Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 0149

 

 

2018 оны 01 сарын 09 өдөр

  Дугаар 102/ШШ2018/00149

Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Ц.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол Чингүүнжавын гудамж өөрийн байранд байрлах БФ ХХК /РД:2784939/-д холбогдох

 

- 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах,

- түрээсийн талбайг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийг таслан зогсоож, түрээсийн талбайг буцаан олгох,

- 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаа болох 16 сарын худалдан борлуулалт хийх боломжийг алдагдуулсан тул 16 сар үнэгүй түрээсийн талбайг ашиглуулж, тавилга зарах боломжийг олгуулах,

- 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны банкны зээлийн хүү 3,817,262 төгрөг гаргуулах,

-бусдаас хууль зүйн туслалцаа авсны төлбөрт өгсөн 2,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,  

- “Корал” центрийн В1 давхарын 52 м.кв талбайг чөлөөлүүлэх, 14,381,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас шүүхэд анх гаргасан нэхэмжлэлээ 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өөрчилж, дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргасан. Үүнд:

1/ Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Ц.Бт 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр явуулсан мэдэгдлийг хүчингүй болгуулах, түрээсийн талбайг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийг таслан зогсоож, түрээсийн талбайг буцаан олгуулах. Ц.Бийг түрээсийн гэрээний үүргээ зөрчсөн, байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг алдагдуулсан тул цаашид хамтран ажиллахгүй, талбайг 3 хоногийн дотор чөлөөлүүлэх агуулга бүхий мэдэгдлийг нэхэмжлэгчид өгсөн байдаг. Ц.Б нь энэхүү хууль бус шаардлагыг нь хүлээж авахгүй гэхэд түүний худалдан борлуулж байсан тавилгыг хураан авч битүүмжлээд, тавилгын урдуур хаалт тавьж үйл ажиллагааг нь хүчээр зогсоосон байдаг. Энэхүү мэдэгдэл нь том байгууллагад талбайг түрээслэх гэж жирийн үйл ажиллагаа явуулж буй иргэдийг дарамталсан, хүчээр шахсан хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд уг хууль бус мэдэгдлийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Талбайг чөлөөлүүлэх гэж 3 хоногийн хугацаа өгч байгаа нь буруу гэж үзэж байна.

2/ Түрээсийн талбайг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийг таслан зогсоож, түрээсийн талбайг буцаан олгуулах.

Ц.Бийн түрээслэж байсан буюу хариуцагчийн чөлөөлүүлэх гэж байгаа талбай нь яг дэлгүүрийн үүдэн хэсэгт, ашигтай талбайд байрладаг. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчид орж ирээд шууд хардаг хэсэгт байрладаг. Уг талбайг Ц.Б өөрийн хөрөнгөөр тохижуулж, паркетан шал хийсэн тул уг талбайгаа буцаан авах хүсэлтэй байна. Иймд анх түрээсийн гэрээгээр тохирсны дагуу түрээсийн талбайгаа буцаан авч, талбайг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийг таслан зогсоолгомоор байна. 

3/ 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаа болох 16 сарын худалдан борлуулалт хийх боломжийг алдагдуулсан тул 16 сар үнэгүй түрээсийн талбайг ашиглуулж, тавилга зарах боломжийг олгуулах.

Ц.Бийн эрх ашиг түрээсийн гэрээ цуцлагдсан 2016 оны 8 дугаар сараас эхлээд шүүх хуралдаан болох хүртэл буюу нийтдээ 16 сарын хугацаанд зөрчигдсөн. Үүнтэй холбоотой асуудлаар Ц.Б нь өөрийн оруулж ирсэн тавилгаа 16 сарын хугацаанд зарж борлуулж чадахгүй хохирч байна. Иймд Ц.Б 16 сарын турш хариуцагч байгууллагын талбайд ямар нэг түрээсийн төлбөр төлөхгүйгээр тавилгаа зарах боломжийг эдлэх эрхтэй.

4/ 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны банкны зээлийн хүү 3,817,262 төгрөг гаргуулах.

Ц.Б нь өөрөө хувиараа тавилга оруулж ирж зарж борлуулдаг. Өөрийн бизнесийг өргөжүүлэх үүднээс тэрээр “Голомт” банкнаас зээлийг авсан. Учир нь тэрээр өөрийн түрээсийн талбайгаа ашиглаж зээлийн мөнгөө буцааж төлөх зорилготой байсан. Гэвч хариуцагчийн буруутай үйлдлээс буюу гэрээг цуцалснаас болж Ц.Б авсан зээлээ төлж чадахгүй хохирч байна. Иймд хариуцагчаас болоогүй бол өөрөө төлчих байсан 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны банкны зээлийн хүү 3,817,262 төгрөгийг шаардаж байна. 

5/ Бусдаас хууль зүйн туслалцаа авсаны төлбөрт өгсөн 2,000,000 төгрөг гаргуулна. Ц.Б нь хариуцагчийн гэрээний үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас шүүхэд хандаж, улмаар бусдаас хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд 2,000,000 төгрөг төлөөд байна. Иймд уг мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.  

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б нь БФ ХХК-ийн харьяа “Корал центр” худалдааны төвд 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр тавилга зарах чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Уг гэрээ сунгагдаж явж байгаад 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр талууд өмнөх гэрээг дүгнэн дуусгавар болгоод дахин түрээсийн гэрээг шинэчлэн байгуулсан. Нэхэмжлэгч нь талбай түрээсэлж байх хугацаанд түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, түрээслэгчийг төвөгтэй байдалд удаа дараа оруулж байсан. 2016 оны 8 дугаар сард “Шилмэл буйдан” гэх аж ахуйн нэгж “Корал центр” худалдааны төв дээр 370 м.кв талбай түрээслэх санал тавьсан. “Корал центр” худалдааны төвд 35 түрээслэгч ажиллах боломжтой талбай дээр 10 гаран түрээслэгч талбай түрээслэн ажиллаж байсан бөгөөд энэ түрээслэгч нарт нэг талын талбайд шахаж ажиллах санал тавьсан. Учир нь үлдсэн талбайд нь “Шилмэл буйдан”-г оруулах талаар тохирсон байсан. Гэтэл тухайн үед иргэн Ц.Б “...талбай солих боломжгүй, тэгэх юм бол гарсан нь дээр” гэсэн тайлбарыг хэлж байсан. Тэгээд удаагүй иргэн Ц.Бийн худалдагч нь түрээслэж байсан талбайгаа орхиод явсан юм. Ц.Бийн түрээслэж байсан талбайн урдуур бид улаан тууз татсан нь үнэн. Гэхдээ үйл ажиллагааг нь зогсоож байна гэж татаагүй, худалдагч нь байхгүй учраас эзэнгүй тавилга дээр ямар нэгэн асуудал үүсэж магадгүй гэж татсан. Гэхдээ Ц.Б нь тавилга дээрээ утсаа тавиад сонирхсон хүмүүст зарж байсныг сүүлд мэдсэн. Нэхэмжлэгч Ц.Б нь 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т заасан заалтыг зөрчсөн. Энэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн бол асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх заалт бөгөөд энэ заалт нь гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл болсон. Иргэн Ц.Б  нэхэмжлэлдээ “талбай дээрээ паркетан шал тавьсан” гэсэн байсан. Бид талбайг нь өөрчилсөн тохиолдолд өөр талбай руу паркетан шалыг шилжүүлж тавих боломжтой байсан. “Корал центр” төвийн В1 давхар нь том талбай байдаг бөгөөд тухайн үедээ урсгал зардлаа дийлэхгүйд хүрсэн юм. Учир нь 30 гаран түрээслэгч байх ёстой талбай дээр 10 гаруй түрээслэгч үйл ажиллагаа явуулж байсан болохоор зардал их гарч байсан. “Шилмэл буйдан” ХХК-д тухайн талбайг өгөх гээд байсны учир нь энэ компани нь маркетинг сайтай, үйл ажиллагаа нь жигдэрсэн байсан. Маркетинг сайтай газар үйлчлүүлэгч татагдаж ирдэг. “Шилмэл буйдан” ХХК-ийг оруулснаар тавилга авах гэж ирэх хүмүүс өөр хүмүүсийн тавилгыг ч гэсэн сонирхох боломжтой байсан. Одоо бол “Корал центр”-т маркетинг сайн явж байгаа учраас түрээсийн үйл ажиллагаа жигдэрсэн байгаа. Тухайн үед харилцан зохицоод явах боломжтой байхад асуудлыг хүндрүүлээд ийм байдалд хүрсэн. Иймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Учир нь энэ хүмүүс түрээсийн төлбөрөө хугацаандаа төлдөггүй бөгөөд энэ талаарх манай санхүүгийн баримт хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч 16 сарын хугацаанд түрээсийн төлбөргүйгээр талбай эзэмшүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасан. Энэ шаардлагыг яагаад тавьж байгааг сайн ойлгохгүй байна. Ц.Бтай байгуулсан түрээсийн гэрээ 4 дүгээр сард дууссан бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа. Банкны зээлийн хүү нэхэмжилсэн байсан. Энэ зээлийг авч юунд зарцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхэд өмнө нь 2 сая гаран төгрөгийн шаардлага нь хангагдаж байсан учраас энэ мөнгө нь хангагдах юм байна гээд нэмж оруулж ирсэн байх. Ц.Б банкнаас 30 сая төгрөг зээлсэн талаар баримт хэргийн материалд хэдийгээр байгаа ч гэсэн юунд, ямар зориулалтаар ашигласан нь эсэх нь тодорхой биш байна. Хэргийн материалд БНХАУ руу юань шилжүүлсэн баримт л байдаг. Хэрвээ энэ хүний БНХАУ-аас оруулж ирсэн тавилгыг бид нар заруулахгүй байгаа бол үүнийгээ өөрсдөө нотлох шаардлагатай. Учир нь Монгол улсын хилээр орж, гарч байгаа бараа, материал бүгд нэртэй, зүстэй, тоо ширхэгтэй бөгөөд гаалын албан татвар төлсөн байхыг шаарддаг. Гэвч хэргийн материалд энэ талаарх баримт алга байна. Бид Нийслэлийн татварын газарт хандаж иргэн Батбаярыг татвар төлдөг эсэх талаарх лавлахад төлдөггүй байсан. Мөн хууль зүйн туслалцаа авсан 2,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. Үндсэн хуульд хүн хууль зүйн туслалцаа авна гэж заасан бөгөөд төлбөртэйгөөр авна гэж заагаагүй. Ийм учраас эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Манай талаас нэхэмжлэгч Ц.Бт холбогдуулж нийт 14,381,600 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжинэ. Дараах байдлаар өөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байна. Үүнд:

1/ Иргэн Ц.Бийн эзэмшлээс “Корал центр” худалдааны төвийн В1 давхарт түрээслэж буй 52м2 талбайг чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Хэдийгээр уг талбай одоо Ц.Бийн эзэмшил, ашиглалтад байхгүй боловч бид анх шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өнөөдрийн шүүх хуралдаанд дэмжиж оролцож байна. Учир нь Ц.Б түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, байнга манай байгууллагад дарамт учруулдаг. Тэгээд ч уг түрээсийн гэрээний хугацаа дууссан байгаа. Одоо уг талбайг өөр газар түрээслэдэг.

2/ 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Ц.Б болон БФ ХХК-иудын хооронд байгуулагдсан 2603 тоот түрээсийн гэрээний 4.4, 4.5 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн 2016 оны 7, 8, 9 дүгээр сарын түрээсийн төлбөр дээр 2016 оны 01 - 9 дүгээр сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрийн алданги, зөрүү нийт 3,695,950 төгрөг гаргуулах хүсэлтэй байна.  

- 2016 оны 7 дугаар сарын түрээсийн төлбөр 998,000 төгрөг

- 2016 оны 8 дугаар сарын түрээсийн төлбөр 998,000 төгрөг

- 2016 оны 9 дүгээр сарын түрээсийн төлбөр 998,000 төгрөг

Уг гэрээгээр Ц.Б түрээсийн төлбөрийг тухайн сар бүрийн 25-ны дотор багтааж төлбөл тухайн сардаа 25 хувийн хөнгөлөлт үзүүлдэг байсан. Гэвч нэгэнт Ц.Б уг мөнгийг төлөөгүй учраас 2016 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2,000 төгрөг, 7-9 дүгээр сарын буюу 3 сарын түрээсийн төлбөр нийт 2,996,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын зөрүү 251,000 төгрөг, 3 дугаар сарын зөрүү 246,000 төгрөг, 5 дугаар сарын зөрүү 148,200 төгрөг буюу 645,200 төгрөг, 2016 оны 01 дүгээр сараас 6 дугаар сар хүртэл хугацааны алданги 54,750 төгрөг, нийт 3,695,950 төгрөгийг нэхэмжилж байна.

3/ 2015 оны түрээсийн төлбөрийн алданги, зөрүү 2,306,650 төгрөг гаргуулна. Уг түрээсийн төлбөрийг хугацаандаа төлбөл 25 хувийн хөнгөлөлт үзүүлдэг байсан. Гэвч Ц.Б нь 2015 оны түрээсийн төлбөрийг дандаа хугацаа хожимдуулж төлдөг байсан учир хөнгөлөлт үзүүлж байсан түрээсийн төлбөр болон алдангийг дараах байдлаар нэхэмжилнэ. Үүнд:

- 2015 оны 3 дугаар сарын түрээсийн төлбөрийн зөрүү 247,000 төгрөг

- 2015 оны 5 дугаар сарын түрээсийн төлбөрийн зөрүү 247,000 төгрөг

- 2015 оны 6 дугаар сарын түрээсийн төлбөрийн зөрүү 247,000 төгрөг

- 2015 оны 7 дугаар сарын түрээсийн төлбөрийн зөрүү 247,000 төгрөг

- 2015 оны 8 дугаар сарын түрээсийн төлбөрийн зөрүү 247,000 төгрөг

- 2015 оны 9 дүгээр сарын түрээсийн төлбөрийн зөрүү 247,000 төгрөг

- 2015 оны 10 дугаар сарын түрээсийн төлбөрийн зөрүү 247,000 төгрөг

- 2015 оны 11 дүгээр сарын түрээсийн төлбөрийн зөрүү 296,400 төгрөг, нийт 2,025,400 төгрөг. 2015 оны 1, 3-12 дугаар сарын түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас тооцсон алданги нь нийлээд 281,250 төгрөг, нийт 2,306,650 төгрөгийг хариуцагчаас шаардана.

4/  2015 оны 10 дугаар сараас 2016 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд Ц.Бт сул эзэмшүүлсэн талбайн түрээсийн төлбөр 8,379,000 төгрөг гаргуулна. Бид Ц.Бт түүний хүсэлтийг үндэслэж “Корал центр” худалдааны төвийн В1 давхарт түрээслүүлж байсан 52м2 талбайгаас гадна 49м2 талбайг түүнд үнэгүй эзэмшүүлж байсан. Тэрээр 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “...би реклам хийх шаардлагатай” гээд манай 49 м2 талбайг 9 сарын хугацаанд ашигласан байдаг. Улс орон даяар хямрал нүүрлэж, иргэдийн худалдан авах чадвар буурсан үед бид Ц.Бт тус болж, борлуулалтыг нь нэмэгдүүлэх гэж өөрийн байранд байсан сул талбайг нийтдээ 9 сарын турш түүнд үнэгүй эзэмшүүлж байсан боловч тэрээр бидэнтэй шүүхийн байгууллагаар заргалдаж, зардал чирэгдэл учруулж байгаа учраас 1 сарын 931,000 төгрөгөөр тооцож 9 сарын түрээсийн төлбөрт 8,379,000 төгрөгийг одоо буцаан гаргуулна. Иймд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, манай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэг талаас БФ ХХК, нөгөө талаас Ц.Б нар “Түрээсийн гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр БФ ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо /16092/ Чингүнжавын гудамжны 33/4 тоот хаягт байршилтай худалдаа аж үйлдвэрийн зориулалттай 6,105.27 м.кв талбай бүхий “Корал центр” /Coral center/ худалдааны төвийн В-1 давхарт байрлах 52 м2  талбайг Ц.Б 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд сарын 988,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон байна /хх 20-22 хуудас/.

 

2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний хугацаа дуусахад талууд харилцан тохиролцсоноор сунгасан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Улмаар 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр талууд өмнөх гэрээг дүгнэн дуусгавар болгож, “Түрээсийн гэрээ”-г шинэчлэн байгуулсан. Уг гэрээгээр гэрээний хугацааг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дуусахаар, 1 сарын түрээсийн төлбөр 988,000 төгрөг буюу 1 м2 талбайн үнэ 19,000 төгрөг байхаар, төлбөрийг сар бүрийн 01-ний өдрийн дотор багтаан төлөх, менежментийн төлбөр 10,000 төгрөг төлөх, гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслүүлэгчид өгөхөөр харилцан тохиролцжээ /хх 4-6/.

 

Дээрх гэрээний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан боловч 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн “түрээсийн гэрээ” нь бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан, үл хөдлөх эд хөрөнгийн нэг гэрчилгээтэй барилгыг бүхэлд нь бус тодорхой хэсгийг түрээсэлсэн тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангагдах боломжгүй, энэ нөхцөлөөс үүдэн гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй /хх 4, 17, 100 хуудас/.

 

Тодруулбал, аливаа үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бусдад түрээслүүлэх бол гэрээг заавал бүртгүүлж, харин зарим хэсгийг түрээслүүлэх бол гэрээг бичгээр байгуулахад хуульд харшлахгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээ үргэлжлэх хугацаанд хариуцагч БФ ХХК нь “Шилмэл буйдан” ХХК-д өөрийн өмчлөлийн худалдааны зориулалттай үйлчилгээний төвийн В-1 давхрын 237 м2 талбайг түрээслүүлэхээр болж, улмаар тус компанийн хүссэн талбайг олгох үүднээс өмнө байсан түрээслэгч нарт талбайн байрлалыг өөрчлөн зохион байгуулах талаарх мэдэгдлийг өгчээ.

 

Дээрх байдлаар талбайг өөрчлөхийг нэхэмжлэгч Ц.Б эс зөвшөөрч байсан тул хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчид 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн талбай чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлснээр талуудын хооронд маргаан үүсчээ. 

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд “2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах”, “түрээсийн талбайг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийг таслан зогсоож, түрээсийн талбайг буцаан олгуулах”, “2016 оны 8 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаа болох 16 сарын худалдан борлуулалт хийх боломжийг алдагдуулсан тул 16 сар үнэгүй түрээсийн талбайг ашиглуулж, тавилга зарах боломжийг олгуулах”, “2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны банкны зээлийн хүү 3,817,262 төгрөг гаргуулах”, “бусдаас хууль зүйн туслалцаа авсны төлбөрт өгсөн 2,000,000 төгрөг гаргуулах” тухай шаардлагуудыг гаргаж шүүхэд хандсан.    

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь эс зөвшөөрч, улмаар “Корал” центрийн В1 давхарын 52 м2 талбайг Ц.Бийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, гэрээний үүрэгт 14,381,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан ба шүүхээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Үндсэн нэхэмжлэл:

 

2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах, түрээсийн талбайг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийг таслан зогсоолгож, талбайг буцаан олгуулах, 16 сар борлуулалт хийх боломжийг алдагдуулсан тул 16 сар үнэгүй түрээсийн талбайг ашиглуулах, банкны зээлийн хүү 3,817,262 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагуудыг шүүхээс хангахгүй орхив.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзэхэд хариуцагч БФ ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалснаас өөрт учирсан хохирлыг дээрх нэхэмжлэлд дурдсан байдлаар арилгуулахаар Ц.Б шүүхэд хандсан гэж дүгнэхээр байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх бөгөөд, мөн хуулийн 294 дүгээр зүйлд гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний аль нэг талын санаачлагаар гэрээг цуцлах асуудлыг зохицуулжээ.

 

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт “гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа 3 сар байна” гэж заасан хуулийн энэхүү зохицуулалт нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд уг гэрээг цуцлах талаар зохицуулаагүй нөхцөлд хэрэглэгдэнэ. 

 

Талуудын байгуулсан түрээсийн гэрээ 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлж, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дуусах бөгөөд гэрээний талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг сунгаж болохоор заасан байна. Харин уг гэрээний 3.3 дахь хэсэгт түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй байх нөхцөлүүдийг тусгажээ. 

 

Хариуцагчийн зүгээс түрээсийн гэрээгээр тохироогүй асуудлаар буюу өөр байгууллага оруулах үүднээс талбай чөлөөлүүлэх шаардлага тавьсныг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч Ц.Бын үйлдлийг буруутгах боломжгүй. Иймд хариуцагч байгууллагын гэрээ цуцлах буюу нэг талын санаачилгаар дуусгавар болгож буй мэдэгдэл нь хуульд нийцэхгүй. 

 

Түүнчлэн, Ц.Б түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчдөг гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч өөрийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй.

 

Дээр дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан гэрээг хариуцагчийн зүгээс цуцалсан явдалд нэхэмжлэгч  буруутай болох нь тогтоогдохгүй байна. Иймд тэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч гэрээг үндэслэлгүй цуцалсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Гэвч талуудын хооронд байгуулагдсан гэрээ нэгэнт цуцлагдсан, талуудын хооронд үүссэн үүрэг дуусгавар болсон тул хариуцагч БФ ХХК-ийн зүгээс 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Ц.Бт өгсөн талбай чөлөөлүүлэх агуулга бүхий мэдэгдлийг хүчингүй болгуулах, түрээсийн талбайг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийг таслан зогсоож, түрээсийн талбайг буцаан олгуулах, 16 сар түрээсийн талбайг үнэгүй ашиглуулах

тухай шаардлагуудыг гэрээнээс учирсан хохиролд тооцон хангах боломжгүй байна гэж шүүх үзлээ.

 

Цаашлаад, Ц.Б нь 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Голомт” банктай ЗГ2505101667 тоот зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй зээлж авсан.  Уг 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч өөрийн тавилга худалдаалах үйл ажиллагаандаа зориулж авсан болох нь хэрэгт авагдсан “Голомт” банктай хийсэн зээлийн гэрээ болон бусад баримтуудаар тогтоогдохгүй байхаас гадна тэрээр банкны өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хүү төлснийг гэрээ цуцалснаас учирсан шууд хохиролд тооцохгүй.  

 

Бусдаас хууль зүйн туслалцаа авсны төлбөрт өгсөн 2,000,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд:

 

Нэхэмжлэгч Ц.Б нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлөн оролцож буй С.Бгийн дансанд 2,000,000 төгрөгийг хийж, гүйлгээний утгыг “хууль зүйн туслалцаа авах” гэж тодорхойлжээ /хх 130 дугаар хуудас/. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч шүүхэд хандаж, улмаар бусдаас хууль зүйн туслалцаа авахаас аргагүйд хүрсэн” гэж 2,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарласан ба шүүх бүрэлдэхүүн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүхэд мэдүүлэх эрхтэй хэдий ч уг эрхээ хэрэгжүүлэхдээ бусдаас эрх зүйн туслалцаа авах эсэх нь тухайн этгээдийн эрхийн асуудал юм.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо бусдаас хууль зүйн туслалцаа авах эсэх нь зохигчийн эдлэх эрх буюу боломж учир уг эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зардлыг гэрээг цуцалснаас үүдсэн бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй.    

 

Сөрөг нэхэмжлэл:

 

1/ Хариуцагч БФ ХХК нь нэхэмжлэгч Ц.Бийн хууль бус эзэмшлээс түрээсийн зүйл буюу “Корал центр” худалдааны төвийн В1 давхар дахь маргаан бүхий 52 м2 талбайг чөлөөлж авахыг хүссэн.

 

Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшил болон өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэйг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд заасан.

 

Харин энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцлүүд бүрдэх ёстой.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...уг талбай одоо Ц.Бийн эзэмшил, ашиглалтад байхгүй боловч бид анх шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өнөөдрийн шүүх хуралдаанд дэмжиж оролцож байна” гэсэн тайлбараас үзэхэд сөрөг нэхэмжлэлд дурдагдсан “Корал центр” худалдааны төвийн В1 давхар дахь 52 м2 талбай нэхэмжлэгч Ц.Бийн эзэмшил, ашиглалтад байхгүй байна. Иймд уг шаардлагыг хангахгүй орхив.

 

2/ 3,695,950 төгрөг гаргуулах шаардлага:

 

Хариуцагчийн зүгээс 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг цуцлах мэдэгдлийг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр өгсөн талаараа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан.

 

Нэгэнт хариуцагчийн зүгээс 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гэрээг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр цуцалсан гэж үзсэн тул дуусгавар болсон гэрээний үүргийг буюу гэрээ цуцлагдсанаас хойшхи төлбөр, гэрээний хариуцлага болох алдангийг нэхэмжлэх эрхгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

3/ 2015 оны түрээсийн төлбөрийн алданги, зөрүү 2,306,650 төгрөг гаргуулах шаардлага:

 

Дээрх хугацааны төлбөр нь талуудын 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”-ний үүрэгт хамаарч буйг болон 2016 оны 5 дугаар 07-ны өдөр шинээр “Түрээсийн гэрээ” байгуулахдаа өмнөх гэрээг харилцан дүгнэсний эцэст шинээр гэрээ байгуулсан тал дээр зохигчид маргаагүй.

 

Иймд хариуцагч нь нэгэнт дуусгавар болсон 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний үүргийг шаардах эрхгүй байна гэж шүүхээс үзлээ.

 

4/  2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд Ц.Бт сул эзэмшүүлсэн талбайн түрээсийн төлбөр 8,379,000 төгрөг гаргуулах шаардлага:

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Ц.Бийн хүсэлтийг үндэслэж “Корал центр” худалдааны төвийн В1 давхарт түрээслүүлж байсан 52м2 талбайгаас гадна ахин 49м2 талбайг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарыг хүртэл хугацаанд үнэгүй эзэмшүүлж байсан, одоо уг талбай нь хариуцагчийн эзэмшилд буцаж очсон үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ.

 

Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээхийг Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан тул “...нэхэмжлэгч бидэнтэй шүүхийн байгууллагаар заргалдаж, зардал чирэгдэл учруулж байгаа учраас одоо 1 сарын 931000 төгрөгөөр тооцож 9 сарын түрээсийн төлбөрт 8379000 төгрөгийг буцаан гаргуулна” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул “2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах”, “түрээсийн талбайг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийг таслан зогсоож, түрээсийн талбайг буцаан олгох”, “2016 оны 8 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаа болох 16 сарын худалдан борлуулалт хийх боломжийг алдагдуулсан тул 16 сар үнэгүй түрээсийн талбайг ашиглуулж, тавилга зарах боломжийг олгуулах”, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны банкны зээлийн хүү 3,817,262 төгрөг гаргуулах”, “бусдаас хууль зүйн туслалцаа авсны төлбөрт өгсөн 2,000,000 төгрөг гаргуулах” тухай Ц.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 318 дугаар зүйлийн 318.1, 339 дүгээр зүйлийн 339.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан “Корал” центрийн В1 давхарын 52 м.кв талбайг чөлөөлүүлэх, 14,381,600 төгрөг гаргуулах тухай БФ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 404,710 төгрөг, хариуцагчаас төлсөн 230,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ХАНГАЛ

 

                                  ШҮҮГЧ                                    Т.ГАНДИЙМАА

 

                                                                                      Ч.МӨНХЦЭЦЭГ