Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 147

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Д.Батсуурь нарын бүрэлдэхүүнтэй,

          Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

          Иргэдийн төлөөлөгч Б.Гангэрэл,

          Улсын яллагч Д.Ширэндэв,

          Хохирогч М.Буяндэлгэр, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбасүрэн, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Э.Шинэцэцэг,

          Гэрч Б.Гансүх, С.Энхнаран, Н.Баатарцогт, Б.Батбуян, Б.Мөнх-Ундраа,

          Шинжээч Ц.Ганболд, А.Сайнхүү,

          Шүүгдэгч Д.Цэрэнчимэд, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Ш.Оюумаа,

          Шүүгдэгч У.Батзориг, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

          Шүүгдэгч Д.Төмөрпүрэв, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Т.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Цэрэнчимэдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, Д.Төмөрпүрэвт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 145 дугаар зүйлийн 145.1, У.Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цэрэнчимэд, Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарт холбогдох 201525012394 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

          1. Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дадал суманд 1990 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газарт мэргэн буудагч ажилтай байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Б.Доржийн гудамжны 13 дугаар байрын 67 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хамнай ухасай овогт Даваажаргалын Цэрэнчимэд /Регистрийн дугаар: СЙ90051711/

         

          2. Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд 1992 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш орчуулагч мэргэжилтэй, Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газарт бүлгийн мэргэжилтэн ажилтай байсан, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15-ийн 1 дүгээр байрын 11 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Дагвын Төмөрпүрэв /Регистрийн дугаар: СМ92073110/

         

          3. Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 1994 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газарт бүлгийн цагдаа ажилтай байсан, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын гудамжны 1-14б тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хэрээд овогт Уртнасангийн Батзориг /Регистрийн дугаар: ПБ94051133/

 

          Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Д.Цэрэнчимэд нь 2015 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайн сэдэлтээр иргэн А.Ууганбаатарыг зодож санаатай алсан,

          Мөн Д.Төмөрпүрэв, У.Батзориг нартай бүлэглэн иргэн М.Буяндэлгэрийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

          Д.Төмөрпүрэв нь 2015 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин  Д.Цэрэнчимэд, У.Батзориг нартай бүлэглэж иргэн М.Буяндэлгэрийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

          Мөн иргэн А.Ууганбаатарын “Ай фоне-5” загварын гар утас, мөнгөн гинж, бөгжийг хулгайлж 530.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

          У.Батзориг нь 2015 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин  Д.Цэрэнчимэд, Д.Төмөрпүрэв нартай бүлэглэж иргэн М.Буяндэлгэрийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Цэрэнчимэдийн өгсөн: “Хохирогчийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Тухайн болсон явдалд маш их харамсаж байна. 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр цалин буусан байсан. Ажлаа тараад явж байхад Төмөрпүрэв, Гансүх нар залгаад орой гарах уу гэж асуусан. Тэр өдөр манай аав, ээж

хөдөөнөөс ирсэн. Манай ээжийн төрсөн өдөр болж байсан. Ээждээ бэлэг өгчихөөд байж байхад 21 цагийн үед Төмөрпүрэв яриад Сансарт Банана гэх бааранд байна, хүрээд ир гэсэн. Би 23 цагийн үед бааранд орсон. Намайг ороход Батзориг, Төмөрпүрэв, Энхнаран, Гансүх дөрөв сууж байсан. Ширээн дээр 1, 1 шил пиво аваад сууж байсан. Надад 1 шил пиво авч өгөөд талыг нь уугаад ариун цэврийн өрөө ороод иртэл Төмөрпүрэв “баар хаах болчихлоо, гарах уу” гэсэн. Тэгээд баарнаас бүгдээрээ гарцгаасан. Намайг орсноос хойш бааранд хүнтэй маргалдсан зүйл гараагүй. Баар хаах болоод Батзориг, Гансүх, Энхнаран нар түрүүлж гараад Төмөрпүрэв бид хоёр сүүлдэж гарсан. Гадаа гараад Төмөрпүрэв тамхи аваад ирье гээд явсан. Тэгээд зогсож байхад Гансүх, Энхнаран нартай нэг эмэгтэй, хоёр залуу хамт зогсоод маргалдаж байсан. Юунаас болж маргалдсаныг би мэдээгүй. Би больцгоо та нар гэхэд нэг залуу чи хэн юм бэ гээд над руу дайрсан. Тэр залуу миний шанаанд 2 удаа цохисон. Би шатны уруу ухраад зогсож байхад чамайг ална аа гээд дахиад 1 удаа цохисон. Тэр үед намайг цохисон хүчиндээ миний урд эргэлдээд нуруугаараа налаад зогссон. Тэгээд би цээжээр нь тэврээд шатны хөндлөн төмөрнөөс бариад зогсож байсан. Хажуунаас хүмүүс больцгоо гээд миний гарнаас татаж байсан. Саарал цамцтай хохирогч залуу “намайг тавьчих” гэхэд би тавьсан. Тэгээд хохирогч Буяндэлгэр найзыгаа налах үедээ шатны уруу унасан. Би дахин зодолдож магадгүй гэж бодоод байр тойроод явж байхад ардаас бариад ав гэээд гүйгээд ирсэн. Эргээд харахад шууд намайг цохиод авсан. Би өөрөөсөө холдуулах гээд түлхэхэд миний зүүн мөр рүү цохисон. Миний зүүн мөр мултардаг тул зүүн мөр мултраад газар унасан. Араас ирсэн цагаан цамцтай залуу миний цээж, гар руу өшиглөсөн. Хүн аллаа гээд орилохыг сонсоод анхаарал нь сарнихад би зугтааж амжсан. Намхан цагаан цамцтай залуу ална аа чамайг гээд орилоод хөөж байсан. Би хэсэг гүйгээд эргээд харахад Төмөрпүрэв, Энхнаран хоёр тэр хоёр залуу дээр гүйж ирсэн. Тэр үед дахин зодоон болох нь гээд очоод больцгоо гэхэд цагаан цамцтай залуу дайрахад Төмөрпүрэв эрүү нь тус газар нь цохиод хоёуланг нь унагаасан. Газар унасан саарал цамцтай залуу газраас юм аваад над руу дайрах шиг болохоор нь мөрөнд нь нэг удаа өшиглөөд, Буяндэлгэрийн гар руу нэг удаа жийсэн. Тэгээд би цаашаа явж байгаад эргээд харахад Төмөрпүрэв саарал цамцтай залууг салтаандаа хийсэн харагдсан. Би цаашаа яваад, түүнээс хойш юу болсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Төмөрпүрэвийн өгсөн: “2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 16-аас 17 цагийн үед Гансүх, Энхнаран нартай уулзаад удалгүй Батзориг ирсэн. Сансарын туннелийн дээрх асарт ороод 1 шил архи хувааж уусан. Дараа нь Банана баар руу орж бүжиглэж байгаад оройтлоо гээд явцгаахаар болсон. Тэгээд бүгд баарнаас гараад би тамхи авахаар Түц рүү явж ирээд тамхиа татаж байхад Банана баарны гаднах шатан дээр Цэрэнчимэд рүү нэг залуу 2-оос 3 удаа цохиод дайрч байсан. Би шатан дээр гараад больцгоо гэж хэлсэн. Тэр үед Цэрэнчимэд рүү анх дайрсан залуу шатны уруу унасан. Би Буяндэлгэрт найзыгаа босго гээд хамт очоод өргөх гэхэд тэр найз нь босоод ирсэн. Би Цэрэнчимэдийг одоо яв, яагаад хүмүүстэй муудалцаад байгаа юм бэ гэж хэлээд түрүүлээд                       явуулсан. Араас нь Энхнаран, Гансүх бид гурав явах гэхэд Батзориг байхгүй байсан.

Батзоригийг хаана байгаа юм бэ гэхэд хүнтэй уулзаж байгаа гэсэн. Тэгээд бид нар доошоо алхаж явтал Цэрэнчимэдтэй муудсан залуу, намхан залуугийн хамт саарал куртиктэй залуу хаана байна гээд гүйгээд яваад байсан. Нэг эмэгтэй ирээд танай найзыг зодоод байна гэж хэлсэн. Заасан зүг рүү нь харахад аркны доод талд Цэрэнчимэд рүү 1 залуу дайраад цохиход Цэрэнчимэд унасан. Тэгээд хоорондоо зууралдаад ноцолдоод байж байсан. Би Энхнаран, Батзориг нарт очоод аятайхан салгана шүү, хүмүүстэй муудалцахгүй шүү гэж хэлээд очсон. Намхан залуу дээр очоод найзыгаа аваад яв гэхэд урдаас маргалдаад над руу далайхаар нь намхан залууг 1 удаа цохиход унасан. Намхан залуу нь Буяндэлгэр байсан. Би зүүн гараараа баруун шанаанд нь нэг удаа цохисон. Тэрний дараа тас тас гээд чимээ гарсан. Тэгээд больцгооё гээд Цэрэнчимэдтэй хамт цаашаа алхсан. Эргээд харахад миний цохисон залуу босож ирээд, Цэрэнчимэдийн цохисон залуу босож ирээгүй. Цэрэнчимэд надаас түрүүлээд алхаад явсан байсан болохоор нь муудалцаж салаад яахав, танилцаад салъя, найз нь зүгээр байгаа болов уу гээд очсон. Би өөрийнхөө цохисон залуу дээр очоод гайгүй юу гэхэд гайгүй гэж хэлсэн. Найз чинь зүгээр үү гэхэд тасраад уначих шиг боллоо гэсэн. Талийгаачийг Буяндэлгэртэй хамт өргөсөн. Өргөх үед босох үйлдэл хийгээгүй. Найз чинь зүгээр үү, цагдаа, эмнэлэг дуудах уу гэхэд Буяндэлгэр цагдаатай ярьж байх шиг байсан. Буяндэлгэр хүмүүст зодуулчихлаа гээд хаана билээ гэж асуухад нь Оакланд баарны гадаа гэж хэлсэн. Би тэгэхэд нь аркны хажууд гэж хэлээрэй гэсэн. Буяндэлгэр намайг байж бай, хүн дуудаад ирье, хувцсаа аваад ирье гэж хэлчихээд цаашаа яваад өгсөн. Тэр хугацаанд талийгаачийн хажуу талд түрийвч утас нь байсан. Тэр үед би утсыг нь халаасандаа хийсэн. Цэрэнчимэд над руу олон удаа залгаад байсан. Би чиний цохисон залуугийн хажууд байна. Одоохондоо босож ирэхгүй байна. Зүгээр байх шиг байна гэхэд хаяад хүрээд ир гэсэн. Би талийгаачийг дахиад нэг өргөх үйлдэл хийгээд түрийвчийг нь халаасанд нь хийгээд, утсыг нь найз нь ирэхээр өгье гэж бодсон. Тэр үед над руу Цэрэнчимэд, Гансүх нар залгаад байхаар нь утсаа аваад таслаад байсан. Утсыг нь бариад зогсож байхад булангаас 2-оос 3 залуу гараад ирсэн. Би Буяндэлгэрийг найзуудаа дагуулаад ирж байгаа юм болов уу гэж бодоод шууд яваад өгсөн. Булан тойроод Гансүх рүү залгаад уулзсан. Тэгээд нөгөө хэдтэй уулзаад манай гэр рүү явцгаасан” гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Батзоригийн өгсөн: “Хохирогч нарын ар гэрээс уучлалт гуйж байна. Энэ зодооноос эрдэнэт хүний амь нас хохирсонд маш их гэмшиж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Манай найзууд тухайн өдөр Хаан хуушуурт дуудсан. Тэр үед цалин буусан байсан тул пивотой очсон. Туннел дээр 0.5 литрийн архи авч уусан. Баар руу ороод нэг, нэг шил пиво, 0.5 литрийн архи авсан. Тухайн үед бааранд зодоон маргаан болоогүй. Баар хааж байхад би эхлээд Энхнаран, Гансүх нартай гарсан. Хажууд нэг эмэгтэй явж байхаар нь би очоод танилцъя гэхэд найз залуу руугаа явж байна гэсэн. Би тэр эмэгтэйг зам гаргаж өгчихөөд ирэхэд өндөр, намхан залуу цагаан куртиктэй өндөр залуу хаана байна гээд гүйгээд байсан. Урдаас Төмөрпүрэв, Энхнаран хоёр ирсэн. Би юу болоод байгаа юм бэ гэхэд Цэрэнчимэдийг энэ 2 залуу хайгаад яваад байна гэж хэлсэн. Аркны тийшээ очиход  Цэрэнчимэдийг 1 залуу зуурсан, хажууд нь нэг залуу байсан.

Цэрэнчимэд уначихаад босоод мөрөө бариад цаашаа гүйсэн. Араас нь 2 залуу гүйсэн. Эхэнд нь Төмөрпүрэв, дараа нь Энхнаран, сүүлд нь би явж байсан. Болиоч ээ гэхэд намхан залуу тоохгүй цаашаа явсан. Намхан залуу Төмөрпүрэвтэй юм яриад байх шиг байсан. Гараа далайх шиг болоход Төмөрпүрэв цохисон. Араас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн аллаа шүү дээ гээд орилоход би эргэж харсан. Буцаад харахад 2 залуу газар унасан байсан. Энхнарангийн урд унасан залууг Цэрэнчимэд нэг өшиглөж байгаа харагдсан. Тэгээд би Энхнаранг дагуулаад явахад Гансүх хүрээд ирсэн. Булан тойроод явахад Цэрэнчимэд хүрээд ирсэн. Тэд нар гүйгээд явсан. Би Яргуй гэх цайны газар ороод юм авч идчихээд Төмөрпүрэв рүү яриад Жуков дээр очсон. Тэндээсээ Төмөрпүрэвийн гэрт очиж хоносон” гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбасүрэнгийн өгсөн: “2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажлаасаа гэртээ ирэхэд миний хүү гэртээ байхгүй байсан. Ааваас нь асуухад найзтайгаа уулзаад ирье гэж хэлээд гарсан гэж байсан. Найзтайгаа уулзаж байхад нь залгаад хэрэггүй байх гэж бодоод тэр орой залгаагүй. Маргааш өглөө нь 7 цагаас Онцгой байдлын газар дээр цугларалттай гэж байсан ч гэртээ ирээгүй. Тэгээд өдөржин утас нь холбогдохгүй байсан. Буяндэлгэртэй уулзана гэж байсан тул Буяндэлгэрийн утас руу залгахад утсаа авахгүй байсан. Цагдаагийн 2 дугаар хэлтсээс залгаад очиход задлан шинжилгээнд оруулсан. Танай хүү нас барсан гэж хэлсэн. Миний хүүг эдгээр алуурчид хөнөөсөн байсан. Би Банана баарны бичлэгийг харсан. Буяндэлгэр, миний хүү хоёр Оакланд баарнаас гараад зогсож байхад өмнө талд нь хэдэн хүн тамхины гал улалзуулаад зогсож байгаа харагдсан. Миний хүү шүлсээ хаяж байхад шатан дээр зогсож байсан өндөр залуу хүрч ирээд өөр рүүгээ харуулах гээд татаад байгаа харагдсан. Тэгээд хоёулаа духаараа тулаад миний хүүг түлхэхэд Цэрэнчимэдийг хоёр удаа цохисон. Хүүгээ юунаас болж яаж өнгөрснийг нь өдий болтол мэдэхгүй яваад байсан чинь эд нар зодож амь насыг нь хөнөөсөн юм байна. Маш их гомдолтой байна. Цагдаагийн хүмүүс хүнийг хаана нь яаж цохихоо сайн мэдэж байгаа тул санаатай хөнөөсөн гэж үзэж байна. Төмөрпүрэв миний хүүгийн гинж, бөгж, утсыг шунахайн сэдэлтээр авсан гэж үзэж байна. Миний хүүгийн түрийвчинд нь юу ч байгаагүй. Буяндэлгэрт маш их гомдолтой байгаа. Хүүг минь буудалд орхиод, ар гэрийнхэнд нь мэдэгдээгүй. Цагдаад ажилладаг хүмүүс хэргээ хүлээх хэрэгтэй. Төмөрпүрэвийн ах ажил явдал дээр ирж уулзчихаад чимээгүй алга болсон. Оршуулгын зардалд 17 сая төгрөг зарцуулсан. Ялын дээд хэмжээ өгөхийг хүсч байна. Талийгаач миний том хүү байсан. Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд яваад ирсэн, эрүүл чийрэг хүү байсан. Миний бахархал болсон хүү байсан. Оршуулгын зардал гэж өгсөн зүйл байхгүй. Буяндэлгэрт болохоор хохирлыг нь өгсөн. Би маш их гомдолтой байна. Дорнод аймгаас байнга ирж байгаа. Бензины зардал нэхэмжилж байгаа. Одоо нийт 19.462.824 төгрөг нэхэмжилж байна. 17.726.072 төгрөг оршуулгын зардал, бусад зардал нь бензиний мөнгө” гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Буяндэлгэрийн өгсөн: “Миний дотны найз өнгөрсөнд  маш  их  харамсаж  байна.  2014 онд  Армийн марш тактикийн тэмцээнд

түрүүлээд энхийг сахиулах ажиллагаанд хамт яваад ирсэн. Талийгаач бид хоёр их ойр дотно байсан. Батхүү, талийгаач, бид гурав уулзалдахаар болсон байсан. 4 дэх өдөр ярихад маргааш ажилтай гэсэн хариу өгсөн. 5 дахын орой Ууганбаатар яриад бид хоёр уулзалдахаар болсон. 20 цаг 45 минутын орчим Сансарын Айриш нэртэй пабад байна гээд би очсон. Батхүү Сэлэнгэд байна гэсэн. Тэр пабад 2, 2 шил пиво уусан. Банана нэртэй баар руу ороход ширээ байхгүй гээд Оакланд нэртэй бааранд орсон. Тэнд нийт 4 шил пиво, 100 гр, 100 гр архи авч уусан. Баарнаас гараад тамхи татах гээд шатны тэнд зогсож байхад Ууганбаатар намайг бади гэж дуудахад нэг эмэгтэй цэргийн хүн юм уу гэж асуусан. Саарал куртиктэй залуу Ууганбаатартай маргалдсан. Ууганбаатар толгойгоороо тулах үед Цэрэнчимэд түлхэхэд Ууганбаатар гараараа 2 удаа цохисон. Цэрэнчимэд миний нүүр рүү цохисон. Тэгээд би Цэрэнчимэдийг шатны өөдөө өргөж байхад ардаас нэг нь татаж авсан. Хэн татсаныг мэдэхгүй байна. Тэр үед Ууганбаатар шатны уруу унасан. Ууганбаатарыг босгоод бид хоёр энэ залуугийн араас явсан. Энэ хугацаанд 102 руу залгаж зодуулсан тухайгаа хэлсэн. Миний утасны цэнэг дуусаад хэдэн секунд яриад тасарсан. Цэрэнчимэдийн араас очиход зугтаагаад явсан. Би араас нь гүйхэд гүйцээгүй. Тэгээд буцахад 3-аас 4 залуу тойрч зогссон. Малгайтай юүдэнтэй залуу яаж байгаа юм бэ гэхэд намайг цохиж унагаасан. Өндийх оролдлого хийхэд дээрээс өшиглөж байсан. Босоод ирэхэд Ууганбаатар газар хэвтэж байсан. Ууганбаатарыг хэн өшиглөсөнийг хараагүй. Маш хүчтэй пид хийх чимээ гарсан. Ууганбаатарыг татаж авах гэхэд Ууганбаатар босох үйлдэл хийгээгүй. Хажууд Төмөрпүрэв байсан. Төмөрпүрэвт манай дүүг харж байгаарай гээд орхиод явсан байсан. Нэг эмэгтэй, эрэгтэй хоёроос тусламж хүсээд хамт ирэхэд Төмөрпүрэв явсан байсан. Тэр 2 хүнтэй хамт Сансарын Тунелд байдаг Венус нэртэй буудалд Ууганбаатарыг оруулсан. Буудлын тооцоо хийх гэхэд мөнгө дутсан байсан. АТМ орж мөнгө авах гэж гараад тэр хүмүүстэй хамт Цайзад байдаг буудал орж хоносон. Өглөө нь гэр рүү очиж машинаа авчихаад буудал руу  ороход Ууганбаатарын бие нь хөрсөн байсан. Удалгүй цагдаа, түргэн ирсэн” гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Гансүхийн өгсөн: “Төмөрпүрэвтэй бага ангидаа нэг ангид байсан. 2014 оны 11 сард Цэрэнчимэд, Батзориг хоёртой танилцаж байсан. Найз нөхдийн холбоотой, садан төрлийн холбоогүй. Хохирогч нарыг танихгүй.  Тухайн өдөр бид нар Банана баарнаас гараад шатны тэнд 2-оос 3 охинтой юм яриад зогсож байсан. Тэгээд Цэрэнчимэд ирээд чи яагаад найзтай муудалцаад байгаа юм бэ гэхэд энэ залуучуудыг зодчих уу гэж хэлсэн. Тэр залуу Цэрэнчимэдийг 2-оос 3 удаа цохиод шатны дээшээ муудалцсан. 31-р байрны гадаа зодоон болоход би байгаагүй. Би 2-оос 3 охинтой дээшээ алхаад явж байсан. Нэг охин ирээд хүмүүс муудалцаж байна гэж хэлэхээр нь очиход муудалцаад дууссан байсан. Намайг очиход Буяндэлгэр, Төмөрпүрэв хоёр зогсож байсан. Миний урд нэг охин алхаад очсон. Талийгаач доошоо хараад хэвтэж байсан. Намайг очсоноос хойш талийгаач босоогүй. Талийгаачийг хэн яаж цохисоныг хараагүй. Буяндэлгэрийг Төмөрпүрэв цохиж унагааж байгаа үйлдлийг хараагүй. Зодооны дарааа бид хэд уулзсан. Уулзаад Төмөрпүрэв айфон утас харуулаад та нарын утас биш үү гэж байсан. Намхан залууг Төмөрпүрэв цохисон  гэж  байсан.  Баарны  үүдэн дээр Цэрэнчимэд

талийгаачийг зүүн гараараа уургалж боосон байсан. Эргээд харахад нөгөө залуу шатны уруу унасан. Би талийгаачийг хэвтэж байхыг харсан ч анзааргагүй хажуугаар нь өнгөрөөд явсан. 31-р байрны гадаа зодоон болсоны дараа очиход үзэгдэх орчин

гэрэлтэй байсан. Тухайн үед тэр охин энхийг сахиулах ажиллагаанд тогооч хийж байсан гэж хэлсэн. Тэр залуу шууд л Цэрэнчимэдийг цохиод авсан. Тэрнээс эхэлсэн гэж бодож байна. Цэрэнчимэдийн хаана нь цохисоныг хараагүй. Миний мөрдөн байцаалтын шатанд тэр залуу Цэрэнчимэдийн нүүр тус газар нь 2 гараараа ээлжлэн цохисон гэж мэдүүлсэн мэдүүлэг үнэн. Хохирогчийг шатнаас унахыг хараагүй. Миний хувьд зодоонд оролцоогүй. Хохирогч, Буяндэлгэр хоёр согтолттой байсан. Баарны гадаа зодоон болох үед Батзориг харагдаагүй. Тухайн үед бид тав дунд тимберланд гутал Энхнаран, Батзориг хоёр өмссөн байсан. Бид хэд зодооны дараа Жуков дээр уулзахад Төмөрпүрэв гинж гаргаж үзүүлээд, тасарсан мөнгөн гинж олсон гэж байсан. Шатны уруу өндөр залуу унахад ингээд үхчихдэг юм байхдаа гэж хэлсэн нь үнэн. Төмөрпүрэв цагаан цамцтай залууг цохисон гэж хэлж байсан. Буяндэлгэрийг салгаж байсан болохоор шат руу унахыг хараагүй. Эргээд харахад тэр залуу шатны урагшаа унасан байсан. Миний мэдүүлэг үнэн зөв” гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Энхнарангийн өгсөн: “Миний мөрдөн байцаалтын шатанд “намхан залуутай Төмөрпүрэв маргалдаж байгаад Төмөрпүрэв намхан залуугийн нүүрэн тус газар цохиход намхан залуу доошоо унахдаа намайг налаад унах үед миний ард төмөр хашаа тээгэлдээд би хамт унасан. Энэ үед өндөр залуу намхан залууг татаж босгох гээд тонгойход Цэрэнчимэд цаанаас ирээд өндөр залуугийн нүүрэн тус газар 1-ээс 2 удаа өшиглөхөд өндөр залуу газар унасан. Тэгээд бид хэд цаашаа явсан” гэж өгсөн мэдүүлэг үнэн зөв. Намхан залуу Буяндэлгэр, өндөр залуу талийгаач байсан. Өндөр залууг тонгойх үед Цэрэнчимэд өшиглөснийг би өөрийн нүдээр харсан. Талийгаач хэвтээд үлдсэн. Би цаашаагаа яваад өгсөн. Цэрэнчимэдээс өөр хүн талийгаачийг цохисон өшиглөсөн асуудал болоогүй. Төмөрпүрэв өндөр залууг цохиогүй. Буяндэлгэрийг унахад талийгаач тонгойх үед нь Цэрэнчимэд өшиглөсөн. Хагас тонгойх үед нь өшиглөсөн. Нэг л өшиглөж байгааг харсан. Банана баарны гадаа болсон зодоонд оролцоогүй. Баарны үүдэнд Цэрэнчимэд өндөр залууг гараа хоолойгоор нь оруулж боосон байсан. Хэргийн холбогдогч нар надад нөлөө үзүүлсэн зүйл байгаагүй. Зодооны дараа уулзахад гайгүй болов уу андаа гэхэд гайгүй гэж би хэлсэн. Талийгаачийн зүгээс Цэрэнчимэд өшиглөхийн өмнө газраас юм авч дайрах довтлох хөдөлгөөн хийсэн эсэх дээр санаж байгаа зүйл алга байна. Намайг очиход гинж газар унасан байсан. Би аваагүй явсан. Дараа нь Төмөрпүрэв таксинд гинж, утас харуулсан.  Батзоригтой 10 жилийн найзууд. Цэрэнчимэд, Төмөрпүрэв, Гансүх нар Батзоригтой хамт ажилладаг найзууд нь гээд танилцаж байсан. Баарны үүдэнд өндөр залуу шатнаас уначихаад зүгээр босоод явсан. Шатан дээр юунаас болж маргасныг мэдэхгүй байна. Өндөр залуу Цэрэнчимэд рүү дайраад, шатны хашлага руу гэдийсэн цохиулж байсан. Тэрнээс өмнө Цэрэнчимэд өндөр залууг дайрах довтлох үйлдэл хийснийг мэдэхгүй байна. Эхлээд Төмөрпүрэв намхан цагаан цамцтай залууг цохисон. Дараа нь Цэрэнчимэд тэр залууг цаанаас ирээд өшиглөсөн. Үзэгдэх орчин гэрэлтэй харагдаж байсан.  Талийгаачийн  толгой,  хүзүү  хавьд өшиглөж байгаа харагдсан. Талийгаач

Цэрэнчимэдэд өшиглүүлэхийн өмнө өөр хэн нэгэнд цохиулж байгаа зүйл хараагүй. Цэрэнчимэд гадуураа саарал куртиктэй байсан. Төмөрпүрэв гадуураа цагаан юүдэнтэй цамцтай, гадуураа нэг юм өмссөн байсан. Банана баарны зодоон дээр Батзориг байгаагүй. Батзоригийг хаашаа явсныг нь мэдээгүй. Буяндэлгэрийг зодоход Батзориг оролцоогүй. Би тимберланд гуталтай байсан. Саарал куртиктэй залуу хаана байна гээд өндөр, намхан 2 залуу хайгаад дээшээ, доошоо хайгаад ална аа гээд Банана баарны үүдэнд болсон зодооны дараа хайгаад байсан. Дараа нь бүгдээрээ цуглахад бүгд гайгүй биз дээ гэж байсан” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Батбуянгийн өгсөн: “Өндөр залуу шат руу унахдаа нүүр амандаа гэмтэл авсан эсэхийг хараагүй. Шат руу доошоо уначихаад босоод ирсэн” гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Баатарцогтын өгсөн: “Баарнаас гарах үед 2 залуу үүдэнд барьцалдаад байж байсан. Би тоогоогүй хажуугаар нь өнгөрөх үед манай найз Батбуян салгах гээд үлдсэн. Тэгээд ярилцаад зогсож байхаар нь би очоод найзыгаа явъя гээд аваад явсан. Боогоод зогсож байсан залуу нөгөө залуугаа тавихад шатны уруу унасан. Босгоё гэж бодсон чинь нөгөө залуу өөрөө босоод ирсэн. Тэрнээс цааш болсон зүйлийг мэдэхгүй. Шатны уруу унах үед тэр хүн ямар нэгэн гэмтэл авсан эсэхийг анзаарч хараагүй” гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Мөнх-Ундраагийн өгсөн: “Тухайн үед тэр хүн Буяндэлгэр хоёр хоорондоо тодорхой юм ярихыг сонсоогүй. Их согтолтын байдалтай байна гэж ойлгосон. Буяндэлгэр надад дүүгээ оруулах гэсэн юм, өргөлцөөд өгөөч гэж гуйсан. Миний өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би тодорхой үг сонсоогүй. Надад өвчтэй байдал мэдрэгдээгүй. Согтсон байна гэж ойлгож байсан. Тэр хүний биенээс цус хараагүй. Буяндэлгэртэй яриад ойлголцож байсан. Тухайн үед нөгөө залууг нь согтолт ихтэй гэж ойлгосон.  Би бас бага хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул анхаарал хандуулаагүй. Би Тунелийн гарцын хавиас тусалсан. Яг тодорхой санахгүй байна” гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ц.Ганболдын өгсөн: “Миний бие 16 жил шинжээч эмчээр ажиллаж байна. Талийгаач Ууганбаатарын цогцост шинжилгээ хийхэд тархины суурь хэсэг, багана тархи, уртавтар тархинд аалзан бүрхүүл доор нилээн зузаан цус харсан байсан. Уртавтар тархи гэдэг газарт амьдралын чухал чухал төвүүд их байдаг. Амьсгал, зүрх судасны төвүүд байдаг. Уг гэмтлийг авсан тохиолдолд маш түргэн хугацаанд нас бардаг. Тархины 4-р ховдол дээр мөн цус харвасан байсан. Энэ нь түргэн үхэлд хүргэдэг гэмтлүүд. Эдгээрийг үндэслэн 1 удаа цохилт авахад хангалттай эдгээр гэмтлийг үүсгэх боломжтой. Бусад гэмтэл болох нүүр, дух, хамран дахь зулгаралт гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Хоолойд авсан гэмтэл боолтын үед үүсэж болно. Шугаман, шулуун гэмтлүүд байсан. Олон тооны цус хуралтууд мохоо зүйлээр үүсгэгдэнэ. Баруун өвдөг, ташаан толгой унах үед үүсгэгдэж болно. Түр зуур амьд байлаа гэхэд комын байдалд байна. Гадна орчинд ухамсарт  үйлдэл  хийх  боломжгүй.  Эмх  замбараагүй  хөдөлгөөн  хийх боломжтой.

Түргэн үхэлд хүргэдэг тархины чухал төвүүдэд их хэмжээний зузаан цус харвасан байсан. Уртавтар тархи гэдэг нугас руу, хүзүүний нугалам хөндий рүү орж байгаа. Шинжилгээний үед хүзүүний зүүн хэсэгт 5*1 см олон тооны хөх өнгийн голомтлог цус харвалттай байсан. Хүзүүний зүүн хэсэгт гэмтэл учруулсаны улмаас хүзүүн доорх хэсгээсээ дээшээ цус харвасан гэж үзэж байгаа. Шатнаас унахад энэ гэмтлийг авах боломж багатай гэж үзэж байна. Учир нь унасаны дараа ухамсарт хөдөлгөөн хийгээд явсан байна. Шинжилгээгээр талийгаачийн баруун зулай ар хэсэгт гавлын ясны шанх ясанд зулгаралт байгаа. Энэ гэмтлийн харалдаа тархинд гэмтэл байхгүй байсан. Эсрэгээр харин тархины суурь хэсгээр гэмтсэн байсан тул хүзүүнд гэмтэл учруулахад илүү үүсэх боломжтой гэж үзсэн. Тархи хүчтэй доргиход өөр гэмтэл үүснэ. Талийгаачийн тархинд суурь хэсгээрээ цус харвалт үүссэн байсан. Боолт үхэлд хүргэх гэмтлийг үүсгээгүй гэж үзэж байна. Боолт амьсгал бүтэлтэнд хүргэдэг. Талийгаачид тархины гэмтэл үүссэн. Тархины суурь хэсэг гэж хүзүүний нугалам руу орж яван уртавтар тархи үргэлжилдэг. Зурган дээр хүртэл байгаа. Сууриараа их зузаан цус хуралт үүссэн байсан. Тархины доод хэсэг хүзүүтэй холбоотой байгаа. Талийгаачийн хүзүүний доод хэсэгт зэрэгцээ 2 цус хуралт хоолой боож шахагдах үед үүсэх боломж багатай. Хүзүүнд зүүлттэй гинжийг хараагүй болохоор мэдэхгүй байна. Хэмжээ хэлбэр нь таарч байвал үүсэх боломжтой. Эдгээр гэмтлийг аваад түргэн хугацаанд үхдэг. Амь насыг аврах боломж багатай. Мэс засал болон эмийн эмчилгээ хийх боломж багатай. Хөдөлгөөнгүй болж хэвтсэнээс хойш хөдөлгөөн сэргэх боломж бага, улам л хүндэрнэ. Хүзүүнд шулуун ойролцоо хэмжээтэй 2 зэрэгцээ байрласан гэмтэл нарийхан зүйлээр үүсэх боломжтой. Боолт даралтын хүч хэр үйлчилж байгаагаас шалтгаална. Заавал цагариг үүсэх гэх зүйл байхгүй. Жишээ нь урд талаас нь татвал хүзүүний ар хэсэгт, хойноос нь татвал хүзүүний урд хэсэгт үйлчилдэг. Түүнээс биш бүрэн цагираг үүсгэх албагүй, хэсэг газар үүсэх боломжтой. Хувцасаар боох үед ч тасархай гэмтэл үүсэх боломжтой. Заавал гинжнээс татах үед гэж онцгойлж хэлэхгүй байна. Тархины олон гэмтэл байгаа. Хүзүүний зүүн талын цус хуралт, хамар, дух, зүүн ташаа, баруун өвдөгний зулгаралт гэмтлүүд байгаа. Тархинд үүссэн гэмтлээс бусад гэмтэл хөнгөн гэмтэл одоо дурдагдаад байгаа гэмтлүүд тархинд үүссэн гэмтлүүд гэж ойлгож болно. Тархинд үүссэн гол үхэлд хүргээд байгаа гэмтэл 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тархинд үүссэн олон гэмтэл, цус харвалтууд гэмтлийнхээ тоогоор хүч үйлчлэхийг шаардахгүй. Хамарсан хүрээг нь бичихээр олон байгаа ч нэг цус харвалтаар үүссэн” гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч А.Сайнхүүгийн өгсөн: Тухайн өдрийн огноогоор бичигдсэн 4 бичлэг ирсэн. 3 тусдаа фолдер дотроос асуултын хүрээний дагуу гээд авчирч өгсөн. Тухайн бичлэгүүд нь цаг цагийн дарааллаар үргэлжилсэн бичлэгүүд байсан. Нийтдээ 1920*1080 пиксэл, 1 секундэд 25 кадраар дүрсэлж байсан бичлэг байсан. Бичлэгийг нийтэд нь 4 дахин томруулж заасан хугацааг нь тусад нь хавсаргасан байгаа. Үйл явдал болсноос тухайн хүнийг зөөсөн хүртэлх хугацааны бичлэг 2 тусдаа бичлэг байгаа. Зодоон болсон хэсгийг 6 дахин томруулж бичлэгийн хурдыг удаашруулсан байдлаар хавсаргасан байгаа. 1 секундын бичлэг 25 кадр болж байгаа тул хэмжээг нь томруулж өгсөн байгаа.  Шинжилгээнд  бичлэг

ирэх үед хэрэг илрээгүй байсан. Хэрэг үйлдсэн хүмүүсийг илрүүлэх үүднээс өмссөн хувцас, онцлог шинж тэмдгээр нь бичсэн. Зодоон болж байгаагаас наашаа гэрлийн доор орж ирж байгаа хөдөлгөөнүүд дээр савхин юм уу лидрин хувцас байж болох гялалзсан өнгөнүүд орж ирж байсан. Цаашаа явж байгаа хүний хувцас хохирогчийг өшиглөсөн хүний хувцас таарч байсан. Хохирогчийг 01 цаг 55 минут 33 секундэд унаснаас хойш 02 цаг 36 минут 20 секунд хүртэлх хугацаанд нийт 22 удаа босгох болон зөөх үйлдэл хийж байгаа байдал харагдсан. Миний томсгосон бичлэгээр цайвар саарал куртик, хар бараан өнгийн куртик ялгагдана. Хавсралтанд 2 цэнхэр өнгөтэй диск байгаа. Бид нар ашигтай кадруудаа бүгдийг шинжилж үзнэ. Томсгосон байдлаар хадгалсан бичлэгийг ердийн компьютер унших боломжгүй. Дүрс бичлэг дээр эхлээд цохиулж унаж байгаа цайвар хувцастай хүн хохирогчтой хамт үлдэж байгаа. 01 цаг 55 минут 33 секундээс 02 цаг 36 минут 20 секунд хүртэл зөөх үйлдэл хийсэн. Тэр үед хохирогч өөрийн идэвхтэй үйлдлээр хөдөлгөөн хийгээгүй. Суугаа байдлаар нь орхиод явахад буцаж унасан. Явган хүний зорчих хэсгийн гол хэсгийн орчим ямар нэгэн зүйл түшээгүй байсан. Шүүх эмнэлгийн шинжээчээр дүгнэлт гаргуулахдаа томсгосон бичлэгийг үзүүлсэн үү, эсвэл бидний үзсэн жижиг хэлбэрээр бичлэгийг үзүүлсэн эсэхийг мэдэхгүй байна. Манайд томсгосон бичлэг үзье гэж хүсэлт ирээгүй. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5248 тоот дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. 4-өөс 6 дахин томруулсан бичлэг тэмдэглэлтэйгээ хавсаргагдаж ирсэн. Тухайн үед хэрэг илрээгүй байсан. Шаардлагатай баримтыг хэрэг илрүүлэхэд ач холбогдолтой гэх үүднээс гаргаж өгсөн. Харьцуулах шинжилгээнд загвар ирээгүй. Мөн хэрэг илрээгүй байсан. Бараан өнгийн хувцастай юмыг яаж мэдэхэв савхин байж болох юм гэж бичсэн. Саарал дотроо 160 гаруй өнгөөр сална. Тухайн бичлэг бичигдсэн камер өнгөт дүрсээр дүрсэлж байсан тул харьцангуй өнгөөрөө гарна. Саарал биш бараан өнгөтэй гэж ойлгоно. Саарал гэж бичсэн зүйл байхгүй. Бараан өнгийн гэж байгаа. Шөнийн бичлэг ойролцоогоор 150 орчим метрээс дүрсэлсэн байгаа. Бараан өнгийн ялгаа тодорхой харагдахгүй. Савхин куртик байж болох гэдгийг зодоон болж байгаа хэсэг дээр биш. Тэрний наана сэжигтэн этгээд дэлгэцийн наашаа чиглээд явдаг. Буцаж яваад үйлдэл хийдэг. Нэг хүний үйлдэл гэж үзсэн. Бичлэг дээр тухайн үйлдэл хийсэн хүмүүс тэрүүхэн орчиндоо байгаад алга болоогүй. Наашаа гэрэлтэй тал руу ирж байгаа үйлдэл болохоос өмнө камер тал руугаа явж байгаад буцаад явсан байдаг. Тэр хүн дэлгэцэн дээр илүү тод орж ирээд буцаж явж байгаа” гэх мэдүүлэг,

         

          2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.110-121/,

          2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гзрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.127-130/,

          Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.131-134/,

          2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 31-р байрны хойд талыг харуулсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.140-144/,

          2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.155-158/,

          2015  оны  10  дугаар  сарын  24-ний  өдөр  “Венус”  зочид  буудлын хяналтын

 

камерын бичлэгийг хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх.1.160-161/,

          2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Банана” баарны үүдний хэсгийг харуулсан хяналтын камерын бичлэгийг хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх.1.165-166/,

          2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 31-р байрны хэсгийг харуулсан хяналтын камерын бичлэгийг хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх.1.167-168/,

          2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.189-199/,

         

          Мөрдөн байцаалтад хохирогч Г.Бямбасүрэнгийн “... 2015 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 07 цагт хүү хүнтэй утсаар яриад машинд дайгдаад явсан... Орой ажлаасаа ирсэн чинь хүү Ууганбаатар байхгүй, дүрэмт хувцсаа өлгөөд энгийн хувцас өмсөөд гарч явсан байхаар нь хаашаагаа явсан юм бэ гэж нөхрөөсөө асуухад хүнтэй уулзаад ирье удахгүй гэж хэлсэн... тэр шөнөдөө ирээгүй өглөөний 07 цагаас эхлэн 86960235 дугаар луу залгасан боловч холбогдох боломжгүй байсан... өглөө зүгээр эрүүл саруул ажилдаа яваад орой ирээд зүгээр гарсан хүү минь нас барсан гэхээр маш их гомдолтой байна... миний хүү А.Ууганбаатарыг нас барснаас хойш 8 цагийн дараа буюу 2015 оны 10 сарын 24-ний өдрийн 20 цагийн үед ЗХ-ний 150-р ангийн Штабын дарга Ялалт гэх хүн бидэн рүү утсаар хэл дуулгаж цагдаа дээр хурдан ирэх хэрэгтэй байна гэж хэлсэн тэгээд Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс рүү явж байтал замд дахин утасдаж хүү чинь нас барсан байна гэж хэлж мэдэгдсэн... миний хүүгийн аминд хүрсэн этгээдүүдэд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцож, үнэн зөвөөр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /хх.1.207-210/,

 

          Мөрдөн байцаалтад хохирогч М.Буяндэлгэрийн “... 2015 оны 10 дугаар сарын 23-ны орой ... хамт ажилладаг Ууганбаатар над руу залгаад... уулзах уу гэхээр нь би тэгье хаана уулзах вэ гэхэд Сансарт гэж хэлсэн... 20 цаг 45 минутын үед Ууганбаатар надруу залгаад ... Айриш нэртэй пабад байна хүрээд ирэх үү гэхээр нь би за тэгье гээд ... очиход Ууганбаатар ганцаараа пиво уугаад сууж байсан... 22 цаг өнгөрч байхад Ууганбаатар хоёулаа бааранд орох уу гэхээр нь тэгье гээд урагшаа уруудаж алхаад ... “Окланд” нэртэй бааранд орж суусан... тэгээд гарч тамхи татаад зогсож байхдаа Ууганбаатар намайг Бади гэж дуудахад хажууд зогсож байсан... хүүхэн та хоёр цэргийн хүн юм уу гэхээр нь би тиймээ гэхэд нөгөө хүүхэн би ч гэсэн цэргийн хүн энхийг сахиулах ажиллагаанд явж байсан гэж хэлсэн... тэгээд зогсож байтал “Банана” баарны үүдэнд буюу шатан дээр зогсож байсан саарал куртиктэй өндөр залуу Ууганбаатартай маргалдаад Ууганбаатар нөгөө залуугийн шанаан тус газарт гараараа 2 удаа цохиж шат руу өгссөн, би Ууганбаатарын араас татаж холдуулахад нөгөө залуу миний нүүр лүү гараараа нэг удаа цохихоор нь би тэр залууг тэврээд шат руу өгсөж гарсан, энэ үед миний араас хүн татаж намайг салгаж холдуулсан... намайг татсан залуугаас холдох үед Ууганбаатар биеийн урд хэсэг нүүрээрээ шатны уруу унаж байсан. Би очоод татаж босгоход хамраас нь цус гараад духны дээд хэсэгт шалбарсан байсан нөгөө залуу хойшоо өгсөөд явсан... Ууганбаатар бид хоёр яагаад бид хоёрыг зодож байгаа юм бэ гээд араас нь явсан...

ингэж явж байхдаа би өөрийнхөө 88656748 дугаарын утаснаас цагдаагийн 102-т залгаж байсан тэгээд тасарсан... Ууганбаатар бид хоёр архи пиво хольж уугаад нэлээн согтсон байсан... тэгээд нөгөө саарал куртиктэй залуу байрны дундуур аркаар ороод гүйхээр нь би араас нь гүйсэн миний араас Ууганбаатар ирсэн. Араас нь 3-4 залуу ирээд бид хоёрыг тойрч зогссон миний зүүн гар талд зогсож байсан малгайтай цамцтай залуу гараараа намайг нэг удаа цохиход би доош унасан. Тэгээд миний толгой эргээд манарсан энэ үед хэн өшиглөснийг мэдэхгүй. Ууганбаатарыг нэг хүн маш хүчтэй өшиглөж пид хийх чимээ гарсан би хагас босч харахад Ууганбаатар газар уначихсан хэвтэж байсан. Энэ үед намайг 1-2 удаа нуруу болон цээж рүү өшиглөж байсан... тэгээд нөгөө залуучууд яваад Ууганбаатар бид хоёртой намайг цохисон малгайтай цамцтай залуу үлдсэн... Ууганбаатарыг нөгөө залууг харж байгаарай гэж хэлээд Окланд бааранд очиж хоёр куртикээ аваад буцаж ирэхэд нөгөө залуу байхгүй байсан. Тэгээд урьд нь цагдаад дуудлага өгсөн юм чинь цагдаагийн машин ирэх байх гэж бодоод аркаар гараад төв зам руу нэлээд удаан харж зогссон... тухайн үед миний гар утасны цэнэг дууссан байсан болохоор утсаар ярих боломжгүй байсан. Тэнд явж байсан 2 хүнээс утсаа өгөөч гэж гуйхад нэгж байхгүй, утасгүй гэж хэлсэн. Тэгээд буцаж Ууганбаатар дээр очиход сэрээгүй хэвээрээ байсан... сэрээх гэж дуудаж татахад босохгүй ямар ч үйлдэл үзүүлэхгүй болохоор нь согтоод тасраад унтчихлаа гэж бодсон тэгээд би өөрөө согтсон байсан учраас хүн авчирч өргөхгүй бол болохгүй гэж бодоод явж нэг хүүхэн залуу хоёроос гуйж байгаад дагуулж ирж Ууганбаатарыг өргөж авч яваад хойшоо автобусны буудлын Венус нэртэй зочид буудалд өрөө авч оруулж хэвтүүлсэн... тэгээд би нөгөө хоёртой буцаж гараад хамт явсан ...маргааш өглөө нь буудалд ирж өрөөнд ороход Ууганбаатар амьсгалахгүй бие нь хөрсөн байсан тэгээд би ресевшнд хэлж 102, 103-д дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх.1.214-216/,

         

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнх-Ундраагийн “... 2015 оны 10 сарын 23-ны орой 22 цагийн үед багын найз Өлзийбаатар ... утсаар ярьж гараад ир караокед орьё гэж хэлсэн...тэгээд машинтай ирэхээр нь ... суухад гурван найз охинтойгоо хамт явж байсан...тэгээд Андууд караокед орж 1 цаг 30 минут дуулсан...тэндээсээ гарч түнелийн эсрэг талд нэрийг нь мэдэхгүй бааранд ороод 1 цаг гаран сууж 0.75 литрийн Вива нэртэй архи ууцгаасан... Өлзийбаатартай хамт явсан 3 охины нэг ... түрүүлж гарсан ба хэсэг хугацааны дараа ирэхдээ 150 дугаар ангид ажилладаг цагаан өнгийн биеийн тамирын цамцтай залууг дагуулж ирээд танилц миний найз байгаа юмаа гэж хэлээд бүгд гарцгаасан...тэгтэл нөгөө залуу нь манай дүү согтоод тасарчихсан байгаа юм энэ дүүгээ буудалд оруулж өгчихөөд та хэдтэй хамт явъя гэж хэлсэн... нөгөө залуу нэг согтуу залууг үүрчихсэн буудалд оруулъя гэхээр нь найз нараасаа салаад дийлэхгүй байгаа юм байна гэж бодоод хамт өргөлцөөд Венус зочид буудал оруулж ресепшн дээр нь хүргэж өгөхөд нөгөө цагаан бэлтгэлийн цамцтай залуу тооцооны талыг өглөө өгье гэж хэлээд №07 тоот өрөөнд оруулж өгөөд гарсан.. .тэгээд бид 6 ... такси барьж ... Цайзын орчимд нэрийг нь мэдэхгүй буудалд орж... унтсан... Буянаа гэдэг залуу үүрч явахдаа миний дүү сэргэнэ шүү гэж хэлсэн ба нөгөө залуу нь юм хэлэхгүй ай юу гэх бөгөөд биеэ дийлж явж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх.1.220/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Г.Болдтуяагийн “... Би Венус зочид буудлыг түрээслэн ажилладаг... 2015 оны 10 дугаар сарын 23-ны шөнө найз Хишигсүрэн нөхөр Цогтбаатарын хамт Хэнтий аймгаас ирэхээр нь №03 тоот өрөөнд оруулсан... найз Хишигсүрэнтэй уулзаагүй удсан учир найз Дуламсайхан, Баярцэцэг нарын хамт Скай бааранд орж ... архи ундаа ус авч бүжиглэж байгаад 03 цагийн үед буудалдаа ирээд найз Хишигсүрэнг №03 тоот өрөөнд оруулсан нөхөр нь өрөөнд унтаж байсан... би Дуламсайхан, Баярцэцэг хоёртой оффисын өрөөндөө унтсан... өглөө 10 цагт босож найз нартайгаа юм яриад сууж байхад 11 цагийн үед гаднаас нэг залуу орж ирээд №07 номерын өрөөнд ороод буцаж гарч ирээд манай найз сонин болчихсон байна... гэж хэлэхээр нь өрөөнд ороод орон дээр хэвтэж байсан залуугийн биеийг барьж үзэхэд хөрсөн байхаар нь нас барчихсан юм биш үү гэж хэлээд тэр залууд гар утсаа өгөхөд түргэн тусламж руу залгасан дараа нь цагдаад дуудлага өгсөн... түргэний эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн... манай буудалд амарч байсан хүмүүсээс маргалдаж, зодолдсон хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх.1.221/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Д.Баярцэцэгийн “... 2015 оны 10 сарын 23-ны өдөр ... би гурван найзын хамт Скай бааранд бүжиглэх гэж орсон... тэгээд тэнд 2 цаг бүжиглэж байгаад гараад бүгдээрээ такси бариад Венус буудалд буцаж ирсэн тэгээд ороод шатаар дээш өгсөх замд шатан дээр нэг залууг хоёр залуу хоёр гарнаас нь сугадсан байдалтай нэг хүүхэн хоёр хөлийг нь өргөсөн байдалтай шатаар өгсөж явсан. Тэгээд бид нар зөрөөд дээшээ 2 давхарт гараад офиссын өрөө рүү орсон... тэр өрөөнд Болдтуяа, Дуламсайхан хоёртой унтсан... өглөө 10 цагийн үед сэрээд байж байтал нэг залуу хаалга тогшоод утас байна уу манай найзын бие нь сонин байна түргэн дуудах гэсэн юм гээд манай найз Болдтуяагийн утсаар түргэн дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх.1.223/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Д.Хишигсүрэнгийн “...Би 2015 оны 10 дугаар сарын 23-нд нөхөр Цогтбаатарын хамт Сансарт байдаг Венус нэртэй буудалд өрөө авсан... тэр буудлыг манай найз Болдтуяа түрээслэн ажиллуулдаг... би нөхөртэйгээ хамт өрөөндөө байж байгаад Болдтуяа, Ука, Сайнаа нартай хамт Скай нэртэй бааранд орж сууж байгаад 02 цаг өнгөрөөгөөд буудалд ирсэн. Бид нар буудалд ороод шатаар дээш гарч байхад урд хоёр залуу нэг хүүхэн нэг хүнийг өргөөд дээш гарч байсан тэд нар 07 номерийн өрөөнд орсон... би өглөө 10 цагаас босоод гурван найзыгаа сэрээсэн манай гурван найз ажилчдын өрөөнд байсан... сэргээгээд удаагүй байж байхад гаднаас нэг залуу орж ирээд 07 номерийн өрөөнд ороод Баагий Баагий гээд орилоод байсан... тэгээд өрөөнөөс гарч ирээд утсаа өгөөч түргэн дуудах гэсэн юм манай найз сонин болчихсон байна гэж байсан удалгүй эмч цагдаа нар ирсэн... миний мэдэхээр манай өрөөнд ямар нэг зодоон болоогүй, буудалд ч бас зодоон болоогүй байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх.1.225-226/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Дуламсайханы “...Бид нар тэр баарнаас шөнийн 02 цаг 30 минутын үед гараад Болдтуяагийн ажиллуулдаг Венус буудалд ирцгээсэн Хишигсүрэн найз залуугийн хамт 3 тоот өрөөнд ороод унтаад өгсөн харин Болдтуяа,

Баярцэцэг бид гурав ажлын өрөөнд нь унтаад өгсөн... тэгээд өглөө 10 цагийн үед сэрцгээсэн тэгтэл гаднаас нэг залуу орж ирээд эгчээ гар утсаа өгөөч түргэн дуудах гэсэн юмаа 7 тоот өрөөнд манай найз сонин болчихсон байна та очоод хараад өгөөч гэхээр нь Болдтуяа түүнийг дагаад очиж үзсэн тэгээд биенд нь хүрсэн чинь үхсэн байдалтай байна гээд буцаад хүрээд ирсэн тэгээд эмнэлэг цагдаа ар араасаа ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх.1.228-229/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Н.Баатарцогтын “... Баарны үүдээр гарах үед хоёр залуу хоорондоо ноцолдоод нэг нь босоо төмөртэй нөгөө залуугаа боосон байхад нь Батбуян очоод боль боолт орсон байна уналаа тавь гэхээр нь би шатаар буцаж өгсөж гараад Батбуянг явъя гээд араас нь татаад шатаар доош буугаад үүдний орчимд тамхи зарж байсан эгчээс 10 ширхэг тамхи аваад Батбуянгийн хамт гэр лүүгээ явж гэртээ ороод унтсан... бид хоёр шатан дээр тэр хүмүүстэй зодолдоогүй Батбуян зууралдаад нэгийнхээ хоолойг боосон хүнийг тавиулах гээд очихоор нь би араас нь татаж авч явсан... би шатны уруу хүн унасан эсэхийг анзаарч хараагүй доош уруудаад явахад Батбуян унагаачихлаа гэхээр нь наадах чинь найз нартайгаа явж байгаа юм биш үү гэж хэлээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх.1.231-232/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Батбуянгийн “... Би 2015 оны 10 дугаар сарын 23-ны орой 22 цагийн орчим найзууд болох Баатарцогт, Сүхбаатар нартай сансарт байрлах Банана бааранд орсон... Баатарцогт бид хоёр тамхи татчихаад буцаад баар луу орж байхад баарны үүдэнд зодоон болж байсан... Баатарцогт бид хоёр цугтаа тоогоогүй дотогшоо орсон. Тэгтэл баар хаасан гээд ... хүмүүс гарцгаачихсан байхаар нь Баатарцогт бид хоёр буцаад гарсан... үүдний хаалгаар гартал хаалганы баруун талд саарал өнгийн өвлийн богино куртиктай, үсээ гуравжилсан байдлаар зассан 180 гаран см өндөртэй залуу хөх өнгийн футболктай намхандуу залуугийн ард нь гарчихсан гараа хоолойгоор нь оруулаад боож байсан. Тэгэхээр нь би хөөе наадах чинь боолт орчихлоо гээд боож байсан залуугийн гарнаас нь татаад болиулаад гарыг нь тавиултал боолгуулж байсан залуу шатны уруу унасан тухайн үед манай найз Баатарцогт араас татаад хөөе явъя гээд байсан. Би шатны уруу унасан залууг гарнаас нь татаад босгох гэсэн чинь хажуунаас найзууд нь татаад босгосон. Ингээд Баатарцогт бид хоёр цаашаагаа Баатарцогтын гэрлүү орсон Баатарцогтын гэр нь тунелийн хажуугийн 5А байранд байдаг...” гэсэн мэдүүлэг /хх.1.240-241/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Х.Өлзийбаатарын “... 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ... Сарнай Номио хоёр залгаад ... Сансарын энд нэг газар байна хүрээд ирээч гэхээр нь очиход Сарнай Номио хоёр бас Номиогийн ангийн охин Цацаа гэдэг охин байж байсан... тэгээд бид дөрөв караокед орохоор болсон ба ... би өөрийн найз Ундраа руу залгасан... тэгээд Ундрааг аваад ... Андууд нэртэй караокед орсон... тэгээд Ундраа, Цацаа хоёр гадаа гарч тамхи татахаар болсон... тэгээд баарны гадаа гараад харсан чинь байхгүй байсан... тэгээд бид нарын сууж байсан баар хаасан ба Сарнай Номио бид гурав ... дээшээ алхаад явж байсан чинь өөдөөс Ундраа,               Цацаа хоёр нэг танихгүй залуу дагуулчихсан хүрээд ирсэн... Цацаа манай найз гэж

байсан... тэгээд бид нар хамт нийлээд Цайзын тэнд байсан нэрийг нь мэдэхгүй нэг буудалд ороод нэг нэг шил пиво аваад юм ярьж сууж байгаад ... унтацгаахаар хэвтсэн... би өглөө 7 цагт сэрээд Ундрааг сэрээж дуудаад харих гээд тэр буудлаас гараад явсан бид хоёрыг буудлаас гарахад Сарнай, Номио, Цацаа нөгөө залуу тэр дөрөв унтаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх.1.239-239/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч О.Энхсарнайгийн “... Би 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн орчим найзууд болох Номин-Эрдэнэ, Түмэнцас, Мөнх-Ундраа, Өлзий нартай Окланд бааранд орсон... бид нар бүжиглэж байгаад ширээн дээр ирсэн чинь Мөнх-Ундраа, Түмэнцас хоёр байхгүй байсан...тэгэхээр нь бид хувцсаа өмсөөд нэг мөр гарцгаасан...тэгээд хүлээгээд байж байгаад за за дээшээ алхая гээд явж байсан чинь өөдөөс Мөнх-Ундраа, Түмэнцас хоёр бас нэг залуугийн хамт ирсэн... хаашаа яваад ирж байгаа юм бэ гэсэн чинь хажууд явж байсан залуутайгаа танилцуулаад дүү нь согтуу байхаар нь буудалд оруулж өгчихөөд ирлээ гэж хэлсэн... тэгээд цайз руу такси бариад явж байгаад буудалд орцгоосон... өглөө босоод Буяндэлгэр гэрээсээ машинаа аваад бид нарыг хүргэж өгнө гээд гэрлүүгээ явж машинаа авчираад замаараа дүүгээ аваад гэрлүү нь хүргэж өгнө гээд буудал руу нь явсан...буудлын гадаа очоод Буяндэлгэр ганцаараа ороод 5 орчим минут болоод гараад ирсэн чинь царай нь цонхийсон бие хөрсөн байна гээд хүн ойлгохгүй юм яриад байсан...тэгснээ буцаад буудал ороод 10 орчим минут болоод гарч ирээд ... дүү нь өнгөрчихсөн байна би цагдаа, түргэн дуудчихлаа гээд уйлаад байсан... Буяндэлгэрийн куртик нь цус болчихсон харагдаж байсан мөн цамцных нь ард гутлын мөр тод харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх.1.242/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Г.Ундралын “... Би өчигдөр ажил дээрээ бэлэн байдлаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж байхад 23 цаг 30 минутын орчим бүлгийн дарга, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрхэмбаяр намайг дуудаад чи Төмөрпүрэвийн шкафнаас айфоне гар утас, цагдаа хар гутал, Цэрэнчимэдийн шкафнаас куртик, шар ноосон цамц, оймс, Батзоригийн шкафнаас гадуурх куртикийг аваад Шүүх шинжилгээний хүрээлэн дээр очоод Баньдцэрэн ахмадад өгчих гэж хэлсэн үүний дагуу би Төмөрпүрэв, Цэрэнчимэд, Батзориг нарын шкафийг нээж үзээд бүлгийн дарга Эрхэмбаярын хэлсэн зүйлүүдийг аваад шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дээр очиж Баньдцэрэн ахмадад өгчихөөд буцаад шууд ажил дээрээ ирсэн...Төмөрпүрэвийн шкафнаас хар өнгийн нүүртэй саарал хүрээтэй арын хэсэг нь саарал, хар хосолсон өнгөтэй I phone-5 маркийн гар утсыг өгсөн... утсыг Төмөрпүрэвийн хувцас хийдэг шкафнаас авсан нь үнэн...” гэсэн мэдүүлэг /хх.1.243-244/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Ч.Түмэнцасын “... 2015 оны 10 дугаар сарын 23-ны орой найзууд болох Номин-Эрдэнэ, Сарнай, Өлзий, Мөнх-Ундраа нартай хамт ...сансарт байрлах Окланд нэртэй бааранд орцгоосон... би агаар амьсгалах гээд ганцаараа гадагшаа гарч яваад үүдэн дээр танихгүй залуутай мөргөлдсөн чинь тэр залуу намайг замаа хараач гэж хэл амаар доромжилсон чинь хажуунаас                               нэг  залуу намайг өмөөрсөн тэр  өмөөрсөн залуу Буяндэлгэр байгаа юм... тэгээд би

Буяндэлгэртэй танилцсан... Буяндэлгэр манай дүү энэ хавьд байгаа юмаа, архиндаа тасарчихлаа, нэг газар оруулж хонуулдаг юм билүү чи надад туслаач, би дүүгээ нэг газар оруулчихаад чамайг хүргээд өгье гэж хэлсэн... тэгэхээр нь тэгье гээд цугтаа дагаад явсан чинь баарны хойгуур ертөнцийн зүгээр зүүн тийшээгээ алхаад байрны хажуугийн явган хүний зам дээр дүү нь газар хэвтэж байсан Буяндэлгэр манай дүү байна гээд бид хоёр түшиж босгоод 2 талаас нь дамнаад явж байсан чинь Мөнх-Ундраа өөдөөс хүрээд ирсэн ингээд Мөнх-Ундраа Буяндэлгэр хоёр нөгөө залууг 2 талаас нь дамнаад дээшээ алхаад Венус гэх буудал дээр ирсэн... буудалд оруулаад орон дээр хэвтүүлэхэд нь би царайг нь харахад хамар нь бөөн цус болчихсон цус нь хатсан байдалтай байсан би дүү чинь яачихсан юм бэ гээд Буяндэлгэрээс асуухад бид хоёр хүмүүст зодуулсан юмаа гэсэн мөн дүүгийнхээ хувцсыг тайлаад оронд нь оруулсан хувцсыг нь тайлж байснаа манай дүүгийн утас нь бас яачихваа гэхээр нь би ямар утас байсан юм бэ гэсэн чинь I phone-5 гэж байсан мөн би ямар хүмүүст зодуулсан юм бэ гэсэн чинь мэдэхгүй, танихгүй хүмүүст гэж байсан... дүүг нь анх хэвтэж байсан газраас нь эхлээд буудал хүртэл түшээд явахад согтуу хүний гийнах чимээ гарч байсан тэгэхээс үг үсэг хэлээгүй, буудалд оронд нь оруулаад Буяндэлгэр ах нь чамайг өглөө ирж авна шүү гэсэн чинь за гэж амандаа зөөлөн хэлснээ толгойгоо дохиж байсан... ингээд дүүг нь буудалд орхичихоод Мөнх-Ундраа, Буяндэлгэр бид 3 доошоо алхаж байсан чинь өөдөөс манай... найзууд гарч ирсэн ба бид нар ..цайз руу буудал хайж явж байгаад Роял нэртэй буудалд хоносон... өглөө Буяндэлгэр эрт гараад ... машинаа авчихаад бид нар бөөнөөрөө Венус буудал дээр очоод Буяндэлгэр буудал руу ганцаараа ороод ... 10 орчим минутын дараа Буяндэлгэр царай нь цонхийчихсон манай дүү өнгөрчихлөө гээд хүн ойлгохгүй юм ярьснаа эргээд буудал руу орсон... тэгээд эргээд гарч ирсэнээ манай дүү өнгөрчихсөн байна гээд машиндаа суугаад уйлаад байсан... буудалд дүүг нь хүргэж өгөхөд Буяндэлгэрийн куртикных нь гадна талд цус болсон байсан. Мөн цагаан өнгийн бэлтгэлийн цамцных нь ард талд нь гутлын мөр гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх.2.8-9/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Д.Цэнд-Аюушийн “... Би 2015 оны 10 дугаар сарын 24-ний 00 цагаас хойш 03:30 цаг хүртэл Венус зочид буудлын хүлээн авагчаар ажилласан...02 цаг 30 минутын үед гаднаас 2 залуу нэг эмэгтэй орж ирээд өрөө асуусан...тэд нар надад манай нэг найз согтуу байгаа тэр найзыгаа унтуулчихаад бид нар асуудал гаргалгүй яваад өгнө гэж хэлсэн тэгээд тэр гурав цуг гараад явахаар нь би камер хараад сууж байсан чинь гаднаас архи уугаад тасарсан байдалтай эрэгтэй хүнийг хоёр эрэгтэй нь хоёр гарнаас нь барьчихсан нэг эмэгтэй нь хөлнөөс нь барьчихсан орж ирээд 7 тоот өрөө рүү оруулаад өрөөндөө тэд нар 10 орчим минут байж байгаад гараад явсан... намхан залуу нь өрөөнд оруулсан залуугаа манай найз байгаа юм би өглөө ирнэ гэж хэлээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх.2.10-12/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Гансүхийн "... 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн үед Сансарын Тунелийн автобусны буудлын хойд талд байх Хаан хуушуур цайны газар найз Төмөрпүрэв, Энхнаран, Батзориг бид дөрөв утсаар ярьж

байгаад уулзаж хуушуур авч идсэн... Батзориг Сэнгүр пиво авч ирсэн... бид нар гараад хүүхдийн тоглоомын талбайн зүүн хойд талд пивыг хувааж ууж дуусаад ... урагшаа явж

хүнсний дэлгүүрт орж 0,5-н Улаанбаатар цагаан архи 1 шил, нэг том ундаа аваад пиво уусан газраа очиж ууж дуусаад ... Банана нэртэй бааранд орсон... бааранд орохоос өмнө Төмөрпүрэв, Цэрэнчимэд рүү утсаар ярьж дуудсан юм шиг байна лээ. Цэрэнчимэд ирнэ гэж Төмөрпүрэв хэлж байсан... 5-10 минутын дараа Цэрэнчимэд ирээд 1 шил пиво авч уусан... тэгээд баар хааж бид нар гарахад ... 3 охин шатны доор юм яриад зогсож байсан би очоод танилцъя хаашаа явах юм гэж асуусан... өөр юу ярьсан талаар санахгүй байна, тэгээд би тэр гурваас холдоод ... эргэж харахад нөгөө 3 охинтой өндөр, намхан хоёр залуу юм яриад зогсож байсан... би тэр хоёр залуутай ямар нэгэн байдлаар маргалдсан зүйл болоогүй ярьж байгаа зүйлийг нь сонсоод зогсож байсан. Энэ үед шатан дээр Цэрэнчимэд ирж нөгөө хоёр залуугийн хажууд нь ирээд найзад яагаад томроод байгаа юм бэ гэж нөгөө хоёр залууд хандаж хэлэхэд өндөр залуу энэ залуучуудыг чинь зодчих уу гэж нөгөө 3-н хүүхэнд хандаж хэлсэн... Цэрэнчимэд чи тэгээд яах гээд байгаа юм гэж тэр хоёр маргалдсан. Өндөр залуу Цэрэнчимэдийн нүүрэн тус газарт нь хоёр гараараа ээлжлэн цохиж тэр хоёр шатны дээд талд буюу Банана баарны үүний урд талд очсон тэр хоёр хоорондоо зууралдаад Цэрэнчимэд өндөр залуугийн хоолойг зүүн гараараа уургалж шатны босоо трубанд шахаж боосон байдалтай зогсож байсан цагаан цамцтай намхан залуу Цэрэнчимэдийн араас зууралдахаар нь би татаж гаргаад эргэж хартал өндөр залуу шатны уруу нүүр болон биеийн урд хэсгээрээ унасан байсан... тэгээд би шатнаас буугаад нөгөө 3 охины махлагдуу ... хүүхэнтэй юм яриад түрүүлээд дээшээ алхсан... энэ үед нөгөө өндөр, нам хоёр залуу саарал куртиктэй залуу хаана байна алнаа гээд орилоод хажуугаар түрүүлж явсан... тэгээд арктай байр өнгөрөөд явж байхад нөгөө хоёр залуу бас орилоод хажуугаар доош зөрсөн... удаагүй хойно явж байсан хоёр охины нэг нь танай найз чинь зодолдож байна гэж орилохоор нь би доош уруудаад ... аркаар ороод харахад 100-аад метрийн зайд байрны орцны үүдэнд явган хүний зам дээр Төмөрпүрэв зогсож байсан... цагаан цамцтай намхан залуу хажууд нь зогсож байсан саарал цамцтай өндөр залуу нь газар доошоо хараад хэвтэж байсан... намхан залуу та нарыг маргааш бүгдийг чинь ална хараарай гээд байхаар нь би одоо больцгоо гэж хэлээд буцаж яваад ... нөгөө хоёр хүүхэн дээр очоод ... за за би явлаа гэхэд ... нөгөө 3 хүүхэн хойшоо алхаад явсан би урагшаа алхаад явсан. Аркны ойролцоо ирэх үед Төмөрпүрэв над руу залгаад хаана байна гэхээр нь харих гээд доошоо уруудаж байна гэхэд зодоон болсон газраа өнгөрөөд зүүн тийш яваад ир гэхээр нь би хоёр байрны дундуур аркаар ороод зодоон болсон гэх газрын хажуугаар өнгөрч явахад орцны үүдэнд нөгөө саарал цамцтай өндөр залуу ганцаараа явган хүний зам дээр хэвтэж байсан хажууд нь хүн байгаагүй... би Төмөрпүрэвтэй уулзаад Жуковын ард автобусны буудал дээр Энхнаран, Цэрэнчимэд хоёртой таарсан удаагүй Батзориг Төмөрпүрэв рүү утсаар яриад ирсэн... Цэрэнчимэд ... өндөр залууг хоолойгоор нь боогоод тавихад шатны уруу унахаар нь ингээд үхчихдэг юм байх даа гэж бодсон гэж ярьсан... өөр зүйл яриагүй. Төмөрпүрэв цагаан цамцтай намхан залууг нь цохисон гэж хэлсэн... Төмөрпүрэв  бид  хоёр  уруудаад  явж байхад хар өнгийн I рhоnе утас гаргаж ирээд

надад ийм утас олсон гэж хэлсэн Жуков дээр очоод нөгөө хэдтэй уулзаад зогсож байхад Төмөрпүрэв тасарчихсан юм байна лээ гээд мөнгөн гинж гаргаж үзүүлсэн... би ямар ч зодоонд оролцоогүй...” гэсэн мэдүүлэг /хх.2.19-22/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч С.Энхнарангийн “... 2015 оны 10 сарын 23-ны өдөр би ... Гансүхийн утас руу залгаж хаана байгаа талаар асуухад Төмөрпүрэв бид хоёр хамт байна. Сансар өгсөөд явж байна гэхээр нь би гэрээсээ гарч ... Монгол хуушуур гэх цайны газар уулзсан... мөн Батзоригтой би утсаар ярьсан удаагүй Батзориг том Сэнгүр пивотой ирсэн... тэгээд тунелийн дээр гарч хүүхдийн тоглоомын талбайн хойд талд пивыг хувааж ууж дуусгаад ... хүнсний дэлгүүрээс 0,5 гр-н нэг шил архи том фанта ундаа аваад ... хувааж ууж дуусгаад ... Банана нэртэй бааранд ... орж 4 шил Сэнгүр пиво авч уусан... Төмөрпүрэв Цэрэнчимэдтэй утсаар ярьж байсан удаагүй Цэрэнчимэд ирээд бид 5-лаа болсон... тэгээд цагаан архи авч бид нар хувааж уусан... тэгээд баар хааж бид нар гадаа гараад шатнаас доош буугаад зогсоход шатны дээд талд Цэрэнчимэд зогсоод доор нь цагаан цамцтай намхан залуу, баруун талд нь нэг өндөр залуу тэр гурав хоорондоо маргалдаад байсан... энэ үед Цэрэнчимэдийг доор зогсож байсан өндөр залуу хоёр гараараа нүүрэн тус газар нь цохиод шат руу өгсөж шатны дээр гараад хоорондоо зууралдахаар нь би араас нь гараад салгах гэтэл цагаан цамцтай намхан залуу над руу дайрах үед Гансүх тэр залууг араас нь татаж надаас холдуулсан... тэнд байсан хүмүүс наад залуугаа тавиач ээ боочихсон байна гээд байсан... нэг танихгүй залуу ирээд Цэрэнчимэдийг татаж салгах үед өндөр залуу шатны уруу биеийн урд хэсэг болон нүүрээр унасан... намхан залуу өндөр залуу дээр очиж өргөхөд өндөр залуу өөрөө боссон... энэ үед би зодоон болж магадгүй гэж бодоод зайгаа аваад хойшоо өгсөж яваад баруун тийш хоёр байрны дундуур ороод... зогсож байхад өндөр намхан хоёр залуу Цэрэнчимэдийг хайгаад байгаа бололтой саарал куртиктэй залуу хаана байна алнаа гээд орилоод байсан... Энэ үед Цэрэнчимэд машин ордог аркны дунд явж байхад өндөр залуу нь эхлээд дайрч тэр хоёр бага зэрэг ноцолдсон араас нь цагаан цамцтай намхан залуу орилоод очих үед Цэрэнчимэд цаашаа гүйж зугтаасан... араас нь Төмөрпүрэв, Батзориг бид гурав алхаад явж байхад ... явган хүн машин зам хоёрын дунд нөгөө хоёр залуу зогсоод Төмөрпүрэв, Батзориг бид 3 явж очсон... намхан залуутай Төмөрпүрэв маргалдаж байгаад Төмөрпүрэв намхан залуугийн нүүрэн тус газар... цохиход намхан залуу доош унахдаа намайг налаад газар унах үед миний ард намхан төмөр хашаа тээглээд би хамт унасан, энэ үед ендөр залуу намхан залууг татаж босгох гээд тонгойход Цэрэнчимэд цаанаас ирээд өндөр залуугийн нүүрэн тус газар нь 1-2 удаа өшиглөхөд өндөр залуу газар унасан. Энэ үед бид босоод Батзоригтой хамт баруун тийш алхаад гүйх гэхэд Батзориг гүйгээд яах юм бэ алхаад яв гэхээр нь хамт алхаад ... урагшаа явж байтал байрны зүүн талаас Цэрэнчимэд гарч ирээд бид 3 нийлээд урагшаа хамт явсан... удаагүй Төмөрпүрэв, Гансүх хоёр хамт алхаад ирсэн... бид 5 Төмөрпүрэвийнд очихоор таксинд явж байхад Төмөрпүрэв I рhоnе 5 загварын хар саарал өнгийн гар утас, мөнгөн бөгж, мөнгөн гинж гаргаж ирээд түрүүн газар уначихсан байхаар нь авсан гэж хэлж байсан... Цэрэнчимэд өндөр залуутай баарны гадна талын шатан                      дээр тааргалдсан яг юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй... зодоон баарны

үүдэнд эхэлж болоод дараа нь байрны дунд орцны үүдэнд явган хүн, машин замын дунд хоёр газар болсон... би энэ зодоонд оролцоогүй гэхдээ хажууд нь харж байсан... байрны гадаа очиход Төмөрпүрэв намхан залуугийн нүүрэн тус газар нь зүүн гараараа нэг удаа цохиж унагаасан энэ үед өндөр залуу намхан залууг татаж босгох гэж байхад Цэрэнчимэд цаанаас ирээд эхлээд өндөр залуугийн толгой руу 1-2 удаа өшиглөхөд өндөр залуу газар унаад босоогүй... арк болон байрны хойд талд болсон зодоонд Гансүх оролцоогүй тухайн үед байгаагүй... бид нар ямар нэгэн эмэгтэй хүнтэй яваагүй баарнаас гарах үед 25 орчим насны нэг хүүхэн бид нарын дундуур ороод яваад байсан өмнө харж байгаагүй танихгүй... Цэрэнчимэд бид хоёр баруун тийш машин зам гараад явж байхад Цэрэнчимэд нөгөө хүн гайгүй байгаа андаа зүгээр байгаадаа арай үхчээгүй байгаа даа гэж айсан байдалтай ярьж байсан..." гэсэн мэдүүлэг /хх.2.23-26/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболдын 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 1888 тоот дүгнэлтэнд “... талийгаачид тархины хоёр тал бөмбөлөгийн голомтлог орой ба суурь, уртавтар тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, дөрөвдүгээр ховдлын цус харвалт, толгойн оройн хуйхны цус хуралт, хоёр хацар, хүзүүний зүүн талын цус хуралт, дух, хамар, зүүн ташаан толгой, баруун өвдөгний зулгаралт тогтоогдлоо... эдгээд гэмтлүүд нь нэг ба ойролцоо цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн цохих доргих үйлчлэлээр үүгэгдэнэ... тархины хоёр тал бөмбөлөгийн голомтлог орой ба суурь, уртавтар тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт, дөрөвдүгээр ховдлын цус харвалт нь үхэлд шууд хүргэжээ... нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ... Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй... цус нь 3-р бүлэг байна...” гэсэн дүгнэлт /хх.2.59-61/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч М.Амгаланболдын 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15388 тоот дүгнэлтэнд “М.Буяндэлгэрийн биед зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо... дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ... дээрх гэмтэл нь... гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх.2.69/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн биологийн шинжээч Ц.Бямбадоржийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 9508, 9478 тоот дүгнэлтүүд /хх.2.71, 74/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн криминалистикийн шинжээч А.Сайнхүүгийн 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 5248 тоот дүгнэлтэнд“... 2015-0-24- 01:55:33 секундэд бараан өнгийн хувцастай хүнийг тонгойх үед наад талаас очиж явсан бараан өнгийн богино хүрэм бараан өнгийн өмдтэй хүн толгойн тус газарт нь нэг удаа өшиглөж унагаснаас хойш хүнээр түшүүлэлгүй өөрийн идэвхтэй үйл хөдөлгөөнөөр босох болон дээш өндийх үйлдэл хийхгүй байна...” гэсэн

 

дүгнэлт /хх.2.99-100/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн криминалистикийн шинжээч Г.Ганзоригийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 06 тоот дүгнэлт /хх.2.112/,

 

          Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ц.Ганболдын “... Талийгаач дээрх тархины хоёр тал бөмбөлөгийн голомтлог орой ба суурь уртавтар тархины аалзан бүрхүүл цус харвалт, дөрөвдүгээр ховдлын цус харвалт гэмтлийг аваад ямар нэг идэвхтэй үйл хөдлөл хийх боломжгүй, дээрх гэмтлийг хүн аваад тэр дороо ч нас барж болно эсвэл ямар нэг үйл хөдлөл хийхгүй, ухаангүй байж байгаад нас барна. Ялангуяа тархины дөрөвдүгээр ховдлын цус харвалт нь шууд үхэлд хүргэнэ... талийгаачийн хүзүүний зүүн хэсэгт хүч үйлчилсний улмаас тархинд үүссэн цус харвалтууд үүссэн байж болно дээрх гэмтлүүд нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой... хүн дээрх тархины гэмтлүүдийг аваад ямар нэг идэвхтэй үйл хөдлөл хийхгүй тэр дороо үхнэ, эсвэл удаан амьдрахгүй. Гэмтлийг аваад тэр дор нь эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх.2.115-117/,

         

          Эд зүйлийн үнэлгээ /хх.2.125/,

         

          Мөрдөн байцаатад яллагдагч У.Батзоригийн “... 2015 оны 10 дугаар сарын 23-ны орой баарнаас Цэрэнчимэд, Төмөрпүрэв, Энхнаран, Гансүх нарын хамт гараад би танихгүй эмэгтэй ганцаараа явж байхаар нь очиж танилцаад Сансарын замаар явган хүний гарцаар гаргаж өгөөд буцаад анх орсон Банана нэртэй баарны үүдэнд иртэл Цэрэнчимэдийг хэдэн залуус хайгаад өндөр залуу хаана байна гээд хайгаад орилоод байсан тэгээд би Төмөрпүрэвтэй уулзаад юу болсон талаар асуухад Цэрэнчимэдийг энэ залуус хайгаад байгаа юм сая баарны үүдэнд зодолдсон юм гэж надад хариулсан... тэгээд Төмөрпүрэв, Энхнаран бид 3 Цэрэнчимэдийг хайгаад явж байтал нэг байрны буланд Цэрэнчимэдийг танихгүй 2 залуу газар унагаад зодож байгаа харагдсан. Тэр хооронд Цэрэнчимэд босоод зүүн зүгт орон сууцны хажуугаар гүйсэн... би тэр хоёр залуугийн намхан биетэй цайвар саарал цамцтай залуугийн бөгс рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөтөл тэр 2 залуу над руу эргэж хараа ч үгүй Цэрэнчимэдийн араас гүйгээд явсан... тэгээд тэр 2 залууд хандаж Төмөрпүрэв болиоч ээ гэж хэлтэл нэг залуу нь Төмөрпүрэв рүү чи юу вэ гээд дайрахад нь Төмөрпүрэв тэр залууг зүүн гараараа нүүрэнд нь нэг удаа цохисон яг хэнийг нь цохисныг сайн ялгаж хэлж чадахгүй байна... тэгээд араас танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн, хүн аллаа шүү дээ гээд орилохоор нь би тэр 2 хүн рүү биеэ эргүүлж хараад буцаад нөгөө хэд рүү харахад нөгөө 2 залуу газар унасан байсан бөгөөд Цэрэнчимэд та нар өөрсдөө эхэлсэн шүү гэж хэлээд тэр 2 залуугийн толгойд нэг нэг удаа өшиглөөд цаашаа гүйгээд явсан бөгөөд нэг залуу нь босоод ирсэн нөгөө залуу нь босохгүй хэвтээд хоцорсон бид нар ч тэр чигээрээ тэр газраас холдоод явсан... тэгээд бүгд цуглаад явж байхад Төмөрпүрэв би намхан залууг нь шанаадаад цохисон чинь уначихлаа гэж байсан харин Цэрэнчимэд мань чинь очоод толгой                руу нь энэ хар гутлаараа  өшиглөсөн  энэ гутал нэг гай болох гээд байсан юмаа гэж

хэлсэн чинь Энхнаран чи арай аймаар өшиглөж байна лээ хүн алчихвал яах юм бэ гэж хэлж байсан... Би өөрийн өшиглөсөн залууг М.Буяндэлгэр гэж нэрээр нь бол мэдэхгүй ээ тухайн үед өмсөж явсан хувцас, өндөр намаар нь л хэлчихлээ...” гэсэн мэдүүлэг /хх.2.146-148/,

 

          Мөрдөн байцаатад яллагдагч Д.Төмөрпүрэвийн “... би Буяндэлгэрийг бол танихгүй ээ баарны үүдэнд Цэрэнчимэд нэг бараан өнгийн хувцастай залуутай хэрэлдэж маргаад тэндээ цохилцож зодоон болоод Цэрэнчимэд түрүүлээд хойд зүгт явсан тэгээд явж байтал ... саарал куртиктэй залууг алнаа пиздаа гэх зүйл яриад хажуугаар 2 залуу өнгөрөөд явсан...Цэрэнчимэдийн араас очоод нэг залуу нь Цэрэнчимэдийг шууд араас нь очоод өшиглөөд цохиж авсан тэгтэл Цэрэнчимэд газар унасан бөгөөд дөнгөж босоод цааш яваад хойшоо харсан орцтой байрны харалдаа явж байхад ... Энхнаран, Гансүх, Батзориг бид 4 араас нь очоод Цэрэнчимэдтэй маргалдаад зодоон цохион хийгээд байсан залуугийн найз нь болох цагаан цамцтай залуу дээр очоод найзыгаа аваад явчихаач гэж хэлтэл тэр цагаан цамцтай залуу чи одоо юу вэ ... хөөрөөд байгаа бацаанууд минь гэж хэлээд баруун гараараа намайг цохих гээд далайхад нь би зүүн гараараа баруун шанаанд нь нэг удаа цохисон тэгээд тэр ... залуу урагшаа ч юмуу хажуу тийшээгээ өвдөг дээрээ сөгдөж доош суусан тэгээд ... бараан хувцастай залуу миний араас барих гээд ирэхээр нь би зайлтал тэр залуу өөрийн хийндээ хальтраад 4 хөллөөд унасан энэ үед нь Цэрэнчимэд нь тэр залуугийн толгой, хүзүү орчим нэг удаа өшиглөсөн, мөн миний цохиж унагасан цагаан цамцтай залууг хэн нэгэн нь өшиглөх шиг болсон... ингээд тэр бараан цамцтай залуу ухаан алдаад газар хэвтээд өгсөн... тэгээд би явах гээд зүүн тийш 2-3 алхтал ухаан алдсан залуугийн хажууханд газарт хүзүүний гинж хар өнгийн Iphone 5 загварын гар утас нэг мөнгөн бөгж зэрэг байсныг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх.2.160-162/,

 

          Мөрдөн байцаатад яллагдагч Д.Цэрэнчимэдийн “... Төмөрпүрэв цагаан цамцтай залуугийн шанаан тус газар гараараа нэг цохисон би хажууд нь очоод больцгооё залуучуудаа гэж хэлэх үед Төмөрпүрэвийн хажууд зогсож байсан саарал цамцтай залуу миний хөл рүү дайрч унагах гээд дайрах үед нь би тэр залуугийн зүүн талын мөр лүү нэг удаа өшиглөсөн... цагаан цамцтай залуу Төмөрпүрэвт цохиулчихаад хоёр гараараа хаагаад хэвтэж байхад нь зүүн гарын шууны орчим нэг удаа хөлөөрөө жийсэн...” гэсэн мэдүүлэг /хх.2.174-175/,

 

          2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.4.26-42/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 216 тоот дүгнэлтэнд “... Талийгаач А.Ууганбаатарын цогцост тархины хоёр тал бөмбөлөгийн орой ба суурь хэсгийн голомтлог, уртавтар тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт, дөрөвдүгээр ховдолын цус харвалт, толгойн оройн хуйхны цус хуралт, хоёр хацар, хүзүүний зүүн талын цус хуралт, дух, хамар, зүүн ташаа, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн

үйлчлэлээр үүсгэгдэнэ... дээрх гэмтлийг авсан хүн ухамсарт ухаан үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй ба ухаангүй байж байгаад нас барна, ялангуяа тархины 4-р ховдлын цус харвалт тархины багана хэсгийн цус харвалт нь үхэлд хүргэнэ, эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй юм... дээрх гэмтлүүдээс гавал тархины гэмтэл болох тархины хоёр тал бөмбөлөгийн голомтлог, орой ба суурь, уртавтар тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт, дөрөвдүгээр ховдлын цус харвалт нь шууд үхэлд хүргэжээ... хэргийн материалд хавсаргагдсан дүрс бичлэгт 2015 оны 10 сарын 24-ний 01:55:33 секундэд газарт унасан цагаан болон бараан саарал өнгийн цамцтай 2 хүний бараан саарал өнгийн цамцтай залууг наад талаас очиж буй саарал өнгийн байж болох богино куртик, бараан өнгийн өмдтэй хүн толгойн тус газар нь нэг удаа өшиглөж унагаснаас хойш өөрийн идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийхгүй байна...” гэсэн дүгнэлт /хх.4.46-48/,

 

          Мөрдөн байцаатад шинжээч эмч Б.Ариунзулын “... талийгаач А.Ууганбаатарын зурагт байх хүзүүнд үүссэн хүрэн улаан өнгийн зүйл нь боолтын дарагдлаас үүссэн байх боломжтой цус хуралт гэмтэл байна... дээрх гэмтэл нь боолтоос үүсэх дарагдлын ором бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, уг гэмтэл нь талийгаач нас барахаас өмнө авсан байна... үхэлд хүргэхгүй хөнгөн зэргийн гэмтэл болно... гавал тархины гэмтлүүд нь бүгд нэг удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой... хатуу мохоо гэдэгт цохих, өшиглөх зэрэг хамаарна..." гэсэн мэдүүлэг /хх.4.51-52/,

         

            -Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол /хх.1.207/,

-Г.Бямбасүрэнг хохирогчоор байцаасан тэмдэглэл /хх.1.208-210/,

-Гэрч Г.Болдтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх.1.222/,

-Гэрч Д.Хишигсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх.1.226-227/,

-Гэрч Б.Дуламсайханы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх.1.229-230/,

-Гэрч Б.Мөнх-Ундраагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх.1.221/,

-Шинжээчийн 1888 тоот дүгнэлт /хх.2.19-22 /,

-Шинжээчийн 06 тоот дүгнэлт /хх.2.112/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Венус” зочид буудлын хяналтын камерын бичлэгийг хураан авсан тогтоол /хх.1.160-161/,

-“Банана” баарны үүдны хэсгийг харуулсан хяналтын камерын бичлэгийг хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх.1.165-166/,

-“31”-р байрны хэсгийг харуулсан хяналтын камерын бичлэгийг хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх.1.167-169/,

-Сэжигтэн Б.Гансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх.2.132-133/,

-Сэжигтэн С.Энхнарангийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх.2.135-137/,

-Сэжигтэн У.Батзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх.2.140-143/,

-Яллагдагч У.Батзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх.2.146-14/,

-Сэжигтэн Д.Төмөрпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх.2.150-152/,

-Яллагдагч Д.Төмөрпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх.2.155-158/,

-Шинжээч н.Ариунболдын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх.4.51-52/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх.3.250/,

-Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх.4.36-37/,

-А.Ууганбаатарын хувийн байдлын баримтууд /хх.1.58-78/,

-А.Ууганбаатарын ажил байдлын тодорхойлолт /хх.1.79/,

-Д.Цэрэнчимэдийн гомдол /хх.4.8/,

-Б.Буяндэлгэрийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.150-153/,

-Гэрч Б.Буяндэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх.2.13-16/,

-Гэрч Д.Жаргалсайханы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх.2.37-38/

-Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх.4.32-33 /,

-Гэрч Б.Батбаясгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх.2.43/,

-Гэрч Л.Зинагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх.2.53/,

-Гэрч Д.Лхагважавын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх.2.44-45/,

-Гэрч Д.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх.2.46-47/,

-Гэрч Б.Гансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх.2.19-22/,

-Гэрч С.Энхнарангийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх.2.23-26/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

          Д.Цэрэнчимэд нь 2015 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайн сэдэлтээр иргэн А.Ууганбаатарыг зодож санаатай алсан,

          Мөн Д.Төмөрпүрэв, У.Батзориг нартай бүлэглэн иргэн М.Буяндэлгэрийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

          Д.Төмөрпүрэв нь 2015 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин  Д.Цэрэнчимэд, У.Батзориг нартай бүлэглэж иргэн М.Буяндэлгэрийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

          Мөн иргэн А.Ууганбаатарын “Ай фоне-5” загварын гар утас, мөнгөн гинж, бөгжийг хулгайлж 530.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

          У.Батзориг нь 2015 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин  Д.Цэрэнчимэд, Д.Төмөрпүрэв нартай бүлэглэж иргэн М.Буяндэлгэрийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

          “С.Энхнарантай талийгаач маргалдаж байсан, талийгаач эхэлж зодоон эхлүүлсэн, намайг 2-3 удаа цохисон, хохирогчийн хууль бус үйл ажиллагаа нөлөөлсөн, талийгаач өөрөө шат руу унасан, 31 дүгээр байрны тэнд Д.Төмөрпүрэв, У.Батзориг нар талийгаачийг нэг, нэг удаа цохисон, талийгаач 4 хөллөж өндийгөөд над руу дайрах гэхэд би зүүн мөрөнд нь нэг удаа өшиглөсөн, мөн би М.Буяндэлгэрийн гар руу нь өшиглөсөн, би хүн амины хэрэг хийгээгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Д.Цэрэнчимэдийн мэдүүлэг нь:

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Төмөрпүрэвийн өгсөн: “... Намхан залуу дээр очоод найзыгаа аваад яв гэхэд урдаас маргалдаад над руу далайхаар нь намхан залууг 1 удаа цохиход унасан. Намхан залуу нь Буяндэлгэр байсан. Би зүүн гараараа баруун шанаанд нь нэг удаа цохисон. Тэрний дараа тас тас гээд чимээ гарсан. Тэгээд больцгооё гээд Цэрэнчимэдтэй хамт цаашаа алхсан. Эргээд харахад миний цохисон залуу босож ирээд, Цэрэнчимэдийн цохисон залуу босож ирээгүй...” гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Батзоригийн өгсөн: “... Намхан залуу Төмөрпүрэвтэй юм яриад байх шиг байсан. Гараа далайх шиг болоход Төмөрпүрэв цохисон. Араас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн аллаа шүү дээ гээд орилоход би эргэж харсан. Буцаад харахад 2 залуу газар унасан байсан. Энхнарангийн урд унасан залууг Цэрэнчимэд нэг өшиглөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Буяндэлгэрийн өгсөн: “... Тэгээд буцахад 3-аас 4 залуу тойрч зогссон. Малгайтай юүдэнтэй залуу яаж байгаа юм бэ гэхэд намайг цохиж унагаасан. Өндийх оролдлого хийхэд дээрээс өшиглөж байсан. Босоод ирэхэд Ууганбаатар газар хэвтэж байсан. Ууганбаатарыг хэн өшиглөсөнийг хараагүй. Маш хүчтэй пид хийх чимээ гарсан. Ууганбаатарыг татаж авах гэхэд Ууганбаатар босох үйлдэл хийгээгүй...” гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Гансүхийн өгсөн:  “... Намхан залууг Төмөрпүрэв цохисон гэж байсан. Баарны үүдэн дээр Цэрэнчимэд талийгаачийг зүүн гараараа уургалж боосон байсан. Эргээд харахад нөгөө залуу шатны уруу унасан. Шатны уруу өндөр залуу унахад ингээд үхчихдэг юм байхдаа гэж хэлсэн нь үнэн... Төмөрпүрэв цагаан цамцтай залууг цохисон гэж хэлж байсан. Буяндэлгэрийг салгаж байсан болохоор шат руу унахыг хараагүй. Эргээд харахад тэр залуу шатны урагшаа унасан байсан...” гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Энхнарангийн өгсөн: “Миний мөрдөн байцаалтын шатанд “намхан залуутай Төмөрпүрэв маргалдаж байгаад Төмөрпүрэв намхан залуугийн нүүрэн тус газар цохиход намхан залуу доошоо унахдаа намайг налаад унах үед миний ард төмөр хашаа тээгэлдээд би хамт унасан. Энэ үед өндөр залуу намхан залууг татаж босгох гээд тонгойход Цэрэнчимэд цаанаас ирээд өндөр залуугийн нүүрэн тус газар 1-ээс 2 удаа өшиглөхөд өндөр залуу газар унасан. Тэгээд бид хэд цаашаа явсан” гэж өгсөн мэдүүлэг үнэн зөв. Намхан залуу Буяндэлгэр, өндөр залуу талийгаач байсан. Өндөр залууг тонгойх үед Цэрэнчимэд өшиглөснийг би өөрийн нүдээр харсан. Талийгаач хэвтээд үлдсэн. Би цаашаагаа яваад өгсөн. Цэрэнчимэдээс өөр хүн талийгаачийг цохисон өшиглөсөн асуудал болоогүй. Төмөрпүрэв өндөр залууг цохиогүй. Буяндэлгэрийг унахад талийгаач тонгойх үед нь Цэрэнчимэд өшиглөсөн. Хагас тонгойх үед нь өшиглөсөн. Нэг л өшиглөж байгааг харсан. Банана баарны гадаа болсон зодоонд оролцоогүй. Баарны үүдэнд Цэрэнчимэд өндөр залууг гараа хоолойгоор нь оруулж боосон байсан. Хэргийн холбогдогч нар надад нөлөө үзүүлсэн зүйл байгаагүй. Зодооны дараа уулзахад гайгүй болов уу андаа гэхэд гайгүй гэж би хэлсэн. Талийгаачийн зүгээс Цэрэнчимэд өшиглөхийн өмнө газраас юм авч дайрах довтлох хөдөлгөөн хийсэн эсэх дээр санаж байгаа зүйл алга байна... Баарны үүдэнд өндөр залуу шатнаас уначихаад зүгээр босоод явсан. Шатан дээр юунаас болж маргасныг мэдэхгүй байна. Өндөр залуу Цэрэнчимэд рүү дайраад, шатны хашлага руу гэдийсэн цохиулж байсан. Тэрнээс өмнө Цэрэнчимэд өндөр залууг дайрах довтлох үйлдэл хийснийг мэдэхгүй байна. Эхлээд Төмөрпүрэв намхан цагаан цамцтай залууг цохисон. Дараа нь Цэрэнчимэд тэр залууг цаанаас ирээд өшиглөсөн. Үзэгдэх орчин гэрэлтэй харагдаж байсан. Талийгаачийн толгой, хүзүү хавьд өшиглөж байгаа харагдсан. Талийгаач Цэрэнчимэдэд өшиглүүлэхийн өмнө өөр хэн нэгэнд цохиулж байгаа зүйл хараагүй. Цэрэнчимэд гадуураа саарал куртиктэй байсан. Төмөрпүрэв гадуураа цагаан юүдэнтэй цамцтай, гадуураа нэг юм өмссөн байсан...” гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Батбуянгийн өгсөн: “Өндөр залуу шат руу унахдаа нүүр амандаа гэмтэл авсан эсэхийг хараагүй. Шат руу доошоо уначихаад босоод ирсэн” гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Баатарцогтын өгсөн: “Баарнаас гарах үед 2 залуу үүдэнд барьцалдаад байж байсан. Би тоогоогүй хажуугаар нь өнгөрөх үед манай найз Батбуян салгах гээд үлдсэн. Тэгээд ярилцаад зогсож байхаар нь би очоод найзыгаа явъя гээд аваад явсан. Боогоод зогсож байсан залуу нөгөө залуугаа тавихад шатны уруу унасан. Босгоё гэж бодсон чинь нөгөө залуу өөрөө босоод ирсэн. Тэрнээс цааш болсон зүйлийг мэдэхгүй. Шатны уруу унах үед тэр хүн ямар нэгэн гэмтэл авсан эсэхийг анзаарч хараагүй” гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн   хэлэлцүүлэгт  шинжээч  Ц.Ганболдын  өгсөн:  “Миний   бие  16  жил

шинжээч эмчээр ажиллаж байна. Талийгаач Ууганбаатарын цогцост шинжилгээ хийхэд тархины суурь хэсэг, багана тархи, уртавтар тархинд аалзан бүрхүүл доор нилээн зузаан цус харсан байсан. Уртавтар тархи гэдэг газарт амьдралын чухал чухал төвүүд их байдаг. Амьсгал, зүрх судасны төвүүд байдаг. Уг гэмтлийг авсан тохиолдолд маш түргэн хугацаанд нас бардаг. Тархины 4-р ховдол дээр мөн цус харвасан байсан. Энэ нь түргэн үхэлд хүргэдэг гэмтлүүд. Эдгээрийг үндэслэн 1 удаа цохилт авахад хангалттай эдгээр гэмтлийг үүсгэх боломжтой. Бусад гэмтэл болох нүүр, дух, хамран дахь зулгаралт гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Хоолойд авсан гэмтэл боолтын үед үүсэж болно. Шугаман, шулуун гэмтлүүд байсан. Олон тооны цус хуралтууд мохоо зүйлээр үүсгэгдэнэ. Баруун өвдөг, ташаан толгой унах үед үүсгэгдэж болно. Түр зуур амьд байлаа гэхэд комын байдалд байна. Гадна орчинд ухамсарт үйлдэл хийх боломжгүй. Эмх замбараагүй хөдөлгөөн хийх боломжтой. Түргэн үхэлд хүргэдэг тархины чухал төвүүдэд их хэмжээний зузаан цус харвасан байсан. Уртавтар тархи гэдэг нугас руу, хүзүүний нугалам хөндий рүү орж байгаа. Шинжилгээний үед хүзүүний зүүн хэсэгт 5*1 см олон тооны хөх өнгийн голомтлог цус харвалттай байсан. Хүзүүний зүүн хэсэгт гэмтэл учруулсаны улмаас хүзүүн доорх хэсгээсээ дээшээ цус харвасан гэж үзэж байгаа. Шатнаас унахад энэ гэмтлийг авах боломж багатай гэж үзэж байна. Учир нь унасаны дараа ухамсарт хөдөлгөөн хийгээд явсан байна. Шинжилгээгээр талийгаачийн баруун зулай ар хэсэгт гавлын ясны шанх ясанд зулгаралт байгаа. Энэ гэмтлийн харалдаа тархинд гэмтэл байхгүй байсан. Эсрэгээр харин тархины суурь хэсгээр гэмтсэн байсан тул хүзүүнд гэмтэл учруулахад илүү үүсэх боломжтой гэж үзсэн. Тархи хүчтэй доргиход өөр гэмтэл үүснэ. Талийгаачийн тархинд суурь хэсгээрээ цус харвалт үүссэн байсан. Боолт үхэлд хүргэх гэмтлийг үүсгээгүй гэж үзэж байна. Боолт амьсгал бүтэлтэнд хүргэдэг. Талийгаачид тархины гэмтэл үүссэн. Тархины суурь хэсэг гэж хүзүүний нугалам руу орж яван уртавтар тархи үргэлжилдэг. Зурган дээр хүртэл байгаа. Сууриараа их зузаан цус хуралт үүссэн байсан. Тархины доод хэсэг хүзүүтэй холбоотой байгаа. Талийгаачийн хүзүүний доод хэсэгт зэрэгцээ 2 цус хуралт хоолой боож шахагдах үед үүсэх боломж багатай. Хүзүүнд зүүлттэй гинжийг хараагүй болохоор мэдэхгүй байна. Хэмжээ хэлбэр нь таарч байвал үүсэх боломжтой. Эдгээр гэмтлийг аваад түргэн хугацаанд үхдэг. Амь насыг аврах боломж багатай. Мэс засал болон эмийн эмчилгээ хийх боломж багатай. Хөдөлгөөнгүй болж хэвтсэнээс хойш хөдөлгөөн сэргэх боломж бага, улам л хүндэрнэ. Хүзүүнд шулуун ойролцоо хэмжээтэй 2 зэрэгцээ байрласан гэмтэл нарийхан зүйлээр үүсэх боломжтой. Боолт даралтын хүч хэр үйлчилж байгаагаас шалтгаална. Заавал цагариг үүсэх гэх зүйл байхгүй. Жишээ нь урд талаас нь татвал хүзүүний ар хэсэгт, хойноос нь татвал хүзүүний урд хэсэгт үйлчилдэг. Түүнээс биш бүрэн цагираг үүсгэх албагүй, хэсэг газар үүсэх боломжтой. Хувцсаар боох үед ч тасархай гэмтэл үүсэх боломжтой. Заавал гинжнээс татах үед гэж онцгойлж хэлэхгүй байна. Тархины олон гэмтэл байгаа. Хүзүүний зүүн талын цус хуралт, хамар, дух, зүүн ташаа, баруун өвдөгний зулгаралт гэмтлүүд байгаа. Тархинд үүссэн гэмтлээс бусад гэмтэл хөнгөн гэмтэл одоо дурдагдаад байгаа гэмтлүүд тархинд үүссэн гэмтлүүд гэж ойлгож болно. Тархинд үүссэн гол үхэлд хүргээд байгаа гэмтэл 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тархинд үүссэн олон гэмтэл, цус харвалтууд гэмтлийнхээ тоогоор хүч үйлчлэхийг шаардахгүй. Хамарсан хүрээг нь бичихээр олон байгаа ч нэг цус харвалтаар үүссэн” гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч А.Сайнхүүгийн өгсөн: “Тухайн өдрийн огноогоор бичигдсэн 4 бичлэг ирсэн. 3 тусдаа фолдер дотроос асуултын хүрээний дагуу гээд авчирч өгсөн. Тухайн бичлэгүүд нь цаг цагийн дарааллаар үргэлжилсэн бичлэгүүд байсан. Нийтдээ 1920*1080 пиксэл, 1 секундэд 25 кадраар дүрсэлж байсан бичлэг байсан. Бичлэгийг нийтэд нь 4 дахин томруулж заасан хугацааг нь тусад нь хавсаргасан байгаа. Үйл явдал болсноос тухайн хүнийг зөөсөн хүртэлх хугацааны бичлэг 2 тусдаа бичлэг байгаа. Зодоон болсон хэсгийг 6 дахин томруулж бичлэгийн хурдыг удаашруулсан байдлаар хавсаргасан байгаа. 1 секундын бичлэг 25 кадр болж байгаа тул хэмжээг нь томруулж өгсөн байгаа. Шинжилгээнд бичлэг ирэх үед хэрэг илрээгүй байсан. Хэрэг үйлдсэн хүмүүсийг илрүүлэх үүднээс өмссөн хувцас, онцлог шинж тэмдгээр нь бичсэн. Зодоон болж байгаагаас наашаа гэрлийн доор орж ирж байгаа хөдөлгөөнүүд дээр савхин юм уу лидрин хувцас байж болох гялалзсан өнгөнүүд орж ирж байсан. Цаашаа явж байгаа хүний хувцас хохирогчийг өшиглөсөн хүний хувцас таарч байсан. Хохирогчийг 01 цаг 55 минут 33 секундэд унаснаас хойш 02 цаг 36 минут 20 секунд хүртэлх хугацаанд нийт 22 удаа босгох болон зөөх үйлдэл хийж байгаа байдал харагдсан. Миний томсгосон бичлэгээр цайвар саарал куртик, хар бараан өнгийн куртик ялгагдана. Хавсралтанд 2 цэнхэр өнгөтэй диск байгаа. Бид нар ашигтай кадруудаа бүгдийг шинжилж үзнэ. Томсгосон байдлаар хадгалсан бичлэгийг ердийн компьютер унших боломжгүй. Дүрс бичлэг дээр эхлээд цохиулж унаж байгаа цайвар хувцастай хүн хохирогчтой хамт үлдэж байгаа. 01 цаг 55 минут 33 секундээс 02 цаг 36 минут 20 секунд хүртэл зөөх үйлдэл хийсэн. Тэр үед хохирогч өөрийн идэвхтэй үйлдлээр хөдөлгөөн хийгээгүй. Суугаа байдлаар нь орхиод явахад буцаж унасан. Явган хүний зорчих хэсгийн гол хэсгийн орчим ямар нэгэн зүйл түшээгүй байсан. Шүүх эмнэлгийн шинжээчээр дүгнэлт гаргуулахдаа томсгосон бичлэгийг үзүүлсэн үү, эсвэл бидний үзсэн жижиг хэлбэрээр бичлэгийг үзүүлсэн эсэхийг мэдэхгүй байна. Манайд томсгосон бичлэг үзье гэж хүсэлт ирээгүй. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 5248 тоот дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. 4-өөс 6 дахин томруулсан бичлэг тэмдэглэлтэйгээ хавсаргагдаж ирсэн. Тухайн үед хэрэг илрээгүй байсан. Шаардлагатай баримтыг хэрэг илрүүлэхэд ач холбогдолтой гэх үүднээс гаргаж өгсөн. Харьцуулах шинжилгээнд загвар ирээгүй. Мөн хэрэг илрээгүй байсан. Бараан өнгийн хувцастай юмыг яаж мэдэхэв савхин байж болох юм гэж бичсэн. Саарал дотроо 160 гаруй өнгөөр сална. Тухайн бичлэг бичигдсэн камер өнгөт дүрсээр дүрсэлж байсан тул харьцангуй өнгөөрөө гарна. Саарал биш бараан өнгөтэй гэж ойлгоно. Саарал гэж бичсэн зүйл байхгүй. Бараан өнгийн гэж байгаа. Шөнийн бичлэг ойролцоогоор 150 орчим метрээс дүрсэлсэн байгаа. Бараан өнгийн ялгаа тодорхой харагдахгүй. Савхин куртик байж болох гэдгийг зодоон болж байгаа хэсэг дээр биш. Тэрний наана сэжигтэн этгээд дэлгэцийн наашаа чиглээд явдаг. Буцаж яваад үйлдэл хийдэг. Нэг хүний үйлдэл гэж үзсэн. Бичлэг дээр тухайн үйлдэл хийсэн хүмүүс тэрүүхэн орчиндоо байгаад алга болоогүй. Наашаа гэрэлтэй тал руу ирж байгаа                         үйлдэл болохоос өмнө камер тал руугаа явж байгаад буцаад явсан байдаг. Тэр хүн

 

дэлгэцэн дээр илүү тод орж ирээд буцаж явж байгаа” гэх мэдүүлэг,

         

          2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 31-р байрны хойд талыг харуулсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.140-144/,

          2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Банана” баарны үүдний хэсгийг харуулсан хяналтын камерын бичлэгийг хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх.1.165-166/,

          2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 31-р байрны хэсгийг харуулсан хяналтын камерын бичлэгийг хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх.1.167-168/,

 

          Мөрдөн байцаалтад хохирогч М.Буяндэлгэрийн “... тэгээд зогсож байтал “Банана” баарны үүдэнд буюу шатан дээр зогсож байсан саарал куртиктэй өндөр залуу Ууганбаатартай маргалдаад Ууганбаатар нөгөө залуугийн шанаан тус газарт гараараа 2 удаа цохиж шат руу өгссөн, би Ууганбаатарын араас татаж холдуулахад нөгөө залуу миний нүүр лүү гараараа нэг удаа цохихоор нь би тэр залууг тэврээд шат руу өгсөж гарсан, энэ үед миний араас хүн татаж намайг салгаж холдуулсан... намайг татсан залуугаас холдох үед Ууганбаатар биеийн урд хэсэг нүүрээрээ шатны уруу унаж байсан. Би очоод татаж босгоход хамраас нь цус гараад духны дээд хэсэгт шалбарсан байсан нөгөө залуу хойшоо өгсөөд явсан... Ууганбаатар бид хоёр яагаад бид хоёрыг зодож байгаа юм бэ гээд араас нь явсан... тэгээд нөгөө саарал куртиктэй залуу байрны дундуур аркаар ороод гүйхээр нь би араас нь гүйсэн миний араас Ууганбаатар ирсэн. Араас нь 3-4 залуу ирээд бид хоёрыг тойрч зогссон миний зүүн гар талд зогсож байсан малгайтай цамцтай залуу гараараа намайг нэг удаа цохиход би доош унасан. Тэгээд миний толгой эргээд манарсан энэ үед хэн өшиглөснийг мэдэхгүй. Ууганбаатарыг нэг хүн маш хүчтэй өшиглөж пид хийх чимээ гарсан би хагас босч харахад Ууганбаатар газар уначихсан хэвтэж байсан. Энэ үед намайг 1-2 удаа нуруу болон цээж рүү өшиглөж байсан...” гэсэн мэдүүлэг /хх.1.214-216/,

         

          Мөрдөн байцаалтад гэрч Н.Баатарцогтын “... Баарны үүдээр гарах үед хоёр залуу хоорондоо ноцолдоод нэг нь босоо төмөртэй нөгөө залуугаа боосон байхад нь Батбуян очоод боль боолт орсон байна уналаа тавь гэхээр нь би шатаар буцаж өгсөж гараад Батбуянг явъя гээд араас нь татаад шатаар доош буугаад үүдний орчимд тамхи зарж байсан эгчээс 10 ширхэг тамхи аваад Батбуянгийн хамт гэрлүүгээ явж гэртээ ороод унтсан... бид хоёр шатан дээр тэр хүмүүстэй зодолдоогүй Батбуян зууралдаад нэгийнхээ хоолойг боосон хүнийг тавиулах гээд очихоор нь би араас нь татаж авч явсан... би шатны уруу хүн унасан эсэхийг анзаарч хараагүй доош уруудаад явахад Батбуян унагаачихлаа гэхээр нь наадах чинь найз нартайгаа явж байгаа юм биш үү гэж хэлээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх.1.231-232/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Батбуянгийн “... Би 2015 оны 10 дугаар сарын 23-ны орой 22 цагийн орчим найзууд болох Баатарцогт, Сүхбаатар нартай сансарт байрлах Банана бааранд орсон... Баатарцогт бид хоёр тамхи татчихаад буцаад баар  луу  орж  байхад  баарны  үүдэнд зодоон болж байсан... Баатарцогт бид хоёр

цугтаа тоогоогүй дотогшоо орсон. Тэгтэл баар хаасан гээд ... хүмүүс гарцгаачихсан байхаар нь Баатарцогт бид хоёр буцаад гарсан... үүдний хаалгаар гартал хаалганы баруун талд саарал өнгийн өвлийн богино куртиктай, үсээ гуравжилсан байдлаар зассан 180 гаран см өндөртэй залуу хөх өнгийн футболкатай намхандуу залуугийн ард нь гарчихсан гараа хоолойгоор нь оруулаад боож байсан. Тэгэхээр нь би хөөе наадах чинь боолт орчихлоо гээд боож байсан залуугийн гарнаас нь татаад болиулаад гарыг нь тавиултал боолгуулж байсан залуу шатны уруу унасан тухайн үед манай найз Баатарцогт араас татаад хөөе явъя гээд байсан. Би шатны уруу унасан залууг гарнаас нь татаад босгох гэсэн чинь хажуунаас найзууд нь татаад босгосон. Ингээд Баатарцогт бид хоёр цаашаагаа Баатарцогтын гэрлүү орсон Баатарцогтын гэр нь тунелийн хажуугийн 5А байранд байдаг...” гэсэн мэдүүлэг /хх.1.240-241/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Гансүхийн "... 3 охин шатны доор юм яриад зогсож байсан би очоод танилцъя хаашаа явах юм гэж асуусан... өөр юу ярьсан талаар санахгүй байна, тэгээд би тэр гурваас холдоод ... эргэж харахад нөгөө 3 охинтой өндөр, намхан хоёр залуу юм яриад зогсож байсан... би тэр хоёр залуутай ямар нэгэн байдлаар маргалдсан зүйл болоогүй ярьж байгаа зүйлийг нь сонсоод зогсож байсан. Энэ үед шатан дээр Цэрэнчимэд ирж нөгөө хоёр залуугийн хажууд нь ирээд найзад яагаад томроод байгаа юм бэ гэж нөгөө хоёр залууд хандаж хэлэхэд өндөр залуу энэ залуучуудыг чинь зодчих уу гэж нөгөө 3-н хүүхэнд хандаж хэлсэн... Цэрэнчимэд чи тэгээд яах гээд байгаа юм гэж тэр хоёр маргалдсан. Өндөр залуу Цэрэнчимэдийн нүүрэн тус газарт нь хоёр гараараа ээлжлэн цохиж тэр хоёр шатны дээд талд буюу Банана баарны үүдний урд талд очсон тэр хоёр хоорондоо зууралдаад Цэрэнчимэд өндөр залуугийн хоолойг зүүн гараараа уургалж шатны босоо трубанд шахаж боосон байдалтай зогсож байсан цагаан цамцтай намхан залуу Цэрэнчимэдийн араас зууралдахаар нь би татаж гаргаад эргэж хартал өндөр залуу шатны уруу нүүр болон биеийн урд хэсгээрээ унасан байсан... тэгээд би шатнаас буугаад нөгөө 3 охины махлагдуу ... хүүхэнтэй юм яриад түрүүлээд дээшээ алхсан... энэ үед нөгөө өндөр, нам хоёр залуу саарал куртиктэй залуу хаана байна алнаа гээд орилоод хажуугаар түрүүлж явсан... тэгээд арктай байр өнгөрөөд явж байхад нөгөө хоёр залуу бас орилоод хажуугаар доош зөрсөн... Цэрэнчимэд ... өндөр залууг хоолойгоор нь боогоод тавихад шатны уруу унахаар нь ингээд үхчихдэг юм байх даа гэж бодсон гэж ярьсан... өөр зүйл яриагүй...” гэсэн мэдүүлэг /хх.2.19-22/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч С.Энхнарангийн “... тэгээд баар хааж бид нар гадаа гараад шатнаас доош буугаад зогсоход шатны дээд талд Цэрэнчимэд зогсоод доор нь цагаан цамцтай намхан залуу, баруун талд нь нэг өндөр залуу тэр гурав хоорондоо маргалдаад байсан... энэ үед Цэрэнчимэдийг доор зогсож байсан өндөр залуу хоёр гараараа нүүрэн тус газар нь цохиод шат руу өгсөж шатны дээр гараад хоорондоо зууралдахаар нь би араас нь гараад салгах гэтэл цагаан цамцтай намхан залуу над руу дайрах үед Гансүх тэр залууг араас нь татаж надаас холдуулсан... тэнд  байсан  хүмүүс  наад  залуугаа  тавиач  ээ боочихсон байна гээд байсан... нэг

танихгүй залуу ирээд Цэрэнчимэдийг татаж салгах үед өндөр залуу шатны уруу биеийн урд хэсэг болон нүүрээр унасан... намхан залуу өндөр залуу дээр очиж өргөхөд өндөр залуу өөрөө боссон... энэ үед би зодоон болж магадгүй гэж бодоод зайгаа аваад хойшоо өгсөж яваад баруун тийш хоёр байрны дундуур ороод... зогсож байхад өндөр намхан хоёр залуу Цэрэнчимэдийг хайгаад байгаа бололтой саарал куртиктэй залуу хаана байна алнаа гээд орилоод байсан... Энэ үед Цэрэнчимэд машин ордог аркны дунд явж байхад өндөр залуу нь эхлээд дайрч тэр хоёр бага зэрэг ноцолдсон араас нь цагаан цамцтай намхан залуу орилоод очих үед Цэрэнчимэд цаашаа гүйж зугтаасан... араас нь Төмөрпүрэв, Батзориг бид гурав алхаад явж байхад ... явган хүн машин зам хоёрын дунд нөгөө хоёр залуу зогсоод Төмөрпүрэв, Батзориг бид 3 явж очсон... намхан залуутай Төмөрпүрэв маргалдаж байгаад Төмөрпүрэв намхан залуугийн нүүрэн тус газар... цохиход намхан залуу доош унахдаа намайг налаад газар унах үед миний ард намхан төмөр хашаа тээглээд би хамт унасан, энэ үед өндөр залуу намхан залууг татаж босгох гээд тонгойход Цэрэнчимэд цаанаас ирээд өндөр залуугийн нүүрэн тус газар нь 1-2 удаа өшиглөхөд өндөр залуу газар унасан... байрны гадаа очиход Төмөрпүрэв намхан залуугийн нүүрэн тус газар нь зүүн гараараа нэг удаа цохиж унагаасан энэ үед өндөр залуу намхан залууг татаж босгох гэж байхад Цэрэнчимэд цаанаас ирээд эхлээд өндөр залуугийн толгой руу 1-2 удаа өшиглөхөд өндөр залуу газар унаад босоогүй... Цэрэнчимэд бид хоёр баруун тийш машин зам гараад явж байхад Цэрэнчимэд нөгөө хүн гайгүй байгаа андаа зүгээр байгаадаа арай үхчээгүй байгаа даа гэж айсан байдалтай ярьж байсан..." гэсэн мэдүүлэг /хх.2.23-26/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболдын 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 1888 тоот дүгнэлтэнд“... талийгаачид тархины хоёр тал бөмбөлөгийн голомтлог орой ба суурь, уртавтар тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, дөрөвдүгээр ховдлын цус харвалт, толгойн оройн хуйхны цус хуралт, хоёр хацар, хүзүүний зүүн талын цус хуралт, дух, хамар, зүүн ташаан толгой, баруун өвдөгний зулгаралт тогтоогдлоо... эдгээд гэмтлүүд нь нэг ба ойролцоо цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн цохих доргих үйлчлэлээр үүгэгдэнэ... тархины хоёр тал бөмбөлөгийн голомтлог орой ба суурь, уртавтар тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт, дөрөвдүгээр ховдлын цус харвалт нь үхэлд шууд хүргэжээ... нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ... Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй... цус нь 3-р бүлэг байна...” гэсэн дүгнэлт /хх.2.59-61/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн криминалистикийн шинжээч А.Сайнхүүгийн 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 5248 тоот дүгнэлтэнд“... 2015-0-24-01:55:33 секундэд бараан өнгийн хувцастай хүнийг тонгойх үед наад талаас очиж явсан бараан өнгийн богино хүрэм бараан өнгийн өмдтэй хүн толгойн тус газарт нь нэг удаа өшиглөж унагаснаас хойш хүнээр түшүүлэлгүй өөрийн идэвхтэй үйл хөдөлгөөнөөр босох болон дээш өндийх үйлдэл хийхгүй байна...” гэсэн дүгнэлт /хх.2.99-100/,

            Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ц.Ганболдын “... Талийгаач дээрх тархины

хоёр тал бөмбөлөгийн голомтлог орой ба суурь уртавтар тархины аалзан бүрхүүл цус харвалт, дөрөвдүгэзр ховдлын цус харвалт гэмтлийг аваад ямар нэг идэвхтэй үйл хөдлөл хийх боломжгүй, дээрх гэмтлийг хүн аваад тэр дороо ч нас барж болно эсвэл ямар нэг үйл хөдлөл хийхгүй, ухаангүй байж байгаад нас барна. Ялангуяа тархины дөрөвдүгээр ховдлын цус харвалт нь шууд үхэлд хүргэнэ... талийгаачийн хүзүүний зүүн хэсэгт хүч үйлчилсний улмаас тархинд үүссэн цус харвалтууд үүссэн байж болно дээрх гэмтлүүд нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой... хүн дээрх тархины гэмтлүүдийг аваад ямар нэг идэвхтэй үйл хөдлөл хийхгүй тэр дороо үхнэ, эсвэл удаан амьдрахгүй. Гэмтлийг аваад тэр дор нь эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх.2.115-117/,

 

          Мөрдөн байцаатад яллагдагч У.Батзоригийн “... Цэрэнчимэд та нар өөрсдөө эхэлсэн шүү гэж хэлээд тэр 2 залуугийн толгойд нэг нэг удаа өшиглөөд цаашаа гүйгээд явсан бөгөөд нэг залуу нь босоод ирсэн нөгөө залуу нь босохгүй хэвтээд хоцорсон бид нар ч тэр чигээрээ тэр газраас холдоод явсан... тэгээд бүгд цуглаад явж байхад Төмөрпүрэв би намхан залууг нь шанаадаад цохисон чинь уначихлаа гэж байсан харин Цэрэнчимэд мань чинь очоод толгой руу нь энэ хар гутлаараа өшиглөсөн энэ гутал нэг гай болох гээд байсан юмаа гэж хэлсэн чинь Энхнаран чи арай аймаар өшиглөж байна лээ хүн алчихвал яах юм бэ гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх.2.146-148/,

 

          Мөрдөн байцаатад яллагдагч Д.Төмөрпүрэвийн “... бараан хувцастай залуу миний араас барих гээд ирэхээр нь би зайлтал тэр залуу өөрийн хийндээ хальтраад 4 хөллөөд унасан энэ үед нь Цэрэнчимэд нь тэр залуугийн толгой, хүзүү орчим нэг удаа өшиглөсөн, мөн миний цохиж унагасан цагаан цамцтай залууг хэн нэгэн нь өшиглөх шиг болсон... ингээд тэр бараан цамцтай залуу ухаан алдаад газар хэвтээд өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх.2.160-162/,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 216 тоот дүгнэлтэнд “... Талийгаач А.Ууганбаатарын цогцост тархины хоёр тал бөмбөлөгийн орой ба суурь хэсгийн голомтлог, уртавтар тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт, дөрөвдүгээр ховдолын цус харвалт, толгойн оройн хуйхны цус хуралт, хоёр хацар, хүзүүний зүүн талын цус хуралт, дух, хамар, зүүн ташаа, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлзэр үүсгэгдэнэ... дээрх гэмтлийг авсан хүн ухамсарт ухаан үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй ба ухаангүй байж байгаад нас барна, ялангуяа тархины 4-р ховдлын цус харвалт тархины багана хэсгийн цус харвалт нь үхэлд хүргэнэ, эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй юм... дээрх гэмтлүүдээс гавал тархины гэмтэл болох тархины хоёр тал бөмбөлөгийн голомтлог, орой ба суурь, уртавтар тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт, дөрөвдүгээр ховдлын цус харвалт нь шууд үхэлд хүргэжээ... хэргийн материалд хавсаргагдсан дүрс бичлэгт 2015 оны 10 сарын 24-ний 01:55:33 секундэд газарт унасан цагаан болон бараан саарал өнгийн цамцтай 2 хүний бараан саарал өнгийн цамцтай залууг наад

талаас очиж буй саарал өнгийн байж болох богино куртик, бараан өнгийн өмдтэй хүн толгойн тус газар нь нэг удаа өшиглөж унагаснаас хойш өөрийн идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийхгүй байна...” гэсэн дүгнэлт /хх.4.46-48/,

 

          2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.4.26-42/ зэрэг нотлох баримтаар няцаагдан үгүйсгэгдэнэ.

         

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Данзанноров нь “гэмт хэрэг нэг орон зайнд, нэг цаг хугацаанд болсон байхад Д.Цэрэнчимэдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дах заалт, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах заалтуудаар, Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарыг танхайрч Д.Буяндэлгэрт хөнгөн гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах заалтуудаар тусад нь буруу зүйлчилснээр Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарын хувьд зөвхөн Д.Буяндэлгэрийн хохирлыг төлсөн” гэх боловч Д.Цэрэнчимэд, Д.Төмөрпүрэв, У.Батзориг нар нь бүлэглэн танхайрах явцдаа догшин авирлаж Д.Буяндэлгэрийн биед хөнгөн гэмтэл учруулсан, Д.Цэрэнчимэд нь талийгаач А.Ууганбаатарыг алсан болох нь тогтоогдсон, харин Д.Төмөрпүрэв, У.Батзориг нар нь талийгаачид гэмтэл учруулсан нь тогтоогдоогүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбасүрэнгийн нэхэмжилсэн хохирлыг Д.Цэрэнчимэдээс гаргуулах үндэслэлтэй юм.

         

          Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг нь “талийгаачийг амь насанд аюултай нөхцөлд орхисон Д.Буяндэлгэрийн үйлдлийг тусгаарлан шалгуулна” гэж байх бөгөөд энэ талаар мөрдөн байцаалтанд шалгаж Д.Буяндэлгэрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, Д.Буяндэлгэр нь зохих байгууллага, албан тушаалтанд гар утсаараа мэдэгдэхийг оролдсон болох нь тогтоогджээ.

 

   Шүүгдэгч Д.Цэрэнчимэдийн өмгөөлөгч Ш.Оюумаа нь “Д.Цэрэнчимэдээс эхний мэдүүлгийг өмгөөлөгчгүй авсан, талийгаачийн биед олон тооны гэмтэл шархыг хэн хэдийд учруулсан нь тодорхойгүй, М.Буяндэлгэр талийгаачийг унасан байхад нь 22 удаа хөдөлгөсөн, нааш цааш авч явах үед гэмтэл авсан эсэхийг тогтоох, талийгаачийг үхэлд хүргэсэн цохилт чухам хэнийх болох, Д.Цэрэнчимэд талийгаачийг мөрөнд нь нэг удаа өшиглөсөн, шинжээчийн дүгнэлтээр савхин куртиктэй хүн талийгаачийг өшиглөсөн гэдэг”, түүнчлэн шүүгдэгч Д.Цэрэнчимэдийн өмгөөлөгч Э.Ганбат нь “Д.Цэрэнчимэдийн үйлдэл нь танхайн сэдэлтгүй, талийгаач маргалдаж түүнийг эхэлж цохисон хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй, Д.Цэрэнчимэд талийгаачийг унасан хойно нь өшиглөсөн, гэтэл талийгаачийг хэн цохиж унагасан, 31-р байрны бичлэгээс үзэхэд талийгаач зодуулсны дараа сууж байгаад М.Буяндэлгэрийг түр яваад ирэх хооронд замын хашлага мөргөж унаснаас гэмтэл авсан эсэх, бүх талыг оролцуулж бичлэгийг нягталж тодруулах, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зөрүүтэй байдал зэргийг шалгахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах” шаардлагатай гэх боловч мөрдөн байцаалтад

гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй байна.

         

          Шүүгдэгч У.Батзоригийн өмгөөлөгч Б.Дашдорж нь “Д.Буяндэлгэрийг өшиглөсөн гэж зөвхөн У.Батзоригийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг, Д.Буяндэлгэрийн цамцны ард Тимберланд брэндийн гутлын мөр байсан гэх криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр Д.Буяндэлгэрийг яллаж байгаа нь үндэслэлгүй, тухайн үед Д.Буяндэлгэр, С.Энхнаран нар адилхан гутал өмсөж явсныг тодруулж шалгаагүй” гэсэн, шүүгдэгч Д.Төмөрпүрэвийн өмгөөлөгч Т.Багахүү, Т.Мөнхбат нарын “Д.Цэрэнчимэдтэй Д.Буяндэлгэр, талийгаач 2 маргалдаж араас нь хөөн ирж довтлоход Д.Буяндэлгэрийг цохисон Д.Төмөрпүрэвийн үйлдэл танхайн сэдэлтгүй, Д.Төмөрпүрэв нь Д.Буяндэлгэрийн зүүн шанаанд цохисон байхад шинжээчийн дүгнэлтээр баруун талд нь гэмтэл үүссэн гэдэг нь эргэлзээтэй” байх тул тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно уу” тус тус тайлбарлаж байх боловч шүүгдэгч У.Батзориг, Д.Төмөрпүрэв нар бусадтай бүлэглэж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгээс гадна зарим хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, холбогдох шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар хангалттай тогтоогджээ.

 

          Иймд Д.Цэрэнчимэдийг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах, догшин авирлаж бүлэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дах заалт, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д, Д.Төмөрпүрэвийг догшин авирлаж бүлэглэн танхайрах, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, У.Батзоригийг догшин авирлаж бүлэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д тус тус заасан төрөл, хэмжээний дотор тэдгээрт зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

          Д.Төмөрпүрэв нь 2015 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрын гадаа иргэн А.Ууганбаатарын “Ай фоне-5” загварын гар утас, мөнгөн гинж, бөгжийг хулгайлж 530.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хөнгөн төрлийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг тухайн хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй юм.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарын анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Д.Цэрэнчимэд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгаагүй, гэм буруугийн талаар маргаж буй гэмт

 

этгээдүүдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.

 

          Шүүгдэгч Д.Цэрэнчимэдийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 331 хоногийг, шүүгдэгч Д.Төмөрпүрэвийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 57 хоног, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 28 хоног, нийт 85 хоногийг, шүүгдэгч У.Батзоригийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 14 хоног, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 28 хоног, нийт 42 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцох нь зүйтэй.

 

          Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч А.Ууганбаатарын цэнхэр өнгийн жинсэн өмд, ногоон эрээн даавуун өмд, хар өнгийн пүүз 1 хос, цэнхэр өнгийн 1 хос оймс, саарал өнгийн цамц, мөн цагаан өнгийн орны дэвсгэр, хохирогч М.Буяндэлгэрийн цагаан өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, цагаан саарал өнгийн куртикийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устган, хохирогч А.Ууганбаатарын хар өнгийн I phone-5s маркийн гар утас, цагаан өнгийн металл гинж, бөгжийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбасүрэнд, шар өнгийн хагас түрийтэй, арзгар хээ бүхий ултай гутлыг шүүгдэгч У.Батзоригт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгож, “Венус” зочид буудлын хяналтын камерын бичлэг гэсэн бичигтэй цагаан өнгийн СД 1 ширхэг, хүнсний мухлаг, “Банана” баарны гадна, дотор талын бичлэг болон 31-р байрны гадна талын бичлэгтэй цагаан өнгийн СД 1 ширхэг, 5248 хавсралт гэсэн бичигтэй цэнхэр өнгийн СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь тус тус үлдээвэл зохино.  

 

          Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Төмөрпүрэв, У.Батзориг нар нь хохирогч М.Буяндэлгэрт тус бүр 750.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч М.Буяндэлгэр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж байна.

 

          Шүүгдэгч Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, гэмт хэргийн улмаас хохирогч нас барж гэм хор учирсан эд хөрөнгийн хохирлын 19.462.824 төгрөгийг шүүгдэгч Д.Цэрэнчимэдээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбасүрэнд олгохоор шийдвэрлэв.

         

          Шүүгдэгч Д.Цэрэнчимэдийн ургийн овгийг иргэний үнэмлэхийн лавлагаанд /хх.3.204/ “Хамнай ухасай” гэсэн байхад түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх.3.211/ “Хамсай ухайсай” гэж, шүүгдэгч Д.Төмөрпүрэвийн ургийн овгийг иргэний үнэмлэхийн лавлагаанд /хх.3.205/ “Боржигин” гэсэн байхад түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хх.3.212/ болон яллах дүгнэлтэд “Боржигон” гэж  тус  тус  зөрүүтэй  тэмдэглэсэн  байх  боловч  тэдгээр  шүүгдэгч нарын биеийн

 

байцаалтын бусад мэдээллийг холбогдох нотлох баримтуудад зөрүүгүй тусгажээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248.1.1, 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хамнай ухасай овогт Даваажаргалын Цэрэнчимэдийг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах, догшин авирлаж бүлэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Боржигин овогт Дагвын Төмөрпүрэвийг догшин авирлаж бүлэглэн танхайрах, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Хэрээд овогт Уртнасангийн Батзоригийг догшин авирлаж бүлэглэн танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Төмөрпүрэвт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Төмөрпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Цэрэнчимэдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дах хэсэгт зааснаар 20 /хорин/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар тус бүр 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэрэнчимэдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 20 /хорин/ жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг багтааж, шүүгдэгч Д.Цэрэнчимэдийн биечлэн эдлэх ялыг нийт 20 /хорин/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэрэнчимэдэд оногдуулсан 20 /хорин/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарт тус бүр оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэрэнчимэдийн цагдан хоригдсон 331 хоног, шүүгдэгч Д.Төмөрпүрэвийн цагдан хоригдсон 85 хоног, шүүгдэгч У.Батзоригийн цагдан хоригдсон 42 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

 

          7. Шүүгдэгч Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч А.Ууганбаатарын цэнхэр өнгийн жинсэн өмд, ногоон эрээн даавуун өмд, хар өнгийн пүүз 1 хос, цэнхэр өнгийн 1 хос оймс, саарал өнгийн цамц, мөн цагаан өнгийн орны дэвсгэр, хохирогч М.Буяндэлгэрийн цагаан өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, цагаан саарал өнгийн куртикийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устган, хохирогч А.Ууганбаатарын хар өнгийн I phone-5s маркийн гар утас, цагаан өнгийн металл гинж, бөгжийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбасүрэнд, шар өнгийн хагас түрийтэй, арзгар хээ бүхий ултай гутлыг шүүгдэгч У.Батзоригт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгож, “Венус” зочид буудлын хяналтын камерын бичлэг гэсэн бичигтэй цагаан өнгийн СД 1 ширхэг, хүнсний мухлаг, “Банана” баарны гадна, дотор талын бичлэг болон 31-р байрны гадна талын бичлэгтэй цагаан өнгийн СД 1 ширхэг, 5248 хавсралт гэсэн бичигтэй цэнхэр өнгийн СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь тус тус үлдээсүгэй.

 

          9. Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Төмөрпүрэв, У.Батзориг нар нь хохирогч М.Буяндэлгэрт тус бүр 750.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч М.Буяндэлгэр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

          10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Цэрэнчимэдээс 19.462.824 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбасүрэн /Регистрийн дугаар: СЙ73112406/-д олгосугай.

 

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

          12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл

бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Цэрэнчимэд, Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

          13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР

 

                                                   ШҮҮГЧ                                Д.МӨНХТУЯА

                                        

                                                   ШҮҮГЧ                                Д.БАТСУУРЬ