Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
Хэргийн индекс | 184/2018/00025/И |
Дугаар | 184/ШШ2017/00254 |
Огноо | 2018-01-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2017/00254
2018 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 184/ШШ2018/00254 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ....... тоот хаягт байрлах, “Г...” ХХК /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....... тоот хаягт оршин суух, .... овогт ...-ийн М........../РД:......../-д холбогдох
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 хороолол, 22б байр, 105 тоот хаягт байршилтай 40.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Х.Б-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-, түүний өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Г...” ХХК нь 2016 оны 9 сарын 05-ны өдөр иргэн Д.Ц-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 22б байрны 105 тоот хаягт байрлах 40.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 60.000.000 төгрөгөөр худалдан авч өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн. Гэтэл уг байранд Х.Б- гэдэг хүн амьдарч байна. Манай компанийн зүгээс уг байрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж байсан ч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Компанийн өмчлөлийн байрнаас нүүхгүй амьдарч байна. Гэрийн хаягаар нь шаардах хуудас хүргүүлэхэд Х.Б- нь хаалгаа онгойлгож авчихаад юу ч хэлэлгүй хаалгаа хаачихдаг. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-д “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.” гэж заасан тул орон сууцыг Х.Б-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийг үндэслээд албадан гаргах тухай нэхэмжлэлийг гаргасан. Өмчлөлийн чухал элементүүд нь өмчлөгч юм. Бид нар өмчлөгч учраас шаардах эрхтэй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д зааснаар нэхэмжлэл гаргасан. Өмчлөл, эзэмшил хоёрын ялгааг гаргаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч Х.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Х.. овогтой Б.. миний бие Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны 22/б байрны 105 тоотод 1992 оноос хойш гэр бүлийн хамт амьдарч байна. Манай аав болох Б.Х.. нь 2008 оны 5 сарын 23-нд Худалдаа хөгжлийн банктай гэрээ байгуулж Ч.Б, түүний эхнэр Д.Ц-тай хамтарч газар тариалангийн компанийн техник, үр, ногооны зоорь, ажилчдын орон сууц, услалтын систем, цахилгаан шугам, дэд станц барихад зориулж зээл аваад буцаан зээл төлөхөд Ч.Б 2013 оны 4 сарын 19-нд зээлийг төлж барагдуулаад Б.Х..ын эзэмшлийн газар тариалангийн компанийг газар, техник, тоног төхөөрөмж, ногооны зоорь, орон сууц, төмсний үр, бусад байгууламжийг эхнэр Д.Ц-гийн нэр дээр шилжүүлж аваад дээр нь түр хугацааны барьцаанд хүү X.Б..ийн СХД-ийн 29-р хорооны 3 өрөө байр, Х.У..ийн БЗД-ийн 18-р хорооны 2 өрөө байр, СБД-ийн 5-р хороо хотын төвийн 3 өрөө байрыг тус бүр барьцаанд түр хугацаагаар аман тохиролцоо хийж Д.Ц-гийн нэр дээр шилжүүлсэн 350 сая төгрөгийн өрийг бүрэн төлөх боломжтой компанийг намрын ургацтай нь авсан. Байрыг бусдад зарахгүй гэж ам өгч авсан мөртлөө одоо энэ байрнуудаас Х.А болон X.Б.. миний байрыг зарсан байна. Д.Ц- нь түр хугацааны барьцааны нэрээр өөрийн нэр дээр шилжүүлэн аваад залилан хийж намайг төөрөгдүүлж бусдад байрыг дур мэдэн үнэлэн гэрээний үнийг унаган зарж байгаад гомдолтой байна. Миний амьдарч байгаа байрыг бусдад зарах ямар ч шаардлагагүй, газар тариалангийн компанийг Сэлэнгэ аймгийн шүүхийн үнэлгээгээр 394 сая төгрөгөөр үнэлсэн боловч надаас нэхэмжилж буй 60 сая төгрөгөө Д.Ц-гаас нэхэмжлэх ёстой. Би энэ компанид ямар ч өргүй, Д.Ц-гийн залилангаар шилжүүлж авсан байрыг би буцаан авах ёстой. Иймд миний хүсэлтийн дагуу байр орон сууцаа буцаан авахад тусална уу” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль ёсны өмчлөгч нь Х.Б- өнөөдрийг хүртэл 18 жил өмчлөөд амьдарч байгаа. Хууль бусаар гэрээг байгуулсан. Нэхэмжлэгчээс гэрээний үндсэн хувь нь хаана байгаа вэ гэж асуусан. Үндсэн хувь байхгүй. Тэгтэл шүүх нотариат баталсан байна нотлох баримтын шаардлага хангана гэж үзэж байна. Хариуцагч гэрээг өгсөн, гэрчийг асуусан гэж хэлж байна. Гэрээг өгсөн болохоос биш хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг өгүүлбэр байхгүй. Хариуцагч хэлдэг “...би хохирч” байна, өнөөдрийг хүртэл надад мөнгө өгөөгүй гэж хэлсэн байдаг. Д.Ц-г С.Ү гэдэг хүн төлөөлөөд худалдах, худалдан авах гэрээг “Г...” ХХК-тай байгуулсан байна. Тэгэхээр С.Үад Д.Ц-гаас итгэмжлэл олгосон эсэх нь хэрэгт ач холбогдолтой. Гагцхүү хуульд зааснаар хангалттай нотлох баримт байна уу, үгүй юу гэдгийг үндэслээд итгэмжлэлийг шаардаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь орон сууц худалдах, худалдан авах гэрээнд С.Ү гэдэг хүний материал авагдаад гарын үсэг зурсан. Д.Ц-гийн үнэмлэх байхгүй байсан. Д.Ц гэдэг хүн байгууллагаа төлөөлөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж бичсэн байдаг. Худалдах, худалдан авах гэрээнд Д.Ц-гийн С.Үад олгосон итгэмжлэл хавсаргасан байх ёстой. Нэхэмжлэгч энэ итгэмжлэлийг хавсаргаагүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
“Г...” ХХК нь хариуцагч Х.Б-өд холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 хороолол, 22б байр, 105 тоот хаягт байршилтай 40.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргав.
Х.Б- нь “...би энэ компанид ямар ч өргүй. Д.Ц-гийн залилангаар шилжүүлж авсан байрыг би буцаан авах ёстой хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргав.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...2016 оны 9 сарын 05-ны өдөр иргэн Д.Ц-гаас “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу орон сууцыг худалдан авч, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан хууль ёсны өмчлөгч тул шаардах эрхтэй” гэж тайлбарлав.
“Г...” ХХК нь 2016 оны 9 сарын 05-ны өдөр Д.Ц-тай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 хороолол, 22б байр, 105 тоот хаягт байршилтай 40.5 м.кв талбайтай, 3 өрөө, нэг иргэний өмчийн орон сууцыг худалдан авсан болох нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201010522 дугаарт бүртгэгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000508195 дугаартай “Г...” ХХК-ийн нэр дээрх гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдов. /хх-5,8х/
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.3-т “энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч “Г...” ХХК-д шаардах эрх үүссэн гэж үзнэ.
2013 оны 5 сарын 14-ний өдөр Х.Б-, М.Д, Б.Ц, Б.Г нар нь Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 22б байрны 105 тоотод байрлах 40.5 м.кв, 3 өрөө бүхий орон сууцыг “Орон сууц худалдах, худалдах авах гэрээ”-ний үндсэн дээр Д.Ц-д худалдсан байна. Уг “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний талаар 2013 оноос өнөөдрийг хүртэл хариуцагч Х.Б- ямар нэгэн байдлаар эрх нь зөрчигдсөн талаар маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр байна. /хх-16-20х/
Хэдийгээр хариуцагч “...орон сууцаа худалдаагүй, аман тохиролцоо хийж Д.Ц-гийн нэр дээр шилжүүлсэн, гэрээнд заагдсан 85.000.000 төгрөгийг Д.Ц-гаас аваагүй” хэмээн тайлбарлах боловч хариуцагчийн татгалзал баримтаар нотлогдоогүй, энэ талаар маргаж, Д.Ц- болон хуулийн байгууллагад хандаагүй гэдэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдов.
Нэхэмжлэгч “Г...” ХХК нь орон сууцны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2, 183.3-т зааснаар хариуцагч Х.Б- нь уг бүртгэлийг буруу, ташаа гэж эсэргүүцээгүй, энэ талаар баримтгүй байх тул мөн хуулийн 183.1-т зааснаар улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ.
Иймд хариуцагч Х.Бийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч “Г...” ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 хороолол, 22б байр, 105 тоот хаягт байршилтай 40.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г...” ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 хороолол, 22б байр, 105 тоот хаягт байршилтай 40.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Х.Б-ийн хууль бус эзэмшилээс чөлөөлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-өөс 457.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г...” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ