Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2019/ДШМ/01

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.*******тогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Д.Шинэбал Яллагдагч Б.Ам-гийн өмгөөлөгч В.Содномцэрэн Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 206 дугаартай захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Б.Ам-д холбогдох 1823001120095 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 1. Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Ургамал сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Завхан аймгийн Ургамал сумын Тосгуур багийн нутагт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* овгийн *******аагийн Ам- РД:/ИП*********/,

Яллагдагч Б.Ам- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан Б.Ам-д холбогдох 1823001120095 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Завхан аймгийн Прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч В.Содномцэрэн, Э.******* нарын Б.Ам-гийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай хүсэлтийг хангаж, хэргийг прокурорын газарт хүргүүлтэл яллагдагч Б.Ам-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “цус мэт хүрэн өнгийн зүйл болсон шорооны хэсэг 1 ширхэг, хар саарал өнгөтэй 1 хос оймс, улаан өнгөтэй шляпан малгай 1 ширхэг, улаан өнгөтэй урд хэсэгтээ “KEEPGOING” гэсэн цагаан өнгийн бичигтэй, хүрэн бор өнгийн хүрээтэй даавуун малгай 1 ширхэг, улаан хүрэн өнгөтэй, урд энгэр хэсэг нь урагдсан даавуун дээл” 1 ширхэг, шаргал өнгөтэй, зах хэсэг нь урагдсан, зах хэсэг нь улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цамц 1 ширхэг, зах болон энгэр хэсэг нь урагдсан хар өнгийн оруулгатай, цагаан эрээн өнгийн цамц 1 ширхэг, хар өнгөтэй ул хэсэг нь ханзарсан бакалан гутал 1 хос, цайвар өнгөтэй, хөлийн ороолт 1 хос, хар өнгийн оймс 1 хос, цогцосны гарын хуруунуудаас авсан хумс 10 ширхэг, урд хэсэгтээ 5 ширхэг товчтой, саарал өнгийн даавуун цамц 1 ширхэг, урд энгэр хэсэгтээ “supreme” гэсэн бичигтэй хөх цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, баруун шурхагны дотор хэсэгт хүрэн өнгийн зүйл болж бохирлогдсон хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэгийг хэргийн хамт прокурорт шилжүүлж, прокурор энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Шинэбал би тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 206 дугаартай “ хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч танилцвал: Яллагдагч Б.Ам- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 23:00-00:00 цагийн орчим Завхан аймгийн Ургалам сумын Хүнгүй багийн нутаг “Хүнгүй” голын эрэг дээр архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн буюу хүнд зэргийн согтолттой байсан иргэн П.*******ыг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн талийгаач П.*******ыг зодсоны дараа түүнийг Хүнгүй голын усанд оруулан орхиж явсаны улмаас П.******* усанд живж нас барсан бөгөөд “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хэргийг тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 1823001120095 дугаартай хэргийг шүүгч хүлээн авч яллагдагч Б.Ам-гийн өмгөөлөгч В.Содномцэрэн, Э.******* нарын гаргасан хүсэлтийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, яллагдагч Б.Ам-гийн өмгөөлөгч В.Содномцэрэн, Э.******* нарыг оролцуулан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Б.Ам-гийн өмгөөлөгч В.Содномцэрэн, Э.******* нарын гаргасан Б.Ам-г 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр асуусан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг зөрчсөн учраас энэ мэдүүлгийг нотлох баримтаас хасч өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна. Гэвч шүүгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаад яллагдагч Б.Ам-д холбогдох эрүүгийн 1823001120095 дугаартай хэргийг дараах үндэслэлүүдийг зааж нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан байна. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1,3-д заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг бүрэн тогтоогдоогүй байна. Прокурор яллагдагч Б.Ам-д Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хохирогч П.*******ыг голын усан дотор хийж орхиж явсаны улмаас хохирогч живж нас барсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. П.*******ын цогцос 2018 оны 08 дугаар 16-ны өглөө Завхан аймгийн Ургамал сумын Хүнгүй голоос олдсон бөгөөд амь хохирогч нас бараад ямар хугацаа өнгөрсөн байсан талаар дүгнэлт гаргуулаагүй нь гэмт хэрэг гарсан байдлыг буюу гэмт хэрэг гарсан цаг хугацааг бүрэн тогтоосон гэж үзэх боломжгүй болжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй учир хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, П.*******ын амь хохирсонтой яллагдагчийн үйлдэл шалтгаант холбоотой эсэх, хэрэв шалтгаант холбоотой бол түүний гэм буруугийн сэдэлт, санаа зорилгыг тогтоосны эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй учир хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон захирамжилж хэргийг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан прокурорт буцаасан байна. Дээрх үндэслэлээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. 1. Яллагдагч Б.Ам-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих бүх мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсэн, өөр нэмж хийх мөрдөн шалгах ажиллагаа байхгүй, тухайн хэрэг үйлдэгдэх өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 14-ний орой талийгаач П. *******, яллагдагч Б.Ам- нар нь “Хүнгүй” голын эрэг дээр хоёулхнаа үлдсэн, мөн яллагдагч нь хохирогчтой маргалдаж байсан, түүнийг зодож, цохиж байсан талаар гэрч С.*******, насанд хүрээгүй гэрч С.Ам- нар мэдүүлэг, мөн яллагдагч нь талийгаачийг зодсон талаараа гэрч Х.*******үү, Р.*******, Т.*******тогтох нарт ярьж байсан талаар эдгээр гэрчүүд хэрэгт мэдүүлэг өгдөг. Шүүх гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг бүрэн тогтоогдоогүй байна гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь буруу байна. Өөрөөр хэлбэл талийгаач П.*******, яллагдагч Б.Ам- нар нь хоёулхнаа голын эрэг дээр байсан бөгөөд тухайн яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг өөрөөр нотлох боломжгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шийдвэрлэх боломжтой юм. Мөн талийгаач П.******* нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэрч Н., Л.*******сайхан, Р.*******, С.*******, насанд хүрээгүй гэрч С.Ам- нартай тааралдсанаас хойш буюу 2018 оны 08 дугаар сарын 16-ны өглөө гол дотроос олдох хүртлээ дахин хүнтэй тааралдаагүй байдаг, энэ талаар талийгаачийн төрсөн ах, хохирогч П.ээ, талийгаачийн төрсөн ах, гэрч П. болон бусад гэрчүүд хэрэгт мэдүүлсэн байдаг. Талийгаач П.******* нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хүнгүй голд живж нас барсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байдаг. Яллагдагч Б.Ам- нь талийгаачийг Хүнгүй голын эрэг дээр орхисон, эсхүл Хүнгүй голд оруулж орхисон гэсэн 2 зөрүүтэй мэдүүлэг байгаа боловч үүнийг өөр байдлаар нотлох боломжгүй, өөрөөр хэлбэл: тухайн үед талийгаач П.*******, яллагдагч Б.Ам- хоёр хоёулхнаа байсан байдаг. Ийм учраас хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлага байхгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх өөрийн дотоод итгэлээрээ үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй, дээрх нөхцөл байдлаас үзэхэд шүүх хэргийг гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг бүрэн тогтоогдоогүй байна гэсэн үндэслэлээр прокурорт буцаасан нь буруу байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 206 дугаартай “ Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ. Яллагдагчийн өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч нарын зүгээс 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр авсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах хүсэлт прокурорт гаргахад хүлээж авсан. Мөн шүүхээс энэ мэдүүлгийг нотлох баримтаас хасах нь зүйтэй гэсэн нь үндэслэлтэй байна. Өмгөөлөгч нарын зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 206 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийг хүчингүй болгох буюу нотолвол зохих хэсгийг нотлоогүй байна, гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, санаа, зорилго гэм буруугийн байдал бүрэн тогтоогдоогүй байна гэж үзээд буцаагаад байгааг өмгөөлөгч нар үндэслэлгүй гээд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа. Урьдчилсан хэлэлцүүлгээр өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээж аваад гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаас хассан асуудлыг үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Шүүгч гэм буруугийн байдал нь бүрэн тогтоогдоогүй байна гээд буцаагаад байгаа нь яллах талыг баримтлаад байна гэсэн сэтгэгдэл төрүүлж байна гэв. Яллагдагч Б.Ам-гийн өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн хүн нас барсан газар зодоон хийсэн газар 2 бол 2 өөр газар байгаа юм. Хэрэв алаад усанд хийгээд үлдээсэн бол яаж яваад зодоон болсон газраас цогцос олдсон газар хүртэл явсан байх вэ гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Тийм учраас Э.******* өмгөөлөгчийн тавьсан саналыг дэмжиж байна гэв. Прокурор Д.Шинэбал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн өдөр шүүгдэгч Б.Ам-, талийгаач П.******* нар хоёулахнаа байсан. Мөн яллагдагч нь хохирогчтой маргалдаж байсан, түүнийг зодож, цохиж байсан талаар гэрч С.*******, насанд хүрээгүй гэрч С.Ам- нар мэдүүлдэг, мөн яллагдагч нь талийгаачийг зодсон талаараа гэрч Х.*******үү, Р.*******, Т.*******тогтох нарт ярьж байсан талаар гэрчүүд хэрэгт мэдүүлэг өгдөг. 2018 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө талийгаач П.******* усанд живж нас барсан нь тодорхой байсан. Зодсон, зодоогүй талаараа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр 2 өөр мэдүүлэг өгсөн байна, яллагдагч мэдүүлэг дээрээ. Шүүгч өөрийн дотоод итгэлээрээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтнд тулгуурлаад шүүгдэгч Б.Ам- талийгаачийг зодоод усанд орхисон уу, үгүй юу гэдгийг шалтгаант холбоогоор нь дүгнээд хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шийдвэрлэх боломжтой юм гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхээс Б.Ам-д холбогдох 1823001120095 дугаартай эрүүгийн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулж мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-д заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр бүрэн тогтоогдоогүй. Мөн хэрэгт хохирогч П.*******ыг голын усанд орхиж явсан гэх яллагдагчийн гэрчээр өгсөн мэдүүлэг, хохирогчийг голын эрэг дээр орхиж явсан гэх яллагдагчаар өгсөн мэдүүлгээс өөрөөр Б.Ам-гийн үйлдэл, П.*******ын амь хохирсонтой шалтгаант холбоотой болохыг нотолсон нотлох баримт хэрэгт байхгүй, гэмт хэрэг гарсан цаг хугацааг бүрэн тогтоосон дүгнэлт гаргуулаагүй байна гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна. Прокурор шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичжээ. Давж заалдах шатны шүүх хэргийг прокурорын эсэргүүцлээр шүүх хуралдаан явуулж хянан хэлэлцэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ам-д холбогдох эрүүгийн хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн байна гэж үзлээ. Хэрэгт авагдсан баримтуудаар тухайн гэмт хэрэг гарсан өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 14-ний орой талийгаач П.*******, яллагдагч Б.Ам- нар нь хоёулахнаа “Хүнгүй” голын эрэг дээр үлдсэн байдаг. Хэрэгт Б.Ам-г асууж, түүний мэдүүлгийг нь шалгаж, хэрэгт тодорхой ажиллагаа хийж, гэрчүүд асуусан байдаг. Мөн П.*******ын цогцос 2018 оны 08 дугаар сарын 16-ны өглөө Завхан аймгийн Ургамал сумын Хүнгүйн голоос олдсон бөгөөд түүний биед учирсан гэмтэл болон үхлийн шалтгааныг тус бүр тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан байна. Шинжээчийн дүгнэлтэд “ талийгаачийн үхлийн шалтгааныг нойтон живэлт” гэсэн ерөнхий дүгнэлт гаргасан боловч, анхан шатны шүүх хуралдааны явцад шинжээчийг оролцуулан асууж, тодруулах боломжтой юм. Түүнчлэн гэмт хэрэг гарсан байдал, сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг хэрэгт цугларсан баримт, хэргийн нөхцөл байдлаас тодорхойлох боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Иймд энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй байна. Харин анхан шатны шүүх урьчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Б.Ам-гийн өмгөөлөгч В.Содномцэрэн, Э.******* нараас гаргасан “Б.Ам-гийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй” байх хүсэлтийг шүүх дахин шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 206 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ