Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00797

 

Э.Юмжирдуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШШ2019/00850 дугаар шийдвэртэй,

 Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 201/МА2020/04 дугаар магадлалтай,

Э.Юмжирдуламын нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгт холбогдох

 Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 2.226.095 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн төлөөлөгч Г.Алтансувд, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Э.Юмжирдуламын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2017 оны 06 дугаар сарын 31-ний өдөр ээлжийн амралтаа авахаар захирлын өрөөнд ороход надад ажлаас халагдах тушаал өгсөн. Тэгээд надад хандаж чамайг үргэлжлүүлэн ажиллуулах боломж байхгүй, чи шүүхээр заргалдаж сурсан юм чинь шүүхдээ хандаарай гэж хэлсэн. Ингээд би ажлаас үндэслэлгүй халагдсан гэж шүүхэд гомдлоо гаргасан. Шүүхийн шийдвэрээр би ажилдаа буцаж томилогдсон. Намайг ажилдаа буцаж ороход надад үзүүлдэг дарамт, шахалт нь хэвээр байсан. Намайг ажилгүй байсан хугацааны цалингаа авъя гэхэд эхэндээ өгнө гэдэг байсан боловч сүүлдээ чи шүүхдээд ав гэдэг болсон. Ингээд би 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэхэмжилж шүүхэд хандсан гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Алтансувдын шүүхэд гаргасан тайлбарт: ...Э.Юмжирдулам нь ажлын байранд заагдсан чиг үүргээ хангалтгүй биелүүлдэг байсан. Иймээс ч хэд хэдэн удаа сахилгын шийтгэл авч ажлаас чөлөөлөгдөж байсан. Ажлаас халах шийдвэрт Э.Юмжирдулам нь гомдол гаргаж бид шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 01 сарын 01-ний өдөр ажилд нь буцааж авч байсан. Э.Юмжирдулам нь ажилдаа буцаж орсны дараагаар ажилгүй байсан хугацааны цалин авна гэж нэг ч удаа хандаж байгаагүй. Ингээд Э.Юмжирдулам нь ажилдаа ороод удаагүй жирэмсэн болсон. Бид жирэмсэн гэдгийг нь харгалзан ногоо арилгах гэх мэт хөнгөн ажлыг хийлгэдэг байсан. Ингээд 2018 оны 6 дугаар сар хүртэл ажиллаад Э.Юмжирдулам нь жирэмсний амралтаа авсан. Энэ хугацаанд ч гэсэн Э.Юмжирдулам нь надаас ажилгүй байсан хугацааны мөнгийг огт нэхэмжилж байгаагүй. Э.Юмжирдулам нь 2019 оны 8 дугаар сард ажилдаа буцаж орох хүсэлт гаргасан. Тухайн үед Э.Юмжирдулам өмнө нь хийж байсан туслах багшийн ажилд оруулж өгнө үү гэж хүссэн. Бид хариуд нь чи төрөхийнхөө өмнө үйлчлэгчийн орон тоон дээр ажиллаж байсан тул чамайг үйлчлэгчээр л авах боломжтой, туслах багшийн орон тоо байхгүй талаар хэлсэн. Тэгэхэд Э.Юмжирдулам нь тэгвэл би шүүхэд хандаж ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулна гэж хэлсэн. Э.Юмжирдулам нь үйлчлэгчийн ажилдаа буцаж орсноос хойш өөрийнх нь шаардлагыг хүлээж аваагүй тул ажлаа хангалттай гүйцэтгэдэггүй байсан. Биднийг зүй ёсны шаардлага тавихад ажлын байрны дарамт мэтээр хүлээж авч, орилж хашхирч, ажлын байраа орхин хаяж явдаг. Хүмүүст 12 дугаар цэцэрлэгийн хамт олон байнгын дарамталж байна гэж ярьж, олон газарт гомдол гаргаж явдаг. Аймгийн Засаг даргад хүртэл өргөдөл гомдлоо гаргаж байсан. Э.Юмжирдулам нь хийх ёстой ажлаа хийдэггүй, зүй ёсны шаардлагыг хүлээж авдаггүйгээс болж зөрчил үүсдэг бөгөөд өнөөдрийн байдлаар ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай өргөдөл өгөөгүй. Өмнөх нягтлан бодогчийг байхад Э.Юмжирдулам нь ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлээгүй юм чинь нийгмийн даатгалын дэвтрийг бөглөөд өгчих гэж хэлж байсан. Он дуусаж байсан тул түүний хүсэлтийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 10-ны өдрийн 138/ШШ2019/00850 дугаар шийдвэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 129 дугаар зүйлийн 129.1-д зааснаар хариуцагч Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгт холбогдох нэхэмжлэгч Э.Юмжирдуламын цалин 2 226 095 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50567 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,... шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 201/МА2020/04 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 10-ны өдрийн 138/ШШ2019/00850 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Юмжирдуламын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Юмжирдуламын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50567 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Э.Юмжирдулам, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Хариуцагч нь 2017 оны 6 дугаар сарын 31-ний өдөр тушаал гаргаж намайг дахин ажлаас халсан. Энэ асуудлаар шүүхэд хандаж, 2 шатны шүүхээр ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарч, 2018 оны 01 дүгээр сарын 02-нд ажилдаа орсон. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлээгүй, дараа нь нэхнэ гэж бодож байсан. Ингээд ажилдаа ороод 2018 онд мартын-8-ны өмнөхөн ажилгүй байсан хугацааны цалингаа авах хүсэлтээ өгсөн. Ингээд байгууллагын шийдвэрийг хүлээж, дарга дээр дахин дахин орохоосоо айж, төвөгшөөж нягтланд хэлж байсан. Уг мөнгийг өгөх нь зайлшгүй болохоор үнэхээр л цалин нь хүрэхгүй байгаа учир ямар нэг аргаар зохицуулах гээд байна гэж ойлгоод хүлээж байсан. Би 2018 оны хавар жирэмсэн байсан бөгөөд даргын дарамт шахалт ил далдаар доромжилж байсан. Өөр цэцэрлэгт ороё гэхээр даргад нь намайг авч болохгүй талаас нь хэлсэн байдаг. Ийм болохоор нь шүүхэд нэхэмжлэл гаргахаар урьдын адил халж сольж, байгууллагын нэр хүндэд халдаж, шүүхэд өглөө гэх юм болов уу гэж бодоод шүүхэд өргөдөл өгөхгүй удирдлагадаа хандаж байсан. Удирдлагаас өгөхгүй гэж хэлж байгаагүй, мөнгө байхгүй байна, ярилцая гэдэг байсан тул хүлээсээр 2018 оны 6 сард жирэмсний амралтаа авах үедээ шаардсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн, цалинг нөхөж өгнө гэсэн тул хандаагүй байсан. Улмаар хүүхдээ төрүүлж, хүүхдээ эгчдээ өргүүлж, хүүхдийнхээ араас очиж хөхүүлж дасгаж байгаад 2019 оны 8 дугаар сард ажилдаа орсон. Тэр үед мэргэжлийнхээ ажлыг хийе гэхэд боломжгүй гэсэн. Тэгээд ажилгүй байсан хугацааны цалингаа авая арай удлаа гэж хэлэхэд дарга анх удаа өгөхгүй гэж хэлсэн. Тиймээс шүүхэд хандсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүх миний хэлээгүй бичээгүй зүйлийг мушгиж дүгнэсэнд гомдолтой байна. Би цалингаа нэхээгүй биш байнга нэхэж байсан, өргөдөл өгөхөд ширээн дээрээ тавиад үлдээсэн, надад буцаан өгөөгүй. Гэтэл шүүх өргөдөл гомдлоо бүртгүүлсэн ч юм алга гэж үзсэн. Миний бие шаардлагаа нотолсон харин хариуцагч нотлоогүй болно. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг хэт нэг талыг барьж дүгнэсэн. Ажил олгогч нь цалин өгөхгүй гэж хэлээгүй бөгөөд өгөхгүй байх ч үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...цалинтай тэнцэх олговорыг олгоно гээд шууд үүрэгжүүлсэн заалт юм. Эрхээ зөрчигдсөн гэдгийг цалинг чинь өгөхгүй, шүүхдэлцээд аваарай гэж хэлсэн өдрөөс мэдсэн гэж үзнэ. Үүнийг шүүх эрх нээгдсэн өдөртэй адилтгаж үзэж буруу тайлбарласан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э.Юмжирдулам 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд хандаж, хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгт холбогдуулан 2017.07.01-ний өдрөөс 2018.01.01-ний өдөр хүртэлхи хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 2.226.095 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Э.Юмжирдулам шүүхийн шийдвэрийн дагуу 2018.01.02-ны өдөр ажилдаа эргэж орсон боловч уг хугацаанаас хойш 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хугацаа өнгөрчээ.

Нэхэмжлэгч шүүхэд өмнө хандаагүй шалтгаанаа, ...ажилдаа орсон өдрөөс ...удаа дараа эрхлэгч, нягтлан нарт олговорын талаар амаар болон бичгээр хүсэлт өгч байсан. ...өгнө, хүлээж бай, цалингийн фонд хүрэхгүй байна гэсээр өдийг хүрсэн. гэсэн тайлбар гаргасныг хариуцагч үгүйсгэж, ...Юмжирдулам ажилд ороод, дараа нь жирэмсний амралтаа авсан, цалин авах талаар ярьж байгаагүй, өргөдөл өгөөгүй гэж маргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг, хариуцагч татгалзсан тайлбараа тус тус нотлох үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Э.Юмжирдулам ажилд орсон өдрөөс эхлэн байгууллагадаа хандаж цалин хөлстэй тэнцэх олговор шаардсаныг өгөхөөс татгалзаагүй, хүлээлгэсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул эрх зөрчигдсөн тухай хожим мэдсэн, эсхүл хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 78 дугаар зүйлийн 78.1.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан нөхцөл үүсээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болдог боловч ийм үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Дээр дурдснаар хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 138/ШШ2019/00850 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 201/МА2020/04 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Юмжирдулам, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Э.Юмжирдулам нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 50.700 төгрөг төлснийг улсын орлогд хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ