Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 3053

 

 

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/03053

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э СӨХ/СӨХ/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.М холбогдох

 

Байр чөлөөлүүлэх, түрээсийн гэрээний үүрэгт 3,346,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 69 дүгээр байрны 3 дугаар орц, 1 дүгээр давхарын “0” тоот, цахилгааны зориулалттай шитний байр буюу өрөөг бид хариуцагч Д.Мт “Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ”-ний үндсэн дээр түрээслүүлж байсан. Гэвч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж байсан. “Эрч” СӨХ-ны дундын өмч болох 69 дүгээр байрны “0” тоот байрны түрээсийн гэрээний хугацаа дуусаж байраа суллаж авах нөхцөл байдал үүссэн. Иймд Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 69 дүгээр байрны 3 дугаар орц, 1 дүгээр давхарын “0” тоот өрөөг Д.Мийн хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлж, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр болох 3,346,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 69 дүгээр байрны 3 дугаар орц, 1 дүгээр давхарын 0 өрөө нь манай сууц өмчлөгчдийн холбооны өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд уг өрөөний түрээсийн төлбөрийг Д.М төлөхгүй байгаа тул түрээсийн төлбөрөө нөхөн гаргуулж, түүнийг албадан гаргуулах хүсэлтэй байна. Тэрээр шит байрладаг өрөөг суллаж өгөхгүй манай холбооны үйл ажиллагаанд саад учруулж байна. Бидний нэхэмжлээд байгаа 3,346,500 төгрөг нь СӨХ-ны төлбөр биш харин түрээсийн төлбөр юм. Бид өөрсдийн эрхийн хүрээнд түрээсийн гэрээ байгуулсан, нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.   

 

Хариуцагч Д.М шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 1996 онд Улаанбаатар төмөр замд үйлчлэгчээр орж ажилласан бөгөөд тус газраас Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 69 дүгээр байрны 3 дугаар орц, 1 дүгээр давхарын “0” тоот өрөөг надад албан ёсоор өгсөн. Түүнээс хойш одоог хүртэл байр, цахилгаан, СӨХ-ны төлбөрөө цаг тухайд нь төлж байгаа билээ. Гэтэл одоо намайг байрнаас гар гэж байгаа нь хууль бус гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрч”СӨХ-ны нэхэмжлэлтэй иргэн Д.Мт холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн дундын өмчлөлийн байрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын талаар: Хариуцагч Д.М нь 1988 оноос хойш Баянгол дүүргийн 3 хороо, 69 дүгээр байрны 00 тоот өрөөг хууль ёсоор эзэмшиж, амьдарч ирсэн. Энэхүү байр нь 2003 оны Засгийн газрын тогтоолоор хувьчлагдах үед шитний тоног төхөөрөмж байгаа гэсэн үндэслэлээр хувьчлах ажил хугацаа алдсан. Иймээс 2005 онд Улаанбаатар төмөр замын барилга орон сууцны /БОС/ 2 дугаар ангийн дарга хариуцагч Д.Мт орон сууц хөлслөх эрхийн бичгийг олгож, “Орон сууц эзэмших эрхийн гэрээ”-г байгуулсан байна. Иймээс хариуцагч Д.М нь Иргэний хуулийн 89, 90, 91, 94, 104, 105 дугаар зүйл, УИХ-ын 2003 оны 27 дугаар тогтоолд тус тус заасанчлан шударга эзэмшигч бөгөөд өмчлөгчийн адил эрхтэй юм. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчийн амьдарч буй Баянгол дүүргийн 3 хороо, 69 дүгээр байрны 00 тоот өрөөг чөлөөлүүлэх шаардлага тавьж байгаа нь хууль бус юм. Монгол улсын Дээд шүүхийн 2011 оны 01 дүгээр зөвлөмжөөр “Орон сууцны техникийн зориулалттай зарим өрөө доод хонгил, шатны доорх зайнд түрээсийн гэрээ, эзэмших эрхийн бичиг, зарим эрх бүхий албан тушаалтны бичгийн болон аман шийдвэрээр амьдралын гачигдалтай айл болон хүн амьдарч орон сууцны зориулалтаар түүнийгээ засан сайжруулж эзэмшсээр ирсэн ба одоо ч ийм айл өрх тэнд амьдарч байна. Эдгээр хүмүүс нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар тухайн байшинд үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-ны гишүүн төдийгүй сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч мөн юм” гэжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “техникийн зориулалттай цахилгааны шитний байрыг” гэсэн байна. Гэтэл Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “Техникийн өрөө” гэж инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид зориулсан өрөөг”, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “сууцны бус зориулалттай техникийн өрөө, тоног төхөөрөмж, цахилгааны оролтын самбар...” гэж дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах эд хөрөнгийг заасан байна. Баянгол дүүргийн 3 хороо, 69 дүгээр байрны 00 тоот сууц нь сууцны бус зориулалттай техникийн өрөө буюу дундын өмчлөлийн хөрөнгөд хамаарахгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч байгууллагаас хариуцагчид өөрийн өмчлөлдөө худалдан авч, үргэлжлүүлэн амьдрах саналыг тавьж байсан тухай нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтад туссанаас харахад сууцны зориулалтай болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн болох нь харагдаж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн зүйл болох 69 дүгээр байрны 00 тоот нь дундын өмчлөлийн эд хөрөнгө бус харин шитний тоног төхөөрөмж нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсны эзэмшигч бөгөөд дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөгч, нэхэмжлэгч байгууллагийн гишүүн байтал хариуцагчийн эрхэд халдсан хууль бус нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний төлбөр болох 3,346,500 төгрөгийг гаргуулах шаардлагын талаар: Нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал Э.Билгүүнтэй хариуцагч Д.М 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Дундын өмчлөлийн эд хөрөнгө  ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ” гэж байгуулсан байх ба энэхүү гэрээний хугацааг 1 жилийн хугацаатайгаар байгуулж, гэрээнд сунгалт хийх тухай тусгаагүй, гэрээний хугацаа дууссан байна. Мөн энэхүү гэрээнд хариуцагч Д.Мийн “үйлчилгээ эрхлэгч” гэсэн байна. Гэтэл хариуцагч нь энэхүү 69 дүгээр байрны 00 тоотод амьдардаг бөгөөд ямар нэгэн хэлбэрийн үйлчилгээг огт эрхэлдэггүй, эрхэлж байгаагүй юм. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-д “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна”, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “Сууц өмчлөгч бүр бүх гишүүдийн хуралд өмчилж буй сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй оролцох бөгөөд тухайн орон сууцны байшингийн хэд хэдэн сууцыг нэгтгэн нэг сууц болгон өөрчилсөн сууц өмчлөгч нь нэгтгэсэн сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй байна” гэж тус тус заасан оршин суугч, СӨХ-ны гишүүн байтал Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг хуваарилах аргаар гэрээ байгуулаагүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хуульзөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1.9-д “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 69 дүгээр байрны 3 дугаар орц, 1 дүгээр давхарын “0” тоот өрөөг Д.Мийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж,  2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан “Дундын өмчлөлийн эд хөрөнгө /ДӨЭХ/ ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ”-ний төлбөрт 3,346,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар Э СӨХ/СӨХ/ нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрснөөр талуудын хооронд маргаан үүсчээ. 

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагаа “...Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 69 дүгээр байрны 3 дугаар орц, 1 дүгээр давхарын 0 өрөө нь манай сууц өмчлөгчдийн холбооны өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд уг өрөөний түрээсийн төлбөрийг Д.М төлөхгүй байгаа тул түрээсийн төлбөрөө нөхөн гаргуулж, түүнийг албадан гаргуулах хүсэлтэй” гэж тайлбарлав.

 

Сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ.

 

Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртлэх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан,машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө хамаарахыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан. 

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 69 дүгээр байрны 3 дугаар орц, 1 дүгээр давхарын 0 өрөө нь Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй болох нь Улаанбаатар төмөр замын Барилгын хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23/195 тоот “хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замаас хариуцагч Д.Мт олгосон “Орон сууц хөлслөх эрхийн бичиг”, Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 7/8623 тоот албан бичиг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшил болон өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй ба энэ эрх хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарахыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсгүүдэд заасан ба харин энэхүү эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцлүүд бүрдэх ёстой.   

 

Гэтэл дээр дурдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Эрч” СӨХ-нд Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 69 дүгээр байрны 3 дугаар орц, 1 дүгээр давхарын “0” тоот хаягт байрлах өрөөг Д.Мийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргах эрх байхгүй буюу уг “0” өрөө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй байна.

 

Тодруулбал, Д.М нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар тухайн байшинд амьдарч, үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-ны гишүүн төдийгүй сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшигч мөн юм.

 

Иймд Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 69 дүгээр байрны 3 дугаар орц, 1 дүгээр давхарын “0” тоот өрөөг Д.Мийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх  тухай Э СӨХ/СӨХ/-ны нэхэмжлэл үндэслэлгүй байна.  

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Дундын өмчлөлийн эд хөрөнгө /ДӨЭХ/ ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ”-г  байгуулсан болон гэрээний дагуу хариуцагчийн зүгээс тодорхой хэмжээний төлбөрийг хийж байсан талаар маргаагүй хэдий ч нэгэнт маргаан бүхий “0” өрөөний хууль ёсны эзэмшигч нь Д.М байх тул Э СӨХ/СӨХ/ нь уг гэрээний үүрэгт 3,346,500 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлагаболгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 69 дүгээр байрны 3 дугаар орц, 1 дүгээр давхарын “0” тоот өрөөг Д.Мийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж,  2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан “Дундын өмчлөлийн эд хөрөнгө /ДӨЭХ/ ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ”-ний төлбөрт 3,346,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай Э СӨХ/СӨХ/-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,695 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 


 

     

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                     Н.ХАНГАЛ