Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 80

 

 

 

 

 

   2018 оны 01 сарын 05 өдөр

       Дугаар 184/ШШ2018/00080

         Улаанбаатар хот

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.Б

Нэхэмжлэгч: М ХХК 

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Сонгинохайрхан дүүргийн ... орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр  сарын 09-ний өдөр хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК, Э.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх албанд төлбөр авагч Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон төлбөр төлөгч “М” ХХК-тай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Тус ажиллагаагаар барьцааны зүйл болох СХД ... орон сууцыг бүтүүмжилж, улмаар хураасан билээ. Тухайн орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан төлбөр төлөгчийн өр төлбөрийг барагдуулахаар шийдвэр гуйцэтгэлийн ажиллагаа явуулж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрхи үл хөдлөх эд хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлж, дүгнэлт гаргуулсан байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 10-р сарын 27-ны өдөр ирүүлсэн 3/26595 дугаар мэдэгдэлд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Эрхийн улсын бүртгэлийн Ү-  дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн  ....  орон сууцыг 103,161,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч М ХХКхүлээн зөвшөөрөх бодит боломжгүй байна. Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит үнээс хамаагүй бага, бодит байдалд нийцээгүй гарсан гэж үзэхээр болжээ.

Тус үнэлгээний газрын бодит байдалд нийцээгүй үнэ тогтоосны улмаас анхны дуудлага худалдааны үнэ багаар тогтоогдож, улмаар төлбөр төлөгчид илтэд хохиролтой үнээр 2 дахь дуудлага худалдаанд орох магадлалтай юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-д "Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж, 55.7-д "Талууд эд хөронгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж тус тус заасан байдаг.  Ийм учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гомдол гаргаж байгаа юм.

Иймд дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн 2017 оны 10-р сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг буюу эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан ... орон сууцыг 103,161,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Дээрх Сонгинохайрхан дүүргийн .... орон сууцыг 103,161,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг орон сууц нь 3 хүний өмчлөлд бүртгэлтэй байдаг. Сүүлд засвар хийгдсэн байр юм. Үнэлгээг хийлгэхдээ Хөрөнгийн үнэлгээний төвийг шинжээчээр томилон дүгнэлт гаргуулсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу шинжээчийг дуудан ирүүлж, эрх үүрэг тайлбарлан өгч, хууль сануулж гарын үсэг зуруулж байж дүгнэлт гаргуулах ёстой. Гэтэл тийм ажиллагааг хийгээгүйгээс гадна шинжээч нь дүгнэлтийн зөвхөн төгсгөл хэсэгт гарын үсэг зурсан байдаг. Дүгнэлтийн хуудас нэг бүр дээр гарын үсэг зураагүй тул дүгнэлт эргэлзээтэй гэж үзэж байгаа. Үнэлгээг тухайн орон сууцны зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн. 

            Уг орон сууц нь гэр бүлийн дундын өмч байгаа учир гэр бүлийн гишүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Эдгээр хүмүүсээс зөвшөөрөл аваагүй байдаг. Нэхэмжлэгч маань шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө төлж байгаа учир заавал орон сууцыг дуудлага худалдаанд оруулах шаардлага байхгүй. Хөрөнгийн өмчлөгч нарт энэ нь хүндээр тусч байгаа.

Энэхүү үнэлгээг хийлгэхдээ хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээг хийсэн шинжээчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу шинжээч томилсон тогтоол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дүгээр зүйлийг дурьдсан байсан. Энэ шинжээчид хуульд заасныг дагуу эрх үүрэг тайлбарлаж өгөөгүй гэж үзэж байна. Шинжээч бол шинжээчийн дүгнэлтийн төгсгөл дээр нь гарын үсгээ зураад үнэлгээнийхээ тамгыг дарсан байсан. Дүгнэлтийг хүргүүлж байгаа албан тоотыг тухайн байгууллагын захирал н.Зоригт гэж хүн явуулсан байсан. Бусад хуудаснууд дээр нь ямар нэгэн гарын үсэг, тамга тэмдэг байхгүй байгаа. Шүүхийн шинжилгээний тухай хуулиар бол шинжээчийн дүгнэлтийн хуудас бүрийг баталгаажуулдаг байх ёстой. Ийм учраас бид нар шинжээчийн дүгнэлтийг хуулийн шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээг хийхдээ тухайн үнэлгээг хийлгэж байгаа объектынх нь өмчлөл эзэмшил ашиглалтынх нь талаар тодорхой зүйлийг дурдах ёстой байх гэж үзэж байна. Энэхүү хөрөнгийг анх хураагаад Ш.Д-т хадгалуулав гэж тогтоол дээрээ бичээд хурааж авахдаа Э.Бээс хурааж авсан. Энэ нь өөрөө өмчлөгч нараас нь хураах эзэмшигч нараас нь хураах ийм үйл ажиллагаа алдагдсан байгаа. Иймээс үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “М” ХХКомпаний шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1556 дугаар шйидвэрээр “М” ХХКомпаниас 68,502,740 төгрөгийг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн ... орон сууцыг 2002 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17271201/05 тоот хураах тогтоолоор хураан авсан.

Хураасан эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны үнэлгээг тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг явуулахад төлбөр төлөгч “М” ХХКомпани болон үүсгэн байгуулагч Э.Б 200,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн, хамтран өмчлөгч Ш.Дондов, Ч.Сувдаа нар 250,000,000 төгрөгөөр үнэлж, зөрүүтэй үнийн санал гарган харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн шинжээч томилж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХКомпаниар 103,161,000 төгрөгөөр тогтоолгосон байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.” гэж заасны дагуу үнэлгээчний тогтоосон 103,161,000 / нэг зуун гурван сая нэг зуун жаран нэгэн мянган төгрөг/-ийн 70 хувиар буюу 72,212,700 /дөчин нэгэн сая гурван зуун мянган төгрөг/-өөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээний мэдэгдлийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор өөрийн хөрөнгийг үнэлгээнд зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болох талаарх мэдэгдлүүдийг төлбөр төлөгч, хамтран өмчлөгч нарт 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 3/26594, 3/26595, 3/26592, 3/26593 тоот албан бичгүүдээр хүргүүлж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл хөтөлсөн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч “М” ХХКомпаний гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 30-ны өдрийн 1556 дугаарт шийдвэрээр М ХХК-аас 68,502,740 төгрөг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банканд олгохоор шийдвэрлэж, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй бол  барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн  хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан байдаг. Уг шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллага явуулж, барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг .... орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хураасан. Хураасан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээг тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад М ХХКболон захирал Э.Б нь 200.000.000 төгрөгний үнийн санал гаргасан. Хамтран өмчлөгч Ш.Дондов н.Сувдаа нар нь 250.000.000 төгрөгний үнийн санал ирүүлж хоорондоо харилцан тохиролцоогүй зөрүүтэй үнийн санал ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл болон 55 дугаар зүйлийг үндэслэл шинжээч томилж хөрөнгийн үнэлгээний төвөөр 103.161.00 төгрөгөөр үнэлгээг тогтоолгосон байгаа. Үнэлгээг  тогтоолгохдоо шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрх үүргийг танилцуулаад гарын үсэг зуруулж авсан байгаа. Иргэний хуулийн 177 дугаар зүлийн 177.1-д заасны дагуу Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасныг баримтлан 70 хувиар тооцон 72.212.700 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоох болохыг мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу өөрийн хөрөнгийг худалдан борлуулах эрхтэй болохыг танилцуулж шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэлдээ баталгаажуулсан байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасан журмын дагуу явагдсан. Хуулиар тогтоосон ямар нэгэн журам зөрчөөгүй болно. Иймд нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК, Э.Б нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 дугаар байрны 81 тоот, 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 103,161,000 төгрөгөөр үнэлсэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үнэлгээ хийхдээ орон сууцыг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн, худалдан авсан үнэ болон нэмэлт засвар хийсэн үнэлгээг тооцоход 200,000,000 орчим төгрөгийн үнэлгээтэй байхад 103,161,000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй, шинжээч дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчиж дүгнэлт гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, орон сууцны үнэлгээний талаар санал асуусан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь зөрүүтэй үнийн санал ирүүлж, үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан тул хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2016/01556 дугаартай шүүхийн шийдвэрээр М ХХК-иас 68,502,468.51 төгрөгийг гаргуулан Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Ү-2201006061 улсын бүртгэлийн дугаартай, №000323545 гэрчилгээ бүхий Сонгинохайрхан дүүргийн ....орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөх талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид мэдэгдэж байсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх тухай мэдэгдлээр тогтоогдож байх бөгөөд зохигч талууд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд зааснаар явуулсан гэдэгтэй маргаагүй байна. .

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Э.Бээс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд барьцаа хөрөнгө буюу орон сууцыг 200,000,000 төгрөгөөр үнэлж байгаа тухай үнийн саналыг, өмчлөгч Ш.Дондов, Ч.Сувдаа нар 250,000,000 төгрөгөөр үнэлэх тухай үнийн саналыг гаргасан ба төлбөр авагч Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас  2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлбөр төлөгч, өмчлөгч нар орон сууцны үнийг зөрүүтэй үнийн санал өгсөн тул хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж зааснаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан талуудын хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоолоор тус тус тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 284 дугаартай “Шинжээч томилох тухай” шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төвийг шинжээчээр томилсон байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулахаар шинжээчийн томилон оролцуулж болно. Гагцхүү шинжээч нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлана. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх ажиллагааг явуулахдаа “Шинжээч томилох тухай” 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 284 дугаартай тогтоолд энэ талаар дурдсан боловч дээрх хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна. Хавтаст хэргийн 50-р талд авагдсан шинжээч томилсон тогтоолын төгсгөлд “ТАНИЛЦСАН:ШИНЖЭЭЧ” гэх хэсэгт таталсан гарын үсэг зурагдсан байх бөгөөд энэ нь Хөрөнгийн үнэлгээний төвийн гаргасан хөрөнгийн үнэлгээг хийсэн үнэлгээний мэргэжилтэн Д.Нямлхагвын үнэлгээний тайланд бичигдсэн гарын үсгээс өөр байх ба дээрх үнэлгээг хийсэн шинжээчид хуульд заасны дагуу эрх үүргийг тайлбарлан өгч гарын үсэг зуруулах ажиллагааг хийсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд хариуцагч нь Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмыг зөрчиж, шинжээч томилж дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Үнэлгээний талаарх мэдэгдлийг нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, улмаар 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гаргажээ.

 

 Шүүх дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо, 27 байрны 81 тоотод байрлах 48 м.кв, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

 Тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №184/ШЗ2017/13012 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол түдгэлзүүлсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар нэхэмжлэгч М ХХК, Э.Б нарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо, 27 байрны 81 тоотод байрлах 48 м.кв, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Б, М ХХК нарт олгосугай.

 

3.Тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №184/ШЗ2017/13012 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.НЯМСҮРЭН