Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2018/00059

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багт оршин суух, Ш.т овогт Ж.Кий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар /дарга С.А/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмжийн мөнгөөс дутуу олгосон 12 сарын тэтгэмжийн мөнгө болох 5000000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Ж.К шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа:  Нэхэмжлэгч Ж.К нь Цагааннуур тосгоны Эрүүл мэндийн төвд тогоочоор ажилладаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь өндөр насны тэтгэвэрт гарахад улсаас нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох ёстой байснаас 12 сарын тэтгэмжийн мөнгө буюу 5000000 төгрөгийг дутуу олгосон гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ж.К нь Гадаад худалдааны яамны харьяа  Цагааннуур дамжлага баазын нэхмэлийн тасагт 1981 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нэхмэлчнээр, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өндөр насны тэтгэвэрт гарах өдөр хүртэл Цагааннуур тосгоны Эрүүл мэндийн төвд тогоочоор ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл улсад нийт 36 жил ажилласан. Улмаар 2016 онд өндөр насны тэтгэвэрт гарахаар болж аймгийн Эрүүл мэндийн газарт 36 сарын тэтгэмжээ авахаар захиалга өгсөн. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ж.Кий дансанд 24 сараар тооцож 11936500 төгрөгийн тэтгэмжийн мөнгө орж ирсэн. Тэгээд Ж.К нь улсад 36 жил ажилласан учраас 12 сарын тэтгэмжийг дутуу олгосон гээд Эрүүл мэндийн газрын дарга болон нягтлан бодогч нарт очиж лавлахад Эрүүл мэндийн яамнаас хасаж олгож байна, зөвхөн эрүүл мэндийн системд ажилласан жилийг тооцож олгосон гэсэн хариу өгсөн байгаа. Ж.К нь Гадаад худалдааны яамны харьяа Цагааннуурын дамжлага баазад буюу төрийн байгууллагад нэхмэлчнээр ажилласан гэж үзэж байгаа.

Төрийн жинхэнэ албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 21-т “... Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн хэмжээг энэ журмын 3, 4 дэх заалтад заасны дагуу тогтоох бөгөөд тэдгээрийн ажилласан хугацаанд Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон энэ журмын 5.4-5.8-д заасан хугацааг оруулан тооцно”, 3-т “Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно…”, Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Төрийн өмчийн болон эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгоно...” гэж заасан. Ж.К Гадаад худалдааны яамны харьяа Цагааннуурын дамжлага баазын нэхмэлийн тасагт 1981 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Ж.Кий энэ ажилласан байдал нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 594 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Тийм учраас Ж.К улсад нийт тасралтгүй 36 жил 4 сар 10 хоног ажилласан. 36 жил ажилласан байхад 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгө 11936500 төгрөг олгосон. Иймд 12 сарын тэтгэмжийн мөнгийг дутуу олгосон гэж маргаж энэ мөнгийг аймгийн Эрүүл мэндийн газрын санхүүгээс гаргуулж олгож өгөхийг хүсэж байгаа гэв.

Хариуцагч аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Кий 12 жилийн буцалтгүй тэтгэмж болох 5000000 /таван сая/ төгрөгийг дутуу өгсөн гэдэг нь ямар ч үндэслэлгүй. Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн асуудлыг Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зохицуулсан байдаг. Энэ хэсэгт зааснаар Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд үүнд төрийн албанд буюу улсад ажилласан нь хамаарахгүй. Нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтооно гэж зааж өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан.   Дээрх заалтын дагуу Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг баталсан.

Энэ журмын 21-д Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т тус тус заасан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн хэмжээг энэ журмын 3, 4 дэх заалтад заасны дагуу тогтоох бөгөөд тэдгээрийн ажилласан хугацаанд Боловсролын тухай хуулийн 3.1.15, 43.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон энэ журмын 5.4-5.8-д заасан хугацааг оруулан тооцно гэж заасан. Уг журмын 5.4-д зааснаар төрийн албанд ажиллаж байхдаа гурван сар хүртэл хугацаагаар мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэх, дахин мэргэших, шинээр мэргэжил эзэмшихээр суралцсан хугацаа; 5.5-д зааснаар төрийн албанд ажиллах хугацаандаа жирэмсний болон амаржсаны амралттай, хууль тогтоомжийн дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацаа; 5.6-д зааснаар төрийн байгууллагын дотоод журмын дагуу чөлөөтэй байсан хугацаа; 5.7-д зааснаар төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээр эгүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацаа; 5.8-д зааснаар баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан, шүүхээс цагаатгах тогтоол гарсан, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйн улмаас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй  болгосон, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн хууль бус тогтоолыг хүчингүй болгосон бол төрийн жинхэнэ албан хаагчийг ял  шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан хугацааг оруулан тооцох ёстой.

Ж.К нь Цагааннуур тосгоны хүн эмнэлгийн эрхлэгчийн 1993 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар тушаалаар мөн өдрөөс тус хүн эмнэлэгт тогоочоор орж Цагааннуур тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 6/09 тоот тушаалаар мөн өдрөөс Эрүүл мэндийн төвийн тогоочийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, нийтдээ 25 жил ажилласан гэж үзсэн.  Гэхдээ яг нарийн тооцож үзэх юм бол 24 жил 4 сар ажилласан байгаа. Дээрх хугацаан дээр Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 5.4-5.8-д заасан үндэслэлээр нэмэгдэх хугацаа байхгүй.

Ж.Кий 1981 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Цагааннуур дамжлага баазын нэхмэлийн тасагт нэхмэлчнээр ажилласан хугацаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтнаар ажилласан хугацаанд тооцогдохгүй учир дээрх хугацаанд тэтгэмж олгох хууль зүйн үндэслэл байхгүй.

Тус газар нь тэтгэвэрт гарах хүмүүсийн материалыг 1 жилийн өмнө авч нэгтгэн Эрүүл мэндийн яаманд хүргүүлдэг. Эрүүл мэндийн яам нь хүргүүлсэн материалыг хянаж дараа жилийн төсөвт суулган тэтгэмжийг олгуулдаг. Ж.Кий материал ч энэ жишгийн дагуу 2016 онд Эрүүл мэндийн  яаманд хүргэгдэж тэнд хянагдан 2017 оны төсөвт 25 сараар тэтгэмж нь сууж тэрний дагуу тэтгэмжийг олгосон. Иймээс нэхэмжлэгч Ж.Кий эрх ашгийг ямар нэгэн байдлаар хохироосон асуудал байхгүй. Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Ж.К нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмжийн мөнгөөс дутуу олгосон 12 сарын тэтгэмжийн мөнгө болох 5000000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага нь эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч Ж.К нь 1993 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хүн эмнэлгийн даргын 17 дугаартай тушаалаар Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны Эрүүл мэндийн төвд тогоочоор томилогдож, улмаар 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтрийн ажилд томилсон тухай бичилт болон ажлаас чөлөөлсөн аймгийн Цагааннуур тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн Б/09 дугаартай тушаалуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Гадаад Худалдааны харьяа Цагааннуур дамжлага баазын нэхмэлийн тасагт 1981 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нэхмэлчнээр, 1993 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл аймгийн Цагааннуур тосгоны Эрүүл мэндийн төвд тогоочоор бүгд 36 жил ажилласан байхад төрөөс өндөр насны тэтгэвэрт гарахад 24 сарын тэтгэмжийн мөнгийг олгож, миний 12 сарын тэтгэмжийн мөнгийг дутуу олгосон тул 12 сарын тэтгэмжийн мөнгө болох 5000000 төгрөгийг хариуцагч байгууллагаас нэхэмжилсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ.

Гэвч нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэрт гарах үед хариуцагч байгууллага буюу Цагааннуур тосгоны Эрүүл мэндийн төвд тогоочоор 24 жил ажилласан ба энэ нь Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан “эрүүл мэндийн ажилтан” буюу “эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа бусад ажилтан” гэх ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3-д  “.... өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтоохоор, мөн шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгахаар” заасан байна.

-Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан  болон Төрийн албаны тухай хуулийн 24.1.1-т тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, 24.1.2-т төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг үндэслэн тооцож, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг Засгийн газар батлах талаар Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгээр зохицуулахаар заасан байгаа бөгөөд Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 21  дэх хэсэгт Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн хэмжээг энэ журмын 3, 4 дэх заалтад заасны дагуу тогтоох мөн тэдгээрийн ажилласан хугацаанд Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласан хугацаа болон энэ журмын 5.4-5.8-д заасан хугацааг оруулан тооцохоор зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн Гадаад Худалдааны харьяа Цагааннуур дамжлага баазын нэхмэлийн тасагт 1981 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний хүртэл нэхмэлчнээр  ажилласан 12 жилийн хугацаа нь дээрхи хууль болон журамд заасан хугацаанд тооцоход хамааралгүй  болно.

Харин тухайн Цагааннуур тосгоны эрүүл мэндийн төвийн “тогооч”-оор ажилласныг эрүүл мэндийн бусад салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд эдлэх нийгмийн баталгаа буюу төрөөс олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгохдоо Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан дээрх журмын 3-т заасан “Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэсэн ба олгохдоо Төрийн үйлчилгээний албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан хаагчийн сүүлийн гурван жилийн нэг сарын үндсэн цалингийн дунджаар тооцож тогтооно гэж журамласан байх тул хариуцагч аймгийн Эрүүл мэндийн газраас нэхэмжлэгч Ж.Кий үндсэн цалингийн дунджийг 455860 төгрөгөөр тооцож түүнд олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг 11396500  (25 сар х 455740) төгрөг  гэж дутуу тооцсоныг доорх байдлаар зөвтгөж тооцлоо: Үүнд:

-2014 онд 08 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бүгд 2656925 ( 458761 + 810608 + 272982 + 523214 + 591360 ) төгрөг,

-2015 онд 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хүртэл бүгд 6442422 (513214 + 533214 + 565161 + 523214 + 523214 + 523214 + 936696 + 126645 + 523214 + 523214 + 523214 + 608208 ) төгрөг,

-2016 онд 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хүртэл бүгд 3870534 (523214 х 5 + 594759 + 659705) төгрөг байх бөгөөд нийт 3 жилд 19471330 (2656925 + 6442422 + 6521449 + 3870534) төгрөг ба уг гурван жилийн үндсэн цалингаас нэг сарын дундаж цалинг тооцоход  540870 (19471330/ 36 сар) төгрөг байна.

Дээрх үндэслэлээр тооцож гаргасан нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин 540870 төгрөгийг тухайн Цагааннуур тосгоны Эрүүл мэндийн төвд  ажилласан нийт хугацаа 24 жилтэй  үржүүлж, бүгд 12980880 төгрөгийг түүнд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн тухайн байгууллагад ажилласан хугацаа нь  24 жил байхад  25 жилээр тооцож түүнд 11396500 төгрөгийг  олгосон байх бөгөөд уг тэтгэмжийн зөрүү 1584380 (12980880-11396500) төгрөгийг аймгийн Эрүүл мэндийн газраас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3415620 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94950 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 1584380 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох  40300 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүл мэндийн тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн тэтгэмжийн мөнгөнөөс дутуу олгосон мөнгө болох 1584380 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Кд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 3415620 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.К нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохын дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94950 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас 40300 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, түүний төлөөлөгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.Ж