Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 172

 

Т.О-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00820/и

         Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1024 дүгээр шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Т.О-ны нэхэмжлэлтэй,

         Хариуцагч А.Н-д холбогдох

         “4.680.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

         Хариуцагч А.Н-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

         2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул  оролцов.

         Нэхэмжлэгч Т.О-н:

         Би Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Панораматрейд” ХХК-ийн “Panaroma” нэртэй зочид буудлыг түрээслэн ажиллуулж байна. Хариуцагч А.Н- 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд уг зочид буудалд байрласан бөгөөд буудалсан өрөөний үнийг одоо хүртэл төлөөгүй юм. А.Н-ийн буудалсан өрөө өдрийн 40.000 төгрөгийн үнэтэй бөгөөд нийт 117 хоног зочид буудалд байрласан байна. Иймд А.Н-ээс 4.680.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1024 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Н-ээс 4.680.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.О-нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89.830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Н-ээс 89.830 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.О-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч  А.Н- давж заалдсан гомдолдоо:

           Би Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Панораматрейд” ХХК-ийн “Panaroma” нэртэй зочид буудлыг түрээслэн авч ажиллуулж байсан. Тус зочид буудалд дотоод засвар хийж, хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд түрээслээд удаагүй байхдаа түрээслүүлэгчээс гэрээг цуцалсан. Засварт зориулан хийсэн засварын мөнгийг гаргуулан авахаар би Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэр иргэн н.Бямбадоржоос мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл н.Бямбадоржоос зочид буудлыг түрээслэн авсан Т.О-н шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Би хэрэг үүсэх үеэр хөдөө орон нутгаар ажилтай байсан тул намайг байхгүй хугацаанд хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон зочид буудлын гар бүртгэл нь хуурамч бөгөөд жинхэнэ бүртгэл нь тухайн өдөрт ажилласан ресепшиний нэр гарын үсэгтэй байдаг.

Би 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Дорноговь аймагт хоёрдогч түүхий эд цуглуулж, 25 орчим хоног байрлан ажилласан бөгөөд түүхий эдээ цуглуулж хэд хэдэн удаа Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Хангийн хилээр гарсан. Намайг байхгүй хугацаанд тус зочид буудалд байрласан гэж үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна.Мөн анхан шатны шүүх нь шүүх хуралдаанд оролцох хугацааг давчуу мэдэгдсэн нь цаг агаарын байдлаас болж хөдөө орон нутгаас ирж оролцох боломжит хугацааг олгоогүй, шүүхэд нотлох баримт, тайлбар гаргаж өгөх, мэтгэлцэх миний эрхийг хангаагүй тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.О-н хариуцагч А.Н-д холбогдуулж 4.680.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч А.Н- шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдсан гомдолдоо: Уг зочид буудлын түрээстэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй маргаантай байх үед зочид буудлын гар бүртгэл гэсэн хуурамч баримтыг үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Мөн анхан шатны шүүх хуралдаанд оролцох хугацааг давчуу мэдэгдсэн нь цаг агаарын байдлаас болж хөдөө орон нутгаас ирж шүүх хуралдаанд оролцох боломжит хугацааг олгоогүй, шүүхэд нотлох баримт, тайлбар гаргаж өгөх, мэтгэлцэх миний эрхийг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Т.О-н анхан шатны шүүхэд 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

Шүүх хариуцагч А.Н-ийг 2017 оны 08 дугаар сарын 04-нөөс 09 дүгээр сарын 19 хүртэл шүүхийн мэдэгдэх хуудсаар удаа дараа дуудсан, түүний эзэмшдэг үүрэн телефоны 99835565 дугаарын утсаар удаа дараа шүүхэд хүрэлцэн ирэхийг мэдэгдэхэд шүүхэд хүрэлцэн ирээгүй болох нь хэргийн 7-14 дүгээр талд авагдсан баримтуудаар нотлогдоно.

Хэргийн 14-19 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл хариуцагч А.Н- 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр буюу иргэний хэрэг үүсгэснээс хойш 70 гаруй хоногийн дараа хүрэлцэн ирсэн байх бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар нэхэмжлэлийн 1 хувийг гардуулж, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг танилцуулах зэрэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад ажиллагааг хийсэн байна.

Хариуцагч А.Н- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасан үүргээ өөрөө биелүүлээгүй бөгөөд 09 дүгээр сарын 29-ний өдөр түүний эзэмшдэг 99835565 дугаарын утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримт хэргийн 25 дугаар талд авагдсан байна. 

Хариуцагч А.Н- 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог  үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч А.Н-ийн шүүх хуралдааны товыг давчуу хугацаанд мэдэгдэж, шүүхэд тайлбар, нотлох баримт гаргаж өгөх, шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх эрхээр хангаагүй гэсэн анхан шатны шүүхийг буруутгасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэж үзнэ.

Иймд хариуцагч А.Н-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хариуцагч А.Н-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1024 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

           2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89.830 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.НАРАНГЭРЭЛ         

                                 ШҮҮГЧИД                                                    С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                      Л.АМАРСАНАА