Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 715

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “М” ХХК болон Э.Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2018/00080 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “М” ХХК болон Э.Б- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байрны 81 тоотод байрлах 48 м.кв, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байрны 81 тоотод байрлах 48 м.кв, 4 өрөө орон сууцыг 103 161 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Уг орон сууц нь 3 хүний өмчлөлд бүртгэлтэй бөгөөд засвар хийгдсэн байр юм. Үнэлгээг хийлгэхдээ Хөрөнгийн үнэлгээний төвийг шинжээчээр томилон дүгнэлт гаргуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу шинжээчийг дуудан ирүүлж, эрх үүрэг тайлбарлан өгч, хууль сануулж гарын үсэг зуруулж дүгнэлт гаргуулах ёстой. Гэтэл уг ажиллагааг хийгээгүйгээс гадна шинжээч нь дүгнэлтийн зөвхөн төгсгөл хэсэгт гарын үсэг зурсан. Дүгнэлтийн хуудас нэг бүр дээр гарын үсэг зураагүй тул дүгнэлт эргэлзээтэй гэж үзэж байгаа. Үнэлгээг тухайн орон сууцны зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн. Уг орон сууц нь гэр бүлийн дундын өмч бөгөөд гэр бүлийн гишүүдийн эрх ашиг хөндөгдөж байна. Гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл аваагүй. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө төлж байгаа тул заавал орон сууцыг дуудлага худалдаанд оруулах шаардлагагүй. Үнэлгээг хийлгэхдээ хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээг хийсэн шинжээчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасны дагуу шинжээч томилсон тогтоолд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг дурдсан. Шинжээч нарт хуульд заасны дагуу эрх үүрэг тайлбарлаж өгөөгүй. Шинжээчийн дүгнэлтийн төгсгөлд шинжээч нь гарын үсгээ зураад үнэлгээнийхээ тамгыг дарсан байсан. Бусад хуудсууд дээр ямар нэгэн гарын үсэг, тамга тэмдэг байхгүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулиар бол шинжээчийн дүгнэлтийн хуудас бүрийг баталгаажуулдаг байх ёстой. Ийм учраас бид нар шинжээчийн дүгнэлтийг хуулийн шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээг хийхдээ тухайн үнэлгээг хийлгэж байгаа обьектынх өмчлөл эзэмшил ашиглалтынх нь талаар тодорхой зүйлийг дурдах ёстой байх гэж үзэж байна. Энэхүү хөрөнгийг анх хураагаад Ш.Дондовт хадгалуулав гэж тогтоол дээрээ бичээд хурааж авахдаа Э.Б-ээс хурааж авсан. Энэ нь өөрөө өмчлөгч нараас нь хураах эзэмшигч нараас нь хураах ийм үйл ажиллагаа алдагдсан байгаа. Иймээс үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1556 дугаар шйидвэрээр “М” ХХК-аас 68 502 740 төгрөгийг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 27 дугаар байрны 81 тоот, 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17271201/05 тоот хураах тогтоолоор хураан авсан. Хураасан эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны үнэлгээг тогтоохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг явуулахад төлбөр төлөгч “М” ХХК болон үүсгэн байгуулагч Э.Б- 200 000 000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн, хамтран өмчлөгч Ш.Дондов, Ч.Сувдаа нар 250 000 000 төгрөгөөр үнэлж, зөрүүтэй үнийн санал гарган харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн шинжээч томилж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аар 103 161 000 төгрөгөөр тогтоолгосон. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон 103 161 000 төгрөгийн 70 хувиар буюу 72 212 700 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээний мэдэгдлийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор өөрийн хөрөнгийг үнэлгээнд зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болох талаарх мэдэгдлүүдийг төлбөр төлөгч, хамтран өмчлөгч нарт 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 3/26594, 3/26595, 3/26592, 3/26593 тоот албан бичгүүдээр хүргүүлж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл хөтөлсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК, Э.Б- нарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байрны 81 тоотод байрлах 48 м.кв, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Б-, “М” ХХК нарт олгож, Тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 184/Ш32017/13012 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 00080 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул давж заалдах гомдол гаргаж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байхад шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч “М” ХХК болон Э.Б- нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан орон сууцыг 103 161 000 төгрөгөөр үнэлсэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан байна.

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2016/01556 дугаартай шүүхийн шийдвэрээр “М” ХХК-иас 68 502 468.51 төгрөгийг гаргуулан Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгож шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байр, 000323545 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006061 дугаарт бүртгэлтэй 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17271201/03 тоот тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж, мөн оны 10 дугаар сарын 17-ны өдөр хураан авсан байна. /хэргийн 27-31, 38, 42 дугаар тал/

 

Төлбөр төлөгч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийн дуудлага худалдаанд санал болгох доод үнийн талаар санал өгсөн ба түүний үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Шинжээч томилох тухай 284 тоот тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байр, 000323545 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006061 дугаарт бүртгэлтэй 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 103 161 000 төгрөгөөр үнэлжээ. /хэргийн 50-64 дүгээр тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч оролцуулахаар, мөн шинжээч нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлахаар, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг үнэлгээчнээр үнэлүүлэхээр тус тус зохицуулсан байна.  

 

Түүнчлэн шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулахаар заасан байхад хариуцагч нь шинжээчид хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан эсэх нь тодорхойгүй байна.

 

Тодруулбал, төлбөр төлөгч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагаатай холбоотой гомдол гаргаж буй тохиолдолд шүүх уг ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг тодруулах шаардлагатай буюу Шинжээч томилсон дээрх тогтоолтой үнэлгээ хийсэн шинжээч өөрөө танилцсан эсэхийг тухайн этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх үндсэн дээр тодруулах нь хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой юм.

 

Нэхэмжлэлд дурдаж буй Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан ажиллагааг явуулаагүй нь үнэлгээчний үнэлгээ тогтоосон ажиллагаанд нөлөөлсөн, үнэлгээг хууль бусаар гаргасан гэх үр дагавар бий болгосон эсэх талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагатай.

 

Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгоно.” гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн 3-аас доошгүй жилийн хугацаагаар олгоно.” гэж тус тус заажээ. Хэргийн 62 дугаар талд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбарыг дахин хуулбарлаж нотариатаар баталгаажуулсан баримт авагдсан байгаа нь уншигдахгүй, юу бичигдсэн болох нь мэдэгдэхгүй байх тул уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл, бичгийн баримтыг эхээр нь, хэрэв эхээр нь өгөх боломжгүй тохиолдолд, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбар уншигдахгүй байхад шаардлагатай гэж үзвэл шүүх эхийг шаардан авах эрхтэй болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглээгүй нь буруу байна.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулж, хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2018/00080 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                  ШҮҮГЧИД                                Д.ЦОГТСАЙХАН

 

                                         С.ЭНХТӨР