Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 821

 

Ц.Бийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 09-ний өдрийн 102/ШШ2018/00149 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч Ц.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Бф” ХХК-д холбогдох, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн талбай чөлөөлөх тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, түрээсийн талбайг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийг таслан зогсоож, түрээсийн талбайг буцаан олгох, 16 сар үнэгүй түрээсийн талбайг ашиглуулж, тавилга зарах боломжийг олгуулах, банкны зээлийн хүү 3 817 262 төгрөг, бусдаас хууль зүйн туслалцаа авсны төлбөрт өгсөн 2 000 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “К” центрийн В1 давхарын 52 м.кв талбайг чөлөөлүүлэх, 14 381 600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Ц.Бт 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр явуулсан мэдэгдлийг хүчингүй болгуулах, түрээсийн талбайг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийг таслан зогсоож, түрээсийн талбайг буцаан олгуулах, Ц.Бийг түрээсийн гэрээний үүргээ зөрчсөн, байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг алдагдуулсан тул цаашид хамтран ажиллахгүй, талбайг 3 хоногийн дотор чөлөөлүүлэх агуулга бүхий мэдэгдлийг нэхэмжлэгчид өгсөн. Уг шаардлагыг хүлээж авахгүй гэхэд түүний худалдан борлуулж байсан тавилгыг хураан авч битүүмжлээд, тавилгын урдуур хаалт тавьж үйл ажиллагааг нь хүчээр зогсоосон байдаг. Талбайг чөлөөлүүлэх гэж 3 хоногийн хугацаа өгч байгаа нь буруу, уг хууль бус мэдэгдлийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Ц.Бийн түрээслэж байсан талбай нь яг дэлгүүрийн үүдэн хэсэгт, ашигтай талбай, уг талбайг Ц.Б өөрийн хөрөнгөөр тохижуулж, паркетан шал хийсэн тул уг талбайгаа буцаан авах, бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийг таслан зогсоолгомоор байна. Ц.Бийн эрх ашиг түрээсийн гэрээ цуцлагдсан 2016 оны 8 дугаар сараас эхлээд шүүх хуралдаан болох хүртэл буюу нийтдээ 16 сарын хугацаанд зөрчигдөж, өөрийн оруулж ирсэн тавилгаа 16 сарын хугацаанд зарж борлуулж чадахгүй хохирч байх тул Ц.Б 16 сарын турш хариуцагч байгууллагын талбайд ямар нэг түрээсийн төлбөр төлөхгүйгээр тавилгаа зарах боломжийг эдлэх эрхтэй. Ц.Б нь өөрийн түрээсийн талбайгаа ашиглаж хувиараа тавилга оруулж ирж зарж борлуулан, зээлийн мөнгөө буцаан төлөх зорилготой өөрийн бизнесийг өргөжүүлэх үүднээс тэрээр “Голомт” банкнаас зээл авсан. Гэвч хариуцагч гэрээг цуцалснаас болж Ц.Б авсан зээлээ төлж чадахгүй хохирч байх тул 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны банкны зээлийн хүү 3 817 262 төгрөгийг шаардаж байна. Мөн Ц.Б нь гэрээний үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас шүүхэд хандаж, улмаар бусдаас хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд 2 000 000 төгрөг төлсөн тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.  

Хариуцагчаас нэхэмжлэлд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Ц.Б нь “Бф” ХХК-ийн харьяа “К центр” худалдааны төвд 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр тавилга зарах чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж, 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр талууд өмнөх гэрээг дүгнэн дуусгавар болгоод дахин түрээсийн гэрээг шинэчлэн байгуулсан. Нэхэмжлэгч нь талбай түрээсэлж байх хугацаанд түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, түрээслэгчийг төвөгтэй байдалд удаа дараа оруулж байсан. 2016 оны 08 дугаар сард “Шб” гэх аж ахуйн нэгж “К центр” худалдааны төв дээр 370 м.кв талбай түрээслэх санал тавьсан. “К центр” худалдааны төвд 35 түрээслэгч ажиллах боломжтой талбай дээр 10 гаран түрээслэгч талбай түрээслэн ажиллаж байсан бөгөөд энэ түрээслэгч нарт нэг талын талбайд шахаж ажиллах санал тавьсан. Учир нь үлдсэн талбайд нь “Ш”-г оруулах талаар тохирсон байсан. Гэтэл тухайн үед иргэн Ц.Б “...талбай солих боломжгүй, тэгэх юм бол гарсан нь дээр” гэсэн тайлбарыг хэлж байсан. Тэгээд удаагүй иргэн Ц.Бийн худалдагч нь түрээслэж байсан талбайгаа орхиод явсан юм. Ц.Бийн түрээслэж байсан талбайн урдуур бид улаан тууз татсан нь үнэн. Гэхдээ үйл ажиллагааг нь зогсоож байна гэж татаагүй, худалдагч нь байхгүй учраас эзэнгүй тавилга дээр ямар нэгэн асуудал үүсэж магадгүй гэж татсан. Гэхдээ Ц.Б нь тавилга дээрээ утсаа тавиад сонирхсон хүмүүст зарж байсныг сүүлд мэдсэн. Нэхэмжлэгч Ц.Б нь 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т заасан заалтыг зөрчсөн. Энэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн бол асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх заалт бөгөөд энэ заалт нь гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл болсон. Иргэн Ц.Б нэхэмжлэлдээ “талбай дээрээ паркетан шал тавьсан” гэсэн байсан. Бид талбайг нь өөрчилсөн тохиолдолд өөр талбай руу паркетан шалыг шилжүүлж тавих боломжтой байсан. Тухайн үед харилцан зохицоод явах боломжтой байхад асуудлыг хүндрүүлээд ийм байдалд хүрсэн. Эдгээр хүмүүс түрээсийн төлбөрөө хугацаандаа төлдөггүй бөгөөд энэ талаарх манай санхүүгийн баримт хэрэгт авагдсан,  нэхэмжлэгч 16 сарын хугацаанд түрээсийн төлбөргүйгээр талбай эзэмшүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасан. Энэ шаардлагыг яагаад тавьж байгааг сайн ойлгохгүй байна. Ц.Бтай байгуулсан түрээсийн гэрээ 4 дүгээр сард дууссан бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй,  зээлийг авч юунд зарцуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүхэд өмнө нь 2 000 000 гаран төгрөгийн шаардлага нь хангагдаж байсан учраас нэмж оруулж ирсэн байх. Ц.Б банкнаас 30 000 000 төгрөг зээлсэн талаар баримт хэргийн материалд хэдийгээр байгаа ч юунд, ямар зориулалтаар ашигласан нь тодорхой биш, хэргийн материалд БНХАУ руу юань шилжүүлсэн баримт л байдаг оруулж ирсэн тавилгыг бид нар заруулахгүй байгаа бол үүнийгээ өөрсдөө нотлох шаардлагатай.

Учир нь Монгол улсын хилээр орж, гарч байгаа бараа, материал бүгд нэртэй, зүстэй, тоо ширхэгтэй бөгөөд гаалын албан татвар төлсөн байхыг шаарддаг. Гэвч хэргийн материалд энэ талаарх баримт байхгүй байна. Бид Нийслэлийн татварын газарт хандаж иргэн н.Батбаярыг татвар төлдөг эсэх талаарх лавлахад төлдөггүй байсан. Мөн хууль зүйн туслалцаа авсан 2 000 000 төгрөг нэхэмжилсэн байна. Үндсэн хуульд хүн хууль зүйн туслалцаа авна гэж заасан бөгөөд төлбөртэйгөөр авна гэж заагаагүй. Ийм учраас эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч Ц.Бийн эзэмшлээс “К центр” худалдааны төвийн В1 давхарт түрээслэж буй 52 м.кв талбайг чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Хэдийгээр уг талбай одоо Ц.Бийн эзэмшил, ашиглалтад байхгүй боловч бид анх шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өнөөдрийн шүүх хуралдаанд дэмжиж оролцож байна. Учир нь Ц.Б түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, байнга манай байгууллагад дарамт учруулдаг. Тэгээд ч уг түрээсийн гэрээний хугацаа дууссан байгаа. Одоо уг талбайг өөр газар түрээслэдэг. 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ц.Б болон “Бф” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2603 тоот түрээсийн гэрээний 4.4, 4.5 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн 2016 оны 7, 8, 9 дүгээр сарын түрээсийн төлбөр дээр 2016 оны 01-09 дүгээр сарыг дуустал хугацааны алданги, зөрүү нийт 3 695 950 төгрөг,  2015 оны түрээсийн төлбөрийн алданги, зөрүү 2 306 650 төгрөг, хугацаа хожимдуулж төлдөг байсан учир хөнгөлөлт үзүүлж байсан түрээсийн төлбөр болон алданги, 2015 оны 3, 5, 6, 7, 8, 9, 10, 11 сарын түрээсийн төлбөрийн зөрүү нийт 2 025 400 төгрөг, 2015 оны 1, 3-12 дугаар сарын түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас тооцсон алданги нь нийлээд 281 250 төгрөг, нийт 2 306 650 төгрөгийг хариуцагчаас шаардана. Түүнчлэн Ц.Бт түүний хүсэлтийг үндэслэж 49 м.кв талбайг түүнд үнэгүй эзэмшүүлж байсан,  2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр реклам хийх шаардлагатай гээд 9 сарын хугацаанд ашигласан байдаг. Тэрээр бидэнтэй шүүхийн байгууллагаар заргалдаж, зардал чирэгдэл учруулж байгаа учраас 1 сарын 931 000 төгрөгөөр тооцож 9 сарын түрээсийн төлбөрт 8 379 000 төгрөг, нийт 14 381 600 төгрөг гаргуулна. Иймд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, манай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дах хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул “2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах”, “түрээсийн талбайг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийг таслан зогсоож, түрээсийн талбайг буцаан олгох”, “2016 оны 08 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаа болох 16 сарын худалдан борлуулалт хийх боломжийг алдагдуулсан тул 16 сар үнэгүй түрээсийн талбайг ашиглуулж, тавилга зарах боломжийг олгуулах”, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны банкны зээлийн хүү 3 817 262 төгрөг гаргуулах”, “бусдаас хууль зүйн туслалцаа авсны төлбөрт өгсөн 2 000 000 төгрөг гаргуулах” тухай Ц.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 318 дугаар зүйлийн 318.1, 339 дүгээр зүйлийн 339.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгүүдэд заасныг баримтлан “К” центрийн В1 давхарын 52 м.кв талбайг чөлөөлүүлэх, 14 381 600 төгрөг гаргуулах тухай “Бф” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 404 710 төгрөг, хариуцагчаас төлсөн 230 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дах хэсэгт заасан үндэслэлгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн түрээсийн талбайг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдэл нь нэхэмжлэгчид хохирол учруулсан үгүйг тогтоолгох гомдол гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...гэрээний хариуцлага болох алдангийг нэхэмжлэх эрхгүй” гэж дүгнэсэн байх ба уг дүгнэлтээс харахад 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх түрээсийн гэрээний төлбөрийг шаардах эрхийг хязгаарлаагүй байна. Нэхэмжлэгч 2016 оны 07 дугаар сарын түрээсийн төлбөрийг огт төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог тул уг төлбөр болох 998 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид гаргуулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний талаар өөрчөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Ц.Б хариуцагч “Бф” ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн талбай чөлөөлөх мэдэгдлийг хүчингүй болгох, түрээсийн талбайг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийг таслан зогсох, 16 сарын турш түрээсийн талбайг ямар нэгэн төлбөргүйгээр эзэмшүүлж, импортоор авчирсан тавилгуудыг зарах боломжийг олгуулах, банкны зээлийн хүү 3 817 262 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны зардал 2 000 000 төгрөг, нийт 5 817 262 төгрөгийг хохиролд гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.1-2, 237/

 

Зохигчдын хооронд 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 08 дугаар хороо, 4 дүгээр хорооллын Чингүнжавын гудамж 33/4 тоот хаягт байрлах өөрийн эзэмшил, өмчлөлийн “к” их дэлгүүрийн зоорийн давхрын 52 м.кв талбай бүхий 2603 дугаартай талбайг үйлчилгээний зориулалтаар сарын 988 000 төгрөгийн хөлстэйгөөр түрээсийн гэрээг бичгээр байгуулагдаж, хариуцагч Ц.Б нь уг түрээсийн талбайг ашиглаж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон. /хх.4-6, 28, Ⅱ.хх10/ Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.

 

Уг түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээслэгч буюу хариуцагч компани өөр этгээдэд өөрийн өмчлөлийн 237 м.кв талбайг түрээслүүлэх болсонтой холбогдуулан нэхэмжлэгчийн ашиглаж байсан талбайг өөрчлөх санал гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрсөн тул 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн талбай чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. /хх.27, 28, 37-39, 95-ын ар, Ⅱ.хх.12/ Хариуцагч нь нэхэмжлэгчийг түрээсийн төлбөр төлөх хугацааг удаа дараа хэтрүүлсэн зөрчил гаргасан гэж маргасан боловч гэрээг энэ үндэслэлээр цуцалсан гэх байдал хэргийн баримтаар нотлогдоогүй, харин түрээсийн зүйлийг өөр этгээдэд түрээслэх шаардлагатай болсон талаар хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа заажээ. /Ⅱ.хх.10/

 

Иргэний эрх зүйн харилцааны оролцогчид нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, агуулгыг тодорхойлох эрхтэй. Энэ хүрээнд мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал гэрээг цуцлах, татгалзах эрхтэй боловч гэрээний нөгөө талд хууль болон гэрээнд заасан хугацааг мэдэгдэх, тогтоосон журмыг баримтлах ёстой. Талуудын хооронд түрээсийн гэрээг үргэлжлүүлэх эсэх, түрээсийн зүйлийг ашиглуулах эсэхтэй холбоотой хууль болон гэрээний зохицуулалтыг Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт заасан “иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах” зарчимд үндэслэн хэрэглэх учиртай.

 

            Нэхэмжлэгч буюу түрээслэгч тал гэрээг цуцлахаар шийдвэрлэн, цаашид гэрээг үргэлжлүүлэх хүсэл зориггүй болж, гэрээнээс татгалзсаныг нь шүүхээс хориглох, гэрээг үргэлжлүүлэхийг даалгах нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт “гэрээний эрх чөлөөний зарчим”, “хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх”, “талуудын бие даасан байдлын” зарчимд нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 07 дугаар сарын 26-ний өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах, түрээсийн талбайг бусдад шилжүүлсэн үйлдлийг таслан зогсоож, түрээсийн талбайг 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарыг дуустал дахин 16 сар үнэгүй ашиглуулах гэсэн шаардлагыг хангах боломжгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан талбайг туузаар хязгаарласан үйл баримтын талаар зохигчид маргаагүй, хэрэгт энэ талаар фото зургаар авагдсан тул хуулиар тогтоосон журам зөрчин гэрээг цуцалж талбайг ашиглуулаагүй үйл баримт тогтоогдсон гэж үзнэ. /хх.38, 58/ Ийнхүү гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээний нэг тал нөгөө талын талбайг үргэлжлүүлэн ашиглахыг шаардах эрхийг хуулиар олгоогүй, харин үүргийн зөрчилтэй холбоотой учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дах хэсэгт зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил хамаарах тул талуудын хоорондын гэрээг цуцлахад хуульд заасан журам, түүний дотор иргэний хуулийн эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах журмыг баримтлах шаардлагатай юм.

 

Гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхийг хуулиар хориглоогүй боловч гэрээг цуцлахдаа тухайн гэрээнд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дах хэсэгт зааснаар гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгснөөс хойш 3 сарын хугацаа өнгөрснөөр гэрээг цуцлах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, түрээслэгч буюу хариуцагч нь гэрээг цуцлахдаа 3 сарын өмнө нөгөө талдаа мэдэгдэх ёстой боловч хариуцагч компани буюу түрээслүүлэгчээс нэхэмжлэгч буюу түрээслүүлэгчид 3 сарын өмнө энэ талаар мэдэгдсэн баримт байхгүй болно. Түүнчлэн, талуудын хоорондын гэрээнд заасан гэрээг цуцлах үндэслэл буюу гэрээний 3.1-3.3-т заасан зөрчил гарсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийг нэг талын санаачилгаар гэрээг цуцлах хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн хувьд гэрээг үргэлжлүүлэхийг шаардах эрхгүй боловч хариуцагчийг Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дах хэсэгт заасан “мэдэгдэх үүрэг”-ээ зөрчсөнтэй холбоотой өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Харин нэхэмжлэгч нь нөгөө талын үүргийн зөрчилтэй холбоотойгоор зайлшгүй шаардлагатай хууль зүйн туслалцаа авсан гэх нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт байхгүй байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээд эрх зүйн туслалцаа үзүүлэх бөгөөд хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг уг хуульд заасан журмын дагуу эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлсэн талаар баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байдлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой учирсан хохирол гэж үзэх боломжгүй.

 

Харин хариуцагч гэрээг хугацаанаас өмнө цуцалсантай холбоотой нэхэмжлэгч түрээсийн талбайг ашиглах боломжгүй байх хугацаанд банкинд төлсөн хүүгийн зарим хэсгийг хохиролд тооцон гаргуулах боломжтой байна. Гэм хорын хохирлын хэмжээг тодорхойлохдоо 229 дүгээр зүйлийн 229.2 дах хэсэгт зааснаар хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учруулсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм бурууг харгалзах учиртай. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас нэхэмжлэгчид 3 сарын өмнө гэрээ цуцлах талаар мэдэгдээгүйн улмаас өөрийн аж ахуйн үйл ажиллагааг явуулж чадаагүй үйл баримт тогтоогдсон тул банкны зээлийн 3 сарын хүүг хохиролд тооцон гаргуулах үндэслэлтэй.

 

Хэрэгт нэхэмжлэгч нь эргэлтийн хөрөнгийг нэмэх зориулалтаар банкнаас сарын 2 хувийн хүүтэй 30 000 000 төгрөг зээлсэн тухай баримт авагдсан /хх.54/, нэхэмжлэгч тал тавилга худалдах үйл ажиллагаа явуулдаг гэх үйл баримтын талаар талууд маргаагүй тул 30 000 000 төгрөгийн 1 сарын зээлийн хүү 600 000 төгрөг нийт 3 сарын хүүгийн төлбөр 1 800 000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Харин гэрээний нэг тал гэрээг цуцлан, талбайг чөлөөлүүлэхээр шаардсан байгаа тохиолдолд нэхэмжлэгч өөр талбай олж түрээслэх зэргээр өөрт учрах хохирлыг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авах боломжтой байсан тул банкны зээлийн үлдэх бүх хугацааны хүүг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах боломжгүй.

 

Нэхэмжлэгчийн тавилга худалдах үйл ажиллагаатай холбоотой татварыг тодорхойгүй гэж хариуцагч татгалзалдаа зааж буй боловч уг нөхцөл байдал нь түрээсийн талбайг ашиглах боломжгүй болсноос үүссэн хохирлыг арилгах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Татвар төлөхтэй холбоотой эрх зүйн өөр харилцаанд хамаарах үйл баримтад иргэний эрх зүйн гэрээний талуудын үүргийн зөрчилтэй холбоотой үр дагаварт хамааруулан хэрэглэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй.

Нэхэмжлэгч нь түрээсийн талбайг ашигласан сүүлийн 7 дугаар сарын түрээсийг төлөөгүй гэх хариуцагчийн тайлбарыг няцаагаагүй боловч нэхэмжлэгчийн анх гэрээ байгуулахдаа “барьцаа” гэж өгсөн дэнчин мөнгөнөөс гаргуулах боломжтой талаар хариуцагч тайлбар гаргаж байсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нотлох баримтын хэрэгсэлд хамаарна. /хх.30, 149/ Иймд Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн өгсөн дээрх дэнчинг 1 сарын төлөгдөөгүй түрээсийн төлбөрт суутгасан гэж үзэхээр байх тул сөрөг нэхэмжлэлээс 7 дугаар сарын түрээсийн төлбөр шаардсаныг хангах боломжгүй.

 

Хариуцагчийн алданги, түрээсийн зөрүү, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан сөрөг нэхэмжлэлд зааж буй нэхэмжлэгчийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэх, үүний улмаас алданги төлөх нөхцөл бүрдсэн гэх, болон үнэ төлбөргүй ашиглуулсан талбайн хөлсийг шаардах эрхгүй, болон хууль бус эзэмшил байхгүй талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар холбогдох нотлох баримтыг үнэлж Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 339.1, 232.6 зэрэг холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэжээ.

 

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 09 өдрийн 102/ШШ2018/00149 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.7-д заасныг баримтлан хариуцагч “Бф” ХХК-иас 1 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бт олгож, нэхэмжлэлээс үлдэх 4 017 262 төгрөгт холбогдох хэсэг, “хариуцагчийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах”, “түрээсийн талбайг бусдад шилжүүлсэн хууль бус үйлдлийг таслан зогсоож, түрээсийн талбайг 16 сар үнэгүй ашиглуулж, тавилга зарах боломжийг олгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 3 заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж”, хариуцагч “Бф” ХХК-иас 43 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бт олгосугай” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн 28 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                       

                                               ШҮҮГЧ                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ