Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2019/ДШМ/07

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Б.******* Шүүгдэгч Б.Эн- Н.Лх- М.Ня- Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.*******ын гомдлоор Б.Эн-, Н.Лх-, М.Ня- нарт холбогдох 1823000560093 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Завхан аймаг Улиастай сум Чигэстэй баг Нефтийн шинэ хэсэгт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, *******ай овгийн Бу-гийн Эн- Регистрийн дугаар: /ИХ******/

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Завхан аймаг Улиастай сум Жаргалант баг Алтангийн хэсэг 5 дугаар гудамж 16 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* овгийн На-гийн Лх- Регистрийн дугаар: /ИХ*******/

3. Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймаг Улиастай сум Товцог баг Рашаантын хэсэг 4 дүгээр гудамж 2 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, *******э овгийн Мя-гийн Ня- Регистрийн дугаар: /ИЭ*******/

Шүүгдэгч Б.Эн-, М.Ня-, Н.Лх- нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн орчим, мөн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 09 цагийн орчим Завхан аймгийн хаан сум багийн “Доной” гэх газарт байрлах “*******ны *******” ХХК-н талбайгаас чулуу бутлуурын хуяг ир 36, чулуу бутлуурын алхан ир 32, төмөр зуух, төмөр ширээ, листэн хавтан, ремен 25 метр зэрэг эд зүйлсийг “Хьюндай Портер” маркийн ******* ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Лх-, М.Ня-, Б.Эн- нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Лх-, М.Ня-, Б.Эн- нарыг тус бүр 1/ нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лх-, М.Ня-, Б.Эн- нарт оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Б.Эн-, Н.Лх-, М.Ня- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Эн-ын хувьд ногдох эд хөрөнгөнөөс 5.000.000 төгрөгийн үнэ бүхий Завхан аймаг Улиастай сум Чигэстэй баг Нефтийн шинэ хэсэгт байрлах 6 ханатай цоохор монгол гэр, шүүгдэгч Н.Лх-гийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс 3.000.000 төгрөгийн үнэ бүхий Сузуки Свифт маркийн ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч М.Ня-гийн гэр бүлийн дундын хөрөнгөнөөс 7.000.000 төгрөгийн үнэ бүхий Завхан аймаг Улиастай сум Товцог баг Рашаантын 4 дүгээр гудамж 2 тоотод орших 7х7 метр хэмжээтэй орон сууцыг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Ня-гийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан 2.000.000 төгрөгийн үнэ бүхий “Хьюндай Портер” маркийн ******* ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар хохирол төлбөрийг нөхөн төлсөн, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт авагдсан болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болж, шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.******* нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч М.Ня-, Н.Лх-, Б.Эн- нарын өмгөөлөгч Б.******* миний бие Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх гэх мэт зарчмыг зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь: М.Ня-, Н.Лх-, Б.Эн- нарт холбогдох эрүүгийн хэрэг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэн ирсэн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэг болгон өөрчлүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл муутай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд М.Ня-, Н.Лх-, Б.Эн- нар нь учрах саадыг арилгах зорилгоор ...машин механизм ашиглаагүй гэж үзэж байгаа бөгөөд шүүгдэгч нарын мэдүүлгээр машинаа уг төмрийн хог байсан газраас 100 орчим метр зайтай тавиад төмөрнүүдээ бөөгнүүлж байгаад зөөж ачсан гэж мэдүүлдэг. Уг мэдүүлгээс харахад хулгайлах гэмт хэрэг уг төмрийг бөөгнүүлэхэд, дуусахад гэмт хэрэг төгссөн бөгөөд хулгайлсан эд зүйлээ машинд ачсан байгаа юм. Төмөр хулгайлахдаа машин механизм ашиглаагүй бөгөөд хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа ачиж явсан үйлдэл харагддаг. Мөн М.Ня-гийн эзэмшлийн “Хьюндай Портер” маркийн ******* ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгосон М.Ня-гийн хувийн байдлыг харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл М.Ня- нь бага насны 2 хүүхэдтэй эхнэр нь ажил эрхэлдэггүй, өрхийн орлого олж амжиргаагаа залгуулдаг ганц хэрэгсэл нь уг портер машин болох нь М.Ня-гийн болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байхад шүүх улсын орлого болгосон нь санхүүгийн хувьд ганц М.Ня-г биш гэр бүл, өрхөөр нь шийтгэж байгаатай адил юм. Энэ нь Эрүүгийн хуулинд заасан шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчимд нийцээгүй байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх машин механизмийг улсын орлого болох эсэхийг шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байхаар хуульчилсан боловч М.Ня-гийн хувийн байдлыг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 22-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ. Прокурор Б.******* давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.******* би, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.8 дугаар зүйлийг удирдлага болгон Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн *******ай овгийн Бу-гийн , ******* ******* овгийн На-гийн Лх-, *******э овгийн Мя-гийн Ня- нарт холбогдох 1823000560093 дугаартай эрүүгийн хэргийг Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.*******ын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гаргасан гомдлыг 2018 оны 02 дугаар сарын 12- ны өдөр хүлээн авч танилцлаа. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.******* давж заалдсан гомдолдоо: “.... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх гэх мэт зарчмыг зөрчиж хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна. М.Ня-, Н.Лх-, Б.Эн- нар нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаагүй... Шүүгдэгч нарын мэдүүлгээр машинаа уг төмрийн хог байсан газраас 100 орчим метр зайтай тавиад төмөрнүүдээ бөөгнүүлж байгаад зөөж ачсан... Хулгайлах гэмт хэрэг нь төмөр бөөгнүүлэхэд гэмт хэрэг төгссөн бөгөөд хулгайлсан эд зүйлсээ машинд ачсан байгаа юм... Хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа ачиж явсан үйлдэл харагддаг...” гэжээ. Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Ня-, Н.Лх-, Б.Эн- нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн Хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан ...шүүгдэгч нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг эддэхдээ нээлттэй дэглэм бүхий хорио байгууллагад эдлүүлэн, шүүгдэгч нарт авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж, шүүгдэгч М.Ня-гийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан 2.000.000 төгрөгийн үнэ бүхий Хьюндай Портер маркийн ******* ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд маргаж байх тул дээрх гомдолд тайлбар гаргах нь: - Хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгч нар нь 68 ширхэг ир, төмөр зуух, ширээ, листэн хавтан зэрэг эд зүйлсийг авахдаа урьдчилан Хьюндай Портер маркийн ******* ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хэргийн газарт очсон. Дээрх зүйлсийг биеийн хүчээр өргөн явах бололцоогүй тул тээврийн хэрэгсэлд ачиж хаан сумаас Улиастай суманд тээвэрлэн авчирч төмөр авдаг цэгт тушаасан. Өөрөөр хэлбэл яллагдагч нар нь дээрх үйлдлийг хийж гүйцэтгэхийн тулд тээврийн хэрэгсэл буюу машин мяханизм ашиглаж үйлдлээ хөнгөвчилсөн, өргөж явах боломжгүй тул учрах саадыг арилгасан гэж үзэх нь зүйтэй бөгөөд шийтгэх тогтоолд энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байна. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.*******аас гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцоно. Шүүгдэгч М.Ня- нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч М.Ня- миний бие Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 22-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолыг 2019 оны 02 сарын 04-ний өдөр хүлээн авч эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэхээр үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцааж өөрчлүүлэн шийтгэж байгаа нь хууль тогтоомжинд нийцээгүй гэж үзэж байна. Мөн Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 22-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоол нь үг, үсэг, утга найрууллагын илэрхий алдаатай байна. Тухайлбал: Улсын яллагчаар хяналтын прокурор Б.******* шүүх хуралдаанд оролцсон байхад овогт уугийн гэж танихгүй хүний нэрийг бичсэн, өмгөөлөгчийн нэрийг Энхжаран гэж буруу бичсэн байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Хэдийгээр шүүгдэгч нар үйлдсэн хэргийнхээ талаар буруугаа мэдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг буюу зарим нотлох баримтуудыг хасуулах талаар зарласан. Шүүгч хэргийг буцаахдаа Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шалгаж тогтоож ирүүл гэснийг манай тал хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн захирамжид улсын яллагч гомдол гаргах ёстой болохоос биш шүүгдэгч нарын өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй гэж дурдагдсан байсан. Тухайн хэргийг буцаасан захирамж дотроо утга зүйн алдаатай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэг гэж буруу бичсэн алдаатай байсан. Мөн М.Ня-гийн шийтгэх тогтоол дээр улсын яллагчийн овог, нэрийг буруу бичсэн, өмгөөлөгчийн нэрийг буруу бичсэн байсан. Хамгийн гол маргаад байгаа зүйл нь хулгайлах гэмт хэрэг хэзээ төгссөн бэ? гэдэг асуудал гол нь гэж үзэж байгаа. Хэрэг болгон эхэлсэн болон дууссан цагтай байдаг. М.Ня-, Н.Лх-, Б.Эн- нарын хулгайлах гэмт хэрэг хэзээ эхэлсэн бэ? гэхээр өөрсдийнх нь мэдүүлэгт байгаа .../Бид нар очоод машинаа хол тавьчихаад тэнд байсан задгай төмрийн хогнуудыг бөөгнүүлж байгаад ачсан/ гэх. Өмгөөлөгчийн хувьд: тухайн гэмт хэрэг бол төмөр бөөгнүүлээд машинд ачихад энэ гэмт хэрэг төгссөн гэж үзэж байна. Хулгайлсан эд зүйлээ тээвэрлэсэн үйлдэл нь машин механизм ашиглаж хулгай хийсэн үйлдэл харагдахгүй байна. Тухайн тэр төмөрнүүд нь хананы цаана эсвэл газрын хөрснөөс доош байгаагүй заавал машинаар чирч ухаж гаргах, татах тохиолдолд байгаагүй. Харин хулгайлсан эд зүйлээ ямар нэгэн саад болохооргүй буюу засмал ******* дээгүүр ачаад ирсэн байгаа. Тийм учраас Эрүүгийн Хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар машин механизм ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. М.Ня-гийн эзэмшлийн “Hyandai Porter” маркийн 3089 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгосон. Эрүүгийн хариуцлагын нэг төрөл бол албадлагын арга хэмжээ буюу хулгай хийхэд ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгох ёстой. Гэхдээ ганцхан М.Ня-д давхар давхар хариуцлага тооцож байна. Энэ хүн бас өөрийн үйлдсэн гэм буруугийн хэмжээнд шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчимд нийцэж байх ёстой. Тэгтэл 3 хүн нийлээд хамт ачиж ирсэн байхад заавал М.Ня-гийн эзэмшлийн “Портер” машиныг хураагаад байгаа нь үндэслэлгүй байна. М.Ня-гийн хувьд өрхийн орлогоо ганц олдог хэрэгсэл нь “Портер” машин нь байдаг. Энэ байдлыг харгалзан анхан шатны шүүх харгалзан шийдвэрлээгүй гэж үзэж байна. Тийм учраас Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож. хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэж хүсч байна гэв. Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан байгаа учраас шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Эн-, М.Ня-, Н.Лх- нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн орчим, мөн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 09 цагийн орчим Завхан аймгийн хаан сум багийн “Доной” гэх газарт байрлах “*******ны *******” ХХК-н талбайгаас чулуу бутлуурын хуяг ир 36, чулуу бутлуурын алхан ир 32, төмөр зуух, төмөр ширээ, листэн хавтан, ремен 25 метр зэрэг эд зүйлсийг “Хьюндай Портер” маркийн ******* ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан болох нь хэрэгт цугларсан хохирогч, иргэний нэхэмжлэгч С., гэрч Я., Ц., Ш., Ш. нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байгаа бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу, нийгмийн аюулын хор уршиг, хохирол нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2-оос дээш, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын дээд хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...” гэсэн заалтыг баримтлан тухайн хуулийн зүйл, хэсгийн доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан нь хүнддээгүй, тохирсон байна. Шүүгдэгч М.Ня- гомдолдоо “...анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэхээр хэргийг прокурорт буцааж хүндрүүлэн шийтгэж байгаа нь хууль зөрчсөн, мөн шүүхийн тогтоол үг, үсэг, утга найруулгын алдаа ихтэй, шүүх хуралдаанд улсын яллагчаар хяналтын прокурор Б.******* оролцсон байхад овогт уугийн гэж танихгүй хүний нэрийг бичсэн, өмгөөлөгчийн нэрийг Энхжаран гэж буруу бичсэн гэх мэт алдаа байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ. Хавтаст хэрэгт байгаа тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан хууль ёсны байх шаардлагыг хангасан, шүүгч хэргийнхээ шийдвэрт гарын үсэг зурж, шүүхийн тамгыг дарж баталгаажуулж ёсчилсон байна. Түүнчлэн шийтгэх тогтоолд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн овог, нэрийг, зөв бичсэн байх бөгөөд хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар олгосон шүүхийн эрх хэмжээний асуудал байх учир буруутгах боломжгүй юм. Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.*******ын “...учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаагүй, шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж М.Ня-гийн эзэмшлийн “Хьюндай Портер” маркийн ******* ЗАА улсын дугаартай автомашиныг улсын орлого болгох эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байхаар хуульчилсан боловч М.Ня-гийн хувийн байдлыг нь харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ. Хэргийн үйл баримтаас дүгнэлт хийхэд тухайн шүүгдэгч нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ урьдчилсан байдлаар хоорондоо тохиролцож аймгийн төвөөс зориуд машин механизм авч яван хохирогч, иргэний нэхэмжлэгч “ *******ны *******” ХХК-ийн эзэмшлийн газраас ...чулуу бутлуурын хуяг ир, алхан ир, төмөр зуух, ширээ листен хавтан зэргийг ачиж аймгийн төв рүү оруулж ирэн хаягдал төмөр авдаг хүмүүст зарж байгаад баригдсан болох нь гэрч Я., Ц. нарын мэдүүлгүүдээр хөтөлбөргүй тогтоогдсон байна. Шүүгдэгч нарын бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан шүүгдэгч М.Ня-гийн эзэмшлийн 2.000.000 төгрөгний үнэ бүхий ******* ЗАА улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө , орлогыг ...албадан гаргуулна гэж заасан ба гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж ...гэмт хэрэг үйлдэхэд, ...ашигласан ...техник хэрэгслийг ойлгохоор хуулинд зохицуулсаны дагуу улсын орлого болгосныг буруутгах боломжгүй юм. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Харин бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж олсон орлогоо тэнцүү хуваасан байхад шүүгдэгч М.Ня-гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгосныг Эрүүгийн хуулинд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс шүүгдэгч Б.Эн-, Н.Лх- нарын хувь хөрөнгөнөөс тус бүр 666.666 төгрөг гаргуулж шүүгдэгч М.Ня-д олгуулахаар тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Эн-, Н.Лх-, М.Ня- нарын өмгөөлөгч Б.*******, шүүгдэгч М.Ня- нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 7 дахь заалтад ...шүүгдэгч Б.Эн-, Н.Лх- нарын хувь хөрөнгөнөөс тус бүр 666.666 төгрөгийг гаргуулж шүүгдэгч М.Ня-д олгосугай...” гэж өөрчлөлт оруулж, Тогтоолын тогтоох хэсгийн дугаарыг 1,2,3,4,5,6,7,8,9,10,11 гэж дугаарлаж, шүүгдэгч М.Ня-, шүүгдэгч М.Эн-, Н.Лх-, М.Ня- нарын өмгөөлөгч Б.*******ын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ