Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 102/2017/01821/И |
Дугаар | 102/ШШ2017/02895 |
Огноо | 2017-11-01 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2017/02895
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 1, өөрийн байранд байрлах “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, өөрийн байранд байрлах “Монроуд” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Тооцоо нийлсэн акт, гэрээний үүргийн гүйцэтгэл, хугацаа хэтрүүлсэн алдангид нийт 7.572.834 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монроуд” ХХК нь 2 итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхцэцэгт шүүх хуралдаанд ирсэн байх тул нөгөө төлөөлөгч П.Баттулгыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү гэв. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх болно гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ХХК нь хариуцагч “Монроуд” ХХК-д холбогдуулан хохиролд тооцоо нийлсэн актын дагуу 7.572.834 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нь нэхэмжлэлийншаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Дараах үйл баримт тогтоогдлоо. “Монроуд” ХХК нь Архангай аймагт авто замын ажил гүйцэтгэх явцдаа 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Тариат-Хангай, Тариат-Цахир чиглэлийн “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн шилэн кабелийг гэмтээж, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэмтэл зассан акт үйлдэн бодит хохирол 3.088.113 төгрөг, урсгал тасалдсан хохирол 100.000 төгрөг, НӨАТ 318.811 төгрөг 30 мөнгө, нийт 3.506.924 төгрөг 30 мөнгөний хохирлын тооцоо нийлж, гарын үсэг зуржээ. Мөн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хангай сумын чиглэлийн “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн шилэн кабелийг гэмтээж, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэмтэл зассан акт үйлдэн бодит хохирол 1.255.129 төгрөг 28 мөнгө, урсгал тасалдсан хохирол 100.000 төгрөг, НӨАТ 135.512 төгрөг 93 мөнгө, нийт 1.490.642 төгрөг 21 мөнгөний хохирлын тооцоо нийлсэн байна.
Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугара зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “Монроуд” ХХК-иас 7.572.834 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136.120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Монроуд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 136.120 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Т.ГАНДИЙМАА
| ||||
|