Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 400

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхланг суулган, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 14 тоотод оршин суух, эмэгтэй, 1970 онд төрсөн, Боржгон овогт С-ын Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Пийс Тауэр 15 давхарт байрлах С ХХК-д холбогдох,

Гуравдагч этгээд: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус Б байрны 6 тоотод оршин суух, эрэгтэй, 1988 онд төрсөн, Батгужир овогт Б-ийн Э

Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 14 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие С ХХК-д заслын мастерийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд, Монгол улсад барилгын салбар үүссэний 79 жилийн ойг компанийн хүрээнд 2005 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр тэмдэглэж, уг тэмдэглэлт өдөр компанийн захирал Д.Б нь амжилттай ажилласан О.З, Т.Н болон С.Ц намайг орон сууцаар шагнаж, нэг өрөө байрны эрхийн бичгийг гардуулан өгсөн. Ийнхүү шагнасны дараа Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 18/1 дүгээр байрны 14 тоот хаягт байрлах орон сууцыг шагналын байр хэмээн хэлж, уг орон сууцанд оруулсан бөгөөд, байрыг 2006 онд ашиглалтанд орсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд би өөрийн өмчлөлийн хэмээн үзэж, гэр бүлээрээ амьдарч байна. Би орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар компанийн удирдлагад удаа дараа аман хэлбэрээр хүсэлт тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй. Харин захирал Д.Б нь шагналт өгсөн байраа өөрийн төрсөн охин Б.С болон хүү Б.Э нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус гаргуулан авсныг тэдний надад холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаснаар би олж мэдсэн. Энэ нэхэмжлэлийг шүүхээс буцаасан. Миний бие гэр бүлийн хамт энэ байранд 11 жилийн хугацаанд амьдарч, өөрийн өмч гэж үзэж ирсэн бөгөөд, компанийн зүгээс байрыг аливаа хэлбэрээр шаардаж байгаагүй. Хариуцагч нь миний шагналын эд хөрөнгийг хуйвалдан өөрсдийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч байгаа үйлдэл нь иргэн миний шударгаар олж авсан эд хөрөнгө өмчлөх эрхэд ноцтой халдсан үйлдэл гэж үзэж байна. Иймд С ХХК-ийн захирал Д.Б-ийн шагналд өгсөн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 18/1 дүгээр байрны 14 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгчөөр С.Ц намайг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

С.Ц нь маргаан бүхий орон сууцанд 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдрах хугацаандаа СӨХ-ны төлбөр, тог цахилгаан гээд бүгдийг нь төлж байсан. Хариуцагчийн зүгээс уг орон сууцыг С.Ц-ад бэлэглэлийн гэрээгээр бэлэг болгож өгсөн гэдэг боловч ийм гэрээ байгуулаагүй. Үнэхээр архи ууж, ажил тасладаг байсан бол энэ талаар баримт байхгүй, арга хэмжээ авсан тухай тушаал, холбогдох нотлох баримт байдаггүй. Энэ орон сууцыг нэхэмжлэгч нь хариуцагчаас бэлгэнд бус харин шагналд авсан байдаг. Иймээс С.Ц уг орон сууцны өмчлөгч нь болох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгсөн материал дунд Орон сууц захиалгын гэрээ гэж байгаа. Энэ гэрээнд 2013 онд С ХХК-ийг төлөөлж н.Тэмүүжин, захиалагч талыг төлөөлж Б.Э нар гарын үсэг зурж байгуулсан байдаг. Энэ нь тухайн орон сууцыг баригдаад ашиглалтанд орсноос 8 жилийн дараа хийсэн гэрээ байдаг. С.Ц-той хамт шагнагдаж байсан хүмүүс бүгд тухайн байраа өөрсдийн өмчлөлд шилжүүлсэн байдаг. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар тухайн эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байгаа бол өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авна гэсэн зохицуулалт бий. Хэрэгт авагдсан баримтуудаар уг орон сууцыг С.Ц-т бэлэглээгүй, харин шагнасан болох нь тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч С ХХК шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

С.Ц нь манай компанид ажиллаж байгаад сахилгын зөрчил гаргаж ажлаас чөлөөлөгдсөн. Компани ажилчдынхаа орон байрны асуудалд анхаарч нэр бүхий хүмүүсийг тогтвортой ажиллуулах үүднээс ажиллаж байх хугацаанд нь тэднийг орон байраар хангаж, шинэ жилээр урамшуулсан юм. Гэхдээ өмчлөх эрхийг шууд шилжүүлж өгөөгүй. Байр авсан хүмүүс эрхэлсэн ажилдаа тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, тодорхой хугацааны дараа өмчлөлдөө шилжүүлэн авсан байхад С.Ц архи ууж, ажлын байраа санаатай орхин явах зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаж, арга хэмжээ авагдаж байсан. Нэгэнт засрахгүй байсан учраас байрыг өмчлөлд нь шилжүүлж өгөөгүй. С.Ц ажлаас халагдсан ч өнөөдрийг болтол тухайн байранд хууль бусаар амьдарсаар байгаа. Бид байр чөлөөлж өг гэдэг шаардлагыг байнга тавьж ирсэн. Мөн байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан. Энэ байр нь одоо С ХХК-ийн өмч хөрөнгө биш. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.Э шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, хүсэлтдээ:

Миний бие нь С.Ц-ын нэхэмжлэлтэй, С ХХК-д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байна. Маргаан бүхий байр нь миний нэр дээр байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тус хэргийн шүүх хуралдаан 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 13 цаг 30 минутад зарлагдсан боловч миний бие оролцох боломжгүй болсон тул миний эзгүйд шүүх хуралдааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч С ХХК-д холбогдуулан, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 18/1 дүгээр байрны 14 тоот дахь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргаан бүхий орон сууцыг С.Ц С ХХК-д ажиллах хугацаандаа ашиглаж байсан бөгөөд, сахилгын зөрчил гаргасны улмаас ажлаас чөлөөлөгдөж, компанийн зүгээс түүний өмчлөлд байрыг шилжүүлээгүй байхад ажлаас халагдсан ч хууль бусаар уг орон сууцанд амьдарч байгаа гэж, мөн тухайн орон сууц нь С ХХК-ийн өмч хөрөнгө биш учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнжээ болон гуравдагч этгээд Б.Э нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, гуравдагч этгээдийн хувьд эзгүйд нь хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

С ХХК нь 2005 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр тус компанийн засал чимэглэлчин ажилтай С.Ц-т Монгол улсад барилгын байгууллага үүсч хөгжсөний 79 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан ажил хөдөлмөрөөрөө хамт олноо хошуучлан ажиллаж, хариуцсан ажилдаа амжилт гаргасныг нь үнэлэн Нэг өрөө байр-ны эрхийн бичгээр шагнажээ. /хх 4/

Улмаар С.Ц нь байгууллагаас шагнасан гэх Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 18/1 дүгээр байрны 14 тоот дахь 2 өрөө орон сууцанд 2006 оноос эхлэн амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, орон сууцны ашиглалтын зардал төлсөн төлбөрийн баримтууд зэргээр тогтоогдох бөгөөд, зохигчид энэ талаар хэн аль нь маргаагүй болно. /хх 5-27/

Хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч С.Ц-ыг нэг өрөө байр-аар шагнаж, уг шагналын орон сууцыг нэхэмжлэгч хүлээн авснаар Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж, нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээнэ гэж зааснаар шагнал олгогдсон буюу, С ХХК нь шагнал олгохоор нийтэд амласан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Хэдийгээр маргаан бүхий орон сууцанд нэхэмжлэгч С.Ц нь 2006 оноос хойш өөрийн гэр бүлийн хамт оршин сууж, тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа боловч, уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдээгүй бөгөөд, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр дээрх маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр гуравдагч этгээд Б.Э бүртгэгдсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заасны дагуу 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл 11 жил эзэмшиж байгаа учир өмчлөх эрхтэй гэж тайлбарлан шаардсан хэдий ч, хуулийн энэ зохицуулалтаар тухайн эзэмшиж буй эд хөрөнгийг худалдан авах давуу эрх олгогдохоос биш, шууд өмчлөх эрх олгогдохгүй юм.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий орон сууц анх 2014 онд бусдын өмчлөлд бүртгэгдэж, улмаар 2015 онд гуравдагч этгээд Б.Эгийн өмчлөлд бүртгэгдсэн нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, уг бүртгэл нь хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч С.Ц-т Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрх үүсэхгүй.

Түүнчлэн, өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн маргаан бүхий орон сууц нь гуравдагч этгээд Б.Э-гийн өмчлөлд бүртгэгдсэн байхад тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бус С ХХК-иас шаардсан нь хуульд нийцээгүй, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг буруу тодорхойлсон байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул С ХХК-д холбогдуулан, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 18/1 байрны 14 тоот дахь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай С.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, төлөөлөгчид энэ шийдвэрийг эс зөввшөөрвөл шийдвэр гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА