Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 130/ШШ2018/00056

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, Товогт Тий Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М төрийн өмчит ХХК Баян-Өлгий аймгийн газар /дарга Х.А/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид Р.Ш, Б.Ш, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Т.Б нь ажил үүргээ гүйцэтгэх явцад үйлдвэрлэлийн осолд өртсөнийг үйлдвэрлэлийн осол гэж тогтоож, Т.Бийн 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 7200000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Т.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б овогтой Л 1959 онд төрсөн. Нөхрийн хамт Өлгий сумын 1 дүгээр багт амьдардаг. Нөхөр Т овогтой Б нь 1957 онд төрсөн. 1981 онд Улаанбаатар хотын Холбооны техникумийг техникч мэргэжлээр төгсөж, тухайн жил Увс аймагт хуваарилан ажлын гараагаа эхэлсэн. Дараа нь аймгийн 138 дугаар станцад ирээд тасралтгүй 35 жил мэргэжлээр ажиллаж байсан.

Ажилласан хугацаанд ажлын ямар алдаа дутагдал гаргаж байгаагүй, хариуцсан ажилдаа идэвх зүтгэл гарган гарган ажилласны ур дүнд удаа дараа байгууллагын болон аймгийн аварга ажилтнаар шалгарч байсан. Түүнчлэн салбарын тэргүүний ажилтан, төрийн одон медалиудаар шагнагдаж байсан. Гэтэл 2012 онд тус компанийн захирал Р.Ш манай нөхрийг өндөр насны тэтгэвэрт гарахыг шаардсан. Тухайн үед хоёр хүүхэд оюутан, хоёулаа Турк Улсын их, дээд сургуульд сурдаг болохоор мөн санхүүгийн асуудал хүнд учраас тэтгэвэрт гарахаасаа татгалзсан. 138 дугаар станцад хоёр хүн зэрэг ажиллаж ээлжид гардаг ч нэг хүний орон тоог цомхтгож, мэргэжил бус Блихан гэгч эмэгтэйг авч үлдээд манай нөхрийг гэнэт цомхтголд гарган, байгууллагын манаачаар ажиллуулав. 2 жил уг ажлыг хийж байгаад Блихан өндөр насны тэтгэвэрт гарсны дараа эргээд хуучин ажилдаа дахиж орсон. Ажлын газрын орчин таагүй боловч манай нөхөр ээлжид гараад ажлаа хийж байлаа.

Нөхөр маань ажлын хуваарийн дагуу ээлжид ажилд гарч явсан ба 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагт над руу залгаж, дараа нь манай охин руу залгасан байна. Тэр үед зүүв зүгээр бид нартай ярьж байсан. Дараа нь манай охин 14 цагийн орчимд аавынхаа гар утас болон ажлын газрын утас руу зөндөө залгахад ерөөсөө утсаа авахгүй байсан. Тэгээд бид нар аймгийн төвд байрлах Мэдээлэл холбооны сүлжээ ТӨ ХХК-ийн даргад нь очиж манай нөхөрт нэг зүйл тохиолдсон байна гэж хэлэх гэхэд тэр үед компанийн захирал Р.Ш хот руу явсан байхгүй гэхээр нь жолооч Ш.Б, инженер А.И, манай охин, хүргэн, бид тавуулаа станц руу явсан. Ажлын газарт нь 18 цагийн орчимд очиход манай нөхөр газар дээр шаланд ухаангүй хэвтэж байлаа. Баруун талын духны хэсэгт хөхөрч, шалбарсан шархтай, баруун талын чихний арын хэсэгт шалбарсан шархтай байсан. Тэр өдөр ээлжид сууж байгаад 13 цагийн орчим ажил дээрээ ухаан алдаж унасан байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт утастаад түргэн тусламж дуудахад эмч Х.А ирсэн. Цус харвасан байна. Ерөөсөө хөдөлгөж болохгүй гэж хэлснээр ажлын газарт нь эмч авчруулж эм тариа хийлгэсэн. Тухайн өдөр хажууд нь хүн байгаагүй ганцаараа болохоор унасан газарт олон цаг хэвтсэн тул биеийн байдал нь нэлээн хүндэрсэн байсан. Мөн тэр өдөр би Мэргэжлийн хяналтын газар болон ажлын газрын холбогдох ажилтнуудыг дуудаж авчраад газар дээр нь нөхцөл байдлыг харуулсан. 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өглөө 11 цагт Нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн ирж, "Тархины гүн цус харвалттай" гэсэн оношоор Улаанбаатар хотод явж яаралтай хагалгаа хийлгэхээр болсон, Улаанбаатар хотод 3-р эмнэлгийн мэс заслын тасагт хүнд мэс заслын хагалгаа хийлгэж 2 сар хэвтэж эмчлүүлсэн боловч эдгэрээгүй, одоо байнгын хэвтрийн дэглэмтэй болсон ба эмчийн байнгын дэглэмтэй болсон ба эмчийн байнгын хяналтад эмчлүүлж, одоогоор эм эмчилгээнд 10,0 сая төгрөг зарцуулаад байна. Цаашид ч эмчилгээ их шаардагдах болоод байна.

Гэвч байгууллага нь дотоод журамд заасныхаа дагуу бидэнд 2,0 сая төгрөг л өгч тусалсан. Одоо байнга эмч нарын хяналтад 2 сар болоод улсын болон хувийн эмнэлэгт хэвтэн төлбөртэй зүү тавиулж, массаж хийлгэж байна. Эм тариаг гаднаас авч байнга хэрэглэдэг. Жишээлбэл, церекон тарианы 10 ширхэг ампул нь 200000 төгрөг гэх мэтчилэн үүний цаана олон эм тариа байна. Тэгээд сард бараг 500000-1000000 төгрөгийн эмчилгээний зардал гардаг. Одоо хүртэл ярьж чадахгүй, нэг талд нь мэдрэмж байхгүй, байнга хүний асаргаанд байна. Ийм байдалтай болохоор миний бие өндөр насны тэтгэвэрт гараад нөхрөө асран сувилж байна. 2 хүүхэд маань одоо Турк улсад сураад хараахан төгсөөгүй, төлбөрийг давхар төлж байна. Нөхөр маань 60 нас хүрээгүй, биеийн байдал нь сайжраагүй, ажил хийх чадваргүй болсон болохоор 2016 оны 07 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гаргасан. Нэгэнт өвчтэй болсон учраас аргагүйн байдлаар зөвшөөрсөн. Нөхөр Т.Б ажлын газарт ухаан алдаж унасан өдөр байгууллагаас холбогдох ажилтнууд болон Мэргэжлийн хяналтын газраас холбогдох хүмүүсийг дуудаж авчраад газар дээр нь нөхцөл байдлыг харуулсан боловч харамсалтай нь мэргэжлийн улсын байцаагчаар Т.Н болон компанийн захирал Р.Ш нар үйлдвэрлэлийн осол гээн магадлал гаргаж өгөөгүйд би гомдолтой байна. Удаа дараа даргад нь хандсан боловч нэг ч хариу өгөхгүй сүүлд тэтгэвэрт гарахыг  шаардаж, удаа дараа шахалт дарамт үзүүлсэнд туйлын гомдолтой байна. Аргагүйн эрхэнд тэтгэврийг тогтоолгосон боловч өндөр насны тэтгэвэр биш хувь тэнцүүлсэн тэтгэвэр боллоо. Одоо асаргааны мөнгө авч чадахгүй, наад зах нь Сансар сувилалд хэвтэж чадахгүй байна. Яагаад гэвэл 60 нас хүрээгүй учраас өндөр настны эрхийг эдэлж чадахгүй байна. Хуулинд 60 нас хүрсэн хүн өндөр настны хүрсэн хүн өндөр настны тэтгэвэрт тооцогдож, бүх халамжийн үйлчилгээг хүртдэг юм байна. Иймд манай нөхөр өнөөдөр эрүүл мэндээр хохироод, улсад 35 жил яг тухайн байгууллагад тасралтгүй ажиллаж, хөдөлмөр амьдралаа шингээсэн ч дарга нарын үзэл бодлоос болж авах тусламжаа анч чадахгүй байгаад гомдолтой байна. Үйлдвэрлэлийн ослоор эрүүл мэндээ алдсан магадлал гаргаж өгөөгүй болохоор "Соёмбо" даатгалд олон жил даатгуулж ирсэн эрүүл мэндийн даатгалын мөнгийг ч авч чадаагүй.  Нөхөр маань нэгэнт ажил үүргээ гүйцэтгэж байгаад ажлын газарт ухаан алдаж унаад, өнөөдрийг хүртэл биеийн байдал нь сайжраагүй, жинхэнэ тархины гэмтэлтэй өвчтөн, байнгын хүний асаргаанд байгаа нь яах аргагүй үйлдвэрлэлийн  осолд өртсөн нь мэргэжлийн газрын улсын байцаагч нарын 138 дугаар хийсэн үзлэгийн дүгнэлтээс бас харагдаж байна. Тухайн үед компанийн захирал Р.Ш, Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн улсын байцаагч Т.Н нарын буруутай үйлдлээс ослын дүгнэлт гараагүй болно.

Иймд үйлдвэрлэлийн ослыг тогтоож, Т.Бийн сарын үндсэн цалин нь 400000 төгрөг байсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нийт 7200000 /400000 төгрөг*18 сар/ төгрөгийн нөхөн төлбөрийг тус компаниас гаргуулж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би шүүхэд 2 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл Т.Бийн үйлдвэрлэлийн осолд орсон талаар акт гаргуулж, 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  Миний нөхөр Т.Б тухайн байгууллагад нийт 35 жил ажилласан. Т.Б 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажлын байран дээрээ гэнэт ухаан алдаж унасан. Тухайн өдөр би Т.Бэд 14 цагийн үед залгахад утсаа аваагүй. Тэгээд 16:30  цагийн үед  залгахад утсаа аваад юу ч ярьж чадаагүй, зөвхөн дуу нь л гарсан. Тэгээд би сандраад Мэдээлэл холбооны сүлжээний газарт гүйж ирсэн. Ирэхэд Б.Ш гуай байсан. Тэгээд тэр хүн бид нарт машин гаргаж өгөөд би өөрийнхөө хүргэн охин хоёроо дагуулж аваад очсон. Бид нарыг очиход ухаан санаагаа мэдэхгүй унасан байдалтай байсан. Тэнд телевизор гарч байдаг гэж ярьдаг боловч гарч байгаагүй. Тэгээд бид нар эмч дуудсан. Эмч бол нэлээд оройтоод 19 цагийн үед ирсэн. Эмч ирээд энэ хүн цус харвасан байна гарын баримт бичиг өгөөрэй аваад явъя гэхээр нь хамаатан садан, ах дүүтэй хүн учраас дур мэдэн зориглож гарын баримт бичиж өгч чадаагүй. Тэгээд эмч нартай хамт явсан. Тэнд И, жолооч Б зэрэг хүмүүс үлдсэн байсан. Өлгийд ирээд эм хайгаад, эмч хайгаад, сувилагч дагуулж аваад буцаж очихдоо замаа олохгүй, будлиж арай гэж байж олж очсон. Бид нарыг очих үед Н байсан эсэхийг санахгүй байна. Харин А, байсан. Бид нар тэнд очоод эмчилгээгээ хийлгээд өглөө Сэхээн амьдруулах тасагт авчирсан. Өлгийд авчирсны дараа Улаанбаатар хотод аваачиж 3-р эмнэлэгт хагалгаа хийсэн. Хагалгаа хийхэд эмч нар энэ бол маш хүнд хагалгаа, ийм цус харвасан байдлыг урьд өмнө харж байгаагүй, нэг тал нь 9, нэг тал нь 12 хэмжээтэй цус харвалттай байна гэж хэлсэн. Одоо Т.Бийн биеийн байдал нь гэвэл хэлгүй, гар хөл нь саажилттай, өөрийнхөөрөө явж, бие засаж чадахгүй байдалтай байгаа. 35 жил ажилласан, ажлын байранд унасан хүнийг үйлдвэрлэлийн осол гэж тооцож акт тогтоож өгөөгүй. Р.Ш дарга үйлдвэрлэлийн осол биш учраас тэтгэмж олгож чадахгүй, Т.Б өөрөө өвчтэй байсан гэж хэлсэн. Хамт олон гэдэг нь тухайн хүнд чухал хүмүүс байх ёстой. Олон жил хамт ажилласан Т.Бийг сайн мэддэг. Анх тухайн байгууллагад Р.Ш инженерээр ажилд ороход Т.Б бол техникчээр ажилд орсон, насаараа хамт ажилласан хүмүүс байгаа. Т.Б нь 55 насандаа өндөр насны тэтгэвэрт гарах ёстой байсан гэж хэлж байна. Р.Ш дарга Т.Бийн цүнхэнд байнга олон төрлийн эм явж байдаг гэж хэлсэн байна. Байгууллага нь туслаагүй биш тусалж байсан. Бид нар анх Улаанбаатар хот руу явахад 2 сая төгрөг өгч байсан. Бид нар Улаанбаатарт байхад бүх материалаа бүрдүүлж өгөөд үйлдвэрлэлийн ослын тэтгэмжийн мөнгийг авахыг хөөцөлдсөн. Тэгэхэд Р.Ш дарга Т.Б нь өндөр насны тэтгэвэрт гар гэхэд өөрөө тэтгэвэрт гараагүй, өөрөө өвчтэй хүн байсан гэх мэдээлэл өгсөн байна. Мөн Т.Б ажиллаж байх хугацаанд өөрийгөө даатгаж байсан байна. Тийм учраас бүх зардлыг гаргаж өгнө гэж бодож байсан боловч Улаанбаатар хотод байх төв нь танайхаас үйлдвэрлэлийн осол гэсэн бичиг ирээгүй тул энэ мөнгийг олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд дараа нь Р.Ш даргатай очиж уулзахад 55 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой байсан, 55 нас хүрснээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох юм аа гэж хэлээд өндөр насны тэтгэвэр тогтоож өгсөн. Т.Б энэ жил 60 нас хүрч байгаа. Өндөр насны тэтгэвэрт гарахад 10 сарын цалинтай тэнцэх тэтгэмж өгч байсан. Т.Б ажлын байранд унасан учраас тэтгэмжийг авах ёстой гэж бодож байсан боловч гаргаж өгөөгүй. Тийм учраас үйлдвэрлэлийн осол мөн гэх акт гаргуулж, 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн мөнгө 7200000 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан, энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч М төрийн өмчит ХХК Баян-Өлгий аймгийн газрын дарга Х.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр станцад 7 хоногоор ээлжид гарахаар ажлын томилолтоор явсан Цахилгаан зай тэжээлийн техникч Т.Б нь 2 дугаар сарын 26-ны өдөр ажлын байранд цус харваж, ухаан алдаж унасан юм. Байгууллагын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан тогтоох комиссын дарга Б.Ш, гишүүд Ш.А, А.И, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Н нар тухайн үед очиж үзлэг, шалгалт хийсэн байна. Тус байгууллагын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан тогтоох комисс дараах тайлбарыг гаргажээ. Үүнд:

1. Ажилтан Т.Б нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос тогтоогдсон 60%-ийн хөдөлмөрийн чадвар алдалттай хүн учраас хууч өвчний нөлөөл байна гэж үзлээ.

2. Мэргэжлийн эмчийн үзлэгээр Т.Б нь амрах өрөөнд өвчний нөлөөллөөр унасан тул үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэж тайлбар гаргасан.

3. Комиссын ажиглалтаар Т.Бийн ажлын байранд үйлдвэрийн осол, хурц хордлогын шинж тэмдэг огт илрээгүй.

4. Т.Бийн ажиллаж байсан ажлын байр нь хэвийн бус нөхцөлтэй ажлын байранд тооцогддог ба ийм ажлын байранд ажиллаж буй ажилтан 12 жил 6 сар   ажиллаж   55   нас   хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох хуультай. Т.Бийн ийм нөхцөлөөр ажилласан хугацаа нь болсон талаар 2012 онд байгууллагын  захиргаанаас түүнд өндөр  насны тэтгэврээ тогтоолгохыг санал болгосон боловч Т.Б өөрөө өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос татгалзсан. Байгууллагын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан тогтоох комисс тогтоосон энэ дүгнэлтийн дагуу үйлдвэрлэлийн осолд бүртгэгдээгүй юм. Иймд Т.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй гэжээ.

М төрийн өмчит ХХК Баян-Өлгий аймгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ш шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн үед би Мэдээлэл холбооны сүлжээний газрын даргаар ажиллаж байсан. Ийм явдал гарлаа гэдгийг Б.Ш надад мэдэгдсэн. Тухайн үед бид нар холбогдох арга хэмжээ авч ажилласан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа үйлдвэрлэлийн ослыг Р.Ш тогтоож өгөхгүй байна гэж хэлж байна. Манай байгууллагад гарсан үйлдвэрлэлийг ослыг ерөнхий инженер тогтоодог. Өрөөр хэлбэл комиссын дарга нь ерөнхий инженер бөгөөд гишүүнд нь 6 хүн байдаг. Тухайн үед эдгээр хүмүүс үзээд үйлдвэрлэлийн осол биш байна гэж тогтоосон. Үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буруу ойлгоод явж байгаа юм шиг байна. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Н хэлэхдээ хэрвээ үйлдвэрлэлийн осол гэж тогтоох юм бол байгууллага албан ёсны тамга дарж, гарын үсэг зурж, Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн улсын байцаагч осол мөн байна гэж тодорхойлох ёстой. Энэ талаар бас буруу ойлголттой явж байгаа юм шиг байна. гэв.

М төрийн өмчит ХХК Баян-Өлгий аймгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр Т.Б унасан байсан үед эхнэр нь 16 цаг өнгөрч байх үед надад орж ирсэн. Манай байгууллага өглөө орой хоёр удаа бүртгэдэг. Тухайн бүртгэлд өвдөж байсан талаар мэдэгдээгүй.  Эхнэр нь дахин дахин ярьж байсан гэдгээс нь харахад өөрөө өвдөж байсан болов уу гэж хардаж байна. Тэрнээс биш зүгээр байгаа хүнд өдөр болгон, цаг минут тутам ярихгүй байх гэж бодож байна. 16 цаг өнгөрч байх үед холбогдох хүмүүсээ томилоод явуулсан. Газар дээр нь унасан байдлыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой тайлбарлаж хэлсэн. Тухайн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цүнхнээсээ даралтын аппарат гаргаж ирээд даралтыг нь үзсэн байна. Энэ талаар тухайн үед хамт очсон манай байгууллагын ажилчдын тэмдэглэлд байгаа. Тэгэхэд Т.Бийн даралт нь 80-140 байсан байна. Мөн тэнд ширээн дээр нь Т.Бийн хэрэглэж байсан 2 ширхэг даралтын эм, мезимфорте зэрэг эм байсан байна. Манай байгууллагын ажилчид надад хэлэхдээ даралтын эм уугаагүй, 4 ширхэг мезимфорте уусан гэж тайлбарласан гэж хэлсэн.

Бид нар үйлдвэрлэлийн осолд яагаад тооцоогүй юм бэ гэвэл тухайн үед Т.Б амралтын өрөөнд гутлаа тайлаад байж байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд хөдөлмөрийн нөхцөл нь үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлд өртсөн бол үйлдвэрлэлийн осолд тооцно гэж заасан байдаг юм байна. Гэтэл Т.Б ийм зүйлд өртөөгүй, өөрөө өвчний улмаас цус харвасан учраас үйлдвэрлэлийн осолд тооцох боломжгүй гэж үзсэн. Комисст улсын байцаагч А, Н, И зэрэг бүрэлдэхүүнтэй хүмүүс очсон.

Т.Б нь тухайн ажлын байранд ажиллах ёсгүй байсан. Урьд нь ажлаас гарсан байх үед нь Р.Ш дарга эргээд ажилд нь авсан байсан.  Жижүүр хийж байгаад байгууллагад нэлээд хүсэлт гаргасны үндсэн дээр, Мэргэжлийн хяналтын газрын дарга Маас, мөн мэргэжлийн эмчээс бичиг авчирсан тул ажилд нь авсан. Тэрнээс биш энэ ажлын байранд ажиллах ёсгүй хүн байсан. Хөдөлмөрийн чадварын 60 хувийн алдалттай гэсэн бичиг байгаа. Тийм учраас хууч өвчнүүд нь нөлөөлсөн байж магадгүй гэж үзэж дүгнэлт гаргасан. Тухай үед Н байцаагчид бас үзүүлсэн гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нь хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит ХХК Баян-Өлгий аймгийн газарт холбогдуулан Т.Б нь ажил үүргээ гүйцэтгэх явцад үйлдвэрлэлийн осолд өртсөнийг үйлдвэрлэлийн осол гэж тогтоож, 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 7200000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нь хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит ХХК Баян-Өлгий аймгийн газарт холбогдуулан Т.Б нь ажил үүргээ гүйцэтгэх явцад үйлдвэрлэлийн осолд өртсөнийг үйлдвэрлэлийн осол гэж тогтоож, Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхөн төлбөр 7200000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит ХХК Баян-Өлгий аймгийн газар нь бүхэлд нь эс зөвшөөрсөн ба “... ажилтан Т.Б нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос тогтоогдсон 60%-ийн хөдөлмөрийн чадвар алдалттай хүн учраас хууч өвчний нөлөөлөл байна, мэргэжлийн эмчийн үзлэгээр Т.Б нь амрах өрөөнд өвчний нөлөөллөөр унасан тул үйлдвэрлэлийн осолд тооцохгүй, комиссын ажиглалтаар Т.Бийн ажлын байранд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шинж тэмдэг огт илрээгүй, 2012 онд байгууллагын захиргаанаас түүнд өндөр насны тэтгэврээ тогтоолгохыг санал болгосон боловч Т.Б нь өөрөө өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос татгалзсан, байгууллагын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан тогтоох комисс тогтоосон дүгнэлтийн дагуу үйлдвэрлэлийн осолд бүртгэгдээгүй” гэж өөрийн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар  Т.Б нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад ажлын байранд ухаан алдаж унасан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

  1. Үйлдвэрлэлийн ослын талаар:

 Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит ХХК Баян-Өлгий аймгийн газрын радио релейн 138 дугаар станцад цахилгаан тэжээлийн ээлжийн техникч ажилтай Т.Б нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад ажлын байранд ухаан алдаж унасан нь үйлдвэрлэлийн осол нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:

- Нэхэмжлэгч Т.Б нь Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит ХХК Баян-Өлгий аймгийн газрын радио релейн 138 дугаар станцад ажлын хуваарийн дагуу цахилгаан тэжээлийн ээлжийн техникч ажилтай буюу 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ээлжид гарч ажил үүргээ гүйцэтгэж байсан талаар зохигчид маргаагүй.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үйлдэв гэх акт болон 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай Мэдээлэл холбооны сүлжээ ТӨ ХХК-ны Баян-Өлгий аймгийн газрын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан тогтоох комиссын дүгнэлтэд “...Т.Б нь толгойн зүүн талын хэсэгт цус харвалттай гэсэн онош тогтоогдсон гэсэн мөртлөө комиссын дүгнэлт хэсэгт тухайн өдөр /2016.02.26/ болон урьд нь өөрөө өвчилсөн тухай байгууллагын шуурхай удирдлагын төвд мэдэгдэж хэлсэн зүйл байхгүй. Т.Б нь өвдөж байсныг нуун дарагдуулж төрөл бүрийн эм хэрэглэсэн нь нөлөөлсөн гэснийг шалгаж тогтоосон буюу өвдсөн шалтгаант нөхцөлийг тогтоосон баримт байхгүй байна, мөн комиссын шийдвэр Ажлын байрны амралтын өрөөнд амарч байх хугацаанд ямар нэгэн нөлөөлөлд өртөөгүй зөвхөн өөрийн биеийн эрүүл мэндээс болж толгойд цус харвасан учир үйлдвэрлэлийн осолд тооцох боломжгүй” гэж шийдвэрлэсэн үндэслэл нь хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит ХХК-ийн Баян-Өлгий аймгийн газрын гаргаж өгсөн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. /хх-ийн 7-8 хуудас/

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж, хуулийн үйлчлэх хүрээг тус хуулийн 4 дүгээр зүйлд хуульчилжээ.

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга А.Мы 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 113 дугаартай Т овогтой Б нь Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ны 138 дугаар станцад албаны үүргээ гүйцэтгэж байсан үед /2016 оны 02-р сарын 26-ны өдөр/ ухаан алдаж тус аймгийн НЭ-ийн түргэн тусламж очиж үзээд, 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр НЭ-ийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн нь үнэн болохыг тодорхойлсон албан бичиг,

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 110 дугаартай Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга А.М, Эмчлэгч эмч М.М нарын Т овогтой Б 58 настай, эрэгтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1-р багийн иргэн. Онош: Зүүн талын тархины цус харвалттай. Баруун талын гар хөлийн, саажилттай өврогын байдалтай тул Улаанбаатар хотод яаралтай очиж хагалгаанд орж эмчлүүлэх шаардлагатай болохыг тодорхойлсон албан бичиг,

Мөн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 111 дугаартай “...Томографт оруулсны дараах онош: Тархины зүүн талын тал бөмбөрцөгт цусархаг цус харвалттай, зулайн хэсэгтээ 5,2х7,5 см хэмжээтэй бүлэгнэсэн цустай, гавлын зүүн талд тархины дарагдал үүссэн” гэсэн оношоор Улаанбаатар хотын 3-р шатлалын эмнэлэгт шилжүүлж, яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай болохыг тодорхойлсон албан бичгээр, эмнэлгийн магадалгаа, өвчтөн хийгдсэн эмчилгээг хийсэн байдлын талаар бичсэн бичилтүүд, клиник лаборатори шинжилгээний хариу, тархины судасны ангиографийн оношилгоо, “Мөнгөн Гүүр” эмнэлгийн дотор мэдрэлийн тасгийн эмчийн үзлэг, “Фрэндшип Наран” оношилгооны төв Дижитал рентген, Зүрхний хэт авианы шинжилгээ, өнгөт допплер, эмнэлгээс гарах үеийн экиприз зэрэг нотлох баримтуудаар  нэхэмжлэгч Т.Б нь “Тархины гүн цус харвалттай" гэсэн оношоор Улаанбаатар хотод явж яаралтай хагалгаа хийлгэхээр болж, Улаанбаатар хотод 3-р эмнэлгийн мэс заслын тасагт хүнд мэс заслын хагалгаа хийлгэж 2 сар хэвтэж эмчлүүлсэн  нь, эдгээгүй, одоо хэвтрийн дэглэмтэй, эмчийн байнгын хяналтад байгаа болох нь дээрх нотлох баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лгийн шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн талаарх хэлсэн тайлбараар тус тус тогтоогдож байна.

Мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол улсын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 05/091/72 дугаартай дүгнэлтэд: “...цахилгаан зай тэжээлийн монтёрын ажлын байр буюу албан өрөө тасалгаанд агаарын температур эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс 8-12 хэмээр, харьцангуй чийглэг 11,4-41,4 хувиар тус тус бага, хэмжилтээр, агаарын урсгалын хурд тодорхойлогдоогүй, агаар сэлгэлт хангалтгүй байна. Ажлын байрны хөдөлмөрлөх орчны нөхцөлд хийсэн хэмжилт шинжилгээнээс үзэхэд, зарим ажлын байрны агаарын температур, харьцангуй чийглэг, агаарын урсгалын хурд, зохиомол гэрэлтүүлэг, шуугианы түвшин зэрэг физикийн хүчин зүйлийн үзүүлэлтүүд эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээний шаардлага хангахгүй байгаа болон ажлын байрны агаарын орчинд угарын хийн агууламж, хүхэрт устөрөгч, азотын давхар ислийн ууршилт зэрэг химийн хүчин зүйлийн үзүүлэлтүүд бага хэмжээгээр илэрч байгаа нь барилга байгууламжийн агааржуулалтын систем нь хүчин чадлын хэмжээнд ажиллахгүй байгаатай шууд холбоотой гэж үзлээ.

... ажлын байрны бичил цаг уурын үзүүлэлтүүдийг “Ажлын орчин. Эрүүл ахуйн шаардлага” MNS 4990:2000 стандартын шаардлагад нийцүүлэн, үйл ажиллагаа явуулах,

-Радио давтамжтай цахилгаан соронзон орны нөлөөлөлд ажилладаг ажилтнуудыг Эрүүл Мэндийн сайдын 2014 оны 340 дугаар тушаалаар баталсан “Эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгийн журам”-ын “ажил мэргэжлээс хамааран эрүүл мэндийн үзлэг хийх жагсаалт”-ын дагуу ажил, мэргэжлийн онцлогтой уялдуулж ажилтны эрүүл мэндийг тандах үүднээс 2 жилд 1 удаа дотоод шүүрлийн булчирхайн эмч, сэтгэцийн эмчийн үзлэгт хамруулж, ретикулоцитууд үзэх, нүдний уг харах, улаан эсийн базофилийн мөхлөгийг үзэх, дотоод шүүрлийн дааврын шинжилгээг нэмэлтээр хийлгэж байх,

- Радио релейны 138-р станцад ажилладаг цахилгаан зай тэжээлийн монтёрын ажлын байр нь аймгийн төвөөс 10-12 км-ын хол зайд, далайн түвшнээс 2600 км өндөрт байрлах бөгөөд 7,7 хонгоор 2 ээлжээр ажиллах зохион байгуулалттай, ээлждээ 1 монтёр ажиллаж байгаа нь хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж болзошгүйгээр  барахгүй эрсдэлийн түвшинг нэмэгдүүлж байгаа тул үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий алслагдсан ажлын байранд 2-оос доошгүй хүн ажиллуулж байхаар орон тоо зохион байгуулалт хийх, эсвэл уг ажлын байрыг алсын удирдлага, зохион байгуулалтаар хангах нь зүйтэй гэсэн байна. /хх-ийн 17 хуудас/ 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т “ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг, 3.1.15-т “ахуйн байр” гэж иргэн, ажилтны хөдөлмөрлөх хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн тусгайлан төхөөрөмжилсөн хувцас солих, түр амрах, хооллох, бие засах, усанд орох, дулаацах зэрэг зориулалтын өрөө тасалгааг ойлгоно” гэж тодорхойлсон байна.  

- 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Нэгдсэн эмнэлгийн дарга Т.С, Мэдрэлийн их эмч М.А нарын дүгнэлтийн хариу хүргүүлсэн “-Радио давтамжтай цахилгаан соронзон орны нөлөөнд ажилладаг ажилтнуудыг Эрүүл мэндийн  сайдын 2014 оны 340 дүгээр тушаалаар баталсан “ЭМ-ийн урьдчилсан болон хугацаат үзлэгийн журам”-ын “Ажил мэргэжлээс хамааран эрүүл мэндийн үзлэг хийх жагсаалт”-ын дагуу ажил мэргэжлийн онцлогтой уялдуулан ажилтны эрүүл мэндийг тандах үүднээс 2 жилд 1 удаа дотоод шүүрлийн булчирхайн эмч, сэтгэцийн эмчийн үзлэгт хамруулж, ретикулоцитууд үзэх, нүдний уг харах, улаан эсийн базофилийн мөхлөгийг үзэх, дотоод шүүрлийн дааврын шинжилгээг хийлгээгүй дотоод хяналт байгаагүй нь ажилтны эрүүл мэндэд нөлөөлсөн байж болзошгүй гэж үзлээ” гэсэн дүгнэлтийн хариу,

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай “Монгол улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2 дугаар хэсгийн 2.1-т”... хөдөлмөрийн эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно” гэж заасан бөгөөд 2.1.1-д “ажлын байранд ажил, үүргээ гүйцэтгэж байх үед”, 2.1.4-т “ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед” гэж заажээ. Аймгийн нэгдсэн эмнэлгийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 68 тоот албан бичгээр хариу ирүүлсэн бөгөөд 2 жилд нэг удаа дотоод шүүрлийн булширхай эмч, сэтгэцийн эмчийн үзлэгт хамруулж, ретикулоцитууд үзэх, нүдний уг харах, улаан эсийн биофизилийн мөхлөгийг үзэх, дотоод шүүрлийн дааврын шинжилгээг хийлгээгүй дотоод хяналт байгаагүй нь ажилтны эрүүл мэндэд нөлөөлсөн байж болзошгүй гэж үзсэн ба дээрхи улсын ахлах байцаагчийн дүгнэлт, эмнэлгийн байгууллагаас ирүүлсэн дүгнэлт, мөн ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байгаад унасан хугацаа нь тодорхойгүй эмнэлгийн тусламжийг хугацаа алдсан, анхны дуудлагаар очсон түргэний эмчийн өвчний түүхэд тэмдэглэсэн өвчний биеийн байдалд хийсэн үзлэгээр духны тус хэсэгт хөхөрсөн, шалбарсан шархтай, баруун талын гуяны гадна хэсэгт хөхөрсөн толботой, баруун талын чихний арын хэсэгт шалбарсан шархтай гэх зэргээс үзэхэд “М” ХХК-ийн ажилтан Т.Б нь ажил үүргээ гүйцэтгэж байгаад унасан байдал нь үйлдвэрлэлийн осол гэж тооцогдохоор байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-89 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандсанаар Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2/227 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “Т.Бийн үйлдвэрлэлийн осолд орсон эсэхийг шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг үүгээр зөвлөж байна” гэж хариу өгч байсан байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-т “үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч Т.Б нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад унасан байдал болон энэхүү үйл явдлыг Монгол улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2 дугаар хэсгийн 2.1-т “.. хөдөлмөрийн эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно” гэж заасан бөгөөд 2.1.1-д “ажлын байранд ажил, үүргээ гүйцэтгэж байх үед”, 2.1.4-т “ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед” гэж зааснаар “үйлдвэрлэлийн осол” гэж үзэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-т “... үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ” гэж заасан байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны шатанд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарласан ба энэ талаар бичгээр болон амаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит ХХК Баян-Өлгий аймгийн газрын нотлох баримтаар гаргаж өгсөн 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн үйл явдлын тэмдэглэл, 2017 оны 02 сарын 28-ны өдрийн Б.Ө МХС газрын Радио релейн 138-р станцын ЦЗТ-ийн ээлжийн техникч Т.Бийн талаар тэмдэглэл, Радио релейн 138 станцын бүдүүвч схем зэрэгт ажилтан Т.Б нь тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад ямар байдалтай байсан үйл баримтын талаарх тэмдэглэлд эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг дурдсан байна гэж үзлээ.

Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит ХХК Баян-Өлгий аймгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/20 дугаартай “Т.Бийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар Т.Бийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Ажил олгогч Т.Бийг ажиллах боломжтой гэж үзэж ажилтныг ажиллуулж байсан ба тухайн үед эмчийн үзлэгт орж биеийн байдал сайн гэж тодорхойлсон нь эрүүл мэндийн үзлэгийн баримтаар, эмчийн тодорхойлолтоор тус тус нотлогдож байсан байна гэж үзлээ.

2. Нөхөн төлбөрийн талаар:  

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 97.1.2-т заасан “нөхөн төлбөр”-ийг 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн, мөн уг хугацаанаас өмнө эдгээр тохиолдолд өртөж, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гараагүй байгаа болон комиссын шийдвэр гарсан боловч нөхөн төлбөр аваагүй байгаа хүмүүст хамааруулан ойлгоно гэжээ.

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дугаартай “Магадалгаа гаргах тухай” албан бичигт: “Шинжээчдийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 тоот шинжээчийн дүгнэлтээс үзэхэд “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨ ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь газрын радио релейн 138 дугаар станцын цахилгаан зай тэжээлийн техникч Т.Б нь ажил үүргээ гүйцэтгэж байгаад унасан байдлыг үйлдвэрлэлийн осолд тооцжээ. Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №А/39,А/12 тоот хамтарсан “Даатгуулагч /иргэн/-ий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтын 4 дүгээр заалтын 4.1.в-д зааснаар ажилтан Т.Бийн хөдөлмөрийн чадвар алдалт хугацаагүйгээр 70-79 хувь болохыг магадлав” гэжээ. 

Ажилтанд хөдөлмөрийн хөлс олгох хэлбэрийг ажил олгогч нөхцөл байдалдаа тохируулан, сонгон хэрэглэх эрхтэй буюу ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан байдаг.

Нэхэмжлэгч Т.Б нь Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит ХХК Баян-Өлгий аймгийн газрын радио релейн 138-р станцад цахилгаан зай тэжээлийн ээлжийн техникчээр ажиллаж байх хугацаандаа сард 400000 төгрөгийн үндсэн цалинтай болох нь ажил олгогчийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 83/20 дугаартай тодорхойлолтоор нотлогдох ба энэ талаар зохигчид маргаагүй болно. /хх-ийн 26 хуудас/

Ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11-д зааснаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтөлж, холбогдох байгууллагад мэдээлж байх, 28.1.15-д зааснаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох үүрэгтэй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Т.Бийн сарын үндсэн цалин нь 400000 төгрөг байсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нийт 720000 /400000 х18 сар/ төгрөгийн нөхөн төлбөрийг тус компаниас гаргуулж өгөхийг хүсье” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа ... 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс удаа нөхөн төлбөр олгоно” гэж зохицуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасан “цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр”, 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан “цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр”-ийг хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан цалин хөлснөөс тооцно гэсний дагуу Т.Бийн сарын үндсэн цалинг 400000 төгрөгөөр тооцож, 18 сарын дундаж цалинтай тэнцэх нөхөн төлбөрт нийт 7200000 төгрөгийг хариуцагч Мэдээлэл Холбооны Сүлжээ төрийн өмчит ХХК Баян-Өлгий аймгийн газраас гаргуулж нэхэмжлэгч Т.Бэд олгох нь зүйтэй байна. 

Хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит ХХК Баян-Өлгий аймгийн газар нь ажилтан Т.Бэд эмчилгээний зардал, мөнгөн тусламж үзүүлж байсан нь хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн 2016 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн А/21 дугаартай, 2016 оны 03 сарын 22-ний өдрийн Б/59 дугаартай тушаалаар нотлогдох ба үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй, мөнгөн тусламж үзүүлж байсан гэж тайлбарласан болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2-т энэ хуулийн 97.1-д заасны дагуу нөхөн төлбөр олгох нь хохирогч нийгмийн даатгалын болон бусад хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж авахад нөлөөлөхгүй гэжээ.

Иймд Тий Б нь Баян-Өлгий аймгийн М төрийн өмчит ХХК Баян-Өлгий аймгийн газрын радио релейн 138 дугаар станцад ажил үүргээ гүйцэтгэх явцад үйлдвэрлэлийн осолд өртсөнийг үйлдвэрлэлийн осол гэж тогтоож, ажил олгогч /хариуцагч/ М төрийн өмчит ХХК Баян-Өлгий аймгийн газраас Т.Бийн 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 7200000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  М төрийн өмчит ХХК Баян-Өлгий аймгийн газрын санхүүгээс 130150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Бэд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.5, 135.2.14, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Тий Б нь Баян-Өлгий аймгийн М төрийн өмчит ХХК Баян-Өлгий аймгийн газрын радио релейн 138 дугаар станцад ажил үүргээ гүйцэтгэх явцад үйлдвэрлэлийн осолд өртсөнийг үйлдвэрлэлийн осол гэж тогтоож, ажил олгогч /хариуцагч/ М төрийн өмчит ХХК Баян-Өлгий аймгийн газраас Т.Бийн 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 7200000 /долоон сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Бэд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  М төрийн өмчит ХХК Баян-Өлгий аймгийн газрын санхүүгээс 130150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Бэд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН