Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00061

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүгч Б.Хэрлэн, шүүгч Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй явуулсан эрүүгийн  шүүх хуралдаанаар

           Нарийн бичгийн дарга                          С.Баянжаргал

            Улсын яллагч                                         Э.Энхбат

           Иргэдийн төлөөлөгч                              Ц.Хишигбадрах

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                         С.Сувдаа

            Шүүгдэгч                                           М.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

            Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Их-Отогт овогт Мягмартуяагийн Мөнх-Эрдэнэд холбогдох 201618020004 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар  сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх,1983 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Сэвсүүлийн 29 тоотод оршин суудаг, өмнө нь

  1. 2007 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
  2. 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Их-Отогт овогт Мягмартуяагийн Мөнх-Эрдэнэ РД: /ГИ:83031011/

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Гацууртын ам” гэх газарт 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн Т.Отгонжавыг хувийн таарамжгүй харьцааны улмаас марган нуруун тус газарт нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: ... 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Гацууртын ам” гэх газар Батдорж, хүргэн дүү Энхбаяр, аавын дүүгийн хүүхэд Сүхбаатар бид 4 алт ухахаар явсан. Тэнд очоод бид дөрөв доод нүхэн дээр ажил хийж байсан. Гэтэл бидний молдок эвдэрчихээр нь нөгөө хэдийгээ алтны ухсан нүхнээс гаргаж ирээд молдокныхоо утсыг янзлаад байж байтал манай хүргэн ирээд Эрхэмээ, Ганбаа ах нар ирчихсэн алтны нүхэн дээр байна гэж хэлсэн. Тэгээд молдокыг нь янзалчихаад молдокны утас янзалсан хутгаа халаасандаа хийгээд би дээшээ явсан. Дээр очоод Эрхэмээ ахтай юм яриад сууж байтал хохирогч Отгонжав хүрч ирээд намайг цохиод авсан. Чи яагаад тэнэгтээд байгаа юм бэ гэхэд нь тэнэгтээд байх юм байхгүй. Нутгийн ахтайгаа ярьж байна гэсэн. Тэгээд бид хоёр ноцолдоод газрын уруу өнхөрсөн. Тэнд нэг дээлтэй ах байсан. Эрхэмээ ахтай юм яриад байсан. Тэд нар л өмнө нь Зүүнхараагийнхтай хэрэлдсэн юм билээ. Тэгээд намайг тэр хүмүүстэй андуурсан юм шиг байна лээ. Хохирогч намайг цохиж унагаагаад бид хоёр газрын уруу ноцолдоод босож ирсэн гэтэл хохирогч араас хутга шаачихлаа гэж байсан. Очоод үзсэн чинь хохирогчийн нуруу нь цус болчихсон байсан. Тэгээд би хохирогчийг машинд суулгаж өгөөд Эрхэмээ ахтай явсан. Тэр өдрөөс хойш би ууланд хоёр хоночихоод төвд орж ирсэн гэв.  

Мөрдөн байцаалтанд Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Отгонжав мэдүүлэхдээ: ... Би 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Гацууртын ам” гэх газар алт ухаж байсан юм. Орой нүх рүү Ганбаа ороод алт ухаж байсан, Золоо хэрэг болсон нүхнээс хол машин дотроо унтаж байсан. Ганбаагийн орсон нүхний аман дээр Х.Эрхэмбаяр бид хоёр гал түлээд сууж байхад шөнө 12 цагийн орчим намайг хутгалсан М.Мөнх-Эрдэнэ болон бусад гурван залуугийн хамт ирээд М.Мөнх-Эрдэнэ нь Х.Эрхэмбаяртай уулзаж ярилцаж байгаад хэрэлдээд байгаа юм шиг сонсогдоод байхаар нь жоохон архи уучихсан байсан болохоор М.Мөнх-Эрдэнэд хандаж “Чи юу гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд миний урдаас “юу гэсэн ч яадаг юм” гэхээр нь би эхлээд гараараа нэг удаа цохиход арагшаа унасан, ахиж босоод ирэхээр нь барьцалдаж аваад хоёулаа газрын уруу ноцолдож өнхөрч эхэлсэн ба бид хоёр хоёулахнаа ноцолдож байхад Х.Эрхэмбаяр болон өөр хүмүүс салгахад Х.Эрхэмбаяр М.Мөнх-Эрдэнэд хандаж “чи хүн хутгалчихлаа шүү дээ” гэж хэлсэн чинь М.Мөнх-Эрдэнэ “өө би санамсаргүй хутгалчихлаа, ахаа уучлаарай” гэж хэлсэн. Тэгээд би куртикээ тайлаад харсан чинь зүүн дал руу хутгалсан байсан... Би М.Мөнх-Эрдэнэд хутгалуулсаны улмаас удаан хугацаагаар ажилгүй байсан, цалин орлого байхгүй байсан, М.Мөнх-Эрдэнэ “таныг ийм болгосон учраас тодорхой мөнгө өгнөө” гэж хэлээд нийт 2.400.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-28, 140-142-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Г.Батдорж мэдүүлэхдээ: … М.Мөнх-Эрдэнэ тэр эрээн куртиктэй ах хоёр хоёулахнаа зодолдож байгаад босч ирсэн чинь нөгөө эрээн куртиктэй ах “намайг хутгалчихсан байна шүү дээ” гэж хэлэхээр нь би харъя гээд харсан чинь нуруунд нь нэг удаа хутгалчихсан байсан... Бид нар нүхээ ухахаа болиод доор тависан машиндаа очиход М.Мөнх-Эрдэнэ хутгалуулсан ахтай хол очоод уулзаад байсан. М.Мөнх-Эрдэнэ машинд эргэж ирээд “тэр ах зүгээр гэж байна, чамайг эргэж ирээд эр хүн шиг нэг шанааднаа гэж байна” гэж ярьж байсан... Хэрэг болсоны дараа машин дээрээ ирээд М.Мөнх-Эрдэнэд хүн амьтан хатгачиж байгаа юм уу чи гэхэд куртикнийхээ халааснаас хар иштэй хутгаа гаргаж ирээд надад үзүүлсэн юм... Тэнд Эрхэмбаяр, тайлан дээр нэг залуу байсан нүхнээс бүүр доор бас 2 хүн байсан. Бас нэг хүн тайлан дээр сууж байсан ба тэр хүн М.Мөнх-Эрдэнийг Т.Отгонжавтай цуг зодох гэхээр нь би салгасан. Сүхбаатар эзэнгүй нүх рүү ороод Энхбаяр Эрхэмбаярын нүх рүү орсон” гэх мэдүүлэг /ХХ-ийн 36-38-р хуудас/

                   Мөрдөн байцаалтанд гэрч Х.Эрхэмбаяр мэдүүлэхдээ: … М.Мөнх-Эрдэнэ бид хоёр буу халаад сууж байсан чинь Т.Отгонжав цаанаас ирээд М.Мөнх-Эрдэнэтэй маргалдаж “чи яах гээд байгаа бацаан бэ” гэж хэлэхэд М.Мөнх-Эрдэнэ “яадаг юм бэ” гэж хэлэхэд Т.Отгонжав М.Мөнх-Эрдэнийг үгийн зөрүүгүй цохиод авахад би дундуур нь ороод зогссон юм. гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-р хуудас/

                   Мөрдөн байцаалтанд гэрч Э.Ганхөлөг мэдүүлэхдээ:…Отгонжав хутгалагдсан шөнө Золоо бид хоёр ууланд машин дотор унтаж байтал Х.Эрхэмбаяр, Т.Отгонжав хоёр уулнаас бууж ирэхэд Т.Отгонжавын нуруу даланд хутгалсан байсан. Хэн хутгалсан бэ гэж асуусан чинь Х.Эрхэмбаяр “нутгийн дүү хутгалчихлаа” гэж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 144-145-р хуудас/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №312

  1. Отгонжавын  биед  цээжний  зүүн  ар  хэсэгт  цээжний  хөндий рүү нэвтэрсэн

хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хийн ба цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Шүүх  эмнэлгийн  гэмтлийн  зэрэг  тогтоох   журмын  3.1.11-д  зааснаар  амь

насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /ХХ-ийн 43-р хуудас/

                   ШШҮХ-ийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн №600 дугаартай дүгнэлт:

  1. Шүүх  эмнэлгийн  үзлэг  хийсэн  акт  №312  тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
  2. Т.Отгонжавын  биед  цээжний  зүүн ар хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн

хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хийн ба цусан хураа гэмтэл учирчээ.

  1. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Дээрх  гэмтэл  нь  шүүх  эмнэлгийн  гэмтлийн  зэрэг тогтоох журмын 3.1.11-д

зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

  1. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт

/ХХ-ийн 64 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /ХХ-76 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 74 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 75 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Гацууртын ам” гэх газарт 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн Т.Отгонжавыг хувийн таарамжгүй харьцааны улмаас марган нуруун тус газарт нь хутгалж хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актыг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь тодорхой сэдэлттэй буюу хувийн таарамжүй харьцааны улмаас хохирогч Т.Отгонжавтай маргалдан хутгалж хохирогчийн цээжний зүүн ар хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хийн ба цусан хураа бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх тул прокурорын ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон, энэ зүйл хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй  байна.

Шүүгдэгч мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ... Хохирогч Т.Отгонжав намайг цохиод газрын уруу доошоо унагаасан, тэгээд бид хоёр газрын уруу ноцолдоод байж байхад Эрхэмбаяр ах намайг газраас босгож ирсэн, Отгонжав  газрын дээр хэсэгт зогсчихсон “намайг араас шаачихлаа” гэсэн, Энхбаяр ах бид нар очоод куртикийг нь тайлаад харсан чинь нуруунаас нь цус гарчихсан байсан юм. Миний халаасанд хар иштэй хутга байсан, би куртикныхээ халааснаас  хутгаа гаргаж ирээгүй, санамсар болгоомжгүй байдлаас л хохирогч гэмтсэн байх гэж мэдүүлж байгаа нь шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээх үүрэггүй тул түүнийг үнэн зөв мэдүүлэг өгөхийг шаардах боломжгүй юм.

Харин хохирогч Т.Отгонжав мөрдөн байцаалтанд: ... Мөнх-Эрдэнэ тухайн үед надаас уучлалт гуйгаад олон хүүхэдтэй амьдрал хэцүү байна туслаач гээд байхаар нь өрөвдөөд тэгж хэлсэн юм. Үнэндээ бол Мөнх-Эрдэнэ намайг хутгалсан юм. Санамсаргүй байдлаасаа хутгалсан байх... гэж мэдүүлсэн /ХХ-н 141 дүгээр хуудас/, мөн  ноцолдож зодолдох үед шүүгдэгчийн халаасанд байсан хутга хохирогчийн биед цээжний зүүн ар хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч, хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хийн ба цусан хураа бүхий хүнд гэмтэл учруулсан байх боломжгүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Хохирогч Т.Отгонжав нь хохирол мөнгөө бүрэн барагдуулж авсан тул гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 143-144 дүгээр хуудас/ зэргээс үзэхэд хохирол төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч М.Мөнх-Эрдэний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.4-д зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх боловч шүүгдэгч нь бусдад учирсан хохиролыг бүрэн төлсөн, хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлж байсан ба сүүлд 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр суллагдсан байна.

Хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болох бөгөөд энэхүү хуулийн хугацаа өнгөрөөгүй байхад дахин хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцох хугацаа нь “Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай “ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасанд хамаарч байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, энэ хэрэгт хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хөнгөрүүлж хорих ял оногдуулах,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял эдлүүлэх дэглэмийг  хөнгөрүүлэн жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.

Хохирогч нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарсан болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12 см урт бариултай, 14 см урт ажлын хэсэгтэй хар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон      

ТОГТООХ нь:

          

1. Шүүгдэгч  Их отогт овогт Мягмартуяагийн Мөнх-Эрдэнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Мөнх-Эрдэнийг 03 /гурав/ жил 04 /дөрөв/ сар 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.                       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан М.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 03 жил 04 сар 05 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэд бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурьдсугай.

 5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дах хэсэгт заасныг баримтлан энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12 см урт бариултай 14 см урт ажлын хэсэгтэй хар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

 6.Хохирогч Т.Отгонжав нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

           7.М.Мөнх-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, М.Мөнх-Эрдэний эдлэх ялыг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

           8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

            Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ

                                                                  

                                      ШҮҮГЧИД                         Б.ХЭРЛЭН

                                                                                                                             

                                                                                Д.РЕНЧЕНХОРОЛ.