Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00794

 

  Д.Гантуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/02557 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 335 дугаар магадлалтай,

 Д.Гантуяагийн нэхэмжлэлтэй,

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдох,

Сахилгын шийтгэл ногдуулсан 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/394 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбатын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Самал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Гантуяа нь Автотээврийн үндэсний төвд Өмгөговь аймаг дахь салбарын даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Үүнтэй холбоотой шат шатны Автотээврийн үндэсний төвийн дарга нар томилогдон ирж өөрчлөгдөх болгонд Д.Гантуяаг өргөдлөө өгөөд гар гэх мэтээр захиргааны дарамт үзүүлдэг байсан.

2017 онд Д.Гантуяа нь ажлаас халагдаж, шүүхээр ажилд эгүүлэн томилуулж ажилдаа орсон. Үүний дараа Д.Гантуяа ажлаа хийж байтал 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Б/395 тоот тушаалаар сахилгын шийтгэл үндэслэлгүйгээр оногдуулсан гэж үзэж байна. Учир нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс Д.Гантуяа нь ээлжийн амралтаа эдэлж байхад 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажлын зайлшгүй шаардлага гарлаа гэж ажилд нь дуудаж оруулсан.

Өмнөговь аймгийн төвөөс алслагдмал зайд 150 км-н цаана байдаг Улаан чулуут транс ХХК-иас хүсэлт ирж, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр техник хяналт үйлчилгээний инженер В.Батбаярт үүрэг өгч явуулын техник үйлчилгээний тоног төхөөрөмж машинтай явж үзлэгт оруул гэж шаардлага тавьсан.

Үүнд нь 94 машин байсан. 94 машинаас 3 машин нь суудлын жижиг тэрэг үлдсэн машин нь том оврын машинууд байсан. В.Батбаяр нь үзлэгээ хийгээд 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа ирж тайлангаа өгөхөд хэвийн байсан мөн тухайн байгууллагаас санал гомдол ирээгүй. Гүйцэтгүүлэгч байгууллагаас санхүүгийн төлбөр орж ирсэн. Үүнтэй холбоотой тухайн газрын санал тавих үйл ажиллагаа дууссан гэж үзэж байгаа.

Аймгийн төвөөс алслагдмал газар ажлыг хийхдээ хуурамч буюу үзлэгт оруулалгүйгээр ямар нэгэн байдлаар системд шивсэн байсныг мэдэх боломжгүй. Д.Гантуяагийн тайлан нь ажлаа хийсэн гэж мэдээлсэн байгаа. Гэтэл ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, өдөр тутмын зохион байгуулах үйл ажиллагааг хангалтгүй хийсэн, хяналт тавьж ажиллаагүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/395 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Өмнөговь аймгийн Автотээврийн үндэсний төв нь албан тушаалд заасан тодорхойлолтод ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, өдөр тутмын зохион байгуулах үйл ажиллагааг хангалтгүй гүйцэтгэсэн гэх үндэслэлээр арга хэмжээ авсан.

Хөдөлмөрийн дотоод журмын 11.6.1-т албан тушаал ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн бол сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Ажлын байрны тодорхойлолтоор Өмнөговь аймгийн Автотээврийн үндэсний төвийн дарга Д.Гантуяа Өмнөговь аймгийн автотээврийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй. Мөн захиргааны хяналтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэрэгжих, үр дүнг тайлагнах үүрэг хүлээсэн ч энэ үүргээ хангалтгүй гүйцэтгэснээс болж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Улаан чулуут транс ХХК-ийн 94 чирэгч, 94 чиргүүлийг техникийн хяналтын үзлэгийг инженер н.Батбаяр нь хууль бусаар үзлэгт орсон мэтээр харуулж, шивж оруулсан байсан.

Нэг тээврийн хэрэгслийг 10-15 минутын хооронд үздэг. Чиргүүлтэй байхаас нь хамаарч 15-20 минут үздэг. Гэтэл 94 чирэгч, 94 чиргүүлийг тооцож үзвэл 2 өдөрт үзлэг хийж дуусгах боломжгүй. Гэтэл Д.Гантуяа нь энэ талаар хяналт тавьж систем рүү орж харах эрхтэй байдаг боловч үзлэгт яваад ирсний дараа хяналт тавиагүй зүгээр орхисон нь хууль бус үйлдэл юм.

Гаалийн ерөнхий газраас Автотээврийн үндэсний төвийн гаргуулж авсан лавлагаагаар Улаан чулуут транс ХХК-ийн 98 ширхэг тээврийн хэрэгсэл нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд боомтоор гарсан байсан. Иймд Д.Гантуяад сахилгын шийтгэл ногдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/02557 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-т зааснаар нэхэмжлэгч Д.Гантуяагийн Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан гаргасан 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/395 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 335 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/02557 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,

Нэхэмжлэгч Д.Гантуяа нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбатын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Д.Гантуяагаас Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 6/395 дугаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасанийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугар сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/02557 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Гэвч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрөөр бичсэн гэж үзэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугар сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/02557 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй байна.

Учир нь талууд Д.Гантуяаг ажлын байрны тодорхойлолтод заасан өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж удирдлагаар хангаж ажиллах үүргээ хангалтгүй гүйцэтгэснээр инженер В.Батбаяр нь 94 чирэгч 94 чиргүүлийг хуурамчаар үзлэгт оруулж тэнцүүлсэн үйлдэл гаргасан талаар маргасан, энэ нь талуудын гаргасан тайлбар, нотлох баримт, нэхэмжлэлээр тодорхой харагдаж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн бичвэрийн алдааг давж заалдах шатны шүүх шүүх хуралдааны явцад шууд залруулах боломжтой гэж үзэж байна. Мөн шийдвэрийн тодорхойлох хэсгийн бичвэрийн санамсаргүй алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд хамаарахгүй гэж үзэж байгаа бөгөөд тухайн шийдвэрийн үндэслэл хэсэгт тодорхой, ойлгомжтой байдлаар бичсэн байдаг.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.З.-т Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна. гэж заасан байдаг бөгөөд шийдвэрийн талаар оролцогч болон шүүх хуралдааны даргалагч нар санал гаргаагүй байдаг бөгөөд энэ нь дээрх шүүхийн шийдвэрийн бичвэрийн санамсаргүй алдааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гэж үзээгүйг ойлгоно.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.10-ны өдрийн 181/ШШ2019/02557 дугаар шийдвэр үндэслэл бүхий болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 335 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Гантуяа нь Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/394 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/394 дугаартай тушаалаар тус үйлдвэрийн газрын Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн дарга Д.Гантуяаг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж, хяналт тавьж ажиллаагүйгээс инженер В.Батбаяр нь техникийн хяналтын үзлэгийн дүрэм, журам зөрчиж 94 чирэгч, 94 чиргүүлийг тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт тэнцүүлснийг мэдээгүй, үзлэгийн үйл явцыг нягталж, хянаж ажиллаагүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2.-т зааснаар сарын үндсэн цалинг 3 сар 20 /хорь/ хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Д.Гантуяа тушаалыг эс зөвшөөрч, 2019 оны 07 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд техник хяналтын үйлчилгээний инженер В.Батбаяр аймгийн төвөөс 150 км зайд орших газарт байрлах Улаан чулуут транс ХХК-ийн тээврийн хэрэгслийг тэдний хүсэлтийн дагуу техник хяналтын үйлчилгээ хийж ирсэн, тайлан мэдээ хэвийн байсан, тухайн байгууллагаас санал гомдол ирээгүй, санхүүд төлбөр орж ирснийг хянасан. Хэрэв газар дээр нь цуг ажилласан бол түүний хууль бус үйлдлийг таслан зогсоох байсан, гэтэл алслагдмал зайд хийсэн үзлэгийг дүрэм зөрчиж хийснийг мэдэх боломжгүй тул сахилгын шийтгэл ногдуулсныг зөвшөөрөхгүй гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн техник хяналтын үйлчилгээний инженер В.Батбаяр Улаан чулуут транс ХХК-ийн 94 чирэгч, 94 чиргүүлд техник хяналтын үзлэг хийхдээ тээврийн хэрэгслийг бодитоор, бүрэн үзлэгт хамруулахгүйгээр, стандартын шаардлага хангаагүй техникүүдийг техникийн үзлэгт тэнцүүлсэн дүгнэлт гаргаснаар мэдээллийн санд хуурамч мэдээлэл оруулсан нь тогтоогджээ.

Дээрх тооны автомашинд техникийн үзлэгийг хийхэд 2 өдрийн дотор хийх цаг хугацааны боломжгүй байдлыг төвийн дарга Д.Гантуяа нь анхаарч үзээгүй, хяналт тавих үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр ажилтанд хариуцлага тооцсон ажил олгогчийн шийдвэрийг хууль зөрчөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хууль, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод дүрэм, ажилтны ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтад нийцжээ.

Анхан шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч Д.Гантуяа, инженер В.Батбаярын нэрийг сольж бичсэн алдаа гаргажээ.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн дарга Д.Гантуяа, техник хяналтын инженер В.Батбаяр нарын үйлдлийн талаар зохигч маргаагүй, тэдний нэрийг сольж бичсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх үндэслэл болохгүй, хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан бусад баримтаар тодорхойлогдож байна.

Иймд ...дээрх нөхцөл байдал нь анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт хийх, хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй... гэх давж заалдах шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт үндэслэл муутай байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүхийн дээрх алдааг тогтоолд тэмдэглэж, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 335 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2019/02557 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбатын гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН             Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД