Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 05

 

       *******гийн  нэхэмжлэлтэй

              иргэний хэргийн тухай

                                                                            Хэргийн индекс: 148/2017/00551/И

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                             Б.Батзориг

                             Шүүгчид                                       С.Оюунцэцэг

                                                                                   Г.Давааренчин

                     

 Оролцогчид                              

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч          Р.Атарцэцэг

 Хариуцагчийн өмгөөлөгч                 Л.Доржпүрэв

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг  оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь сум  дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор *******гийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдох “2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр  сарын  22-ны  өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

      Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2002 оны 09 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл тус сургуульд түүх, нийгмийн багшийн ажилд томилогдон ажиллаж байсан. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сугар дарга намайг дуудан чамайг ажлаас халсан, тушаалаа аваарай гэж хэлсэний дагуу 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 дугаартай ажлаач чөлөөлөх тухай тушаалыг хүлээн авсан. Уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй тушаал, хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Хууль зүйн үндэслэлгүй гэдгийг дараахь байдлаар тайлбарлаж байна.

Үүнд: 1. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг баримталсан байдаг. Хичээлийн сургалтын цаг хоёр багшийн нормд хүрэлцэхгүй нэг багшийн орон тоотой ажиллаж байгаа тул орон тоо цөөрүүлэх нөхцөл үүссэн гэж бичсэн байна. 2017-2018 оны хичээлийн жилд манай сургууль хоёр орон тоогоор түүхийн болон нийгмийн багшийн хуваарилалт батлагдсан. Энэ хуваарийн дагуу миний бие 2017 оны хичээлийн жилд ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан, ажлын байрны тодорхойлолтонд нийгмийн багш гэсэн орон тоо дээр гэрээ байгуулсан. Гэтэл намайг орон тоо цөөрүүлсэн гэж ажлаас халж байгаа мөртлөө орон тоо дутмаг гэж үзэж шинэ хичээлийн жилд ******* гэдэг хүнийг нийгмийн багшаар авч ажиллуулсан нь тушаал үндэслэлгүй орон тоо цөөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

 Мөн энэ тушаалд багш миний ажлыг хэдий хугацаанд, ямар бүрэлдэхүүнтэй хүлээлцэх талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар заалтыг огт баримтлаагүй нь тушаал үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна.   Үнэхээр орон тоо цөөрүүлэх, багшийн нормт цаг хүрэлцэхгүй байсан бол яах гэж шинээр багш нэмж авч ажиллуулж байгаа нь ойлгомжгүй байна. Би сард 791.114 төгрөгийн цалин гар дээрээ авдаг. ...Иймд ажлаас чөлөөлсөн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэдгийг тогтоож, хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаны цалинг гаргуулах /сард 791.114 төгрөгийн цалинтай/, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч ******* нь түүх нийгмийн багшийн хоёр орон тоо батлагдсан гэж буруу ойлголттой байна. Энэ нь түүхийн нэг багшийн орон тоо, нийгмийн ухааны нэг орон тоо тус тусдаа батлагдсан хоёр өөр мэргэжлийн хоёр өөр ажлын байрны тухай асуудал юм. ******* багш нь Монгол улсын их сургуулийн түүхч түүхийн багш мэргэжлээр төгссөн түүхийн багш ба нийгмийн ухааны багш биш юм. Орон тоо цөөрүүлсэн гэж ажлаас халж байгаа мөртлөө орон тоо дутмаг гэж үзэж шинэ хичээлийн жилд ******* гэдэг хүнийг нийгмийн багшаар авч ажиллуулсан гэсэн байна. Түүхийн багшийн орон тоон дээр биш нийгмийн ухааны багшийн орон тоон дээр авч ажиллуулсан. Өөрөөр хэлбэл ******* гэж хүн нийгмийн ухааны багш байсан ******* гэдэг багшийг авч ажиллуулсан. 2017-2018 оны хичээлийн жилд тус сургууль түүхийн багшийн нэг орон тоотой ажиллаж байгаа. 2007-2008 оны хичээлийн жилийн 9 дүгээр сард түүхийн багшийн нэг орон тоон дээр багш *******, ******* нарын дунд сонгон шалгаруулалт явуулж багш ******* онооны давуугаар ялж түүхийн багшийн үндсэн багшаар ажиллах болсон.

Энэ цаг хугацаанаас хойш 10 гаруй жил янз бүрийн мэргэжлийн бус цагуудыг түүвэрлэн багш *******г ажлаар хангаж ирсэн. Ер нь Мөнгөншагай багшийг ажилтай байлгахын тулд л эрээвэр хураавар ажил хийж байсан гэж хэлж болно. Энэ хичээлийн жилээс эхлэн Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд өөрчлөлт орж хичээлүүдийг судлах цаг, хасагдсан шалтгааны улмаас үргэлжлүүлэн ямар нэг мэргэжлийн бус цаг зохицуулан ажлын байраар хангах боломжгүй болсон учир 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас  чөлөөлөх    тухай   мэдэгдэх   хуудас   өгч   2017  оны  10 дугаар сарын 02-ны

өдрийн Б/49 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Мөн 2016-2017 оны хичээлийн жилд нийгмийн ухааны хичээлийг багш *******гаар заалгасан. Хичээлийн жилийн эцэст улсын шалгалтаар нийгмийн ухааны хичээлээр 12 дугаар ангийн сонгон суралцсан 29 хүүхдээс 24 хүүхэд унаж, 82.7 хувь нь F буюу хангалтгүй муу үнэлгээ авч нийгмийн ухааны хичээлийн сургалтын чанар мэргэжлийн бус хүнээр заалгаж ямар их уналтанд орсныг харуулсан. Цаашид энэ чиглэлээр мэргэжлийн бус багш ажиллуулж олон түмний хүүхдийн хувь заяагаар тоглох бодол надад байгаагүй учраас дээрх арга хэмжээг авсан. 2017 оны 05 дугаар сард авсан улсын шалгалтын эх материал дүнгийн нэгтгэлийг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа.

Нэхэмжлэгч ******* 791.114 төгрөгийн цалинтай гэсэн нь ч үндэслэлгүй 585.000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байсан. Иймд *******н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүх хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 03 дугаартай шийдвэрээр:

-Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрдэнэ Чин Ван Намсрайн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захиралын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгож, *******г тус сургуулийн нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

-Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрдэнэ Чин Ван Намсрайн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас 2.301.440 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

-Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар *******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, даатгалын дэвтрүүдэд зохих бичилт хийхийг Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрдэнэ Чин Ван Намсрайн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд үүрэг болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрдэнэ Чин Ван Намсрайн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд 121.973 төгрөг гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ орон тоо цөөрүүлэх тухай албан ёсны саналаа дээд байгууллагад хүргүүлэх ёстой, тэр саналыг нь дээд байгуулага шийдвэрлэх ёстой гэж үзсэн үндэслэлгүй юм. Миний бие сургуулийн захирал төсвийн шууд захирагчийн хувьд Монгол улсын Төсвийн тухай хуульд зааснаар батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаgрт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох эрхтэй гэсний дагуу орон тоог цөөрүүлсэн.

...******* багш 585.000 төгрөгийн үндсэн цалинтай юм. Гэтэл шүүх түүний цалинг 791.114 төгрөг гэж цалинг эрс зөрүүтэй дүгнэж тооцсон нь үндэслэлгүй тул дээрх нэхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа:

“Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүх шийдвэртээ дээд шатны байгууллагын зөвшөөрөлтэй орон тоог хассах ёстой гэж тайлбарласан нь буруу үнэндээ байгууллага орон тоог цөөрүүлсэн болохоос орон тоог цомхтгоогүй юм.  Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь түүхийн багшаар дээд боловсрол эзэмшсэн 15 жил түүх, нийгмийн багшийн хичээл заасан нь батлагддаг.   Гэтэл хичээлийн шинэ жилээс түүний оронд өөр багш шинээр авч ажилуулсан, түүх нийгмийн багшаар ажиллаж байгаа хүнийг  адилхан түүх нийгмийн багш мэргэжлээр төгссөн  хүнийг түүхийн багшаар солих ямар ч шаардлага байхгүй зөвхөн хувийн сонирхол танил талын асуудал явагдаж байна гэж үзэж байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Үндэслэх нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны зөв тодорхойлж Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд  холбогдуулан  ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдол гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.  

Хэргийг судлан үзвэл:  Ажил олгогч  нь *******г 2017 оны 10 сарын 02-ны өдрийн Б/49 дугаартай “ ажлаас чөлөөлөх тухай”  тушаалаар  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан  аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж, татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тухай үндэслэлээ ажилтан нь 2007-2008 оны хичээлийн жилийн 9 сард түүхийн багшийн нэг орон тоон дээр *******, ******* нарын дунд сонгон шалгаруулалт явуулж багш ******* оноогоор давуу ялж түүхийн үндсэн багшаар ажиллах болсон. Энэ цаг хугацаанаас хойш *******г бодож  10 гаруй жил янз бүрийн мэргэжлийн бус цагуудыг түүвэрлэн хичээл заалгаж байсан юм. Гэтэл энэ хичээлийн жилээс эхлэн БСШУСЯ-аас сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд өөрчлөлт орж зарим хичээлүүдийг судлах цаг хасагдаж бүтэц, анги бүлгийн зохион байгуулалт, хүүхдийн тоо, сургалтын цагийн нягтралаас шалтгаалан ямар нэгэн мэргэжлийн бус цаг зохицуулан ажиллуулах нөхцөлгүй болсон тул ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан байгууллага ажилтны тоог цөөрүүлсэн гэж тайлбарладаг боловч энэхүү байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуульд заасан байгууллага ажилтны тоог цөөрүүлэх гэдэг нь албан тушаалын буюу нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгах буюу  хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хасах тухай  ойлголт  бөгөөд  энэ ойлголтод нэг ажлын байрны асуудал яригдахгүй юм.

Сэлэнгэ аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн “Ажлын байр”-ны тодорхойлолтоос үзвэл тус сургуульд нийгмийн ухааны багш, түүхийн багш, тус бүр 1, 1 орон тооотой ажиллахаар батлагдсан, тухайн орон тоо бүрэн буюу түүхийн багшаар *******, нийгмийн багшаар ******* нар ажиллаж байжээ.

Гэтэл байгууллага ажилтны тоог цөөрүүлсэн хэмээн ажлаас нийгмийн багшаар ажиллаж байсан *******г ажлаас чөлөөлсөн атлаа дахин нийгмийн багшаар Д.*******ийг авч ажилуулсан нь   үндэслэлгүй  болжээ.

Дээрх байдлаас үзвэл Сэлэнгэ аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 10 сарын 02-ны өдрийн Б/49 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, өөрөөр хэлбэл нэг ажлын байрыг хассан  нь  ажилтны цөөрүүлж байгаа ойлголт биш бөгөөд хассан ажлын байрандаа шинээр  ажилтан томилж байгаа үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцласан  үндэслэл нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.  

Мөн хариуцагч нь  ******* багш нь 585.000 төгрөгийн үндсэн цалинтай  гэтэл шүүх ажлаас буруу халсан үеийн олговорыг тооцохдоо түүнийг 791.114 төгрөгийн  цалинтай гэж тооцсон нь буруу гэсэн давж заалдах гомдлын хувьд хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчийн цалингийн талаар холбогдох ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй  бөгөөд хэргийн 5 дахь талд авагдсан  сургуулийн нягтлан бодогч Ж.Цэвээнсүрэнгийн 2017 оны 10 сарын 19-ний өдрийн тодорхойлолтыг үндэслэн түүний цалинг тооцон гаргуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж  шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, шүүхийн шийдвэр нь  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг  дахь  сум дундын Иргэний хэрийн сум дундын шүүхийн 2017 оны 12 сарын 26-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

                              ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                              ШҮҮГЧИД                             С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                             Г.ДАВААРЕНЧИН