Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 00071

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Баянжаргал

Улсын яллагч Э.Ариунболд

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Амгаланбаатар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Амгаланбаатар, хохирогч М.Цэвэлдолгор нарын өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Цэдэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лхагваад холбогдох 201518020250 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймаг Цагаанхайрхан суманд 1995 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдрах, Увс аймаг Цагаанхайрхан сумын 2 дугаар баг, Даланхуруугийн 10-11 тоотод  оршин суух, одоо Дархан-Уул аймаг Дархан сумын 5 дугаар баг, 20-7-18 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бууч овогт Батсайханы Лхагваа.  /РД:ОС95052419/

 

Шүүгдэгч Б.Лхагваа нь 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчимд Б.Эрдэнийн эзэмшлийн 27-44 ДАХ улсын дугаартай Истана маркийн бага оврын ачааны тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбааатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутагт замын хөдөлгөөний дүрэм зөрчин эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан 09-46 УНҮ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаснаас Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 81 настай Я.Дулмаа нас барсан, иргэн М.Цэвэлдолгорын бие махбодид хүнд, иргэн Д.Рэнцэнхорлоогийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан, 09-49 УНҮ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан О.Амаржаргалын бие махбодид хөнгөн, 27-44 ДАХ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Э.Долгионы бие махбодид хүндэвтэр, иргэн Б.Баярцэцэгийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан, Цагдаагийн ерөнхий газрын авто баазын 09-49 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 16380000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Лхагваагийн өгсөн……2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн үед Улаанбаатар хотоос Дархан чиглэлд Истана маркийн 27-44 ДАХ улсын дугаартай авто машиныг жолоодон эгч Долгион, дүү Баярцэцэг нарын хамт явсан юм. Хамгийн сүүлд Тахилтын даваан дээр гарч ирснээ санаж байна. Тэнд хуушуур бууз идэх гэж байснаа болиод замдаа ороод явсан. Үүнээс хойш юу болсон процесс үйл явдлыг сайн санахгүй байна. Ухаан ороход Улаанбаатар хотын гэмтэл согог сувиллын тархи мэдрэлийн тасагт хэвтэж байсан. Зүүн чихний урд 9 оёо тувиулсан байсан. Болсон үйл явдал процессыг асуухад ээж Бадамханд хүний амь нас хохирсон, хүмүүс гэмтсэн талаар бүгдийг хэлж өгсөн. Миний буруугаас ийм осол болсонд гүнээ харамсаж хохирогч нараас уучлалт гуйж байна гэх мэдүүлэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Амгаланбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн..... Би тухайн үед Баянхонгор аймаг Гурванбулаг суманд алтны уурхайд ажил дээрээ байсан юм. 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчим ослын талаар үеэл ах Ганболдоос утсаар мэдсэн. Тэгээд би ажлаас чөлөө аваад Дархан-Уул аймагт ирээд цааш Ерөө сум руу явж эмээгийнхээ ажил явдалд нь оролцсон. Түрүүчийн шүүх хурлын шийтгэх тогтоолоор 9904400 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснээс Б.Лхагваа 5 сая төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 4904400 төгрөг дээр хэрэг мөрдөн байцаалтад буцсанаас хойш нааш цааш явсан замын зардал 173200 төгрөгийг нэмээд 5077600 төгрөг болж байгаа. Үүнээс даатгалын байгууллагаас өгсөн 2.2 сая төгрөгийг хасаад 2877600 төгрөгийг Б.Лхагваагаас нэхэмжилж байна. Б.Лхагваа нь ер нь бидэнтэй нэг их холбоо бариад байдаггүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч М.Цэвэлдолгорын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн…… 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Улаанбаатар хот орохоор Соната-7 маркийн машинд сууж явсан. Машиныг О.Амаржаргал жолоодож жолоочийн хажууд талийгаач ээж Я.Дулмаа сууж би арын суудалд сууж явсан. Замдаа явж байтал Баруунхараагаас нэг хүн гар өргөхөөр нь суулгаж авч явсан. Тэгээд Баруунхараагаас нааш хөдлөөд явсан боловч би осолд хаана хэдийд орсноо мэдэхгүй байна. Дархан-Уул аймгийн гэмтлийн эмнэлэгт 3 хоног ухаангүй сэхээн амьдруулах тасагт байсан. 4 дэх хоногоос ухаан орж Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг рүү шилжсэн. Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт 20 хоног хэвтсэн. Ослын улмаас миний хүзүү, тархи, нуруу, дал, эгэм, хавирга зэрэгт гэмтэл учирсан. Би 3 сарын хугацааны турш төмөр хантаазтай суугаагаараа зовж шаналж байсан. Би нийт 16461000 төгрөг нэхэмжилснээс 2030350 төгрөгийг хохиролд авсан. Одоо үлдэх 14369711 төгрөгийг нэхэмжилж байна. Одоо миний биеийн байдал маш хүнд байна. Насан туршийн өвчтэй боллоо. Миний хувьд гомдолтой байна гэх мэдүүлэг

Иргэний нэхэмжлэгч О.Амаржаргалын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн……. Миний бие нь 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Улаанбаатар хот орохоор Соната-7 маркийн 09-49 УНҮ улсын дугаартай авто машиныг жолоодож Цэвэлдолгор эгч, талийгаач Дулмаа нарын хамт явсан юм. Өдөр 12 цагийн үед гараад Баруунхараад 15 цагийн үед ирэхэд нэг эгч гар өргөөд зогсож байхаар нь аваад цааш явсан. Бороо гоулдын байдаг уул орчим луу өгсөж явахад өөдөөс 3-4 машин цуваад явж байсан. Тэгтэл урсгал дундаас Истана маркийн машин гарч ирээд урсгал сөрж миний явж байсан урсгалд өөдөөс шууд орж ирээд мөргөсөн. Осол болоход Цэвэлдолгор эгч, талийгаач Дулмаа хоёр жалганд хэвтэж байсан. Цэвэлдолгор эгч орилохоор нь би очсон. Удалгүй эмнэлэг цагдаа ирсэн. Ослын улмаас миний биед хөнгөн гэмтэл учирсан. Хүзүү нуруу хөшөөд хөдөлж болохгүй байсан. Би Цэвэлдолгорын ээжийн ажил явдалд зориулж нэг сая төгрөг бэлнээр өгсөн. Үүнийгээ би Б.Лхагваагаас нэхэмжилж байна гэх мэдүүлэг

Иргэний хариуцагч Б.Эрдэнийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн…… Би Батсайханы Лхагваагийн аавынх нь дүү юм. 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Б.Лхагваа нь надаас миний Истана маркийн 27-44 ДАХ улсын дугаартай авто машиныг унаж Улаанбаатар хот явъя гэж гуйсан. Жолоочийн хариуцлагын даатгал нь Б.Лхагваагийн нэр дээр хийгдсэн байдаг юм. Яагаад гэхээр урд өмнө нь ийш тийш юманд авч яваад хэрэглээд байдаг болохоор хариуцлагын даатгалыг Лхагваа болон бусад нэр бүхий 5 хүний нэр дээр хийгдсэн байсан. Тухайн үед Б.Лхагваа нь бөөгийн ажлаар явна гэж байсан ба урд өмнө нь юманд авч яваад зүгээр байдаг байсан болохоор өгсөн. 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос гарлаа гэж Лхагваа над руу утсаар ярьж мэдэгдсэн. Би ажлааа хийгээд байж байтал Баруунхараагийн цагдаагаас манай төрсөн дүү Алтанхуяг руу ярьж осол болсон талаар мэдэгдсэн байсан. Тэгээд би төрсөн дүү Алтанхуяг, Лхагваагийн аав нарын хамт осол болсон газарт очсон. Намайг очиход Лхагваа нь эсрэг урсгалд ороод машин мөргөөд онхолдсон байсан. Лхагваа нь Баруунхараагийн цагдаа дээр байхаар нь очиж уулзахад юугаа ч мэдэхгүй ухаан нь орж гараад байгаа бололтой байсан. Тэгээд бид нар хохирогч талын хүмүүс дээр Дарханы эмнэлэгт очиж Цэвэлдолгорын охинтой нь уулзаж бидний зүгээс нэг сая төгрөг өгөхөд аваагүй. Миний хувьд бол хохирол төлөх боломжгүй юм гэх мэдүүлэг

Хохирогч Э.Долгионы мөрдөн байцаалтад өгсөн..... 2015 оны 07 сарын 19-ний өдөр Б.Лхагваа, Б.Баярцэцэг нарын хамт 27-44 ДАХ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот руу Б.Лхагваагийн бөөгийн ажлаар явсан юмаа. Тэгээд 2 хоногийн турш Б.Лхагваагийн багш болох Наранцэцэгийн сахиусны гэрийн гадаа 2 хоног хүлээж байгаад 2015 оны 07 сарын 20-ны орой уулзчихаад маргааш нь буюу 2015 оны 07 сарын 21-ний өдрийн 15-16 цагийн үед Б.Лхагваа, Б.Баярцэцэг нарын хамт 27-44 ДАХ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслээр Дархан хот руу гарсан юмаа. Тэгээд Сэлэнгэ аймаг гэсэн хөшөө өнгөрөөд Баруунхараа дөхөөд явж байсан би утсаа гаргаж аав руу залгах гээд оролдоод явж байгаад зам руу харсан чинь өөдөөс хар өнгийн тээврийн хэрэгсэл ирж байсан тэр машинтай мөргөлдөөд зам тээврийн осол болсон нэг мэдэхэд тээврийн хэрэгсэл хажуу талаараа унасан байсан. Тэгээд би тээврийн хэрэгслээс гарах гэж байтал хэдэн залуучууд ирээд намайг гаргасан. Дараа нь Б.Баярцэцэг, Б.Лхагваа нарыг гаргасан юмаа гэх мэдүүлэг /Хх-ийн 38 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Д.Рэнцэнхорлоогийн мөрдөн байцаалтад өгсөн..... 2015 оны 07 сарын 21-ний өдрийн 16 цаг өнгөрч байхад би Улаанбаатар хотруу эмнэлэгт хэвтэхээр явах болчихоод Баруунхараагийн төв замын хажууд rap өргөөд 09-49 УНҮ улсын дугаартай хар өнгийн соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд суусан юм. Тэгээд Баруунхараа өнгөрөөд Баянцогт уулыг нилээд өнгөрөөд явж байтал өөдөөс урсгал сөрөөд цагаан саарал Истана маркийн тээврийн хэрэгсэл ирсэн. Миний сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч аль тийшээ жолоо дарсныг мэдэхгүй байна жолоогоо нэг тийш нь дарах шиг болсон нэг мэдэхэд би ухаан алдаад сэрсэн бололтой газар сууж байсан. Цагдаа нар ирчихсэн удалгүй эмнэлгийн машин ирээд намайг аваад явсан юмаа гэх мэдүүлэг /Хх-н 45 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Л.Содхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн……. Надад болсон асуудлын талаар мэдэх зүйл алга. Албаны 09-49 УНҮ улсын дугаартай соната-7 маркийн тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд орсон талаар сонссон юм. 09-49   УНҮ улсын дугаартай хар өнгийн соната-7 маркийн тээврийн хэрэгсэл нь Цагдаагийн ерөнхий газрын авто баазад бүртгэлтэй тээврийн хэрэгсэл Уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжилж байна. Уг тээврийн хэрэгслийг яаралтай хугацаанд ажилд бэлэн болгох шаардлагатай байгаа юм. Шүүх хуралд суухгүй гэх мэдүүлэг /Хх-ийн 56-57 дугаар хуудас/

   Гэрч Б.Мягмардоржийн мөрдөн байцаалтад өгсөн…. 2015 оны 07 сарын 21-ний өдөр би өөрийн 30-74 УНВ улсын дугаартай ногоон өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Улаанбаатар хотоос Эрдэнэт хот руу цуг ажилладаг Цогт-Очир, Баярмагнай, Төрмандах нарын хамт 4-лээ 14 цаг өнгөрч байхад гарсан юмаа. Тэгээд замд Сэлэнгэ аймаг гэсэн хөшөөний тэндээс 27-44 ДАХ улсын дугаартай цагаан саарал өнгийн истана микро автобус маркийн тээврийн хэрэгслийн ард явж байсан. Тэгсэн уг тээврийн хэрэгсэл нь нэг бол хэт хурдан яваад эсвэл хэт удаан ойролцоогоор 20, 30 км/цагийн хурдтай яваад байсан юм. Тэгээд Сэлэнгэ аймаг Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг дэвсгэр “Нарийн хөндий” гэх газар Улаанбаатар хот чиглэлийн төв асфальтан зам дээр 27-44 ДАХ улсын дугаартай цагаан саарал өнгийн истана микро автобус Улаанбаатар хот руу явдаг зорчих хэсгийн урсгал руу сөрж ороод замын хөвөө хэсэгт орсноо гэнэт асфальт замруугаа жолоогоо дараад өөдөөс нь ирж байсан хар өнгийн соната-7 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн юм. Бид нар машинаа зогсоогоод мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдэд зорчиж явсан хүмүүсийг тээврийн хэрэгслээс нь буулгасан удалгүй цагдаа эмнэлгийнхэн ирээд гэмтсэн хүмүүсийг аваад явсан юмаа гэх мэдүүлэг /Хх-н 58 дугаар хуудас/

   Гэрч Б.Баярцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн…. 2015 оны 07 сарын 18-ны өдөр Увс аймгаас Дарханд байдаг ах Б.Эрдэнийнд ирсэн. 2015 оны 07 сарын 19-ний өдөр хамаатны ах Б.Лхагваа, эгч Э.Долгион нарын хамт Улаанбаатар хот руу Б.Лхагваа ахын багш бөө Наранцэцэгээс юм асуухаар болоод Б.Эрдэнэ ахын 27-44 ДАХ улсын дугаартай цагаан саарал өнгийн истана маркийн тээврийн хэрэгслийг Б.Лхагваа ах жолоодоод бид 3 Дарханаас гарсан юмаа. Улаанбаатар хотод очоод 2 хоноод 2015 оны 07 сарын 21-ний өдрийн хэдэн цагт гэдгийг нь сайн санахгүй байна өдөр болсон байсан. Тэгээд бид 3 27-44 ДАХ улсын дугаартай цагаан саарал өнгийн истана маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан юм. Тэгээд замд явж байхад би унтсан замдаа нэг зогсож бие зассан тэгээд явж байтал Э.Долгион эгч гэнэт орилохоор нь би хальт урагшаа хартал өөдөөс нэг машин ирж байсан нэг мэдэхэд осол болсон намайг сэрэхэд би Дарханы эмнэлэгт ирсэн байсан юмаа гэх мэдүүлэг /Хх-ийн 62 дугаар хуудас/

                Шинжээчийн 2015 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 75 дугаар дүгнэлтээс…

                1.Хариулт: Истана маркийн 2744 дах улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Лхагваа нь МУ-ын ЗХД-ийн 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2.Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргав.

                2.Хариулт: X.Соната-7 маркийн 09-49 унү улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Амаржаргал нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчөөгүй.

               3.Хариулт: Хариулт нэгээр хариулагдсан. Истана маркийн 2744 дах улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Лхагваа нь зөрчсөн гэж үзэв гэх /Хх-ийн 67 дугаар хуудас/

   Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 140….. Дүгнэлт:

              1.Долгионы биед зүүн хөлийн 5-р хуруу арын үзүүр сэлтэрсэн хугаралтай, зүүн хөлийн тавхайн дээд хэсэгт язарсан шарх, зүүн гарын бугалга, тохойн үе, баруун хөлийн шилбэнд цус хуралт, зүүн өвдөг, шилбэ, шагайн гадна хэсгээр зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх /Хх-ийн 76 дугаар хуудас/

           Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 147….. Дүгнэлт:

           1.Баярцэцэгийн биед баруун нүдний доод зовхинд цус хуралт, нурууны ар доод хэсгээр зулгаралт, хүзүүний баруун хажуу хэсэг, баруун ташаан ар хэсэгт сорви, нүүрний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх /Хх-ийн 85 дугаар хуудас/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 6738….. Дүгнэлт:

           1.Шинжилгээнд ирүүлсэн Б.Лхагваагийн гэх цусанд спиртийн зүйл илрээгүй гэх /Хх-ийн 103 дугаар хуудас/

           Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 11141….. Дүгнэлт:

1. Цэвэлдолгорын биед хүзүүний 1-р нугаламын хугарал мултрал, цээжний баруун 1,2,3,4-р хавирганы хугарал, баруун хацар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д заагдсанаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг хэрхэн алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

            5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх /Хх-ийн 111 дүгээр хуудас/

           Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 11154….. Дүгнэлт:

           1. Б.Лхагваагийн биед тархины баруун зүүн хажуугийн ховдлын цус хуралт, тархи доргилт, зүүн чихний урд хэсгийн шарх, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

           4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөхөгүй гэх /Хх-ийн 118 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт ¹ 35….. Дүгнэлт:

            1. Талийгаач Я.Дулмаагийн биед гавал тархи, цээж, мөчдийн хавсарсан гэмтэл: баруун нүдний ухархайн дээд хананд цууралт, баруун зүүн талын олон хавирганы нэг болон хоёрлосон хугарал, шуу, 2 өвдөгний үений дээд хэсгээр хугаралтай. 3. Зүүн гарын шуу, баруун зүүн хөл өвдөгний үений дээд хэсгээр хугарал, эрүүний зүүн хажуу хэсэг, баруун гарын алганы ар хэсэг, зүүн гарын 2,3,4-р хуруу, 2 өвдөгний үе, баруун хөлийн шилбэнд шарх, толгойн хуйх, зүүн хөлийн өвдөгний үенд цус хуралт, дух нүүр хэсэгт нилэнхүйдээ, зүүн эгэмний дунд хэсэг, өвчүүний дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. Амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл юм.

            3. Талийгаач Я.Дулмаа нь гавал тархи, цээж, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

            4. Талийгаачийн биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

            5. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ гэх /Хх-ийн 129 дүгээр хуудас

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 11272….. Дүгнэлт:

1. 0.Амаржаргалын биед тухайн үед баруун нүдний доод зовхинд шарх, баруун бугалга, зүүн мөр, нуруунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

           3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

            4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхүй гэх /Хх-ийн 141 дүгээр хуудас /

           Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 164….. Дүгнэлт:

            1. Рэнцэнхорлоогийн биед тархи доргилт, 2 хөлийн гуяны доод хэсэгт шарх, өвдөг орчмын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

            4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх /Хх-ийн 148 дугаар хуудас/

           Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт ¹ 725 …. Дүгнэлт: Комиссийн гишүүд дараах дүгнэлтийг санал нэгтэй гаргав.

           1.Б.Лхагваа нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдах чадвартай байсан байна.

            2.Б.Лхагваа нь одоо “F07.2 Тархины доргилтын дараахи хам шинж , өмнөх-хойтох ойгүйдэл” эмгэгтэй байна. Б.Лхагваад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

            3.Б.Лхагваа нь сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна.

           4.Б.Лхагваа нь хэргийн талаар мэдүүлэг өгөх чадваргүй байна.

            5.Б.Лхагваа нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэх /Хх-ийн 165 дугаар хуудас/

           Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /Хх-н 03-04 дүгээр хуудас/

           Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 05-17 дугаар хуудас/

           09-49 УНҮ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 21 дүгээр хуудас/

27-44 ДАХ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 22-24 дүгээр хуудас/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /Хх-н 27 дугаар хуудас/

27-44 ДАХ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг гэрчилгээний хамт эд мөрийн баримтаар тооцож хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /Хх-н 31-33 дугаар хуудас/

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ /Хх-н 36, 156-157 дугаар хуудас/

            09-49 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын үнэлгээг гаргасан Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний тайлан /Хх-н 154 дүгээр хуудас/

           Б.Лхагваагийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 187 дугаар хуудас/

Б.Лхагваа нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 193 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Д.Рэнцэнхорлоо, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Амгаланбаатар, хохирогч М.Цэвэлдолгор нарын хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 211-227 дугаар хуудас/

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн М.Цэвэлдолгорын эмчилгээний болон бусад гарсан зардалд 925750 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Амгаланбаатарын нааш цааш явсан зардал 173200 төгрөгийг нэхэмжилсэн баримтууд, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн тухай 2 ширхэг банкны баримт  зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Лхагваа нь 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчимд Б.Эрдэнийн эзэмшлийн 27-44 ДАХ улсын дугаартай Истана маркийн бага оврын ачааны тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбааатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутагт замын хөдөлгөөний дүрэм зөрчин эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан 09-46 УНҮ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаснаас Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 81 настай Я.Дулмаа нас барсан, иргэн М.Цэвэлдолгорын бие махбодид хүнд, иргэн Д.Рэнцэнхорлоогийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан, 09-49 УНҮ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан О.Амаржаргалын бие махбодид хөнгөн, 27-44 ДАХ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Э.Долгионы бие махбодид хүндэвтэр, иргэн Б.Баярцэцэгийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан, Цагдаагийн ерөнхий газрын авто баазын 09-49 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 16380000 төгрөгийн хохирол учирсан  болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Б.Лхагваа нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгосон боловч хүний амь нас хохирсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд прокурор энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  нь тохирсон байна.  

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгч Б.Лхагваагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан тодорхой хугацаагаар хасч, хорих ялаар шийтгэх, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Амгаланбаатар нь шүүх хуралдаанд нааш цааш явсны зардалд шинээр 173200 төгрөгийг нэмж нийт 2877600 төгрөгийг, хохирогч  М.Цэвэлдолгор нь шүүх хуралдаанд шинээр 925750 төгрөгийн эмчилгээний болон бусад гарсан зардлыг тус тус нэхэмжилснээс  гаргаж өгсөн нотлох баримтыг тооцож үзээд шүүгдэгч Б.Лхагваагаас 2797600 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Т.Амгаланбаатард, 7241210 төгрөгийг гаргуулж хохирогч М.Цэвэлдолгорт олгох, хүү Т.Амарсайханы цалин 2 сая төгрөгийг нэхэмжилсэн болон нотлох баримтын шаардлага хангахгүй зарим зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Мөн Цагдаагийн ерөнхий газрын авто баазаас 09-49 УНҮ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд нэхэмжилсэн 16380000 төгрөгнөөс тээврийн хэрэгслийн эвдэрч гэмтсэнийг засаж сэргээхэд гарах ажлын хөлс 1670000 төгрөгийг, мөн даатгалын байгууллагаас өгсөн 1000000 төгрөгийг тус тус хасч тооцон үлдэх 13710000 төгрөгийг шүүгдэгч Б.Лхагваагаар төлүүлэх үндэслэлтэй байна.

 

Харин иргэний нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газрын авто бааз нь тээврийн хэрэгслийн эвдэрч гэмтсэнийг тухайн үнэлүүлсэн байгууллагаар засаж сэргээлгэсэн тохиолдолд ажлын хөлсний зардлаа  иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Иргэний нэхэмжлэгч О.Амаржаргалын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд О.Амаржаргал нь талийгаач Я.Дулмаагийн оршуулгын ажилд зориулж өөрийн сэтгэлээр өгсөн нэг сая төгрөгөө шүүгдэгч Б.Лхагваагаас нэхэмжилснийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

27-44 ДАХ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Бүдхүүгийн Эрдэнэ мөн болох нь тээврийн хэрэгслийн ¹ 00814579 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар зам тээврийн ослоос бусдад учирсан хохирлын зохих хувийг тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу иргэний хариуцагч Б.Эрдэнээр төлүүлэх нь зүйтэй гэсэн хохирогчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь 27-44 ДАХ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгалд Б.Лхагваагийн нэр байх тул зам тээврийн ослын улмаас бусдад учирсан хохирлыг зөвхөн шүүгдэгч Б.Лхагваа хариуцах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Иймд иргэний хариуцагч Б.Эрдэнийн өмчлөлийн ¹ 080125932 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ү-2003005574 дугаартай 29 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Лхагваагийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, гэм хорыг арилгаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжгүй учраас хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Б.Лхагваад торгох ялыг оногдуулаад Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж торгох ялаас хасч тооцох саналыг гаргасан ба Б.Лхагваа нь өөрийн гэсэн өмч хөрөнгө, орлогогүй, хохирол бүрэн төлөөгүй байх тул торгох ялыг оногдуулах боломжгүй байна гэж дүгнэв.

 

Хохирогч М.Цэвэлдолгор нь зам тээврийн ослын улмаас өөрт учирсан гэмтлээ цаашид эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд зааж өгөх нь зүйтэй байна.

 

Хохирогч Э.Долгион, иргэний нэхэмжлэгч Д.Рэнцэнхорлоо нар нь нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 27-44 ДАХ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл, ¹ 00814579 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч Б.Эрдэнэд буцаан олгох, Б.Лхагваа нь цагдан хоригдсон хоноггүй, ¹ 971614 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсэн болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1. Шүүгдэгч Бууч овогт Батсайханы Лхагвааг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон, бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учирсан, бусдад 16380000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт заасныг баримтлан Б.Лхагваагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч 03 жил 05 хоногийн /гурван жил тав хоног/ хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Б.Лхагваад оногдуулсан 03 жил 05 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Лхагваагийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 141 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27-44 ДАХ улсын дугаартай цагаан өнгийн Истана маркийн бага оврын ачааны автомашин, ¹ 00814579 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Эрдэнэд буцаан олгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Лхагваагаас

 2797600 /хоёр сая долоон зуун ерэн долоон мянга зургаан зуун / төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх тосгоны дэнжийн 1-4 тоотод оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Төмөрбаатарын Амгаланбаатард,

7241210 /долоон сая хоёр зуун дөчин нэгэн мянга хоёр зуун арван/ төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Ерөө сумын 2 дугаар баг, Ногоон довын 1-18 тоотод оршин суух, хохирогч Магсаржавын Цэвэлдолгорд,

13710000 /арван гурван сая долоон зуун арван мянган/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Цагдаагийн ерөнхий газрын авт баазад тус тус олгосугай.

7. Б.Лхагваагийн ¹ 971614 дугаартай BC ангиллын жолоочийн үнэмлэх шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргэгдсэн болохыг дурьдсугай.

8. Хохирогч М.Цэвэлдолгор нь зам тээврийн ослын улмаас өөрт учирсан энэ гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дах хэсэгт заасныг баримтлан газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ ¹ 000086379 дугаартай, ¹ 080125932 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ү-2003005574 дугаартай 29 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай. 

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Лхагваад өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих, Б.Лхагваагийн эдлэх ялыг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.ХЭРЛЭН.