Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2019/ДШМ/28

 

2019 оны 03 сарын 29 өдөр                        

2019/ДШМ/28                                                               Зуунмод

 

 

Б.Б, Б.Т нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Б, Б.Т ,

Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Ц.Раашзэвэг,

Шүүгдэгч Б.Т-н  өмгөөлөгч Б.Баярмагнай, Ч.Баднайнямбуу,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 12 сарын 27-ны өдрийн 05 дугаар шийтгэх  тогтоолтой Б.Б, Б.Т нарт холбогдох 201619000687  дугаартай 5 хавтас, 1058 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр сум, 4 дүгээр баг "Хүйс" гэх газарт 1972 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүгийн хамт Хэнтий аймгийн Биндэр сум, 4 дүгээр багт оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоо Улаанбаатар хот, Баянзүрх ... оршин суух,

Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 71 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 зүйлд зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймгийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2000 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 132 дугаартай захирамжаар хугацааны өмнө тэнсэн сулласан,

Хэнтий аймгийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 28 дугаартай захирамжаар тэнсэн суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дах хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 573/а дугаартай шийтгэх тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ... дугаарын регистртэй, Б.Б

Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Бигэр суманд 1983 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуучлалын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Т . /РД:ДВ8....2511/.

Шүүгдэгч Б.Б, Б.Т нь бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө иргэн О.Энхбаяраас авсан жийжүүтэй хэт хутганы төлбөрийг өгөх зорилгоор Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн нутаг "Дэлбэрхий" гэх газраас иргэн Д.Мөнхтүшигийн 43 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 30.227.341 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

Дээрх гэмт хэрэг шалгагдаж байх хугацаандаа бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг "Элстэй" гэх газраас хохирогч Б.Энхтүвшингийн 1 тооны үхэр, Б.Пүрэвдоржийн 1 тооны үхрийг тус тус хулгайлж, 2.399.900 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Б.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 сарын 27-ны өдрийн 05 дугаар шийтгэх  тогтоолоор:

            Шүүгдэгч Б.Б , Б.Т  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Б , Б.Т  нарыг бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

            мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Б.Б т оногдуулсан 6 /зургаа/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Т т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хууль ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б ийн 2016 оны 11 дүгээр сарын 12-ноос 2016 оны 11 дүгээр сарын 24-нийг хүртэл, 2017 оны 03 дугаар сарын 30-наас 2017 оны 07 дугаар сарын 04-нийг хүртэл, 2018 оны 10 дугаар сарын 09-нөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 186 /нэг зуун наян зургаа/ хоногийг,

            шүүгдэгч Б.Т ийн 2018 оны 10 дугаар сарын 09-нөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 78 /далан найм/ хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүгдэгч Б.Б-н эзэмшлээс 4 ханатай монгол гэр 1 ширхгийг, "SANYO" маркийн 42 инчийн телевизор 1 ширхгийг, "XPG52" маркийн угаалгын машин 1 ширхгийг, "SSANG YANG ISTANA" маркийн 74-24 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн "эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолыг хүчингүй болгож, 4 ханатай монгол гэр 1 ширхгийг, "SANYO" маркийн 42 инчийн телевизор 1 ширхгийг, "XPG52" маркийн угаалгын машин 1 ширхгийг тус тус хууль ёсны эзэмшигч Б.Б.Б-т , харин "SSANG YANG ISTANA" маркийн 74-24 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч "Мөнгөн Цахиурт" ХХК-д олгохыг,

прокурорын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаартай шүүгдэгч Б.Т-н  өмчлөлөөс Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хорооллын 3-11 тоот 19м2 орон сууцыг битүүмжилсэн "эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгч Б.Т ,

            мөн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаартай иргэн Б.Амартүвшингийн эзэмшлээс "VERNA AKCENT" маркийн 61-68 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн "эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч ДВ91122118 дугаарын регистртэй, Горный Данзан овгийн Батсүхийн Амартүвшинд тус тус олгохыг,

            мөн прокурорын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 22 дугаартай иргэн Б.Эрхэмбаярын эзэмшлээс "HYUNDAI AVANTE XD" маркийн 70-51 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн "эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч "Бронкос" ХХК-д олгохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б аас 10.194.023 /арван сая нэг зуун ерэн дөрвөн мянга хорин гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч ДВ78071832 дугаарын регистртэй, Горьны овгийн Доржбалын Мөнхтүшигт 18.988.147 төгрөгийг,

            хохирогч ХЙ62101270 дугаарын регистртэй, Боржигон овгийн Батсүхийн Энхтүвшинд 543.300 төгрөгийг,

            хохирогч ЛЛ71012879 дугаарын регистртэй, Наран овгийн Боргилийн Пүрэвдоржид 856.600 төгрөгийг тус тус олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б , Б.Т  нарт тус бүр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “Миний бие Эрүүгийн хэргийн 17.1-2 дугаар зүйлээр 6 жил 1 сарын ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгүүлсэн. Миний хийсэн хэрэг ил тод, би уг хэргийг үнэн зөвөөр хүлээж хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.

1. Уг хэргийн гэм бурууг хэлэлцэж хохирол төлөх 5 хоногийг авах хүсэлт гаргасан. Шүүх надад 5 хоногийг өгсөн боловч намайг хувийн батлан даалтад өгөөгүй. Хэрэв намайг батлан даалтад гаргасан бол би хохирлыг төлөх бүрэн боломж байсан.

2. Миний бие 38 тооны адуу авсан хэргийг хүлээсэн боловч намайг 43 тооны адуугаар шийтгэсэн. Үүний улмаас хохиролд зөрүү гарсан бөгөөд шүүх 2 ширхэг адууг хасан шийдвэрлэсэн. Иймд би адууны тоог үнэн зөв гаргуулмаар байна.

3. 2018 оны 10 сарын 09-нд Б.Т  миний утас руу залгаж уулзъя гэсэн. Би Энхбаатарын хамтаар очиж уулзсан. Тэгэхэд Б.Т  машинаа мөргөлдүүлсэн надад мөнгөний хэрэг гараад байна гэсэн. Тэгээд бид 3 миний микротой гордок орж намайг энд хүлээж бай гээд тэр 2 хамт явж 2 үхэр авч ирээд ачсан. Тэгээд бид 3 эзэнгүй хашаанд үхрээ буулгаж Энхбаатар, Б.Т  хоёр үхрийг янзалж Налайх орсон. Махыг Б.Т-н  машинд шилжүүлж ачсан. Үүний дараа бид салцгааж, би машинаа унаж явтал машин эвдэрч, “Урган наран” хороололд орхисон. Уг машин алдагдаж одоо болтол олдоогүй байгаа. Энэ хэрэгт Энхбаатар гэдэг хүн хамтран үхрийн хулгай хийлцсэн. Иймд би Энхбаатарыг энэ хэрэгт татан оролцуулж шалгуулмаар байна.

4. Би хохирогч Мөнхтүшигтэй уулзаж хохирлыг адуугаар төлж барагдуулахыг хүссэн тухайн үед хохирогч үгүй гэсэн. Дараа нь 2018 оны хавар хохирогч Мөнхтүшиг мөн түүний эхнэр хоёртой уулзаж, 3 сая төгрөг дээр нь 5 адуу нэмж өгье гэхэд мөн  л үгүй гэсэн ба бүх хохирлыг бэлэн мөнгөөр авна гэсэн. Тэгэхээр нь шүүх хурлаар гарсан бодит хохирлыг төлнө гэж хэлсэн. 2018 оны 1 сарын 27-нд болсон хуралд хохирол төлөх 5 хоногийг гадуур авсан бол би хохирлыг төлөх байсан. Надад миний эхнэрээс өөр туслах хүн байхгүй хүү минь гадаадад сурдаг. Иймд байцаалтад буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх үндэслэл муутайгаар миний үйлчлүүлэгч Б.Б.Б-т  хэт хүнд ял ногдууллаа гэж дор дурьдсан үндэслэлээр давж заалдаж байна. Үүнд:

1. Төв аймгийн сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2017 оны 03-р сарын 30-ны өдрийн 106 тоот шийтгэх тогтоолоор Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Мөнхтүшигийн 43 тооны адууг хулгайлсан гэм буруутайд тооцогдож 2008 оны Эрүүгийн хуулийн 145-р зүйлийн 145.2-р хэсгээр 2 жилийн хорих ялаар шийтгэгдсэн юм.

2. Б.Б өмгөөлөгч миний гомдлоор давж заалдах шатны шүүх хурлаар хянагдаж анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, тодруулбал 43 тооны адууг хулгайлсан гэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80-р зүйлийн 1.5 дах заалтыг хангаагүй буюу бас бус зүйлээр хүчингүй болж Б.Б-н хэрэг нь мөрдөн байцаалтанд буцсан юм.

3. Прокурорын шатанд хулгайлагдсан гэх адууны тоо тогтоогдоогүй, үнэлгээний хувьд ч эргэлзээтэй, тодруулбал анх 43 адууны үнэ нь Баяндэлгэр сумын үнэлгээний комиссын үнэлгээгээр 19.800,000-р, дараа нь Төв аймгийн Адьяасүрэгийн “Хан үнэлэмж” үнэлгээний газрын үнэлгээгээр 34,200.000 төгрөгөөр үнэлсэн боловч Адьяасүрэнгийн үнэлэх эрх нь дууссан байсан тул хүчингүйд тооцогдож дараа нь “Ай Жм Жт Эм” үнэлгээний газрын үнэлгээгээр 30,227.341 төгрөгөөр үнэлэгдсэн нь тухайн сумын орон нутгийн үнэлгээнээс эрс зөрүүтэй байсан тул миний бие энэ талаар дахин үнэлгээ гаргуулахаар прокурорт хүсэлт гаргасан боловч хүлээж авалгүйгээр шүүхэд шилжүүлж давж заалдах шатны шүүхийн заалтыг хангаагүй юм. Прокурорын ялын дүгнэлтэд Мөнхтүшигийн 43 тооны адууг хулгайлсан гэж ялласан нь үндэслэл муутай, тодруулбал Эрхэмбаяр гэгчид 15, махны ченжид 5, бүгд 20 адууг нь хулгайлж завшсан нь нотлогдож, үлдсэн 23 тооны адууг нь хаана яаж хэнд юугаар өгч ашиглаж завшсан нь нотлогдоогүй тэр ч байтугай энэ адуунууд эзэндээ эргэж очоогүй гэдэг нь эргэлзээтэй байхад хулгайлсан гэж ялласан нь үндэслэл муутай байгаа юм. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгч хохирогч Мөнхтүшигээс алдагдсан гэх адууных нь тоог тогтоохоор нас зүсийг нь асуухад тогтоож чадаагүй тул 2 гүү, 1 байдсыг арга буюу хассан юм. Мөнхтүшигийн хулгайлагдсан гэх адууны тоо түүний үнэлгээ, түүнд эргүүлж олгосон 15 тооны адууны үнэлгээ сүүлчийн үнээс эрс зөрүүтэй зэрэг байдлуудаас шалтгаалж хохирлын хэмжээ тогтоогдоогүй тул шүүх хуралдаанаас өмнө тодруулбал гэм буруугийн асуудал хэлэлцэхээс урьд Б.Б , Мөнхтүшгийн хохирлыг төлөх ямар ч боломж гараагүй юм.

4. Шүүхийн гэм бурууг тогтоох хуралдаанаар хохирол тогтоогдсон тул миний үйлчлүүлэгч Б.Б  ЭХХШТХ-н 34.15-н 1.3-т зааснаар 5 хоногийн хугацаа авч хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлж уг шүүх хуралдаан дээр хүсэлт гаргахад нь шүүгч зөвшөөрч шүүх хуралдааныг 5 хоногоор хойшлуулсан боловч өөрийг нь цагдан хорьсон тул энэ хугацаанд хохирлоо төлөх ямар ч боломж гараагүйгээс түүний эрх зүйн байдал дордож нөгөө шүүгдэгчээсээ асар зөрүүтэй ял шийтгэл хүлээсэн юм. Б.Б ийн хувьд эхнэрээс нь өөр уг хохирол төлөх талаар хөөцөлдөх ямар ч ах, дүү, төрөл садан, найз, нөхөд байхгүй тул ял хэлэлцэх шүүх хурал хийгдэхэд хохирол огт төлөгдөөгүй байсан юм.

5. Б.Б нь анхан шатпы шүүхийн 2017.03.30-ны өдрийн 106 тоот шийтгэх тогтоол гарснаас хойшхи мөрдөн байцаалтын хугацаанд анх Мөнхтүшигийн адууг хулгайлах үйлдлийг Б.Т-н  хамт үйлдсэн нь тогтоогдож Б.Т  яллагдагчаар татагдаж уг хэргийг хамтран үйлдсэн нь тогтоогдсон юм. Мөн түүнтэй 2018.10.08-ны шөнө Пүрэвдорж, Энхтүвшин нарын 2 тооны үхрийг хулгайлсан хэрэгт холбогдож нийт 42 бод мал хулгайлсан хэрэгт холбогдсон боловч анхан шатны шүүх уг үйлдэлүүд нь үргэлжилсэн байх тул нэг зүйл ангиар ял оногдуулсан юм. Үүнээс өмнө анхан шатны шүүх 2017.03.30-ны өдрийн 106-р шийтгэх тогтоолоор Б.Б-т  2 жилийн хорих ял ногдуулсаныг давж заалдах шатны шүүх ял хөнгөдсөн гэсэн дүгнэлт хийгээгүй байхад нэг удаагийн буюу хуульд зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын 2 тооны үхрийг хулгайлсан байхад түүний эрх зүйн байдлыг эрс дордуулж 6 жил 1 сарын ялаар шийтгэж уг 2 удаагийн үйлдэлд яг адил хамт оролцсон Б.Т-н  ялаас 5 жилээр илүү ял оногдуулсныг үнэхээр зөвшөөрөх боломжгүй байна.

6. Шийтгэх тогтоолд Б.Б  Мөнхтүшигт төлөгдөх төлбөрийн тооцоог буруу хийж 9 494 073 төгрөгөөр илүү тооцож, түүний хувийн байдлыг улам дордуулсан байна. Мөнхтүшигт учирсан нийт 18 988 147 төгрөгийг Б.Т , Б.Б  нараас хувь тэнцүү гаргахад 9 494 073 төгрөг болж байгаа. Эдгээр байдлуудаас дүгнэлт хийж дор дурьдсан хүсэлтийг гаргаж байна.

1. Анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Мөнхтүвшингийн алдагдсан адууны тоо болон түүний үнэлгээг хууль зүйн үндэслэлтэй зөв тогтоолгох,

2. Миний энэ хүсэлтийг давж заалдах шатны шүүх хангах боломжгүй гэж үзвэл анхан шатны шүүхийн дээрх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж гэм буруутай эсэхийг тогтоосон шүүх хурлаас хохирол төлүүлэхээр 5 хоногийн хугацаа олгож шүүх хуралдааныг 5 хоногоор хойшлуулсан тогтоолд шүүгдэгч Б.Б ийг энэ хугацаанд цагдан хорьсонг нь хүчингүй болгож, энэ өдрөөс даалтад гаргахаар өөрчлөлт оруулж, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх,

3. Дээрх 3 хүсэлтийг үл хангаваас Б.Б-т  оногдуулсан 6 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Б.Б  нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн хэрэг нь нотлогдсон, учруулсан хохирлоо бүрэн барагдуулахаа илэрхийлсэн, шүүх хурал хойшлогдсон 5 хоногт хохирлоо бүрэн төлөхөөр гэм буруугийн шүүх хуралдаан дээр батлан илэрхийлсэн зэрэг байдлуудыг нь харгалзан үзэж хөнгөрүүлж, ялын доод хэмжээнээс дээгүүргүй ял оногдуулж, Б.Б  Мөнхтүшигт төлөх төлбөрийн тоог зөв болгох шаардлагатай байгаа анхаарч, Б.Б ийн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Ц.Раашзэвэг гаргасан тайлбар, саналдаа: “ Шүүгдэгч Б.Б.Б-т  хэт өндөр ял оноосон, ялын бодлого алдагдсан тул ял хөнгөрүүлэх, мөн үнэлгээ орон нутгийн ханшаас өндөр тул дахин гаргуулах шаардлагатай. Мөнхтүшигийн адууны тоог тогтоолгохоор анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Т-н  өмгөөлөгч Ч.Баднайнямбуу гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Б.Б.Б-т  оногдуулсан ял өндөр байна.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Т-н  өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан тайлбар, саналдаа: “Ч.Баднайнямбуу өмгөөлөгчтэй санал нэг байна.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтдээ: “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч  Б.Б, Б.Т нар бүлэглэн 2016 оны 08 сар, 2018 оны 10 сард бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч Д.Мөнхтүшигийн: “...2016 оны 08 дугаар сарын 29-ны өдөр шарга халзан  азаргатай 43 тооны адуугаа Төв аймгийн Баяндэлгэр сумын Дэлбэрхий гэдэг газраас алдсан. Би алдсан адуугаа ирж хайж яваад Говьсүмбэр аймаг Чойрын Баян талаас 15 тооны адуугаа олж авсан. Малын эрэлд 1832000 төгрөг зарцуулсан. Хохирлоо нэхэмжилнэ.” / 1 дүгээр  хавтас 43-44, 47 хуудас, 2 дугаар хавтас 08, 126-127 хуудас, 3 дугаар хавтас 207-208  хуудас/ гэх мэдүүлэг,

- хохирогч Б.Энхтүвшингийн: “...2018 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө нэг гунжин үхэр алга болсон. Манай үхрийг муулаад толгой, ширийг нь жорлонд хийсэн байсан.”  /1 дүгээр хавтас  28 хуудас, 4 дүгээр хавтас 28, 29  хуудас/ гэх мэдүүлэг,

 

 - хохирогч Б.Пүрэвдоржийн: “...2018 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө үхрээ алдсан, нядалсан үхрийн толгойг нь харсан манай үхэр мөн байсан.” /4 дүгээр хавтас  25, 26 хуудас/ гэх мэдүүлэг,

 

- иргэний нэхэмжлэгч О.Энхбаяр, гэрч Б.Цоггэрэл, Г.Эрдэнэцогт, Р.Бат-Отгон, Б.Дорж, Л.Бат-Өлзий, Д.Бат-Эрдэнэ, Д.Баярцог, О.Эрдэнэчулуун, Б.Амартүвшин, О.Алтансүх, Б.Эрхэмбаяр, О.Намхайдагва, Д.Бат-Эрдэнэ, Н.Энхбаяр, Х.Доржсүрэн, Н.Батсайхан, Ц.Уртнасан, шинжээч Д.Отгонцагаан нарын мэдүүлгүүд болон мал хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас 21, 22-26 хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас 27-28 хуудас, 4 дүгээр хавтас 8-11, 16-17 хуудас/, гэрч яллагдагч нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /2 дугаар хавтас 138 хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас 138  хуудас/, эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас 41,71 хуудас,  2 дугаар хавтас 142-148 хуудас, 3 дугаар хавтас  213-225 хуудас, 4 дүгээр хавтас  44-49, 56-60 хуудас/ нотлох баримтууд, шүүгдэгч Б.Б, Б.Т нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэгээр тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь шүүх үнэлж, хэргийг эцэслэн  шийдвэрлэсэн ба хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт  үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Прокуророос Б.Б, Б.Т нарын үйлдсэн дээрх хоёр үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2  дахь хэсэг  болгон  зүйлчлэлийг өөрчсөн нь зөв байна.

 

 Шүүгдэгч Б.Б-н “хэргийг дахин шалгуулахаар буцаах”, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах, эсхүл Б.Б ийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлоос “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах” хэсгийг хүлээн авах  үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв. Учир нь:

 Шүүгдэгч Б.Б, Б.Т нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Б.Энхтүвшингийн 1 үхэр, Б.Пүрэвдоржийн 1 үхрийг хулгайлсан үйлдэлдээ гэм буруугаа хүлээсэн, энэ талаар маргадаггүй.

Харин 2016 оны 08 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Д.Мөнхтүшигийн шарга азаргатай адууг Төв аймгийн Баяндэлгэр сумын Дэлбэрхий гэдэг газраас тууж, Хэнтий аймгийн Сэргэлэн баян улаан суманд "Ишгэн толгой" гэх газар очоод өглөө үүрээр адууг ялгаж, 18 тооны шарга азаргатай адууг үлдээж, 20 адууг нь цааш туусан, үүнээсээ 15 адууг О.Энхбаярт өрөндөө тооцон өгч, 5 адууг борлуулсан буюу  Д.Мөнхтүшигийн 38 тооны адуу хулгайлснаа хүлээн мэдүүлдэг.

Хохирогч 43 тооны адуу алдсан гэж мэдүүлдэг ч анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлгээр 40 тооны адуу хулгайд алдсан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэж, 3 адууг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Үнэлгээгээр тогтоогдсон 43 адууны 30.227.341 төгрөгийн хохирлоос 3 адууны 2.130.933 төгрөгийг хасч, 40 тооны адууны 28.096.408 төгрөг, түлш, шатахууны зардал 1.300.000 төгрөгийг хангаж хохирогч Д.Мөнхтүшигт 29396408 төгрөгийн хохирол учирсан байна. Уг хохирлоос хохирогчид хүлээлгэж өгсөн 15 адууны 10408261 төгрөгийг хасч, 18988147 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй ба үүнийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн хуваахад 1 хүнд 9494073 төгрөг ногдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б нь:

Д.Мөнхтүшигт – 9 494 073 төгрөг,

Б.Энхтүвшинд - 266 650 төгрөг,

Б.Пүрэвдоржид – 423 300 төгрөг, бүгд 10 184 023 төгрөгийн хохирол нөхөн төлөх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт 3 удаа хохирлын үнэлгээ, дүгнэлт гаргасан ба МУ-ын Үндэсний Статистикийн Хорооны мэдээлэлд тулгуурлан 2015, 2016, 2017 онуудыг харьцуулсан байдлаар, малын нас, хүйс, зах зээлийн харьцуулалтын аргаар гаргасан нэгжийн үнэлгээг  зэргэлдээ аймаг хотуудаар харьцуулж тооцон гаргасан Мэргэшсэн үнэлгээчдийн институтын 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №18/271 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг /3 хавтас 217-225 хуудас/ шүүх үнэлж, хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэл байхгүй байна.

 

Түүнчлэн 2018 оны 10 дугаар сарын 08-ны шөнө Б.Энхтүвшин, Б.Пүрэвдорж нарын  үхрийг  хулгайлсан үйлдэлд Энхбаатар хамтран оролцсон талаар Б.Б давж заалдах гомдолдоо дурьдсан хэдий ч хэрэгт энэ талаар авагдсан нотлох баримт байхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хуульчлан тогтоосон.

 

Иймд дээрх хулгайн 2 үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь зөв байна.

            Харин шүүгдэгч нарт оногдуулсан ял тэнцвэргүй, хэт зөрүүтэй талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээний дотор шүүгдэгч Б.Б.Б-т  оногдуулсан хорих ялын хэмжээг багасган шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Б.Б.Б аас гаргуулах хохирлын хэмжээг шүүх буруу тооцсон байгааг зөвтгөх, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хөнгөрүүлэх” гэснийг хасахаар шийдвэрлэсэн болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоос “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах” хэсгийг хэрэгсэхгүй болгож, “ял хөнгөрүүлэх” хэсгийг хүлээн авч  шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүх хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шийдвэрлэсэн ба шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг 2019 оны 01 дүгээр сарын 26, 28-ны өдөр хүлээн авсан боловч, гомдлыг 2019 оны 02 дугаар сарын 02,04-ны тухайн өдөр оролцогчдод танилцуулсан байна. / 5 дугаар хавтас 34,52, 57, 53 хуудас/

Харин хэргийг 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдөр давж заалдах шатны шүүхэд  хүргүүлсэн нь давж заалдах гомдлыг оролцогчдод танилцуулах хугацааг 3-4 хоног, давж заалдах шатны шүүхэд хэрэг хүргүүлэх хугацааг 11 хоногоор  хэтрүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “.Давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан шүүх дараагийн ажлын өдөрт багтаан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг прокурор, оролцогчид хүргүүлнэ.”, мөн хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүх давж заалдах гомдлыг оролцогчдод танилцуулах, давж заалдах шатны шүүхэд хэрэг хүргүүлэх хуульд заасан хугацааг  баримталж ажиллах шаардлагатайг  тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 27-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

-1 дэх заалтын “хөнгөрүүлэн” гэснийг хасч,

            -3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ийг 4 /дөрвөн/  жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар...” гэж,

-4 дэх заалтын “...Б.Б-т  оногдуулсан 6 /зургаа/ жил 1
/нэг/ сарын хорих ялыг”  гэснийг “ 4 /дөрвөн/  жил 1 /нэг/ сарын  хорих ялыг”  гэж,

            - 7 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б аас 10.194.023 /арван сая нэг зуун ерэн дөрвөн мянга хорин гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч ДВ78071832 дугаарын регистртэй, Горьны овгийн Доржбалын Мөнхтүшигт 18.988.147 төгрөгийг, хохирогч ХЙ62101270 дугаарын регистртэй, Боржигон овгийн Батсүхийн Энхтүвшинд 543.300 төгрөгийг, хохирогч ЛЛ71012879 дугаарын регистртэй, Наран овгийн Боргилийн Пүрэвдоржид 856.600 төгрөгийг тус тус олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсэгт зааснаар  Б.Б.Б аас 9494073 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мөнхтүшигт /РД: ДВ78071832/ , 266650 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Энхтүвшинд /РД:ХЙ62101270/, 423300 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Пүрэвдоржид /РД:ЛЛ71012879 /  олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоос  “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцаах” хэсгийг хэрэгсэхгүй болгож, “ял хөнгөрүүлэх” хэсгийг хүлээн авсныг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш Б.Б-н цагдан хоригдсон 91 хоног, Б.Т-н  цагдан хоригдсон 91 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЭНХМАА

 

                   ШҮҮГЧИД                                                       Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                                           Г.БОЛОРМАА