Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2019/ДШМ/30

 

 

2019 оны 04 сарын 09 өдөр                            

      2019/ДШМ/30                                                             

Зуунмод

 

 

 

Э.Ц, Б.Т нарт холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор И.Мөнхцэцэг,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн 2018 оны 12 сарын 11-ний өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолтой Э.Ц, Б.Т нарт холбогдох 18340004630231 дугаартай 1 хавтас, 144 хуудас бүхий эрүүгийн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтээр Э.Ц, Б.Т нарт холбогдох 18340004630231, 1812000350009 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 03 сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, боловсролгүй, мэргэжилгүй, Архангай аймгийн ...  оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Т , /РД:...132/.

Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, ам бүл 2, төрсөн эхийн хамт амьдардаг, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Улаанбаатар ....  тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э.Ц , /РД:У..91/.

            Шүүгдэгч Б.Т нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг Галуутайн гол гэх газраас 2018 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө иргэн Ц.Алтанхүүгийн улбар шар өнгийн "Даюун" маркийн мотоциклыг нууцаар, хууль бусаар авч, 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дахин архи уух зорилгоор шүүгдэгч Э.Ц-тай бүлэглэн Налайх дүүргээс “Портер” маркийн машиныг 70000 төгрөгөөр хөлслөн мотоциклио ачиж, Улаанбаатар хотын "Өгөөмөр" зах дээр 350.000 төгрөгөөр зарж борлуулсан, Мөн шүүгдэгч Э.Ц-тай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг Галуутайн гол гэх газраас Н.Пүрэвсүхийн ногоон өнгийн "Даюун" маркийн улсын дугааргүй мотоциклыг нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч Э.Ц нь шүүгдэгч Б.Т-тэй бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архи уух зорилгоор 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг Галуутайн гол гэх газраас Н.Пүрэвсүхийн ногоон өнгийн "Даюун" маркийн улсын дугааргүй мотоциклыг нууцаар, хууль бусаар авсан, мөн 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дахин архи уух зорилгоор шүүгдэгч Б.Т-н 2018 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө нууцаар, хууль бусаар авсан Ц.Алтанхүүгийн улбар шар өнгийн мотоциклыг Улаанбаатар хотын "Өгөөмөр" зах дээр 350.000 төгрөгөөр зарж борлуулан шүүгдэгч Б.Т-тэй бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Ц, Б.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 сарын 11-ний өдрийн 262  дугаар шийтгэх  тогтоолоор:

            Шүүгдэгч Б.Т , Э.Ц  нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т , Э.Ц нарыг 250 / хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-н шүүхийн шатанд цагдан хоригдсон 23 хоногийг, шүүгдэгч Б.Т-н шүүхийн шатанд цагдан хоригдсон 7 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-н шүүхийн шатанд цагдан хоригдсон 23 хоног, шүүгдэгч Б.Т-н цагдан хоригдсон 7 хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тус тус тооцож, Э.Ц-н цагдан хоригдсон 184 цагийг түүнд оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас, шүүгдэгч Б.Т-н цагдан хоригдсон 56 цагийг түүнд оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, шүүгдэгч Э.Ц-н биечлэн эдлэх ялыг 66 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Т-н биечлэн эдлэх ялыг 194 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т , Э.Ц нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т , Э.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

 Прокурор Д.Жамбалсүрэн нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлтдээ: Яллагдагч Б.Т нь:

-Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг, Галуутайн гол гэх газраас 2018 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө иргэн Ц.Алтанхүүгийн улбар шар өнгийн "Даюун" маркийн мотоциклыг нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Шүүгдэгч Э.Ц-тай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг, Галуутайн гол гэх газраас Н.Пүрэвсүхийн ногоон өнгийн "Даюун" маркийн улсын дугааргүй мотоциклыг нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдэж, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэднийг 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн байна.

Тэрээр шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө буюу 2018 оны 01 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар баг. Улаантолгой хорооллын 1-01 тоот хашаанд Ц.Эрдэнэбаттай бүлэглэн иргэн Б.Өлзийсайханы монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж, иргэн Б.Өлзийсайханд 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн 1812000350009 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллагдагчаар татагджээ.

Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд Б.Т т ял оногдуулсан Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолоос түүнд холбогдох хэргийг шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулж, хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолоос Б Б.Т-т  холбогдох хэргийг шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор И.Мөнхцэцэг гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын 02 дугаар дүгнэлтийг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Т Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар баг, Галуутайн гол гэх газраас 2018 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө иргэн Ц.Алтанхүүгийн "Даюун" маркийн мотоциклыг нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-шүүгдэгч Э.Ц-тай бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар баг, Галуутайн гол гэх газраас Н.Пүрэвсүхийн "Даюун" маркийн улсын дугааргүй мотоциклыг нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдэж, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250  цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаар  шийтгүүлсэн байна.

Б.Т шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө буюу 2018 оны 01 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн Архангай аймгийн Их тамир сумын Тайхар баг. Улаантолгой хорооллын 1-01 тоот хашаанд иргэн Б.Өлзийсайханы монгол гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 900.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт шалгагдаж байгаа болох нь эрүүгийн 1812000350009 дугаартай хавтаст хэргээр нотлогдож байна.

Уг үйлдэл нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно" гэж зохицуулсан тул шүүгдэгчийн өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт "...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн..."нь тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл гэж үзэх тул прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн 2019 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн авч, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 1834004630231 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн Б.Т т холбогдох 1812000350009 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцаан хүргүүлсүгэй.

3. Энэхүү магадлалын хувийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу прокурор, оролцогчдод тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Эрдэнэчимэгт даалгасугай.

4. Хэргийг прокурорт очих хүртэл Б.Т , Э.Ц нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ

          ШҮҮГЧИД                                                          Т.ЭНХМАА

                                                                                     Г.БОЛОРМАА