Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2017/00122/и |
Дугаар | 23 |
Огноо | 2018-01-17 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 23
2018 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 153/ШШ2018/00023 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын *******гаар баг, *******гийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд холбогдох, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний Албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгож, нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хяналтын шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.******* нь Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газрын даргын 2005 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 21 тоот тушаалаар нийтлэг үйлчилгээний албаны жолоочоор томилогдсон. Ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 тоот тушаалаар Аймгийн засаг даргын тамгын газрын 2016 оны А/50 тоот тушаалаар Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн орон тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 тоот тушаалд намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн орон тоог цөөрүүлсэн гэх зүйл байхгүй бөгөөд миний ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар миний ажлын байр нь байнгын ажлын байр төдийгүй, байнгын ажлын байрыг цөөрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.2 дах хэсэгт ... орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын бүтцийн адил ажил албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой орон тоо хассаныг... ойлгохоор байна. Ажлын байр цөөрүүлсэн үндэслэлээр надад ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн боловч хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар мэдэгдээгүй. Тушаалд Хөдөлмөрийн хуулийн зохицуулалт байхаас хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний агуулгыг бичээгүй хууль зөрчсөн тушаал гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Иймд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний Албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгож, нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдлыг хүлээж аваад шүүхэд тайлбар, нотлох баримтаа гаргаж өгсөн. Гомдлын шаардлагыг зөвшөөрөх боломжгүй. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын нийтлэг үйлчилгээний алба бол Засаг даргын ажлын албаны цэвэрлэгээ, үйлчилгээ, халаалт гээд аж ахуйн үйл ажиллагааг зохицуулдаг улсын төсвөөс санхүүждаг төсөвт байгууллага юм. Нийтлэг үйлчилгээний албаны бүтцийг Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 01 сарын 03-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар тогтоосон байдаг ба нийт 32 орон тоотой тогтоосон. Үүнээс жолооч 8, үйлчлэгч 8 байхаар тогтоосон. Гэтэл нийтлэг үйлчилгээний тогтоосон бүтэц орон тоог хэтрүүлээд 9 жолооч, 10 үйлчлэгчийг ажиллуулж байсны улмаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр болон хувь хүний орлогын албан татварын өр үүссэн байгууллагыг хүлээн авсан. Нийтлэг үйлчилгээний алба цалингийн сангаас гадна орон тоо хэтрүүлсэн учраас өртэй гарсан. 2016 оны 10 сарын 1-ний өдрийн байдлаар гэхэд нийгмийн даатгалын шимтгэлийн 14 сая төгрөгийн өртэй гарсан. Хэрвээ бүтэц орон тоондоо багтаасан бол өр үүсэхээргүй байсан. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд төсвийн зохистой удирдлагын зарчмыг хуульчилсан байдаг. Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулна, өр төлбөр үүсгэхгүй байна гэсэн зарчимтай. Гэтэл бодит байдалд нийгмийн даатгалын санд гэхэд 14 сая төгрөгийн өр үүссэн байсан. Тийм учраас Нийтлэг үйлчилгээний албаны цалингийн санд багтаах, орон тооны цомхотгол хийх, өр төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх шаардлага үүссэн учраас Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц орон тоог шинэчилсэн. Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 09 сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтаар 32 орон тоог 28 орон тоо болгон өөрчилж, жолоочийн орон тоог 6, үйлчлэгчийн орон тоог 8 болгон цөөрүүлсэн. Ингэж байж нийгмийн даатгалын байгууллагад төлөх өр төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх, бүтэц орон тоондоо багтааж Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах бололцоотой болсон. Тогтоосон бүтэц орон тоо, цалингийн санд багтаан хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх шаардлагатай учаас орон тоо нь хасагдсан 4 ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн. 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 69 дүгээр албан бичгээр орон тоо цөөрсөн учраас М.******* тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах мэдэгдлийг 12 сарын 09-ний өдөр гардуулаад, 2017 оны 01 сарын 17-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар орон тоо цөөрсөн үндэслэлээр чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Орон тоо цөөрсөн үндэслэлээр ажлаас халагдсан тохиолдолд ажилтанд нэг сар буюу түүнээс дээш хугацааны цалин хөлстэй олгох тэтгэмж олгоно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан байгаа. 2017 оны 01 сард нэхэмжлэгч М.*******д 452,150 төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын нийтлэг үйлчилгээний албаны даргын тушаалд заалт болгож оруулаад нэхэмжлэгчид олгосон. Энэ бүх ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу явагдсан. Орон тоо цөөрсөн гэдэг нь Улсын дээд шүүхийн тогтоолоор тодорхой байдаг. Монгол улсын Дээд шүүхийн тогтоолд орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно гэж заасан байдаг. Орон тоо цөөрүүлсэн гэдэг үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн үйл ажиллагаа юм. Холбогдох нотлох баримтуудыг өгсөн. Шүүх хуралдаанд шинээр хоёр хуудас нотлох баримт гаргаж өгсөн. Орон тоо цөөрсөн үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг удаагийн тэтгэмж олгосон тухай цалингийн цэс байгаа. Зөвхөн нийгмийн даатгалын байгууллагад гэхэд 14,531,131 төгрөгийн өртэй байгууллага хүлээж авсан. Тийм учраас орон тоо цөөрүүлэх, орон тоогоо шинэчилж ажиллуулахгүй бол болохгүй байсан. Уг нь өмнөх Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын нийтлэг үйлчилгээний албаны дарга маань бүтэц орон тоо, цалингийн сандаа багтаагаад ажилтнуудаа томилоод явсан бол ийм хэмжээний өр үүсэх боломжгүй. Энэ өрийг цаашид нэмэгдүүлэхгүй байх нь хамгийн чухал учраас бүтэц орон тооны цомхотгол хийсэн. Энэ үйл ажиллагаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу явагдсан. Тийм учраас нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний Албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгож, нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч М.******* нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний Албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 тоот тушаалыг хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гаргасан байна.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын 2005 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дүгээр “Ажилд авах тухай тушаалаар /хх-ийн 4 дүгээр хуудас/ анх ажилд томилогдож, тус байгууллагад ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч М.*******гийн 0443714 дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, болон зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Ажил олгогч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний алба нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасан заалтуудыг баримтлан жолоочийн ажлаас нэхэмжлэгч М.*******г чөлөөлжээ.
Орон тоо цөөрүүлэх нь тодорхой ажлын байр ажил албан тушаал нь үгүй болдоггүй тодорхой нэг буюу хэд хэдэн албан тушаалыг багасгаж цөөрүүлдэг.
Ажил олгогчийн ямар үндэслэлээр жолоочийн орон тоог цөөрүүлэх болсон нь тодорхой бус Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалыг үндэслэж ажилтныг “орон тоо цөөрүүлсэн“ үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа ажил олгогчийн тайлбар хуульд үндэслэгдээгүй байна.
Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралт нь өөр агуулгатай, ажлын байр цөөрсөн үйл баримт нь тодорхой бус, ажлын байр цөөрснийг баталсан захиргааны акт болох Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн А/50 дугаар тушаал нь эргэлзээтэй байна.
Мөн нэхэмжлэгч М.*******гийн хөдөлмөрийн багаж хэрэгсэл болох “приус 11-25 ХОҮ машиныг шинээр орсон жолооч барьж байгаа, мөн миний барьж байсан 11-00 ХОҮ пургон машиныг өөр жолооч барьж байгаа болно” гэсэн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарыг хариуцагч тал няцаасангүй.
Иймд Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан “.... шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлын зарчимтай нийцээгүй бөгөөд түүний хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг зөрчсөн гэж үзнэ” гэсний дагуу ажил олгогч нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчиж хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байна гэж шүүх дүгнэв.
Иймд ажил олгогчийн ажилтан М.*******г ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зөрчсөн, үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байна.
Нэхэмжлэгч М.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 11-нээс 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл нийт 12 сар 6 хоног ажилгүй байжээ. Ажилтанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн /хх-ийн 2 хуудас/ бичилтийг үндэслэн тооцвол нэхэмжлэгч М.Лхагвсүрэнд олгох олговрын нийт хэмжээ 8639000 /найман сая зургаан зуун гучин есөн мянга/ төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговор 8639000 /найман сая зургаан зуун гучин есөн мянга/ төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 8639000 /найман сая зургаан зуун гучин есөн мянга/ төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 153174 /нэг зуун тавин гурван мянга нэг зуун далан *******/ төгрөг нийт 223374 /хоёр зуун хорин гурван мянга гурван зуун далан *******/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116. 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* овогт *******ын *******г Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.*******д ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 8639000 /найман сая зургаан зуун гучин есөн мянга/ төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанаас гаргуулан олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговор 8639000 /найман сая зургаан зуун гучин есөн мянга/ төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 8639000 /найман сая зургаан зуун гучин есөн мянга/ төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 153174 /нэг зуун тавин гурван мянга нэг зуун далан *******/ төгрөг нийт 223374 /хоёр зуун хорин гурван мянга гурван зуун далан *******/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг 14 хоногийн дотор өөрөө хүрэлцэн ирж гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ