Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2952

 

 

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/02952

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН  ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: НЗТН нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б ХХК,

 

Хариуцагч: Д.Ганбат нарт холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, Ц.Б, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Туул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай тус байгууллагын эзэмшлийн диспетчерийн ажлын байрны объект байрлах Нийслэлийн засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 тоот захирамжтай 584 м.кв хэмжээтэй талбайд тус дүүргийн иргэн Д.Г нь холбогдох зөвшөөрөлгүйгээр авто зогсоол ажиллуулан хууль бусаар ашиглаж байна.Байгууллагын зүгээс хууль бус эзэмшлээс газар чөлөөлөх тухай шаардлагыг удаа дараа тавьсан хэдий ч үл биелүүлсэн төдийгүй уг газрыг өөрийн эзэмшил хэмээн тавьсан шаардлагыг хүлээж авдаггүй болно. Иймд иргэн Д.Гын хууль бусаар эзэмшиж байгаа газрын хашааг буулгаж, газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, Ц.Б нар  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Барс” захын замын эсрэг талд, жижиг нэг давхар шар байр байдаг. Тухайн байрны үүдний хэсэгт нь хариуцагч хашаа барьсан. Уг байр нь анх троллейбусны бүртгэл хийдэг байсан байр юм. Урд талд нь хашаа барьсан байсан. 2 хажуугаараа бол өөр объектууд байрладаг. Хариуцагч нь манай эзэмшил газарт байрлах байрны үүдний хэсэгтэй давхцуулж хашаа барьсан. Хариуцагч бол давхцахгүй байгаа гэдэг, гэтэл сая шүүгч хэрэгт авагдсан газрын зургийг харуулж асуухад “давхцаж байгаа, гэхдээ давхацсан хэсэг нь Баянгол дүүргийн газрын албаны зөвшөөрөлтэй, газар ашиглуулах гэрээтэй” гэж хариулж байна. Тэгэхээр хариуцагчийн автозогсоолын үйл ажиллагаа явуулж байгаа хэсэг нь манай газартай давхардаж байгаагаа зөвшөөрсөн гэж ойлгож байна. Хариуцагч тал үнэхээр хууль ёсоор газар эзэмшиж байгаа бол Баянгол дүүргээсээ гэрчилгээтэй байх ёстой, гэтэл ямар нэг зөвшөөрөл байхгүй, газрын эзэмших гэрээ нь ч хугацаа нь дууссан байна. Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын эзэмшлийн диспетчерийн ажлын байрны объект байрлах Нийслэлийн засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн А/276 тоот захирамжтай, 584 м.кв талбайг тус дүүргийн иргэн Д.Г, Б ХХК-ийн хууль бус эзэмшлээс буюу авто зогсоол ажиллуулж байгааг зогсоолгож, газраа чөлөөлүүлэхээр манай байгууллагын зүгээс удаа дараа шаардлага тавихад үл биелүүлсэн. Бид хуульд заасны дагуу газрын албанд, Баянгол дүүрэгт удаа дараа хандахад хариуцагч газраа чөлөөлөж өгөөгүй. Иймд иргэн Д.Г болон Б ХХК-ийн хууль бус эзэмшлээс манай эзэмшлийнгазрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Б ХХК-иас болон Д.Гаас шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Нийслэлийн зорчигч тээврийн нэгтэлийн гаргасан хууль бус эзэмшлээс газар чөлөөлөх тухай шаардлагад дурдагдсан 548 м.кв талбай нь манай эзэмшилд байгаа 298.55 м.кв талбайгаас хойно оршиж байгаа болно. Түүх сөхвөл тролейбусын комбинатын эзэмшлийн диспетчрийн байр болох манай ар талын байр нь ашиглалтгүй болоод бараг 20жил болж байна. 2000 оны эхэн үед энэ талбай нь “Барс” худалдааны төвийн хулгайчдын үүр болсон, энд байрлах траншейнд 20-30 аад эр, эм залуус байрладаг хамгийн үл бүтэх газар байсан бөгөөд энэ замбараагүй байдлыг арилгах гэж 3 дугаар хорооны удирдлага аргаа барж байсан үе юм. Тэр үед манайх хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байсан. Үйлчилгээний нөөцөнд байгаа олон тээврийн хэрэгслийг байрлуулах газар олдохгүй байсан учир 3 дугаар хорооны удирдлагын хүсэлтээр уг газрыг цэвэрлэн тэгшилж, удаан хугацааны уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд хулгайч траншейний хүмүүсээс чөлөөлж чадсан. Дүүргийн газрын алба бодит байдлыг ойлгож 2003 оны 4 дүгээр сарын 03-нд газар ашиглах 283 тоот гэрээ олгосноос хойш манайх газрын төлбөрийг тухай бүр ямар ч зөрчилгүйгээр одоо болтол төлж байгаа. Энэ нь Баянгол дүүргийн Газрын харилцааны албаны газрын төлбөрийг тодорхойлох тухай 3/283 Х/Г акгнаас тодорхой харагдана. Тээврийн товчоо нь “Драгон” төв рүүнүүснээс хойш уг талбайг ил зогсоолын хэлбэрээр ашиглаж байгаа болно. Манай компани 2003 оноос Тролейбусны үйлчилгээний төв болох 1 давхар байрыг гадна талаас нь өнөөдрийг хүртэл харж байгаа. 

Тролейбусны комбинат болон одоогийн Зорчигч тээврийн нэгтгэл нь шинэ удирдлагатай болхоороо манай талбайг авч бидний хийж эхлүүлсэн ил зогсоолын ажлыг үргэлжлүүлэхээр янз бүрээр дарамт учруулдаг боловч эцэстээ байдлыг ойлгон үйл  ажиллагаа зогсоодог юм. Энэ байдлыг ч Баянгол дүүргийн Газрын албаны үе үеийн байцаагчид, төлбөрийн байцаагчид ойлгодог болно. Эдгээр байдлаас үзэхэд 298.55 м.кв талбай нь иргэн миний хууль бус үйл ажиллагаа бус нийгмийн амьдралын шаардлагаар үүсч бий болсон бодит үйл ажиллагаа болно. Манай эзэмшиж байгаа 298.55 м.кв талбай бол Зорчигч тээврийн нэгтгэлийн ззэмших ёстой 584 м.кв талбайтай давхцаагүй түүний өмнөх талбай болно. Энэ нь кадастрын зурагнаас тодорхой харагдана. Иймд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч Б ХХК-иас болон Д.Гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий  298.55 м.кв хэмжээтэй газрыг иргэн Д.Г болон өөрийн үүсгэн байгуулсан Б ХХК-ийн нэр дээрэзэмшдэг. Би өөрөө уг газрыг цэвэрлэн тэгшилж, удаан хугацааны турш уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд хулгайч траншейний хүмүүсээс чөлөөлж чадсан. Би өөрийн хүчээр Баянгол дүүргээс газар ашиглах гэрээг байгуулж, гэрээ байгуулан, газрын төлбөрөө төлж явдаг. Манай компанийн байгуулсан гэрээ хуулийн дагуу сунгагдаж, бид төлбөрөө төлж үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компанийн эзэмшлийн 298.55 м.кв газар нь нэхэмжлэгчийн газартайхэрэгт авагдсан зургын хэмжээгээр давхцаж байгаа боловч уг давхцаж байгаа 298.55 м.кв газар нь Баянгол дүүргийн газрын албаны зөвшөөрөлтэй юм. Нийслэлийн Засаг даргын захирамж бол байхгүй нь үнэн. Миний “Бат-Ундрах”ХХК нь одоо уг газар дээрээ авто зогсоолын үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжаар “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-д диспетчерийн байрны зориулалтаар 584 м.кв газрыг эзэмшүүлэхээр болж, 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 000438527 дугаартай төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. 

 

Дээрх “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ийн эзэмшлийн газрын зарим хэсгээр давхцууланБ ХХК нь авто зогсоолын үйл ажиллагаа явуулдаг болох нь зохигчийн буюу хариуцагчийн төлөөлөгч Д.Гын “...диспетчерийн зориулалттай байрны 584 м.кв газрын 298.55 м.кв газрыг нь би Баянгол дүүргийн газрын албатай байгуулсан газар эзэмших гэрээний үндсэн дээр эзэмшдэг” гэсэн тайлбар, Баянгол дүүргийн газрын албанаас 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 09/303 тоот “Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазарт” гэсэн албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.  

 

Нэхэмжлэгч “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь хариуцагч Д.Г болон Б ХХК-д холбогдуулж өөрийн эзэмшлийн газрыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан. Нэхэмжлэгч тал уг шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь манай эзэмшлийн газар дээр эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр авто зогсоолын үйл ажиллагаа явуулж, бидний газраа эзэмших эрхийг зөрчиж байгаа” гэжээ. 

 

Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх бөгөөд татгалзлаа“...диспетчерийн зориулалттай байрны 584 м.кв газрын 298.55 м.кв газрыг нь манай компани Баянгол дүүргийн газрын албатай байгуулсан газар эзэмших гэрээний үндсэн дээр эзэмшдэг, газрын төлбөрөө хугацаанд нь төлж явдаг тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байна.

 

Газрыг хууль ёсоор эзэмших журам, үндэслэл нь Газрын тухай хуулийн 27-34 дүгээр зүйлд зохицуулагдсан байна. Тодруулбал, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмших эрхгүйг, мөн газрыг Газрын тухай хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсгүүдэд хуульчилжээ.

 

Газрын тухай хуульд зааснаар хариуцагч Б ХХК болон иргэн Д.Гад маргаж буй уг газрыг эзэмшүүлэхээр эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан, улмаар гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, хариуцагч нар газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Эсрэгээрээ, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжийн дагуу “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 584 м.кв хэмжээтэй газрыг диспетчерийн байрны зориулалтаар эзэмших хууль ёсны эрхтэй болох нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” захирамж, уг захирамжийн 3 дугаар хавсралт, нэгж талбарын 168010/012518641310462128 дугаар бүхий 584 м.кв талбай бүхий газрын төрийн байгууллагын газар эзэмших эрхийн 000438527 тоот гэрчилгээ, 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

 

Бодит байдал дээр эд юмсыг мэдэлдээ байлгаж буй эсэх нь бус харин эд юмсыг яаж олж авсан нь хууль ёсны эзэмшигч мөн эсэхийг тодорхойлох тул хариуцагчийн “...584 м.кв газрын 298.55 м.кв газрыг нь Баянгол дүүргийн газрын албатай байгуулсан газар эзэмших гэрээний үндсэн дээр эзэмшиж, авто зогсоолын үйл ажиллагаа явуулдаг” гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Нэгэнт Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, нэгж талбарын нэгж талбарын 168010/012518641310462128 дугаар бүхий 584 м.кв газрын эзэмшигч болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тулнэхэмжлэгч байгууллага хариуцагч нарын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсгүүдэд зааснаар шаардах эрхтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, нэгж талбарын 168010/012518641310462128дугаар бүхий 584 м.кв хэмжээтэй, диспетчерийн байрны зориулалттай, 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 000438527 дугаар бүхий төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг хариуцагч Б ХХК болон Д.Г нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч“Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК болон Д.Г нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснааршийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                      Н.ХАНГАЛ