Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 56

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, МТI байр 306 тоотод байрлах Гүнтэлмэн ХХК-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Жавхлант сум, Моностой 2 дугаар баг, 7-09 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Цэрэндоржийн Батчимэг РД:/ МУ-81120861/-т холбогдох,

20.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу, хариуцагч Ц.Батчимэг, хариуцагчийн өсгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайваннар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Гүнтэлмэн ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Шаравнямбуу шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Гүнтэлмэн ХХК болон иргэн Ц.Батчимэгтэй 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 50.000.000 /тавин сая/ төгрөгөөр 29-14 УНС улсын дугаартай LBZF46EA1BA019085 арлын дугаартай BEIBEN маркийн 2011 онд үйлдвэрлэсэн, шар өнгийн буулгагч худалдан авахаар тохирч 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Гүнтэлмэн ХХК болон иргэн Ц.Батчимэг нарын хооронд 29-14 УНС улсын дугаартай өөрөө буулгагч ачааны машиныг 50.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан.

Тухайн үед Ц.Батчимэг нь уг машинаас гадна ковш авахаар тохиролцсон боловч мөнгөний бололцооноосоо болоод эхлээд ачааны машин худалдаж авахаар болсон. Улмаар худалдах худалдан авах гэрээ байгуулж ачааны машиныг хүлээлцэн 2 тал гарын үсэг зурсан байдаг.

Уг ачааны машин өнөөдрийн байдлаар Ц.Батчимэгийн эзэмшилд байгаа бөгөөд айлын хашаанд байгаа. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар эд хөрөнгийг хүлээн авснаар худалдан авагчид эрсдэл шилждэг.

Мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д заасны дагуу гомдол гаргах эрхийн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дууссан.

Өөрөөр хэлбэл хариуцагч тал нь уг ачааны машиныг эвдрэл гэмтэлтэй байдаг ч 6 сарын дотор энэ асуудлаар гомдол гаргаагүй. Ц.Батчимэг нь 30.000.000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 20.000.000 төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Тус гэрээний дагуу Ц.Батчимэг нь 30.000.000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл 20.000.000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр барагдуулах байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Уг ачааны машин Ц.Батчимэгийн мэдэлд очихоос өмнө эвдрэл гэмтэлтэй байсан эсэхийг тогтоосон шинжээчийн дүгнэлт хэргийн материал дотор байхгүй.

Эвдэрсэн гэж яриад байгаа боловч түүнийгээ нотолсон баримтыг гаргаж өгөөгүй. Утсаар ярьж байсан гэх боловч мөн л нотолж чадаагүй. Баруунхараад ковшийг ачиж ирсэн талаарх баримт байгаа эсэх, мөн олон удаа утсаар ярьж мессеж бичиж байсан гэж хэллээ. Тэгвэл утсаар ярьж байсан тухайгаа үүрэн телефоны оператороос лавлагаа гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Үнэхээр эвдэрхий машин хүлээгээд авчихлаа гэж бодсон бол 30.000.000 төгрөгөө нэхэж шүүхэд нэхэмжлэл гаргах эсхүл цагдаагийн байгууллагад хандаж болох байсан. Гэтэл нэг ч удаа ийм үйлдэл хийгээгүй. Хариуцагч шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүрэгтэй. Улаанбаатар хотоос Баруунхараа хүртэл тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүйгээр уг тээврийн хэрэгслийг авч явах ямар ч боломж байхгүй. Ялангуяа ачааны машиныг замын цагдаа заавал зогсоож бичиг баримтыг нь шалгадаг. Уг тээврийн хэрэгсэл хариуцагчийн эзэмшилд бүрэн шилжсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар уг нотлох баримтыг гаргуулж авах эрх хариуцагчид байсан. Мөн гэрээний дийлэнх үнийн дүнг төлсөн тул худалдах-худалдан авах гэрээг байгуулагдсан гэж үзнэ. 30.000.000 төгрөг бол бага мөнгө биш. Гэтэл 30.000.000 төгрөг хүнд өгөөд дээрээс нь эвдэрхий машин авчихаад бүхэл бүтэн 7 сарын хугацаанд ямар нэгэн байдлаар хэнд ч гомдол гаргаагүй. Өнөөдрийн байдлаар хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Тиймээс хариуцагчаас 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү! гэжээ.

 Хариуцагч Ц.Батчимэг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Миний бие Ц.Батчимэг нь Гүнтэлмэн ХХК-ний тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний бие нь Гүнтэлмэн ХХК-тай 29-14 УНС улсын дугаартай BEIBEN маркийн автомашиныг худалдах,худалдан авах гэрээг хийгээгүй.

Тус шүүхэд өгсөн гэрээ нь хуурамч гэрээ байна. Өөрөөр хэлбэл миний бие нь Гүнтэлмэн ХХК-тай ковш 50 маркийн буулгагч худалдах-худалдан авах гэрээ хийсэн ба шилжүүлсэн 30 сая төгөрг нь ковшийн мөнгө юм.

Гэтэл Гүнтэлмэн ХХК нь миний ковш буюу буулгагчийн гэрээний сүүлийн хуудас буюу гарын үсгийг зурсан хэсгийг оруулж нүүр хуудсыг өөрсдөө дур мэдэн зохион үйлдсэн байна.

2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ковш болон маргаан болоод байгаа ачааны машиныг худалдаж авахаар тохиролцоод ковшний төлбөрт 30.000.000 төгрөг төлсөн. Ачааны машины хувьд ямар ч гэрээ байгуулаагүй. Уг ачааны машиныг хүнд зарчихсан байж байгаад буцааж аваад 22-р товчооны ойролцоо оройн 20 цагийн үед өгсөн. Ковш болон ачааны машинаа хүлээж аваад явж байтал Баруунхараад ирээд үзэхэд аль аль нь ажиллагаагүй байсан. Тэгэхээр нь утасдаад энэ байдлыг нь хэлээд ковшийг нь буцаагаад явуулсан. Ковшийг ачиж ирэхийн тулд 700.000 төгрөг төлсөн. Тэгээд ачааны машиныг аваад цааш явж байтал замд дугуй нь хагарах тос маслоны асуудлууд гарч эхэлсэн. Ахиад утас руу нь залгаад хэлтэл хүний гараар дамжиж ирсэн болохоор би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би засварчин дуудаж үзүүлэхэд мотор муутай маш муу машин байна гэж хэлсэн. 30.000.000 төгрөгийг ковшинд өгсөн. Ачааны машины хувьд гэрээ ч байгуулаагүй мөнгө ч өгөөгүй. Надад тухайн техникийн бичиг баримтыг ч өгөөгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна! гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Гүнтэлмэн ХХК нь хариуцагч Ц.Батчимэгт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь Гүнтэлмэн ХХК-тай 29-14 УНС улсын дугаартай BEIBEN маркийн автомашиныг худалдах-худалдан авах гэрээг хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Гүнтэлмэн ХХК нь Ц.Батчимэгт 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр BEIBEN маркийн 2011 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн өөрөө буулгагчийг худалдсан болох нь хэрэгт авагдсан худалдах-худалдан авах гэрээ, техник хүлээлцсэн акт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр худалдах-худалдан авах гэрээгээр зээлээр авсан барааны төлбөрийг барааг худалдан авснаас хойш 2018 оны 6 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн хооронд байгуулагдсан дээрх гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх ба нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хэдийгээр хариуцагч нь ... ковш авахдаа гэрээ хийсэн BEIBEN маркийн 29-14 УНС өөрөө буулгагч дээр гэрээ хийгээгүй тус шүүхэд өгсөн гэрээ нь хуурамч, Гүнтэлмэн ХХК нь миний ковш буюу буулгагчийн гэрээний сүүлийн хуудас буюу гарын үсгийг зурсан хэсгийг оруулж нүүр хуудсыг өөрсдөө дур мэдэн зохион үйлдсэн, уг BEIBEN маркийн тээврийн хэрэгсэл нь эвдрэлтэй байсан, энэ тухай байнга утсаар хэлж мөнгөө нэхдэг байсан, засууллаа гэхэд 18.000.000 төгрөг болно гэж засварчин хэлсэн ... гэх тайлбарыг гаргаж байгаа ч үүнийгээ баримтаар нотолж чадаагүй.

Зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд ямар нэгэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүх хариуцагчийн дээрх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 20.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 257.950 төгрөг төлснийг дурьдаж, хариуцагч нараас 257.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Батчимэгээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 20.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гүнтэлмэн ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Гүнтэлмэн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Батчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 257.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гүнтэлмэн ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ