Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2019/ДШМ/27

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 29 өдөр                            

      2019/ДШМ/27                                                              Зуунмод

Х.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Х.Э ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг, Н.Баяр,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолтой Х.Э-д холбогдох 1834000000136 дугаартай 4 хавтас, 828 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Монгол улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х.Э /РД:...

 

Шүүгдэгч Х.Э нь Е.Мурадин, З.Аманжал нартай бүлэглэн, Верна Аксент маркийн 17-11 НАА улсын дугаартай машин механизмыг ашиглан, хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч,

1. 2017 оны 07 дугаар сарын 25-наас 26-ны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын дүгээр баг, Жимгэр гэх газарт байх иргэн Д.Кадарбек, О.Өмөөр нарын өвөлжөөнд байсан хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулах буюу байшин, амбаарын цоожийг нь эвдэн нэвтрэн, Д.Кадарбекийн эзэмшлийн 2 ширхэг хөнгөн цагаан 40 литрийн цоорхой бетоныг нууцаар, хууль бусаар авч, 80,000 төгрөгийн,

О.Өмөөрийн эзэмшлийн 300 литрийн хөнгөн цагаан поошик, 40 литрийн хөнгөн цагаан бетон зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 78,000 төгрөгийн хохирол,

2. 2017 оны 08 дугаар сарын 20-дын үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг, Цэмбэлийн ам гэх газарт байх Ж.Даваасүрэнгийн эзэмшлийн өвөлжөөний байнга амьдрах зориулттай байшингийн цоожийг эвдэн дотогш нэвтрэн, нууцаар, хууль бусаар Хятад мотоциклийн мотор, шоколадны набор 2 ширхэг, чикобай 2 ширхэг, печений цуглуулга 1 ширхэг, 0,75, 0,5 литрийн хэмжээтэй вино 2 ширхэг, чихэр 2 килограмм, өөхөн тос 8 килограмм, 20 литрийн ширмэн тогоо зэрэг хөрөнгийг авч, 382,000 төгрөгийн хохирол,

3. 2017 оны 07 дугаар сарын 26-наас 27-ны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр баг, Тосон гэх газар иргэн Д.Калиммуратын эзэмшлийн өвөлжөөний байнга амьдрах зориулалттай орон байр болох байшин, амбаар, агуулах болох автомашины гражийн цоожийг эвдэн, дотогш нэвтрэн худгийн 380 ватт генератор 1 ширхэг, Тоёота Пробокс машины стачер 1 ширхэг, авдар дотор нь байсан 1 ширхэг 5 товруутай /мөнгөн/ баруун монгол хийцтэй мөнгөн хазаар, цагаан металл полиусан хазаар, 10 литрийн бетон 6 ширхэг,  25 литрийн бетон 1 ширхэг, 4 болон 5 литрийн бетон тус тус 1 ширхэг, 12 литрийн тогоо 1 ширхэг, цахилгаан 220 ваттын дрилл, 8 литрийн хувин зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 925,000 төгрөгийн хохирол,

4. 2017 оны 07 дугаар сарын 26-ны үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг, Тосон гэх газарт байх иргэн Б.Нэргүйгийн өвөлжөөний амбаарын хаалгыг эвдэн орж 10 литрийн түмбэн 1 ширхэг, хөнгөн цагаан 10 литрийн тогоо, Бонго машины радиатор, 10 литрийн битүү чанагч зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 190,000 төгрөгийн хохирол,

5. 2017 оны 08 дугаар сарын 20-дын үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн нутаг “Тосон” гэх газарт байх иргэн Л.Жамсрангийн өвөлжөөний амбаарын хаалганы цоожийг эвдэн, дотогш нэвтрэн хөнгөн цагаан 18 литрийн костроль, 10 литрийн хөнгөн цагаан костроль, хөнгөн цагаан жижиг түмпэн зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 55,000 төгрөгийн хохирол,

6. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Шохоо цагаан булаг” гэх газарт байх иргэн А.Эрмуратын өвөлжөөний амбаарын цоожийг эвдэн дотогш нэвтрэн, 100 метр хөнгөн цагаан утас, 6 ширхэг хөнгөн цагаан түмпэн зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 300,000 төгрөгийн хохирол,

 7. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Жимгэр гэх газарт байх иргэн Ч.Баатарсайханы өвөлжөөний амбаарын бүргэд хаалганы цоожийг эвдэн дотогш нэвтэрч, хөрөнгийг нууцаар, хууль бусаар авахыг завдаж, улмаар 30000 төгрөгийн хохирол,

8. 2017 оны 07 дугаар сарын 20-дын үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг, Ар хөхийн даваа гэх газарт байх иргэн Б.Нуржанмалийн өвөлжөөний амбаарын хаалганы цоожийг эвдэн дотогш нэвтрэн, хөнгөн цагаан 3, 4 литрийн бетон, 4 ширхэг Орос буузны жигнүүр, малд тэжээл өгдөг хөнгөн цагаан түмпэн, мөн хашааны урд байсан төмөр зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 32,000 төгрөгийн хохирол,

9. 2017 оны 08 дугаар сарын 20-дын үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг, Шохой цагаан булаг гэх газарт байх иргэн Д.Бахитын эзэмшлийн өвөлжөөний амбаарын цоожийг эвдэн дотогш нэвтрэн, хөнгөн цагаан 30 литрийн коструль, 2 литрийн бетон, 1 литрийн бетон 2 ширхэг, 5 литрийн бетон 1 ширхэг, хивэгний хөнгөн цагаан түмпэн 3 ширхэг, мотоциклийн хайлшин обуд 2 ширхэг, 3 литрийн 2 ширхэг данх зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 194,000 төгрөгийн хохирол,

10. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Шохой цагаан булаг гэх газарт байх иргэн Д.Энхтайваны өвөлжөөний амбаарын цоожийг эвдэн дотогш нэвтрэн мотоциклийн 2 ширхэг хайлшин обуд,  дугуй 3  ширхэг, хөнгөн цагаан 5 болон 3 литрийн хувин, хөнгөн цагаан тогоо 2 ширхэг зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 220,000 төгрөгийн хохирол,

11. 2017 оны 08 дугаар сүүлээр Төв аймгийн Баян сумын 3 дугаар багийн нутаг, Үзүүр дэлгэр гэх газарт байх иргэн С.Элбэгзаяагийн өвөлжөөний дэргэд байсан контейнер гражийн цоожтой хаалгыг эвдэж дотогш нэвтрэн, 3 ширхэг 40 литрийн бетон, 30 литрийн хөнгөн цагаан сав 1 ширхэг, 10 литрийн хөнгөн цагаан сав 2 ширхэг, цахилгаан 220 ваттын харуул, түрдэг тэрэгний дугуй 4 ширхэг /мотоциклийн дугуй/, мөн мал усалдаг худгийн цахилгаан үүсгүүрийн генератор, радиатор 1 ширхэг зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, 1,045,000 төгрөгийн хохирол,

12. 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг Хөх шувуутын гэх газарт байх тус сумын Засаг даргын тамгын газын эзэмшлийн гүний худгийн насосыг нууцаар, хууль бусаар авч, 550,000 төгрөгийн хохирол,

13. 2017 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Шийр хайрхан” гэх газраас иргэн Ц.Баасангийн өвөлжөөний амбаарын цоожийг эвдэн дотогш нэвтрэн, цахилгаан гаргадаг хоёр ширхэг моторыг нууцаар, хууль бусаар авч, 800,000 төгрөгийн хохирол,

14. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг, Тосон гэх газарт байх иргэн Ж.Батдоржийн өвөлжөөний байшингийн хаалганы цоожийг эвдэн дотогш нэвтрэн, Портер маркийн тээврийн хэрэгслийн кропийг нууцаар, хууль бусаар авч, 120,000 төгрөгийн хохирол,

15. 2017 оны 07 дугаар сарын 25-ны орчим Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг Жимгэр гэх газарт байх иргэн П.Энхжаргалын өвөлжөөний амбаарын гаднаас аккумляторыг нууцаар, хууль бусаар авч, 50,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг,

-Шүүгдэгч Х.Э  нь Е.Мурадинтай бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг, “Чулуут” гэх газарт байх иргэн Ч.Лувсанбалдангийн өвөлжөөний амбаарны цоожийг эвдэн дотогш нэвтрэн, Монел маркийн 32 инчийн ЛСД зурагт 1 ширхэгийг нууцаар, хууль бусаар авч, 300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                                                                                            

          Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2018 оны 12 сарын 26-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор:

            Шүүгдэгч Х.Э-г бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э ы цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э аас хохирогч Д.Кадарбект 26.666 төгрөгийг, хохирогч О.Өмөөрт 26.000 төгрөгийг, хохирогч Ж.Даваасүрэнд 127,333 төгрөгийг, хохирогч Д.Каллиммуратад 308.333 төгрөгийг, хохирогч Б.Нэргүйд 63.333 төгрөгийг, хохирогч Л.Жамсранд 18.333 төгрөгийг, хохирогч А.Эрмуратад 100.000 төгрөгийг, хохирогч Ч.Баатарсайханд 10.000 төгрөгийг, хохирогч Б.Нуржанмалд 10.666 төгрөгийг, хохирогч Д.Бахитид 64.666 төгрөгийг, хохирогч Д.Энхтайванд 73.333 төгрөгийг, хохирогч С.Элбэгзаяад 348.333 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Төв аймгийн Баян сумын Засаг даргын Тамгын газарт 183.333 төгрөгийг, хохирогч Ц.Баасанд 266.666 төгрөгийг, хохирогч Ж.Батдоржид 40.000 төгрөгийг, хохирогч П.Энхжаргалд 16.666 төгрөгийг тус тус гаргуулж,   шүүгдэгч Х.Э-д  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг давж заалдах гомдолдоо: “Миний бие хуульч, өмгөөлөгч Баярын хамт Х.Э-ны  хүсэлтээр түүний өмгөөлөгчөөр ажиллаж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон юм. Х.Э-д холбогдох хэрэг нь нотлогдсон, зүйлчилсэн хуулийн зүйл анги нь тохирсон бөгөөд Х.Э  үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшиж байгаагаа шүүх хуралдаан дээр тодорхой хэлж мэдүүлж учруулсан хохирлоо бүрэн төлж дуусгана гэдгээ илэрхийлсэн юм. Прокурорын ба мөрдөн байцаалтын шатанд хууль зөрчигдсөн, яллагдагчийн эрх хөндөгдсөн зүйл байхгүй болно. Харин гэм буруугийн тапаар хэлэлцсэн шүүх хуралдааны товлосон цагаас Х.Э  нэг цагаар хожимдож ирсэн бөгөөд энэ талаар шүүх хуралдаан дээр дор дурьдсан тайлбарыг хэлсэн юм. Бусдад учруулсан хохирлоо бүрэн төлөхийн тулд шинээр баригдаж байгаа барилга дээр ажиллаж 1.900.000 төгрөгийн хөлс авахаар тохиролцон өдөр шөнөгүй ажиллаж уг ажлаа үндсэндээ дуусгаж байгаа ба Нийслэлийн Баянзүрх дүүргийн Дамбадаржаа хэмээх газраас ирэхэд унаа олдохгүй замын янз бүрийн унаагаар дамжсаар яваад хурлын товлосон цагаас хоцорсондоо уучлалт гуйж шүүх хуралдааныг хойшлуулж, төлбөрөө бүрэн төлөх 5 хоногийн хугацаа олгож өгөхийг хүссэн юм. Шүүх өмгөөлөгч бидний болон шүүгдэгч Х.Э ы хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15-н 1.3-д зааснаар мөн хуулийн 34.1.3, 34.1.5 заалтын дагуу шүүх хуралдааныг ажлын 5 өдрөөр тооцож хойшлуулсан юм. Гэтэл Х.Э ыг энэ хуралдаанаас цагдан хорьж түүний эрх зүйн байдлыг ноцтой хохируулснаас Х.Э  учруулсан хохирлоо ял ногдуулах шүүх хурлаас өмнө төлөх ямар ч боломжгүйд хүрсэн учраас хохирлоо төлж чадаагүй юм. Үүнээс үүдэн түүний эрх зүйн байдал дордож Эрүүгийн хуулийн 6.7.1.3-д зааснаар Эрүүгийн хуулийн 17.1-н 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан уг ялын доод хэмжээ болох 2 жилийн ялын тал хувиас хэтрэхгүйгээр ял шийтгэл хүлээх боломж нь алдагдсан юм. Уг барилга дээр Х.Э  ганцаараа тодорхой ажлыг хийж гүйцэтгэхээр тухайн барилгын компанитай хэлцэл байгуулж ажиллаж байсан тул энэ 5 хоногийн хугацаанд ажлын цалин хөлсөө авах ямар ч боломжгүй, түүнийг хөөцөлдөх хамт ажилласан хүн байхгүйгээс үүдэн цалин хөлсөө авч чадаагүй юм. Дээрх 5 хоногт Х.Э  цагдан хоригдоогүй бол тухайн барилгын компаниас ажлынхаа цалин болох 1.900.000 төгрөгөө бүрэн авч хохирлоо бүрэн төлж шүүх хуралдаанд оролцох байсан юм. Харин шүүх хуралдааныг 5 хоногоор хойшлуулсан тохиолдолд уг шүүгдэгчийг онцын шалтаг шалтгаангүйгээр цагдан хорьдог практикийг миний хувьд буруу гэж үзэж байна. Ховд аймагт амьдардаг аав ээж нь хүүгийнхээ ял шийтгэлийг хөнгөрүүлэхийн тулд бүх боломжоо ашиглан хохирлыг нь бүрэн барагдуулахын тулд өдөр шөнөгүй хөөцөлдөж байгаа тул давж заалдах шатны шүүх хурлаас өмнө бусдад төлөх Х.Э ы төлбөрийн мөнгийг бүрэн төлж дуусгахаа илэрхийлж байгаа юм. Х.Э  урьд өмнө нь ял шийтгэлгүй төдийгүй ямар нэг хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч түүндээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэрэг байдлуудыг нь харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт оруулж шүүхээс оногдуулсан 2 жилийн ялыг Эрүүгийн хуулийн 6.7.1.3-т зааснаар хөнгөрүүлж 1 жилээс дээшгүй хугацаагаар ял ногдуулж өгөхийг хүсэж байна. Хэрэв давж заалдах шатанд бусдад учруулсан хохирол нь төлөгдөж амжихгүй бол анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүх хуралдааныг хойшлуулсан 5 хоногт хохирлоо төлөх боломжийг нь олгож түүний эрх зүйн байдлыг нь дээрдүүлж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг гаргасан тайлбар, саналдаа: “ ... анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7.1.3-т зааснаар ял багасгах, эсвэл шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, хохирол төлөх боломж олгож өгнө үү.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Э  гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг багасгаж өгнө үү.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтдээ: “... хурлаас хойш 4 сарыг хугацаанд хохирол төлөх боломжтой байсан. Анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Х.Э  нь Е.Мурадин, З.Аманжал нартай бүлэглэн, Верна Аксент маркийн 17-11 НАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан

- 2017 оны 07 дугаар сарын 25-наас 26-ны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Жимгэр гэх газраас хохирогч Д.Кадарбекийн өвөлжөөний байшин, амбаарын цоожийг эвдэн орж, 40 литрийн хөнгөн цагаан бетон 2 ширхэгийг хулгайлж,  80000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 07 дугаар сарын 25-наас 26-ны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Жимгэр гэх газраас хохирогч О.Өмөөрийн өвөлжөөний амбаарын цоожийг эвдэн орж, 300 литрийн хөнгөн цагаан поошик, 40 литрийн хөнгөн цагаан бетон 1 ширхэгийг тус тус хулгайлж,  78000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг, Цэмбэлийн ам гэх газраас хохирогч Ж.Даваасүрэнгийн өвөлжөөний  байшингийн цоожийг эвдэн орж, Хятад мотоциклийн мотор, шоколадны набор 2 ширхэг, чикобай 2 ширхэг, печений цуглуулга 1 ширхэг, вино 2, чихэр 2 килограмм, өөхөн тос 8 килограмм, 20 литрийн ширмэн тогоо 1 ширхэгийг тус тус хулгайлж, 382000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 07 дугаар сарын 26-наас 27-ны хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр баг, Тосон гэх газраас хохирогч Д.Калиммуратын өвөлжөөний байшин, амбаар, гражийн цоожийг эвдэн орж, худгийн генератор 1 ширхэг, машины стачер 1 ширхэг, 5 товруутай  баруун монгол хийцтэй мөнгөн хазаар, цагаан металл полиусан хазаар, 10 литрийн бетон 6 ширхэг, 25 литрийн бетон 1 ширхэг, 4 литрийн бетон 1 ширхэг, 5 литрийн бетон 1 ширхэг, 12 литрийн тогоо 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, 8 литрийн хувин тус тус хулгайлж, 925000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 07 дугаар сарын 26-ны үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг, Тосон гэх газраас хохирогч Б.Нэргүйгийн өвөлжөөний амбаарын хаалгыг эвдэн орж, 10 литрийн түмбэн 1 ширхэг, хөнгөн цагаан 10 литрийн тогоо 1 ширхэг, Бонго машины радиатор, битүү чанагч  тус тус хулгайлж, 190000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг Тосон гэх газраас хохирогч Л.Жамсрангийн өвөлжөөний амбаарын хаалганы цоожийг эвдэн орж, 18 литрийн кострюль 1 ширхэг, 10 литрийн кострюль 1 ширхэг, хөнгөн цагаан  түмпэн  тус тус хулгайлж,  55000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр баг Шохоо цагаан булаг гэх газраас хохирогч А.Эрмуратын өвөлжөөний амбаарын цоожийг эвдэн орж, 100 метр хөнгөн цагаан утас, хөнгөн цагаан түмпэн 6 ширхэгийг тус тус хулгайлж,  300000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Жимгэр гэх газарт байх хохирогч Ч.Баатарсайханы өвөлжөөний амбаарын бүргэд хаалганы цоожийг эвдэн орж хулгайн гэмт хэргийг үйлдэхээр завдахдаа эд хөрөнгөнд нь 30000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 07 дугаар сарын 20-ны үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр баг, Ар хөхийн даваа гэх газраас хохирогч  Б.Нуржанмалийн өвөлжөөний амбаарын хаалганы цоожийг эвдэн орж, 3, 4 литрийн хөнгөн цагаан бетон, 4 ширхэг буузны жигнүүр,  хөнгөн цагаан түмпэн, төмөр тус тус хулгайлж,  32000  төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Шохой цагаан булаг гэх газраас хохирогч Д.Бахитын өвөлжөөний амбаарын цоожийг эвдэн орж, 30 литрийн хөнгөн цагаан кострюль 1 ширхэг, 2 литрийн бетон 1 ширхэг, 1 литрийн бетон 2 ширхэг, 5 литрийн бетон 1 ширхэг, хөнгөн цагаан түмпэн 3 ширхэг, мотоциклийн обуд 2 ширхэг, данх 2 ширхэгийг тус тус хулгайлж, 194000  төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Шохой цагаан булаг гэх газраас хохирогч Д.Энхтайваны өвөлжөөний амбаарын цоожийг эвдэн орж, мотоциклийн обуд 2 ширхэг, дугуй 3 ширхэг, хөнгөн цагаан 5 болон 3 литрийн хувин тус бүр 1 ширхэг, хөнгөн цагаан тогоо 2 ширхэгийг тус тус хулгайлж, 220000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 08 дугаар сүүлээр Төв аймгийн Баян сумын 3 дугаар баг, Үзүүр дэлгэр гэх газраас хохирогч С.Элбэгзаяагийн өвөлжөөний дэргэд байсан контейнер гражийн хаалганы цоожийг эвдэж орж, 40 литрийн бетон 3 ширхэг, 30 литрийн хөнгөн цагаан сав 1 ширхэг, 10 литрийн хөнгөн цагаан сав 2 ширхэг, цахилгаан харуул 1 ширхэг, мотоциклийн дугуй 4 ширхэг, худгийн генератор, радиатор 1 ширхэгийг тус тус хулгайлж, 1045000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар баг, Хөх шувуут гэх газраас Баян сумын Засаг даргын тамгын газрын эзэмшлийн гүний худгийн насосыг хулгайлж, 550,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 08 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Шийр хайрхан гэх газраас хохирогч Ц.Баасангийн өвөлжөөний амбаарын цоожийг эвдэн орж, цахилгаан мотор 2 ширхэгийг хулгайлж,  800000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг, Тосон гэх газраас хохирогч Ж.Батдоржийн өвөлжөөний байшингийн хаалганы цоожийг эвдэн орж, Портер машины кропийг хулгайлж,  120000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 07 дугаар сарын 25-ны орчим Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр баг Жимгэр гэх газраас хохирогч П.Энхжаргалын өвөлжөөний амбаарын гаднаас Аксент машины аккумляторыг хулгайлж,  50000 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч Е.Мурадин Х.Э  нар бүлэглэн, машин механизм ашиглан 2017 оны 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сум 1 дүгээр баг, “Чулуут” гэх газраас хохирогч Ч.Лувсанбалдангийн өвөлжөөний амбаарны цоожийг эвдэн орж, Монел маркийн 32 инчийн телевизор хулгайлж, 300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 08-10, 12,15,63,66,90, 119,146, 174,176, 200,201,226-228, хуудас, 2 дугаар хавтас 05,08, 32, 58,85, 87, 113, 140,  151,167, 200, 202, 230 хуудас, 3 дугаар хавтас 02 хуудас/, гэрч С.Бахитжан /1 дүгээр хавтас 20-22 хуудас /, С.Даваа /1 дүгээр хавтас 67-68 хуудас /, Т.Нуриза / 1 дүгээр хавтас 94-95 хуудас /, Ж.Эрдэнэцэцэг /1 дүгээр хавтас121-122 хуудас /, О.Дулмаа /1 дүгээр хавтас148-149 хуудас /, Б.Авдилхамид  / 2 дугаар хавтас 61-62 хуудас /, Ж.Бекбаатар / 2 дугаар хавтас 34 хуудас /, Ё.Алтанчимэг / 2 дугаар хавтас  88-89 хуудас /, Х.Зулаа / 2 дугаар хавтас 168 хуудас /, Г.Энхтөр / 2 дугаар хавтас 231 хуудас /, Б.Батцэцэг / 1 дүгээр хавтас 177-178 хуудас / Ц.Батдорж / 3 дугаар хавтас 46 хуудас /, иргэний нэхэмжлэгч Т.Ганцэцэг нарын мэдүүлэг / 2 дугаар хавтас 167 хуудас /, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 2 дугаар хавтас 197-199, 226-228 хуудас/, эд зүйлийн үнэлгээ / 1 дүгээр хавтас 33,36,40,74,102,129,183,208,239 хуудас, 2 дугаар хавтас15,41,69,96,123,150,209,176, 3 дугаар хавтас 12, 29 хуудас/, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл / 1 дүгээр хавтас 114, 141,  168, 195 хуудас, 2 дугаар хавтас 27, 3 дугаар хавтас 05, 58-66 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч тухайн хэрэгт гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг эцэслэн  шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад  нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Х.Э  нь машин механизм ашиглан орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг нууц далд аргаар шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдсэн ба мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ял оногдуулж, ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн “Х.Э-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хөнгөрүүлж, 1 жилээс дээшгүй хугацаагаар өөрчлөх, эсвэл шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” агуулгатай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар хуульчилсан ба Х.Э  гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг  нөхөн төлөөгүй байна.

Шүүгдэгч Х.Э  нь 2017 оны 07 сараас 09 сарын хугацаанд Е.Мурадин, З.Аманжал нартай бүлэглэн,  машин механизм ашиглан, орон байранд хууль бусаар нэвтэрч, нэр бүхий 17 хохирогчийн 5351000 төгрөгний эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн ба тэрээр шүүхийн шийдвэрээр төлбөл зохих 1683661 төгрөгийн хохирлыг төлөөгүй байх тул хуулийн дээрх зохицуулалтыг шүүх хэрэглэх боломжгүй юм.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгаж тогтоосон, шүүгдэгч  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон ба шүүгдэгчид хохирол нөхөн төлөх боломж олгох зорилгоор  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл байхгүй.

 

Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Э ы өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан “ял хөнгөрүүлэх, эсвэл шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.      

 

Анхан шатны шүүх хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шийдвэрлэж, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр давж заалдах шатны шүүхэд  хүргүүлсэн нь хуульд заасан хугацааг 11 хоногоор  хэтрүүлсэн / 4 дүгээр хавтас 49,77 хуудас/ байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

Цаашид анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхэд хэрэг хүргүүлэх хуульд заасан хугацааг  баримталж ажиллах шаардлагатайг  тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамжийн удиртгал, захирамжлах хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг бичилгүй орхигдуулсан /4 дүгээр хавтас 29-31 хуудас/, шүүх хуралдааныг завсарлуулж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт шүүгдэгчийн нэрийг “Ч.Отгонбаатар” гэж /4 дүгээр хавтас 38 хуудас/ буруу бичсэн байгааг  анхаарах шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан “ял хөнгөрүүлэх, эсвэл шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш Х.Э ы цагдан хоригдсон 93 хоногийг ял эдлэх хугацаанд  оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                   ШҮҮГЧИД                                                       Т.ЭНХМАА

 

                                                                                           Г.БОЛОРМАА