Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 146

 

 

“Н” ОНӨААТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02952 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Н” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б” ХХК, Д.Г нарт холбогдох

 

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай тус байгууллагын эзэмшлийн диспетчерийн ажлын байрны объект байрлах Нийслэлийн засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 тоот захирамжтай 584 м.кв хэмжээтэй талбайд тус дүүргийн иргэн Д.Г нь холбогдох зөвшөөрөлгүйгээр авто зогсоол ажиллуулан хууль бусаар ашиглаж байна. Байгууллагын зүгээс хууль бус эзэмшлээс газар чөлөөлөх тухай шаардлагыг удаа дараа тавьсан хэдий ч үл биелүүлсэн төдийгүй уг газрыг өөрийн эзэмшил хэмээн тавьсан шаардлагыг хүлээж авдаггүй болно. Иймд иргэн Д.Г-ын хууль бусаар эзэмшиж байгаа газрын хашааг буулгаж, газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Б” ХХК, Д.Г нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий 298.55 м.кв хэмжээтэй газрыг иргэн Д.Г болон өөрийн үүсгэн байгуулсан “Б” ХХК-ийн нэр дээр эзэмшдэг. Би өөрөө уг газрыг цэвэрлэн тэгшилж, удаан хугацааны турш уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд хулгайч траншейний хүмүүсээс чөлөөлж чадсан. Би Баянгол дүүргээс газар ашиглах гэрээ байгуулан, газрын төлбөрөө төлдөг. Манай компанийн байгуулсан гэрээ хуулийн дагуу сунгагдаж, бид төлбөрөө төлж үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компанийн эзэмшлийн 298.55 м.кв газар нь нэхэмжлэгчийн газартай хэрэгт авагдсан зургын хэмжээгээр давхцаж байгаа боловч уг давхцаж байгаа 298.55 м.кв газар нь Баянгол дүүргийн Газрын албаны зөвшөөрөлтэй юм. Нийслэлийн Засаг даргын захирамж байхгүй нь үнэн. “Б” ХХК уг газар дээр авто зогсоолын үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Н” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, нэгж талбарын 168010/012518641310462128дугаар бүхий 584 м.кв хэмжээтэй, диспетчерийн байрны зориулалттай, 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 000438527 дугаар бүхий төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг хариуцагч “Б” ХХК болон Д.Г нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч“Н” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК болон Д.Г нараас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Тус компани нь маргааны зүйл болох "Н" ОНӨААТҮГ-ын эзэмшлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, нэгж талбарын 168010/012518641310462128 дугаар бүхий 584 м.кв хэмжээтэй, диспетчерийн байрны зориулалттай 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 00038527 дугаар бүхий төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг нь эзэмшиж ашиглаагүй байхад "Б" ХХК болон Д.Г нарын хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс харахад тус компаний гэрээгээр эзэмшиж буй 298.55 м.кв талбай бүхий газрыг хууль ёсны бус гэж тайлбарлан дээрх 584 м.кв талбайд оруулан чөлөөлүүлэхээр ойлгогдож байна. Гэтэл дээрх маргаан бүхий газар нь миний гэрээгээр эзэмшиж байгаа талбайтай давхцаагүй /давхцсан эсэхийг холбогдох байгууллагаар тогтоолгоогүй/ бөгөөд 298.55 м.кв талбайг эзэмших эрх мөн "Н" ОНӨААТҮГ-д олгогдоогүй болно. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч "З" ОНӨААТҮГ нь хариуцагч "Б" ХХК, Д.Г нарт холбогдуулан тус байгууллагын Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах 584 м.кв талбайг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хашааг буулгаж газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь маргааны зүйл болох Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 584 м.кв талбай бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 тоот шийдвэрээр Диспетчерийн байрны зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, уг газрыг эзэмшдэг байна.                                                       

/хх-60-84 дүгээр тал/

 

Хариуцагч Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Вояж зочид буудлын баруун талд 600 м.кв газрыг 2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн Хот байгуулалт газрын харилцааны албатай газар ашиглах гэрээ байгуулж, үйлчилгээний зориулалтаар ил зогсоол ажиллуулж байгаа бөгөөд уг газар нэхэмжлэгчийн газартай давхцаагүй гэж татгалзлалын үндэслэлээ тайлбарлажээ.

 

 Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг хооронд харьцуулан судалвал “З” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн газар дээр “Б” ХХК-ийн үйлчилгээний зориулалтаар ашиглаж буй газар давхцаж байгаа эсэх, маргаж буй газар дээр үйл ажиллагаа явуулж хууль бусаар эзэмшиж байгаа эсэх нь тодорхой бус үлджээ. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох зохигчийн газар давхцаж байгаа эсэх, хэрэв маргааны зүйл болох газар давхцаж байгаа тохиолдолд бусдын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлөх учиртай.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулсанаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл ойлгомжтой, тодорхой болсноор нотлох баримтын талаар талуудын үүргийн хувиарлалт, нотлох баримтын үнэлгээ, маргааны талаарх шүүхийн дүгнэлт, хууль хэрэглээ зөв болох учиртай. Энэ талаар шүүх тодруулж хэргийг шийдвэрлээгүй нь буруу болжээ.

 

Дээрх үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй, хэргийн нөхцөл байдал тодорхой бус байх тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02952 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Г-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                              ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ