Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 03

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 38 тоотод оршин суух, Арцаа тайж овогт Даваадоржийн Мөнгөншагай /МХ77012607/-ийн нэхэмжлэлтэй

     Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Эрдэнэ Чин Ван Намсрайн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдох “2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагч Цагааннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Г.Сугар, хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Мөнгөншагай нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

         ... Миний бие 2002 оны 09 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл тус сургуульд түүх, нийгмийн багшийн ажилд томилогдон ажиллаж байсан. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сугар дарга намайг дуудан чамайг ажлаас халсан, тушаалаа аваарай гэж хэлсэний дагуу 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүлээн авсан. Уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй тушаал, хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Хууль зүйн үндэслэлгүй гэдгийг дараахь байдлаар тайлбарлаж байна.

Үүнд: 1. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэхь заалтыг баримталсан байдаг. Хичээлийн сургалтын цаг 2 багшийн нормд хүрэлцэхгүй 1 багшийн орон тоотой ажиллаж байгаа тул орон тоо цөөрүүлэх нөхцөл үүссэн гэж бичсэн байна.

2017-2018 оны хичээлийн жилд манай сургууль 2 орон тоогоор түүхийн болон нийгмийн багшийн хуваарилалт батлагдсан. Энэ хуваарийн дагуу миний бие 2017 оны хичээлийн жилд ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан, ажлын байрны тодорхойлолтод нийгмийн багш гэсэн орон тоон дээр гэрээ байгуулагдсан. Намайг орон тоо цөөрүүлсэн гэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

Гэтэл намайг орон тоо цөөрүүлсэн гэж ажлаас халж байгаа мөртлөө орон тоо дутмаг гэж үзэж шинэ хичээлийн жилд Гантөмөр гэдэг хүнийг нийгмийн багшаар авч ажиллуулсан нь тушаал үндэслэлгүй орон тоо цөөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

2. Монгол Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь заалтанд орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээдийн, байгууллагын зохион байгуулалт бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг хэлнэ гэсэн тайлбар байх бөгөөд шинэ хичээлийн жилийн эхэнд холбогдох байгууллагаар орон тоо бүтцийг батлуулахдаа 2 багшийн орон тоогоор батлуулсан байдаг бөгөөд өөрөө дур мэдэн дахин нэг шинэ багшийг авч ажиллуулчихаад урьд нь олон жил ажилласан багш намайг ажлаас халж байгаа ньүндэслэлгүй.

3. Мөн энэ тушаалд багш миний ажлыг хэдий хугацаанд, ямар бүрэлдэхүүнтэй хүлээлцэх талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар заалтыг огт баримтлаагүй нь тушаал үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна. Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 19 дүгээр заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйл ангийг маш тодорхой тайлбарласан байдаг.

4. Хэрэв үнэхээр орон тоо цөөрүүлэх, багшийн нормт цаг хүрэлцэхгүй байсан бол яах гэж шинээр багш нэмж авч ажиллуулж байгаа нь ойлгомжгүй байна. Тэгээд ч шинэ хичээлийн жилийн батлагдсан орон тооны тушаал шийдвэрийг авах гэтэл ажил олгогч болон нягтлан бодогч нар өгөхгүй байна. Би сард 791.114 төгрөгийн цалин гар дээрээ авдаг. Миний анх ажилд орсон тушаал сургуулийн болон сумын, аймгийн архивт байхгүй, тэгсэн хэрнээ нийгмийн даатгалын хэлтсээс лавлагаа авахад 2002 оны 09 дүгээр сараас сургууль ажиллаж шимтгэл төлсөн баримт гарч ирсэн. Мөн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн тэмдэг дарсан байдаг. Сургуулиас хөдөлмөрийн гэрээгээ авах гэхэд байхгүй  гээд өгөхгүй байна.

Иймд ажлаас чөлөөлсөн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэдгийг тогтоож, хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаны цалинг гаргуулах, /сард 791.114 төгрөгийн цалинтай/, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү!  гэжээ. 

 

 

... Нэхэмжлэгч Д.Мөнгөншагай нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

... Миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч Сугар захирал гардан авч 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн гэх тайлбарыг уншиж танилцан хариу тайлбар гаргаж байна.

1. Намайг 2 орон тоо батлагдсан гэж буруу ойлгож байна, түүхийн багш, нийгмийн багш гэж тус тусдаа орон тоо батлагдсан 2 өөр мэргэжлийн 2 өөр ажлын байр, намайг түүхийн багшаар төгссөн учир энэ ажлыг хийж болохгүй гэсэн утгатай зүйл бичсэнтэй санал нийлэх боломжгүй байна.

Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, эрхтэй гэж заасан байдаг.

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн харилцаанд ... эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал үүсэл, хөрөнгө чинээ, үзэл бодлоор ялгаварлах, хязгаарлах давуу байдал тогтоохыг ажил олгогчид хориглосон энэхүү заалтуудыг Сугар зөрчсөн.

2007 онд Сугар захирал Мөнгөнсарнай бид хоёрыг дуудаж та хоёрын хэн нь түүхийн хичээл заах, хэн нь нийгмийн ухааны хичээл заах талаар асуусан бөгөөд тэр үед хоёулаа түүхийн гэсэн хариулт өгсөн учир бид хоёроос Сугар захирал шалгалт авна гэж хэлээд шалгалт авсан.

Бид хоёулаа онц үнэлгээтэй шалгагдсан. Тиймээс тухайн үед намайг түүхийн багшийн ажил хийлгүүлэх боломж байсан боловч захирал одоогоор түүхийн хичээлээ зааж байгаа Мөнгөнсарнай энэ хичээлээ үргэлжлүүлэн заа, Мөнгөншагай чи нийгмийн хичээлийг заа гэдэг даалгаврыг өгсөн. Тэр цагаас хойш миний бие дан ганц нийгмийн ухааны хичээлийг 10 гаруй жил заасан надад туршлага ажлын арга барил хүүхдүүдээ ямар сэдвээр улсын шалгалтанд бэлдүүлэх талаар мэдлэг оюун байгаа гэж боддог. Би байнгын орон  тоон дээр ажлын байранд нийгмийн багшийн хичээлийг зааж байсан. Тиймээс ч багшийн сар болгон, 7 хоног болгон хичээлийн эрхлэгч Эрдэнэ-Очирт хичээл заах үйл ажиллагааны үнэлгээгээр онц дүнтэй хангалттай гэсэн үнэлгээ авч байсан.

2. Д.Мөнгөншагай миний бие 2002 оны 09 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл тус сургуульд түүх нийгмийн багшийн ажилд томилогдон 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 дугаартай “ажлаас чөлөөлөгдсөн” тайлбарт Гантөмөр гэдэг хүнийг түүхийн багшийн биш нийгмийн багшийн орон тоон дээр авч ажиллуулсан гэсэн байна.

Намайг халаад миний оронд авсан гэх Гантөмөр нь түүх-нийгмийн багш мэргэжлээр төгссөн. Надтай мэргэжил нэгтэй гэдгийг анх танилцуулж байсан. Тэгвэл адилхан түүх-нийгмийн багш мэргэжлээр төгссөн хүнийг түүхийн багшаар солих ямар ч шаардлага байхгүй зөвхөн хувийн сонирхол танил талын асуудал явагдаж байна.

Сугар захирал 2017 онд надтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ажлын байр гэсэн хүснэгтэнд нийгмийн ухааны багш гэсэн гэрээ хийгдсэн байгаа. Энэ байдал нь намайг нийгмийн багшийн ажил хичээл зааж байсныг баталж байгаа баримт.

 

3. Мөнгөншагайд 10 гаруй жил янз бүрийн мэргэжлийн бус цагуудыг түүвэрлэн ажлаар хангаж байсан гэж бичсэн нь түүний тайлбарт бичигдсэн 2016-2017 оны хичээлийн жилд нийгмийн ухааны хичээлийг багш Мөнгөншагайгаар заалгасан гэж бичсэнтэй авцалдахгүй байгаа байдал харагдана.

Манай сургууль түүх-нийгмийн багшийн 2 орон тоо жилийн жилд төсөвт сууж, орон тооны бүтэц, цалин батлагдаж байсныг Сугар энэ тайлбартаа бичсэн байдаг.

Хичээлийн жилд надтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан энэ хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд ... ажлын байрны нэр гэдэг дээр нийгмийн ухааны багшаар ажиллана гэсэн ажлын байрыг зааж өгсөн. Хэрэв Сугар захиралын бичсэн шиг хууль бусаар байхгүй орон тоон дээр мэргэжлийн бус эрээвэр хураавар ажил хийлгэж улсын төсвийн мөнгийг үрэн таран хийж ажиллуулж байсан бол аудитын шалгалтаар зөрчил илэрч өөрөө арга хэмжээ тооцуулах асуудал ч гарна. Ийм байдал байхгүй байгаа нь намайг байнгын ажлын байранд тогтвортой түүх нийгмийн багшаар ажиллаж байсныг харуулна.

4. Хичээл заасан 12 дугаар ангийн хүүхдүүд нь улсын шалгалтаар хангалтгүй үнэлгээ авсан талаар бичсэн байна. Сургуулийн  төгсөх 12 дугаар ангийн хичээлийг дан ганц надтай холбон үзэж болохгүй. Тухайн хичээлийн жилд миний бие 7,8,9 дүгээр ангид нийгмийн ухааны хичээл ордог байсан. Сүүлийн улиралд 12 дугаар ангид хичээл орсон. 12 дугаар ангид хичээл заахаас өмнө Чинзориг, Цэндсүрэн гэдэг багш нар хичээд зааж байсан. Миний төгсөх анги гэж яриад байгаа 9 дүгээр ангийн сурагчдын улсын шалгалтын материалыг үзвэл ямар үнэлгээтэй хичээл зааж байсан нь харагдана. Гэтэл бүх ангийн сурагчдын нийгмийн ухааны хичээлийн түвшинг ярихгүй зөвхөн 12 дугаар ангийн сурагчдын талаар ярьж намайг буруутгаж болохгүй гэж үзэж байна. Улсын шалгалтаар сурагчид тийм үнэлгээ авсан ч их дээд сургуульд элсэн шалгалтандаа амжилттай дүн үзүүлж хүссэн мэргэжил, сургуульдаа орсон байгаа. Тухайн шалгалтын материалыг Сугар захирал, математикийн багш Т.Сономсүрэн нар зассан байгаа боловч үнэлгээ буюу оноог хэт бууруулж дүгнэсэн талаар сурагчдаас гомдол хүртэл гаргаж байсан.

5. Мэргэжлийн бус хүнээр хичээл заалгаснаар хүүхэд хэрхэн хохирогч, уналтанд оруулсаныг харуулна гэж бичсэн байна. Би 10 гаруй жил энэ хичээлийг заасны хувьд нийгмийн ухааны хичээлээр их дээд сургуулийн улсын шалгалтанд орсон хүүхдүүд өндөр оноо авч хүссэн сургуульдаа орж суралцаж байгааг сум орон нутгийн иргэд Боловсрол соёлын газарт байгаа тоон үзүүлэлтээр гарч ирнэ.

Харин ч Сугар захирал 2017-2018 оны хичээлийн жилд 8 дугаар, 12 дугаар ангиудыг сурлага, хүмүүжил, нийгмийн оролцоогоор ялгаварлан хувааснаас сурагчдын сурлага, хүмүүжилд муугаар нөлөөлж сургуулийн  захиралд өргөдөл гомдол өгч байсан боловч үүнийг шшийдвэрлээгүй. Тухайлбал: Манай сургууль гурван 12 дугаар ангитай байснаас 12 дугаар ангийн В бүлгийн багш Саранчимэгийг өмссөн зүүснээр нь доромжилж улмаар түүний ангийг тарааж нөгөө 2 бүлэг рүү оруулсан. Тэгш эрхийн зарчмаар 3 ангийг аль ангийг тараах тал дээр сугалаа суглуулан багш Орхонтунгалагийн ангийг тараах болсон боловч Саранчимэг багшийн ангийг тараасан. Энэ байдал нь Сугар аливаа асуудлыг өөрийн үзэл бодлоор шийддэг, хүнийг өмссөн зүүсэн хувцас, бие бялдараар нь доромжилдог, ялгаварладаг байдал ойлгогдоно.

Одоо сумын болон сургуулийн 12 дугаар ангийн эцэг, эхчүүд таниас цагаар сургалт авмаар байна энэ багш нь тодорхой мэдлэг хүүхдүүдэд өгөхгүйгээс хүүхэд хичээлдээ дургүй болох цаашилбал шалгалтанд орж хүссэн мэргэжлээ эзэмшиж чадахгүй байдалд орох байдал гарч болзошгүй байна гэсэн саналыг надлад хэлсэн. Үүнийг нотлох хүмүүс нь олон байгаа. Миний анги даасан 8б ангийн сурагчдыг тарааж 2 ангид хувааж өөр анги болон хичээл заах багш солигдсоноор сурлагадаа муудах, зан ааш нь өөрчлөгдөх байдал бий болсон талаар хүүхдүүд болон эцэг эхчүүд утсаар ярьж байна.

6. Миний бие сургуульд багшаар ажиллаж байхдаа цалингийн зээл авч ажлаас чөлөөлөгдсөн учраас зээлээ төлж чадахгүй байдал хүрч байна. Одоо би 19.206.000 төгрөгийн цалингийн үлдэгдэл зээлтэй сард 615.600 төгрөгийг төлдөг амьдрал хэцүү байна! ... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Атарцэцэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Бид Д.Мөнгөншагайгийн мэргэжлийн ур чадвартай холбоотой асуудал яригдаад байна уу орон тоо цөөрсөнтэй холбоотой асуудал яригдаад байна уу гэдгийг сайтар анхаарах хэрэгтэй. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй. Яагаад гэхлээр хөдөлмөрийн харилцааг зохицуулсан Монгол улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоол гэж бий. Энэ тогтоолд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг маш тодорхой тайлбарласан. Өөрөөр хэлбэл ажил олгогч ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа уг тушаалдаа үндэслэлээ маш тодорхой бичнэ гэж заасан байдаг. Гэтэл Сугар захирал ажлаас чөлөөлсөн уг тушаалыг гаргахдаа хуулийг буруу бичсэн. Тэгэхээр энэ тушаал үндэслэлгүй. Хариуцагч орон тоо цөөрсөн үндэслэлээр Д.Мөнгөншагайг ажлаас чөлөөлсөн гэсэн мөртлөө тухайн багшийн ур чадвартай холбоотой асуудлыг тайлбартаа дурдаад байгааг нь ойлгохгүй байна.

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ажлын байрны бүтэц батлагдсан байдаг. Энэхүү ажлын байрны бүтцийн 19-д нийгмийн багшийн орон тоо байгаа. Ажлаас чөлөөлсөн тушаалдаа энэ хүний ажлыг хэзээ хэдийд ямар бүрэлдэхүүнтэй хүлээж авах талаар тусгаж комисс томилох ёстой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан 33 дугаар тогтоолд боловсролгүй, боловсролын үнэмлэхгүй, дээд боловсролгүй гэх мэтээр ажил олгогчоос мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалд нь тэнцэхгүй байна гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж заасан. Мөнгөншагай нь 2002 оны 09 дүгээр сараас авахуулаад 16 жил нийгмийн ухааны хичээл зааж шавь нар нь боловсролтой болох нь болоод дээд боловсрол эзэмшээд ажлын талбарт гарах нь гарчихсан. Гэтэл өнөөдөр ямар ажил хийж байсан нь тодорхойгүй Гантөмөр гэдэг багшийн дипломыг хэрэг дотор хийчихээд энэ хүн мэргэжил ур чадварын хувьд илүү гээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү! гэжээ.

Хариуцагч Г.Сугар  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэгч Д.Мөнгөншагай нь түүх нийгмийн багшийн 2 орон тоо батлагдсан гэж буруу ойлголттой байна. Энэ нь түүхийн 1 багшийн орон тоо, нийгмийн ухааны 1 орон тоо тус тусдаа батлагдсан 2 өөр мэргэжлийн 2 өөр ажлын байрны тухай асуудал юм. Д.Мөнгөншагай багш нь Монгол улсын их сургуулийн түүхч түүхийн багш мэргэжлээр төгссөн түүхийн багш ба нийгмийн ухааны багш биш юм.

Орон тоо цөөрүүлсэн гэж ажлаас халж байгаа мөртлөө орон тоо дутмаг гэж үзэж шинэ хичээлийн жилд Гантөмөр гэдэг хүнийг нийгмийн багшаар авч ажиллуулсан гэсэн байна. Түүхийн багшийн орон тоон дээр биш нийгмийн ухааны багшийн орон тоон дээр авч ажиллуулсан. Өөрөөр хэлбэл Г.Цэндсүрэн гэж хүн нийгмийн ухааны багш байсан Гантөмөр гэдэг багшийг авч ажиллуулсан.

2017-2018 оны хичээлийн жилд тус сургууль түүхийн багшийн 1 орон тоотой ажиллаж байгаа. 2007-2008 оны хичээлийн жилийн 9 дүгээр сард түүхийн багшийн 1 орон тоон дээр багш Д.Мөнгөншагай, С.Мөнхсарнай нарын дунд сонгон шалгаруулалт явуулж багш С.Мөнхсарнай онооны давуугаар ялж түүхийн багшийн үндсэн багшаар ажиллах болсон. Энэ цаг хугацаанаас хойш 10 гаруй жил янз бүрийн мэргэжлийн бус цагуудыг түүвэрлэн багш Д.Мөнгөншагайг ажлаар хангаж ирсэн. Ер нь Мөнгөншагай багшийг ажилтай байлгахын тулд л эрээвэр хураавар ажил хийж байсан гэж хэлж болно.

Энэ хичээлийн жилээс эхлэн Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд өөрчлөлт орж хичээлүүдийг судлах цаг, хасагдсан шалтгааны улмаас үргэлжлүүлэн ямар нэг мэргэжлийн бус цаг зохицуулан ажлын байраар хангах боломжгүй болсон учир 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас өгч 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Мөн 2016-2017 оны хичээлийн жилд нийгмийн ухааны хичээлийг багш Д.Мөнгөншагайгаар заалгасан. Хичээлийн жилийн эцэст улсын шалгалтаар нийгмийн ухааны хичээлээр 12 дугаар ангийн сонгон суралцсан 29 хүүхдээс 24 хүүхэд унаж, 82.7 хувь нь F буюу хангалтгүй муу үнэлгээ авч нийгмийн ухааны хичээлийн сургалтын чанар мэргэжлийн бус хүнээр заалгаж ямар их уналтанд орсныг харуулсан.

Цаашид энэ чиглэлээр мэргэжлийн бус багш ажиллуулж олон түмний хүүхдийн хувь заяагаар тоглох бодол надад байгаагүй. Ийм учраас дээрх арга хэмжээг авсан. 2017 оны 05 дугаар сард авсан улсын шалгалтын эх материал дүнгийн нэгтгэлийг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэгч Д.Мөнгөншагай 791.114 төгрөгийн цалинтай гэсэн нь ч үндэслэлгүй. Багш Д.Мөнгөншагай нь 585.000 төгрөгийн  үндсэн цалинтай ажиллаж байсан. Иймд Д.Мөнгөншагайгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Мөнгөншагай нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Эрдэнэ Чин Ван Намсрайн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдуулан “2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгох, Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.Сугар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Нэхэмжлэгч Д.Мөнгөншагай нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар ...хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл ... гаргах хэлбэрээр шүүхэд мэдүүлэх эрхээ эдэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтыг авч үзвэл: Ажил олгогч нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Д.Мөнгөншагайтай нийгмийн ухааны багшийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 тоот тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилд түүхийн хичээлийн сургалтын цаг 2 багшийн нормт хэмжээнд хүрэлцэхгүй 1 орон тоотой ажиллаж байгаа тул орон тоог цөөрүүлсэн” гэх үндэслэлээр тухайн орон тоог цөөрүүлэх албан ёсны шийдвэр гараагүй байхад нийгмийн ухааны багшаар ажиллаж байсан Д.Мөнгөншагайтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүний оронд Д.Гантөмөрийг тус албан тушаалд буюу нийгмийн ухааны багшаар шинээр авч ажиллуулсан болох нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал,  мэдэгдэх хуудас,2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл, Хөдөлмөрийн гэрээ /2016 оны 11 дүгээр сарын 01 өдөр/, гэрч С.Мөнхсарнай, Д.Эрдэнэ-Оргил нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалж болох боловч хэрэгт авагдсан баримтаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Эрдэнэ Чин Ван Намсрайн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн нийгмийн ухааны багшийн орон тоо цөөрсөн гэх үндэслэл тогтоогдохгүй төдийгүй дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, ажил албан тушаалын ажлын байр үгүй болсон зүйлгүй байхад нийгмийн ухааны багшийн орон тоонд шинээр ажилтан авсан байх бөгөөд тэрээр энэ байдлаа үгүйсгэж чадаагүй тул орон тоо хасагдсан үндэслэлээр Д.Мөнгөншагайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

    Өөрөөр хэлбэл ажил олгогч нь орон тоо цөөрүүлэх саналаа холбогдох тооцоо, судалгааны хамт боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хэрхэн хүргүүлсэн болон тус байгууллага саналыг хүлээн авсан эсэх хүлээн авсан бол хэрхэн судлаж ямар дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй төдийгүй, үүнтэй холбоотой тайлбараа нотлох баримтаар мөн няцааж чадаагүй байна. Мөн тэрээр Д.Мөнгөншагай нь 585.000 төгрөгийн  үндсэн цалинтай гэх үгүйсгэсэн тайлбарыг шүүхэд өгч байгаа боловч түүнтэй холбоотой баримтыг нотлох баримтаар ирүүлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд “2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 тоот тушаал хөдөлмөрийн хуулинд нийцээгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгож, Д.Мөнгөншагайг урьд эрхэлж байсан нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны сарын үндсэн цалинг тус сургуулийн нягтлан бодогчоос гаргаж өгсөн цалингийн тодорхойлолтыг үндэслэн нэг сарын 791.114 төгрөгөөр тооцож,  ажлын 22 хоногт хувааж нэг өдрийн цалин 35.960 төгрөгийг 2017 оны 10  сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл буюу 2017 оны 12 сарын 26-ны өдөр хүртэл хугацаагаар тооцож нийт /35.960х64хоног/=2.301.440 төгрөгийг гаргуулан Д.Мөнгөншагайд олгож, дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг ажил олгогчид даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Мөнгөншагайгийн гаргасан нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх ажиллагаанд хамаарах бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дэхь хэсэгт заасныг үндэслэн улсын тэмдэгтийн хураамжийг тооцон /70.200+51.773/ нийт 121.973 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Эрдэнэ Чин Ван Намсрайн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захиралын “2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгож, Д.Мөнгөншагайг тус сургуулийн нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Эрдэнэ Чин Ван Намсрайн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас 2.301.440 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Д.Мөнгөншагайгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, даатгалын дэвтрүүдэд зохих бичилт хийхийг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Эрдэнэ Чин Ван Намсрайн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд үүрэг болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Эрдэнэ Чин Ван Намсрайн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд 121.973 төгрөг гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ