Хуулийн дагуу бол ажил хаялтыг зогсоодог буюу зохицуулдаг субьект нь ажил олгогч биш юм. Харин нэг тал болж оролцдогийг аймгийн Засаг дарга мэдэх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д Хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд ноцтой зөрчил... гэдэгт захирамжинд заасан үндэслэл хамаарахгүй гэж үзэж байна. Мөн миний бие тус захирамжийг батлагдан гарсны хойно гэнэт мэдсэн бөгөөд мэдсэн даруйд ажил хүлээлцэхийг шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг илтэд бүдүүлгээр зөрчиж, Засаг дарга Г.Батсуурийг сонгуулийн дүндээ хэт эрдэж өнгөрсөн 4 жилд томилогдсон л бол хэнийг ч хамаагүй хууль бусаар хална гэсэн улайрсан хандлагаа илэрхийлсэн үйлдэл гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ийм шийдвэр гаргах гэж байгаагаа тодорхой үндэслэл шалтгааны хамт 1 сарын өмнө надад мэдэгдэх ёстой. Дээрхээс харахад Г-н 2017 оны 10 сарын 06-ны өдөр Ягаанцэцэгийг ажлаас халах тухай Б/-- дугаартай захирамж нь миний хөдөлмөрлөх эрхийг үндэслэлгүй зөрчсөн хууль бус захирамж тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус цэцэрлэг дээр хүлээлцсэн. Ажлаас халсан захирамж өөрөө хууль бус бөгөөд үндэслэлгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Яагаад гэвэл Я-ийг байгууллагын дотоод журмыг зөрчиж, ажилтнуудад шалтгаан нөхцлийг нь бүрэн судалж тогтоолгүй ажлын ачаалалтай байх үед үндэслэлгүйгээр чөлөө олгосон, мөн ажил хаялт зарласан албан хаагчдыг удирдлагаар хангаж, ажил хаялтыг зогсоогоогүй, ажил хаялт зохион байгуулах талаар ажил олгогчид мэдэгдээгүй гэсэн үндэслэлүүд байна. Энэ хоёр үндэслэл, зөрчлөөрөө хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохуйц ноцтой зөрчил гэж үзээд ажлаас чөлөөлсөн байна. Эхний ээлжинд чөлөө олгосон үндэслэл байгаа. Дотоод журманд заасан эрхийн дагуу чөлөө олгосон үйлдэл байгаа. Байгууллагын удирдлага өөрийн эрх хэмжээний хүрээнд ажилтандаа чөлөө олгох эрхтэй байдаг. Ажлын ачааллыг харгалзан үзэж чөлөө олгохтой холбоотойгоор хариуцагчийн гаргаж өгсөн дотоод журмын 4.9.18-д заасан байгаа. Энэ үндэслэлээр чөлөө олгосон үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болохуйц ноцтой зөрчил мөн үү гэдгийг шалгах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн агуулгын хүрээн захирамжийг гаргасан байх гэж бодож байна. Энэ хүрээнд ноцтой зөрчил өөрөө тогтоогдох ёстой. Үүнийг нотлохгүйгээр ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Хоёрдугаарт ажил хаялт зарласан албан хаагчдыг удирдлагаар хангаж, ажил хаялтыг зогсоогоогүй гэж байна. Энэ нь ажил хаялтыг зогсоогоогүй нь өөрөө удирдлагаар хангасан болж байна уу, удирдлагаар хангаад зогсоох ёстой нөхцөлд зогсоогоогүй юм уу гэдэг асуудал гарч байна. Үүнтэй холбоотой материал хэрэгт байхгүй. Хоёр талаас өгсөн нь ижил төстэй боловч өөр хэлбэртэй дэмжиж байгаа хүмүүсийн гарын үсэгтэй материал байгаа. Үүнд ажил хаялтыг дэмжиж байгаатай холбоотойгоор Я-ийн нэр байхгүй. Я ажил хаялт зарлах, хөдөлмөрийн харилцаанд орж байгаа хүний хувьд эрхтэй. Гэхдээ тухайн байгууллагыг удирдаж байгаа гэдэг агуулгын хүрээнд оролцоогүй байдаг. Я ажил хаялтад оролцоогүй гэдгийг эмнэлэгт хэвтэж байсан эмнэлгийн лист буюу эмчийн гарын үсэгтэй баримтаар нотлогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулиар ажил хаялт зарлах нь эрх болохоос биш үүрэг байх ёсгүй. Энэ үүргийг эрх гэж зааж өгөөд хорьж хязгаарлах ёсгүй. Энэ эрхийг хэрэгжүүлсний төлөө хариуцлага тооцож болохгүй. Я-г 2016 оны сүүл, 2017 оны эхнээс эхлээд ажлаас халах зорилгоор аймгийн Засаг дарга албан болон, албан бусаар хандсан байсан. Энэ үүргийн хүрээнд дарамталж хандсан байдлыг үүгээр нотолно гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ийм, ийм зөрчил гаргаж байгаа болохоор таныг ажлаас халж байна гэсэн асуудлаар мэдэгдсэн мэдэгдлийнхээ шалтгаанаар ажлаас халаагүй. Ажил хаялт, чөлөө олгохтой холбоотой асуудлаар халсан. Тухайн мэдэгдэл дээр өөр асуудал байгаа, захирамжид энэ талаар огт дурдаагүй. Мөн Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасан шаардлагыг хангаагүй, энэ ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Энэ ажиллагааг хэрэгжүүлсэнтэй холбоотой материал хэрэгт байхгүй байна. Иймд шийдвэр нь үндэслэлгүй, хууль бус гэж үзэж Я-г ажиллаж байсан албан тушаалд нь эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: - сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалыг хашиж байсан Я-г аймгийн Засаг дарга нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/-- дугаар захирамжаар ажлаас халсан. Г нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-д хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагын аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх, Боловсролын тухай хуулийн 30.1.15-д аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж заасны дагуу 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Я-г ажилд томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй болно. Байгууллагын дарга буюу ажил олгогчийн хувьд ажилтандаа чөлөө олгох эрх хэмжээтэй боловч Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу олгох ёстой. Гэтэл Я нь цэцэрлэгийн эрхлэгчийн албыг хашиж байхдаа хууль, дотоод журмаа зөрчиж чөлөө олгосон байдаг. Ажилтан нь чөлөө хүсэж, өргөдөл өгч, шийдвэрлүүлээгүй урт хугацаагаар гадаад явсныхаа дараа чөлөө хүссэн байхад чөлөө олгосон байх тул Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журамд заасан заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл зохих журмын дагуу чөлөө аваагүй, ажил тасалсан албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах ёстой байтал чөлөө олгосон хууль бус шийдвэрийг гаргаж, ажилдаа хайнга хандсан. Мөн ажил хаялт зарласан албан хаагчдыг удирдлагаар хангаж, ажил хаялтыг зогсоох арга хэмжээ авах эсвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.5-д заасны дагуу ажил олгогч тал буюу аймгийн Засаг даргад мэдэгдэх ёстой байтал байгууллагаа удирдлагагүй орхиж аймгийн Засаг даргад энэ тухайгаа мэдэгдээгүй зэрэг зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг давтан зөрчил гаргасан үндэслэлээр цуцалсан болно. Мөн Я  нь 2015-2016 оны санхүүгийн аудитын дүгнэлтээр сөрөг дүгнэлт авсныг давтан зөрчилд тооцсон. Иймд нэхэмжлэгч Я-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я нь Г-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч талаас ажлаас халсан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар ажилтан ажил хүлээлгэж өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзэх бөгөөд 43.3-т зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй.

Ажлаас халах тухай тушаал 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гарсан байх боловч тушаалд ажилтантай холбоотой тооцоог 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дотор хийж дуусгахыг ажлын хэсэгт үүрэг болгосон, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тушаалыг гардуулж, ажил хүлээлцсэн гэж тэмдэглэж, шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гомдол гаргасан, хариуцагч талаас энэ талаар үгүйсгэх тайлбар, нотлох баримтыг гаргаагүй байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан гэж үзэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор харьцуулан дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:

Г-н 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/-- дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.10, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь заалт, Байгууллагын дотоод журмын 4.9.18, аймгийн Засаг даргын 2017 оны Б/237 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус үндэслэн - сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Я-г байгууллагынхаа дотоод журмыг зөрчиж ажилтнуудад шалтгаан нөхцлийг нь бүрэн судлан тогтоолгүй, ажлын ачаалалтай байх үед үндэслэлгүйгээр чөлөө олгосон, ажил хаялт зарласан албан хаагчдыг удирдлагаар хангаж ажил хаялтыг зогсоогоогүй, ажил хаялт зохион байгуулах талаараа ажил олгогчид мэдэгдээгүй хэмээн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т зааснаар Г нь хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-т зааснаар аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх бүрэн эрхүүдийг хэрэгжүүлнэ.

Хариуцагч нь хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ ажилтантай хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд уг гэрээ зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах эрх зүйн үндэслэл үүснэ.

Гэтэл хэрэгт талуудын эрх зүйн байдалтай холбоотой дээрх гэрээнүүд авагдаагүйгээс шүүх эрх, үүргийн талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүйгээс тушаалд заасан зөрчилтэй холбоотойгоор аймгийн Засаг дарга, цэцэрлэгийн эрхлэгчийг, байгууллагын дотоод журмыг зөрчсөн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй эсэх нь тодорхой бус байна.

Тухайлбал хэдийгээр дээрх хуульд зааснаар талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байгаа ч Я нь байгууллагын удирдлага, ажил олгогч болохынхоо хувьд тухайн байгууллагын багш, ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулж улмаар тэдэнд чөлөө олгосон асуудлыг аймгийн Засаг дарга буруутгаж, өөрийг нь ажлаас халах үндэслэл болгох эрхтэй гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан Говьсүмбэр аймгийн - сумын 3 дугаар цэцэрлэг, багш Л.Наранчимэг, Ц.Энхжаргал, Ч.Наранцэцэг нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, ажилчдын чөлөө хүссэн өргөдөл, Говьсүмбэр аймгийн - сумын 3 дугаар Цэцэрлэгийн эрхлэгчийн Чөлөө олгох тухай тушаалууд, Г-ын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/493 тоот албан бичиг, аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/237 тоот Ажлын хэсэг байгуулах тухай захирамж, ажлын хэсгийн дүгнэлт, Ө.Баярмагнайгийн өргөдөл зэрэг нь аймгийн Засаг даргын бүрэн эрхийг нотолсон баримтууд биш байна.

Мөн тушаалд ажил хаялт зарласан албан хаагчдыг удирдлагаар хангаж ажил хаялтыг зогсоогоогүй, ажил хаялт зохион байгуулах талаараа ажил олгогчид мэдэгдээгүй гэсэн байх боловч энэхүү үйл баримттай холбоотой нотлох баримт буюу ажил хаялтыг хэн, хэзээ, ямар байдлаар зохион байгуулсан, Я ямар оролцоотой байсан, улмаар уг үйл явдалтай холбоотойгоор түүнийг буруутгах үндэслэл зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хариуцагч талаас нэхэмжлэгч Я нь Хөдөлмөрийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.5 дахь хэсгийг зөрчиж ажил хаялтыг эхлүүлэхээс ажлын тав, түүнээс дээш өдрийн өмнө ажил олгогчид буюу Засаг даргад мэдэгдээгүй гэж тайлбарлах боловч уг үүргийг хүлээх субьект нь ажил хаялтыг удирдаж буй этгээд байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч Я нь ажил хаялтыг удирдсан, ажил хаялтанд оролцсон гэдэг нь нотлогдоогүй.

Түүнчлэн Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-т зааснаар Я-г ажлаас чөлөөлөхдөө аймгийн Боловсролын газрын газрын саналыг ямар байдлаар авсан нь тодорхойгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд санал авсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх нотлох баримтыг мөн шүүхэд цуглуулж, гаргаж өгөөгүй байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М-ийн шүүх хуралдаанд гаргасан ...дээрх зөрчлүүдээс гадна Говьсүмбэр аймгийн Аудитын газрын 2016 оны албан бичгийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж ажлаас халсан гэсэн тайлбартай холбоотойгоор шүүх уг зөрчлийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Учир нь хэрэгт авагдсан Говьсүмбэр аймгийн Аудитын газрын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 115, 11 дүгээр сарын 14-ний өдрийн 256 албан бичгүүд, ТЕЗ-ийн 2015 оны нэгтгэсэн санхүүгийн тайлангийн аудитад хамрагдсан байгууллагуудаас хязгаарлалттай болон сөрөг дүгнэлт авсан байгууллагуудын жагсаалт, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/20 дугаартай албан шаардлага, түүний хавсралт зэргээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн хугацаа өнгөрсөн байна.

Нөгөө талаар хариуцагч тал нь дээрх баримтуудад өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдэгийг дарж баталгаажуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан зохицуулалтад нийцэхгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Иймд Я-г Говьсүмбэр аймгийн - сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан үндсэн болон нэмэгдэл цалин хөлсийг 775 381 төгрөг, нэг өдрийн дундаж цалин 36 064 төгрөгөөр /775381:21,5=36064 төгрөг/ тооцож, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд нийт 2 794 975 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгалаа.

Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоох шаардлага буюу үнэлэх боломжгүй шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамжинд 59 670 төгрөг, нийт 129 870 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Я-г Говьсүмбэр аймгийн - сумын - дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Г-с ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 794 975 /хоёр сая долоон зуун ерэн дөрвөн мянга есөн зуун далан таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я-д олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Я-н эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл, хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Г-д даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлитйн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Г-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 129 870 /нэг зуун хорин есөн мянга найман зуун далан/ төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай. 

4.Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.