| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/00744/И |
| Дугаар | 130/ШШ2018/00055 |
| Огноо | 2018-01-24 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 130/ШШ2018/00055
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.М даргалж, шүүгч Б.М, А.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ***дугаар багт оршин суух, Ш.б овогт М.Ж-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ****дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид А.С, С.Н, хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төлөөлөгч Д.А, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, иргэдийн төлөөлөгч З.П, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газар болон Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс учирсан хохиролд 4431567 төгрөг, мөн аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газраас 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажилласан хугацааны цалин 443433 төгрөг нийт 4875000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч М.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие М.Ж нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт нөхөр болон 4 хүүхдийн хамт оршин суудаг. 2008 оны 10 дугаар сараас 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн А ХХК, Ф ХХК-д тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн нэр дэвшүүлэх тухай 30 дугаар тогтоолын дагуу Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын “Газар, газрын хэвлий, түүний ашиглалт, нөхөн сэргээлт, үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалтын асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоонд томилогдон ажиллахаар болсон юм. Улмаар Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар мэргэжилтнээр ажилд томилогдож 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажиллаж байгаад 34 дүгээр тушаалаар ажлаас халагдсан юм. Үүний дараа Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бүхэлд нь гаргуулан шийдвэрлэж өгсөн боловч давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээс миний томилогдон ажиллаж байсан орон тоог “сул орон тоо биш” гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хамгийн сүүлд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдлоо гаргаж түүний ажлын албаны даргаас 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр эцсийн шийдвэр авсны дараа өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл нь төрийн албан хаагчийн нөөцийн жагсаалтад байгаа миний нэрийг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт дэвшүүлж томилохдоо алдаа гаргаж сул орон тоонд томилоогүйгээс болж би маш ихээр хохирсон юм. Нөгөө талаар Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь сул орон тооны захиалгыг буруу хүргүүлсэнтэй шууд холбоотойгоор хохирч үлдсэн. Эцсийн эцэст төрийн байгууллагуудын бурууртай үйл ажиллагаанаас болж хувийн хэвшилд хэвийн ажиллаж байсан миний эрх, ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдсөнөөс гадна эдийн засгийн хувьд багагүй хохирол амссан. Хэрвээ Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь сул орон тооны захиалгыг буруу өгөөгүй байсан бол, Төрийн албаны салбар зөвлөл нь нэр дэвшүүлэх тогтоолыг гаргахдаа хууль зөрчиж хүний орон тоонд намайг томилоогүй бол би урьд ажиллаж байсан Ф ХХК-д хэвийн ажиллаж цалин хөлсөө аваад явах байсан. Нэгэнт Төрийн албаны салбар зөвлөлөөс ТЗ-5 шатлалтай ажилд нэр дэвшүүлж, томилох эрх бүхий этгээдээс тус албанд томилсон шийдвэр гаргасан тул Ф ХХК-иас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж уг ажилд орсон билээ. Төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас болж ажил ч үгүй, цалин ч үгүй хохирч байна. Иймд Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2016 оны 7 дугаар сарын цалин 443433 төгрөг, мөн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 4431567 төгрөг, нийт 4875000 төгрөг гаргуулан өгч, намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух, Шеруши бахат овогт М.Жийн ажлаас халагдсан, цалин хөлс нэхэмжилсэн тухай гомдол нь давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээс түүний ажилласан орон тоо нь сул орон тоо биш гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн маргаан бүхий ажлын байрны сонгон шалгаруулалтыг явуулахаас өмнө аймгийн Засаг даргын Тамгын газраас манай байгууллагад шалгалт ирсэн. Уг шалгалтаар манай ажлын байрны захиалга хүргүүлсэн байна. М.Жийг ажилд томилуулах тухай Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаар тогтоол болон Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 25 тоот тушаалууд тус байгууллагуудад тухайн үед ажиллаж байсан удирдлагуудын буруутай үйл ажиллагаанаас болсныг дээд шатны шүүхээс тогтоосон. М.Ж тухайн орон тоонд 2016 оны 07 дугаар сарын эхээр томилогдож, 2016 оны 07 дугаар сарын сүүлээр чөлөөлөгдсөн байна. Түүний нэхэмжилж байгаа 1 сарын цалинг олгох боломжгүй байна. Учир нь М.Жийн нэг сар ажилласан тушаал байгаа боловч байгууллагын цагийн бүртгэлээр 2 хоног л бүртгүүлсэн байна. Би энэ тухай ажилчдаас асуухад нягтлан бодогч болон бусад ажилчид М.Жийг 2 хоног л харж байсан гэж хэлж байгаа. М.Ж томилогдож ирсэн үед би нэг өдөр ажиллаад дараагийн өдөр нь ээлжийн амралт авсан байсан. Тийм учраас М.Ж нэг сар ажилласан эсэхийг сайн мэдэхгүй байна. М.Ж нь үр дүнгийн гэрээгээр хүлээх ёстой үүргээ биелүүлээгүй, ажил хөдөлмөр хийгээгүй тул цалин олгох боломжгүй гэж үзэж байна. Хэрвээ эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэж байгаа бол үүнийг тухайн үед мэдэгдэх ёстой байсан. Өөрийнхөө эрх ашгаа хамгаалуулахаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан болохоос биш манай байгууллагын эрх ашгийг хамгаалж хандаагүй. Энэ бол тухайн үеийн удирдлагуудын буруутай ажиллагаа гэж бодож байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн дарга А.С шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух, Шеруши бахат овогт М.Жийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайн үед Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт жирэмсний амралт авсан хүний орон тоонд сонгон шалгаруулалт явуулж байсан нь Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын буруутай ажиллагаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч М.Ж нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхэд хандаад анхан шатны шүүхээс түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч болох Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхэд гомдол гаргаснаар Улсын Дээд шүүхээс жирэмсний амралт авсан хүний эрх ашгийг хуулиар хамгаалсан байх тул уг орон тоонд сонгон шалгаруулалт явуулсан нь буруу болсон гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Д.Аийн гаргаж өгсөн нотлох баримтаар нэхэмжлэгч М.Ж нь 2 хоног ажилласан болох нь нотлогдож байна. Уг цагийн бүртгэл нь санхүүгийн тэмдэг дарагдсан 2017 оны 07 дугаар сарын цагийн бүртгэл байна. Тийм учраас нэхэмжлэгч М.Жд ямар нэгэн байдлаар хохирол учирсан гэж үзэхгүй байна. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл нь Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах захиалга ирсний үндсэн дээр сонгон шалгаруулалт явуулсан учир үүнийг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл хариуцах ёсгүй гэж үзэж байна. Иймд М.Жийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Ж нь хариуцагч аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар болон Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс учирсан хохиролд 4431567 төгрөг, мөн аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газраас 2016 оны 07 дугаар сарын 04-нээс 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажилласан хугацааны цалин 443433 төгрөг нийт 4875000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага нь эс зөвшөөрч маргажээ.
Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1). Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газраас 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажилласан хугацааны цалин болох 443433 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
- Нэхэмжлэгч М.Ж нь төрийн албаны шалгалт өгч тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 209 тоот тогтоолоор дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтад бүртгэлтэй байсан байх ба 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн даргын 30 дугаартай тогтоолоор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын “Газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан мэргэжилтний” албан тушаалд түүний нэрийг дэвшүүлсэн байна.
Уг тогтоолыг үндэслэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай тушаалаар тус газрын “Газар, газрын хэвлийн түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан” түшмэл Ш.Аг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс уг албан тушаалд нэхэмжлэгч М.Жийг томилж, улмаар мөн даргын 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 34 дугаартай тушаалаар дээрх тушаалыг хүчингүй болгож мэргэжилтэн М.Жийг ажлаас нь чөлөөлж Ш.Аг урьд нь эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон байжээ.
Нэхэмжлэгч М.Ж нь хариуцагч аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 34 дугаартай тушаалыг эс зөвшөөрч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “... аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 34 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, уг албан тушаалд ажлын 20 хоног ажилласан болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1145841 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 14 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 34 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, уг албан тушаалд ажлын 20 хоног ажилласан болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1145841 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч болон хариуцагч нар нь давж заалдах журмаар гомдол гаргаснаар 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 296 дугаартай магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Жийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаснаар 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 300 дугаартай тогтоолоор 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 296 дугаартай магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хавтаст хэрэгт нэхэмжлэгч М.Ж нь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын “Газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан” мэргэжилтнээр 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ажилласан болох нь ажил олгогчийн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалаар нотлогдож байгаа хэдий боловч нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажлын “...20 хоногийн ажилласан болон ажилгүй байсан хугацааны хөлст 1145841 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг ханган шийдвэрлэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 296 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 300 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ажилласан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт учраас энэхүү нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж үзэх үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэгчийн аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газраас 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажилласан хугацааны цалин 443433 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
2). Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газар болон Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн хууль бус үйл ажиллагаанаас болж учирсан хохирол буюу авах ёстой байсан 15 сарын ажилгүй байсан хугацааны цалин 4431567 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
- Нэхэмжлэгч М.Ж нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газар нь тухайн маргаан бүхий орон тоо нь сул орон тоо эсэхийг шалгаж Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд захиалга өгөх ёстой байсныг зөрчиж сул орон тооны захиалга өгснөөр төрийн албаны нөөцөд байсан намайг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбараас тухайн маргаан бүхий орон тоонд нэр дэвшүүлж тухайн албан тушаалд намайг томилоогүй байсан бол би хувийн хэвшилд сар бүр 300000 төгрөгийн цалингаа авч явах байсан ба уг маргаан бүхий орон тоонд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр томилсноос шүүхийн эцсийн шийдвэр гарсан 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны 15 сарын цалингаа эрх бүхий албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гэж тайлбарлажээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийг татгалзаж, төрийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэх явцад бусдад гэм хор учруулаагүй гэсэн үндэслэлээр маргасан байна.
Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгахыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан байжээ.
Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл нь аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газраас ирүүлсэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөөс, эсхүл сонгон шалгаруулах замаар нөхөх тухай сул орон тооны захиалгын талаарх 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 160, 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 68 дугаар албан бичгүүдийг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл нь 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн нөөцөд бүртгэлтэй нэхэмжлэгч М.Жийн нэрийг дэвшүүлэх тухай тогтоол гаргаж Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.15-д “Төрийн албаны төв байгууллага нь төрийн албаны бэлтгэл нөөцийн нэгдсэн санг эрхэлж, төрийн жинхэнэ албаны сул орон тоог төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын захиалгын үндсэн дээр нөхөх үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулна” гэж заасан үүргээ биелүүлсэн байх ба тухайн маргаан бүхий орон тоо сул орон тоо байсан эсэхийг шалгах үүргийг хуулиараа Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд олгоогүй байна.
Харин Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, мөн Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын Тавын 5.2-т зааснаар 1). холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн албан тушаалд ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлсөн, халсан, 2). эрх бүхий этгээдийн шийдвэрээр тухайн сул орон тоо шинээр гарсан, 3). тухайн албан тушаалд ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч нас барсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаан нөхцөл байдал үүссэн үед хариуцагч аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь нөөцийн сангаас тухайн сул орон тоог нөхөх тухай захиалгаа холбогдох Зөвлөлд ирүүлэх ёстой байсныг хариуцагч аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь зөрчсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь, хариуцагч аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд тус газрын маргаан бүхий орон тоо болох “Газар, газрын хэвлий түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан” мэргэжилтэн байсан Ш.А нь 3 хүртэл насны хүүхэдтэй байхад түүнийг Төрийн албаны шалгалтад ороогүй Төрийн албаны холбогдох хууль, журмыг зөрчсөн гэж түүний орон тоог сул орон тоо гэж үзэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөөс, эсхүл сонгон шалгаруулах замаар нөхөх тухай сул орон тооны захиалгыг аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 160, 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 68 дугаар албан бичгүүдээр хүргүүлснээр 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл нь 30 дугаартай тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 209 тоот тогтоолоор дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн нөөцийн жагсаалтанд бүртгэлтэй нэхэмжлэгч М.Жийн нэрийг дэвшүүлсэн байна.
Хариуцагч аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нь уг тогтоолыг үндэслэж тухайн “Газар, газрын хэвлий түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан” мэргэжилтэн байсан Ш.Аг 2016 оны 07 дугаар сарын 04-нээс эхэлж чөлөөлж, оронд М.Жийг томилсны улмаас тэрээр 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Файн Ноос ХХК-ны гүйцэтгэх захирлын 105 дугаартай тушаалаар ХАБЭА-н инженер ба байгаль орчин, дотоод хяналт шалгалтын ажлаас нь чөлөөлөгдсөн байна.
Ажил олгогч буюу хариуцагч аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын Тавын 5.2-т заасан гурван нөхцөл байдал үүссэн үед нөөцийн сангаас тухайн сул орон тоог нөхөх тухай захиалгаа холбогдох Зөвлөлд ирүүлэх ёстой байхад нэхэмжлэгчийг томилсон тус газрын “Газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт үржүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал хариуцсан мэргэжилтний” орон тоо нь сул орон тоо эсэх болон уг орон тоонд ажиллаж байгаа захиргааны ажилтны эрх зүйн байдлыг судлахгүйгээр сул орон тооны захиалга өгсөн гэм буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрийн аятай нөхцөл болон цалин хөлсөөр хангуулах эрхийг нь зөрчсөн байна.
Нэхэмжлэгч М.Ж нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох эрхтэй ба энэхүү эрхээ хэрэгжүүлэх явцад тухайн маргаан бүхий орон тоог сул орон тоо гэж зарлаж, захиалга өгсөн нь ажил олгогчийн буруутай үйлдэл болох нь шүүхийн шийдвэр болон зохигч нарын тайлбараар тогтоогдож байгаад бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч сүүлд орсон ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн үйлдэлд иргэн хүний хувьд буруугүй тул хариуцагч аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын буруутай үйл ажиллагааны улмаас олох байсан орлогоор хохирсон байна гэж шүүх үзлээ.
- Нэхэмжлэгч М.Ж нь 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Аватекскайнар” ХХК-ны захирлын 27 дугаартай тушаалаар Байгаль, орчин, дотоод хяналт шалгалтын ажилтнаар томилон ХАБЭА-н инженерийн ажлыг хавсруулан ажиллуулахаар томилогдож улмаар тухайн маргаан бүхий орон тоонд томилогдох хүртэл тэнд ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар, мөн тэрээр сард 300000 төгрөгийн цалинтай болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байгаа ба нэхэмжлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх буюу шүүхийн эцсийн шийдвэр гарсан өдөр хүртэлх ажилгүй байсан 13 сар 11 хоногийн цалингаар хохирсон хохиролд 4053488 ( 300000х13 сар+300000/21.5х11 хоног ) төгрөгийг хариуцагч аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 378079 төгрөгийн шаардлагыг, мөн хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан гаргасан хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээ болох 4053488 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 79803 төгрөгийг хариуцагч аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 4053488 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Жд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 378079 төгрөг болон хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.11 дэхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажилласан хугацааны цалин 443433 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Жийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 79806 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Жд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.М
ШҮҮГЧИД Б.М
А.Ж