Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 216/МА2018/00008

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 13 дугаар байрны 2-19 тоотод оршин суух, Боржигин овогт Сүхбаатарын Ягаанцэцэг, /РД: ЗИ69010400/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох

   Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 134/ШШ2018/00025 дугаар шийдвэртэй,

  Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүх 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн, шүүгчийн туслах А.Энхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Ягаанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр  ажлаас халах тухай Б/40 дугаартай хууль бус захирамжаар үүрэгт ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Тус захирамжийг миний бие ажил хүлээлцэх өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан.

Учир нь уг захирамжийг ажил хүлээлцүүлэх комисс авч ирж, надад хүлээлгэн өгсөн. Миний бие нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа ямар нэг ажлын хариуцлага алдсан зүйлгүй бөгөөд ажиллаж байх хугацаандаа байгууллагын ажилчдыг зохион байгуулалтаар хангаж, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулах тал дээр бүхий л анхаарлаа хандуулж ирсэн. Засаг даргын ажлаас халсан захирамжинд заасан үндэслэлүүдийн аль нь ч надад хамааралгүй.

Учир нь байгууллагын дарга, удирдлагын хувьд ажилтанд чөлөө олгох эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлснээр зөрчилд тооцогдох учиргүй. Ажил хаялт зарласан албан хаагчдыг удирдлагаар хангаж гэсний хувьд миний бие ажил хаялтанд оролцоогүй бөгөөд ажил олгогчийн хувьд оролцох боломжгүй юм. Мөн ажил хаялт болсон бол ганц миний бие ажил хаялтыг зогсоох боломжгүй бөгөөд зогсоох талаар ямар нэг алхам хийх эрх хуульд байхгүй. Ажил хаялтанд огт оролцоогүй учир ажил хаялт зохион байгуулсан гэх үндэслэлгүй юм. Багш нарын ажил хаялт нь улсын хэмжээнд энэ оны 9 дүгээр сарын 01-ээс эхлэн зохион байгуулалттайгаар удаа дараа явагдаж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэж, сонсож байна. Энэ ажил хаялтыг Монгол Улсын Засгийн газар, БСШУ-ны яам ч зохицуулж чадахгүй байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа учир олон нийт мэдэж байгаа.

Хуулийн дагуу бол ажил хаялтыг зогсоодог буюу зохицуулдаг субьект нь ажил олгогч биш юм. Харин нэг тал болж оролцдогийг аймгийн Засаг дарга мэдэх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д Хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд ноцтой зөрчил... гэдэгт захирамжинд заасан үндэслэл хамаарахгүй гэж үзэж байна. Мөн миний бие тус захирамжийг батлагдан гарсны хойно гэнэт мэдсэн бөгөөд мэдсэн даруйд ажил хүлээлцэхийг шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг илтэд бүдүүлгээр зөрчиж, Засаг дарга Г.Батсуурийг сонгуулийн дүндээ хэт эрдэж өнгөрсөн 4 жилд томилогдсон л бол хэнийг ч хамаагүй хууль бусаар хална гэсэн улайрсан хандлагаа илэрхийлсэн үйлдэл гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл ийм шийдвэр гаргах гэж байгаагаа тодорхой үндэслэл шалтгааны хамт 1 сарын өмнө надад мэдэгдэх ёстой. Дээрхээс харахад Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 10 сарын 06-ны өдөр ажлаас халах тухай Б/40 дугаартай захирамж нь миний хөдөлмөрлөх эрхийг үндэслэлгүй зөрчсөн хууль бус захирамж тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлаас халсан захирамж нь хууль бус бөгөөд үндэслэлгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Яагаад гэвэл С.Ягаанцэцэгийг байгууллагын дотоод журмыг зөрчиж, ажилтнуудад шалтгаан нөхцлийг нь бүрэн судалж тогтоолгүй, ажлын ачаалалтай байх үед үндэслэлгүйгээр чөлөө олгосон, мөн ажил хаялт зарласан албан хаагчдыг удирдлагаар хангаж, ажил хаялтыг зогсоогоогүй, ажил хаялт зохион байгуулах талаар ажил олгогчид мэдэгдээгүй гэсэн үндэслэлүүд байна. Энэ хоёр үндэслэл, зөрчлөөрөө хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохуйц ноцтой зөрчил гэж үзээд ажлаас чөлөөлсөн байна. Эхний ээлжинд чөлөө олгосон үндэслэл байгаа.

Дотоод журманд заасан эрхийн дагуу чөлөө олгосон үйлдэл байгаа. Байгууллагын удирдлага өөрийн эрх хэмжээний хүрээнд ажилтандаа чөлөө олгох эрхтэй байдаг. Ажлын ачааллыг харгалзан үзэж чөлөө олгохтой холбоотойгоор хариуцагчийн гаргаж өгсөн дотоод журмын 4.9.18-д заасан  үндэслэлээр чөлөө олгосон үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болохуйц ноцтой зөрчил мөн үү гэдгийг шалгах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн агуулгын хүрээн захирамжийг гаргасан байх гэж бодож байна. Энэ хүрээнд ноцтой зөрчил өөрөө тогтоогдох ёстой. Үүнийг нотлохгүйгээр ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Хоёрдугаарт ажил хаялт зарласан албан хаагчдыг удирдлагаар хангаж, ажил хаялтыг зогсоогоогүй гэж байна. Энэ нь ажил хаялтыг зогсоогоогүй нь өөрөө удирдлагаар хангасан болж байна уу, удирдлагаар хангаад зогсоох ёстой нөхцөлд зогсоогоогүй юм уу гэдэг асуудал гарч байна. Үүнтэй холбоотой материал хэрэгт байхгүй. Хоёр талаас өгсөн нь ижил төстэй боловч өөр хэлбэртэй дэмжиж байгаа хүмүүсийн гарын үсэгтэй материал байгаа. Үүнд ажил хаялтыг дэмжиж байгаатай холбоотойгоор С.Ягаанцэцэгийн нэр байхгүй. С.Ягаанцэцэг ажил хаялт зарлах, хөдөлмөрийн харилцаанд орж байгаа хүний хувьд эрхтэй. Гэхдээ тухайн байгууллагыг удирдаж байгаа гэдэг агуулгын хүрээнд оролцоогүй байдаг.

С.Ягаанцэцэг ажил хаялтад оролцоогүй гэдгийг эмнэлэгт хэвтэж байсан эмнэлгийн лист буюу эмчийн гарын үсэгтэй баримтаар нотлогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулиар ажил хаялт зарлах нь эрх болохоос биш үүрэг байх ёсгүй. Энэ үүргийг эрх гэж зааж өгөөд хорьж хязгаарлах ёсгүй. Энэ эрхийг хэрэгжүүлсний төлөө хариуцлага тооцож болохгүй. С.Ягаанцэцэг нь 2016 оны сүүл, 2017 оны эхнээс эхлээд ажлаас халах зорилгоор аймгийн Засаг дарга албан болон, албан бусаар хандсан байсан. Энэ үүргийн хүрээнд дарамталж хандсан байдлыг үүгээр нотолно гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ийм, ийм зөрчил гаргаж байгаа болохоор таныг ажлаас халж байна гэсэн асуудлаар мэдэгдсэн мэдэгдлийнхээ шалтгаанаар ажлаас халаагүй. Ажил хаялт, чөлөө олгохтой холбоотой асуудлаар халсан. Тухайн мэдэгдэл дээр өөр асуудал байгаа, захирамжид энэ талаар огт дурдаагүй. Мөн Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасан шаардлагыг хангаагүй, энэ ажиллагааг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Энэ ажиллагааг хэрэгжүүлсэнтэй холбоотой материал хэрэгт байхгүй байна. Иймд шийдвэр нь үндэслэлгүй, хууль бус гэж үзэж С.Ягаанцэцэгийн ажиллаж байсан албан тушаалд нь эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалыг хашиж байсан С.Ягаанцэцэгийг аймгийн Засаг дарга нь 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/40 дугаар захирамжаар ажлаас халсан. Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-д хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагын аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх, Боловсролын тухай хуулийн 30.1.15-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж заасны дагуу 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.Ягаанцэцэгийг ажилд томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй болно. Байгууллагын дарга буюу ажил олгогчийн хувьд ажилтандаа чөлөө олгох эрх хэмжээтэй боловч Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу олгох ёстой.

Гэтэл С.Ягаанцэцэг нь цэцэрлэгийн эрхлэгчийн албыг хашиж байхдаа хууль, дотоод журмаа зөрчиж чөлөө олгосон байдаг. Ажилтан нь чөлөө хүсэж, өргөдөл өгч, шийдвэрлүүлээгүй урт хугацаагаар гадаад явсныхаа дараа чөлөө хүссэн байхад чөлөө олгосон байх тул Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журамд заасан заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл зохих журмын дагуу чөлөө аваагүй, ажил тасалсан албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах ёстой байтал чөлөө олгосон хууль бус шийдвэрийг гаргаж, ажилдаа хайнга хандсан.

Мөн ажил хаялт зарласан албан хаагчдыг удирдлагаар хангаж, ажил хаялтыг зогсоох арга хэмжээ авах эсвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.5-д заасны дагуу ажил олгогч тал буюу аймгийн Засаг даргад мэдэгдэх ёстой байтал байгууллагаа удирдлагагүй орхиж аймгийн Засаг даргад энэ тухайгаа мэдэгдээгүй зэрэг зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг давтан зөрчил гаргасан үндэслэлээр цуцалсан болно. Мөн С.Ягаанцэцэг  нь 2015-2016 оны санхүүгийн аудитын дүгнэлтээр сөрөг дүгнэлт авсныг давтан зөрчилд тооцсон. Иймд нэхэмжлэгч С.Ягаанцэцэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч С.Ягаанцэцэгийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 794 975 /хоёр сая долоон зуун ерэн дөрвөн мянга есөн зуун далан таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ягаанцэцэгт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч С.Ягаанцэцэгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл, хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлитйн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжинд 129 870 /нэг зуун хорин есөн мянга найман зуун далан/ төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг, гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Магвансүрэн давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 134/ШШ2018/00025 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Дээрх  анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг  2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гардан авсан болно.

С.Ягаанцэцэгийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг буруу тайлбарлан, буруу дүгнэлт хийж, нэхэмжлэгч С.Ягаанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн хэмээн үзэж байна.

... Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-г захирамжийн үндэслэлд авсан байтал шүүхээс үнэлээгүй байна.

Байгууллагын дарга буюу ажил олгогчийн хувьд ажилтандаа чөлөө олгох эрх хэмжээтэй боловч Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу олгох ёстой. Гэтэл С.Ягаанцэцэг нь цэцэрлэгийн эрхлэгчийн албыг хашиж байхдаа хууль, дотоод журмаа зөрчиж чөлөө олгосон байдаг. Ажилтан нь чөлөө хүсэж өргөдөл өгч, шийдвэрлүүлэлгүй урт хугацаагаар гадаад явсаныхаа дараа чөлөө хүссэн байхад чөлөө олгосон тул Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журамд заасан заалтыг зөрчиж, шалтгаан нөхцлийг нь бүрэн судлан тогтоолгүй, ажлын ачаалалтай байх үед үндэслэлгүйгээр чөлөө олгосон гэж үзэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүхээс “Аймгийн Засаг дарга цэцэрлэгийн эрхлэгчийг, байгууллагын дотоод журам зөрчсөн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй эсэх нь тодорхой бус байна”, “Хариуцагч талаас гаргасан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн багш Л.Наранчимэг, Ц.Энхжаргал, Ч.Наранцэцэг... ажлын хэсгийн дүгнэлт, Ө.Баярмагнайгийн өргөдөл зэрэг нь Засаг даргын бүрэн эрхийг нотолсон баримтууд биш байна” гэж дүгнэсэн нь буруу байна.

Хариуцагч талаас гаргасан дээрх нотлох баримтууд нь нөхцөл байдлыг тогтоох, үйлдсэн зөрчлийг батлах нотлох баримтууд болохоос биш аймгийн Засаг даргын бүрэн эрхийг нотолсон баримтууд биш. Аймгийн Засаг дарга нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Боловсролын тухай хуулийн 30.1.15-д заасны дагуу сургууль, цэцэрлэгийн захирлыг томилох, чөлөөлөх эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасны дагуу “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч” сахилгын шийтгэл ногдуулах тул 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажил олгогч болох аймгийн Засаг дарга сахилгын шийтгэл ногдуулах бүрэн эрхтэй юм.

Ажил хаялт зарласан албан хаагчдыг удирдлагаар хангаж, ажил хаялтыг зогсоох арга хэмжээ авах эсвэл хуульд заасан журмын дагуу ажил олгогч тал буюу аймгийн Засаг даргад мэдэгдэх ёстой байтал байгууллагаа удирдлагагүй орхиж аймгийн Засаг даргад энэ тухайгаа мэдэгдээгүй зэрэг зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Дээрх үндэслэлүүдээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 134/ШШ2018/00025 дугаар шийдвэрээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж гаргасан тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Ягаанцэцэг нь Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч нэхэмжлэгчийг ажлаас халсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй хэмээн маргажээ.

Анхан шатны шүүх нь хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

           Учир нь хэргийн материалаас үзэхэд нэхэмжлэгч С.Ягаанцэцэг нь Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2013 оны Б/71 дүгээр захирамжаар Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөн аймгийн Засаг даргын Б/40 дугаар захирамжаар  үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хх-4, 6/

Хариуцагч буюу аймгийн Засаг даргын Б/40 дугаартай захирамжийн захирамжлах хэсэгт С.Ягаанцэцэгтэй холбогдох тооцоог 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дотор хийж дуусгахыг  үүрэг болгожээ.

            Нэхэмжлэгч С.Ягаанцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Б/40 тоот захирамжийг ажил хүлээлцэх өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан, ажил хүлээлцэх комисс авч ирж хүлээлгэн өгсөн гэж бичсэн,  тэрээр ажлаас буруу халсан тухай гомдлоо шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан, шүүх мөн өдөр хүлээн авч баталгаажуулсан байх бөгөөд үүнийг хариуцагч тал үгүйсгээгүй, хэрэгт Б/40 тоот захирамжийг хүлээлгэн өгсөн тухай бүртгэл, тэмдэглэл бүхий бичгийн баримт авагдаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй, хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан   гэж  үзсэн нь зөв байна.

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар аймгийн Засаг дарга нь цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэх хэдий ч дээрх хуулиудад заасан эрхийг дангаар хэрэгжүүлж шийдвэр гаргах эрхгүй болох нь уг хуулиудад заасан шаардлагаас тодорхой байна. 

 Түүнчлэн аймгийн Засаг дарга нь хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-т зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээ, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17, 16 дугаар зүйлийн 16.4.18, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар  аймгийн Засаг дарга нь орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн  хувьд үр дүнгийн гэрээг тус тус  байгуулах үүрэгтэй ба  энэ нь ажилтан уг гэрээнд заасан журмыг хэрхэн зөрчсөн,  уг зөрчил нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох эсэх зэргийг тогтооход ач холбогдолтой.

  Хариуцагч нь “С.Ягаанцэцэгийг ажлаас халах тухай” Б/40 дугаартай захирамжид Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.10, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Захиргааны Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, байгууллагын дотоод журмын 4.9.18, Аймгийн Засаг даргын 2017 оны А/237 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтийг  тус тус  үндэслэл болгосон байна.

               Хариуцагч нь нэхэмжлэгч С.Ягаанцэцэгийг байгууллагынхаа дотоод журмыг зөрчиж ажилтнуудад шалтгаан нөхцөлийг нь бүрэн судлан тогтоолгүй, ажлын ачаалалтай байх үед үндэслэлгүйгээр чөлөө олгосон,  ажил хаялт зарласан албан хаагчдыг удирдлагаар хангаж ажил хаялтыг зогсоогоогүй, ажил хаялт зохион байгуулах талаараа ажил олгогч буюу Аймгийн Засаг даргад мэдэгдээгүй зэрэг сахилгын зөрчил гаргасан хэмээн буруутган Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д зааснаар “Ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулжээ. Үүнд:

1. Нэхэмжлэгч С.Ягаанцэцэгийг ажилтнуудад үндэслэлгүйгээр чөлөө олгосон гэх зөрчлийн хувьд:

С.Ягаанцэцэг нь Шивээговь сумын 3-р цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллах байхдаа тухайн цэцэрлэгт багш ажилтай гэх Л.Наранчимэг, Ц.Энхжаргал, Ч.Наранцэцэг нарын гаргасан  “Чөлөө хүссэн өргөдөл”-ийн дагуу 2017  оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Чөлөө олгох тухай” тушаал гаргаж эдгээр нэр бүхий багш нарт 1 сарын хугацаатай цалингүй чөлөө олгосон болох нь хэрэгт авагдсан   Л.Наранчимэг, Ц.Энхжаргал, Ч.Наранцэцэг нарын “Чөлөө хүссэн өргөдөл” /хх-87, 112, 89, 111, 107/, “чөлөө олгох тухай” тушаалууд /хх-96, 105, 97, 106, 98, 108/ зэргээр тогтоогдож байна.

Хэргийн 99-104 дүгээр талд Шивээговь сумын 3-р цэцэрлэгийн дотоод журам авагдсан байх ба уг журмын 4.9.5-д “Багш, ажилчидад хүндэтгэн үзэх шалтгаантай үед чөлөө олгоно”,

4.9.17-д “Нэг ба түүнээс дээш хоногийн цалингүй чөлөөг эрхлэгч олгоно”,

4.9.18-д “Чөлөө авахдаа өргөдөл бичиж эрхлэгчид өгөх бөгөөд шалтгааныг судлан дотоод ажлын ачааллаас шалтгаалан чөлөө олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд тус цэцэрлэгийн эрхлэгч нь багш, ажилчдад чөлөө олгох эрхтэй байх ба уг эрхийнхээ дагуу нэр бүхий багш нарт чөлөө олгосон нь хөдөлмөрийн дотоод журмаа зөрчөөгүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Ягаанцэцэг нь байгууллагын удирдлага, ажил олгогчийн хувьд тухайн байгууллагын багш, ажилтнуудад тэдэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагынхаа дотоод журамд заасны дагуу тэдэнд чөлөө олгосон асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийн  “Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

2. Ажил хаялт зарласан албан хаагчдыг удирдлагаар хангаж, ажил хаялтыг

зогсоогоогүй, ажил хаялт зохион байгуулах талаараа ажил олгогч буюу аймгийн Засаг даргад мэдэгдээгүй гэх зөрчлийн хувьд:

           Хөдөлмөрийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.5-д ажил хаялтыг удирдах этгээд ажил хаялт эхлэхээс ажлын тав, түүнээс дээш өдрийн өмнө ажил хаях тухай шийдвэрийг нөгөө талд хүргүүлэх үүрэгтэй гэж заасан.

            Үүнээс үзэхэд дээрх хуульд заасан үүргийг хүлээх субьект нь ажил хаялтыг удирдаж буй этгээд байхаар байна.

 Хавтаст хэргийн 95 дугаар талд “БШУ-ны ҮЭХ-ны ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгийг дэмжиж ажил хаялтыг зөвшөөрсөн багш, ажилчдын гарын үсэг гэх 24 хүний нэр бүхий баримт авагдсан байх ба уг 24 хүний нэрийн жагсаалтад С.Ягаанцэцэгийн нэр ороогүй байна.

  Энэ нь нэхэмжлэгч С.Ягаанцэцэгийг ажил хаялтыг удирдсан, ажил хаялтад оролцсон гэдгийг бүрэн нотлож чадахгүй байх бөгөөд үүнээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.5-д заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Эдгээрээс  дүгнэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан буюу нэхэмжлэгч С.Ягаанцэцэг нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж шийдвэр гаргасан тул уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий  давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин хариуцагч тал нь ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 134/ШШ2018/00025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.